Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Баабарын “Монгол “ДЕЛО” (5)” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Лхагва гаригийн шинэ дугаарт багтсан нийтлэл, ярилцлага, мэдээ, мэдээллүүдийг онцолж тоймлон хүргэж байна. Нэгдүгээр нүүрэнд “Долларын ханш дээшилж,
ноолуурын үнэ доошилжээ” нийтлэлийг хэвлэлээ.

УИХ-ын гишүүн
Б.Пүрэвдорж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НӨАТ-ыг таван хувиар бууруулж
таван хувь болгох тухай
хуулийн төсөл өргөн барьсан
юм. Энэ тухайгаа өтэрээр өчигдөр мэдээлэл хийснийг нэгдүгээр нүүрнээс уншаарай.

Коронавирусийн халдвартай
дахин хоёр хүн эдгэрч эмнэлгээс
гарсан талаар өчигдөр мэдээлсэн билээ. Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг нэг, долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Монголын Хөрөнгийн
биржийн гүйцэтгэх захирал
Х.Алтайтай хийсэн ярилцлагыг нэг, зургаадугаар нүүрэнд нийтэллээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын “Монгол “ДЕЛО” (5)” нийтлэл хэвлэгдлээ.

АН-ны ГУУГТ-ны бодлогын зөвлөлийн гишүүн Б.Ариунболдтой хийсэн ярилцлагыг дөрөвдүгээр нүүрнээс унших боломжтой.

УИХ-ын чуулганы цахим
хуралдааны тэмдэглэлийг тавдугаарө нүүрэнд хэвлэлээ, дэлгэрүүлэн уншаарай.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй цаг үеийн байдал, ялангуяа гал түймрийн аюулын талаар ярилцлаа, долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

“Халамж ба Хүүхдийн
мөнгө” фэйсбүүк группт
нэгэн өрх толгойлсон
эмэгтэй тусламж хүсч
бичсэн нь иргэдийн
анхаарлыг нэлээд
татаад байна. тус эмэгтэйтэй уулзаж ярилццсанаа 11 дүгээр нүүрэнд хэвлэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааныг санхүүжүүлэх зарчмаа шинэчилье

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Гишүүд, Засгийн газрын гишүүдийн сонорт

Би бол МУИС-ийн эгэл жирийн нэгэн багш. Харин цагийн жам, сурах мэдэх, судлах шинжлэхийн эрхээр өрөөлийн болон өөрийн улсын дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын тогоонд “болтлоо” биш ч, “борлотлоо” чанагдаж, энэ салбарын ололт амжилт, алдаа дутагдал, зовлон жаргалыг нүдээр үзэж, биеэр туулж яваа иргэн хүний хувьд энэхүү нийтлэлийг бичихээс өөр аргагүйд хүрснээ юуны өмнө өчье. Энэхүү нийтлэлийн агуулга ньминий биесанаанаасаа зохиосон, хийсвэр хоосон “онол” огт биш, шинэ төрлийн Корона вирусын халдвараас тогтмол гараа угаах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, амны хаалт зүүх зэрэг энгийн арга хэрэглэн сэргийлж болдогтойагаар нэгэн, дэлхийн соёлт хүн төрөлхтөний тэргүүн эгнээнд яваа улс орнуудад нэгэнт жишиг болон тогтчихсон зүйл юм.

Монгол улс 2019 онд улсын төсвөөс шинжлэх ухаанд 37 тэрбум төгрөг зарцуулжээ. Чамлахаар чанга атга гэдэг ардын маань үнэн үг бий. ШУА-ийн удирдлагын “хусмаа голсон хүүхэд” шиг “хошуугаа цорвойлгон” энэ мөнгийг чамласан, гомдоллосон дуу хоолой л олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хөвөрч, шинжлэх ухааны судалгааг Монгол улсад зөвхөн ШУА л хийдэг, манай эрдэмтэд л “мундаг”, шинжлэх ухаанд зориулсан мөнгийгхөгжилтэй орны түвшинд хүргээд улсын төсвийн 2 % болгоод өгвөл бид ёстой үзүүлээд өгнө гэх “тархи угаалт” л манай нийгэмд хүчтэй явагдаж байгаа болохоос бага ч гэсэн байгаагаа хэрхэн зөв зарах талаар ганц ч үг ган хийхгүй байгаа нь харамсалтай байна. Бага ч гэсэн байгаагаа бид зөв хуваарилж, үр ашигтай зарж чадаж байгаа бил үү?, бас шинжлэх ухаан, технологийн тогтолцоо маань зөв үү?, мерит зарчим, академик эрх чөлөө, эрүүл саруул өрсөлдөөн, мэтгэлцээний талбар байх ёстой энэ салбар шинжлэх ухааны нэр барьсан хэсэг бүлэг хүмүүсийн “өмч“ болж,тэдний өөрөө өөрсдөдөө олгосон “зохиомол”, “тэнгэрийн” хэргэм зэрэг, эрх дарх, цол гуншингаа хамгаалах “хуяг-бамбай”, цалин, нэмэгдлээ улсын төсвөөс гаргуулах хэрэгсэл, тэдэнд зориулж хууль баталж өгөөд, хариуд нь тэтгэвэрт гарах, “лааз өшиглөх” үедээ эгнээнд нь чимээгүйхэн элсэж, “ивээлд нь орсон”,үеэ өнгөрөөсөн улс төрчдийн үргэлжлүүлэн “алдар цолоо дуудуулах цэнгэлдэх хүрээлэн”, тэдний амьжиргааны эх үүсвэрийн нэг болж хувирсан юм биш биз?…гэх мэт олон асуултад яг бодит үнэнээр нь хариулж, энэ салбарт зоримог, шийдвэртэй шинэчлэлт өөрчлөлтийг хийх цаг нэгэнт болсон хэмээн миний бие бодно. Манай орны шинжлэх ухааны салбарт тулгарч буй, нэн түрүүнд, цаг алдалгүй шийдвэрлэх ёстой хэмээн үзэж буй зарим асуудлын талаар өөрийн саналаа илэрхийлье. Эдгээрийг төр засаг бодлогын баримт бичигтээ тусган хэрэгжүүлэх аваас улсын төсвөөс нэмэлт хөрөнгө мөнгө шаардагдахгүйгээр үл барам байгаагаа хэмнэх, үр ашигтай зарах, шинжлэх ухааны салбарт эрүүл саруул өрсөлдөөн бий болж судалгааны ажлын үр дүн нэмэгдэж, гүйцэтгэл сайжрах зэрэг эерэг үр дүн гарцаагүй гарна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Нэг. Улсын төсвөөс шинжлэх ухаанд зориулан хувиарлаж буй мөнгийг нэг гарт төвлөрүүлэн, нэг цонхны бодлогоор үр ашигтай зарцуулах. Монгол улс нэгдмэл улс, нэг төсөвтэй улс гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл улсын төсвөөс шинжлэх ухаанд зарж буй мөнгө 2 эзэнтэй болчихжээ. Баримт түшин өгүүлбэл, 2019 онд улсын төсвөөс шинжлэх ухаанд зарцуулсан 37 тэрбум төгрөгийн 19.2 тэрбум нь Шинжлэх ухаан, технологийн сангаар, харин 16.8 тэрбум нь Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дансаар дамжин зарцуулагджээ. Шинжлэх ухаан, технологийн сан 24 ажилтантай, жилийн цалингийн зардал нь 315 сая төгрөг бол, Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газар нь 84 орон тоотой, жилийн цалингийн сан нь 1.26 тэрбум төгрөг гэнэ. Шинжлэх ухаан, технологийн сан нь Монгол улсын төсвөөс шинжлэх ухаан, технологийн салбарт хувиарлагдсан мөнгийг үр ашигтай менежмент хийх хуулиар олгогдсон эрх, үүрэг бүхий Засгийн газрын байгууллага юм. Ийм байгууллага байсаар байтал чухам юуны учир төрийн, төрийн бус, бүр цаашилбал улс төрчдийн байгууллагын аль нь болох нь мэдэгдэхээ больтлоо “дүрс хувирал”, “мутацид” орсон, Шинжлэх ухаан, технологийн сангаас 3.5 дахин их орон тоотой, 4 дахин их цалингийн зардалтай Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газарт шинжлэх ухаанд зориулж хувиарласан улсын төсвийн мөнгийг захиран зарцуулах эрхийг Сангийн яамнаас давхардуулан олгож, төсвийн мөнгөөр тэднийг угжсаар байна вэ? ШУА-ын удирдлага шинжлэх ухаан хэмээх үг орсон “шинэ нэр томъёо” зохиож, түүнийгээ хууль, тогтоол, тушаалаар эвтэйхэн гэгч нь “баталгаажуулан”, өөрсдөө “өмчилж” авахдаа гаршсан байна. Үүнийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт ч зөвхөн өөрсдөө олгодог “супер” “шинжлэх ухааны доктор”, “шинжлэх ухааны төв байгууллага”, “шинжлэх ухааны төрийн дээд байгууллага” гэх зэрэг хаана ч байхгүй, тэдний зохиосон нэр томъёонуудаас харж болно. Манай улсын хувьд Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь БСШУСЯ билээ. Гэтэл ШУА-ын удирдлага өөрсөдөдөө зориулан батлуулсан “Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль”-д “ШУА нь шинжлэх ухааны төв байгуулага” хэмээн өөрсдийгөө “өргөмжлүүлсэн“ байдаг аж. Энэ ньШУА-ын Тэргүүлэгчдийн газар нь БСШУСЯ-ны Шинжлэх ухааны асуудал хариуцсан төв байгууллага байх эрхийг өөртөө шилжүүлж авах санаархал гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах билээ. Энэ байдалдаа сэтгэл үл ханан “ШУА нь Шинжлэх ухааны төрийн дээд байгууллага байна” гэж тусгахаар “нөгөө” хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар улайран зүтгэж буй нь дэндүү ёс зүйгүй хэрэг юм. Монгол улсад Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал л байдаг, гэтэл бас ШУА төрийн дээд байгууллага гэж өөрийгөө “хуульчлахын” төлөө байгаа нь эрүүл саруул ухаантай хүн, тэр тусмаа өөрсдийгөө “тэнгэрийн”, “мундаг” хэмээн өргөмжилдөг ШУА-ийн удирдлагыной тойнд оромгүй хэрэг байлтай. Эдгээр үйл явдлын өрнөлөөс харахад ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар нь БСШУСЯ-ны төдийгүй, УИХ-ын бүрэн эрхэд санаархаж байгаа нь илт байна. ШУА-ийн удирдлагын “үлгэрлэж” байгаачлан “Соёлын төв байгууллага, боловсролын төв байгууллага, спортын төв байгууллага…, Соёлын төрийн дээд байгууллага, боловсролын төрийн дээд байгууллага, спортын төрийн дээд байгууллага…” шинээр төрөн гарах болох нь ээ.“Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах бус, харин түүнийг нэн даруй хүчингүй болгох нь зүйд нийцнэ. Аливаа салбар, ялангуяа, шинжлэх ухааны салбарын аль нэг оролцогч субъектэд хуулиар давуу байдал олгох нь байж боломгүй зүйл юм. ШУА-ийн удирдлага шинжлэх ухааны салбарт хяналт тавих, цензурдах, “тэрс үзэлтнүүд”-ийг боорлох, эрдмийн зөвлөл, бага чуулган зэргээрээ авч хэлэлцэн олонхийн санал нэрээр хавчин гадуурхах зэрэг нэг намын үзэл суртлын үед гүйцэтгэж байсан үүргээ өнөө ч санагалзсаар байгаа нь нэн харамсалтай байна. Монголын нийт эрдэмтдийг төлөөлөх, манлайлах, төр засагт бодлогын зөвлөмж өгөх чадвар, нэр хүнд бүхий олон нийтийн байгуулага болон өөрчлөгдөж, манай нийгэмд явагдах өөрчлөлт шинэчлэлийг үлгэрлэх үүргээ гүйцэтгэх чадвараа нэгэнт алдаж, зөвхөн өөрсдийн нэр хүнд, эрх мэдлийн төлөө хөөцөлдөх болсон ШУА-ын Тэргүүлэгчдийн газрыг Шинжлэх ухаан, технологийн сантай нийлүүлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шинжлэх ухаан, технологийн агентлаг (социализмын үед Шинжлэх ухаан, техникийн Улсын хороо гэж байсан санагдана) болгон өөрчлөн зохион байгуулж, төрийн албаны сонгон шалгаруулалтаар чадварлаг залуу боловсон хүчнээр бэхжүүлэх нь зүйд нийцнэ. Тус агентлаг нь Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын оролцогч бүх субъектэд нээлттэй байж, тэдэнд ямарваа нэг цензур, ялгаварлан гадуурхалгүйгээр төрийн үйлчилгээг жигд хүргэх, ижил бололцоо олгох, улсын төсвөөс шинжлэх ухаанд зарж буй мөнгийг нэг цонхны бодлогоор үр ашигтай менежмент хийх үүрэг гүйцэтгэх учиртай.

Хоёр. Шинжлэх ухаанд зориулсан улсын төсвийг орон тоог цалинжуулахадбиш, харин судалгааг санхүүжүүлэх зарчим руу шилжих.Монгол улсын төсвөөс 2019 онд шинжлэх ухаанд зориулан хуваарилсан мөнгөний 21.6 тэрбум буюу 58.8 % нь энэ салбарт ажиллагсдын цалин, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулагдсан байна. Энэ хувь ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраар дамжсан мөнгөний хувьд 83.3% байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанд зарж буй мөнгөний ихэнх нь судалгаанд биш, харин тогтмол орон тооны ажилтнуудын цалинд зарцуулагдсан байна. Дэлхий даяар, тэр тусмаа зах зээл, чөлөөт өрсөлдөөний замыг сонгосон Монгол орны нийгмийн амьдралын бүх салбарт хувьсал өөрчлөлт хурдан явагдаж буй өнөө цаг үед аль хэдийн үеэ өнгөрөөсөн нэг намын үзэл суртал, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Засгийн газрын тогтоолоор байгуулсан, тогмол орон тоо, хатуу бүтэц бүхий хүрээлэнгүүдийг хийлгэх ажилгүй, судалгааны дорвитой үр дүнгүй ч санхүүжүүлсээр байгаа нь зөв үү? гэдэг асуудал эндээс зүй ёсоор урган гарна. Орчин үед судалгаа ч гэсэн уян хатан, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг тусгасан, салбар дундын шинж чанартай болж байгаа билээ. Дэлхийн улс орнууд үүнийг аль эрт шийдсэнийг манай шийдвэр гаргагчидмэдэхгүй байна уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн төсвийн мөнгөөр амьдрагчдын лоббинд өртсөөр байна уу? Засгийн газар тогтмол орон тоо бүхий хүрээлэн байгуулж, түүнээ санхүүжүүлэх биш, харин өөрийн улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэх судалгааг санхүүжүүлдэг нь дэлхий нийтийн жишиг юм. Шинжлэх ухаанд зориулж улсын төсвөөс хуваарилсан мөнгийгЗасгийн газрын тогтоолоор түрий барьж, тогтмол орон тоо бүхий хүрээлэн давуу байдлаар авах биш, харин бүх судлаачид цол, гуншин, байгуулагын харъяалал зэргээс үл хамааран өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар авдаг нь ч академик ертөнцөд тогтсон ёс юм. Судалгааны төслийн санхүүжилт дотор түүнийг гүйцэтгэгчдийнцалин хөлс мэдээж орсон байна шүү дээ. Ийнхүү нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан судалгааг төслийн хэлбэрээр тодорхой хугацаанд санхүүжүүлдэг болохоос хэзээ, ямар судалгааны ажил хийлгэх нь тодорхойгүй тогтмол орон тоотой хүрээлэн байгуулж, түүнийгээ үр дүн гаргасан үгүйг нь үл харгалзан “үүрд” санхүүжүүлсээр байгаа нь төсвийн мөнгийг элс рүү ус хийж буйтай адил үр ашиггүй урсгаж байгаа хэрэг юм. Энэ байдлыг нэн даруй засахгүй бол улсын төсвийн 2 байтугай, 20%-ийг ч шинжлэх ухаанд зараад үр дүн гарахгүй. Монгол улс нэг намын тогтолцоо, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл, шударга чөлөөт өрсөлдөөний нийгэм рүү шилжээд 30 жил өнгөрч, нийгмийн амьдралын бүх салбарт үнэмшихийн аргагүй том өөрчлөлтүүд гарчихаад байхад, социализмын үед Засгийн газрын тогтоолд заасан орон тоог нь хэвээр нь хадгалж, улсын төсвөөс цалинжуулсаар байгаагийн учир юунд байгааг хэн ч ойлгох аргагүй. Улс орон нэгэнт л үр дүнд суурилсан чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн нийгмийг сонгосон бол нийгмийн доторхи бүх эд, эс тэр зүгт хөдөлж байж зохих үр дүнд хүрэх нь мэдээж хэрэг. Засгийн газар шинжлэх ухааны нэр барьсан хэсэг бүлэг хүмүүсийн лоббинд автагдах биш, аль социализмын үед гаргасан нийгмийн урагшлах хөгжилд саад тотгор болж буй энэ мэт шийдвэрээ хүчингүй болгох улс төрийн зориг гаргах цаг нэгэнт болжээ. Орчин үед эрдэм шинжилгээний хүрээлэн гэдгийг тухайн байгуулагын урдаа барьдаг, тогтмол орон тооны цөөн, шалгарсан, шилдэг судлаачтай, тэдгээр нь цалингаа баталгаатай авах боловч өрсөлдөөнт судалгааны төсөл авч хэрэгжүүлдэг,түүндээ магистрант, докторант, докторын дараах түвшний залуу судлаачдыг гэрээгээр авч ажиллуудаг, судалгааны байгууламж буюу судалгааны суурь бүтэц (буруу орчуулж, бидний хэлжзаншсанаарсудалгааны дэд бүтэц) хэмээн ойлгодог. Хүрээлэн нь зөвхөн өөрийн үндсэн орон тооны ажилтнуудад биш, энд тэндээс өрсөлдөөнт судалгааны төсөл олж авсан гаднын судлаачдад ч нээлттэй, өөрөөр хэлбэл, оффисийн өрөө түрээслэдгийн нэгэн адил тэдгээр судлаачдад судалгаа явуулах лаборатороо тусгай гэрээгээр ашиглуулах хэлбэр лүү шилжсээр байгааг бид анзаарахгүй байхын аргагүй болж байна. Энд ганц жишээ дурдая. 2018 оны байдлаар Японы РИКЕН судалгааны хүрээлэнд 2862 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байсны 337 (11.8%) нь л тогтмол орон тооных, үлдсэн 2525 (88.2%) нь тус хүрээлэн дээр хэрэгжиж буй судалгааны төслүүд дээр ажиллаж буй гэрээт эрдэм шинжилгээний ажилтнууд байв. Гэтэл манай Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хүрээлэнгийн хувьд хатуу тогтоосон орон тоотой, тэдгээрийг нь докторын зэрэг ч хамгаалаагүй байж “догширчихсон”, хамгаалсан ч гэсэн “хашир бурхи” болчихсон,ажлын гүйцэтгэл муутай хүмүүс “эзэгнэж“, төр засаг шинжлэх ухааны салбарт өөрчлөлт шинэчлэл хийх гэсэн оролдлого гаргах бүрт удирдлагаасаа өгсөн чиглэлийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулах замаар эсэргүүцэх, өөрсдийн цалин, төсвөө нэмэгдүүлэх шаардлага тавихаас өөр нийгмийн идэвхгүй “дуулгавартай”хүмүүсийн арми бий болсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Үе үеийн Засгийн газар шинжлэх ухааны салбарт бий болсон энэ гаж тогтолцоог өөрчлөх оролдлогыг ямар нэг хэмжээгээр хийдэг боловч “өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр”, “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэгчийн үлгэрээр орж, аль социализмын үед гаргасан өөрийн тогтоол, хэсэг бүлэг “мундаг” хүмүүсийн лоббинд өртөн эргэж хурган, айж бэргэсээр байгаа билээ. Үүний нэг тод жишээ нь, судалгааг төслийн хэлбэрээр санхүүжүүлж байсан зөв зарчмаасаа Сангийн яам 2008 онд эргэж буцсан явдал юм. Монгол улсын Засгийн газар гадаадад докторын зэрэг хамгаалсан залуучуудаа татахын тулд “Зөгийн үүр” нэртэй хөтөлбөрийг баталсан санагдана. Тэднийг “цуглуулсан балаа” тээгээд эх орондоо ирэхэд орох “үүр”-ажлын байрыг нь бэлтгэхэд зарцуулагдах ёстой улсын төсөв ийнхүү буруу замаар урссаар байгаатай бид эвлэрч, зүгээр л хараад суусаар байх уу? Өндөр хөгжилтэй орнуудад бол докторын зэрэг хамгаалсны дараа ч төслөөс төсөл дамжин гэрээт эрдэм шинжилгээний ажилтан хийж, өрсөлдөөнд орж, өндөр түвшний судалгаа гүйцэтгэж, өөрийгөө хэн болохоо харуулж байж сая орон тооны эрдэм шинжилгээний ажилтан болдог нь нэгэнт тогтсон жишиг юм. Гэтэл манайд докторын зэрэг ч хамгаалаагүй байж“дархлагдаж”, гадаадад хамгаалсан, өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлтэй, академик эрх чөлөөг эрхэмлэгч, авъяаслаг, чадвартай залууст орон зай олдохгүй байгааг халах цаг нэгэнт болжээ.Хатуу бүтэц, орон тоо бүхий хүрээлэн байгуулж, түүнийг улсын төсвөөс санхүүжүүлэх нь үр ашиггүйболохыг судалгааны гүйцэтгэлийн дараахь бодит тоон үзүүлэлтүүдээс ч харж болно. Судалгааны ажлын гүйцэтгэлийг хэн нэгний хоосон яриа, хэнд ч хэрэг болдоггүй шинэ бүтээлийн гэрчилгээ, архивлагддаг зузаан тайлан биш, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл, эдийн засгийн эргэлтэнд орсон амьд патент, хэрэгжүүлж буй өрсөлдөөнт төслийн мөнгөн дүн зэрэг бодит үзүүлэлтүүдээр хэмждэг билээ. Олон улсын хамгийн нэр хүнд бүхий шинжлэх ухааны мэдээллийн сан болох Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлүүдэд 2019 онд Монгол улсын судлаачдын нэр орсон 483бүтээл хэвлэгджээ. Доорхи хүснэгтэд дурьдсан байгууллагууд хамгийн оллон өгүүлэл хэвлүүлсэн байна.

Байгууллагын нэр

Хэвлүүлсэн өгүүллийн тоо

Нийт бүтээлд эзлэх хувь, %

1.

МУИС

101

20.9

2.

ШУА

92

19.0

3.

АШУҮИС

71

14.7

4.

ШУТИС

35

7.2

5.

ХААИС

18

3.7

6.

МУБИС

9

1.9

байна.

Монгол улсын шинжлэх ухааны гүйцэтгэл бодит байдал дээр ямар байгаа, өндөр түвшний судалгаа гүйцэтгэх шинжлэх ухааны чадавхи хаана төвлөрч байгаа, дээр дурдсан байгууллагуудаас өөр байгууллагын судлаачид ч Монгол улсын суурь судалгааны салбарт зохих хувь нэмрээ оруулж эхэлж байгааг бид энэ тоон үзүүлэлтээс харж болно.

Олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийн тоогоороо бараг тэнцүү МУИС, ШУА хэмээх хоёрбайгууллагын 2019 онд улсын төсвөөс авсан санхүүжилтийн хэмжээ, цалингийн зардлын задаргааг хүснэгтээр харуулъя.

Байгууллагын нэр

Суурь судалгааны төслийн тоо

Санхүүжилт, мянган төгрөг

Ажилтны тоо

Цалингийн зардал, мянган төгрөг

1

МУИС

6

173,150.0

20

246,800.0

2

ШУА

52

1,259,500.0

1186

14,000,000.0

болно. МУИС 2019 онд улсын төсвөөс 420 сая, харин ШУА 15 тэрбум 260 сая төгрөг буюу МУИС-аас 36 дахин их санхүүжилт авсан байна. Хэдийгээр улсын их сургууль боловч МУИС нь улсын төсвөөс цахилгаан, дулааны зардал ч авдаггүйг энд тэмдэглэхэд илүүдэх юун. ШУА-д судалгааны ажил хийх үндсэн үүрэгтэй, түүнийхээ төлөө улсын төсвөөс цалин авч буй 1186 ажилтантай бол МУИС тийм 20 ажилтантай, бусад нь оюутанд хичээл заах үндсэн үүрэгтэй, түүнийхээ төлөө оюутны сургалтын төлбөрөөр цалинждаг, сонирхолдоо хөтлөгдөн хичээлийн завсар зайгаар “хавсарга” маягаар судалгаа хийдэг багш нар юм. Улсын төсвөөс авч буйсанхүүжилт ньийм их зөрөөтэй атлаа судалгааны ажлын гүйцэтгэл нь адилхан байгааг юугаар тайлбарлах вэ? Шинжлэх ухаанд зарж буй төсвийг эзнийг нь олж зөв хуваарилбал ямар үр дүнд хүрч болохыг МУИС-ийн жишээ харуулж буй бус уу? Олон орон тоог үр дүнгүй санхүүжүүлснээр улсын төсвийг ямар ихээр үр ашиггүй урсгаж буйг ШУА-ийн жишээ харуулж байна биш үү?Бид шинжлэх ухаанд зориулсан улсын төсвийн санхүүжилтээ чамлахаасаа илүү, байгаагаа судлаачдын боловсруулсан олон улсад зөвшөөрөгдсөн үр дүн, мерит зарчимд тулгуурлан шударга хуваарилж, үр ашигтай зарцуулах, түүнчлэн улсын төсвөөс өөр эх үүсвэр хайх талаар санаа тавих ёстойг давхар харуулж байгаа хэрэг биш гэж үү?Судалгааны ажлыг гүйцэтгэхэд зөвхөн мөнгө, олон орон тоо биш, харин цөөн ч гэсэн сэтгэлтэй, сайтар боловсорсон чадварлаг судлаачид хэрэгтэй гэдгийг дээрх тоон үзүүлэлт харуулж байна. Судалгааны ажлыг орон тооны эрдэм шинжилгээний ажилтнууд биш, харин чадварлаг судлаачидынхаа олж ирсэн өрсөлдөөнт судалгааны төсөл дээр гэрээгээр ажиллаж буй магистрант, докторант, постдок залуу судлаач наргүйцэтгэдэг болохыг эндээс бас харж болно. Нэн тэргүүнд орон тоог биш, харин судалгааг өрсөлдөөнт төслийн хэлбэрээр санхүүжүүлэх зарчим руу цаг алдалгүй шилжихээс өөр аргагүй нь илэрхий байна.

Гурав. Эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох нь Засгийн газрын шийддэг асуудал огтхон ч биш.

Шинжлэх ухааны салбар бол хэн нэгний өмч огт биш, цэвэр мерит зарчим, шударга өрсөлдөөн үйлчилдэг салбар юм. Гэтэл судалгааны ажилдаа шимтэн, бодит амжилт бүтээл гаргахын оронд элдэв зэрэг, цол, гуншинг “зохиомлоор” бий болгон, түүнээ хууль, тогтоолоор баталгаажуулан, түүгээрээ хуяглан судалгааны чиглэл, сэдвийг өмчлөх, “азаргалах” гэж мөрөөдөгчдийн арми бий болсон гэхэд хилсдэхээргүй боллоо. Энэ нь нийгэмд маш халтай үйлдэл юм. Ялангуяа, залуучууд тогтож, сууж судалгаа хийхийн оронд үүгээр түүгээр гүйж, хор найруулан нөгөө цол, хэргэмийг нь хүртэж, мөрөөрөө судалгаагаа хийгээд сууж буй бүтээлч хэсгийн урам зоригийг мохоох, тэднийг дарамтлах үзэгдэл байсаар байгааг нэн даруй таслан зогсоох ёстой.

Эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийг Засгийн газрын тогтоолоор шийдэх нь байж боломгүй зүйл юм. Аливаа байгууллага ажилд ямар хүнийг авах, ямар цалин өгөх, хэнд ямар зэрэг дэв, хэргэм цол олгох, түүнээ хэрхэн урамшуулах нь тухайн байгууллагын шийдэх асуудал болохоос Засгийн газрын тогтоолоор аль нэгэн байгууллагаас олгох зэрэг, цол, түүний нэмэгдлийг шийдэж, улсын төсвөөс олгох, мөн төсвийн бус байгууллагад даалгах нь зүйд үл нийцнэ. Докторын зэрэгтэй байх нь цалингийн 15%-тай тэнцэх нэмэгдэл авах баталгаа огтхон ч биш,машин барих хүн жолооны үнэмлэх авсан байхыг шаарддагийн нэгэн адил их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг академик байгуулагад ажиллахад тавигддаг наад захын шаардлагын нэг гэдгийг бид ойлгох учиртай. Ажлын гүйцэтгэл, ур чадвартай нь холбон докторын зэрэгтэй хүндээ нэмэгдэл цалин, урамшуулал олгох эсэхийг тухайн ажил олгогч шийдэх болохоос Засгийн газрын тогтоолоор шийдэх асуудал биш юм.Иймд доктор, “супер” “шинжлэх ухааны доктор”, профессор, дэд профессор, академич цолны нэмэгдлийг тогтоосон Засгийн газрын тогтоол, шийдвэрийг нэн даруй хүчингүй болгож, шинжлэх ухааныг дөнгөнөөс нь салгах цаг болсон. Зөвхөн академич цолны нэмэгдэлд улсын төсвөөс жилд 350 орчим сая төгрөг гардаг аж. Улсын төсвөөс нэмэгдлийг нь олгодог, Монголын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Ерөнхийлөгч батламжилдаг энэ цолыг ямар шалгуур болон зарчмаар, ямар бүтээлтэй хүмүүст олгож байгааг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Монголын үндэсний бөхийн холбоо ямар барилдаанд ямар амжилт үзүүлснээр нь бөхчүүдийнхээ чансааг тогтоож, нэрээр нь зарлаж байгаатай нэгэн адилаар ямар зиндааны сэтгүүлд бүтээлээ хэвлүүлж, түүнээс нь хэр эшлэл авагдсан зэрэг тодорхой үзүүлэлтээр эрдэмтдээ эрэмбэлж, олон нийтэд зарлаж шинжлэх ухааны нэр барьсан хэсэг бүлэг хүмүүсийн өөрөө өөрсдөдөө дур мэдэнцол гуншин олгож, түүнийхээ нэмэгдлийг улсын төсвөөс гаргуулдаг, түүгээрээ далайлган бусдыг айлгадаг явдлыг эцэс болгох хэрэгтэй.Монгол улсын Ерөнхийлөгч батламжилдаг, улсын төсвөөс мөнгийг нь гаргадаг, эрдэмтдэд олгодог цол хэрэгтэй бол түүнийг нь хэсэг бүлэг хүмүүс үзэмжээрээ олгодог биш, Нобелийн шагнал авсан ч юм уу, эсвэл дэлхийн нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд голлох зохиогчийн хувиар бүтээлээ хэвлүүлсэн гэх мэтээр тодорхой шалгууртай болгож, хувь, хувьсгалын гэлтгүй шинжлэх ухааны салбарын бүх субъкт-оролцогчдыг төлөөлж чадахуйц олон нийтийн байгууллага санал болгодог байх нь зүйд нийцнэ. Төр засгийн буруу шийдвэрээс болж, төрийн албан хаагчид хүртэл докторын зэрэг хамгаалах, түүгээрээ дарамтлах, түүнийг албан тушаал дэвших хэрэгсэл, намтар, нэрийн хуудсандаа бичих “чимэг” болгох гаж хандлага бий болсон байна. Төрийн алба бол түмэнд үйлчлэх сэтгэлтэй, төрийн албаны дадлага, туршлага, ур чадварт тулгуурлан шатлан дэвших зарчим үйлчилдэг салбар юм. Докторын зэрэг хамгаалах нь тухайн чиглэлээрээ академик байгууллагад ажиллах, судалгааны ажил хийх, удирдахад тавигддаг наад захын шаардлага болохоос төрийн хар хүн, төрийн албан хаагч болохын тулд докторын зэрэг, профессор цолтой байх нь ямар ч давуу тал болох учиргүй. Доктор, профессор нь их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг академик байгууллагад ажилладаг хүмүүст хамаатай болохоос төрийн албан хаагчдад огт хамаагүй гэдгийг бид ухаарах цаг болжээ.

Жич: Эрдмийн зэрэг, цолны талаар дараа тодорхой бичих болно.

МУИС-ийн багш, Эм зүйн шинжлэх ухааны доктор (Dr.Pharm.) Ж.Батхүү

Categories
мэдээ нийгэм

Монгол банк энэ оны эхний гурван сард 5.3 тонн алт худалдан авчээ

Монголбанк энэ оны эхний гурван сард өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс зөвхөн гуравдугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн цагаан мөнгө байна.

Энэ оны гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ гуравдугаар сард 141,512.11 төгрөг байлаа.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх заалт, Далдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өмнө нь хийхээр товлосон боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан юм. Уг хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хийнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Төсвийн байнгын хороо найман асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны анхны хуралдаанөнөөдөр (2020.04.07) 11 цаг 20 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэйхамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (СО\/ID -19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасан. Тогтоол батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллагуудын болон иргэний бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдав.

Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, туүнчлэн улмаар өрх, иргэдэд санхүүгийн эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байгаагаас гадна ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авч эхэлж байна. Иймд хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа онцолсон.

Коронавируст халдвар (СО\/ID -19)-ын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Иргэдийн орлогыг хамгаалах, Ажлын байрыг хадгалах, Эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлжээ. Түүнчлэн тогтоолын төсөлд төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдах зэргээр төсвийн үр ашгийг сайжруулж ажиллах талаар тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар коронавируст халдвар (СО\/ID-19)-ын цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд, З.Нарантуяа, О.Батнасан, Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс цар тахлын улмаас хэчнээн аж ахуй нэгж хаагдаж, хэдэн мянган хүний орлого багасч байгааг лавлахын зэрэгцээ төрийн албан хаагчдыг нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамруулаагүй шалтгааныг тодруулав. Мөн килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авахад нийт хэчнээн малчин өрх хамрагдах, худалдан авсан ноолуураа хэрхэн ашиглах,200 мянган төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжид хэчнээн иргэн хамрагдахаар байгаагилүүтэй лавлав.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, коронавирус дэлхий нийтийг хамарч цар тахлын хэмжээнд хүрсэн ньтөр, аж ахуй нэгж, иргэдийн санхүү, эдийн засагт цохилт өгч байна. Засгийн газар энэ цаг үед төр илүү ачаалал авах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг тодотгоод ажлын байр нь баталгаатай төрийн болон төрийн өмчит компанид ажилладаг албан хаагчдын татварыг хэвээр үлдээсэн гэж байлаа. Мөн тэрбээр, цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалсан, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 6 сарын хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөд нийт 640 мянган хүн хамрагдаж байна гэж байлаа. Түүнчлэн төрийн шийдвэрээр үйл ажиллагаагаа зогсоож, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид ажиллагсдад 200 мянган төгрөг олгохоор тогтоосон ч, цар тахлын хэмжээ хаана хүрч, хэзээ дуусах нь тодорхойгүй учир энэ асуудалд одоогоор нэгдсэн тоо гаргах боломж байхгүйг Сангийн сайд хариултдаа тодотгов.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдЧ.Улаан нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авахаар тооцоход 300 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ нь нийт бэлтгэх ноолуурын 30 хувь гэдгийг хариултдаа онцолсон. Монголд 233 мянган малчин өрх 10,2 тонн ноолуур бэлтгэх тооцоо байгаа чүүнээс 3000 тонн-д дэмжлэг үзүүлж, үлдсэн 7000 тонныг нь гадаадын хөрөнгө оруулагчид авдаг уламжлалтай. Дотооддоо 3000 тонн ноолуур авч, угааж, самнаж, эцсийн сүлжмэл бүтээгдэхүүн хийх бүрэн хүчин чадалтай гэж байлаа.

Ингээд гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэйхамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь үзлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн аудитын тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулах явцад анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагдсан. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж нэмсэн. Иймд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг дурдлаа.

Хуулийн төсөл нь 6 бүлэг 44 зүйлтэй бөгөөд төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын аудит хийх шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй, хараат бус, бие даасан, хууль зүй, эдийн засаг, хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид байх баталгаа хангагдаж, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөн Төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болж, төрийн аудитын төлбөрийн акт, албан шаардлагын биелэлт заавал хангагдах нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан.

ДЭМБ-аас коронавирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг, вирусийн тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөллийг урьдчилан төсөөлөх боломжгүй байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарчээ.

Тиймээс хүн амын 2020 оны хэрэгцээт гурилыг дотоодоо үйлдвэрлэх, тодорхой нөөц бүрдүүлэхэд 15.0 мянган тонн улаан буудайн үр, 60.0 мянган тонн хүнсний улаан буудай дутагдах тооцоо гарсан тул Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Гэвч корона вирусийн дэгдэлттэй холбогдон гадаад болон дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөн тул стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 150.0 мянган тонн хүнсний улаанбуудай нэмж импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн онцгой горимд шилжсэнтэй холбогдуулан иргэд хүнсний бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлж, их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй нөхцөлд хүргэж байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалт тусгагджээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хууль, тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын дагуу 2014-2018 онд 32 удаагийн лицензээр 10 толгой цэвэр үүлдрийн адуу, 945 толгой үржлийн бусад адуу экспортолж, улсын төсөвт 142.6 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд үржлийнхээс бусад малыг гадаадад гаргахад тусгай зөвшөөрөл, лиценз шаарддаггүй, дан ганц экспортын мэдэгдлээр гаргадаг байсан нь үржлийн малыг гаргах эрсдэлийг дагуулжээ. Түүнчлэн сүүлийн үед шинжлэх ухаан хурдацтай хөгжиж малын эд, эсээс өсгөвөрлөн, тухайн малыг гаргаж авах боломжтой болж байгаа нь зөвхөн үржлийн төдийгүй үржлийнхээс бусад мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг төрийн хяналттайгаар гадаадад гаргах шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байгаа ба үүнийг лиценз олгох замаар хэрэгжүүлэх боломжтой болжээ. Мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр гадаадад гаргах нь хэтдээ монгол малын удмын сан алдагдахад хүргэж, эдийн засаг, нийгмийн эрх ашигт хохирол учруулж болзошгүй тул уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд Малын генетик нөөцийн тухай хуульд тайлбарлан хэрэглэсэн “мал”, “үржүүлгийн бүтээгдэхүүн” гэсэн нэр томъёотой нийцүүлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 26.3.1 дэх заалтын “гүн хөлдөөсөн үр, хөврөл үр” гэсэн нэр томъёог өөрчлөхөөр тусгасан байна. Хуулийн төсөл батлагдснаар хууль хоорондын зөрчил арилж нэг мөр хэрэглэх боломжтой болохоос гадна гадаадад гаргаж буй үржлийн бус мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүний тоо хэмжээг хянах нөхцөл бүрдэх ба улсын төсвийн орлого нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нар асуулт асууж, үг хэлэв. Ингээд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Санхүүжилт, зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангахтай холбоотойгоор Засгийн газраас зээл, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсныг гишүүдэд мэдэгдэн, хуралдааны цагийг сунгалаа.

Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан.

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг, чанартай, шуурхай хүргэхэд тусгайлан бэлтгэсэн эмнэлгийг бүх шатанд бэлтгэхэд чиглэжээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 3 эмнэлэг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээтэй тулгарсан байна. Шинэ коронавирустай тэмцэхэд зориулж Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад нийтдээ 14 тэрбум ам. долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам долларын өртөг бүхий “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж, санхүүжилтийн хэлэлцээрийг Дэлхийн банктай байгуулахаар болжээ. Санхүүжилтийн 13.1 сая ам.долларыг Олон улсын хөгжлийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 тус тус байх аж. Харин үлдсэн 13.8 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох болсныг танилцуулгад дурджээ.

Харин Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн танилцуулгад, Монгол Улсад хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем нь анх 1959 онд үүсгэн байгуулагдаж 61 дэх жилдээ ашиглагдаж байгаа, дулаан цахилгаан хослон үйлдвэрлэдэг 3-н станц (ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4), дулааны 1 станц (Амгалан дулааны станц)-д үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангаж байна. Дулааны эрчим хүчний эрэлт жилд 5- 8 хувиар тогтмол нэмэгдэж байгаатай холбогдуулан одоо байгаа шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болж хүчин чадлын дутагдалд орсноос гадна нийт шугам тоноглолын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа 20-30 жилээр хэтэрч гэмтэл саатал ихээр гарч дулаан хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг алдагдуулж байгааг дурдсан байна. Иймд эхний ээлжинд ДЦС-3-т үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, Зг магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлуудыг хийх, Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохирчээ. Зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.

Түүнчлэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл нь Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх аж. 2002 оноос хойш хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа” төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулахад нийт 65.7 сая ам.долларын төсөл хэрэгжжээ. Төслийн үр шимийг 1,443,718 иргэн хүртсэн байна. “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 2014 оноос хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан боловсруулж, батлуулж, мөрдүүлэх, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор ОНХС-ийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийгдэж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна. Төслийн үр дүнд ОНХС-ийн удирдлага, зохион байгуулалт сайжирч байгаа бөгөөд төслийг ийнхүү дэмжсэнээророн нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй байгаа тул “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад туслах зорилгоор Дэлхийн банкнаас төслийг одоогийн дуусах огноо болох 2020 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр жилээр сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг Дэлхийн банкнаас олгохоор шийдвэрлээд байна. Зээлийн санхүүжилтийг Олон улсын хөгжпийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж танилцуулгад дурдсан.

Харин Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран Улсын онцгой байдлын комиссын коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги, төлөвлөгөө, Засгийн газрын 78 дугаар тогтоолын хэрэгжилтийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж, бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг боловсруулжээ.

Ингээд дээрх дөрвөн Санүүжилтийн болон Зээлийн хэлэлцээрийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгсангүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн зээл, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр (2020.04.07) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах турхай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын 3 дугаар зүйлд нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэх, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах” гэсэн зорилт дэвшүүлсэн.

Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд “Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим”-ыг хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа уриалж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д “Эрүүл мэндийн асуудлыг бусад салбарын бодлогод тусган уялдуулж, нэгдсэн зохицуулалттайгаар хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлснээр хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах” зорилтыг тус тус тодорхойлсон. Эдгээр бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлийг тусгасан байна. Үүнд,

– Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн “Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах” заалтын хэрэгжилтийг бодит байдалд нийцүүлэх, эрчимжүүлэх,

– “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ”-ний тодорхойлолт бий болгох,

– Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг тодорхойлох,

– Нэн шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлох,

– Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг зохицуулах захиргааны хэм хэмжээний акт боловсруулах,

– Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан эрт илрүүлэх үзлэгийг зохицуулах нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт боловсруулж, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх,

– Эмгэг судлалын амьд ахуйн эд эсийн шинжилгээ, нас барагчийн цогцсыг сургалт, судалгааны зорилгоор ашиглах харилцааг зохицуулах хэм хэмжээний акт батлах заалт нэмэх,

– Хуулийн заалтын давхардлыг арилгах,

– Үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ мэдээлэл шаардах, дарамтлах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол хүн эх орныхоо хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг авах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхийг баталгаажуулахад ач холбогдолтой болохыг төслийн танилцуулгад дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Эсмия” эмийг худалдаанаас татан авчээ

Бүгд Найрамдах Унгар Улсын Гедеон Рихтер НХН болон Европын эмийн агентлагийн судалгаагаар “Эсмия” /улипристал ацетат/ 5мг шахмал эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул судалгааны эцсийн дүн гарах хүртэл тус эмийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг Европын эмийн агентлагаас 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр гаргажээ. Үүний дагуу Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Эсмия” эмийг дотоодын зах зээлээс буцаан татан авалт хийгээд байгаа юм байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Эсмия” эмийг зах зээлд худалдаалагдахаас сэргийлэн 2020 оны гуравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг 985 эмнэлэг, эм хангамжийн байгууллагыг хамруулан хийж, 340.8 хайрцаг “Эсмия” эмийг илрүүлж Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлэв.

Иймд эмийн сангуудад “Эсмия” эм худалдаалагдаж байвал тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад хандан мэдээлэл өгөх, хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Япон улсад суугаа монгол иргэдийн анхааралд

Японд дадлагажигч ажилтан илгээхэд зориулан 560 сая төгрөг төсөвлөжээ

Япон Улсын Засгийн газраас шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар өргөн тархаж буйтай холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 00:00 цагаас Токио, Канагава, Чиба, Сайтама, Осака, Хёого, Фүкүока нийт долоон мужид “oнц байдал” зарлахаар бэлтгэж байна. Тус нөхцөл байдaлтай холбогдуулан тус Элчин сайдын яамны консулын үйлчилгээ иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс

  • төрсний бүртгэл
  • гадаад паспорт захиалга
  • буцах түр үнэмлэх захиалга
  • гадаад паспорт олголт
  • УБЕГ-ын лавлагааны үйлчилгээ
  • мөн гадаад паспорт захиалах
  • хүүхэд хилээр асран халамжилж Японд авчрах, нутаг буцаах
  • хүүхдийн виз мэдүүлэх
  • тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/
  • жирэмсэн эхийн тэтгэмж
  • хүүхдийн мөнгө авах
  • төрөл садангийн лавлагаа авах
  • өндөр насны тэтгэвэр тогтоолгох итгэмжлэлийг Элчин сайдын яамнаас шуудангаар хүлээн авч үйлчилгээ үзүүлж байна.

Манай иргэд улс оронд үүссэн гэнэтийн, онцгой, хүнд нөхцөл байдалд иргэний хувьд ухамсартай хандаж, гол нь Монгол, Японы эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй эрүүл мэндийн зөвлөмжийг мөрдөж, гараа сайтар угаах, маскаа байнга зүүх, шаардлагагүй бол олон нийтийн газар явахгүй байх зэрэг хувийн ариун цэврийг сайн сахихыг анхааруулж байна.

Монгол Улсаас Японд улсад суугаа Элчин сайдын яам

Categories
мэдээ нийгэм

Цаг хэтрүүлэн ажилласан аж ахуй нэгжүүдэд арга хэмжээ авч эхлэв

Нийслэлийн засаг даргын А/108, А/223, А/436, А/438 захирамжийн хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон үйл ажиллагаа зогсоосон байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна.

Хяналт шалгалтад давхардсан тоогоор баар 1799, ресторан 1503, кафе 348, хүнсний дэлгүүр 639, нийт 4289 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдсан.

Цаг хэтрүүлэн ажилласан Сонгинохайран дүүргийн Овоо шил ХХК-ийн “Амуу” кафе, Чингэлтэй дүүргийн Гипт рояал ХХК-ийн ресторан, Сүхбаатар дүүргийн Кенара ХХК-ийн “Алваро” ресторан, Баянгол дүүргийн Кайнд трейдинг ХХК-ийн Стрийт 88 ресторануудад холбогдох хуулийн дагуу 3650.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан барагдуулж, Чингэлтэй дүүргийн Аянгын бороо ХХК-ийн “One way” ресторан, Гранд Будда ХХК-ийн “Гранд Инн” ресторан, Дэлгэрэнт трейд ХХК-ийн “Аялгуу” кафенуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замыг найм хоног хаана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний гүүрэн гарцын барилгын ажил хийгдэж байна.

Иймд ажлын өдрүүдэд буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-16-ны өдрүүдэд 00:00-06:00 цагийн хооронд уг хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.