Categories
мэдээ нийгэм

Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан монгол оюутнуудын анхааралд

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Дипломат академи, тэтгэлэгт хөтөлбөрийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Оршолёо Пачай-Томашич тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан гадаадын иргэдэд зориулж мэдээлэл гаргасныг бэлтгэн хүргүүлж байна.

  • Шинэ төрлийн коронавирусний цар тахал дэлхий даяар хурдацтай тархаж буйтай холбогдуулан Унгар Улсад 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн онц байдал зарлаад байна. Тархалтыг бууруулах хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй, мөн олноороо цуглахгүй байхыг зөвлөж байна. Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр гэр орон, нутаг руугаа буцах нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай. Нутаг буцах нь тухайн оюутны эрх учраас аливаа хориг тавихгүй боловч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд нутаг буцсан тохиолдолд Унгар Улсад буцаж ирж, тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болно.
  • Гадаад оюутан халдвар авсан тохиолдолд Унгар Улсад мөрдөгдөж буй эрүүл мэндийн болон холбогдох бусад хууль тогтоомж, хүний эрхийг дээдлэх зарчмын дагуу гадаад улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагад мэдээлэл өгөхөөс татгалзана. Харин тухайн иргэн өөрөө зөвшөөрвөл түүний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад өгч болох юм байна.
  • Халдварын тархалт, нөхцөл байдал удаан үргэлжлэхэд хүрвэл 2020 оны хичээлийн жилд төгсөх оюутнуудын асуудалд боловсролын байгууллагууд онцгой анхаарал хандуулж байгаа. Төгсөлт болон шалгалтуудыг хэрхэн зохицуулах талаар сургууль тус бүртэй ярилцсаны үндсэн дээр шийдвэр гаргах болно. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийн журмын дагуу оюутнууд тэтгэлгээ сунгуулах хүсэлтээ гаргах боломжтой ба энэ нь докторын зэрэг хамгаалах оюутнуудад хамаарахгүй болно.
  • Ирэх хичээлийн шинэ жилд элсэн суралцах гадаад оюутнуудын элсэлтийн шалгалт хэвийн явагдана гэдгийг их, дээд сургуулиуд мэдээлсэн. Их, дээд сургуулиудтай холбогдож, элсэлтийн шалгалтын асуудлаар мөн үргэлжлүүлэн ярилцах болно. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнууд төлөвлөсөн хуваарийн дагуу өөрийн улсаас Унгар Улсад хүрэлцэн ирэх хэдий ч одоогийн нөхцөл байдал, виз болон визтэй холбоотой бусад асуудал, Унгар Улсад ирэх зэрэг гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас тодорхой хэмжээний өөрчлөлт орж болзошгүй юм.
  • Нутаг буцалгүй Унгар Улсад үлдэж буй оюутнуудын хувьд тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу орон байр, амьдрах зардал, эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн бусад үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх болно.
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд Унгар Улсаас гарч явах тохиолдолд өөрийн сургуульдаа мэдэгдэх шаардлагатай. Гадаадад 30 хоногоос дээш хугацаанд зорчих бол Унгар Улсад буцаж ирэх хүртэлх хугацаанд оюутны байр болон бусад эрхээ эдлэхгүй. Энэ нь тэтгэлгийг цуцалж байгаа хэрэг биш. Унгарын дээд боловсролын тухай хуулийн 45 (2) дугаар зүйлд заасны дагуу тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд чөлөө авах боломжтой бөгөөд чөлөөтэй байх хугацаанд аливаа тэтгэлэг авах эрхгүй болно.
  • 2019-2020 оны хичээлийн жилд суралцаж буй оюутнуудын хичээл, сургалтыг цахимаар явуулж байгаа ба зайны сургалт буюу цахим сургалт, хөтөлбөрийн хэрэгжилт, зохицуулалтыг тухайн их, дээд сургууль нь хариуцаж буй.
  • Онц байдал болон хорио цээрийн үед цөөн тооны нислэг Унгар Улсаас үйлдэгдэж байгаа. Унгар Улстай хил залгаа орнууд онц байдал зарлаж, хилийн хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээвэр (автомашин, галт тэрэг, автобус)-ийн үйлчилгээ хязгаарлагдмал байгаа төдийгүй хил залгаа орнуудад нэвтрэх боломжгүй болоод байна. Аливаа улсын Засгийн газар, ЭСЯ нь Унгар Улсад суралцаж буй оюутан, иргэдээ нутаг буцаах арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд шаардлагатай мэдээллээр хангаж, хамтран ажиллах болно.

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин Сайдын Яам

Categories
мэдээ нийгэм

COVID-19-ийн эсрэг хязгаарлалтыг ЦУЦЛАХ БОЛООГҮЙГ ДЭМБ-аас бүх оронд анхаарууллаа

Дэлхийн улс орнууд шинэ коронавирусийн халдварын тархалтыг хумихаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Түүнчлэн тэрбээр ДЭМБ-аас өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ улс орон бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч халдварын тархалтыг хумих зорилгоор авсан хязгаарлалтын арга хэмжээг цуцлах цаг болоогүй, хэрвээ эрт цуцалбал халдварын дэгдэлт эргэн сэргэнэ гэдгийг бүх улс оронд анхааруулсан гэдгийг уламжлав.

Түүний танилцуулсан мэдээллийг багцлан хүргэж байна.

Европ

  • COVID-19-ийн улмаас Франц улсад нас барсан хүний тоо 10 мянгыг давсан байна. Үүнээс 7,091 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 3,237 нь өндөр настны асрамжийн газарт нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Одоогийн байдлаар 7,131 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
  • Испани улсад өчигдөр 743 нас барсан.
  • Турк улсад халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Мягмар гарагт 3,892 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 34,000 гарсан тухай Туркийн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн.
  • Чехийн парламентаас онц байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-г дуустал сунгах шийдвэр гаргасан.
  • Финландын Засгийн газраас хилийн хяналт, зорчих хөдөлгөөнтэй холбогдуулан авсан хязгаарлалтын арга хэмжээг тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгалаа.

Америк

АНУ-ын халдварын төв болоод байгаа Нью Йорк мужид 731 хүн нас барж, нийт тохиолдлын тоо 139,000 давсан. Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 1,731 нас баралт бүртгэгдлээ.Калифорни муж улсаас Нью Йорк болон бусад мужид түр хэрэглүүлэхээр амьсгалын аппаратыг илгээж байгаа талаар мэдээлсэн.

Ази

Ухань хотод 76 хоногийн турш мөрдүүлсэн хатуу чанд хорио цээрийн дэглэмийг өнөөдрөөс цуцалж байна. Ингэснээр галт тэрэг, авто тээврийн зорчих хөдөлгөөнийг сэргээсэн. Хотын доторх зорчих хөдөлгөөнийг сэргээж байгаа нь халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бусад арга хэмжээг цуцална гэсэн үг биш бөгөөд улам эрчимжүүлэх шаардлагатайг хотын засаг захиргаанаас мэдэгдлээ.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, ариутгал халдваргүйжүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ЗӨСҮТ өнгөрсөн хугацаанд 105 удаагийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 11,000 хүнд үйлчиллээ. 49 онгоц, 50 вагон, 15 чингэлэг, 148 автомашин, 27 тусгаарлах өрөө, 19 ажиглалтын байр, 86 тонн ачаа тээшинд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн.

Сүүлийн долоо хоногт тусгай үүргийн онгоцоор ирсэн 512 зорчигч, нисэх багийнхан тэдний ачаа тээш, онгоц, автобусанд халдваргүйжүүлэлт хийгээд байна. Өчигдөр Хонг Конгоос ирсэн ачааны онгоцонд халдваргүйжүүлэлт хийсэн.

Нөгөө талаар бид вирусийн тархвар зүй, улс орнуудад гарч буй халдварын нөхцөл байдал, ДЭМБ-ын зөвлөмжүүдийг судалж, иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна. Иргэд маань ЗӨСҮТ-ийн вэб сайт, фэйсбүүк хуудаст хандаж мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

Түрүүн хэлсэнчлэн Ази, Номхон далайн баруун эргийн орнуудад халдварын хоёр дахь давалгаа гарах магадлал өндөр байгааг ДЭМБ-аас байнга сануулж байна.

Гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдварыг эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаатай холбоотойгоор иргэд тайвширч амны хаалт зүүхгүй байх, гадуур сэлгүүцэх, хүүхдүүд тусгай дугаарын утсанд залгаж тоглох гэх мэт асуудлууд гарч байна. Бид нэг улсад л халдвар гарсан байх үеэс оновчтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд хүн амын дунд халдвар гараагүй байна. Тиймээс халдварын хоёр дахь давалгаа гарч болзошгүй байгаа энэ үед анхаарлаа сулруулж болохгүй. Энэ нь нуувчинд дуулга, хантаазтай байж байгаад гарч ирээд түүнийгээ тайлаад буудуулж байгаатай адил үйлдэл гэдгийг иргэддээ онцгойлон хэлмээр байна” гэв.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: олон улсад халдварын тархалт ямар хэмжээнд байгааг танилцуулав.

Тэрбээр “Дэлхийн дахинд COVID-19-өөр 1,282,931 хүн өвчилж, 72,774 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт халдварын тохиолдол АНУ-д 8 дахин, Испанид 5 дахин өссөн бол Итали, Францад 3 дахин нэмэгдсэн. Нас баралтын хувь Франц улсад хамгийн өндөр байна. Тус улсад нас баралтын хувь 11 байгаа.

Дөрөвдүгээр сарын 6-нд БНХАУ-д нас баралт бүртгэгдээгүй.

Манай бүсийн орнууд буюу БНСУ, Бруней, Камбожид бүртгэгдэж буй тохиолдлын ихэнх нь зөөвөрлөгдсөн байна. Харин Япон, Филиппин улсад нийслэл хотдоо их байна.

Дэлхий даяар 1.5 тэрбум хүүхэд залуус сургууль хаагдсаны улмаас гэртээ байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хэвлэлийн нийгэмлэгтэй хамтран “Дэлхийг уншъя” нэртэй санаачилгыг эхлүүлсэн. Уг санаачилгын хүрээнд хүүхдүүдийн унших дуртай номын зохиолчид өөрсдийн номоосоо уншиж өгөх юм.

Эхний оролцогч нь 50 гаруй хэл дээр, 180 сая номоо борлуулсан зохиолч Элизабета Дами байсан бөгөөд инстаграм хуудсаараа дамжуулан номоо уншин, хүүхдүүдийн асуултад хариулсан” гэлээ.

COVID-19 өвчний үед хүмүүсийн эв нэгдэл, сэтгэл санааг дэмжих, аюулт өвчинтэй нүүр тулж буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулж “Нэг дэлхий”, “Гэртээ хамтдаа” санаачилгыг эхлүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 18-нд Лэди Гага тоглолтоо шууд дамжуулахаа зарласан гэдгийг тэрбээр мөн дурдлаа.



Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд:

  • Гараа 20 секундийн турш сайтар савандаж угаах, гараа угаах боломжгүй үед 60-аас дээш хувийн спиртийн агууламжтай ариутгагчаар ариутгах
  • Бие биенээсээ багадаа 1-2 метрийн зайнаас харьцах
  • Амны хаалт тогтмол зүүх
  • Ханиаж, найтаахдаа амны цаас хэрэглэх гэх мэт дадал зуршлыг дагаж хэвшүүлнэ үү. Хэрэв ямар нэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийгөө гэртээ тусгаарлаж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламж дуудан эмнэлгийн тусламж аваарай.
Categories
мэдээ нийгэм

​Зам, тээврийн хөгжлийн сайд шинэ нисэх буудлын ажлын явцтай танилцлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Чингис хаан олон улсын шинэ нисэх буудалд ажиллаж, тус нисэх буудлын үйл ажиллагааг төлөвлөгөөт хугацаанд нь эхлүүлэхтэй холбоотой ажлын явц, үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, чиглэл өгөв.

Энэ үеэр Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын менежментийг хариуцах Нью интернэйшнл эйрпорт компанийн Монгол, Японы талын төлөөлөлтэй уулзалт хийсэн бөгөөд тулгарч буй бэрхшээлийг сонсож, төрийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлууд дээр өөрийн биеэр анхаарал тавьж ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станцыг 2020-2024 онд барихаар шийдвэрлэсэн байна. Цахилгаан станцын санхүүжилтийг төр хариуцах бөгөөд ингэхдээ гадны зээл болон бусад эх үүсвэрээс эхлээд бүх боломжийг ашиглахаар төлөвлөж байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.

2018 онд Оюутолгой компани 300 мВт-ын цахилгаан станц байгуулахаар Засгийн газартай гэрээ байгуулсан ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Учир нь тус компани цахилгаан станцыг 1.1 тэрбум ам.доллар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 2-3 дахин өндөр үнээр барих санал ирүүлжээ. Энэ нь Монголын тал ирээдүйд Оюутолгой төслөөс хувь авах хугацааг хойшлуулах магадлалтай тул хүлээн авах боломжгүй гэж Засгийн газар үзсэн байна. Улмаар 2013 онд баталсан ТЭЗҮ-г ашиглан цахилгаан станц барих болсон гэдгийг Ц.Даваасүрэн сайд онцлов.

Тэрбээр, “Тавантолгой төслийг анх хэрэгжиж эхлэхэд 17 сая ам.доллар зарцуулж байсан. Тухайн үед цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулсан бөгөөд шугам сүлжээ болон бусад дэд бүүтцийн ажлыг оруулаад 560-600 сая ам.доллар зарцуулахаар тусгасан байгаа юм. Энэ бол Оюутолгой компанийн тавьсан саналаас даруй 30 хувь хямд үнэ. Үүнээс гадна эрчим хүчний үнэ 50 хувь хямд байна. Тиймээс станц барих төслийг төр санхүүжүүлэх боллоо. Засгийн газар болон Оюутолгой компанийн байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 4 жилийн дотор эрчим хүчийг Монгол Улсаас худалдан авдаг болно” гэсэн заалт бий. Харамсалтай нь энэ заалт хэрэгжихгүй байна. Тиймээс станцыг ашиглалтад оруулсны дараа гол хэрэглэгч нь Оюутолгой байх юм” гэлээ.

Оюутолгой төсөл импортын эрчим хүчинд жил 170-200 сая ам.доллар зарцуулдаг байна. Тиймээс төр Тавантолгойн станцыг барьсан зардлаа 5 жилийн дотор нөхөх боломжтой хэмээн тооцоолжээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Санхүүжилт босгох боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Эхний ээлжинд “Эрдэс-Тавантолгой” компанийг түшиглэнэ. Тус компани ашигтай ажиллаж чадвал станцыг санхүүжүүлэх боломжтой. Шаардлагатай бол бонд гаргах юм. Санхүүжилт босгох ажлыг маргаашнаас эхлүүлэхээс гадна Оюутолгой төслийн удирдлагуудтай уулзаж Засгийн газрын шийдвэрийг танилцуулах болно.

-Эгийн гол, Эрдэнэбүрэнд Усан цахилгаан станц байгуулах ажил ямар шатанд байна вэ?

-Эгийн голд Усан цахилгаан станц барихад ОХУ-ын Байгал нуурын экологид сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн асуудалл яригддаг. Энэ асуудлыг нарийн судлахаар Францын компани ажиллаж байгаа. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ТЭЗҮ-г хятадын талд хүргүүлсэн. Хэрэв Хятадын тал хүлээн зөвшөөрвөл санхүүжилтийг шийдвэрлээд, тендер зарлана.

Categories
мэдээ нийгэм

“Эко Туул-2020” хяналт шалгалтын ажиллагаа явуулав

Туул голын ай сав газрыг бохирдлоос хамгаалах, хог хаягдал хаясан иргэн, ААН-ийг олж тогтоон хариуцлага хүлээлгэх зорилгоор “Эко Туул-2020” ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав.

Тодруулбал, Монголын Байгаль орчин-иргэний зөвлөл” ТББ Туул голын сав газрын захиргаа, Экологийн цагдаагийн алба хамтран Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Гачууртын хар хошуунаас Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр Био-Комбинатын модон гүүр хүртэл голын эрэг дагуу шалгалт хийжээ.

Хэсэгчилсэн үйл ажиллагааны хүрээнд голын эрэг дагуу гэр бүлээрээ агаар, салхинд гарсан иргэдтэй хог хаягдал, байгаль орчноо хамгаалах талаар ухуулга яриа хийж, хог хаягдал хаясан, иргэнд хариуцлага тооцох тухай хуулийн заалт бүхий санамж, материал тараасан байна.

Хяналт шалгалтаар Баянзүрх 11-р хороо Хүрхрээ амны харалдаа хэсэгт, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд голын эрэг дагуу их хэмжээний барилгын хог хаягдал хаясан зөрчлийг бүртгэжээ.
Мөн Баянзүрх 11-р хороо “Хүрхрээ ам”-ны харалдаа хойд хэсгийн усан сан бүхий газарт “ISUZU” /миксер/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч С нь бетон зуурмагийн үлдэгдэл угаадсыг зохих зөвшөөрөлгүй асгасан, мөн Баянзүрхийн товчооны хэсэгт, Туул голын гүүрний баруун урд хэсэгт иргэн М нь жолоодож явсан тээврийн хэрэгслээ голын усанд угаасан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Сонсголонгийн замаас баруун тийш 2 км орчим зайд мөн “HYUNDAI” /миксер/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б нь бетон зуурмагийн үлдэгдэл угаадсыг зөвшөөрөлгүй асгасан зэрэг зөрчлийг илрүүлэн хуульд зааснаар хариуцлага тооцон ажиллав.

Зөрчлийн тухай хуулийн Усны тухай хууль зөрчих хэсэгт: Усан сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгон хариуцлага хүлээлгэж буй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Амаржаргал: Би хүүхдүүддээ хувцас байвал илүүчлээч л гэсэн болохоос хоногийн хоол, мөнгө төгрөг гуйх гээгүй юм шүү

“Халамж ба Хүүхдийн мөнгө” фэйсбүүк группт нэгэн өрх толгойлсон эмэгтэй тусламж хүсч бичсэн нь иргэдийн анхаарлыг нэлээд татав. Тус эмэгтэйг Б.Амаржаргал гэдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Өөрт тань туслах хүсэлтэй олон хүн байх шиг байна. Хүмүүс холбогдож байна уу?

-Хүмүүс чатаар их холбогдож байна. Одоохондоо ганц, хоёр хүн очно оо л гэж байна. Гэхдээ ихэнх хүмүүс үнэхээр тусламж хэрэгтэй хүн юм уу, эсвэл худлаа хаягнаас юм бичээд байна уу гэдгийг их асууж байна. Фэйсбүүкээр видео чатаар холбогдъё, царайг чинь харъя гэж ярьж байна. Би өмнө нь нэг ч ийм сэтгэгдэл оруулж байгаагүй. Тэгсэн хүмүүс залуу хүн байж луйвар хийх гэж байна гээд их загнадаг юм байна.

-Өөрийнхөө хаягнаас сэтгэгдэл бичээгүй болохоор тэгсэн болов уу?

-Би яагаад өөрийнхөө хаягнаас бичээгүй гэхээр муу, зүдэрч яваагаа бусдад харуулахыг хүсдэггүй. Юу ч болсон шүд зуугаад ард нь гарахыг хүсдэг. Тийм болохоор өөр хаяг нээж бичсэн юм. Би гурван охинтой. Өрх толгойлсон эмэгтэй. Ажил хийгээд гурван охиноо өсгөөд л байна. Өлсгөчихгүй байх юмсан гээд хоол ундандаа хамаг цалингаа зарцуулчихдаг. Тийм болохоор шинэ хувцас авч өгөөгүй удаж байна. Бараг солих хувцас ч үгүй болчихож. Тэгсэн уржигдар охид маань “Ээж минь мөнгөгүй хэцүү байгаа юм чинь бид гуравт хавар болохоор нэг, нэг подволк л аваад өгчихөд болно” гэж хэлсэн. Үүнийг сонсоод үнэхээр бачуурсан.

-Тэгээд л та хүмүүсээс тусламж хүссэн хэрэг үү?

-Тийм ээ. Хүнд хэлэхэд жаахан ичмээр ч охидоо бодоод фэйсбүүк группт бичсэн юм. Хүүхдүүддээ шинэ хувцас авч өгч чадахгүй байгаа болохоор охидынхоо шинэ хуучин ч хамаагүй хэрэггүй хувцаснаасаа илүүчилж туслаач л гэж хүссэн юм. Тэрнээс би хоногийн хоол, мөнгө төгрөг гуйх гээгүй юм шүү. Тэгээд ч миний энэ гачигдал бол түр зуурын л зовлон.

-Хүүхдүүд нь хэдэн настай вэ?

-Том охин 11, дунд охин 8, бага охин 6 настай.

-Одоо хаана амьдарч байна вэ?

-Манайх Баянхошууны эцэст байдаг. Би цалингаа цуглуулж байгаад дөрвөн ханатай гэр 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдөр гэрээ барьж байна. Хүүхдүүд маань бөөн баяр. Бид өмнө нь хамаатны эгчийндээ түр зуур байсан юм.

-Өрх толгойлоод хэр удаж байна?

-Гурван жил гаран болж байна.

-Хүүхдүүдийн эцэг салаад явсан гэсэн. Охидоо эргэж тойрдог уу?

-Үгүй ээ. Нөхөртэйгөө найман жил амьдарсан. Анх салснаасаа хойш хааяа ирдэг байсан. Би охидоо бодоод эргээд ирэх болов уу гэж их харсан. Гэвч ирээгүй. Өмнө нь ирэхдээ ч тэр охидоо бодож мөнгө төгрөг өгч, хувцас хунар авч өгч байгаагүй.

-Тэтгэмж авдаг уу?

-Үгүй ээ. Сүүлийн үед би тэтгэмж тогтоолгоё гэж боддог болсон. Шүүхээр орохын тулд 70, 80 мянган төгрөг ордог гэсэн. Цалингаасаа нэг илүүчилж байгаад хөөцөлдөх бодолтой байна. Ер нь юм хөөцөлдөх гэхээр тэдэн төгрөгөөр тийм, ийм бичиг авчрах ёстой гээд их чирэгдэл ихтэй байдаг.

-Та хаана ямар ажил хийдэг вэ?

-Би улсын эмнэлэгт үйлчлэгч хийдэг. Сарын 420 мянган төгрөгийн цалин авдаг. Цалингаа хоёр хувааж авна. 10 мянган төгрөгөөр автобусны картаа цэнэглээд цахилгааны мөнгөнд 20 мянган төгрөг төлдөг. Бас гэрийн түрээс гэж 30 мянган төгрөг сар бүр төлнө. Тэгээд үлдсэнээр нь гурил будаа, саван вока, түлээ нүүрс гээд ахуйн хэрэглээгээ аваад таардаг. Цалин хааччихав гэмээр л дуусдаг. Ямар ч байсан хүүхдүүдээ өлсгөчихгүй юмсан л гэж их хичээдэг.

-Цалингаас өөр орлого бий юү. Хүүхдийн мөнгө ч юм уу?

-Өөр байхгүй. Хүүхдүүдийн мөнгийг нь би хадгаламж нээгээд холбочихсон. Шууд хадгаламжиндаа ордог. Би ерөөсөө авдаггүй. Миний охид нэг л мэдэхэд сургууль төгсөнө. Тэр үед би бүр хоосон байж болохгүй гэж боддог.

-Хүнсний талонд хамрагддаггүй юу?

-Баянхошуунд амьдарч байгаа ч өмнөх хаягаасаа шилжүүлэг хийлгэж чадаагүй байгаа болохоор тиймэрхүү халамжид хамрагддаггүй. Минйи бодлоор бидний амьдарч буй нийгэм ээж, хүүхдийг илүү сайн сонсдог байгаасай. Дүүрэг, хороо нь биднийг харж үздэг, сонсдог байгаасай гэж их хүсэх юм.

-Хүүхдүүд нь сургуульд явдаг биз дээ. Таныг ажилтай үед хэн хардаг вэ?

-Миний ажил 16 цаг ажиллаад 72 цаг амардаг. Тийм болохоор хүүхдүүдээ хараад сургууль номонд нь хүргэж өгөөд болоод байдаг. Ажилтай үедээ хажуу айлынхаа эгчид захиад үлдээдэг. Одоо харин карантинтай үед жаахан хүнд л байна.

-Охид чинь аль хэдийнэ тусд орсон байх даа?

-Тэгэлгүй яахав. Миний гурван охин надаар гэрийн ажил хийлгэдэггүй. Би хувцсыг нь л угааж өгдөг. Надаас нэг ч удаа амттан, тэр битгий хэл талх нэхэж байгаагүй. Их ухаантай. Бэрхшээл бол мэдээж их. Гэсэн ч би бол жаргалтай эмэгтэй. Ядраад, уйлаад суух бүртээ гурван охиноо хараад л баясч, инээж хөөрөөд тайтгарчихдаг. Яагаад гэхээр миний гурван үр өвчин зовлонгүй байна гэдэг чинь хамгийн том аз жаргал юм даа гэж би бодож өөрийгөө зоригжуулдаг.

-Хамаатан садан гэж бий юү?

-Ах эгч нар уг нь бий. Гэхдээ өөрсдийгөө л болгосон хүмүүс. Би ч ямар авах албатай ч биш дээ.

-Таны хамгийн их санаа зовдог зүйл юу вэ?

-Хүүхдүүд маань томроод байдаг. Би гэдэг хүн байр суурь, орох орон ч үгүй явж байгаадаа санаа их зовдог. Уг нь би тал бүрээр л хичээж охидоо өсгөх гэж хичээж байна. Заримдаа бүр хэцүү, яахаа ч мэдэхээ байх үе гарах юм.

-Орон нутгийнх уу, хотын иргэн үү?

-Би Хөвсгөлөөс ирээд яг 11 жил болж байна. 12 дугаар ангиа төгсөөд 17 настайдаа том охиноо төрүүлсэн болохоор ямар нэг сургуульд сурч мэргэжилтэй болж чадаагүй. Одоо гурван охиныхоо төлөө сурахаас илүү ажиллах л сонголт надад үлдсэн.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат: “Нийслэлийн прокурорын газар нь мөрдөх эрх зургаан байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдийг хянаж шийдвэрлэдэг.

2020 оны нэгдүгээр улиралд АТГ-аас шалгасан 396 хэрэг, ТЕГ-ын 54 хэрэг, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 155 хэрэг, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх 144 хэрэг, Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 46 хэрэг, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 120 хэрэг, Авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгийн 27 хэрэгт буюу нийт 1,318 хэрэгт хяналт тавин ажилласан байна.

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр улиралд 110 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” 25, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан” гэмт хэрэг 55-ыг тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Манай улсын нийт хүн амын дийлэнхийг эзэлж буй залуучууд, цаашлаад өсвөр үеийнхний дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, хорт зуршилд тагдах хандлага түгээмэл байгаа, энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгаа харамсалтай зүйлийн талаар ярихаас еер аргагүй байна. Энэ сөрөг асуудалтай тэмцэх нь зөвхөн хуулийн байгууллагын үүрэг биш, түүнээс урьдчилан сэргийлэх ирээдүй хойч үеэ хорт зуршлаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд төр засаг, олон нийтийн оролцоо чухал байгаад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн олны анхаарал татсан зарим хэргийн талаар урьд мэдээлсэн тул давхардуулахгүйгээр мэдээлэхэд,

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын албан тушаалтнуудад холбогдох болон Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэрэг тус тус 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
  • Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч Аптанхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар болон хуулийн этгээдэд холбогдох хээл хахууль өгсөн, авсан хэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хялбаршуулсан журмаар шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэсэн.
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт хянуулахаар ирүүлээд байна.
  • Жаст группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж прокурорын хяналтанд ирүүлснийг тус тус хянаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Авто замын дагуу шинээр орц, гарц гаргах, зам сэтлэх, сүвлэх зэрэг инженерийн шугам сүлжээ, зам засварын ажил эхэлж байна

Урин дулаан цаг ирж нийслэлд авто замын дагуу шинээр орц, гарц гаргах, зам сэтлэх, сүвлэх зэрэг инженерийн шугам сүлжээ, зам засварын ажил эхэлж байна.

Үүнтэй холбогдуулан хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг “Авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах зөвшөөрөл” олгох 2020 оны эхний хурлаа зохион байгуулав.

Хурлын эхэнд ерөнхий менежер, Ажлын хэсгийн гишүүдэд өнгөрсөн онуудад нөхөн сэргээлтээ хийгээгүй, чанарын шаардлага хангаагүй хийж гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/-уудад дахин зөвшөөрөл олгохгүй байх үүрэг чиглэл өгөв.

Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” болгон зарласантай холбогдуулан инженерийн шугам сүлжээний угсралт, засвар арчлалт хийж гүйцэтгэж байгаа ААНБ- уудын хөдөлмөр аюулгүй байдлыг өндөр түвшинд хангуулах, түүнд хяналт шалгалт тогтмол явуулахыг Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.

Уг хурлаар Авто зам сэтлэх, сүвлэх хүсэлт гаргасан 7 иргэн аж ахуй нэгж, орц, гарц гаргах хүсэлт гаргасан 12 иргэн, аж ахуй нэгжүүд оролцохоор хүсэлтээ гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д байгаа 14 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Харин хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Уг иргэнийг шууд ганцааранг нь тусгаарласан байсан. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна.

Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээ 2020 оны гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол 2020 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Тиймээс хяналтад байгаа хүмүүс тэвчээртэй хүлээж, хянах нь сайн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 177 хүн тусгаарлалт, хяналтад байна.

Нэг сайн мэдээ нь “Авиган” гээд энэ вируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Эмийг хурдан авсан. Энэ нь коронвирусийн эсрэг хэрэглэх хамгийн сүүлийн үеийн эм юм” гэсэн мэдээллийг өглөө.

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн халдварт өвчний 16 тохиолдлын дөрөв нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа юм.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төсгөлд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Тусгаарлалтын хугацааг 21 хоног болгож сунгаад байгаа. Тусгаарлалтаас гарсан иргэд үргэлжлүүлэн гэртээ 14 хонох ёстой. Иргэд хяналтаа үргэлжлүүлж чадаж байгаа юу?

Д.Нямхүү: -Бид ДЭМБ-аас зөвлөж байгаа тусгаарлалтын хугацааг мөрдөж байна. Тусгаарлалтын хугацааг 14-өөс 21 хоног болгож сунгасан нь учиртай. Нууц үеийн хугацааг дэлхийн олон орны судлаачид судалж гаргасан. Бид системтэй хяналтаа үргэлжлүүлнэ. Хувь хүмүүс өөртөө үнэнчээр хяналтаа хийж, биедээ гарч буй өөрчлөлтийг ажиглаж байх хэрэгтэй.

Иргэд амны хаалт зүүх нь багасаж байна, хүүхдүүд гадаа их тоглож байна гэлээ. Хэрвээ бид анхаарлаа сулруулбал өнгөрсөн 3 сарын амжилтаа хоромхон зуурт алдах эрсдэлтэй. Хүн бүр өөрийгөө хянаж, өөртөө үнэнч байх цаг хугацаа ирээд байна.

Өндөр зэрэглэлийн хяналттай улсуудад халдвар тархсан байхад бид маш их анхаарал болгоомжтой байх шаардлага тулгарч байгаа юм. Бид одоогийн амжилтаа хадгалж чадвал монгол хүний үнэ хүнд өсөж, эргээд эдийн засагт ч үр өгөөжөө өгнө байх.

– Эдгэрээд үргэлжлүүлэн тусгаарлалтад байгаа дөрвөн хүнд дахин шинжилгээ хийх үү?

Д.Нарангэрэл: -Эдгэрээд сувилалд үргэлжлүүлэн тусгаарлагдаж байгаа иргэдийн 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусахад 24 цагийн зайтай хоёр удаа шинжилгээ хийнэ. Ингээд лабораторийн шинжилгээ сөрөг гарвал тусгаарлалтаас гаргана. Хэрвээ шинжилгээгээр ямар нэгэн вирус илэрвэл үргэлжлүүлэн ажиглана.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 15-нд болно

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан дөрөвдүгээр сарын 15-нд хуралдахаар болжээ.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн нь Үндсэн хуулийн 64.1, 66.1, 66.2 дахь хэсгийн 1, 4 дэх заалт, 70 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг өмнө нь хийхээр товлосон боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж, ийнхүү дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлосон байна.