Categories
мэдээ нийгэм улс-төр

Ерөнхийлөгч Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, ярилцлаа.

Энэ удаагийн сонгууль коронавируст цар тахлын нөхцөлд болох тул нийт иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, бөөгнөрөл, цугларалт үүсгэхгүй байх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хорооны хийж буй бэлтгэл ажлыг сонсов.

Уулзалтад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, гишүүд О.Амгаланбаатар, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, Б.Ганбат, Р.Содхүү, Ө.Энхтөр нар оролцож, ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг онцгой нөхцөл байдалд хэрхэн уялдуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:

СЕХ бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа хэвийн явуулж байна. Цар тахлын үеэр дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа тухай мэдээллийг өдөр бүр авч байгаа. Дэлхийн зарим оронд сонгуулийг хойшлуулж байна, зарим нь хугацаандаа явуулна гэж мэдэгдэж байна.

Сонгууль товлон зарласнаас хойш онцгой нөхцөл байдал үүсвэл УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд зогсооно гэж заасан тул бид нөхцөл байдлыг харж байна. Мөн өвчлөлийн асуудлаар Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагын хувьд цаашдаа ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах байх гэж харж байна. Ер нь, Үндсэн хуульд заасан улс орныг хамарсан, хүний эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсвэл хойшлуулах нь зайлшгүй байх гэж бид үзэж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Р.Содхүү:

Ерөнхийдөө сонгууль зарлагдсан цагаас хойш дэлхий дахинд цар тахлын нөхцөл байдлыг манай орны нөхцөл байдалд холбогдуулан дүгнэж үзэхэд ганц л юм бодогдож байна.

Сонгуульд нийт 4 үе шат байдаг. Энэ үе шат бүрийг нарийн судлах хэрэгтэй болж байгаа. Нэгдүгээрт, сонгууль зарлагдана. Ингэхээр мөрийн хөтөлбөр дээр бүгд “шаваарч” байгаа юм. Мөрийн хөтөлбөрийг цахимаар хийж, танилцуулна гэж худлаа шүү. Хоёрдугаарт, нэр дэвших хүрээнд маш өргөн цугларалт болно. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, намууд дээр цугларалт болно. Гуравдугаарт, сурталчилгааны хоёр хоног бий. 2.2 сая сонгогчийн асуудал. Энэ хүмүүс цуглахад ямар байдал үүсэх вэ? Энэ цугларалтууд 4, 5 дугаар сард болно. Улмаар хамгийн их цугларалт хэсгийн хороодод үүснэ. 2,070 санал авах байр ажиллана. Цугларалтгүй сонгууль гэж байхгүй.

Тиймээс хэн нэгэн ашиг хонжоо олохдоо биш энэ асуудал өөрөө үндэсний хэмжээний асуудал тул улс төрийн зөвшилцөлд хүрээд үндэстнээ аврах тухай асуудал гэж ойлгож байгаа.

Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан:

Нэр дэвшигчдэд хуулиар олгогдсон эрхийнх нь дагуу сонгогчидтой уулзах боломжийг нь бид хангах ёстой. Гэхдээ уулзалтууд хийнэ гэхээр санаанд буухгүй байгаа юм. Үүний дараа санал хураалт явагдана.

Улсын хэмжээнд 2,070 санал өгөх хэсгийн хороо байгуулж байгаа. Бидэнд 2,500 санал тоолох машин бий. Улаанбаатарт 3,000 хүртэл хүнтэй хэсгүүд, аймгуудад 2,000 хүртэл хүнтэй хэсгүүд бий. Гэвч энэ хэсгүүдэд олон машин байрлуулах болон хэсгийн хороодын ажилчдын тоог цөөлөх боломжгүй байна.

Тиймээс бид ЭМЯ зэрэг мэргэжлийн байгууллагуудаар эрсдэлийн үнэлгээ хийлгэмээр байгаа юм.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:

Бидний тооцоолж буйгаар сонгуулийн үеэр нэг хэсэгт 3,000 сонгогч байна. Тэдгээрийн 60 хувь нь саналаа өглөө гэж бодоход 1,800 хүн санал өгөх тооцоо гарч байгаа. Тэдний саналыг авахад 54 мянган секунд буюу 15 цаг шаардлагатай.

Нэг хүний санал өгөх хугацаа 30 секунд, санал тоолох машины хүчин чадал хамгийн богинодоо 6 секунд. Энэ хугацаагаар тооцон хотод зааланд хийж болох ч орон нутагт асуудал өөр. Жишээ нь, 2,070 хэсгийн 10 хувьд гэвэл 207, 20 хувьд гэвэл 400 гэр барина гэсэн үг. Гэр дотор ямар зайтай билээ. Тиймээс коронавирусний үеийн зөвлөмжийг мөрдөх боломжгүй нөхцөл үүснэ.

Мөн 50 мянган сонгогчтой нэр дэвшигч 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулах эрхтэй. Нэг хүний цаана 250 ухуулагч, шадар туслагч гээд нэмбэл хамгийн багаар бодоход 300 хүн ажиллана. Нэг нэр дэвшигчийн ард 300 хүн сурталчилгаанд явлаа гэж бодоход улсын хэмжээгээр 700 хүн нэр дэвшвэл 210 мянган хүн, тэр хэмжээний тээврийн хэрэгсэл ажиллана.

Зардлын хувьд нэр дэвшигчийн болон намын зардал дээр хязгааруудыг батлаад өгчихсөн. Нэг нэр дэвшигчээс ямар зардал гарах вэ гээд тооцоод үзэхээр дунджаар 400 сая төгрөгийн зардал гаргана. Одоо тойрог томсгосон учир зардал нэмэгдэх байх. Хамгийн багаар 400 сая төгрөг гэж бодоход 280 тэрбум төгрөг болно. 20 нам сонгуульд орлоо гэж бодоход хамгийн багадаа 120 тэрбум төгрөг. Ингээд бодоход нам эвсэл, нэр дэвшигчдээс гарах зардал хамгийн багадаа 400 тэрбум төгрөг. Албан зардлыг нэмээд 420 тэрбум төгрөг болно.

50 мянган сонгогчтой, 25 мянган айлтай тойргийн нэр дэвшигч хүн бүрт материалаа хүргэж чадахгүй, айл бүрт хүргүүлэх байх. Ингээд бодвол сонин, сурталчилгааны материалын зардал 40 сая төгрөг. Тэнд ажилласан 300 хүнд 500 мянган төгрөг өглөө гэж тооцвол 150 сая төгрөг. Ингээд тооцохоор нэг нэр дэвшигчийн зардал доод тал нь 400 сая төгрөг, дээд тал нь 1 тэрбум төгрөг хүрэхээр байна.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ө.Энхтөр:

Энэ жилийн онцлог юу гэхээр хүмүүс саналаа өгөх эсэх асуудал. Хамгийн эхний ээлжинд ард нийтээс судалгаа авахгүй бол бид нар бүх ажлаа төлөвлөөд хийгээд явж байтал хүмүүс сонгуульд оролцохоо больчихвол яах вэ?

Нөгөө талаар энэ өвчнийг тодорхой хэмжээнд барих түвшний боловсон хүчин, шинжлэх ухааны нөхцөл боломж муу байна. Бид баталгаа гаргаж чадахгүй байна. Тийм учраас яаралтай нөхцөл байдлыг дүгнээд, сонгуулийг хойшлуулах асуудлаар тал талдаа юм бодвол яасан юм бэ гэсэн саналтай байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгууль зохион байгуулах ажлын хүрээнд олон нийтийн цугларалт зайлшгүй үүсэх, нийт сонгогч хурууны хээ өгөх, амны хаалт, бээлий хэрэглэх, тэдгээрээр хангах зэрэг асуудлуудаар үргэлжлүүлэн ярилцав.

Мөн гадаад улсуудад байгаа монгол иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч байгаа тул эх оронд нь авчирах шаардлагатай, үүнийг дагаад коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлууд нэмэгдэх бодит эрсдэл байгаа зэргийг харгалзан үзэх шаардлагатай гэсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тулгарах эрсдэлтэй байгаа дээрх асуудлын хүрээнд ирэх долоо хоногт хуралдаж, саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлнэ гэлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Г.Занданшатар олон улсын “Виртуал парламент” сэдэвт онлайн хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Д.Бадамдаш нар өчигдөр (2020.04.08) “Global Partners Governаnсе” олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Виртуал парламент” сэдэвт онлайн хэлэлцүүлэгт оролцлоо.

Уг онлайн хэлэлцүүлэг Их Британийн цагаар 09 цаг 30 минут, Монголын цагаар 16 цаг 30 минутад эхэлсэн бөгөөд нийт 25 оролцогч дэлхийн өнцөг булан бүрээс оролцож, Ковид-19 цар тахлын халдварын тархалтын үед парламентууд хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцаж, санал зөвлөмжөө солилцсон байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар онлайн хэлэлцүүлэгт оролцогчдод, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнгөрөгч даваа гарагт гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын Тамгын газар цахим хуралдааны бэлтгэлийг бүрэн хангаж, чуулганы хуралдаан нийт таван танхимд, гишүүдээ 1.5-2 метрийн зайтай суулган хуралдаж байна.

Мөн цаг үеийн үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах төслийг хэлэлцэж байна. Улс оронд онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулж, асуудлыг хэлэлцүүлж болох зохицуулалтыг хуульчлахаар ажиллаж байна. Ингэхдээ өөрийн дотоод цахим хурлын программыг ашиглаж байхаар хөгжүүлэлт хийж эхэлсэн” хэмээн танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

УОК: 2021 онд Сэлэнгэ, Дорноговь, Улаанбаатараас цэрэг татахгүй

Улсын онцгой комиссын цаг үеийн асуудлаар хуралдаж шийдвэр гаргалаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.


ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Есдүгээр сарын 1-нтэй холбоотойгоор олон асуулт ирж байгаа. Энэ бүх эрсдлийг тооцоолж, БСШУСЯ дээр судалгаа хийж байна.

Хувийн сургууль, цэцэрлэгүүд төлбөрөө 100 хувь авсан. Сургууль, цэцэрлэг нь ороогүй байгаа бол ирэх жилийн сургалтын төлбөрт шилжүүлэх зохицуулалтыг төрөөс хийж байгаа. УИХ дээр хууль батлагдангууд энэ асуудал шийдвэрлэгдэнэ.

Шийдэх, тооцоолох олон асуудал байгаа. Тэднийг судлах, бэлтгэл ажлыг хангаж байна.

Хүүхдүүд улирахгүй гэдгийг хэлье.

0-12 насны хүүхдүүдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ цалингаа аваад ажлаа хийх тогтоолыг 4 сарын 30-н хүртэл сунгасан гэдгийг албан ёсоор хэлж байна.

Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд

“2021 оны цэрэг татлагыг энэ оны тавдугаар сард багтаж цэрэг татлагыг зохион байгуулна. Гэхдээ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цэрэг татлагыг Сэлэнгэ, Дорноговь, Улаанбаатараас цэрэг татахгүй.

Тухайлан анги нэгтгэл дээр нь зайлшгүй шаардлагатай байгаа тооны цэргийг нөхөн татна.

Ингэхдээ нэг дор таваас дээш хүн цуглуулахгүйгээр шалгах, эрүүл мэндийн үзлэг оруулах, ачих тээвэрлэх ажлыг нарийн зохион байгуулалттайгаар хийх болно.

Өнөөдрийн хурлаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгах эсэх асуудлыг яриагүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд тоо баримт, судалгаатай мэдээллийг танилцуулсан тохиолдолд энэ асуудлыг хэлэлцэнэ” гэв

Categories
мэдээ нийгэм

Дэгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний талаарх төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 54.7 хувийн ирцтэйгээр “Их хуралдай” танхимд эхлэв.

Улсын Их Хурлын гишүүд нэгдсэн чуулганы цахим хуралдаанд “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудаас цахимаар оролцож байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 07-ны өдөр хэлэлцсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Их хуралдай” танхимаас нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулга хийсэн бөгөөд хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудпыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед гишүүдээс гаргасан саналыг ажлын хэсэг анхаарч судлан, санал гаргасан гишүүдтэй ярилцаж ойлголцсоны үндсэн дээр бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 12 саналаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Харин энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Гишүүн товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар гишүүн үг хэлэх эрхийг хасна” гэсэн зарчмын зөрүүтэй саналд цөөнх болохоо илэрхийлсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга С.Бямбацогт, төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан нар хариулт, нэмэлт тайлбар өгсөн юм. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийн үед Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг “5.5.Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно.” гэж өөрчлөн найруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, М.Энхболд нар гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн нар уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болгон өөрчилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2.7 дахь заалтын “заасан” гэсний дараа “болон Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль,” гэж нэмэх санал гаргасан нь дэмжигдэв. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 21.11 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлнэ” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхээр тогтов.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, М.Энхболд, О.Баасанхүү нарын саналаар төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг шуурхай хэлэлцэх талаар зарчмын зөрүүтэй санал гарсан бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болно” гэсэн агуулгатай хэсэг нэмэхээр боллоо.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Г.Занданшатар, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан нар төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 6 дүгээр зүйлийн 63 дахь хэсгийг “Гишүүн товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудпаар гишүүний үг хэлэх эрхийг хасна” гэж өөрчлөн найруулах санал гаргасан нь 77.3 хувийн саналаар дэмжигдэв. Энэ санал дээр цөөнх болсон Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Түүнчлэн гишүүдээс гаргасан саналаар “Энэ хуулийн 5.5-д заасан онцгой нөхцөлийн үед чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болно”, “Нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар явуулна”, “Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөлд хаалттай хуралдаан явуулах дэгийг тусгайлан хуулиар зохицуулна” гэсэн агуулгатай хэсгийг төслийн зохих заалтад тус тус нэмэх, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 6 дүгээр зүйлийн 612 дахь хэсгийн 1 дэх өгүүлбэрийг “Санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим хэлбэрээр явуулна” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа нарын саналаар төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 6 дүгээр зүйлд “Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно. Нам, эвслийн бүлэг, гишүүд шаардпагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт асууж, саналаа илэрхийлж болно” гэсэн агуулгатай хэсэг нэмж, төслийн дугаарлалтыг өөрчлөхөөр болов.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний талаарх төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд -ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас танилцуулсан юм. Уг хууль тогтоомжийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаааны байнгын хороод өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Харин дээрх Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлт, гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг Төсвийн байнгын хороо хуралдаанаараа нэгтгэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, “Их засаг” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, “Үндсэн хууль” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нар асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар хариулж, тайлбар мэдээлэл өгсөн юм.

Ингээд Төсвийн байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Эхлээд “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, цахим хуралдаанд оролцсон гишүүдийн 66.6-70.1 хувийн саналаар тогтоолын төслийн 1 дэх заалтын 2.а.2 дахь дэд заалтын “төрийн болон” гэсний өмнө “төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад” гэж; мөн төслийн 1 дэх заалтын 2.6 дэх дэд заалтын “зогссон” гэсний дараа “болон 2020 оны 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан” гэж тус тус нэмэхээр тогтов.

Мөн тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтад “г/.хүнсний аюулгүй байдлыг хангах, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх иж бүрэн цогц арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллах;” гэсэн агуулгатай дэд заалт: төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтад “д/.сахилга, дэг журам, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, эдийн засгийн сөрөг үр дагавраас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх;” гэсэн агуулгатай дэд заалтыг тус тус нэмэх саналууд гишүүдийн 72.1-71.9 хувийн дэмжлэг авав. Түүнчлэн Байнгын хорооноос дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Дараа нь уг тогтоолын төсөлтэй хамт өргөн баригдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэв. Ингээд “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Их хуралдай” танхимаас танилцуулав. Тус Байнгын хорооноос Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд даргаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.7 хувь нь дэмжлээ.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төслийн 1 дүгээр зүйлийн “импортлоход” гэсний дараа “мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг тус тус” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав. Хуралдааны завсарлагаанаар Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороод хуралдаж, хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Алтай: Цар тахал хэр их хохирол учруулах нь тодорхойгүй тул хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орсон

Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Коронавирусийн халдварын тархалт дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлд ямар нөлөө үзүүлж байна вэ. Компаниудын хувьцааны ханш тогтвортой байна уу. Коронавирусээс үүдэлтэй нөлөөллүүд хэрхэн илэрч байна вэ?

-Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлаас улбаалан бизнесүүд зогсонги байдалд орж, ажилгүйдэл хурдацтай нэмэгдэн хөрөнгө оруулагчид үнэт цаасаа зарж эхэлснээр дэлхийн голлох хөрөнгийн биржүүдийн индексүүд 2008 онд болсон олон улсын санхүүгийн хямралаас хойших хамгийн их уналтыг үзүүлж эхэллээ. Улс орнуудын Засгийн газар бизнесүүдийг дэмжих, иргэдэд тэтгэмж олгох зэргээр эдийн засгаа аврах цогц арга хэмжээг авч эхэлснээр олон улсын хөрөнгийн зах зээлийн уналт бага зэрэг тогтворжих хандлага ажиглагдаж эхлээд байна. Гэсэн хэдий ч цаашид энэ өвчний тархалт хэр их хохирол учруулах нь тодорхойгүй тул хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орсон.

Манай зах зээлийн хувьд ТОП-20 буюу идэвхтэй арилжигддаг 20 үнэт цаасны үнийн индекс оны эхнээс хойш 12 хувиар, MSE A буюу нэгдүгээр ангиллын үнэт цаасны үнийн индекс 17 хувиар, MSE B буюу үнэт цаасны хоёрдугаар ангиллын үнэт цаасны үнийн индекс гурван хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Зах зээлийн үнэлгээ мөн долоо орчим хувиар буурсан. Өнгөрсөн хоёр болон гуравдугаар саруудад өмнөх оны мөн үеэс арилжааны үнийн дүн зургаа дахин болон 10 дахин тус тус буурсан үзүүлэлттэй байна. Арилжааны үнийн дүн ийнхүү буурахад вирусийн дэгдэлттэй холбоотойгоор шинээр үнэт цаас гаргах ажиллагаа буюу IPO хойшлогдсон, хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх суларсан нь нөлөөлсөн.

-Нөхцөл байдалд тохируулж Монголын хөрөнгийн бирж ямар бодлого, чиглэл барьж ажиллаж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл уналттай байна гэдэг нь нэг талаар хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг хямдаар худалдан авах боломж үүсч байгаа хэрэг юм. Ийм нөхцөлд зах зээлийг дэмжих үүднээс арилжааны шимтгэл хураамжийг аль болох бууруулах, хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай, тогтмол орлого олгох шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах нь чухал бөгөөд манай байгууллагаас зах зээлийн оролцогч байгууллагуудад хандан зургаан зүйл бүхий уриалга гаргасан.

Учир нь зах зээлийн аливаа өөрчлөлт, шинэчлэлт нь дан ганц хөрөнгийн биржийн гэхээсээ зах зээлийн нийт оролцогч байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд ажил хэрэг болох юм.

Тухайлбал, төрөөс аливаа татаас авдаггүй, үйл ажиллагааны орлогоороо зардлаа санхүүжүүлдэг манай байгууллагын хувьд арилжааны нийт шимтгэлийн 9-25 орчим хувийг авдаг бөгөөд үлдсэн нь үнэт цаасны компани буюу брокер, арилжааны клирингийн байгууллага, зохицуулагч төрийн байгууллага зэрэг байгууллагуудад хуваарилагддаг.Ийнхүү, манай зах зээлийн бүтэц өөрийн байгаа хэмжээндээ ахадсан, данхар бүтцээр олон салангад байгууллагуудтай үйл ажиллагаа явуулж байгаа нь арилжааны өртөг, зардал өндөр байхад шууд нөлөөлж байгаа тулнэн тэргүүнд зах зээлийг олон улсад мөрдөгддөг стандартын дагуу цомхон, нэгдмэл, оновчтой бүтцэд оруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тухайд бид энэ онд “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинээр боловсруулан хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болгоод байна. Ингэснээр манай хөрөнгийн зах зээлд тогтмол орлоготой, эрсдэл харьцангуй багатай шинэ төрлийн бүтээгдэхүүн бүртгэгдэж арилжаалагдан эдийн засаг дахь илүүдэл хөрөнгийг хөрөнгийн зах зээлд оруулж ирэх боломж бүрдэнэ.

Мөн дотоодын зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тухайлбал, арилжааны дараахь төлбөр тооцооны үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлж, Т+2 горимд эргэн шилжүүлэх ажлыг манай зах зээлийн мэргэжлийн байгууллагууд 2017 оноос эхлэн хийж, өнгөрсөн сарын 31-ний өдөр тус горимд шилжүүллээ. Мөн олон улсын хөрөнгө оруулагчдад зах зээлийг сурталчлах, тэдэнд зах зээлийн мэдээ, мэдээллийг ил тод, шуурхай болгох гэх мэт чухал ажлуудыг хийж байна.

-Манай улсын санхүүгийн зах зээлийн 90-ээс дээш хувийг арилжааны банкууд эзэлж байна. Гэвч дэлхий нийтийг хамарсан хүндрэл тохиолдоход санхүүгийн нэг тулгуурт байдал ямар эрсдэл авчирч байгааг харж байна. Хэрэглээний болон бизнесийн зээлийн чанар муудсанаар арилжааны банкуудад томоохон эрсдэл үүслээ. Нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Аливаа хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулахын тулд диверсификаци буюу тараан байршуулалт хийх шаардлагатай байдгийн адилаар санхүүгийн зах зээлийн эрсдэлийг тархаахад хөрөнгийн зах зээл чухал үүрэгтэй байдаг. Санхүүгийн зах зээлийн нийт эрсдэлийг банкинд төвлөрүүлэх нь эдийн засгийг хямраах эрсдлийг нэмэгдүүлэх тул хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, нийт эрсдэлийг дахин хуваарилах замаар эдийн засгийг хамгаалах нь чухал.

-Бид санхүүгийн зах зээлд олон тулгууртай болж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар олон жил ярьж ирсэн. 5 эсвэл 10 жилийн өмнөхтэй харьцуулбал хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт, дэвшил гарсан бэ. Эсвэл байрандаа л байна уу?

-2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Үр дүнд нь хувьцааг давхар бүртгэж арилжаалах(dual listing), хадгаламжийн бичиг (depositary receipt) зэрэг шинэ бүтээгдэхүүн гарах боломж бүрдсэнээс гадна IPO гаргах процесс хялбар, ойлгомжтой болсон. Ингэснээр үнэт цаасны салбар сүүлийн жилүүдэд огцом хөгжих боломж бүрдсэн. Тухайлбал, санхүүгийн салбарын 4-5 хувийг эзэлдэг байсан хөрөнгийн захын үнэлгээ өдгөө санхүүгийн салбарын 7 орчим хувийг эзэлдэг болсон байна. 2017-2019 он дотоодын хөрөнгийн зах зээлийн хувьд өсөлт хөгжлийн түүхэн он жилүүд байсан. Тухайлбал, 2017 онд Монголын хөрөнгийн бирж түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийж, ТОП-20 индекс 68.9 хувиар, зах зээлийн үнэлгээ 67.4 хувиар тус тус өссөн, 2018 онд хамгийн олон компани үнэт цаасаа бүртгүүлсэн түүхэн дээд амжилт тогтоосны зэрэгцээ үнэт цаасны анхны давхар бүртгэл, даатгалын компанийн үнэт цаас бүртгэгдсэн онцлог үйл явдал тохиосон бол 2019 онд үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хамгийн өндөр түвшинд буюу 42.5 тэрбум төгрөгт хүрсэн.

Хөрөнгийн биржийн хувьд 2012 онд програм хангамжаа шинэчилж, арилжааны бодит горимын хяналт, онлайн арилжааг нэвтрүүлж арилжааны өртөг зардал, цаг хугацааг хэмнэх нөхцөлийг бий болгосон. Өнөөдөр хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжааны 50 гаруй хувь нь онлайнаар хийгдэж байна.

Мөн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгийн биржээр арилжаалах зохицуулалтыг цоо шинээр бүрдүүлж, төлбөр тооцооны дараа төлбөрт Т+2 горимд шилжсэн зэрэг нь манай хөрөнгийн захыг олон улсын түвшинд аваачих томоохон алхмууд гэдгийг онцолмоор байна. Ийнхүү, хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд урьд өмнө байгаагүйгээр идэвхжиж, чамлахааргүй амжилтад хүрч байгаа. Гэхдээ цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, зах зээлийг үсрэнгүй хөгжүүлж, цоо шинэ түвшинд хүргэхийн тулд хөрөнгийн захын нийт оролцогчидхамтран хөрөнгийн захын бүтцийг цомхон болгож өртөг шимтгэл бууруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг хэд хэдэн томоохон арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.Эдгээрийг ажил хэрэг болгоход ялангуяа манай хувьцаа эзэмшигч болох Сангийн яам болон зохицуулагч байгууллагын бодлогын дэмжлэг шаардлагатай.

-Хэрэв хөрөнгийн зах зээл өнгөрсөн хугацаанд сайн хөгжиж, санхүүгийн зах зээлд арилжааны банктай дүйх томоохон тулгуур болж өгч чадсан бол өнөөгийн цаг үед ямар давуу байдлыг бий болгох байсан бэ. Үйлдвэрлэл эрхлэгчдэд мөнгө олдохгүй байна, олдсон ч өндөр хүүтэй байна. Энэ байдлыг хэрхэн эерэг болгох боломжтой байсан бэ?

-Манай зах зээл арилжааны банктай дүйх хэмжээнд хөгжвөл мэдээж хэрэг зээлийн хүү одоо байгаа түвшнээс бага, бизнесүүд банкнаас бус олон нийтээс урт хугацаат, өртөг багатай хөрөнгө татан төвлөрүүлж, зээлийн хүүгийн төлбөрийн дарамт амсахгүй байх боломжтой болно.

-Хөрөнгийн зах зээл дорвитой хөгжихгүй байгаа шалтгаан нь юу вэ. Төрд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүсэл сонирхол бодитой байна уу?

-Үндсэн 2-3 зүйл цохож хэлмээр байна. Монгол Улс 1991 онд эдийн засаг, улс төрийн хос шилжилт хийсэн ч нийгмийн даатгалын тогтолцоондоо гар хүрээгүй. Үр дүнд нь тэтгэврийн тогтолцоо хуучин нийгмийн үед байсан хэвээрээ үлдсэн. Тэтгэврийн сангууд үүсээгүй. Үүнээс улбаалаад Монголын хөрөнгийн зах дээр мэргэжлийн институционал хөрөнгө оруулагч бараг байхгүйтэй адил. Гэтэл хөрөнгийн зах зээлийн үндсэн хөдөлгөх хүч, хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сангууд болон бусад мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд байдаг.Нэн яаралтай тэтгэврийн тогтолцооны реформыг хийх шаардлагатай.

Хоёрт, их хувьчлалаас хойш “Монгол Шуудан” ХК-ийг эс тооцвол аливаа хувьчлалыг хөрөнгийн биржээр хийгээгүй. Тухайлбал, 2012 онд иргэн бүрт тараасан “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 1072 хувьцаа өнөөдрийг хүртэл найман жилийн хугацаанд биржээр арилжаалагддаг болоогүй л байна. Үүнийг нэн даруй эдийн засгийн эргэлтэд оруулж иргэд хувьцааныхаа ашиг шимийг хүртэж, манай хөрөнгийн зах дээр Монголын томоохон төслийн хувьцаа арилжаалагддаг болсноор зах руу гадаад, дотоодын хөрөнгийг татаж, хөрвөх чадварыг нэмэгдүүлмээр байна.

Гуравт, түрүүн хэлсэнчлэн хөрөнгийн захад татварын таатай орчин бий болгож компани бизнесүүдийг олон нийтийн болгох хөшүүрэг бий болгох, иргэд, хөрөнгө оруулагчдыг хувьцаа, бонд зэрэг бүтээгдэхүүн авдаг болгох сонирхлыг өдөөх хэрэгтэй байна.

Эцэст нь хэлэхэд, дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийг харахад бүгд хувьцаат компани хэлбэрийн эзэмшлийн бүтэцтэй байдаг. Ингэснээр биржүүд зах зээлээ мэдэрсэн шинэ бүтээгдэхүүнийг цаг алдалгүй гаргаж, өөрийн үйл ажиллагаа, үйлчилгээний хүрээгээ бизнесийн зарчмаар тогтоож, оновчтой бүтцээр үйл ажиллагаа явуулж, шимтгэл хураамжаа зах зээлд дарамт багатай хэмжээнд тогтоох боломжтой байдаг. Манай бирж болон арилжааны клирингийн компани зэрэг нь төрийн өмчит хэлбэрээр тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг.

-Арилжааны банкуудад үүсч буй дарамтыг бууруулж, эрсдэлийг хуваалцах, нөгөө талаар санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгохын тулд зах зээлийн жам ёсонд найдахгүйгээр зоримог механик өөрчлөлтүүд хийж болох уу. Томоохон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хөрөнгийн зах зээл рүү урвуулах гэх мэт?

-Олон улсын жишигт банк, санхүүгийн байгууллагууд активаа багцлан үнэт цаасжуулж, хөрөнгийн зах зээлд худалдан санхүүжилт татах замаар эрсдэлээ хуваалцах нь түгээмэл байдаг. Энэхүү боломжийг манай байгууллагын зүгээс бий болгохоор журам боловсруулж батлуулаад байна. Энэ онд энэ төрлийн үнэт цаас арилжигдаж эхэлснээр банк, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн шинэ суваг нээгдэх, иргэдэд тогтмол хугацаат хүүгийн орлого бүхий эрсдэл харьцангуй багатай хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн санал болгох боломж бүрдэх юм.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 88405 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 1 513 304 -д хүрсэн бол 329 731 хүн эдгэрчээ.


Categories
мэдээ нийгэм

ХХБанкнаас COVID-19 вирустэй тэмцэхэд нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ-нд хандивлалаа

Худалдаа, хөгжлийн банкны хамт олон Дэлхий нийтийг хамарсан шинэ коронавирус (COVID-19) аюулт өвчнийг даван туулахад нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг ЭМЯ-д хандивлалаа.

Хятад улсын туршлагаас үзэхэд халдварыг богино хугацаанд зөв оношлох, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хэрэгслээр сайтар хангах нь вирусийн тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга гэдэг нь батлагдаад байна.

Иймд COVID-19 вирусийн эсрэг ард түмнийхээ амгалан тайван, эрүүл энх амьдралын төлөө халдварын эрсдэлт голомтод амь биеэ үл хайрлан, ар гэр, ахуй амьдралаа умартан ажиллаж буй Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэн шаардлагатай байгаа хурдавчилсан оношлуур, халуун хэмжигч төхөөрөмж, N95 амны хаалт зэрэг 40 сая төгрөгийн үнийн дүн бүхий хандивыг ЭМЯ-д хүлээлгэн өглөө.

Мөн Худалдаа Хөгжлийн Банкнаас мөнхийн найрсаг хөрш болох БНХАУ-ын ард иргэдэд корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэхэд нь зориулан 20 сая төгрөг мөн банкны ажилтнууд сайн дураараа цуглуулсан 2.5 сая төгрөгийг БНХАУ-ын элчин сайдын яамаар дамжуулан хандивлаад байсан билээ.

Түүнчлэн коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ард иргэд, бизнес эрхлэгчдээ санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэглээний зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хойшлуулах, үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүүг авахгүй байх хүсэлтийг онлайнаар хүлээн авч, шийдвэрлэх ажлуудыг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болов

Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр /2020.04.09/ шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэв.

Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.

Categories
мэдээ нийгэм

​Улсын Онцгой комисс 13:30 цагт хуралдана

Улсын Онцгой комиссын 15 дахь удаагийн хуралдаан өнөөдөр 13:30 цагт эхлэхээр болжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл эхлүүлэхгүй байж, бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна.

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах төдийгүй тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартер нислэгээр авч ирэх асуудлыг ч хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Ингэхдээ тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж шийдвэр гаргах бөгөөд Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ажил эрхэлж буй гадаадын иргэд өмнөх оны мөн үеэс буурчээ

Монгол Улсад 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 97 улсын 4.3 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 орноор өссөн бол харин ажиллагчдын тоо 613 хүн буюу 12.4 хувиар буурсан байна. Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 1.9 (44.6 %) мянга нь Улаанбаатарт, 1.2 (29.0%) мянга нь Төвийн бүсэд, 0.8 (17.8%) мянга нь Зүүн бүсэд, 0.3 (6.1%) мянга нь Хангайн бүсэд, 0.1 (2.5%) мянга нь Баруун бүсэд ажиллаж байна.