Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Амралтын өдрүүдэд хуралдах боломжтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Онцгой нөхцөл байдлын үеэр гишүүд хуралдаандаа хэрхэн оролцох вэ? Асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийн үг хэлэх хугацааг 4 минут болсныг хоёр минут болгон багасгасан. Онцгой нөхцөл байдлын тухайд асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэх талаар заалт оруулсан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Онцгой нөхцөл байдлын үед амралтын өдрүүдээр хуралдвал яаж зохицуулсан бэ? Гишүүд Засгийн газарт төслөө хүргүүлээд хлээлцүүлэхэд хугацаа шаардлагатай юу? Ирц хүрэхгүй бол яах вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Онцгой нөхцөл байдлын үед хууль санаачлагач 72 цагийн дотор санал авч хүргүүлнэ гэж зааж байгаа. Ердийн нөхцөлд санал авах хугацаа 30 хоног байдаг. Хууль санаачлагач Засгийн газраас санал авах ёстой. Амралтын өдрүүдэд хуралдах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн цахим хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы цахим хуралдаан 41 гишүүн буюу 54.7 хувийн ирцтэйгээр 10.10 цагт эхэллээ. Гишүүд чуулганы болон Байнгын хороодын нийт таван танхимд хуваагдан хуралдаж байгаа юм. Чуулганаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн уг тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 8 хуулийн төсөл, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын саналын дагуу “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг маргаашийн хуралдаанаар танилцуулахаар төлөвлөсөн тул хойшлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Загвар гаргаад 2,5 сая төгрөг авах боломжтой

“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг Улаанбаатар хотноо ирэх намар зохион явуулахаар бэлтгэл ажил эхлээд байгаа. Энэхүү наадам нь олон улсад анх удаа олимпийн, олимпийн бус, паралимпийн, дифлимпийн, тусгай олимпийн 25 спортын төрлөөр нэгэн зорилго дор тэгш оролцоог дэмжин зохион байгуулагдана.

“Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор зохион байгуулагдаж буй “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийх бөгөөд медалийн загварын уралдааныг улс эх орон даяар эхлүүлжээ. Зураг зурах, загвар зохиох, уралдаанд оролцох чин хүсэлтэй, шинийг эрэлхийлэх санаачилгатай, 18-аас дээш насных бол уралдаан хүн бүхэнд нээлттэй. Танд чөлөөт цагаараа, хоббигоо, мэргэжлийн ур чадвараа ашиглан энэхүү наадмын медалийн загвар гаргаад 2,5 сая төгрөгийг авах боломжийг олгож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Манай орны газар хөдлөлтийн идэвхжил 15 жилийн дотор 5 дахин их болж өсчээ

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс дулааны улиралд тохиолдож болзошгүй байгалийн гаралтай аюулт үзэгдлийн таамаглалыг АНУ-ын “ACCU Weather” цаг уурын байгууллага, Колумбын их сургуулийн Цаг уур, нийгмийн судалгааны хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик мэдээлэл, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлэлд тулгуурлан гаргалаа.

Таамаглалын үр дүнд 2020 оны дулааны улиралд байгаль, цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан гарч болзошгүй аюулт үзэгдэл, ослын талаар мэдээлэл өгч, дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

-Дулааны улиралд нийт нутгаар цаг агаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градус цельсээр дулаан, дунджаас үл ялиг бага хур тунадастай, шар шороон шуурганы давтамж ихтэй байхтай холбогдуулан ой, хээрийн түймрийн аюулын зэрэг өндөр байна. Ялангуяа 4-6 дугаар саруудад ой, хээрийн түймрийн аюулын зэрэг өндөр Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгуудад гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад тогтмол хүргэж, гал унтраах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,

-Дулааны улиралд олон жилийн дунджаас халуун, хур тунадас багатай байхтай холбогдон иргэд гол бараадан сэрүүцэх, голын эрэг дагуу амарч зугаалах нөхцөл үүсч болзошгүй тул хот, суурин орчмын томоохон гол, мөрнүүдийн эрэг дагуу сэрэмжлүүлэх самбар байршуулах, завьт эргүүл явуулах, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх мэдээ хүргэх ажлыг эрчимжүүлэх,

-Монгол оронд тохиолдох газар хөдлөлийн идэвхжил 2005 онд 200 орчим бүртгэгдсэн бол 2019 оны байдлаар 1010 удаа буюу 15 жилийн дотор 5 дахин их болон өсчээ. Иймд газар хөдлөлтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, ард иргэд өөртөө болон бусдад үзүүлэх анхан шатны тусламжийн мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалт явуулах, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох чиглэлээр үзлэг, хяналтыг зохион байгуулах,

-Монгол орны аюулт үзэгдэл, ослын сүүлийн 15 жилийн статистик мэдээнд үндэслэн шугаман регрессийн тэгшитгэлээр тооцоход хэт халалтын нөлөө, температурын зөрүүгээс үүсэх хүчтэй салхи, аадар бороо, мөндөр, үер зэрэг аюулт үзэгдлийн тоо давтамж 2020, 2021 онд өндөр байх хандлага ажиглагдаж байгаа тул цаг агаарын мэдээг 7 хоног бүр иргэд, малчид, тариаланчдад шуурхай хүргэхийг зөвлөж байна

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын 2020 оны хаврын чуулганы өнөөдөр болон маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жаагссааыг хүргэж байна.

04 дүгээр сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нарын гишүүдээс “Монгол Улсад короновирус /СОVID-19/-ын халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мэргэн: Үндсэн хуулиа зөрчиж болохгүй учраас тавдугаар сард Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөх үүрэгтэй

Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-нд хэрэгжиж эхэлнэ. хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Засгийн газартай холбоотой зүйл, заалт хэрэгжиж эхлэхээр одоогийн Засгийн газар огцрох уу?

-Яг зайлшгүй огцрох тухай асуудал яригдахгүй. Харин бүрэлдэхүүнээ өөрчлөх шаардлага гарна. Миний уншиж судалснаар давхацсан тоогоор Үндсэн хуулийн 28 зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орсон. Эдгээрээс нам байгуулахтай холбоотой хэсгийг 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс, бусдыг нь 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө гэж Үндсэн хуульд өөрт нь зааж өгсөн. Үүнд Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой заалт хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүх гишүүнийг Улсын Их Хурлын гишүүдээс сонгон томилж болдог байсныг Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л “давхар дээл”-тэй байж болохоор зохицуулсан. Тэгэхээр одоогийн Засгийн газар уг зохицуулалтад нийцүүлж бүрэлдэхүүнээ өөрчлөхөөс өөр арга байхгүй. Үгүй бол Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Өмнөх Ерөнхий сайдууд өөрийн хүссэнээр бүтэц, бүрэлдэхүүнээ бүрдүүлж чаддаггүй буюу саналаа л оруулж, эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргадаг байсан бол одоогийн Ерөнхий сайдад яаж ч бүрдүүлэх, өөрчлөх эрх нь нээлттэй болсон. Нөгөөтэйгүүр Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар огцордог байсан бол одоо зөвхөн Ерөнхий сайд л огцрохгүй байхад Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь хэвийн үргэлжилнэ. Тэгэхээр У.Хүрэлсүхийн хувьд бүх гишүүдээ ч “дан дээл”-тэй болгох боломжтой. Ямар ч л байсан Үндсэн хуульд нийцүүлэн бүрэлдэхүүнээ өөрчлөх үүрэгтэй. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гээд бэлхнээ заагаад өгчихсөн шүү дээ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө байгуулагдсан гэдэг утгаараа Засгийн газар тавдугаар сарын 25-наас хойш эрх зүйн чадамжтай байх боломж бий юү?

-Аливаа хууль өөрч-лөгдөхөд өмнөх хуулиар зохицуулагдаж байсан харилцаа өөрчлөгдөх үү, тийм бол хэрхэн, яаж, хэзээнээс гэх мэт асуудлыг дагаж мөрдөх журмын тухай хууль баталж зохицуулдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль батлагдсан. Үндсэн хуульд өөрт нь хэзээнээс хэрэгжих хугацааг нь тодорхой заагаад өгчихсөн учраас энэ оны тавдугаар сарын 25 хүртэл л одоогийн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой.

-Зарим улстөрчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар зохицуулсан. УИХ-аас баталсан хуваарийн дагуу органик хуулиудыг шинэчлэн батлах хүртэл хугацаанд ҮХНӨ-ийн заалтыг дагаж мөрдөхгүй гэж тайлбарласан байсан…

-Үгүй. Тийм зүйл байхгүй. Би дахин дахин хэлээд байгаачлан Үндсэн хуульд өөрт нь аль аль заалтыг хэзээнээс дагаж мөрдөхийг хар дээр цагаанаар хэн ч уншсан ойлгогдохоор хоёрдмол утгагүй, тодорхой заагаад өгчихсөн байна шүү дээ. Үүнийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн заалттай хольж хутгаж болохгүй. Тэгээд ч өөр утгатай зохицуулалт. Хэрвээ дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн зохицуулалтыг тэдгээр улстөрчдийн хэлээд байгаа шиг ойлгох юм бол суурь Үндсэн хуультайгаа зөрчилдөөд эхэлнэ ээ дээ. Тодруулбал, Үндсэн хуульд тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ ээ гээд заачихсан байхад дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд холбогдох хуулиудыг баталсны дараа хэрэгжиж эхэлнэ гэж давхцуулан зааж өгнө гэж байхгүй. Энгийнээр бодоод үзье. УИХ холбодогдох хуулиудыг батлахгүй удаашруулаад байвал тэр хугацаагаар Үндсэн хуулийн хэрэгжилт гацах уу, Засгийн газрын бүх гишүүд давхар дээлтэй байсаар байх уу. Тийм зүйл байхгүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэсэн заалт нь Үндсэн хуулиас бусад хуульд хамааралтай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар шууд зохицуулаагүй харилцааг холбогдох хууль батлагдах хүртэл хуучин хуулиар зохицуулна гэсэн утгатай. Харин Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэхийг Үндсэн хуульд шууд заагаад өгчихсөн учраас тогтоосон хугацаанаас эхлээд хэрэгжих ёстой.

-Үндсэн хуулийн яг ямар журам гарах ёстой вэ. Засгийн газар, Ерөнхийлөгч гэх субъектүүдийн цаашдын мөр нь тодорхойгүй харагдаад байна…

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг маш ойлгомжтой байдлаар боловсрууалгүй, яарч сандран баталснаас болж л Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой өнөөдрийн бүх маргаан өрнөөд байна. 1992 оны Үндсэн хуулийг дагалдан баталсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулиар холбогдох асуудлуудыг хэрхэн зохицуулахыг хэн ч уншсан ойлгогдохоор тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, 1992 оны зургадугаар сард сонгууль явуулж, УИХ-ыг, түүнээс Засгийн газрыг байгуулна. Тэр хүртэл одоогийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа үргэлжилнэ. 1993 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулна. Тэр хүртэл одоогийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө хэрэгжиж байсан хуулиуд Үндсэн хуульд нийцэж байвал үргэлжлүүлэн мөрдөнө, нийцэхгүй байвал шууд хүчингүй болсонд тооцно гэх мэтээр тодорхой заагаад өгчихсөн учраас маргаан гарах шаардлага байгаагүй. Харин 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн хувьд 2000 оны долдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжинэ гэж заагаад өгчихсөн байсан. Нэгдүгээрт, одоогийн нэмэлт, өөрчлөлтийг бодоход цөөхөн өөрчлөлт орсон, хоёрдугаарт дагаж мөрдөх хугацаа нь угаасаа УИХ-ын сонгуулийн дараа буюу шинэ Засгийн газрыг бүрдүүлэх үетэй давхцаж байсан учраас маргаан гараагүй. Үүнтэй адил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг сонгуулийн дараа байхаар заагаад өгчихсөн бол өнөөдрийн маргаан гарахгүй байх боломжтой байлаа. Энэ бүгдийг тооцоололгүй өөрсдийгөө ч буланд шахсан шийдвэрийг хууль тогтоогчид маань гаргачихаад байна. Гэхдээ тэглээ гээд Үндсэн хуулиа зөрчиж болохгүй учраас холбогдох хугацааг баримталж, тавдугаар сард Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөх л үүрэгтэй. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны Үндсэн зарчим шүү дээ. Тэр тусмаа, хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн Ерөнхий сайдад энэ зарчим бүр хамаатай.

-Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Хойшлуулах нөхцөл байдал манайд бий болчихсон уу?

-Хойшлуулах нөхцөл байдал бий болсон эсэхийг УИХ тогтооно. Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт улсын нийт нутаг дэвсгэр, эсвэл зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол тухайн нөхцөл арилтал сонгуулийг хойшлуулж болох тухай заасан байдаг. Эндээс юуг онцгой нөхцөл гэж үзэх юм бэ гэсэн асуулт гарна. Хэрвээ ердийн хуулийг Үндсэн хуулийн тайлбар гэж үзэх юм бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл гэдэгт Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөлийг ойлгоно гэсэн утгатай зохицуулалт бий. Тодруулбал, тус хуулийн 9.4 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэж заасан. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт онц байдал зарлах болон дайны байдал зарлах талаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, онц байдал зарлах хэмжээний онцгой нөхцөлд юуг хамаарах талаар заагаад тэр нь бүрдвэл онц байдал зарлана шүү гэсэн утгатай. Ингээд хууль хооронд тайлбар хийгээд үзвэл онц байдал зарласан тохиолдолд л сонгуулийг хойшлуулж болохоор байгаа юм. Харин онц байдал зарлах эсэхийг УИХ шийдвэрлэдэг. Хэрвээ чуулганы хуралдаангүй үед онц байдал зарлах зайлшгүй шаардлага гарвал Ерөнхийлөгч зарлаад, түүнээс хойш долоо хоногийн дотор УИХ хуралдаж, Ерөнхийлөгчийн саналыг батлах, эсвэл хүчингүй болгох эсэхийг шийддэг хуультай. Товчхондоо, сонгуулийг хойшлуулах эсэхийг УИХ л шийдвэрлэнэ гэх үү дээ.

Categories
мэдээ нийгэм

COVID-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэн ойрын гэрлээ асаагаарай

Тээврийн цагдаагийн албанаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдрөөс автомашины жолооч нарыг өдрийн цагт гэрлээ асааж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Энэхүү арга хэмжээгээр тайвшрах болоогүй гэдгийг дахин сануулж бүх нийтээрээ амны хаалтаа зүүж, ариутгагч хэрэглэж өөрийн болон хайртай дотны хүнээ аюулт өвчнөөс хамгаалахыг уриалж байгаа юм.

Та онцын шаардлагагүй бол гэрээсээ бүү гараарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Банкаа багалзуурдана гэдэг Ерөнхий сайд байдаг л юм байна

Улс эх орны тусгаар тогтнолын баталгаа бол эдийн засаг. Харин эдийн засгийн суурь баталгаа нь банк юм. Банкны үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гаралгүй хэвийн ажиллаж байвал тухайн орны ард түмний ахуй амьдрал тогтвортой эдийн засгийн хувьд гачигдал чирэгдэлгүй санаа амар аж төрж байна гэсэн үг. Энэ бол улс гүрний тусгаар тогтнолын баталгаа болсон эдийн засгийн бичигдээгүй хууль. Банкны хадгаламж гэдэг ард түмний үүц хөрөнгө. Хүнд хэцүү цагтаа хэрэглэнэ гэж далд хийсэн нөөц бөгөөд ирээдүйдээ итгэх итгэл найдвар нь юм. Дэлхий нийтийг нөмөрсөн энэхүү цар тахлын үед хүн төрөлхтөн банкинд хадгалуулсан тав арван төгрөгтөө л найдаж сэтгэл өег нуруу тэнэгэр байгаа. Бүр тодруулаад хэлэх юм бол, улс орны нөхцөл байдал яаж ч хүндэрсэн, муугаар бодоход нийгэмд аюулын харанга дэлдсэн ч банкинд хадгалуулсан хэд гурван юм аминд орно гэж бодож байгаа. Цар тахал, ер юу ч болж байсан, ёстой дэлхий хөмөрч байсан ч банкууд хадгаламж эзэмшигчидтэй тохирсон хүүгээ өгөх үүрэгтэй. Тиймээс ард иргэдийн хамгийн их айж түгшиж сонсдог мэдээ банктай холбоотой мэдээлэл. Төр засгийн зүгээс банктай холбоотой ямар мэдээлэл дуулдах нь уу гээд л чих тавьдаг. Амь амьдралынх нь гол найдвар арга ч үгүй.

Дэлхийн бүх орнууд эдийн засгаа анхаарахдаа хамгийн түрүүнд банкаа анхаардаг. Улс орон оршин тогтнохын нэгэн баталгаа нь банк гэж үздэг учраас банкаа анхаарч түүндээ хөрөнгө оруулалт хийгээд эхэлдэг. Дээрээс нь ямар ч нөхцөл байдалд иргэдийнхээ хадгаламжид хууль журмын дагуу хандаж хамгаалдаг. Эдийн засгийн аюул нүүрлэхэд улс орнууд “Иргэд та бүхэн айж сандрах хэрэггүй. Банкны үйл ажиллагаанд ямар ч доголдол гараагүй. Банк хэвийн ажиллаж байгаа. Бид банкаа дэмжиж байгаа” гээд зарладаг нь цаанаа ийм учиртай. Өнөөдөр ийм арга хэмжээнүүдийг дэлхий даяараа авч байна. Хятадын Төв банк эхлээд 43 тэрбум ам.долларыг есөн банкиндаа хувааж өгсөн. Дараа нь 72 тэрбумыг банкуудаараа дамжуулан үйлдвэрлэл эрхлэгч нарт өгсөн. Мөн Америкийн ерөнхийлөгч төрөөс нэг триллион долларын санхүүжилтийг арилжааны банкуудаараа дамжуулсан гүйлгээ хийж эхэлсэн. Герман, Солонгос, Японы Засгийн газар болон Төв банкууд нь 56 тэрбум долларыг арилжааны банкуудаараа дамжуулж бизнес эрхлэгч нартаа олгож буйгаа дэлхий нийтэд зарлаад байна. Ингэж дэлхийн улс орнууд эдийн засгийн хүнд бэрх цагт арилжааны банкуудаа дэмжин томоохон үйлдвэрлэгч компаниудаа бодлогоор хөл дээр нь авч үлддэг.

Яагаад томоохон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжиж эрсдэлээс авардаг вэ гэдэг нь бас л эдийн засгийн суурь зарчим. 3-30 хүнтэй аж ахуйн нэгж дампуурвал улс орныг унагах хэмжээнд хүргэхгүй. Үндсэндээ жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад мэдээж тэнд ажиллаж, цалин цавагтайгаа залгаж байсан хүмүүсийн ар гэр амьдрал хүндэрч таарна. Гэхдээ улс орон унах хэмжээнд очихгүй. Харин банк дампуурвал улс орон шууд ойчно. Тийм учраас дэлхийн улс орнууд томоохон аж ахуйн нэгж, компаниудаа, мөн банкаа хайрлан хамгаалж, эдийн засгийн бүхий л бодлого чиглэлээ энэ тал руу хандуулаад байдаг нь ийм учиртай юм. Энэ бол хүн төрөлхтний олон зууны туршид батлагдсан алтан зарчим. Хүн төрөлхтөн цагийн цагт эдийн засгийн хүнд сорилтуудтай нүүр тулж байсан. Тухайлбал, 19291933 оны хооронд бий болсон Америкийн хямралыг эдийн засагчид болоод томоохон банкирууд хэлдэг. Тухайн үед бүх оронд төв банк гэж байгаагүй, ганц нэгхэн оронд байсан гэдэг. Яахаа мэдэхгүйгээс болоод маш олон аж ахуйн нэгж, хүн хувь, өрх гэр, банкны хямралд өртөж асар ихээр хохирсон байдаг. Ингээд хүн төрөлхтний хөгжлийн аясаар Төв банкууд байгуулагдаад мөнгөний бодлогоо хэрэгжүүлдэг болж, эдийн засгийн хямралуудыг даван туулах арга замаа олж эхэлсэн байна. 2010-аад оны Америкаас үүдэлтэй Европ болоод дэлхий дахиныг нөмөрсөн их хямралын үеийн улс орнууд Засгийн газар болоод Төв банк нь арилжааны банкуудаа санхүүжүүлж давж гарсан байдаг. Ийм л жишигтэй.

Тэгтэл манай Ерөнхий сайд өнгөрөгч сарын 27нд Төрийн ордонд хэвлэл мэдээллийг цуглуулж байгаад жигтэйхэн попорсон интертайнмент мэдэгдэл хийхдээ шууд л банкуудыг өвтгөнө, эрүүл мэндэд чинь халдана, та нарыг хорлоно шүү гэж шүдээ зууж байгаад ил тод зарладаг нь ямар учиртай юм бэ. Ингэж хамгийн түрүүнд эдийн засгийн суурь баталгаа болсон банкаа багалзуурдана гэж улайран дайрдаг Ерөнхий сайд байх уу. Твиттер, фэйсбүүк, цахим сүлжээнд идэвхтэй байж, юу ч хамаагүй донгосч байдаг, банкнаас зээл аваад түүнийгээ төлж чадахгүй байгаа хэдхэн нөхдийн хийрхэлд хөтлөгдөн ингэж банкаа багалзуурдана гэж хэлж болохгүй байх аа. Энэ мэдэгдлийг хараад цахим ертөнцөд хий дэмий шүлсээ үсчүүлж цэцэрхэхээс өөрийг хийдэггүй нөхдийн хийрхэлд хөтлөгдөн, тэдэндээ өргөмжлөгдөж тэднийхээ баатар болох гэж хийсэн даанч болчимгүй үйлдэл гэхээс өөрөөр яалтай билээ. Цар тахлын хүнд сорилтын үед улс орноо хорлох гэсэн мэт бодлогогүй мэдэгдлийн дараа “Манай Ерөнхий сайд банкныхантай дайн зарлалаа”, “Ард түмнийг шулж байгаа энэ бакны эздэд маш том сануулга өглөө” гээд л дор бүрнээ дуу алдан бичицгээж эхэлсэн.

Хүрэлсүхийн энэ мэдэгдэл банкныханд маш муу дохио болж очлоо. Одоо гадны банк оруулж ирж дотоодын банкуудаа багалзуурдаж амийг нь таслах үйл ажиллагаа үргэлжлэх юм шиг байна. Банкны асуудал гэдэг үнэн чанартаа дан ганц банкны асуудал байдаггүй. Банкны асуудал бол бүх ард түмний асуудал байдаг. Монголын санхүүгийн зах зээлийн 95-аас дээш хувийг нь банкны салбар эзэлдэг гээд бодохоор энэ бол хүн бүрийн амин чухал асуудал мөн. Монголын төрөөс барьж буй энэ бодлогод банкны захирлууд айж жийрхээд үг сөрж эсрэг зогсож чадахгүй байх. Харин ард түмэн минь үндэсний банкуудаа хамгаалж, эдийн засгийн тусгаар тогтнолоо ганхуулахгүй, гадныханд боомилуулчихалгүй бат бөх авч үлдэхийн тулд сонор соргог байх цаг нь иржээ. Банкийг өвтгөвөл Монгол Улс чинь өвдөнө шүү, Ерөнхий сайд аа.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Шинэбаяр: Дотооддоо үйлдвэрлэж байгаа гурилаа тооцохоор 70-80 мянган тонн гурил дутаж байна

Коронавирусийн цар тахлын үед зарим улс орон дотоодод хүнсний хомсдол үүсэхээс сэргийлж, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг хориглоод байна. Үүнд улаанбуудай, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хамаарч байгаа юм. Манай улсын хувьд стратегийн бүтээгдэхүүн болох улаанбуудайг дотоодоосоо бүрэн хангаж чадахгүй байна. Энэ талаар болон цаашид улаанбуудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжийн тухай Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяртай ярилцлаа.


-Коронавирусийн цар тахлын үед хүмүүс хүнсний нөөц бүрдүүлэхээр нэг хэсэг шуурсан. Энэ нь ч аргагүй. Ямар ч байсан 60 сая малтай учир маханд санаа зовох зүйл алга. Харин гурилын нөөц, хангамж ямар байна вэ?

-Иргэдийн санаа зовоосон асуудал учир эхлээд айх зүйлгүй гэдгийг хэлье. Энэ жилийн гурилын хангамжийг ярихын тулд ургацтайгаа холбож тайлбарлах ёстой. Тэр дундаа 2019 оны ургацыг ярих учиртай. Бид өнгөрсөн онд 60 жилийнхээ ойгоор 403 мянган тонн буудай хурааж авсан нь үнэн. Гэхдээ гурил хийх улаанбуудайн стандарт гэж бий. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалж намар чийг ихтэй байсан тул 403 мянган тонн улаанбуудайнаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 247 мянган тонныг стандартын шаардлага хангасан гурил болохоор буудай хэмээн авсан. Энэ 247 мянган тонн буудайнаас энэ хэмжээний гурил гарахгүй. Буудайн хальс гэх зэргээр хаягдал их гарна. Ерөнхийдөө буудайн 65-70 хувь нь гурил болно гэж тооцдог. Ингэхээр 170 гаруй мянган тонн гурил гарна. Энэ жилийн хувьд ийм хэмжээний гурил дотоодоос хангаж байна. Тэгвэл Монгол Улсад жилд 252 мянган тонн гурил хэрэгцээтэй. Яахав, дээш доош бага хэмжээгээр хэлбэлзэнэ. Гэхдээ таван мянган тонноос хэтрэхгүй. Ингээд дотоодод үйлдвэрлэж байгаа гурилаа нийт хэрэгцээнээсээ хасахаар 70-80 мянган тонн гурил дутагдаж байна. Сард 20 мянган тонн гурил хэрэглэнэ гэж тооцвол бидэнд 3.7 сарын хэрэгцээний гурил дутагдалтай байгаа юм. Гэхдээ Засгийн газар бодлогоо хэрэгжүүлээд яг дутагдалтай байгаа тоо хэмжээгээр улаанбуудай оруулж ирээд гурилаа тээрэмдээд ард иргэдээ ханга гээд үйлдвэрүүдэд квотыг нь өгчихсөн. Тиймээс гурилгүй болчих вий гэсэн айдас байхгүй. Орос, Казахстан байна уу импортолж оруулж ирээд дотоодын үлдсэн гурилын хэрэгцээгээ хангах боломжтой. Илүү улаанбуудай оруулж ирээд намар тариаланчдынхаа улаанбуудайг авахгүй болчих вий гэсэн айдас ч байхгүй гэж ойлгож байна.

-Гурилыг яагаад стратегийн хүнс гэж үзэх ёстой вэ?

-Манай улсад 2004 онд ган болж бид 70 мянган тонн улаанбуудай авсан юм. Гэтэл улсын хэрэгцээ 460 мянга давсан тонн байдаг. Үүнд гурил хийх, дараа жил тарих үрээ авах, спиртийн үйлдвэр, улсын нөөцийн газар өгөх зэрэг бүгд багтаж байна. Тухайн үед Байнгын хорооны хуралдаан дээр зарим бизнесмэн дутагдаад байгаа 250 мянган тонн гурилыг гаднаас оруулаад ирэхэд болох юм биш үү. Заавал газар тариалан мөнгө өгч яах юм гэж байсан. Гэтэл тухайн үед Орос, Казахстан ургац алдаад улаанбуудайгаа өгөхөө больчихсон. Бид аргагүйн эрхэнд Япон, Америкаас улаанбуудай оруулж ирж гурил тээрэмдэж байлаа. Мөн хаа хол Америкаас гурил зөөж байсан удаатай. Тэр үед ямар хэцүү болохыг мэдэрч 2004 оны УИХ-аар улаанбуудай, мах хоёрыг стартегийн хүнс гэж оруулж өгсөн. Энэ хүнсийг өөрсдөө үйлдвэрлэхээс өөр арга байхгүй. Хүний ам руу шууд ордог бүтээгдэхүүн тул өөрсдөө хянаж, эрүүл ахуйн шаардлагыг баталгаажуулж байх ёстой. Энэ нөхцөл байдлыг коронавирус дахин харууллаа. Дэлхийн олон оронд хүнсний хомсдол үүсч байна. Цаашид хөл хорио удаан үргэлжилсээр байвал зарим оронд иргэдийнхээ ам руугаа хийх юм олдохгүй байдал руу шилжиж болзошгүй. Тэгвэл энэ цаг үед монголчууд махаа чанаад, гурилаа шидээд хоолоо хийгээд идчихэж байна. Энэ чинь үндэсний аюулгүй байдлын гол зорилго, агуулга юм.

-Өмнө нь одоогийн хэрэгцээг 2-3 нугалсан их хэмжээний ургац авч байжээ. Гэвч 1990-ээд оноос унасан. Бид ямар алдаагаа засах ёстой вэ?

-Атрын I аяны жилүүдэд гурван жилд л ургац алдаж байсан. Жилийн ургацын дундаж хэмжээ 320 мянган тонн байсан. Хоёрдугаар аяны хугацаанд жилд дунджаар 600 мянган тоон улаанбуудай хураан авч байсан. Ургац алдсан жил нь ганц. Тэр нь 1980 онд 286 мянган тонн улаанбуудай хурааж авч байсан юм. Гэтэл 1991 оноос 2007 он буюу 17 жилийн 13 жилд нь ургац алдсан байдаг. Зарим жил бүр 70 мянган тонн, ер нь 100 гаруй мянган тонн ургац л авч байсан. Энэ бүхнээс стратегийн салбарт төрийн бодлого хэрэгтэй, дэмжиж явах шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Зах зээлийн нийгэмд шилжиж төрийн бодлого алдагдсанаар ингэж их ургац алдсан байгаа юм. Гэтэл улс орнууд коронавирусийн халдвар гарахад бүх юмаа хааж байна. Орос гэхэд элсэн чихэр, цагаан будаа зэрэг голлох нэрийн бүтээгдэхүүнийхээ экспортоо зогсоочихлоо. Цар тахал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй тул дотоодын хэрэгцээндээ зориулж нөөцөлж байна. Яахав, өнгөрсөн жил Орос улаанбуудай сайн авсан учир экспортлохыг зөвшөөрч байгаа. Хэрэв Орос улаанбуудайн экспортоо хаасан бол бид хаанаас буудай авах вэ. Энэ үед бэлэн гурил оруулж ирэх шаардлага үүснэ. Ингэхээр гурилын үйлдвэрүүд ажилгүй болж унана. Энэ бүхнээс стратегийн бүтээгдэхүүнээ дотоодоос хангахын тулд тогтвортой өсөлттэй ургац авах, үүнд төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй нь харагдаж байна.

-1990-2007 оны хооронд 13 удаа ургац алдахад байгаль цаг уурын нөлөө хэр их байсан бэ. Төрийн дэмжлэгийг хэрхэн үр дүнтэй болгох вэ?

-10 жилийн хугацаанд хамгийн ихдээ 3-4 удаа л гарцаагүй гамшигт үзэгдэл тохиолддог. Дээрх хугацаанд ган гачиг нөлөөлсөн ганц, хоёр жил л бий. Гол нь төрийн нэгдсэн бодлого, дэмжлэг дутагдаж, санхүүгийн хүндрэлтэй байдал үүсч, технологийн хүчин чадал муу зэрэг байдлаас болж олон удаа ургац алдсан. Дээр нь банкны хүү өндөртэй. Тухайн үед сарын хүү бараг 10 хувь байлаа. Гэтэл газар тариалан ийм хэмжээний эрсдэл үүрч ажиллана гэдэг хүнд. Хавар үр, бордоо, шатахуунаа авна, цалин өгнө гэх зэргээр бөөн мөнгөний хэрэг гардаг. Ингээд сарын 10 хувийн хүүтэй зээл авахад есөн сарын дараа хоёр нугалж төлж байгаа юм. Гэтэл энэ салбар өм цөм ашиг олдоггүй. Хамгийн дээд тал нь 30 хувийн ашиг хүртэнэ. Бүх сайхан тохироо бүрдэж байж энэ хэмжээний ашиг олно шүү.

Харин санхүүгээр дэмжээд өгвөл яаж босч болохыг Атрын-III аян харуулж байна. Гэхдээ тогтвортой ургац авах хэмжээнд хүртэл явахгүй байгааг 2015, 2017 зэрэг оны ургац алдалтуудаас харж болно. Яг хоёрдугаар аян шиг хэвийн өсөлттэй ургац аваад тогтвортой явж чадахгүй байна. Тийм учраас ургац тогтворжуулах бодлого барих ёстой гэж боддог.

Нэгдүгээрт, мэдээж төрөөс дэмжлэгүүд хэрэгтэй. Тариаланчдад тонн буудай тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал өгдөг. Энэ дэмжлэг мөн. Гэхдээ эдийн засгийн боловсрол багатай хүнд шууд мөнгө өгөхөөр хүүхэд чихэр авах гээд дэлгүүр рүү гүйдэгтэй ижилхэн болчихож байна. Төр засгаас урамшуулал өгч байгаа юм машин авчихъя, хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгчихье гэдэг хандлага тариаланчдын дунд их. Тиймээс энэ мөнгийг үрээр өгч болно. Ингэхдээ яг сортын үрээр нь өгөх хэрэгтэй. Одоо манайд үрийн бодлого алдагдсан. Ургац алдаж байгаа нь үүнтэй холбоотой. Супер элит, элит үрээр тарих ёстой. Супер элит, элит, нэг, хоёр, гуравдугаар гэх зэргээр таван жилийн дараа үрээ шинэчлэх ёстой. Тэгэхгүй давтан тариалаад байх юм бол чанар муудаад, ургац багасаад байна. Үрээ сольж чадахгүй учир байгаа юмаа тариад явдаг. Нөгөө талаас мэргэжлийн дутмагшил байгаа учир үр нь болоод байгаа эсэхийг сайн мэддэггүй.

Хоёрдугаарт, ургацыг нэмэгдүүлдэг эрдэс бордоо байна. Үүнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Жишээ нь, 20 тонн будаа тушаасан бол урамшууллын мөнгөнд чинь тааруулж бордоо өгнө гэж болно. Хэрэв өнгөрсөн жил бордоогоор дэмжээд өгсөн бол ургацын хэмжээ 30 хувиар өсөх байлаа. Энэ мэтээр ургацыг тогтвортой дээшлүүлж чадах хүчин зүйлсийг дэмжих ёстой. Мөн ургамал хамгааллын бодис байна. Үүнийг хэрэглээгүйгээс болж ургацыг 30 хүртэл хувиар багасгаж байдаг. Манайханд мөнгө хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр зориулалтын дагуу ашигладаггүй. Мэдээж бүгд биш.

-Ургацаа өсгөхөд талбайг нэмэхээс илүү нэг га-аас авах хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай юу?

-Салбарын яамнаас ярьж байна лээ. 340 гаруй мянган га-д уринш хийсэн. Хавар үрэлгээгээ хийнэ гэж байна. Эндээсээ л чанаржуулж, ургацыг нь нэмдэг ургамал хамгааллын бодис, бордоо энэ тэрийг нь бэлэн мөнгөний оронд өгчих юм бол бид асуудалгүй га-гаас 12 центр ургац авчихна. Ингэснээр 400 гаруй мянган тонн буудай хураах боломжтой. Технологио баримтлах учиртай. Намар комбайны тохиргоогоо сайн хийхээс л эхэлнэ. Сайн тохиргоо хийгээгүйгээс болж нийт будааны 8 хувь нь талбай дээр хаягддаг. Энэ мэт өөрөөс шалтгаалах зүйлсээ хийж чадвал га-гаас 18 центр авсан ч болно. Тэгвэл талбай нэмэхгүйгээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах буудай хураах боломжтой.

Ер нь Орос, Хятад тухайн жилийн хэрэгцээнээс давж дахин нэг жилийн нөөц бүрдүүлдэг. Хэрэв тэдэн шиг нэг жилийн нөөц нэмж бүрдүүлнэ гэвэл талбайгаа нэмэгдүүлнэ. Манай компаниуд 750-800 мянган га талбай ашиглаж байгаа. Социализмын үед 1.2 сая га байсан. Тэгэхээр атаршсан 400 гаруй мянган га талбайгаа эргэлтэд оруулж болно. Гэхдээ болох болохгүйг мэргэжлийн байгууллага, хүрээлэнгүүд шийдэх ёстой.

Манайд жилд 430 гаруй мянган тонн улаанбуудай хэрэгтэй. Чи гайхаж байж магадгүй, 300 гаруй мянган тонн буудай гэж дээр ярьсан. Тэр чинь 252 мянган тонн гурил хийхэд зарцуулагдах буудай юм. Нэмээд үр нөөцлөх хэрэгтэй. Манайх 300-400 мянган га-д тариалдаг. Нэг га-д 150-170 кг үрийн нормоор боддог. Ингэхээр 51-60 мянган тонн үр нөөцлөх хэрэгтэй. Дээр нь Онцгой байдлын газарт нөөц бүрдүүлдэг. Энэ нь 10-аад мянган тонн. Мөн спиртийн үйлдвэрт 10-15 мянган тонн буудай шаардлагатай. Ингээд ерөнхийдөө 430 гаруй мянган тонн улаанбуудайн жилийн хэрэгцээ гарч ирж байна.

-Төр газар тариалангийн салбарыг оновчтой дэмжиж, нэг га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэж, тогтвортой ургац авах чиглэл рүү явах ёстой юм байна. Тэгвэл улс төрийн үл ойлголцол газар тариалангийн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Яам үйлдвэрүүдэд гурилын үнээ нэмж болохгүй шүү гэдэг. Эргүүлээд гурилын үнэ нэмэхгүй гэвэл буудайгаа хямд авмаар байна гэдэг. Ингээд Тариалан эрхлэлтийг дэмжих санд улаанбуудайг хэдэн төгрөгөөр худалдаж авах талаар зөвшилцдөг. Үүнээс болоод улс төрийн багахан маргаан гардаг. Түүнээс биш ойлголцохгүй байгаа зүйлгүй. Та анзаарсан бол өнгөрсөн арав гаруй жилд улаанбуудайн үнэ дорвитой өсөөгүй. Гурил арав гаруй жилийн өмнө 800 төгрөг байсан бол одоо 1000 төгрөг жаахан гарсан. Хэрэв гурилын үнэ огцом өсөөд ирвэл махны ханш нэмэгдэхээр юу болдог билээ, түүнтэй ижил хүндрэл тулгарна. Тиймээс ард түмнээ бодсон бодлого хэрэгжүүлж байгаа учир улс төрийн бага зэргийн маргаан гардаг.

Тариаланчид маань жаахан ажиллах ёстой. Бидэнд 700-800 мянган га эргэлтийн талбай байна. Үүнээс 350 орчим мянган га-д тариалж, үлдсэнд нь уринш хийдэг. Талбайг 100 хувь гэж үзвэл 50 хувьд нь ашиг олоод, 50 хувьд нь өнжөөгөөд байна шүү дээ. Тэгвэл уринш, улаанбуудай, арвай гэсэн гурван сэлгээтэй болох хэрэгтэй. Ингэх юм бол 100 хувийн талбайн 66 хувиас ашиг авдаг болно. Энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Үүн рүү орохын тулд яаманд мэргэжлийн хүмүүс зөвлөх ёстой, бодлого зөв хэрэгжих хэрэгтэй. Дээрх нэмэлт сэлгээ оруулж ирж тарьвал арай жаахан нэмүү урамшуулал өгнө гэдэг ч юм уу. Атрын-II аяны үед бүр таван сэлгээ байсан. 100 га байлаа гэхэд 20 га-д нь уринш хийж, 85 га-аас ашиг олж байсан. Дэлхийн зах зээлийн хандлага ч ийшээ явж байна.

Ер нь мал маллахаа марксизмаар заалгахгүй гэдэг шиг газар тариалангийн салбарт бүхэл бүтэн давхарга, үйлдвэрлэгчид бий болчихсон. Үүнд улс төр ерөөсөө хэрэггүй. Бужигнуулж улс төр хийхийн оронд зүгээр л зөв дэмжээд өгчих. Одоо зах зээлийн хэдэн жилд шалгараад яг энэ салбарт үнэнч явах, чадах нь үлдчихсэн. Гол нь зөв дэмжлэг л хэрэгтэй байна. Улс төр хийх гэж байгаа бол өөрийнхөө идэх гурилны чанар, хангамжийн төлөө хий.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Өлсгөлөн зарласан, хуульч Х.Бат-Ялалтын эхнэр Б.Болор: Түүнийг хурандаа нарын томоохон авлигын хэргийг илчилсний төлөө хилс хэрэгт хэлмэгдүүлж байгаа юм


Хуульч Х.Бат-Ялалт сэтгүүлч Т.Алтаншагайгийн хамт УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө хэвлэлийн бага хурал зарлаж “УИХ-ын гишүүн /тухайн үед/ Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийн Төрийн ордон дахь зүй бус бичлэг бидэнд байгаа. Л.Эрдэнэчимэг “Бичлэгийг битгий задал” гэж 50 сая төгрөг өглөө. Энэ мөнгийг буцааж өгнө” хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл энэ асуудлаар Эрүүгийн цагдаагийн газраас Х.Бат-Ялалтыг шалгаж, өнгөрсөн сарын 27-нд цагдан хориод байна. Х.Бат-Ялалт өөрийнх нь эрхийг эдлүүлээгүй хэмээн хорих ангид өлсгөлөн зарлаад зургаа хонож байгаа аж. Энэ асуудлаар түүний эхнэр Б.Болортой ярилцлаа.


-Хуульч Х.Бат-Ялалт хорих ангид өлсгөлөн зарлаад хэд хонож байна. Чухам юунаас болж ингэх болов?

-Өлсгөлөн зарласан тухай ярихын тулд цагдан хоригдсон талаар эхэлж ярих болох нь. Гуравдугаар сарын 27-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түүнийг цагдан хорьсон. “Дуудсан хугацаанд ирж хэргийн материалтай танилцаагүй” гэдэг шалтгаанаар. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж байдаг юм байна. Гэмт хэрэгт холбогдуулан хүнийг ямар дарааллаар яаж хэрхэн шалгадаг талаар зохицуулсан хууль. Тэр хуулийн дагуу эхлээд гэрчээр мэдүүлэг авдаг юм байна. Гэрчээр мэдүүлэг авахдаа тухайн хүн өөрөө өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгөх эрхтэй байдаг. Х.Бат-Ялалтыг хамгийн эхлээд дуудахдаа гэрчээр мэдүүлэг авна гэсэн. Ингэхдээ өмгөөлөгчтэй гэрчийн мэдүүлэг өгөх эрхийг нь танилцуулаагүй. Тиймээс Х.Бат-Ялалт “Миний эрхийг танилцуулах ёстой” гэж шаардлага тавьсан. Хоёрт, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээ эдэлнэ гээд тэмдэглэл хөтлүүлээд гараад явсан байсан. Ингээд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч амжаагүй байхад яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг үүсгэчихсэн. Хуульчдын ярьж байгаагаар энэ бол процессын алдаа гэсэн. Үүнийг алгасаад яллагдагчаар татахдаа мөрдөн байаагч нь хэт яллах талыг барьсан. Цагаатгах, яллах талын бүх баримтыг цуглуулж гэмт хэрэг үйлдсэнийг хөдөлшгүйгээр нотлох ёстой юм билээ. Тэр ажлаа хийгээгүй, зөвхөн яллах талын материалаа цуглуулж, Х.Бат-Ялалтаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Тиймээс манай хүн “Мөрдөн байцаагч яллах сонирхолтой, ашиг сонирхолтой байна” гэж үзээд татгалзах эрхээ эдлэх шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, шалгуулахгүй биш шалгуулна. Гэхдээ эрхээ эдлээд хуулийн дагуу шалгуулна гэсэн. Уг нь ийм үед мөрдөн байцаагч прокурортоо танилцуулаад татгалзах ёстой юм байна. Гэвч түүнийгээ хийхгүй, хэрэг шалгах ажлаа хийгээд л яваад байсан. Гайхамшигтай хурдтай гээч. Дуудах хугацаа өгч байгаа байдлыг харахад ЭЦГ ямар шуурхай ажилладаг юм бэ гэж би гайхсан.

-Өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгч болоогүй хэрэг үү?

-Х.Бат-Ялалтын эсрэг өргөдлийг анх 2016 оны зургадугаар сард Д.Эрдэнэчимэг өгсөн юм билээ. Тэр үед хуулийнхан шалгаагүй, орхисон. Дахиад 2019 оны гуравдугаар сард Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн юм байна. Түүнийг шалгаагүй жил тойрсон. Гэтэл Х.Бат-Ялалт 2020 оны нэгдүгээр сард цагдаагийн хурандаа нарын холбогдсон авлигын хэргийн талаар хэвлэлийн хурал хийсний дараа хоёрдугаар сарын эхнээс их эрчтэй шалгаж эхэлсэн. Энэ бол хурандаа нарын томоохон авлигын хэргийг илчилсний төлөө хилс хэрэгт хэлмэгдүүлж байгаа хэрэг. Өмнө ч бас ингэж 2009 онд дөрвөн сарын хорих ял өгч байсан.

Одоо энэ хэрэг дээр хуулийнхан дуудах хугацаа өгч байгаа байдал нь их сонин. Өдөрт хоёр удаа ирнэ. Яаж вэ гэвэл Х.Бат-Ялалтад өөрт нь өгөхгүйгээр хотоос 15 км хол байгаа манай гэрт хүргэж ирнэ. Тэгэхдээ өдөрт хоёр удаа ирдэг. 12:00 цагт манайд ирвэл 15:00 цагт Эрүүгийн цагдаагийн газар ир гэдэг. 14:00 цагт ирсэн бол орой 17:00 цагт ир гэдэг. Зарим үед “Үнэхээр авч чадахгүй нь. Х.Бат-Ялалтад ийм богино хугацаанд дуудах хуудсыг нь өгч амжихгүй нь” гээд буцаасан тохиолдол байгаа.

-17 удаа дуудах хуудас өгөхөд ирээгүй гэж прокурор буруутгаж байгаа?

-Бодвол буцаасан зэргийг оруулаад 17 болсон байх. Бидэнд бичгээр байгаа нь зургаа. Сүүлийн гурван удаагийн дуудах хуудаст нэг ч удаа мэдүүлэг аваагүй хүнээ яллагдагчаар татчихаад, дахиад нэг ч удаа байцаалт аваагүй байтлаа хэргийн материалтай танилц гэж дуудах хуудас ирүүлсэн. Манай хүн ямар ч мэдүүлэг өгөөгүй, өөрийгөө цагаатгах талын ямар ч баримт өгч амжаагүй, өөрийнхөө асуудалд өөрийн биеэр оролцох боломж олдохгүй, өмгөөлөгчтэйгөө асуугдах эрхээ эдэлж чадахгүй, хэт нэг талыг барьсан ашиг сонирхлын зөрчилтэй байцаагчаар шалгуулахгүй гээд татгалзаад байхад л хэрэг нь үргэлжлээд байсан. Мөрдөгч, прокурор хоёроо АТГ-т шалгуулахаар гомдол өгсөн байгаа. Х.Бат-Ялалтын эсэргүүцээд байгаа гол зүйл бол эрхээ эдэлье, хууль журмынхаа дагуу шалгуулъя л гэж байсан. Яг үнэндээ хуулийнхаа дагуу шалгахад хэрэг биш нь тодорхой.

Уг нь прокурорын цагдан хорих саналыг шүүх удаа дараа хэрэгсэхгүй болгосон байдаг. Явж явж дуудсан хугацаанд ирэхгүй байна гэдэг шалтгаанаар цагдан хорилоо.

-Цагдан хоригдоод хэд хоночихов доо?

-Гуравдугаар сарын 27-ны орой цагдан хорьсон. Амралтын өдөр ямар ч ажиллагаа байхгүй. Үнэхээр ирэхгүй байгаа гэж үзэж байсан юм бол ажлын өдөр хориод асууж болно оо доо. Дээр нь өөрт нь хэргийг одоо хүртэл танилцуулахгүй байгаа. Тиймээс эрхээ эдлэхээр өлсгөлөн зарласан. Өнгөрсөн сарын 31-ний 16:00 цагт албан ёсоор хуурай өлсгөлөн зарлалаа гэж өмгөөлөгчид нь Хорих ангиас мэдэгдсэн байсан.

-Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Мэдэхгүй. Би уулзаж чадаагүй байна. Уг нь долоо хоногт хоёр удаа ар гэрийнхэн шүүгчийн зөвшөөрлөөр ордог юм байна. Гэтэл халдварт өвчин гарсан гэдэг шалтгаанаар ар гэрээс нь уулзах уулзалтуудыг цуцлаад дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл эргэлт авахыг хориглосон байсан. Зөвхөн өмгөөлөгч ордог. Би нөхрийнхөө барааг одоо хүртэл хараагүй байна. Өмгөөлөгчтэйгөө хэргийнхээ талаар ярьдаг юм шиг байна.

-Хорих ангиас захиа бичсэн байсан…

-Тийм ээ. Хорихоос охиндоо захиа бичсэн. Дөрөв хоногийн дараа ирсэн. Харин миний явуулсан шуудангийн илгээмж одоо хүртэл очоогүй байна гэсэн.

-УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Х.Бат-Ялалт нар хэвлэлийн бага хурал зарлаж 50 сая төгрөгийн авлигыг УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүн нууц бичлэгийг битгий задал гэж өглөө. Энэ мөнгөө буцааж өгнө гэсэн мэдэгдэл хийж байсан. Яагаад энэ хэрэгт өөрөө буруутчихав?

-Л.Эрдэнэчимэг гэдэг хүний өгсөн гомдлоор бол бусдын эд хөрөнгийг авах гэж далайлган сүрдүүлсэн гэсэн. Сүрдүүлж байгаад 50 сая төгрөгийг авсан гэж. Гэтэл тэр 50 сая төгрөгийг нь буцааж өгөх гэхэд авахгүй гээд зугтаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хоёр, гурван хоногийн дараа дансыг нь олоод буцаагаад шилжүүлчихсэн байдаг. Гэтэл өргөдөл дээрээ мөнгөө буцааж авснаа бичээгүй юм шиг байна лээ. Тэр чигтээ 50 сая төгрөгөө алдчихсан, Х.Бат-Ялалтад дарамтуулаад хохирчихсон гэж байгаа бололтой.

Тэр үеэр асар их шуугиан болсон доо. Сонгууль ч болсон. Нөгөө хүн нь нэр төрөө хамгаалахаар маш их пи-ар хийсэн. Эмэгтэй хүнийг ингэлээ, жудаггүй гэх мэтээр. Бат-Ялалт, Алтаншагай хоёр хорвоогийн хог шаар болсон шүү дээ. Архи, тамхи, секс хийдэггүй хүн хаа байдаг юм гээд л их асуудал дэгдсэн. Миний бодлоор бол тэр хүний эрэгтэй, эмэгтэй нь энэ асуудалд ямар ч хамаагүй. Л.Эрдэнэчимэг гэр орондоо юугаа хийж байгаа нь хэнд ч хамаагүй. Гэтэл тангараг өргөсөн төрийн түшээ, хоёрдугаарт Төрийн ордонд тийм зүйл ярьсан, гуравт, өөрийнхөө санаачилж батлуулсан хуулийнхаа эсрэг тийм хандлага гаргасан нь хамгийн их дургүйцлийг хүргэсэн үйлдэл. Бид төрийн түшээд минь гээд итгээд сонгож байхад тэр хүмүүс хэчнээн сайхан хууль батлуулсан ч түүндээ өөрсдөө ингэж ханддаг бол ямар хэрэг байна вэ. Бид яаж сайхан амьдрах вэ, яаж шударга нийгэм тогтоох вэ.

-Бичлэг байна гэж мэдэгдсэн, хариуд нь дансанд нь мөнгө шилжүүлсэн байна. Гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг дарамтлаагүйг яаж батлах вэ. Эсвэл тэр бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж мэдэгдсэн нь мөнгө авах зорилгогүй байсан гэж дүгнэхэд хэцүү юм?

-Хэрэв бичлэгийг олж авсан даруйдаа “Муухай үйлдэл байна, олон нийтэд илчлэхгүй бол болохгүй” гээд илчилчихэж болно. Гэтэл өнөөдөр манайхан яадаг билээ, Эвлүүлэг байна, би биш гэж л гүрийдэг. Харин тэр хүнд таны бичлэг байна гээд үзүүлчихээр битгий гаргаарай гээд мөнгө өгчихөж байна. Мөнгө өгч байна гэдэг тэр хүн чинь миний бичлэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Түүнээс гадна ийм бичлэгийг ямар үнээр худалдаж авдаг юм, ямар ханштай байна гээд ханшийг нь мэдэж болж байна.

Л.Эрдэнэчимэг өөрийг нь далайлган сүрдүүлээд юмаа алдчихсан гээд байгаа. Одоо дурын хүн гүүглдээд хайгаад харахад Л.Эрдэнэчимэгийн тэр үед ярьж байсан хэдэн янзын зөрүүтэй яриа байдаг. “Хоёулаа найзууд биз дээ”, “Би чамд зээлсэн биз дээ” гэх мэт. Дарамтлуулаад хүчинд автаад өгчихсөн хүн маргааш нь ингэж ярих уу. Г.Уянга ч тэр. “Миний утсан дээр бичлэг байсан. Миний утсыг Алтаншагай, Бат-Ялалт хоёр хулгайлчихсан” гэж цагдаагаар шалгуулж байсан. Дараа нь “Миний утсан дээр бичлэг байгаагүй. Тэр үйл явдал болохоос өмнө би утсаа алдчихсан” гэж өөрөөр ярьсан. Эмэгтэй хүмүүс гэхээр ийм байдаг юм уу. Эсвэл УИХ-ын гишүүн гэхээр ийм байдаг хэрэг үү. Хүн гүтгэж болдог. Өөрийгөө хамгаалж олон нийтэд тэдний нүүр царайг илчилж нийгэмд шүгэл үлээгээд явж байгаа нь адгийн муу амьтан болчихдог. Ямар ёс суртахуун хэм хэмжээ ийм байдаг хэрэг вэ.

-Тэр бичлэгийг танай хүн яаж олж авсныг та мэдэх үү?

-Түүнийг би мэдэхгүй. Би албан ажилд нь оролцдоггүй. Т.Алтаншагайгийн ярьснаар надад ирсэн гэж ярьдаг.

-Х.Бат-Ялалтыг Булган аймагт хэсгийн ахлагч амиа алдсан хэрэгт шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тэр хэрэг юу болов?

-Тэр бол албан ёсоор шалгасан хэрэг байхгүй. Хэвлэлээр л баахан шуугьсан.

-Нөхөр тань хуулийн салбарт олон жил ажиллаж байгаа хүн. Олон нийт янз бүрээр хүлээж авч харагддаг. Нэг хэсэг нь хүний эрхийг хамгаалахын төлөө явж байна гэдэг бол нөгөө хэсэг нь шүүмжлэх нь бий. Гэр бүлийн хүний хувьд та нөхрийнхөө ажил мэргэжилд хэр итгэл үнэмшилтэй байдаг вэ?

-Өнөөдрийн үнэн төрх бол өөрийг нь огт таньдаггүй, уулзаж үзээгүй, яриаг нь сонсоогүй нэгэн хүнийг дам үнэлээд байдаг болчихож. Интернэт дээр янз бүрээр биччихээр ийм юм байна гэж ойлгоод байдаг. Гэтэл яг жинхэнэ үнэн мөн юм уу. Үнэн чинь нэг л байх ёстой. Энэ хүн бүтэн 15 жилийн турш хүний эрхийн зөрчил, дээр нь тангараг өргөсөн төрийн албан хаагчид өөрсдийнхөө эрх мэдлийг хэтрүүлж хүний эрх зөрчиж байгаа асуудал дээр ажилласан. 12 мянган хүний гомдлыг сонсож хажуугаар нь сэтгэл зүйчийн ажлыг ч хийж байна. Хаана ч хандаад нэмэргүй болсон, хэн ч тоохоо больчихсон хүмүүс аргаа бараад Х.Бат-Ялалт дээр ирж уйлж дуулж асуудлаа хэлдэг. Тэр бүхнийг сонсоод явна гэдэг тийм амархан ачаа биш байх. Дээр нь 2000 хүнд нь өмгөөллийн үйлчилгээ тусламж үзүүлээд 200, 300 удаа хэвлэлийн хурал хийж явна. Гэтэл олон нийт тэр олон зуун хэвлэлийн хурал хийж байхад тоож анзаардаггүй мөртлөө нэг сенсацитай юм гараад ирэхээр анхаардаг. Манай нийгмийн эмгэнэл л юм. Тэр хүмүүсийн бичиж байгаа сэтгэгдлийг уншсаар би хүртэл өөртөө эргэлзмээр болдог. Манай хүүхэд хүртэл “Аав Цагдаагаас хөөгдөөгүй биз дээ” гэж надаас асууж байна. Үр хүүхдийг нь итгэтэл нь, өөрсдөө нүүр тулж уулзаж, юуны төлөө тэмцэж байгааг нь мэддэггүй хүмүүс харлуулдаг болчихсонд маш их харамсаж байна.

Б.ЭНХЗАЯА