Categories
мэдээ нийгэм

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх сараас 6.1 хувиар буурсан дүн гарчээ

Ажиллах хүчний судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 174.2 мянга байгаагийн 105.1 (60.3 хувь) мянга нь ажилгүй хүн, 58.0 (33.3 хувь) мянга нь боломжит ажиллах хүч, 11.1 (6.4 хувь) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байсан.

Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 3 дугаар сарын эцэст ажилгүй 4.4 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 3 дугаар сарын эцэст нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 528 иргэн ажилд зуучлагдан орсон байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Болзошгүй байгалийн аюулт үзэгдэл, ослын талаар зөвлөмж хүргүүлэв

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс дулааны улиралд тохиолдож болзошгүй байгалийн гаралтай аюулт үзэгдлийн таамаглалыг АНУ-ын “ACCU Weather” цаг уурын байгууллага, Колумбын их сургуулийн Цаг уур, нийгмийн судалгааны хүрээлэн, ОБЕГ-ын Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик мэдээлэл, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлэлд тулгуурлан гаргажээ.

Таамаглалын үр дүнд 2020 оны дулааны улиралд байгаль, цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан гарч болзошгүй аюулт үзэгдэл, ослын талаар мэдээлэл өгч, дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

-Дулааны улиралд нийт нутгаар цаг агаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градус цельсээр дулаан, дунджаас үл ялиг бага хур тунадастай, шар шороон шуурганы давтамж их байхтай холбогдуулан ой, хээрийн түймрийн аюулын зэрэг өндөр байна. Ялангуяа 4-6 дугаар сард ой, хээрийн түймрийн аюулын зэрэг өндөр Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймагт гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад тогтмол хүргэж, гал унтраах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,

-Дулааны улиралд олон жилийн дунджаас халуун, хур тунадас бага байхтай холбогдон иргэд гол бараадан сэрүүцэх, голын эрэг дагуу амарч зугаалах нөхцөл үүсч болзошгүй тул хот, суурин орчмын томоохон гол, мөрнүүдийн эрэг дагуу сэрэмжлүүлэх самбар байршуулах, завьт эргүүл явуулах, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх мэдээ хүргэх ажлыг эрчимжүүлэх,

-Монгол оронд тохиолдох газар хөдлөлийн идэвхжил 2005 онд 200 орчим бүртгэгдсэн бол 2019 оны байдлаар 1010 удаа буюу 15 жилийн дотор 5 дахин их болон өсчээ. Иймд газар хөдлөлтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, ард иргэд өөртөө болон бусдад үзүүлэх анхан шатны тусламжийн мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалт явуулах, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох чиглэлээр үзлэг, хяналтыг зохион байгуулах,

-Монгол орны аюулт үзэгдэл, ослын сүүлийн 15 жилийн статистик мэдээнд үндэслэн шугаман регрессийн тэгшитгэлээр тооцоход хэт халалтын нөлөө, температурын зөрүүгээс үүсэх хүчтэй салхи, аадар бороо, мөндөр, үер зэрэг аюулт үзэгдлийн тоо давтамж 2020, 2021 онд өндөр байх хандлага ажиглагдаж байгаа тул цаг агаарын мэдээг 7 хоног бүр иргэд, малчид, тариаланчдад шуурхай хүргэхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тариаланчид Улсын онцгой комисст 60 сая төгрөг хандивлав

Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын аянд нэгдлээ.

Тодруулбал, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ салбар, “Их шинэстэй” ХХК, “Ургацын хишиг” ХХК зэрэг нийт 13 компани 60 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлаж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр хүлээлгэн өгөв.

Энэ үеэр коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед Монгол Улс дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангах нь бидний үүрэг хэмээн тариалан эрхлэгчид онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкнаас олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг оношлох, эмчлэх чиглэлээр Олон улсын байгууллагуудтай хамтран яаралтай төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх Дэлхийн банкны 26.9 сая ам.долларын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв эмнэлэг болон Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11 500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм.

Зээлийн санхүүжилтийг Дэлхийн банкны 2 өөр байгууллагаас олгох бөгөөд Олон Улсын хөгжлийн ассоциацаас 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Олон улсын сэргээн босголт, Хөгжлийн банкнаас үлдсэн 13.8 сая ам долларын зээлийг тус тус 30 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр олгож байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Сарангэрэл: Маск зүүх чиглэлд бүгдээрээ бие биедээ шаардлага тавъя

Сүүлийн өдрүүдэд урин дулаан болж нийслэлд хөл хөдөлгөөн ихсэж, хүүхэд багачууд гадаа гарч тоглох явдал эрс нэмэгдэж, цөөнгүй иргэд амны хаалтгүй гудамжаар явах тохиолдол нэмэгдээд байна.

Өнөөдөр дэлхийн 210 оронд шинэ коронавирусний халдварын тохиолдол илэрч, “COVID-19” халдвар авсан хүний тоо 1,5 сая даваад байгаа энэ хүнд цаг үед иргэн бүр илүү хянуур байж, амны хаалтаа зүүж, Эрүүл мэндийн байгууллагын заавар, зөвлөгөөг дагаж мөрдөхийг Эрүүл мэндийн сайд дахин сануулж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Бид илүү хянуур, нямбай байхгүй бол шинэ төрлийн коронавирусийн бодит аюул бидэнд байна. Цаг агаар дулаарч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. Иргэд гадуур амны хаалтгүй их явж байгаа харагдаж байна. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б. Дармаа доктороосоо би Франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэхэд тэрээр “Сайдаа гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ маскаа зүүдэг болсон байсан. Тэрний үр дүн гарлаа” гэж хэлсэн. Тиймээс би ард иргэддээ маскнаасаа битгий салаач, гараа тогтмол угааж, олон хүнтэй газраар битгий яваач, монголчууд бид дахиад дөрөв, тавдугаар сард тэсэх хэрэгтэй байна. Эс бөгөөс том аюул болно. Бидэнд өнөөдрийг хүртэл эрсдэл байгаа учраас маск зүүх чиглэлд бүгдээрээ бие биедээ шаардлага тавъя. Гадуур, дотуур залуучууд маскгүй яваад байна. Маск зүүгээгүй хүнд “хүү минь, найз минь ч маскаа зүүгээч” гэж хэлье, шаардъя. Чи өөрийгөө болон намайг, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулаад байна гэдгийг хэлье. Өнөөдөр маск ямар чухал вэ гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож байна. Тайвшраад байгаа үр хүүхэд, найз нөхөддөө дор бүрнээ шаардлага тавьж, өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалъя гэдгийг дахин хэлмээр байна” хэмээн онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Ё.Баатарбилэг: XII ангийн сурагчдад давтлага хийлгэх боломжийг судалж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Амарзаяа хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: /УИХ-ын чуулганы танхимаас/

-Бид эдийн засгийн хүндрэлээс гарах, иргэдийн орлогыг хамгаалж, ажлын байрыг хадгалах талаар 7 зүйл санал гаргасан. Бид хүссэн хүсээгүй эдийн засгийн цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Иргэдээ ажилтай амьдралтай, орлоготой байлгахад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаадад сурч байгаа оюутнууд хүнд байдалд байна. Оюутны байрнаас нь хөөж, эцэг эхчүүдийнх нь орлого тасалдсан болохоор мөнгө өгч чадахгүй байна гэж байна. Сурч байгаа оюунтууд бол капитал. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

Ерөнхий сайд хичээлийг есдүгээр сарын 01 хүртэл хойшлуулах санал гаргасан байна лээ. Үүн дээр 12 дугаар ангийн хүүхдүүд хүнд байдалд орж байна. ЭЕШ-ын хамаарах хичээлээр явуулах, давтуулж болохгүй юу. Цахимаар явуулсан гэтэл шалгалтаар асуудал үүсэх вий дээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: /УИХ-ын чуулганы танхимаас/

-Гадаад байгаа монгол иргэдийнхээ талаар Засгийн газрын хуралдаан бүр дээр хэлэлцэж байгаа. Өнөөдрийн байдлаар монголруугаа ирэх гэсэн 6600 иргэн байна. Онгоц хязгаарлагдмал байгаа учир Засгийн газар санал боловсруулан явж байгаа. Энэ тогтоолгүйгээр Засгийн газар тухай бүр нь шийдвэрлээд мэдэгдье.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Үндсэн хуулийн танхимаас/:

-Дэлхийн 190 гаруй улс боловсролын салбартаа хөл хорио тогтоосон байгаа. Нэг тэрбум гаруй хүүхэд хичээллээгүй. Теле хичээл сайн зааж байгаа гэж эцэг эхчүүд сайшааж байна. Манайх харин боловсролын салбартаа анхаараад тасалдуулахгүй байх чиглэлээр онлоайн хичээл зааж, теле хичээл хийж, ЮНЕСКО-гийн албан ёсны сайтууд дээр хүртэл мэдээллээр гарсан. Тавдугаар сард хичээл дуусна, есдүгээр сарын нэгнээс хичээл эхлүүлье гэж бэлтгэж байна. Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гарна. ЭМЯ-наас санал авахаар өнөөдөр бичиг хүргүүлсэн. 12 дугаар ангийн хүүхдүүдэд тавдугаар сард ямар шугамаар багш нар давтлага өгч болох вэ гэдгийг судалж байна. Одоо нэг сарын хугацаанд давтлага өгүүлэх боломжийг судалж байна. Онцгой нөхцөлд зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор давлага өгөхүүлэх боломжийг судалж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Өчигдөр 194 хүн тусгаарлах байрнаас гарсан

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 24 цагийн хугацаанд 212 орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Уг халдвараар 1.5 сая хүн өвчилж, 88,405 хүн нас барсан бол 339,731 хүн эдгэрчээ.

Дэлхийн дахинд 1.1 сая хүн коронавирусийн халдварын эсрэг шинж тэмдгийн эмчилгээ хийлгэж байна. Вирусийн халдвар АНУ, Турк, Их Британи, Испани, Итали, Германд эрчтэй тархсан хэвээр байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Манай улсад 16 тохиолдол бүртгэгдсэн. 4 нь эмчлэгдэн эмнэлгээс гарч, сувилалд ажиглалтад байна.

Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар 1,572 хүн тусгаарлах байранд байгаа бөгөөд тэдэнд эрүүл мэндийн болон бусад холбогдох албаны 310 хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, Энхсаран сувилал, Кентавр болон Хабу зочид буудалд байрлуулсан.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Өчигдөр Замын-Үүдэд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрлээ

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан есөн хүнээс коронавирус илрээгүй.

Мөн тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүнд тандалт шинжилгээ хийж байна.

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд орууллаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдан, хянагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн Д: Би үнэхээр азтай хүн. Эх орон минь намайг түшээд авлаа

-“КОВИД-19” ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭД ХӨСҮТ-ИЙН ЭМЧ Ц.ЧИНБАЯРТ УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГОХЫГ ХҮСЛЭЭ-

Өчигдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн зөөвөрлөгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэнээс дөрвөн хүн эдгэж, 12 хүн эмчлүүлж байна. Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн анхны тохиолдлыг гуравдугаар сарын 30-нд зарлаж, эдгэсэн хоёр иргэн маргааш нь эмнэлгээс гарч, сувилалд шилжсэн билээ. Монгол Улс дахь коронавирусийн анхны эдгэрэлтийг бүртгүүлсэн тэдгээр иргэдтэй ярилцлаа. (Тэдний хүсэлтээр нэрний эхний үсгийг өөрчлөв)


КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭН Д: БИ ҮНЭХЭЭР АЗТАЙ БАЙЛАА. ЭХ ОРОН МИНЬ НАМАЙГ ТҮШЭЭД АВЛАА

-Гуравдугаар сарын 30-нд Д.Нямхүү дарга “Халдвар авсан иргэдээс хоёр иргэн эдгэлээ. Монгол Улсад анхны эдгэрэлт бүртгэгдлээ” гэдэг мэдээг дуулгахад монголчууд маш их баярласан. Одоо таны биеийн байдал ямар байгаа вэ?

-Биеийн байдлын хувьд ямар нэгэн зовуурь байхгүй. Би чинь эдгээд эмнэлгээс гарчихсан. Сувилалд байгаа шүү дээ.

-Анх хөл хорио тогтооход, дараа нь Францын иргэнээс халдвар илрэхэд нийтээрээ цочролд орж түгшсэн. Гэтэл таны хувьд бусад хүмүүсийн мэдэрч байсан тэр айдас, түгшүүрийн мэдрэмжийг бараг мянга дахин илүүтэйгээр өөрөө мэдэрч, дарамт, стресст орсон байх, тийм ээ?

-Тийм. Хүн маш их стресст ордог юм билээ. Би эндээс эрүүл мэндийн шалтгааны улмаас Солонгост очиход тэнд коронавирусийн ямар ч тохиолдол байгаагүй юм. Эмчилгээнд минь тодорхой хэмжээний хугацаа шаардагдах учраас тэнд байх шаардлага тулгарсан. Тэгээд тэнд байх хугацаанд минь уг вирусийн халдварын тохиолдол огцом өсчихсөн.

Би “За, маргааш эх орон руугаа нислээ” гэж байтал Улсын онцгой комиссын шийдвэр гарч, нислэгүүдийг хойшлуулчихсан юм. Халдвар авчих вий гээд айгаад л. Тэр хугацаанд өөртөө хөл хорио тогтоогоод гарч, орохгүй байсан. Гарсан тохиолдолд амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, ариутгаж байсан.

Миний хувьд өөрийгөө халдвараас сэргийлэхийн тулд бүхий л зөвлөмжийг маш сайн барьсан гэж бодож байсан. Тусгай үүргийн онгоцоор иргэдээ татаж байхаар болоход би эрүүл мэндийн шалтгаанаар явахын тулд эмчлүүлж байсан эмнэлгээсээ эмчийн дүгнэлт бичүүлж авах, Консул дээр очиж нэрээ бүртгүүлэх ёстой болсон. Эдгээр ажлаа хөөцөлдөх гээд явахдаа автобусанд суусан.

Хүн чинь маш их юм боддог юм байна. Би дандаа л масктай явж байсан, гараа тогтмол угааж байсан. Би юун дээрээ алдчихав да. Би өөрийгөө сайн хамгаалж байсан. Яагаад халдвар авчихав аа гээд халдвар авсныхаа дараа маш их юм боддог юм байна. Миний зүүж байсан маск энгийн маск байсан. Автобусанд явж байхад нэг хүн ханиалгахаар нь би сандраад гялс байраа сольж байсан гээд л дэндүү их юм боддог юм билээ. Халдвар авсан гэдэг таагүй мэдээг сонсоод л шоконд ороод, аягүй хүнд тусдаг юм билээ.

Би Солонгост хамаатныдаа байсан юм. Тэр хүмүүс намайг халдвар авсан гэдгийг дуулангуутаа тэндээ шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан.

Энэ бүхнийг бодоод “Би яагаад халдвар авчихав аа” гэж хэчнээн бодоод хариултыг нь олж чадахгүй байгаа ч гэсэн эндээс юуг ойлгож авсан бэ гэхээр энэ өвчин маш их өндөр халдвартай, эрсдэлтэй юм байна гэдгийг ойлголоо. Энэ бүгдийг өөрийнхөө биеэр туулж ойлгосон учраас хүмүүст энэ талаар ярьж байгаа юм шүү.

-“Тэнэж яваад вирус тээгээд эх орондоо ирлээ” гэх мэтээр халдвар авсан иргэдийг буруушаах, муушаах хандлага сошиалд байсан. Тухайн үед та сошиалд орж байсан уу?

-Сошиалд оронгуут л тийм юмнууд байгаад байсан. “Гадаадад байгаа хүмүүс тэндээ л үхнэ биз” ч гэх юм уу. Миний хувьд л гэхэд энэ өвчний тохиолдол огт гараагүй байхад гадаад явсан. Тэнд очсон хойно гэнэ?’ тохиолдол нь ихэссэн шүү дээ. Надтай ижилхэн, эрүүл мэндийн шалтгаантай маш олон хүн тэнд байсан. Яах вэ дээ, хүмүүсийн сөрөг юмнууд байсан. “Яах гэж ирсэн юм”, “Яах гэж явсан юм” гэцгээж байсан. Тийм юмнуудыг уншвал бүр ч илүү стресс, депресст орчих юм билээ.

-Эмчилгээний явцад сошиалаас аль болох хол байхыг боджээ?

-Эмчилгээний явцад ер нь сошиал руу ороогүй дээ. Хүн чинь стресстэхээрээ юун сошиалд орж, тэр олон мянган сэтгэгдлийг унших вэ. Энэ өвчин дэлхийд шинээр бүртгэгдсэн өвчин. Үүсэж байгаа нөхцөл байдал ч хүмүүсийн хувьд шинэ.

Шинээр, анх удаа тохиолдож байгаа учраас хүн болгонд алдах, эндэх, туршлагагүй байх алдаж онох юм бүгдэд байгаа шүү дээ. Бусдыг муулж байгаа тэр хүмүүс өөрсдөө ийм нөхцөл байдалд ороогүй учраас зөв, буруу хэлж байгаагаа ч мэдэхгүй байгаа шүү дээ.

-Монгол Улсын эрүүл мэндийн салбар муу, тоног төхөөрөмж, хангамж хүрэлцээгүй байхад яах гэж гаднаас хүн зөөвөрлөөд байгаа юм бэ гэж дургүйцэж байсан ч эхний хоёр хүн эдгэхэд хүн болгонд итгэл найдвар төрсөн?

-Тэнд эмчилгээнд хамрагдаж байсан учраас дархлаа минь сул байсан. Би халдвараас Хамгаалах дэглэмүүдийг хангалттай биелүүлж байсан ч халдвар авсан байсан.

Хүмүүст дахиад л анхааруулахад, ЭМЯ-наас тогтмол анхааруулж байгаа анхааруулга, зөвлөмжийг ягштал мөрдөөд олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байх, маскаа зөв, сайн зүүх, маскаа зөв тайлах, гараа сайн угаах хэрэгтэй. Ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тэрийгээ үнэн зөв мэдээлээд өөрийгөө тусгаарлаад, эрт оношлуулаад эмчлүүлж, ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмжийг бүгдийг дагаж мөрдөх нь чухал юм байна.

Миний хувьд шинж тэмдэг харьцангуй бага байсан. Эрт шинжилгээ хийгдээд онош гаргаад эмчилгээ хийлгээд эдгэсэндээ би өөрийгөө үнэхээр азтай хүн гэж бодож байгаа. (Хоолой нь зангирав.сурв) Намайг эх орон минь түшээд авлаа. Эх орон минь түшээд авсны хүчээр би ингээд эдгэлээ гэж маш их баярлаж байгаа.

Миний эмчлэгч эмч Ц.Чинбаяр зөв, тактиктай эмчилгээг хийж эдгээлээ.

Халдвар авснаа мэдэнгүүтээ хүн маш их ганцаардалд ордог юм билээ. Тэгтэл намайг эмнэлэгт хүлээж авсан эмч, сувилагч нар маань маш элэгсэг, дотно байж, эелдэг харьцаж “Энэ өвчнийг, энэ халдварыг давна аа” гэсэн урам зориг, итгэл өгч байсан. Энэ нь намайг эдгэхэд маш их хэрэг болсон.

Тэр хүмүүс ажиллахдаа халдвар хамгааллынхаа дэглэмийг яг ёс журмынх нь дагуу сайн сахиж, ажлаа сайн хийж байна. Тэр бүгдийн хүчээр би эдгэлээ. Намайг эмчлүүлж байхад Ц.Чинбаяр эмч эмчилгээ хийхийн хажуугаар тодорхой хувь хүн, байгууллагуудтай холбогдоод эмчилгээний өрөөнүүдэд шинэ хүчилтөрөгчийн шугам тавих ажлыг удирдлагууддаа хэлээд зохион байгуулж байсан.

Эмч хүн цаашдаа нөхцөл байдал хүндэрвэл яах вэ, хүчилтөрөгчийн шугам нэмж хэрэгтэй болно оо, шаардагдана гэдгийг урьдчилж хараад хүмүүсийн хандиваар шинэчлэхийг нь хараад би маш их бахархаж байсан. Хийж байгаа ажилдаа сэтгэлтэй, ямар мундаг юм бэ гэж бахархаж байлаа.

-Халдварын голомт болох Уханиас дараа нь Солонгосоос иргэдээ онгоцоор авчраад Буянт-Ухаад буулгахад хүн бүхний нүднээс нулимс унаж байсан. Ялангуяа эх орондоо ирсэн иргэд баярлаж гар даллаж байсан. Эх орны үнэ цэнийг бүгд мэдэрсэн. Бас эв нэгдэл гэж юу байдгийг харцгаасан?

-Харин тийм ээ. Яг үнэн. Дэлхийн хэмжээний цар тахал. Энэ үед гол нь бид эв нэгдэлтэй байх нь чухал юм. Би “Баярлалаа” гэж олон хүнд хэлмээр байна.

-Бүгдэд нь баярласнаа илэрхийлж болно оо?

-Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн үйл ажиллагааны үр дүнд бид ямар ч байсан бусад оронтой харьцуулбал эрсдэл бага, тайван байна. Тийм учраас тэр хүмүүст баярласан талархсанаа илэрхийлмээр байна.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байна гэдэг чинь эх орноо хамгаалж байна гэсэн үг. Тиймээс энэ хүмүүс эх орноо хамгаалж байгаа. Эрүүл мэндийн салбарынхан, Улсын онцгой комисс, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, Мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид гээд цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ бүх хүний хүчин зүтгэлээр бас дээр нь манай ард иргэдийн хүчин чармайлтаар энэ хүнд цаг үеийг бид хамтдаа даван туулж гарч чадна аа гэдгийг өөрийн биеэр эдгэж, туулсан хүн учраас “Бид чадна” гэж итгэлтэй хэлье.

-Та хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Манай төр засаг зөв шийдвэрүүд гаргаж байгаа. Гаргасан шийдвэрүүдийг нь иргэд дагаж мөрдөж, эв нэгдэл, дэг журамтай байх нь энэ өвчнийг даван дийлэхэд хамгийн чухал зүйл юм. Анхаарал болгоомжоо сулруулахгүй байх, эрүүл ахуйн дэглэмүүдээ сахиж байх нь ерөөсөө л хамгийн нэгдүгээрх асуудал.

Өгч буй зөвлөмжүүдийг нь ягштал биелүүлээд хэвшүүлчихвэл бүгдээрээ энэ өвчнийг даваад гарна. Гэхдээ бид цөөхүүлээ учраас хамгийн гол нь ДЭМБ, ЭМЯ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг мөрдөж, анхаарал сэрэмжээ алдахгүй байх нь чухал юм байна шүү.

Би эрүүл мэндийн салбарынхан, эмнэлгийнхэн, сувиллынхан болон Д.Сарангэрэл сайддаа баярлалаа. Энэ хүмүүс өвчний эсрэг маш хурдан, зохион байгуулалттай ажиллаж чадаж байгаа.

Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг маш сайн мөрдүүлж, вирусийн оношилгоо, эмчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хийж, дэлхийд гарч байгаа үр дүнтэй, шинэ эмчилгээг Монголд хурдан авчирч, эмчилгээндээ нэвтрүүлж байгаа Д.Нямхүү захиралтай ХӨСҮТ-ийн нийт хамт олон болон эмчлэгч эмч Ц.Чинбаяр, Б.Дармаа эмчдээ, сувилагч, асрагчдадаа баярласнаа дахин дахин илэрхийлж байна.

Надад иргэн хүний хувьд төр засагтаа гаргах нэгэн хүсэлт байна. Миний энэхүү хүсэлтийг “Өдрийн сонин” төр засагт уламжилж өгнө үү гэж хүсэж байна.

-Бололгүй яах вэ?

-Дэлхийд цар тахлын хэмжээнд хүрээд байгаа энэ халдвар анх Ухань хотод илэрч, тэр голомтоос 31 иргэнээ очиж авчрах болсон. Халдварын голомт руу явж оюутнуудаа авчрахаас эхлүүлээд галын шугаманд ажиллаж байгаа, анхны тохиолдол гэж бүртгэгдсэн Францын иргэнийг хөдөөнөөс очиж авчирснаас эхлүүлээд халдвар авсан иргэдтэй нүүр тулж, хамт ажиллаж байгаа, гэртээ нэг ч удаа хариагүй Ц.Чинбаяр эмч маань амь насаа үл хайхран ажиллаж байна.

Ц.Чинбаяр эмчид Монгол Улсын Баатар цол өгөхийг төр засгаасаа өөрийн зүгээс чин сэтгэлээсээ хүсэж байна (Хоолой нь зангирав. сурв).

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭН Ж:

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн Ж-тэй ярилцлаа.


-Таны бие сайн уу?

-Зүгээр зүгээр, сайн байна. Сувилалдаа амраад сууж байна.

-Таны шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ гэдгийг сонсоод анх хямарсан нь мэдээж?

-Тэрийг чинь сонсоод даралт ихсээд, айлгүй яах юм бэ. Яаснаа ч мэдээгүй хүрээд ирсэн хүн чинь.

Шөнө 12, 01 цагийн үед шинжилгээ өгсөн. Маргааш нь хувцас хунар ч бэлдүүлэлгүй, яачихав аа гэмээр гэнэт л эмнэлэг дээр аваад ирэхээр чинь айлгүй яах юм. Ар гэрийнхэн гэхэд л нойр хоолгүй хонож байгаа юм чинь.

-Монгол эмч нарын гарт ирсэндээ баярласан байх?

-Баярлаж, найдалгүй яах юм. Нэг охин байсаан (Ц.Чинбаяр эмчийг хэлэв. сурв). Ёстой хөөрхий амьтан. Намайг эход харууллаа, зураг авлаа. Шинжилгээнүүд авлаа. Уушгины зураг авлаа. Надад олон эмчилгээ хийсэн.

-Эх орондоо ирсэн тэр мөчид юу бодогдсон бэ?

-Ирнэ гэж зүтгэсээр ирсэн. Хүүхдүүд намайг Солонгост үлд гэж байсан л даа. Би чинь нэг их харьдаг хүн болоод ирсэн чинь халдвар илрээд одоо ч харьж чадаагүй ингээд сууж байна шүү дээ.

-Өнөөдрийн (өчигдрийн) мэдээллээр дөрвөн хүн эдгэчихээд байна. Энэ аюулт өвчнөөс эдгэсэн гэдгээрээ та хүмүүст итгэл найдвар өгч байгаа, ялангуяа халдвар аваад эмчлүүлж байгаа хүмүүст?

-Тийм тийм. Намайг сайтад эмнэлэгт хорин хэд хоносон гэж бичсэн байна гэсэн. Хүүхдүүд тэгсэн. Тэгэхээр нь би “Юу яриад байгаа юм. Би дөнгөж долоо хоноод л эдгэчихсэн” гэж хэлсэн. Тэндээ хяналтад байж байгаад 14 хоноод гарсан. Энд 14 хонолоо. Дахиад давтан шинжилгээ авна гэсэн.

-Та манай “Өдрийн сонин”-оор дамжуулж талархал илэрхийлж болно шүү?

-Талархал илэрхийлэлгүй яах вэ. Эрүүл мэндийн яамандаа, Д.Сарангэрэл сайддаа, ХӨСҮТ, “Энхсаран” сувилал, эрүүл мэндийн салбарынхан, Онцгой байдал, Улсын онцгой комиссынхондоо баярлаж байна. Монгол Улс руугаа, эх орон руугаа ирнэ ирнэ гэж зүтгэж, нутаг ус руугаа ирэхгүй гээд яах юм би.

Нас тогтсон хүн. 65, 66 гарчихсан хүн. Ирэхгүй гээд ч яах юм. Тэгээд ирээд ийм нэг юманд орчихлоо. Одоо бол сайхан байна аа. Амралтад ирээд, цонхоороо уул хараад л сууж байна. Сайхан л байна. Дэлхийг айлгаж байгаа айхавтар юмнаас эх орон, эмч нарынхаа буянаар, бурхны өршөөлөөр мултарчихаад сууж байна.

-Тусгаарлалтад байсан хүмүүс гэртээ гараад ч өөрийгөө тусгаарлах ёстой. Тийм дэг сахих хүмүүст хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Дэглэмээ сахицгаагаад, Монгол Улсаа бодоцгоогоод бүгдээрээ сахилга батаа сайн анхаарч байхгүй бол эргээд гарахыг хэн байг гэхэв дээ. Тийм биз дээ. Маскгүй гадуур хэсэж болохгүй. Нэгэнт л хөл хорио тогтоогоод энэ муухай өвчнийг ялах гээд нойр хоолгүй зүтгэж байхад тэгж болохгүй. Би бодож л сууна. Би зээ хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг юм.

Тэтгэврээ ойрын хэдэн cap авч чадсангүй. Тэрийгээ яаж очиж авах вэ гээд Онцгой комиссынхноос асууя гэж бодоод байна. Би банкныхантай ярьсан. Тэгтэл “Та хориогоо дуусгаад өөрийн биеэр ирж авч болно” гэсэн. Гэтэл тэр хүртэл хүний л амьдрал юм чинь мөнгө хэрэг болох юм. Би тэтгэврээ аваад байр савны мөнгө, тог цахилгааны мөнгөө төлмөөр байна, гэртээ очлоо гэхэд хоосон гэрт очилтой биш. Хүнсээ авмаар байна.

Гэтэл хүүхдүүд минь “Ээж ээ, мөнгө төгрөгт битгий санаа зов. Зүгээр л хориогоо дуусгачих” гэж байна билээ л дээ. Гэхдээ би хувь хүн байна даа, мөнгө төгрөгтөө хүрмээр л байна.

-Бид энгийн ханиад хүрч, хатгаа авдаг. Тэрний дэргэд коронавирусээр өвдөхөөр илүү хүчтэй юм байна уу, яадаг юм байна?

-Би нэг их хүндрээгүй юм биш үү гэж өөрийгөө ойлгоод байгаа шүү дээ. Халуураагүй. Намайг эмчилсэн тэр эмч хэлж байна лээ. “Та цоо эрүүл ирээгүй. Харин архаг өвчингүй хүн байна аа” гэсэн. Жар хүрчихсэн хүнд бага сага өвчин байлгүй л яах вэ. Дагалдах өвчнүүдийг илааршуулж, олон төрлийн шинжилгээ хийж өгсөнд тань баярлалаа гэж хэлсэн.

Бүгд хөл хорионд орчихоод байхад маск зүүхгүй зөрөөд явж болохгүй. Тэгж явах нь өөрсдөд нь л буруу даа. Би чинь хөдөлгөөнтэй хүн. Сувиллаасаа гараад банк руу очоод тэтгэврээ авчихна аа гэж бодож байсан чинь гарч болохгүй юм билээ.

Гарч болохгүй гэж байхад зөрөөд гараад явчихаж ёстой болохгүй. Төр засгийнхаа, Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг сахиж л байхгүй бол өвчин тусахгүй гэх юм байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Аюултай шүү. Тиймээс өөр өөрсдийгөө, хувь хувиа бодоод гадуур дураараа яваад байж болохгүй ээ. Эрүүл мэндийн салбарынхандаа баярлалгүй яах вэ. Олон хүнийг эдгээгээд гаргаж байна. Гадаад орноос ирсэн хүмүүсийг ч эдгээгээд гаргаж байна.

Манай Монгол Улсын эмч нарын чадвар л гарч байна. Намайг эмчилсэн Ц.Чинбаяр гэдэг эмч чинь миний охинтой л насаар ойролцоо жаахан биетэй охин байна билээ. Төр засаг, алтан гарт эмч нартаа, эх орондоо баярлалаа. Амьдрал хайрласан эх орондоо, эрүүл мэндийг минь манасан эмч нартаа баярлалаа гэж хэлье.

Categories
мэдээ нийгэм

Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн автомашины орц, гарцыг нэмэгдүүлэхээр боллоо

Хавдар судлалын үндэсний төвд яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар өчигдөр газар дээр нь очиж ажиллалаа.

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс өссөөр байгаа бөгөөд манай улсын хувьд жилдээ 6000 орчим иргэн оношилогдож, 4000 гаруй иргэн нас барж байгаа тоон үзүүлэлт гарчээ. Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчигээ үзүүлдэг Хавдар судлалын үндэсний төв нь өнөөгийн байдлаар өдөрт 1000 гаруй иргэн үйлчилүүлдэг бөгөөд эмнэлгээр үйлчлүүлэхэд ганцхан орц гарцтайн улмаас эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэхэд хүндрэлтэй, замын түгжрэлд орж цаг хугацаа алддаг талаар тус эмнэлгийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү тайлбарлалаа.

Тэрбээр хэлэхдээ “Хавдар судлалын үндэсний төв өндөр хүчин чадал бүхий цөмийн цацраг изотопын үүсгүүртэй туяа эмчилгээний аппаратуудыг ашигладаг. Улсын онцгой обьектын хувьд цацрагийн, гал түймрийн болон бусад гамшиг тохиолдох үед орц гарцаас шалтгаалаад өндөр эрсдэл учирч болзошгүй байна. Автобусны буудалтай хэсэгт ганцхан орц гарц бий учраас иргэд түгжрэлд орж эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авч чадахгүй байна. Тиймээс манай эмнэлгийн үе үеийн удирдлагууд орц гарцыг нэмэгдүүлэх судалгааг 2017 оноос гаргаж, эрх бүхий байгууллагуудад хандсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэх өгөхийг хичээнгүйлэн хүсч байна” хэмээгээд хотын Захирагч С.Амарсайханд Хавдар судлалын үндэсний төвийн орц гарцыг нэмэгдүүлж өгөхийг хүссэн албан бичгийг гардуулав.

Хавдар судлалын үндэсний төвийн баруун талд орц гарц гаргах боломжтой боловч ойр хавийн оршин суугчид эсэргүүцдэг талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра тайлбарлав. Хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн аюулгүй байдал цаашлаад олон хүний амь настай холбоотой эмнэлгийн орц гарцыг нэмэгдүүлэх асуудлыг иргэн, аж ахуйн нэгжүүдтэйгээ ойлголцоод яаралтай дөрвөн хэсэгт орц гарц нээх хэрэгтэй гэлээ.

Тэрбээр эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь очиж үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Автозамын хөгжлийн газарт өглөө.

Мөн эмнэлгийн баруун хойд талд байрлах хоёр хэсэгт аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашин орж гарах орц гарцыг нээх үүргийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Хавдар судлалын үндэсний төвийн зүүн хэсэгт зөвшөөрөлгүй сэндвич барилга барьсан аж ахуйн нэгжийг 72 цагийн дотор газраа чөлөөлж, орц гарц нээх асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг хариуцан шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ийнхүү Хавдар судлалын үндэсний төвийн 4 байршилд орц гарцыг нэмэгдүүлэх ажлыг яаралтай шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өгөөд, шийдвэрлэсэн эсэх асуудлаар дахин мэдээллэхийг эмнэлгийн удирдлагуудад сануулсан юм.