Categories
мэдээ нийгэм

Таван дүүргийн ногоон бүсэд өдөр бүр хөдөлгөөнт эргүүл ажиллана

Нийслэлийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамж гарлаа.

Тус захирамжийг НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын удирдах бүрэлдэхүүнд танилцуулан, үүрэг чиглэл өгсөн юм.

Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг таван дүүргийн ногоон бүсэд өдөр бүр батлагдсан хуваарийн дагуу 54 уулын ам, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д 206 хүн хянагдаж эмчлэгдэж байна

Дэлхий дахины нөхцөл байдал: Испани улсад зарласан онц байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл сунгажээ. Энэ бямба гарагаас Куба улсад нийтийн тээвэр, такси үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэр гаргасан байна. АНУ-д өнөөдрийн байдлаар 14 муж улсад хичээлийн жилийг дуустал танхимын хичээлийг эхлүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Тус улсын мдээллээр шинэ төрлийн COVID-19 халдварын эсрэг вакцин гаргаж авах хүртэл хүн амыг халдвараас хамгаалах хамгийн хүчирхэг хамгаалалт бол хүмүүс хоорондоо зайнаас харилцах гэдгийг онцолсон байна. Италийн Мелан хотын эрдэмтэн судлаачид COVID-19 вирусээр өвчилсөн хүмүүс 3 саяыг давсан. Нас баралт одоогийн байгаа тооноос гурав дахин илүү байгаа гэдгийг хэлжээ.

Монгол Улсын нөхцөл байдал: ХӨСҮТ болон Монгол улсад дөрөвдүгээр сарын 9-ний өдөр сэижгтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус төвөөс өчигдөр нийт 121 хүнд COVID-19 вирусийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Үүнд Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй нэг тохиолдол, Сэлэнгэаймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсийн шинжилгээ багтаж байгаа аж. Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгцоор ирсэн 83 хүний шинжилгээ, тандалтаар шинжилгээ хийсэн 33 хүнд вирус илрээгүй байна. Өнөөдрийн хувьд ХӨСҮТ-д 206 хүн хянагдаж эмчлэгдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын цэргийн ангиудад хугацаат цэргийн алба хаагч хуваарилахгүй

Улсын онцгой комиссын 15 дугаар хуралдаанаар коронавируст халдварын цар тахалын улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны мн/250 дугаар тогтоолд заасны дагуу 05 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрүүдэд хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулах,

Нийслэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх,

Зэвсэгт хүчний 032 дугаар анги хилийн ангиудаас бусад цэргийн нэгтгэл, ангид хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх,

Улаанбаатар хүрээний хилийн болон дотоодын цэргийн ангиудад хугацаат цэргийн алба хаагч хуваарилахгүй байх,

Цэрэг татлагын үйл ажиллагааг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар болон аймгуудын Засаг даргын тамгын газар богино хугацаанд үр дүнтэй өндөр түвшинд зохион байгуулж явуулах,

Зэвсэгт хүчний жанжин штабаас тогтоосон хяналтын тооны дагуу аймаг, орон нутагт байрлах хилийн ангиудад тухайн аймаг, зэргэлдээх аймгуудаас хугацаат цэргийн алба хаагчийг татах ажлыг хэрэгжүүлэх,

Аймгийн цэрэг татлагын товчоо, эмч нарын комисс сумдад ажиллахдаа нарийвчилсан график төлөвлөгөө гаргаж, нэг дор 5-аас дээш цэрэг татагдагч иргэн цуглуулахгүй байх арга хэмжээг авч ажиллах,

Аймаг, орон нутаг дахь цэрэг татлагын үйл ажиллагааны үеэр ариутгал, халдваргүйжүүлэлтийн горимыг чанд сахиж, улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрийг чанд мөрдөж ажиллахыг даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөв

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамж гарлаа.

Тус захирамжийг НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын удирдах бүрэлдэхүүнд танилцуулан, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг 5 дүүргийн ногоон бүсэд өдөр бүр батлагдсан хуваарийн дагуу 54 уулын ам, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЕБС болон их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг үүрэг болгов

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа.

Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будилантай утас хаягаа буруу өгсөнөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй үйлдлүүд гарч байгааг дуулгаад тусгаарлалтын журмыг зөрчсөн иргэдэд хариуцлага хүлээлгэж олон нийтэд зарлах, иргэдэд чиглэсэн заавар зөвлөгөөг сайтар өгч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нар санал хэлэв. Тэд хэлэхдээ, Зуслангийн болон аялал жуулчлалын ногоон бүсэд иргэд ууланд алхах, гэр бүлээр агаарт гарах нэрийдлээр гал алдах үзэгдэл цөөнгүй байгаа учраас ногоон бүсэд гарах асуудлыг түр хойшлуулах санал гаргаж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дэлхийн нийтэд тархаад буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийн гудамж талбайд ил задгай бие засахгүй, нус шүлсээ хаяхгүй байх, тоглоомын талбайд хүүхэд багачуудыг олноор цуглуулахгүй байх зэрэг асуудлуудад хяналт тавьж ажиллахыг эргүүлээр ажиллаж буй нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад үүрэг болголоо.

Мөн НОБГ, НЭМГ, НМХГ болон Цагдаагийн удирдах газрын удирдлагуудад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж шинэчилсэн төлөвлөгөөг батлуулж ажиллах хэрэгтэйг санууллаа.

Нийслэлийн хэмжээнд хороо дүүргийн хэсгийн ахлагч нарыг олон нийтийн байцаагчийн хууль ёсны эрх үүрэгтэйгээр ажиллуулах болсон, тэд Зөрчлийн хуулийн дагуу иргэдийн зүй зохисгүй үйлдэлд хяналт тавих, торгууль шийтгэл оногдуулах эрхтэй болж байгаа нь иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хэрэгжүүлж байгаа үйл хэрэг болохыг олон нийтэд таниулах, бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо.

Иргэдийг амны хаалт хэрэглэж хэвшүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн удирдлагуудад өгөв.

Дөрөв болон тавдугаар саруудад халдварын тархалт нэмэгдэх төлөвтэй байгаа талаар ДЭМБ-аас сануулж олон улсад урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж байгаа учраас Монгол Улсын хувьд хяналтаа сулруулж болохгүй гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан дахин сануулсан юм.

Сургуулийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ны өдөр хүртэл хаах Засгийн газрын чиглэл гарсантай холбогдуулан ЕБС-ийн болон их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газарт мөн үүрэг болголоо.

Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр гарахаас сэргийлж, байгал хамгаалагч нарын ажлыг эрчимжүүлж эргүүл хяналтын ажлыг тогтмол зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 5-наас өмнө олгосон богино хугацааны визийг түр хүчингүй болголоо

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна.

Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз), урт хугацааны (оюутан, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) визтэй иргэд, мөн хүчин төгөлдөр визээр БНСУ-ын нутаг дэвсгэрт очсон иргэд хамаарахгүй ажээ.

Хязгаарлалтын хугацаанд БНСУ-д албан ажил, хөрөнгө оруулалт, технологи нэвтрүүлэх, ар гэрийн гачигдал, хүмүүнлэгийн шалтгаанаар зайлшгүй зорчих гадаадын иргэн БНСУ-ын ЭСЯ-нд дахин шинээр виз мэдүүлэх боломжтой бөгөөд виз мэдүүлэгч нь шинэ коронавирусийн халдваргүй тухай эмнэлгийн магадлагааг (сүүлийн 48 цагийн дотор хийгдсэн байх) визийн мэдүүлэгт хавсарган өгөх шаардлагатай.

БНСУ-ын 1-5 жилийн хугацаатай олон удаагийн визтэй иргэдийн хувьд хязгаарлалтын хугацаанд Солонгост зорчих боломжгүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алсын хараа” урт хугацааны бодлогын үзэл баримтлалын тухай тогтоолыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Алсын хараа” урт хугацааны бодлогын үзэл баримтлалын тухай тогтоолыг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагач Л.Оюун-Эрдэнэ төслөө танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Categories
мэдээ спорт

2022 оны ДАШТ-ий товыг зарлалаа

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 он хүртэл хойшлуулах шийдвэрийг Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо гаргасан билээ.

Ингэснээр АНУ-ын Орегон мужийн Южин хотноо болох энэхүү тэмцээнийг 2022 оны долдугаар сарын 15-24-нд зохион байгуулахаар болжээ. “Токио-2020” олимпийн наадам, паралимпийн наадмыг коронавируст халдварын улмаас нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор ирэх онд зохион байгуулахаар товлож байсан хөнгөн атлетикийн ДАШТ-ий хуваарийг өөрчилж буй нь энэ юм. ДАШТ 2021 оны наймдугаар сарын 6-нд Южин хотод эхлэх байсан бол Токиогийн олимп 2021 оны долдугаар сарын 23-нд эхлэхээр болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Налайхын Барилгын үйлдвэр технологийн паркийн 4.7 километр замыг зургаадугаар сард ашиглалтад оруулна

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн. Уг замыг 40 метр өргөн, 30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

Өчигдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан, зам дагуух ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замын ажил хийгдэж байна. Зургаадугаар сарын 15-н гэхэд ажил дуусна гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс Хотын Захирагчид хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Замын тохижилт, ногоон байгууламж болон явган хүний замыг чанар стандартын дагуу хийх шаардлагатай. Замын ажлыг хийхдээ давхар цэвэрлэгээ, тохижилтын хамтад нь гүйцэтгээд явах хэрэгтэй” гэдгийг холбогдох албаныханд анхааруулсан юм.

Categories
мэдээ спорт

Ахмад шатарчин Л.Мягмарсүрэн FIDE-гийн тэтгэлэгт шалгарчээ

Дэлхийн шатрын холбоо (FIDE)-ноос шатрын ахмад зүтгэлтнүүдийг дэмжих 35 мянган еврогийн төсөвтэй хөтөлбөр зарласан байна.

Монголын шатрын холбооноос уг хөтөлбөрт 10 ахмадыг шатарчин, дасгалжуулагч, бодлого зохиомж төрөлд нэр дэвшүүлж явуулснаас шатрын спортын Монгол Улсын анхны гавьяат тамирчин, олон улсын мастер Л.Мягмарсүрэн шилдэг тамирчнаар шалгарч тэтгэлэг авахаар болов.

Дэлхийн шатрын холбооны удирдлага шатрын спортод бүхий л насаа зориулсан шатрын 65-аас дээш насны ахмад зүтгэлтнүүдэд зориулах тэтгэлэгт хөтөлбөрийг дөрвөн тивийн 16 орны 17 ахмад шатарчин, дасгалжуулагч, шүүгч, шатрыг хөгжүүлэгчдэд хүртээхээр шийдвэрлэжээ. Дэлхийн шатрын холбооноос гаргасан нийтлэлд тэтгэлэг хүртэж буй хүмүүс нь зөвхөн санхүүгийн дэмжлэг аваад зогсохгүй шатрын спортод зориулсан сэтгэл зүрх, оруулсан хувь нэмэр, гайхамшигтай амжилт нь шатрын их гэр бүлд дуу нэгтэйгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй хэмээн дурдсан байна.