Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хамгийн гол нь ирцээ бүрдүүлж, цагаа барих хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар эхэллээ. УИХ-ын дарга болон УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн, байнгын хороодын дарга нар чуулганы танхимд, бусад гишүүд байнгын хороодын хуралдааны танхимд сууцгаажээ. Хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа юм. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан чуулганы хуралдааны цахимаар хуралдуулах хуулийн төслийг гишүүн Д.Лүндээжанцан санаачлан өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: /УИХ-ын танхимаас/

-УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд цахимаар ямар нөхцөлд хуралдах, хичнээн гишүүний ирцтэй байхыг зааж өгөх ёстой. Тэгэхгүй бол ирц бүрдэхгүй, гишүүд чөлөө аваад явцгаана.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Зайлшгүй нөхцөл байдлын үед хэрхэн хуралдах талаар УИХ-ын дэгийн хуульд тусгах шаардлагатай болоод байна. Ингэхдээ гамшгийн, онцгой нөхцөлийн үед гээд тодорхой зааж өгөх ёстой, хэн энэ шийдвэр гаргахыг зааж өг гэж гишүүд хэлж байгаа юм. Байнгын хороо, нам, эвсэл хууль санаачлахыг хүлээж авах боломжгүй. Олонхи нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэнэ гэдэг заалтаараа явах хэрэгтэй. Өвчин тусаж, хязгаарлагдсан тохиолдолд яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Хуульд заасан олонхийн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй нөхцөл үүсэх үү гэдэг асуудал гараад байна.

УИХ-ын гишүүн Ё.Батаарбилэг: /Их жанжан Сүхбаатар танхимаас/

-Би танхимаас кноп дараад асуулт тавих гэсэн болсонгүй. утсаар хэлнэ, гар өргөнө гээд ярвигтай асуудал байна гэдгий онцоллоо.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: /Их эзэн Чингис хаан танхимаас/

-Хаалттай хуралдаанаар асуудлыг яаж хэлэлцэх вэ? Гишүүд саналаа яаж өгөх вэ зэрэг асуудлыг тодорхой болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: /Их жанжин Сүхбаатар танхимаас/

-Хамгийн гол нь ирцээ бүрдүүлж, цагаа барих хэрэгтэй байна. Гишүүд цагаа барихгүй байна. Цагаа барихгүй гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ? Хуульчилж өгөөч ээ.

Ингээд дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр гишүүд үг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хачигт халдвараас сэргийлье

Хачигт халдварын идэвхжлийн үе ирж байгаатай холбогдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  1. Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ, ялангуяа толгойн үстэй хэсэгт хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх;
  2. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях;
  3. Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрийний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд рүү цацаж хэрэглэх;
  4. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1%-ийн повидон иодын уусмал (Тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.
  5. Хачигт хазуулсан тохиолдолд сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.
  6. Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
  7. Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах;
  8. Ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх нь халдвараас сэргийлнэ.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн өмнөх боловсролын 105 теле хичээлийг бэлтгэн хүргээд байна

UBN.mn ЮУ БАЙНА

Дэлхий нийтэд тархаж байгаа “COVID-19” цар тахлаас сэргийлэх үүднээс олноор цуглах үйл ажиллагаанд хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага гарч 2020 оны нэгдүгээр сарын 27-оос эхлэн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасантай холбогдуулан теле хичээлийг хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн бүх телевизүүдээр нэвтрүүлж эхэлсэн.

Сургуулийн өмнөх боловсролын хувьд теле хичээлийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг хичээлийн үргэжлэх хугацааг 10 минутаар, 90 шинэ хичээлийг бэлтгэн 15 хичээлийн давталттай нийт 105 хичээлийг NTV телевизтэй хамтран ажиллаж орон даяар нэвтрүүлээд байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон хичээл зааж буй багш нар хичээлийг бэлтгэх, зохион байгуулах ажлыг хамтран гүйцэтгэж байна. Бидний энэхүү үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн 46, Сонгинохайрхан дүүргийн 170, Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгүүд хамтран ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэндчилгээ дэвшүүлэв

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэндчилгээ дэвшүүлэв

Бидний хувьд ихээхэн хэцүү цаг үед энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Миний бие өнөөдрийн илгээлтээ өдөр, шөнийг ялгалгүй бидний эрүүл мэндийн төлөө зогсож байдаг сувилагч, эх баригч, техникийн ажилтан, түргэний эмч, эмийн санч, эмчлэгч эмч, жолооч, үйлчлэгч, захиргааны ажилтан зэрэг эрүүлийг хамгаалахын нийт ажилтнуудад зориулав. Өнөөдөр энэхүү цар тахлын хор хөнөөлтэй цагийн зүүтэй уралдан, өөрсдийн биеийг эрсдэлд оруулан тэмцэж буй Та бүхэндээ бид талархаад баршгүй.

2020 он бол Олон улсын сувилагч ба эх баригчдын жил бөгөөд үүнийг тохиолдуулан миний бие тэдний тусгай мэдлэг чадвар болон хичээл зүтгэлийг алдаршуулахыг хүсч байна. Сувилагч болон эх баригч нарын асаргаа, мэргэжлийн чадварт талархах шалтгаан хүн бүрт бий. Надад бас бий.

Эрүүлийг хамгаалах үйлсийн томоохон хэсгийг сувилагч нар нуруун дээрээ үүрдэг. Гэмтэх, халдвар авах болон сэтгэл зүйн дарамтад орох зэрэг эрсдлийн хажуугаар тэд хүнд хүчир ажлаа олон цагийн турш хийж гүйцэтгэдэг. Хүмүүний амьдралын эцсийн мөчид сувилагчид тэдэнтэй хамт байх тохиолдол түгээмэл.

Тэгвэл эх баригчид хүмүүний амьдралын эхлэл бүрт тэдэнтэй хамт байдаг. Цар тахлын энэ үед ч гэсэн бидний алаг үрсийг энэ дэлхийд аюулгүй угтан авах үүргээ тэд цалгардуулалгүй гүйцэтгэж байна.

Дэлхий дахины бүх сувилагч болон эх баригч нарт баярлалаа гэж хэлье. Энэ хэцүү цаг үед бид Та бүхэнтэйгээ хамт байж, Та бүхэндээ найдаж байгаа гэдгээ эрүүлийг хамгаалахын нийт ажилтнуудад мөн хэлэхийг хүсч байна. Бид Та бүхнээрээ бахархаж, Та бүхнээсээ үлгэр дууриалал авдаг. Та бүхнийхээ өмнө бид төлж баршгүй өртэй. Байршил үл хамаарч, өдөр бүр Та бүхний хийж буй өөрчлөлтөд дахин талархал илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Үр тариа, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэлийн гаалийн татварыг “0” болгох тогтоолын төслийг өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат, С.Бямбацогт нарын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Уг тогтоолын төсөлд үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэл, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь хэмжээг “0” болгох, үр тариа, тэжээлийн ургамал, хүнсний ногооны үрийн үндэсний код батлахыг Засгийн газарт даалгах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Эрдэм шинжилгээний байгууллагаас хийсэн тариалангийн талбайн хөрсний төлөв байдлын шинжилгээгээр тариалангийн нийт талбайн 60 гаруй хувийн үржил шимийн агууламж нь дундаас бага хэмжээнд хүрч, элэгдэлд орсон. Жил бүрийн ургацын хэмжээ, чанар буурч, хүнсний ногоо тарих, арчлах, хураах, сортлох технологийн ажлуудын 60 гаруй хувийг гар аргаар гүйцэтгэдэг байна.

Хүнсний ногооны гол нэр төрлийн ногооны үрээс шар лууван, шар манжин, хүрэн манжингийн үрийн ихэнх хувийг, байцааны үрийн 40, сонгины үрийн 5, сармисны үрийн 30, ил талбайн хэмх, лоолийн 40 хувийг манай улс дотооддоо үйлдвэрлэдэг. Хүнсний ногооны үрийн хэрэгцээний тодорхой хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа ч бусад улсаас чанартай үрийг импортлох зайлшгүй шаардлага үүссэн байна. Улсын хэмжээнд улаанбуудайн үр жилд 3000 тоннын хэрэгцээтэй байдаг ч дотоодын үйлдвэрлэлээр 300 тонн буюу 10 орчим хувийг хангаж, 90 хувийг импортоор авдаг. Тэжээлийн ургамлын үрийг манай улс үйлдвэрлэдэггүй.

Эдгээр шалтгаан нөхцөлөөс үүдэн техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хөрсийг бордох, нөхөн сэргээх, талбайн хог ургамал, хортон шавжтай технологийн дагуу тэмцэх арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зэргээр хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэлтэй холбоотой дотоодын зах зээлийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Залуучуудад зориулсан цахим сургалт эхэлнэ

Үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан “Эртэч Монгол” хөтөлбөрийг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээд есөн өдөр есөн багш сонирхолтой сэдвээр дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.

Илтгэл танилцуулах багш нарыг танилцуулж байна.

Нэр

Албан тушаал

Сэдэв

Оролцох өдөр

1

Д.Асралт

UMC Үүсгэн байгуулагч, зөвлөх

“Зарчмууд”

8-Apr

2

П.Наранбаяр

Шинэ Монгол сургуулийн захирал асан

“Зэрлэг галуу” номын тухай

11-Apr

3

Ц.Пүрэвжаргал

Jack’s coffee захирал

“Кофены соёл”

13-Apr

4

С.Эрдэнэболд

Марс төслийн санаачлагч

“Марс хол биш”

16-Aug

5

Н.Мандуул

НГБХЗХГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

Аз жаргалын эрэлд

10-Apr

6

Ч.Дүүрэнжаргал

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч

“Балетын урлаг”

12-Apr

7

Л.Эрдэнэ

Дөрвөн бэрх академийн захирал

“Шийдвэр гаргалтаа удирдах”

9-Apr

8

Э.Чинзориг

“Дейл Карнеги Трейнинг” Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч

Бүтээмжийг хэрхэн сайжруулах вэ ?

14-Apr

9

Г.Нямгэрэл

АНУ-ын “IGLOBAL”- сургуулийн төгсөгч

АНУ- хэрхэн тэтгэлэгтэй суралцах вэ?

15-Apr

Цахим сургалтад хэрхэн хамрагдах вэ?

Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж “Эртэч Монгол” хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой. Та маск хандивласан бол энэхүү бүлэгт хүсэлт илгээж сургалтад хамрагдана.
https://www.facebook.com/groups/2724979577628180/

Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно. Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10.000 маск аянд хамрагдсан залуучуудаас таван шилдэг залууг шалгаруулж, Филиппин улсад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ИТХ-аас уриалга гаргалаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан.

Тогтоолоор нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхийг үүрэг болголоо. Тэргүүлэгчдийн хурлаас дараах зөвлөмжийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт борлуулалтыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ

Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, Таван толгой түлш ХХК-д үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний түгээлт борлуулалт, угаарын хийнээс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилласан бөгөөд үргэлжлүүлэн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдалд илүү цагаар үр дүнтэй ажилласан нийт 43 байгууллагын 2098 албан хаагчидад 855,9 сая төгрөгийн урамшуулалыг нийслэлээс олгосоныг Хотын дарга мэдээлэлдээ дурьдлаа.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа өнгөрөгч 04 сарын 01-ний өдрөөр дууссантай холбоотойгоор цаашид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих, сайжруулсан шахмал түлшний борлуулалт, нийлүүлэлтийн асуудлыг дүүргүүдийн Засаг дарга нар бүрэн хариуцан ажиллах аж. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийт 135 мянган угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд тараасан бөгөөд дараагийн ээлжийн 65 мянган угаар мэдрэгчийг ирэх долоо хоногт хүлээн авч айл өрхүүдэд тарааж дуусах юм. Түүнчлэн ирэх тавдугаар сараас эхлэн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүргийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Харин хур тунадасны хувьдДорноговь аймгийн өмнөд, Увс аймгийн зүүн, Хөвсгөл аймгийн баруун хэсэг, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Хэнтий аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо дэгийн хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.07) цахим хуралдаан 10 цаг 20 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал дэгдэж, өчигдрийн байдлаар дэлхийн 210 гаруй улсын 1.2 сая хүн өвчилж, 75 мянга гаруй хүн амь насаа алдаад байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай авч хэрэгжүүлж, иргэдээ цар тахлаас хамгаалж байгаа энэ цаг үед Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байна. Иймээс энэхүү онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор шийдвэрлэвэл зохих асуудлыг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэн баталж гаргах шаардлагатай байгаа бөгөөд ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрүүдийг мөрдөж чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлэх, энэ үед баримтлах дэгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулах шаардлага тулгарч байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

Учир нь хууль, тогтоолыг ердийн нөхцөлд Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах бүхий л процессыг нарийн чанд хуульчилж өгсөн байдаг. Иймд онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин цар тахал гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтыг баримтлахгүйгээр өөрөөр тогтоож болохоор уян хатан хуульчлах шаардлага тулгарч байна.

Ингэснээр халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурапдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдэх бөгөөд ингэж ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулахаар төсөлд тусгасныг онцлов. Чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хурлын программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсэг байршлаас үл хамааран дүрсээ харж нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байх, хуралдаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.4-т заасан Зөвлөлийн гишүүд биечлэн, бусад гишүүн Төрийн ордон дахь хуралдааны танхим, эсхүл албан өрөөнөөсөө оролцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол тухайн байгаа газраасаа цахим хуралдааныг хэвийн явуулах боломж, нөхцөлийг хангаж оролцохоор хуулийн төсөлд тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хурлын программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томъёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр микрофон нээгдэхэд үг хэлж, асуулт асуух, хурапдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаан даргалагч санал хураалтын цагийг урьдчилан мэдэгдэхээр заажээ. Түүнчлэн цахим хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас бэхжүүлэхээр тусгажээ. Хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

Хуулийн энэ нэмэлтийг баталсанаар онцгой нөхцөл байдпын үед Улсын Их Хурлын чуулганыг өөр газар хуралдуулж болох боломж бүрдэх бөгөөд онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөл байдлаас бусад үед уг дэгээр асуудлыг хэлэлцэж байх зохицуулалт бий болох юм. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, С.Бямбацогт нарын асуултад хууль санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан тодорхой хариулт өгөв. Мөн ажлын хэсгийн гишүүн-Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээллийн технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Элбэгзаяа нар гишүүдийн асуултад нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулах нэмэлт гэхгүйгээр тусгай дэг болгож, төслийг өргөн хүрээнд авч үзэж онцгой нөхцөлийн үед хууль тогтоомжийн төслийг өргөн барих, санал авах, иж бүрдлийг хангах, хэлэлцүүлэг явуулах, эцэслэн шийдвэрлэх асуудлыг бүхэлд нь тусгаж өгөх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд нэгэнт хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон ийм үед гишүүд оновчтой санал гаргаж, хуралдааныг богино хугацаанд шуурхай явуулахад анхаарах нь зүйтэйг сануулаад дэгийн хуульд оруулах нэмэлт нь зөвхөн энэ удаагийн цар тахлаар хязгаарлагдахгүй, байгалийн гамшиг, аваар осол, зуд турхан гээд онцгой нөхцөл байдал үүссэн ямар ч үед хэрэглэхээр байнгын шинжтэй дэг байх нь зохимжтой гэж үзэж буйгаа хэлэв.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд яаралтай хэлэлцэн батлах шаардлагатайг онцлон дурдаж байв.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.