Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол “ДЕЛО” (5)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Төмөр замын буудалд дэгдсэн хятад монголчуудын зодооны дело (хэрэг) 1966. Хятадын ерөнхий сайд Жоу Эньлай 1959 онд Монголд айлчлахдаа 190 сая долларын тусламж бүтээн байгуулалтад зориулж амлажээ. Хоёр орны гэрээний дагуу энэ бүтээн байгуулалтыг босгохоор 35 мянган ажилчин оруулж ирэхээр тохирсон боловч хоёр орны харилцаа цаашид хүйтэрсэн тул 12 мянган ажилчин ирүүлээд цааших ажилчдаа Хятадын тал нэмж илгээсэнгүй. Үүнээс болж ажил сунжирсаар 1966 он хүрсэн байна. 1966 онд Хятадад соёлын хувьсгал хэмээх хийрхэл мандах үед Хятадын тал бүх ажилчдаа эргүүлэн татлаа. Дуусгаагүй барилгын объект нэлээд үлдсэн. Тэд буцахдаа галт тэрэгний буудал дээр зохион байгуулалттайгаар Соёлын хувьсгалынхаа уриа лоозонг хашгирч баахан дөвчигнөв. Ийм юм болохыг урьдчилан мэдсэн Монголын тал, НАХЯ- галт тэрэгний буудал руу бэлтгэгдсэн танхайчууд, хулигаан, өөрийн ажилтнуудаа явуулан томоохон зодоон үүсгэсэн.

Зөвлөлт цэргийн БНМАУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн боловч Монголын хуулиар хэлэлцэхгүй гэмт хэргийн дело (хэрэг) 1969-1990. 80-100 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй Зөвлөлтийн армийн хэсэг 1969 оноос Монголд байрлалаа. Хоёр орны хийсэн нууц гэрээгээр зөвлөлтийн цэрэг офицерийн Монголд үйлдэх гэмт хэргийг Зөвлөлтийн шүүхээр шийднэ, үүнд Монголын талын оролцоо байхгүй гэж тогтжээ. Цэрэг байрласан хорь гаруй жилд Зөвлөлтийн цэргийн үйлдсэн аллага, хүчин, дээрэм тонуул маш олон байсан ч бүгд онц нууцын зэрэглэлтэй байсан учир одоо болтол ямар ч материал ил болоогүй. Сайншандад нялх хүүхэд хүчиндэж алаад элсэнд булсан, Баянхонгорт бүтэн айлыг голомтоор нь устгасан зэрэг зарим дуулиантай хэрэг л ам дамжин дуулдаж байлаа. Айлын мал, ялангуяа хонь, тугал бяруу дээрэмдээд цэргийн ангид шорлог хийж идэх ба тэр нь талд холоос хурц үнэртдэг байнгын явдлыг хожим Оросын хэвлэлд бичсэн байдаг. Монгол хүүхнүүд тэмбүүтэй гэсэн цуу ярианаас болж цэргүүд ихэнхдээ сургуулийн сурагч охидыг хүчинддэг байжээ. Наяад оны үед Монголын НАХЯ-ыг хариуцаж байсан генерал С.Радченко хожим бичсэн дурсамждаа “Зөвлөлтийн цэрэг монгол хүүхэн хүчиндсэнээс үүсэх гомдлыг хүнсний бүтээгдэхүүн, орос дэлгүүрийн пропуск зэргээр аргалж өнгөрөөдөг байлаа” гэжээ.

Зөвлөлт цэрэг ажилчдын автобус дайрсан дело (хэрэг) 1981. Шөнийн ээлжийн ажилчдыг гэр рүү нь зөөдөг автобусыг Зөвлөлтийн цэргийн том оврын ачааны машин яг нийслэлийн төвд дайран онхолдуулснаас болж машин шатжээ. Нэг залуу гал дундаас хүмүүсийн авран чирч гаргаж олон хүний амь аварсан ба тэр явцдаа өөрөө түлэгдэж үхсэн аж. Энэ зоригт эрийн тухай Залуучуудын үнэн, Улаанбаатарын мэдээ, Хөдөлмөр сонинд бичиж алдаршуулсан аж. Гэхдээ Зөвлөлт цэргийн БНМАУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн боловч Монголын хуулиар хэлэлцэхгүй делог баримтлан орос цэрэг, байлдааны машин зэргийг огт тоочсонгүй ердөө л “нэгэн том машин” гэсэн байлаа. Гэтэл Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас Намын төв хороо, Улс төрийн товчоонд хаяглаж гомдол ирүүлжээ.Тэд Зөвлөлтийн цэрэг үйлдсэн гэмт хэргийн эзнийг тодорхой заагаагүй боловч далдуур санаатай дэвэргэн “Монгол-Зөвлөлтийн эвдэршгүй, мөнх найрамдалд харшилсан үйлдэл хийж байна хэмээн буруутгасан аж. Асуудлын Намын Төв хороо даруй анхааралдаа аван дээрх сонинуудын эрхлэгч, хариуцсан ажилтнууд, бичсэн сэтгүүлчдийг шийтгэж цээрлүүлэв. Мөн Монгол-Зөвлөлтийн найрамдалд далдуур харшилсан материалыг анзааралгүй өнгөрч, сонор сэрэмж алдсан Хэвлэл Хянах газрын төлөөлөгч нарыг ч бас шийтгэсэн байна. БНМАУ-ын хэвлэл, мэдээллээр гарах бүх материалыг Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хэвлэл, утга зохиол хянах газрын агентууд нэг бүрчлэн уншиж, хэвлэхийг зөвшөөрсөн тамга дардаг байв. Тэдний цаашид бичих хэвлэх эрхийг хасч, аль болох бага цалинтай биеийн хөдөлмөр хийлгэхээр тараан явуулав. Барамсай, Жамъян, Дашдондог гээд олон авьяаслаг сэтгүүлч, зохиолчид хилс хэрэгт оосорлогдсон.

Хэвлэлийн алдааны дело (хэрэг) 1952-1984. Монотип машинаар цутгасан үсгийг нэг нэгээр нь өрж, тусгай жаазанд боож сонины эх бэлддэг байх үед “хань Сталин” гэсэн үг “хонь Сталин” болон хэвлэгджээ. Дээд эгнээнд байсан “а” үсэг доош унаж ирснээс үүдсэн техник алдаа ажгуу. Ингээд Хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгч Уламбаяр баривчлагдан шүүхээр орж шоронд хоригдсон. Жараад оноос хэвлэлийн санаандгүй алдааны төлөө шоронд хорихоо больсон боловч хариуцсан хүмүүсийг ажлаас халах, намаас хөөх, хөдөө цөлөх болжээ. “Цэдэнбал”-ын нэрийн “б” үсэг гээгдүүлсэн хэргээр зохиолч Ц.Доржготов Утга зохиол урлаг сонины ажилтнаас халагдаж байв. “Монгол Зөвлөлтийн эвдэршгүй найрамдал” гэсэн өгүүлбэр дэх “эвдэршгүй” гэсэн үгийн “д” үсгийн доод хөндлөн зураас баларсан, “сүүний тасгийн айлууд” гэдгээс сүүлчийн үгийн “й” гээгдсэн, “Ардын их хурлын хуралдааны танхимд” гэдгээс “р” үсгийн орноос ”д” орсон, “намжмал байдлыг ариглаж” гэдгээс “г”, ”л” үсгүүд байраа сольсон зэрэг явдлууд бүгд хариуцсан ажилтных нь амьдралд нөлөөлж наад зах нь намын арга хэмжээ, цаашилбал ажил төрөлгүй болох, намаас хөөгдөх арга хэмжээнд өртөж байв.

Ринченгийн удам судрын (дело) хэрэг 1976. Нэрт эрдэмтэн Бямбын Ринчен, Зөвлөлтийн монголч Г.Санжеев нар хоорондоо таардаггүй байжээ. Санжеев Цэдэнбалд захидал бичин Ринченгийн эцэг, өвөг болон ах дүү хамаатан садан нь хувьсгалын эсэргүү, цагаантны тал байсан тухай мэдээлсэн байна. Ринченд дургүй Цэдэнбал үүнийг олзуурхан их эрдэмтэнтэй холбоотой архивын материал болон хүмүүсийн сонссон янз бүрийн яриа дурсамж цуглуулахаар Зөвлөлт Буриад руу баг илгээжээ. Ингээд олдсон материалуудаа нэмж чимэн Ринченгийн эсрэг үзэл суртлын дайн эхлүүлж, түүний бүхий л өвөг дээдэс хамаатан садан Монголын дайсан байсан тухай том том өгүүлэл бараг бүх сонин сэтгүүлд зэрэг нийтлэгдэв. Ринченг нийтээр жигших хөдөлгөөн өрнөв. Нэрт эрдэмтэн тун удалгүй нас барсан. Нью Йорк таймс сонинд “Монголын Солженыцын нас барлаа” гэсэн мэдээ гарсан. Харин Монголын аль ч хэвлэл Ринченг нас барсныг мэдээлээгүй.

Галсангийн дело (хэрэг) 1974. Баянхонгор аймгийн дунд сургуулийн монгол хэл уран зохиолын багш Тангадын Галсан шүлэг найраглал оролддог залуу байжээ. Тус аймгийн залуу зохиолчидтой уулзан дэмжих томилолтоор зохиолч Даржаа ирэхэд залуу эхлэн бичигч Галсан түүнд бичсэн зарим шүлгээ уншиж сонирхуулав. Чухам эндээс нь улс төрийн далд ёгт утгатай хэдэн шүлгийг Даржаа илрүүлэн буцаж ирээд матсанаас хэрэг үүслээ. Галсанг ажлаас нь халж алс говийн суманд нэгдлийн тэмээ хариуцан маллуулахаар хөөж явуулсан. Үүнээс хойш ч “улс төрийн хэрэгт холбогдож байсан” тодорхойлолттойгоор олон жил гадуурхагдан ажил олдохгүй, их бодож л ачигч манаачаас дээш гараагүй.

Сайжаагийн дело (хэрэг) 1978. Цагдаагийн хошууч Р.Сайжаа уран зохиол оролддог нэгэн байв. Дэлгүүрт няравын ажилтай эхнэр Янжин нь кассын орлого 20 мянган төгрөгийг алджээ. Түүнийг хулгайлсан хэрэгт гүтгэн олон жилээр шоронд хорих ялаар шийтгэв. Тун удалгүй Сайжааг өөрийг нь эхнэртэйгээ хуйвалдсан хэрэгт татлаа. Прокурор Намжил энэ явдлаа Сайжаагийн уран бүтээлтэй холбон, цагдаагийн нууц баримтыг бичлэг маягаар нийтэд тараадаг гэж гүтгэсэн. Гурван жилийн дараа дэлгүүрийн кассын орлогыг хулгайлсан жинхэнэ эзэн баригдсанаар тэднийг шоронгоос сулласан. Шоронд байхдаа хүнд өвчин туссан Янжин тэндээс гаруутаа л өөд болжээ. Сайжаа ч удаагүй. Таван өнчин хүүхэд үлдсэн.

Академийн дело (хэрэг) 1981. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, Шинжлэх ухаан техникийн улсын хороон дарга Д,Майдар, Дээд боловсролын улсын хороон дарга Д.Цэвэгмид нарын хооронд Монголын шинжлэх ухааныг хэн нь тэргүүлэх асуудлаар нэлээд хэдэн жилийн өрсөлдөөн болжээ. Майдар, Цэвэгмид нар үгсэн Ширэндэвийг Цэдэнбал, Филатова нарт муучлан матсанаас болж ШУА-д Намын хянан шалгах хороо, Ардын хянан шалгах хороо, НАХЯ, Цагдан сэргийлэхтэй хамтарсан шалгалт оруулснаар хэрэг мандлаа. Ширэндэвийн эхнэрийн дагавар хүүгийн салсан эхнэр нь “Хангайн уулын хүү” нэртэй Ширэндэвийн тухай ном бичин Зөвлөлтөд хэвлүүлсэн явдал буудлагын гол бай болов. “Цэдэнбалын тухай намтрын ном гараагүй байхад Төв хорооноос зөвшөөрөл аваагүй,Улс төрийн товчоонд мэдэгдэлгүйгээр бэрээрээ ном бичүүлж гадаадад хэвлүүлсэн” гэж түүнийг буруутгасан тогтоолд заасан. Ширэндэвийг гутаан буруутгах үзэл суртлыг улс даяар өрнүүлж мэдээллийн хэрэгслээр өргөнөөр цацсан. Түүнийг буруутгахад Монголын шинжлэх ухааны голлох зүтгэлтнүүд бүгд идэвхийлэн оролцож, зориуд зохион байгуулсан ШУА-ийн намын хорооны хуралд уралдан үг хэлж байв. Голдуу “Биеэ тоосон”, “Зөвлөлтийн эрдэмтдийг тоодоггүй” гэсэн буруутгал зонхилж байв. Намын хорооны хурлын протокол тэмдэглэлийг бараг бүх сонин хэвлэлд тавин “нийтийн хүртээл” болгосон. Яг үүнтэй зэрэгцэн Улсын Драмын Театрт “Академик” цол олгож таарчээ. Ард түмэн болсон үйл явдлыг элэглэн “Хотоор сонин юу байна гэж үү? Академи нь театр болоод театр нь академи л болчихсон гэнэ ээ” гэсэн онигоо гарсан нь нийтэд таржээ.

Чадраагийн дело (хэрэг) 1981. Ширэндэвийн делог дагалдаад Шинжлэх ухаан академийн дэд ерөнхийлөгч Чадраагийн гэмт хэрэг гэсэн дуулиан хүчээ авлаа. Судалгаа шинжилгээний зориулалттай изотопыг түүний саналаар замын траншейнд хадгалжээ. Тэр үед цацраг идэвхт бодисыг агуулах сав төхөөрөмж Монголд байгаагүй учир аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авсан бололтой. Гэтэл мөнөөх изотоп алга болчихсон, одоо болтол олдоогүй. Ширэндэвийг шившиглэх ажиллагаа эхлэн мөрдлөг хийж байхдаа холбогдох хүчнийхэн зориудаар хулгайлан устгасан болов уу гэсэн таамаглал байдаг. Чадраад эрүүгийн хэрэг үүсгэн шоронд хорьсон. Цөмийн физикч Чадрааг шоронгоос сулласан хойноо үндсэн мэргэжлээс нь холдуулж хүн, малын бааснаас биохий гаргах төсөл дээр нэг хэсэг ажиллуулжээ.

Жалан-Аажавын дело (хэрэг) 1983. Улс төрийн товчооны гишүүнээр олон жил ажилласан Жалан-Аажав нь нам төриййн талаасаа Цэдэнбалын орлогч – Намын төв хорооны нарийн бичгийн дарга, АИХ-ын орлогч дарга байлаа. Гэтэл гэнэт 1982 онд тэтгэвэрт гаргажээ. Үүнтэй холбогдуулан түүнийг одон мядалиар шагнасан. Гэтэл хагас жилийн дараа тэтгэврийн өвгөн гэнэт улс төрийн онц ноцтой хэрэгт буруутгагдан, намаасаа хөөгдсөн ялтан болж хөдөө цөлөгдөв. Жалан-Аажав хуульч мэргэжилтэй учир Улс төрийн товчоондоо хуулийн чиглэл хариуцдаг, тухайн үедээ НАХЯ-ы сайд асан малын эмч мэргэжилтэй Дэжидийг байнга буруушаадаг, ажлыг нь голдог зэмлэдэг байжээ. Дэжид удалгүй Намын хянан шалгах хорооны дарга болсноор Жалан-Аажавын дээр гарчээ. Түүнийг тэтгэвэрт гарангуут нь Цэдэнбалд очин “1964 оны намын эсрэг бүлгийн далд удирдагч нь тэр байсан юм байна” гэсэн гүтгэлэг хүргэв. Жалан-Аажав нь Филатоватай таардаггүй байсан нь түүнийг хүсээгүй байхад нь тэтгэвэрт гаргасантай холбоотой. Жалан-Аажавыг гүтгэн шившиглэх ажиллагаа улс даяар өрнөв. Мэдээллийн хэрэгслэл үүнд бүрнээ татагдан орсон. Цэдэнбалын захирамжаар түүнийг Завхан аймгийн алслагдсан суманд нь цөлж, цагдаагийн офицер байсан хүүг нь халуулж аавыгаа асрах үүрэг өгөн сумын дэлгүүрийн ачигчаар бага цалинтай туслах ажилчин болгожээ. МУИС-д багш байсан охиныг нь халж ажилгүй болгон, байр сууцыг нь хурааж ихээхэн хэлмэгдүүлжээ. Урьд өмнө Жалан-Аажавтай хамт ажиллаж байсан, түүнтэй найз нөхөр багш шавийн барилдлагаатай бүх хүмүүсийг самнан намын шийтгэл оногдуулж ажил төрлөөс нь халсан.

Эрдэнэтийн дело (хэрэг) 1982. Эрдэнэтийн уул уурхайн цогцолбор 1980 онд бүрэн ашиглалтад орлоо. Уг цогцолборын өртөг болох нэг тэрбум рублийн 50 хувийг Монголын тал Зөвлөлтөөс зээлж үүнийгээ хожим бүтээгдэхүүнээр төлөхөөр гэрээлсэн. Үйлдвэр ашиглалтад орсноор Монголын амьдралын түвшин гурав дахин нэмэгдэж багшийн цалингаар жишээлэхэд 600 төгрөг нь 1800 төгрөг болж өснө хэмээн олон жил сурталчилсан атал ашиглалтад орсноор Монголын тал алдагдалд орон жилд 40-60 сая төгрөгийг улсын төсвөөс гаргах боллоо. Хэргийн мөрөөр хөөвөл энэ асуудалд огт холбоогүй Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Майдар Москвад өөр хэргээр явж байхдаа Зөвлөлтийн Өнгөт металлургийн үйлдвэрийн яамтай гэрээний төсөлд дур мэдэн гарын үсэг зурж тохиролцжээ. Уг гэрээгээр Зөвлөлтийн тал байгаль ус ашигласан болон роялти зэрэг ямар ч татвар төлөхгүй ба зэсийн худалдах үнийг олон улсын тогтсон стандартаас 3-6 дахин бага үнээр орос рублиэр худалдан авахаар болсон аж.

Энэ асуудал санхүүгийн байгууллагаар дамжин Сайд нарын зөвлөлийн дарга Батмөнх, Улс төрийн товчоондоо эдийн засаг хариуцсан Моломжамц нарт хүрчээ. Асуудлыг зохицуулж Зөвлөлтийн талтай ярилцуулахаар төлөвлөгөөний комиссын дарга Д.Содномыг Москва руу явуулав. Содном Зөвлөлтийн Өнгөт металлургийн сайд Костинтой уулзан “Эрдэнэтийн талаар хэлэлцээ хийе” гэж гуйхад “Надад тийм зав алга” гээд хөөж гаргажээ. Энэ тухай Содномын бичсэн “маш нууц” гэсэн дүгнэлтийг Ж.Батмөнх, Д.Моломжамц, Н.Жагварал зэрэг товчооны гишүүд болоод Төлөвлөгөөний комиссын орлогч П.Жасрай, Төв хорооны хэлтсийн эрхлэгч Н.Мишигдорж, Сайд нарын зөвлөлийн орлогч М.Пэлжээ, Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хороон дарга П.Очирбат нар дэмжижээ.

Энэ явдлыг олж мэдсэн Филатова, Майдар, Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын орлогч Балбар нар Зөвлөлтийн холбогдох хүмүүстэй тохиролцон дээрх нөхдийг хуйгаар нь халж солин төрийн бүрэлдэхүүнийг тэр чигээр нь өөрчлөхөөр тохироод үүнийгээ Цэдэнбалаар зөвшөөрүүлсэн байна.

Энэ үед Зөвлөлт гүрний толгойд Константин Черненко гарчихсан байсан авч эмнэлэгт хадаатай байсан учир улсыг үнэн хэрэгтээ Гадаад явдлын сайд Андрей Громыко толгойлж байлаа. Монголд төрийн эргэлт бэлтгэгдэж байгаагаас чухал асуудал Зөвлөлтөд тулгарсан байсан тул Филатова Майдар нарын төлөвлөгөөг таслан зогсоогоод Цэдэнбалыг огцруулах ажиллагаанд шилжсэн. Цэдэнбалыг огцруулах шалтгаан өөр үндэслэлтэй байсан, харин шалтаг болгосон нь Эрдэнэтийн асуудлаар дамжин Монголын нам төрийн удирдлагыг тэр чигээр нь солих гэсэн оролдлого ажгуу.

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхье.

2020.4.5

Categories
мэдээ цаг-үе

Б.Ариунболд: Иргэдээ мөнгөжүүлмээр байна

“COVID-19” халдварын тархалттай холбоотойгоор манай орны эдийн засаг, тухайлбал бизнесийн хэвшлийн байгууллагууд ихээхэн хүндрэл, сорилттой тулгарч байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор АН-ны ГУУГТ-ны бодлогын зөвлөлийн гишүүн Б.Ариунболдтой ярилцлаа.


-Коронавирусийн тархалттай уялдан дэлхий нийт өмнө нь болж байгаагүй цоо шинэ нөхцөл байдалтай учирлаа. Засгийн газар, ард иргэд бүгд л шинэ төрлийн халдварын эсрэг тэмцэж байна. Энэ талаарх сэтгэгдэлээ хуваалцана уу?

-Манай эрүүл мэндийн байгууллагууд, олон түмнийхээ дэмжлэгтэйгээр халдварыг нэмж тархаахгүй байх чиглэлд ДЭМБ-ын заавар зөвлөгөөний дагуу ажиллаж байна. Иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн чухалд эрэмбэлэгдэх хэдий ч дүйвээнээр нь тэдний амь зуулга, олдог хэдээс нь бүр салгамааргүй байна. Ер нь сүүлийн 3,4 сар бизнесийн итгэлийн индекс суларч, иргэдийн худалдан авалт ихээр муудлаа. Шилжилт хөдөлгөөний хорио тавигдаж, ихэнх бизнесийн байгууллагууд ажиллаж эхэлсэн хэдий ч иргэдийн бараа бүтээгдэхүүн худалдан авах идэвх эрс суларч, зөвхөн нэн шаардлагатай хүнс барааны худалдан авалт хэвийн үргэлжилж, бусад нь царцаж эхэллээ. Нэг зүйл тодорхой нь хэрэв халдвар эмнэлгээс гадагш алдагдлаа гэж үзвэл бүх байгууллага, компаниудын үйл ажиллагааг зогсоож, гэрийн хорионд иргэдээ оруулах нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл, манай аж ахуйн нэгж, байгууллагууд ирээдүйгээ удирдах төлөвлөх боломжгүй, хэзээ ч хаагдаж магад нөгөө тулалдааны өмнөх нам гүм гэдэг шиг орчинд амьдарч, вирус тархалт нь хурдан зогсоосой гэж залбираад л байж байна. Цар тахал хэрхэн бусад улс орнуудад тархаж байгаагаа бид өдөр бүр харж байна. Хүн бүр бусад улс орнуудад өрнөж байгаа үйл явц манай улсад ямар нөлөө үзүүлэх болгэдгийг тооцоолж байгаа байх. Энэ цаг үед Засгийн газраас хэрэгжүүлэхээр танилцуулагдсан эдийн засгаа хамгаалах, идэвхижүүлэх бодлогод үнэндээ сэтгэл дундуур байна.

-Тэгээд таны бодлоор яаж ажиллах ёстой гэж?

-Юуны түрүүн нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байна. Дэлхийн ертөнц маш том хямралтай туллаа гэдэгтэй бүхий л томоохон эрдэмтэд, судалгааны байгууллагууд санал нэгдэж байна. Мах, талхаа өөрсдөө хийдэг юм чинь бид алзахгүй ээ гээд зурагтаа хараад л суугаад байх уу. Харамсалтай нь манай эдийн засаг томрохын хэрээр бид энэ глобалчлал, энэ өртгийн гинжин хэлхээний нэг хэсэг нь болчихоод байна. Ганц экспортын орлогын эх үүсвэр болж төсөвт валют оруулж ирдэг уул уурхайн салбарын маань бүтээгдэхүүнүүдийн үнэ байнга уруудаж байгааг бид харж байна. Хэдийгээр Хятадын үйлдвэрлэл сэргэж байгаа гэж байгаа боловч зэс, гангаар хийсэн бүтээгдэхүүний үндсэн хэрэглэгчид болох өндөр хөгжилтэй орнуудын үйлдвэрлэл үндсэндээ тэг зогсолт хийчихээр хэн худалдаж авах билээ дээ. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүний эрэлт тал үндсэндээ байхгүй болохоор эрдэс түүхий эдийн эрэлт дагаад л буурах нь зайлшгүй. Тэгэхээр бодит үнэнтэй нийцэхгүй, өөдрөг төсөөллөөр хийсэн төсөвийн орлоготой 2020 төсөвөөр улс орныг авч явах нь зохимжгүй. Хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалтай уялдан төсөвт тодотгол хийх зайлшгүй шаадлагатай байна.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй, хэрэв зардлаа танавал эдийн засаг борцлогдоно гээд байгаа шүү дээ?

-Харин тэгж хэлээд, бүх тендерээ 5 сараас өмнө, тодруулж хэлбэл сонгуулиас өмнө зарлаад, тодруулах гээд л яваад байна. Би үүнийг сонгуулийн зардлаа босгох гээд, өөрийн намын гишүүддээ амжиж тендерээ өгөх гээд улайраад байна гэж хардаж байна. Одоо жаахан улсаа бодмоор байна. Манай улс багахан зүйлс өөрсдөө үйлдвэрлэж, ихэнхийг нь гаднаас оруулж ирдэг импортын хэт хамааралтай орон шүү дээ. Гаднаас орж ирдэг валютын орлого эрс муудлаа. Орлогогүй төсвийн зарлага хэвээр үргэлжлэхээр бүх мөнгө маань доллар болоод л гадагш гарна шүү дээ. Та бүхэн төгрөгтэй харьцах ам.долларын ханшийг ажиглавал зугуйхан байнгын өсөлттэй байгааг харж л байгаа. Одоо тендерийн ам долларын худалдан авалт эхлээгүй байна. Уг нь эдийн засгийн хуулиараа ам долларын эрэлт бага үед ханш өсөх учиргүй. Энд өөр хүчин зүйл үйлчилж байна. Төгрөг маань доллар болж хувираад байна. Одоо баахан тендерийн ам долларын худалдан авалт эхэлнэ. Монголбанк ямар ч байсан сонгууль дуустал ханшийг барихын тулд зах зээл рүү байгаа доллараа оруулна. Сонгууль болдогоороо болно. Тэгээд яах вэ? Америк долларын ханшийн зөрүүнээс үүдэлтэй инфляци гаарч төгрөгийн худалдан авах чадварыг сулруулж, иргэдийн амьжиргаанд том цохилт бий болох вий гэдгээс ихээхэн санаа зовинож байна.

Миний хувьд бизнесийн салбарт олон жил ажиллаж байна. Төрийн өмчит компанид ч удирдах албан тушаалд ажиллаж байлаа. Миний эргэн тойронд байгаа, бизнесийн салбарт хүчээ сорьж байгаа найз нөхөд хэрхэн энэ ирж байгаа хямралд бизнесээ авч үлдэх, амьд үлдэх талаар санаа зовинож, санал бодлоо солилцож байна. Ялангуяа өнгөрсөн хугацаанд өөрсдийн бэлтгэсэн ажилчдаа цомхотгохгүйгээр тэсч үлдэх вэ гэдэгт толгойгоо гашилгаж байна. Том зургаар харвал компаниуд ажилчдаа ажилгүйчүүдийн эгнээнд нэгдүүлэх эсэхээ шийдэж ядан, зарим нь ч аргагүйн эрхэнд ажилчдаа амраах, цомхотгох зэргээр зардлаа багасгах алхамуудыг хийж байна. Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөлөх, зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах гэх мэт арга хэмжээ авч эхэлж байгаа боловч орлого байхгүй бол хэдий хүсэл байвч яаж ч чадахгүй шүү дээ.

-Хүнээ дээдэлдэг төртэй байна гээд л их ярьдаг. Ажилгүйдэл нэмэгдвэл их л олон сөрөг үр дагавар нийгэмд учрах нь зайлшгүй. Тэгэхээр өрхийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх асуудал яригдах байх?

-Хямралын үед улс орнуудын авч хэрэгжүүлсэн туршлагаас харахад нийт иргэдээ мөнгөжүүлэх, орлоготой байлгах талаар төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг, эргээд хэрэглэгчид нь бизнес эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч цикл үүсгэдэг зүй тогтолтой. Энэ үед Засгийн газар хөдөлмөр зарцуулалт ихтэй эдийн засгийн салбаруудыг сангийн бодлогоор дэмжин аль болох олон ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулж орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг. Бид яаж ажиллах вэ? Жишээ нь, замын салбар байна. Дарханы зам гээд баригдаж дуусдаггүй зам байна. Одоо яаралтай нийт Монголын замын компаниудыг цуглуулж хэсэгчилж өгөөд хяналт, шаардлагыг нь тавиад ажиллуулж эхлүүлмээр байна. Өнгөрсөн хугацаанд тендерт шалгарсан компаниуд нь замаа хугацаанд нь барьж чадахгүй юм байна гэдэг нь тодорхой боллоо шүү дээ. Нөгөө талаар улс орон даяар “Ойжуулах аян”ч гэж нэрлэнэ үү, бүх нийтийн мод тарих хөдөлгөөн өрнүүлмээр байна. Одоо дөрөвдүгээр сарын 15-наас мод тарих улирал эхэлнэ. Манай Хан-Уул дүүрэг гэхэд л Богд уулын хормой, Туул голын ай сав газар, хороолол, замуудын хооронд гээд мод тарьж ногооруулах боломжтой үй олон талбай байна. Гэр хорооллын айл өрхүүдэд мод тарих хөдөлгөөн өрнүүлэх шаардлагатай байна. Энэ хямралын үед өндөр хөгжилтэй зарим орнууд худалдан авалтыг дэмжих зорилгоор бэлэн мөнгө тараахаар төлөвлөж байна. Тэдэнтэй адил бэлэн мөнгө тараа гэж байгаа юм биш, хотоо, хүрээлэн буй орчиндоо ногоон байгууламж байгуулж, гоё сайхан болгосныхоо төлөө иргэдээ урамшуулж, орлоготой болгомоор байна. Гэр хорооллын иргэдэд хашаандаа мод, бут тарьсны төлөө өнгө төдий урамшуулал өгөх бус, бодитой сэжим түлхэц болохуйц урамшууллыг өгч чадвал иргэд ч идэвхтэй оролцоно, хот маань ногоон, эрүүл болно. Энэ мөнгийг төсөвтөө тодотгол хийж, тэвчиж болох зардлуудаа бууруулснаар гарах хэмнэлтээр санхүүжүүлж болно. Энэ мэт ядуурлыг бууруулах, айл өрхийг ажил орлоготой болгоход дэмжлэг өгөх ажлуудыг төрөөс санаачлан зохион байгуулмаар байна. Гэтэл яг эсрэгээр талбайн урд талын цэцэрлэгийг нурааж, усан оргилуур барина гэж ч байх шиг. Үүнийхээ оронд Богд уулын “Дугуй цагаан” луу иргэд олноороо алхдаг урд амралтын газрын жимийг менежмэнтээр засч сайжруулж хамгаалалттай жим гаргаж, тэмдэг тэмдэглэгээ хийж, хогийн сав зэргийг байршуулж амралтын цогцолбор барих боломжтой л харагдаж байна.

-Цар тахал маш эрчимтэй тархаж байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл манай оронд үзүүлэх нөлөөлөл илүү хор хөнөөлтэй болох байх. Таны бодол?

-Бид манай улс энэ халдварт өвчнийг тогтоон бариад бусад улс орны халдварын тархалт энэ хэвээр үргэлж байгаа нөхцөлд гэсэн кэйс дээр ярьж байна. Хэрэв цар тахал хүн амд тархвал ойлгомжтой бид иргэдээ хэрхэн амин чухал хоол хүнсээр хангах вэ гэдэг асуудал л ярих байх. Бусад нь цаашаа болох биз. Ийм юм болохгүй гэж найдаж байна.

Цар тахлын эсрэг вакцин гарч байж энэ уршигт өвчин зогсох байх. Вакцин гараад, хэрэглээнд очтол хамгийн багадаа нэг жил болно гээд байгаа. Улс орнуудын үйлдвэрлэл эргэн сэргэж 2019 оны түвшиндээ очтол дор хаяж 6 сар болох болов уу. Ингээд үзэхээр 2022 оноос дэлхий нийтийн эдийн засаг, бизнес хэвийн үйл ажиллагаандаа шилжих дүр зураг харагдаж байна. Тэгэлээр Засгийн газар сонгууль болтол биш бүр 2022 он хүртэл эдийн засагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллах шаадлагатай байна. Макро түвшиндээ төсвийн болон мөнгөний бодлогоороо дамжуулан эдийн засаг, бизнест үүсэх эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Сэргийлэх гэж хэлээгүй шүү, ядахдаа уналтыг зөөлрүүлэх гэдэг талаас нь ярьж байна.

-Өнөөдөр Ардчилсан намын 30 жилийн ой болж байна. Та Монголд ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож байсан хүний хувьд өнөөгийн ардчиллын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Юуны өмнө ардчилсан хувьсгал, түүний үр дүнгээр бий болсон Ардчилсан намын 30 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн журмын нөхдөдөө ойн баярын мэнд хүргэж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнгөрсөн хугацаанд бид бүхэн ардчиллыг шинээр бүтээх үйл хэрэгт олон сорилт, хүндрэлтэй тулгарч, алдаа оноотой даван туулсаар өнөөг хүрлээ. Гэсэн хэдий ч монголчууд хэзээ ч ардчиллаас ухралгүй, ардчиллыг үнэт зүйлсийг өөрсдийн итгэл үнэмшил болгон төлөвшүүлж чадсаныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Ардчилал бол нийт иргэн бүрийн үнэт зүйлс юм. Хүн бүр хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг дэмжсэн эрх чөлөөтэй, түүнийгээ дагасан хариуцлагатай нийгмийн төлөөх ардчилал маань сүүлийн жилүүдэд бүдгэрч хатуу диктатуртай нийгмийг хүсэмжлэх, зах зээлд төрийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш эрхийн зарчим алдагдах зэрэг сөрөг үр дагавартай нүүр тулах боллоо. Өнөөдөр ардчиллын ололтыг улам батжуулан бэхжүүлж, урагш ахиулахын тулд эрс шинэчлэлийг хийх нийгмийн шаардлага бий болж байна. Үүнийг ардчиллын үнэт зүйлс, эрх чөлөөг эрхэмлэгч олон түмнийхээ хүсэл зорилго, чармайлтын хамтаар гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 10-нд болох үйл явдлууд

09.50 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан УИХ-ын дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МСНЭ, “Мон-Интра” компаниас УОК-т хандив гардуулна.

10.00 цагт ОБЕГ-т Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос хандив гардуулна.

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах хяналт шалгалтын талаар мэдээлнэ.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас:99010499

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Сахигтун” үндэсний хөдөлгөөнөөс Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд эмэгтэйчүүд хуурай өлсгөлөн зарлах талаар мэдээлнэ.

11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Таван толгой транс” ХХК-ийн талбайд нүүрсэнд даруулж нас барсан залуугийн хэргийг нуун дарагдуулсан талаар ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Нэргүй: Оршуулгын газарт арц хүж уугиулаад унтраалгүй орхиж явснаас гал гарсан тохиолдол байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.


-Энэ жилийн тухайд хуурайшилтын зэрэг ямар байна вэ. Гал түймрийн дуудлага он гарснаар хэд бүртгэгдэв?

-Он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газарт 600 орчим гамшиг осол, гал түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Үүний 90 орчим хувь нь объектын дуудлага. Түймрийн эрсдэлтэй улирал эхлээд байна. Ойн тухай хуулиар бол гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг “түймрийн аюултай үе” гэж тооцдог. Энэ үед ногоон бүсэд иргэдийг нэвтрүүлэх, ил задгай гал гаргахыг хориглодог. Урин дулаан цаг ирж байгаа болохоор иргэд зуслан, агаар салхинд их гарах болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд шар өвс шатаасны улмаас 34 дуудлага ирсэн. Зусландаа гарсан хүмүүс өнжмөл өвсөө шууд шатааснаас болж гал түймэр гарах эрсдэл их байна. Шар өвсийг шууд шатаах нь ногоон бүсэд ил гал гаргахыг хориглосон хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Шар өвсөө хадаж аваад зориулалтын нүх, таглаатай саванд хийх хэрэгтэй. Мөн иргэд хашаагаа тойруулаад түймрээс хамгаалах зурвас татах нь таныг, таны өмч хөрөнгийг учирч болох эрсдэлээс сэргийлнэ. Мөн галын болон цахилгааны аюулгүй байдлыг маш сайн сахих нь чухал. Хорио цээрийн дэглэмийн энэ үед ахмад настнууд болон бага насны хүүхдүүдэд тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

-Өнгөрсөн амралтын олон дуудлага бүртгэгджээ. Галын шалтгаан нөхцөлийг тогтоосон уу?

– Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар далан давхарын оршуулгын хашаанд хоёр ч удаа гал гарсан. Өнгөрсөн бямба гаригт ханш нээсэн. Энэ үеэр уламжлалт зан үйлийн дагуу иргэд бурхан болсон хүмүүсийнхээ хойноос буян үйлдэж арц, хүж уугиулаад бүрэн унтраалгүй явснаас гал гарсан. Хуурайшилттай байгаа энэ үед иргэд бурхан болсон хүнийхээ газарт очоод ац хүж уугиулсан бол бүрэн унтраахыг анхааруулж байна.

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Их Тэнгэрийн аманд шар өвс шатаасан дуудлагад ажилласан. Түймрийг унтраагаад Богд хан уулын дархан цаазат газрын захиргаанд хүлээлгэж өгсөн. Энэ хэргийн эзэн холбогдогч одоогоор тогтоогдоогүй байгаа.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Хүйсийн аманд шар өвс шатсан дуудлагад мөн ажилласан. Уг гал түймрийг 7-11 настай хоёр хүүхэд чүдэнзээр тоглож байгаад алдсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Үүнийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа.

Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд шар өвс шатаасан дуудлагад ажилласан. Үүн дээр 0 .7 га газар, 5х7 харьцаатай хоёр байшин шатаж, таван байшин галд өртөх эрсдэлтэй байхад шуурхай ажиллаж унтраасан.

-Иргэд хашаандаа шар өвс шатаасан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ. Хүлээлгэх хариуцлагын талаар тодруулахгүй юу?

-Зөрчлийн тухай хуулийн 5.14 дээр иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсвэл галын аюулгүй байдлын дүрэм хангах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирлыг төлүүлэх, хүнийг нэг зуун нэгжээр, хуулийн этгээдийг мянган нэгжээр торгоно гэсэн заалт байгаа. Иргэнийг 100 мянга, аж ахуйн нэгжийг нэг сая төгрөгөөр торгох нь төдийлөн өндөр дүнтэй торгууль биш ч учруулсан хохирлыг төлүүлдэг. Галаас үүдэж онц их хэмжээний хохирол учирсан, хүний амь эрсэдсэн бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцно.

-Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулаад харахад галын дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу. Шалтгаан нөхцөлийг та хэрхэн харж байна вэ?

-Объектын дуудлага өмнөх оны мөн үед мянга орчим байсан бол он гарсаар 600 бүртгэгдсэн нь 34 орчим хувиар буурсан үзүүлэлт. 2019 оны аравдугаар сараас эхлээд сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын иргэдийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоо бол иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж сурч байна. Зөвлөмж зөвлөгөө, зааврын хуудас тараасан нь гал түймрийн дуудлага буурахад нөлөөлсөн гэж гэж бид үзэж байгаа.

-Хуурайшилттай үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Ой хээрийн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын 02 тоот албан даалгавар гарсан байгаа. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар хамтран нийслэлийн есөн дүүргийн 59 ногоон бүсийн уулын амуудад эргүүл хяналт тавьж ажиллаж байна. 117 алба хаагч эргүүлээр үүрэг гүйцэтгэж 170 орчим зөрчлийг илрүүлж, ногоон бүсээс 5000 гаруй хүнийг гаргаж, шар өвсний таван түймрийг газар дээр нь унтраасан. Иргэдийн 110 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан.

-Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Цаг агаар дулаарч, уулс болон гуу жалга, суваг шуудуу гол мөрний цас хайлах, мөс нимгэрч нийслэлийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, ингэснээр айл өрх гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байгаа. Нийслэлийн хэмжээнд үерийн усанд өртөх эрсдэл бүхий зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй айл өрх бий. Энэ нь голдуу хөдөө орон нутгаас шилжиж ирсэн, газрын зөвшөөрөлгүй айлууд байна.

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт их байна. Тиймээс иргэд том, жижиг суваг шуудуу гол мөрнөөс хол суурьших нүүдэллэх, мөн далан шуудууг цэвэрлэх, уруйн ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, албан байгууллагуудыг нүүх, эс бөгөөс шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байгаа. Үүнтэй холбоотой нийслэлийн Онцгой комиссын албан даалгавар болон Засаг даргын захирамж гарсан байгаа. Үүнийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага хэрэгжүүлэх хэрэгтэй.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үерийн далан сувгийг таглан байрласан, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх аж ахуйн нэгжид хяналт тавих, зөрчлийг арилгахыг үүрэг болгосон.

Иргэд сайн дураараа нүүдэггүй. Газрын зөвшөөрлийн асуудал яригддаг. Тийм учраас энэ асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэж боддог. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Газрын алба, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдлын байгууллага хамтраад энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Орон нутгаас шилжин ирж буй иргэдэд шинэ суурьшлын бүс нутаг гаргаж өгөх нь зөв алхам гэж харж байна.

о.дашням

Categories
мэдээ цаг-үе

Б.Туяа: Энэ цөвүүн цагт зүрхэндээ нар мандтал инээгээрэй, ард түмэн минь

Монгол Улсын гавьяат жүжигчин Балдандоржийн Туяатай ярилцлаа.


-Энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө хүсэлтийг минь хүлээн авсанд баярлапаа. Та хошин урлагтай хэдийнээс холбогдож байв?

-Баярлалаа. Би 1976 онд хүүхэд залуучуудын театрт жүжигчин болж орсон. Тэгэхэд “Инээдэм 76” гэсэн тоглолт хийж байлаа. Тоглолтыг зохиолч Б.Лхагвасүрэн, Ж.Барамсай гуай хоёр зохиолыг нь бичээд өөрсдөө тоглож байсан. Яг энэ үеэс л хойш хошин урлагтай холбоотой явна даа. “Цуурхал”, “Бөхийн хорхойтон”, “Эрх жаал” гэх зэрэг хөтөлбөрийн үзэгдлүүдэд тоглож явлаа. Ингэхдээ Хүүхдийн театрт байсан Л.Жанчивдорж ах, Г.Дашхүү ах, Ардын жүжигчин А.Очирбат гуай, Гавяат жүжигчин З. Галсанданзан гуай гээд олон сайхан уран бүтээлчидтэй хамт тоглож байсан. Миний бүтээдэг дүрүүд туулайн бүжин, янзага гээд жижигхэн биетэй амьтдын дүрд тоглодог байлаа. 1980-аад оны үеэс арай том болсон юм уу даа. Г.Доржсамбуу найруулагч маань “Хүний санаа” жүжгэн дээр надад хүүхний дүр өгсөн. Тэрнээс өмнө дандаа жаахан амьтдын дүрийг их бүтээдэг байсан.

-Хүүхдийн театрт хэрхэн орж байв. Анхны тайз гэдэг урлагийн хүний хувьд нандин дурсамж байдаг байх?

-Би 1976 оноос өмнө “Нэг ангийн хоёр” кинонд тоглочихсон. Түүнээс хойш олон кинонд дуу оруулчихсан. Өөрийгөө урлагийн хүн гээд бодчихсон дээгүүр саначихсан байж байгаад 1976 оны кино драмын ангиас хасагдсан. Өөр мэргэжлийн томилолт ирсэн боловч аваагүй. Шалгалт өгсөн сургуулиудаа хаяад маргаашнаас нь хүүхдийн театрын зэритлийн арын суудалд өдөр бүр очиж суудаг болсон. Тэнд сууж байхад С.Сугар, Ганбаатар хоёр найруулагч жүжиг найруулдаг байлаа. Өдөр болгон хэрэгтэй юм шиг ирнэ. Өдөр завсарлагаанаар ах эгч нарын талх, чихэр, маруужин захисан юманд нь гүйж өгнө. Тэгээд ард нь сууж жүжгээ үзнэ. Би одоо баярладаг. Тухайн үед найруулагчид тэр хүүхэд юу вэ гар гэж хөөгөөгүй. Намайг удаан суулгасан нь ямар их аз вэ. Түүнийхээ ачаар жүжигчдийн арга барилыг харж, үгийг нь цээжилж, гэрлийг нь харлаа. Ингэсээр байгаад есөн сар болж хүүхдийн театрынхан бригад явах болсон. Би нөгөө хэдийгээ үдэж өгөх гээд ээжээрээ арван хил гурилаар боорцог хийлгээд, аравын бидонд будаатай цай хийлгэж аваад өглөө эрт хүрээд ирлээ. Тэгсэн нөгөө хэд маань явдаггүй. Яасан гэсэн нэг жүжигчин эгчийн хүүхдийнх нь бие муудаад эмнэлэгт хэвтсэн. Оронд нь хэнийг явуулах уу гээд хурал хийж байгаа гэнэ. Би ч ухаан жолоогүй гүйгээд даргын өрөө лүү зөвхөн гараа оруулаад “багш аа би тоглоё” гээд орилчихсон. Хэн бэ гэсэн аймар чичирсэн дуугар “би” гээд л орлоо. Ороод ир юу тоглож чадах юм чи гэхээр нь би “бүгдийг нь” гэж хэлсэн гээд л бодчих. (инээв) Шалгуулаад маргаашнаас нь театрын дагалдан жүжигчин тайзан дээр гарах эрхтэй болсон. Хамгийн түрүүнд тоглосон газар Лүн гээд газрын жижигхэн клуб байсан ч тэр миний хувьд хамгийн том тайз байсан.

-Таны хувьд “Төл” аянаар анх томилолт авч явсан гэсэн. Тэр үеийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хөдөө сум, бригадаар их явсан. Ямар сайндаа надаас нэг сэтгүүлч та хилээ хэд тойров гэж асуухад нь тоогоо алдсан гэж хариулах вэ дээ. Анх 1970-аад оны сүүлээр “Төл” аянаар явсан. Тэрэнд дандаа урлагийн томчууд явна шүү дээ. Тэгсэн Хүүхдийн театраас намайг явуулна гэж хуваарилдаг юм байна. Урлагийн ажилтны холбоон дээр очлоо. Тэгсэн Э.Оюун гуай намайг хараад “ишш зайлуулдаа чамаас өөр явах амьтан хүүхдийн театрт алга уу, чи юу чаддаг юм шалгуул” гэж байсан.(инээв) Тэгээд шалгуулаад явж байлаа. Олон сайхан уран бүтээлчидтэй нэг бригад болж хуваарилагдан төл авч байгаа айлуудаар явсан. Хүүхдийн театр намайг ганцаарчилсан үзүүлбэр үзүүлчихдэг л гэж явуулсан. Орой болгон хувийн номероо тоглоод байхаар хүн чинь нэг гаршина шүү дээ.

-Тухайн үед хамт нэг бригад болж явсан жүжигчдээс олон зүйл сурсан байх?

-Тэгэлгүй яахав. Аян маань дуусаад Дорнодын тайзан дээр тоглосон. Хаалтын тоглолтон дээр би жинхэнэ томчуудад харагдах аз завшаан байлаа л даа. Өөрийнхөө чаддаг “Баригддаггүй хулгайч” хүүхдийн номер “Нараа нараа” шүлгээ, “Андре хаачив” өгүүллэгээ уншлаа. Энэ бүхнийг үзүүлэхэд намайг хүн болгон үзээсэй гэж их хүссэн. Тэгээд өөрийнхөө гарах ээлж болоход томчууд дээр гүйж ирээд “одоо миний тоглох ээлж болж байна шүү” гээд өөрөө зарлачихсан. (Инээв) Тэгсэн нөгөө хүмүүс маань намайг харах гээд тайзны хоёр талд зогсоод л. Би чинь ёстой өөрийгөө үзүүлдэг юм байгаа биз дээ. Тэгээд томчуудад магтуулж байсан сайхан дурсамж бий. Түүнээс хойш намайг томчууд таниж мэддэг болсон. Тэр бол хамгийн том аз завшаан байсан.

-Бригад болоод явж байхад хөгжилтэй зүйл бишгүй л тохиолддог байх даа?

-Зорьсон газраа орой очсон болохоор миний тоглох хүүхдийн жүжиг маань тоглогдоогүй. “Хэнийг явуулах вэ” гэдэг жүжиг тоглосон. Тэрэн дээр саальчингууд нааш цаашаа харанхуйд гүйлдээд нэг гараад тайз солигддог жүжиг байхгүй юу. Нэг л удаа тэгж гүйх ёстой байсныг нь би гурван удаа нааш цаашаа гүйгээд загнуулсан. Хэн чамайг гурав яв гэсэн юм. Хэн чамайг наашаа цаашаа гүй гэсэн юм. Дахиж битгий гар гэж загнуулаад л их хөгжилтэй. Тоглолтын гэрэл тавихад нь туслаад л явдаг байсан. Тоглолтны дараа ийм жүжигчин байсан бол тэгэх байсан, тэр ах тэгээд алдчихлаа би байсан бол ингэх байсан гээд дандаа ургуулан боддог байсан.

-Л.Жанчивдорж, Г.Дашхүү гээд тэр үеийн хошин урлагийн томчуудтай ажиллаж байсан шүү дээ. Тэднээс их зүйлийг суралцсан байх?

-Гайхалтай хүмүүс. Бригадад явна. Надад суудал байхгүй. Би чинь жижигхэн амьтан тээр урд автобусны мотор дээр арагшаа хараад суучихна. Эсвэл хүмүүсийн суудлын хажуугаар авдар дээр нь суугаад явна. Хаа сайгүй л сууж явна даа. Л.Жанчивдорж, Г.Дашхүү ах дандаа онигоо зохионо. Тэдний онигоог сонсож л ангайж инээж л явлаа шүү дээ. Тэднээсээ л олон зүйл сонсож театрт орсон эхний хэдэн жилээ өнгөрүүлсэн дээ. Дараа нь тэдэнтэйгээ жүжигт ээж охин, эхнэр нөхөр, найзууд болж тоглож явлаа. “Бэрсүүт жүрж” кинонд Г.Дашхүү ах маань ээж болж тоглосон. Энэ дүрийг хүмүүс сайн мэднэ. Л. Жанчиндорж ахтайгаа эхнэр нөхөр ч болж тоглолоо. 15 жил хүүхдийн театрын жүжгүүдэд тоглохдоо маш олон гайхалтай жүжигчидтэй хамтарч тоглосон. Нэрийг нь дурдахгүй үлдвэл харамсалтай юм даа. Бүх жүжигчдэд нь хайртай. Би хамт тоглож байсан жүжигчид болон найз нартаа дурсамжийн мөртүүд бичдэг юм л даа. Г.Дашхүү ахдаа зориулж

Дашхүү ахыг дэндүү мэднэ ээ би

Даанч шогчийг нь дэндүү ойлгоно оо би

Цогзолмаа эгчид дэндүү хайртайг нь би бас мэднэ ээ

Цовоо сэргэлэн олон хүүхдүүдийг нь би бас өхөөрдөнө өө

Бэрсүүт жүржид ээж охин болж явлаа

Хүний санаанд хайртай хосуудад тоглож байлаа

Минийх жүжгийн найз нөхөд болж явлаа

Манай гэрт инээж баясаж хөгжилдөж суулаа

Авгайд тоглохдоо авьяастайдаа

Авдар хочит алдарт эцэгдээ

Онигоо зохиохдоо онч мэргэндээ

Олны хайртай мундаг ах минь дээ та” гэсэн шүлгийг 2011 онд бичиж байжээ. Жанчивдорж ахдаа

Жанчив шилэн нүдтэй тийм ээ

Жанчив шилтэй юманд дуртай үнэн

Жанчив гэнэхэн зантай хөөрхий

Жанчив гайхалтай авьяастай биширмээр ээ

Жанчивт хүүхнүүд дуртай үнэн

Жанчивтай тайзанд байх бахтай тиймээ

Жанчив хорхойд хоргүй үнэн

Жанчив халхад дахин төрөхгүй жүжигчин үнэн

Уяхан зөөлхөн гэнэхэн

Уйлдаг, дуулдаг жүжигчин

Шил зузаантай найз олонтой

Хорхойд хоргүй ховорхон ах минь ээ гэсэн байна. Энэ хоёр хүний тухай асуусан учраас энэ хоёр хүнийхээ л тухай шүлгийг уншлаа. Цаана нь зөндөө олон хүний тухай шүлэг бий. Нэг ийм дэвтэр байдаг юм.

-Дээхнэ үеийн хошин урлагийн жүжигчид болоод одоо үеийн хошин урлагийн жүжигчдийн ялгаа их байна?

-Энэ бол шал ондоо. Нийгэм нь ч ондоо. Бид нар хошин урлагт дүр бүтээдэг байсан. Одоогийн жүжигчдийг харахаар уучлаарай гомдоох вий дээ гэхдээ би шулуухан хэлэх дуртай. Дүр бүтээж мэдэхгүй байна. Яавал хүн инээлгэх вэ л гэж боддог болсон. Яавал биш байхгүй юу. Яавал инээлгэх вэ гэж бодож болохгүй. Яаж ийгээд хүн өөрөө аяандаа хүн инээж байх ёстой. Одоо бол дүр бүтээнэ гэдэг асуудал байхгүй. Хэрэгтэй хэрэггүй үгний цуглуулга ч юм шиг. Аймар шүүмжилчихэв үү дээ. Гэхдээ олон сайхан жүжигчид маш олон бий. За тэгээд ярилцлагынхаа төгсгөлд дэлхий даяараа сэтгэл санааны хямралтай байгаа энэ үед зүүдэндээ сарнай дэлгэртэл инээгээрэй, зүрхэндээ нар мандтал инээгээрэй, сэтгэлдээ хайр астал инээгээрэй, сарыг нар болтол инээгээрэй гэж ард түмэндээ хэлье.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​​“Өдрийн сонин”-д “Сонгууль хойшлох эсэхийг УИХ ч, Ерөнхийлөгч ч шийдэхгүй. “COVID” гуай л мэднэ дээ” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монголчууд коронавирусээс урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэж, олноор бөөгнөрөхгүй байх тал дээр анхаарлаа сулруулаад байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл манай сурвалжлах баг иргэд амны хаалтаа зүүж байгаа эсэх, хэр анхаарал болгоомжтой байгааг сурвалжиллаа. Нэг, долдугаар нүүрнээс тус сурвалжлагыг уншаарай.

Засгаас зарласан үнээр ноолуур
авбал үйлдвэрлэгчид 140 тэрбумын
алдагдал хүлээхээр байгаа талаар ноолууран эдлэл үйлдвэрлэгчид байр сууриа илэрхийлжээ. Энэ тухай нэг, дүгээр нүүрэнд нийтэллээ.

Стратеги академийн
захирал, доктор
Ц.Мөнхцэцэгтэй хийсэн ярилцлагыг нэг, дөрөвдүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

Монголын бизнесийн
зөвлөлийн удирдах
зөвлөлийн дарга
Б.Бямбасайханы ярилцлагыг нэг, 13 дугаар нүүрэнд хэвлэлээ.

НӨАТ-ыг бууруулах тухай
хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаар УИХ-ын
гишүүн Б.Пүрэвдоржоос
тодрууллаа. Хоёрдугаар нүүрнээс унүих боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Сонгууль хойшлох эсэхийг
УИХ ч, Ерөнхийлөгч ч шийдэхгүй.
“COVID” гуай л мэднэ дээ” нийтлэл хэвлэгдлээ.

Эрүүл мэндийн яамнаас хийдэг ээлжит мэдээллийг баасан гаригийн дугаарын гуравдугаар нүүрнээс уншаарай.

УИХ-ын хаврын ээлжит
чуулганы өчигдрийн хуралдааны тэмдэглэлийг тавдугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншиж танилцаарай.

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх
захирал, сэтгэл судлаач
Б.Ууганцэцэгтэй өрнүүлсэн ярианаас сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авах, өөрийгөө яаж хамгаалах талаар мэдэж авах боломжтой.

Баасан гаригийн шинэ дугаараас “Нэг ангийнхан”, “Залуусын ертөнц”, “Ном ярьж өгье” уламжлалт булангуудаа хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилга угсралтын ажлыг зогсоожээ

П.Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-ын захиалгаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй барилга угсралтын ажилд НМХГ-аас хяналт, шалгалт хийлээ.

Шалгалтаар угсралтыг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй, магадлал хийлгээгүй ажлын зургаар гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл/Барилгын гүйцэтгэгчийн чиг үүрэг/-ийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4-д заасны дагуу зөрчлийн хэрэг үүсгэжээ. Угсралтын ажилд эрчим хүчээр хязгаарлах арга хэмжээ авсан. Шалгалт үргэлжилж байна. Барилгын гүйцэтгэгчээр “Босоо цамхаг констракшн ХХК” ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр цахимаар хуралджээ. Хуралдаанаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар хэлэлцэн томилсон байна. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан дэд дарга болсон байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү нь улс төр-судлаач мэргэжилтэй, 2005-2006 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг албыг тус тусс хашиж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаж байна. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байгаа юм. Чуулганы хуралдаанаар Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Онцгой нөхцөл байдлын үед УИХ-ын чуулган онлайнаар хуралдаж, гишүүд хоёр минут үг хэлэх зэргээр зохицуулалтыг уг хуульд тусгажээ. Мөн хуулийн төсөлтэй дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах батлав.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр (2020.04.09) 14 цаг 55 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэйхамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын дарга чиглэл өгсөн. Иймд тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтад “г/. хүнсний аюулгүй байдлыг хангах, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх иж бүрэн цогц арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллах” гэсэн заалтад УИХ-ын даргаас өгсөн чиглэлийг нэмж тусган санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархБайнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.Иймд төслийн хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэмж тусгасан хуулийн төслийн талаар үг хэлж, асуулт асуух гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэлээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.