Categories
мэдээ нийгэм

“Нэг хот- Нэг стандарт” зорилтот жилийн нэгдүгээр улирлын төлөвлөгөөний биелэлт 49 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн цахим хуралдаанд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн нэгдүгээр улирлын төлөвлөгөөний биелэлтийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн нэгдсэн төлөвлөгөөний нэгдүгээр улирлын биелэлтийг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг баримтлан гаргажээ.

Хотын засаглалыг сайжруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дөрвөн хэлтэс, нутгийн захиргааны 76 байгууллага биелэлт ирүүлж, нийт 18 арга хэмжээ хэрэгжүүлснээс 45 хувийн биелэлттэй байна. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр нутгийн захиргааны 17 байгууллага биелэлт ирүүлж, нийт есөн арга хэмжээ хэрэгжүүлснээс 46 хувийн биелэлттэй байгаа бол хот, нийтийн аж ахуйн чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны 21 байгууллага биелэлт ирүүлж, нийт 13 арга хэмжээ хэрэгжүүлснээс 56 хувийн биелэлттэй байгаа аж. Нийслэлийн хэмжээнд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн нэгдсэн төлөвлөгөөний нэгдүгээр улирлын биелэлт 11 салбар чиглэлээр нийт 87 арга хэмжээг хэрэгжүүлж, 49 хувийн биелэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгж, байгууллагуудаас Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Мон Интра” ХХК-тай хамтран голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад зориулж, 5000 тун эм бэлдмэлийг, “Монголын Жудо бөхийн холбоо”-оос нэг өдрийн цалин болох 1 449 244 төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн “Өөрчлөлт монгол христийн цуглаан” ТББ-аас 1 100 000 төгрөгийг, “Идэр ивээлт” ХХК-аас 10 000 ширхэг даавуун амны хаалтыг хандивласан юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Коронавирусийн акт буюу цар тахлын эсрэг хуулийн төслийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.

  • Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай багц хуулийг гурван хоногийн дотор хэлэлцэн баталлаа.
  • Цар тахал гарснаас хойш гурван сарын хугацаанд байнгын хороодын дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Цар тахлын үед УИХ онцгой горимоор ажиллаж байна. Цахим хуралдааны орчин бүрдүүлэх, онцгой нөхцөлд хялбаршуулсан журмаар шуурхай хуралдах дэгийг баталлаа.
  • УИХ, Засгийн газрын тухай хуулиуд бэлэн болчихсон байгаа.
  • Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулж байгаа.

  • Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ.
Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгална гэж үзэж байна.

  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан Коронавирусийн акт буюу цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулан санал авахаар Засгийн газарт хүргүүлж байна.

Нэг жилийн хугацаатай энэ хууль батлагдсанаар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлж байна. Нөгөө талд төрийн байгууллагын эрх хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулах зорилготой хууль юм. Энэ хуулийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ.
Энэ хуульд сар болгон УИХ хяналт, үнэлгээ хийнэ. Хяналтын хэлэлцүүлэг хийнэ. Зургаан сар тутамд хяналтын хэлэлцүүлэг хийж, цар тахал буурсан гэж үзвэл хэрэгжүүлэх шаардлагагүй болно.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн системийг өргөтгөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн цахим хуралдаанаар Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр хүргэлээ.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1163 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн одоогийн байдал, ашиглалтын түвшин, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиг үүрэгтэйгээр хангагч байгууллагуудын ерөнхий инженерүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ажлын хэсэг нь Улаанбаатар хотын дэд бүтцийн системийн түвшинг тогтоохоор судалгаа хийхэд судалгааны явцад дэд бүтцийн систем нь хуучирч, ашиглалтын хугацаа дууссан, нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй болсон, технологийн шинэчлэлт хийгдэх шаардлагатай болсон байсан. Мөн ажлын хэсгээс тус инженерийн дэд бүтцийн системд өргөтгөл шинэчлэлт хийгдэх шугам, тоноглолын жагсаалтыг гаргалаа” гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Судалгаа тооцоогоо сайн гаргаж, дэд бүтцийн системээ өргөтгөх ажлыг эрчимжүүлж ажилла. Өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжилтийг хангаж ажиллахад холбогдох байгууллагууд онцгой анхаар. Ажил хариуцсан албан тушаалтнууд ажилдаа хариуцлагатай ханд. Зарим хийгдээгүй ажлыг хийсэн болгож, материал бэлдэж орж ирдгээ болих хэрэгтэй. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, энэ асуудлыг дахин оруулж ирж танилцуул” гэлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Т.Бадрал: Ирэх даваа гарагаас тодорхой хэмжээний хязгаарлалтыг авч хэрэгжүүлнэ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дарга Т.Бадрал тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дэлхийн 43 улсаас 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Шалтгаанаар ангилан үзвэл:

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 830
  • Эрүүл мэндийн шалтгаантай 86
  • Өндөр настан 278
  • Жирэмсэн 32
  • Бага насны хүүхэд 307
  • Оюутан 973
  • Байрлах газаргүй болсон 409
  • Санхүүгийн боломжгүй болсон 89 болон бусад шалтгаантай 4,000 гаруй иргэн байна.

Өнөөдрийн байдлаар дараагийн онгоцын төлөвлөгөөг гаргаж байна.

Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр ярьж байна. Үүнд гадны бусад улсаас Сөүлд очсон иргэдээ татах талаар төлөвлөж байгаа юм. Хэрвээ онгоц нисвэл дээрх ангилалд багтсан хүмүүсээ хамгийн түрүүнд авна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс аль болох иргэдээ татаж авах чиглэлээр ажиллаж байна. Мөн өчигдрийн УОК-ын хурлаар сүүлийн үед иргэдийн ахнаарал суларсантай холбоотой иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах асуудал яригдсан. Ирэх даваа гарагаас тодорхой хэмжээний хязгаарлалтыг авч хэрэгжүүлнэ” гэлээ.

2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны тусгай нислэгээр ирсэн иргэдийн талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөрмэдээлэл өглөө.

Тэрбээр “Сөүлийн онгоцоор транзитаар явж байгаа 51 зорчигч ирсэн. Транзит нислэгээр ирж байгаа иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах журам хэрэгжиж байгаа учраас ХӨСҮТ-ийн орны тооноос хамаараад 51 гэсэн квот тогтоосон” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэг амралтын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд нэмэлтээр ажиллана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан цахим хэлбэрээр хуралдаж байна. Хуралдаанд “Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэг”-ийн үйл ажиллагааны журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа хүргэлээ. Тэрбээр “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд ойртуулах, хүртээмжийг сайжруулах, үйлчилгээг шуурхай үзүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр үйл ажиллагааг иргэд, оршин суугчдад сурталчлах, мэдээ, мэдээллийг нэг сувгаар тэгш, шуурхай, хүртээмжтэй хүргэх, нийслэлийн удирдлагыг цаг үеийн бодит мэдээ, мэдээллээр хангах, иргэдийн санал хүсэлтийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тусгах зорилгоор Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна” гэв.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэг нь ажлын өдрүүдэд 08:00-20:00, амралтын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хоёр ээлжээр тасралтгүй ажиллахаар төлөвлөжээ.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, журмын төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлээд, журмын төслийг дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов

М.Халиунбат: “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрт нэг жилийн хугацаанд ...

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн цахим хуралдаанд иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2020 оны 1 дүгээр улирлын тайлангийн танилцуулгыг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбаяр хүргэв.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын UB ERP систем дэх өргөдөл, гомдлын дэд системийг нийслэлийн нутгийн захиргааны 1143 байгууллага, 2579 нэгж, 24372 албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байна. Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 12860 өргөдөл, гомдол гаргаснаас 11597 буюу 91 хувь нь шийдвэрлэж, 1263 буюу 9 хувь нь шийдвэрлэх шатанд байгаа аж.

Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг багасгаж ажиллах нь зүйтэй. Энд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүх шатны албан тушаалтнууд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажилла. Мөн албан тушаалтнуудад өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой сургалтыг өгөх нь зүйтэй. Хэрвээ өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй чирэгдэл учруулсан тохиолдолд хариуцлага тооцох ажиллах шаардлагатай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Харилцаа холбооны салбарынхан санаачилгатай, шуурхай ажилласнаар хямралыг боломж болгох давуу талтай

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.04.10) харилцаа холбооны салбарын төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, “ЖиМобайл” ХХК-ийн ерөнхий захирал Г.Дашням, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир, “Жемнэт” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дэлгэрсайхан, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн захирал Ч.Золбаяр, Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очир, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Скайтел группийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа, албаны бусад хүмүүс байлцлаа.

Харилцаа холбооны салбарын төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайд нарыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, салбарын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч буй арга хэмжээг харилцаа холбооны салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд бүхий л талаараа дэмжин ажиллаж байгааг дуулгав. Тухайлбал, www.econtent.edu.mn цахим сайтад байрласан теле хичээлийг гар утаснаас болон өрхийн интернетээр үзэх, IPTV видео сангаас теле хичээлийг тодорхой хугацаанд үнэгүй үзэх боломжийг бүрдүүлсэн. Хоёр сарын хугацаанд давхардсан тоогоор 30 сая гаруй хэрэглэгч үзсэн байна. Мөн 11 их дээд сургуулийн цахим хичээл явуулж байгаа порталуудыг үнэ төлбөргүй болгосоны зэрэгцээ оюутнуудад сургуулийнхаа цахим сайт руу хэрэглээ болон хурдны хязгааргүй дата ашиглан хандах бололцоог бүрдүүлжээ.

Боловсролын чиглэлээр хийсэн дээрх ажлуудаас гадна хэрэглэгчдийн дата үйлчилгээний багтаамжийг нэмэгдүүлэх, цахим сувгаар төлбөрөө төлсөн хэрэглэгчдэд дата багц бэлэглэх, өрхийн интернетийн суурь хураамжийг хөнгөлөх гэх зэргээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн талаараа танилцуулсан юм. IPTV видео сангаас дэлхийн шилдэг кинонуудыг тодорхой хугацаанд үнэгүй үзэх боломжийг бүрдүүлсэн нь нийтдээ 2 сая 534 мянган хандалттай байгаа аж. Зарим орны олон улсын ярианы тарифыг хямдруулж, цахим төлбөр тооцооны данс хооронд шимтгэлгүй болгоод байгаа гэв. Түүнчлэн улс орны хэмжээнд шилэн кабелийн үндсэн сүлжээ, үүрэн холбооны сүлжээний бэлэн байдлын бүрэн хангаж ажиллаж байгаагаа танилцуулсан.

Үүний сацуу салбарын албан хаагчдад ариутгал, хамгаалалтын хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангах, ажлын цагийг богиносгох, ажилтнуудынхаа 40-60 хувьд гэрээсээ ажиллах боломж олгох, ажлын байран дахь хүмүүсийн төвлөрлийг бууруулах зорилгоор ажлын байрны дахин төлөвлөлт хийх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Өнөөдрийг хүртэл орон тоо цомхотгох, ажлын байр цөөлөх арга хэмжээ аваагүй байна.

Үргэлжлүүлэн цахим хичээлийн нэгдсэн портал бий болгож, үнэ төлбөргүй хандах боломжийг бүрдүүлэх, Коронавирус (COVID-19)-ын цар тахалтай холбоотой мэдээллийг хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээллийн нэгдсэн аппликэйшн хөгжүүлэх гэх зэргээр тус салбарын зүгээс авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа. Үүссэн нөхцөл байдал нь харилцаа, холбооны салбарт үзүүлж буй нөлөөллийн талаар мөн товч танилцуулсан. Тухайлбал, ярианы үйлчилгээний ачаалал буурсан, орлого буурч байгаа бөгөөд цаашид буурах хандлагатай байгаа гэв. Түүнчлэн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, үнийн өөрчлөлтгүйгээр багтаамж, хурдыг нь нэмэгдүүлж байгаагийн улмаас дата ачаалал огцом нэмэгдсэн нь сүлжээний хэт ачаалал үүсгэн, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгээд байгаа аж.

Танилцуулгын төгсгөлд төрийн өмчийн оролцоотой, харилцаа холбооны зарим компанийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамруулах, эсвэл хойшлуулах, олон улсын шуудан солилцооны үйлчилгээний тасралтгүй, шуурхай байдлыг хангах, тус салбарын тоног төхөөрөмжийг онцгой, түргэвчилсэн нөхцөлөөр нэвтрүүлэх гэх зэрэг асуудлаар дэмжлэг хүсч буйгаа танилцуулсан юм.

Шинэ коронавирус (COVID-19)-ийн халдвар тархсан нь дэлхий дахинаа шинэ нөхцөл байдал үүсгэж байгаа ч харилцаа, холбооны салбарын хувьд хямралыг боломж болгох гарц байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Олон жил яригдаж ирсэн дижитал шилжилтийг хийх үүргийг харилцаа, холбооны салбарынхан чиглэл болгосон гэдгээ дурдлаа.

Улсын Их Хурал богино хугацаанд шуурхай ажиллаж, цар тахлын үеэр иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний талаарх хууль, тогтоолыг баталсан бөгөөд холбогдох бодлого, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг боловсруулан ажиллаж байгаа талаар уулзалтад оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлсэн. Харилцаа холбооны салбарын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулгад дурдагдсан төрөөс үзүүлэх дэмжлэгийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Бусад улс оронд авч хэрэгжүүлж байгаачлан харилцаа холбооны компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд коронавирус (COVID-19)-ийн цар тахлын улмаас хорио цээрийн дэглэмийн үед ярианы үнэ тарифаа бууруулах боломжийг судлахыг хүсэв. Шуудан-хүргэлтийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, төрөл бүрийн цахим үйлчилгээ, аппликейшнуудыг хөгжүүлэн замаар эдийн засгийн идэвхжлийг дэмжих боломж байгааг тэрбээр онцлоод, энэ чиглэлд техник технологийн хувьд манлайлан ажиллахыг уриалав. Түүнчлэн хорио цээрийн дэглэм тогтоосон үед шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, боловсролын чиглэлийн контентуудыг IPTV-үүдээрээ үнэ төлбөргүй, хүртээмжтэйгээр түгээх гэх зэргээр нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн эрх ашгийн төлөө ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, хорио цээрийн дэглэм эхлэх үеэс санаачилгатайгаар дэмжин ажиллаж байгаа харилцаа холбооны салбарын хамт олонд талархал илэрхийллээ. Боловсролын салбар одоогийн байдлаар 1 улирлын хичээлийг теле хувилбарт амжилттай шилжүүлээд байгаа бол 06 дугаар сарын 01-ний өдөр хичээлийн жилийн бүтэн хөтөлбөрийг теле хувилбарт шилжүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс суралцах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дуулгав. Энэ жил 28.5 мянган сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бөгөөд сурагчдыг шалгалтад бэлтгэх асуудлаар холбогдох талууд судалгаа хийж байгааг Ё.Баатарбилэг сайд хэллээ. Иймд төгсөх ангийн нийт сурагчдыг цахимаар суралцах бололцоог дэмжин ажиллахыг уулзалтад оролцож буй үүрэн холбооны оператор компаниудын төлөөллөөс хүсэв.

Харилцаа холбооны салбарын салбарынхан 270 сая төгрөгийн мөнгөн болон бүтээгдэхүүн үйлчилгээ, тоног төхөөрөмж хандивлах, зарим эмнэлэгт утасгүй интернэтийн сүлжээг үнэ төлбөргүй бий болгожээ. Тусгаарлалтад орсон хүмүүсийг харилцаа холбооны үйлчилгээгээр хангах зорилгоор Эрүүл мэндийн яамаар дамжуулан 500 орчим шинэ дугаарыг бэлэглэсэн байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлэг мессэжийг иргэдэд тогтмол түгээн, одоогийн байдлаар 3.7 тэрбум төгрөгийн 184.4 сая мессеж илгээгээд байгаа аж. Нэг зэрэг 20 дуудлага хүлээн авах хүчин чадал бүхий Үндэсний эрүүл мэндийн мэдээлэл өгөх төвийн 119 тусгай дугаарын холболтыг үнэ төлбөргүй суурилуулж, богино хугацаанд ашиглалтад оруулан, найдвартай ажиллагаа, техникийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа гэв. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад үнэ төлбөргүй нэгж, дата олгож байгаа нь шуурхай үйл ажиллагааг хангахад ихээхэн дэмжлэг болж байгаа гэлээ. Ийнхүү цар тахлын үед нэгдсэн зохион байгуулалтад орж шуурхай, санаачилгатай, идэвхтэй хамтран ажилласан тус салбарын хамт олонд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл чин сэтгэлийн талархал илэрхийлсэн.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн бүх төрлийн үйлчилгээг цахим хувилбарт шилжүүлэх, санхүү, эдийн засгийн харилцааг цахим хувилбараар хөгжүүлэх шаардлага тулгараад буйг харилцаа холбооны салбарынханы анхаарч санаачилгатай, шуурхай ажилласнаар хямралыг боломж болгох давуу тал бий гэдгийг хэлж байв. Улсын Их Хурлын зүгээс дижитал шилжилттэй холбоотой эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг тухай бүр шуурхай шийдвэрлэн дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Германд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд хандивын аянд нэгдлээ

Герман улсын Линденберг, Мёнчен, Аусберг, Линдау, Дотмонд, Бонн хотуудад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд сэтгэлийн хандиваа илгээснийг гэр бүлийн төлөөлөл өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Дээрх хотуудад амьдардаг нийт 48 иргэнээс 1210 евро буюу 3732 850 төгрөгийн хандив илгээжээ. Дэлхий нийтийг цочроож байгаа коронавируст халдвараас ард түмэн, эх орноо хамгаалан ажиллаж байгаа элэг нэгт бүх монголчууддаа баярлаж, талархаж байгаагаа илэрхийлсэн гэдгийг энэ үеэр уламжлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 356 655 болжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 212 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 95 722 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 1 603 719-д хүрсэн бол 356 655 хүн эдгэрсэн байна.