Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 371 хүнд Covid-19-ын шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг ...

ЭМЯ-наас шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Сэжигтэй тохиолдол болох 371 хүнд Covid-19-ын шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 265 нь Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж, Covid-19 илэрсэн иргэнтэй ойр байсан сэжигтэй тохиолдлууд байсан. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнд давтан шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна. Цус, шээс зэрэг бусад шаардлагатай шинжилгээнүүдийг авч байна. Иргэд анхаарлаа сулруулж болохгүй. Дулаарлаа гээд амны хаалт зүүхгүй байх нь том алдаа” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчинд барилга-инженер, кибер аюулгүй байдлыг хангах шаардлага, нөхцөл бүрдсэн

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяртай ярилцлаа.


-Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, хэрэгцээ, шаардлагын талаар та мэдээлэл өгнө үү?

-Зэвсэгт хүчний тухай хуулиар Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг гэсэн хоёр төрлийн цэргээс бүрддэг. Өргөн барьсан хуулийн төсөлд Зэвсэгт хүчний бүтцэд шинэ төрлийн цэрэг болох Барилга-инженерийн цэргийг байгуулах, түүнээс гадна кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэгжийг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг тусгаад байна. Сүүлийн жилүүдэд төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг Зэвсэгт хүчний анги, байгууллага, цэргийн алба хаагчид гүйцэтгэсэн. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын авто замын төсөл болон “Халх гол” сумын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж дуусгалаа. Мөн Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих ажлыг хийж байна. Дээр дурдсан ажлын үзүүлэлт, үр дүнгээр улс орны стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнтэй, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног, төхөөрөмжөөр хангагдсан, зохион байгуулалттай хүч хэрэгслээр хийж гүйцэтгэх нь өндөр үр дүнтэй болохыг төр, засгийн удирдлага анхааран үзэж, Зэвсэгт хүчний бүтцэд ийм чиглэлийн төрлийн цэрэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Төрлийн цэрэг гэж хуулиар тогтоосон чиг үүргийг бие дааж, эсхүл бусад төрлийн цэрэгтэй хамтран гүйцэтгэх зориулалт бүхий Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хэсэг хэмээн хуульчлан тодорхойлсон байдаг. Эдгээр байдлыг бодолцон барилга-инженерийн цэргийг байгуулах эрх зүйн зохицуулалтыг нь хийх юм. Энэхүү хууль гарснаар Зэвсэгт хүчнийг чадваржуулах, цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах, тодорхой мөнгөн хуримтлалтай болох зэрэг ач холбогдолтой. Дэлхийн улс, гүрнүүдийн Зэвсэгт хүчинд ч барилгын, барилга-инженерийн, төмөр замын, зам-гүүрийн гэх мэт тайван цагт улс орныхоо бүтээн байгуулалтад оролцдог төрлийн цэрэгтэй байх нийтлэг жишиг байдаг. Барилга-инженерийн цэргийн үндэс суурийг тавих ажил 2010 оноос эхэлж, Засгийн газрын шийдвэрээр Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн ангиудыг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. ЗХЖШ-ын бүтцэд Бүтээн байгуулалтын ажил хариуцсан газар байгуулж ажиллаад эхэлсэн. Үүний боломж чадавхыг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох үүднээс төрлийн цэрэг болгож байгаа юм.

-Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэрэг бүтээн байгуулалтад оролцохоос гадна ямар чиг үүрэгтэй байх талаар тодруулбал?

-Барилга-инженерийн цэрэг нь зөвхөн улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох үүрэгтэй гэж ойлговол өрөөсгөл ойлголт болно. Энэхүү төрлийн цэргийн хүлээх үүргийн талаар дэлгэрэнгүй ярья. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Энэ үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бэлтгэлийг тайван цагт хангадаг. Энэ хүрээнд болзошгүй түрэмгийллийг няцаахад улс орныг бэлтгэх гэсэн томоохон арга хэмжээг Зэвсэгт хүчин хэрэгжүүлдэг. Ялангуяа өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд тайван цагт нутаг дэвсгэрээ бэлтгэх, оперативын төхөөрөмжлөлийн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг Барилга-инженерийн цэргийн үндсэн үүрэг байх юм. Үүнээс гадна улсын онц чухал объект, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, дайны болон гамшгийн дараахь сэргээн босгох ажилд оролцох, хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зэрэг өргөн цар хүрээтэй үүргийг хүлээх юм.

-Хуульд орсон бас нэг асуудал нь кибер аюулгүй байдлыг хангах, түүнийг хэрэгжүүлэх нэгжийг Монгол Улсын Зэвсэгт хүчинд байгуулах талаар та дээр дурдсан. Энэхүү асуудлыг хуульд тусгах ямар хэрэгцээ, шаардлага байгаа вэ?

-Нэгдүгээрт, Дэлхийн кибер орон зайн аюулгүй байдал үндсэндээ алдагдаж, улс орнуудын аюулгүй байдалд шууд утгаараа заналхийлж байна. Дэлхий дахинд үйлдэгдсэн кибер халдлагын улмаас жилд дунджаар хоёр их наяд ам долларын эдийн засгийн хохирол учирч байна. Халдлагыг нягтлан шинжилж үзвэл 80 орчим хувь нь гэмт хэргийн, эдийн засгийн сэдэлтэй байхад үлдсэн 20 орчим хувь нь улс төрийн зорилготой үйлдэгдэж байна. Дэлхийн улс орнууд олон хэмжээст ертөнцийн тав дахь орон зай болсон кибер орон зайг хамгаалах хүчнийг Зэвсэгт хүчиндээ байгуулж, асар их төсөв, хөрөнгө зарцуулж байна. Би зөвхөн ойрын хоёр жишээг дурдъя. 2019 онд АНУ 15 тэрбум, БНХАУ 7.3 тэрбум ам.долларын хөрөнгийг кибер цэрэгтээ зарцуулаад байна. Манай улс шиг жижиг орнууд кибер цэргийг байгуулах, бүрдүүлэх чиглэлд том гүрнүүдээс дутахгүй анхаарч байна. Жишээлбэл, Эстони улс 1.3 сая хүн амтай жижиг улс хэдий ч НАТО-гийн кибер аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бие даасан кибер командлалтай, 300 орчим кибер цэрэгтэй улс болоод байгаа нь томоохон Зэвсэгт хүчинтэй улсуудыг ч энэ чиглэлээр ардаа орхиод байна.

Афганистан, Бангладеш, Танзани зэрэг орнууд хүртэл кибер цэрэгтэй 67 улсын жагсаалтад багтжээ. Иймд орчин үеийн техник технологийн хөгжилд суурилсан “шинэ” дэлхий ертөнцөд аюулгүй оршин тогтнох үндэс суурийг бэхжүүлэх, кибер орон зайн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ, шаардлага өдөр тутам, маш хурдацтайгаар тавигдаж байна.

Хоёрдугаарт, Манай улс мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээгээрээ өндөр боловч кибер орон зайгаа хамгаалах тал дээр олон арван жилээр хоцорч байна. Монгол Улсад бүртгэгдэж байгаа кибер халдлагыг нэгтгэсэн гадны байгууллагын статистик дүн мэдээг харахад дэлхийн дунджаас даруй найм дахин их байна. Бид өөрсдөө энэ тоог нэгтгэж гаргах чадамжгүй. Товчоор хэлэхэд манай улсад кибер орон зайг хамгаалах төрийн тогтолцоо үгүйлэгдэж байна. Тэр тусмаа батлан хамгаалах салбарт. Улс орны кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт ард иргэд, хувь хүн, төрийн болон хууль, хүчний байгууллагууд шат шатандаа өөр өөрсдийн үндсэн чиг үүргийн хүрээнд оролцох боломжоор хангагдсан байхаар энэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай юм. Монгол Улсын кибер орон зайг батлан хамгаалах төрийн тогтолцоог “Кибер аюулгүй байдлын тухай” анхдагч хуулийг баталж мөрдөх, “Зэвсэгт хүчний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бүрдүүлэх боломжтой. Ийм учраас Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар кибер аюулгүй байдлыг хангах нэгжийг Зэвсэгт хүчний бүтцэд байгуулах, улс орон, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, кибер батлан хамгаалах тогтолцооны цаашдын хөгжлийг хангах чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулгын хариуг сонсжээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы (2020.04.10 үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсад коронавирус /СОVID-19/-ын халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсад КОВИД-19 халдвар гарахаас сэргийлэн хамгаалах, эрт илрүүлэх, голомтын цар хүрээг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах стратегийг баримтлан ажиллаж байна. Халдварын тархалтыг хязгаарлахын тулд голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийг ганцаарчлан тусгаарлаж, тандалт судалгаа, шинжилгээ хийх, эмчлэх тактик нь үр дүнгээ өгч байна. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны байдлаар манай улсад зөөвөрлөн ирсэн 16 тохиолдол илэрч, 4 иргэнийг манай эмч нар амжилттай эмчлэн эдгээснийг онцлон тэмдэглэв.

Засгийн газрын нөөц сангийн 10,0 гаруй тэрбум төгрөгөөр нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн бодис, худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажиллаж байна. Үүнд 12 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, вирусийн эсрэг болон уушгины хатгалгаа өвчний эмчилгээнд шаардлагатай 6 нэрийн эм, вирусийн эсрэг, антибиотик, судсаар сэлбэх шингэн, амилуулах тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 21 нэрийн эм, хүчилтөрөгч эмчилгээнд шаардлагатай 5 нэрийн эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, аймаг, нийслэлийн нийт 38 эрүүл мэндийн байгууллагад хуваарилав. Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс 1200, ОХУ-аас 200, ДЭМБ-аас 3000 оношлуурыг авч, оношилгоонд хэрэглэж байна гэж байлаа.

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 9 нэрийн төрлийн 572 тоног төхөөрөмж худалдан авч Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын 3-р төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, Орхон, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дорнод аймгийн Халхгол сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэгт хуваарилан угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгээд байна. Дэлхийн банкны санхүүжилтээр 2.2 сая доллар буюу 5.93 тэрбум төгрөгөөр суурин рентген аппарат 10 ширхэг, зөөврийн рентген аппарат 12 ширхэг, зөөврийн эхо аппарат 41 ширхгийг тус тус авч хуваариласан гэж байлаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 100 ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой эмнэлгийн барилгын гэрээг тус тус байгуулан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Анагаахын чиглэлээр сургалт явуулдаг 8 сургуулийн 6 дугаар курсын 1340 оюутан, 1824 дадлагажигч эмчийг сургаж бэлтгэн, халдвартын чиглэлээр бусад эмнэлэг рүү шилжүүлэн ажиллуулахаар лавлагаа төвүүдийн 159 эмч, 66 сувилагчийг тусгайлан бэлтгээд байна. Тусгаарлах байруудад лавлагаа төвийн нэг эмч ахлан, дадлагажигч эмч нарыг томилон ажиллуулж байгаа бөгөөд мөн 168 резидент эмч нарыг нийслэлийн автозамын хяналтын цэгүүдэд ажиллуулсан.ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран тархвар судлал, эмнэлзүй, халдварын хяналт сэргийлэлтийн чиглэлээр хамтран ажиллаж эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулсныг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон.

Мөн КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад эрүүл мэндийн байгууллагын 13,745, цагдаагийн байгууллагын 920, Онцгой байдлын байгууллагын 530, Мэргэжлийн хяналтын байгууллагын 1,950, бусад төрийн захиргааны байгууллагын 1,200, аж ахуйн нэгжийн 303, нийт 18,648 хүн ажиллаж байгааг Ө.Энхтүвшин сайд онцлон тэмдэглээд халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гардан хариуцан хэрэгжүүлж буй ЭМЯ, ГХЯ, ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг байгууллагууд ажилтнууддаа богиносгосон цагаар ажиллах, илүү цагийн хөлс, урамшуулал олгох, албан хаагчдыг хувийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, албан хаагчийн ар гэрт нь хүнсний тусламж үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө бүхий аудио болон видео хичээлүүдийг өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дотор өндөр эрсдэлтэй голомт дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 41.0 сая төгрөг олгоно гэж байлаа.

Өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа нийт 14 төрийн байгууллагын 1,133 албан хаагчид 500,000-1,000,000 төгрөгийн урамшуулал болгож нийт 631,900,000 сая төгрөгийг Улсын онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандивын данснаас олгоно. Үүнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЗӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ХХЕГ, ГЕГ, ТЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын албан хаагчид, МИАТ-ын захиалгат нислэгүүдэд ажилласан бүрэлдэхүүн болон гадаад улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын дипломат ажилтнууд хамаарна гэж Шадар сайд мэдээлэлдээ дурдав.

Түүнчлэн КОВИД-19 халдварт өвчний үед иргэдэд төрөөс үзүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, нийгмийн хамгааллын чиглэлээр өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргаанд дэмжлэг үзүүлэх замаар хүүхдийн эрүүл мэнд, дархлааг сайжруулах зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 4, 5, 6 дугаар сард 30000 төгрөг болгох,2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөх, төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагын ажиллагсдад ажилгүйдлийн даатгалын сангаас гурван сарын турш сар бүр 200,000 төгрөг олгох арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлж байна гэж байлаа.

Шадар сайд мэдээлэлдээ, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс гадаад улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан нийт 6,259 хүнийг зохион байгуулалтайгаар татан авч 4,367 хүнийг тусгаарласан байгааг Ө.Энхтүвшин сайд мэдээлэлдээ тэмдэглэхийн зэрэгцээ 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, 6 аймгийн 52 байршил (эмнэлэг, сувилал, амралт, зочид буудал)-д нийт 1601 иргэн тусгаарлагдаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээрээс дийлэнх нь БНСУ (2000 гаруй), АНУ (1270), Австрали (906), БНКазУ (560), БНЭУ (549), БНТУ (437), ИБУИНХУ (365), Япон (300) зэрэг улсаас байна. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89, бусад 4413 байгааг онцолсон.

Мөн тэрбээр, Гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар нийт 179.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын санхүүжилтийг шийдээд байна. Үүнд: АХБ-наас нийт 4.2 тэрбум төгрөг, Дэлхийн банк 6.0 тэрбум төгрөг, БНСУ-аас 4.5 тэрбум төгрөг, бусад олон улсын байгууллага 6.0 тэрбум төгрөг зэрэг техник туслалцаа үзүүлж, нэмэлтээр АХБ-ны зээл 81.9 тэрбум төгрөг, АХБ-ны тусламж 2.7 тэрбум төгрөг, Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж байна. Мөн төсвийн дэмжлэг болох ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд АХБ-наас 60.0 сая ам.доллар, Европын холбооны 47.1 сая ам.доллар орж ирэх бөгөөд шинээр төсвийн дэмжлэг болгож АХБ-наас 200.0 сая ам.доллар хүртэлх зээл, бусад олон улсын байгууллагаас 100 сая.ам долларын зээл шийдэгдэнэ. Түүнчлэн шинээр хэрэгжих 14 хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслийн эх үүсвэр нийт 720.0 сая ам.доллар байна.Эдгээр бүх санхүүжилт, хандивыг зориулалтын дагуу ашиглаж хуваарилалт хийнэ гэж байлаа.

БНХАУ-аас ирүүлсэн хандив, тусламжийг хүлээн авах, тээвэрлэх болон УОК-ын шуурхай штаб, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, гар ариутгагч, денатуратын үйлдвэрлэлд шаардагдах зардалд 53.6 сая төгрөг, нийт 1 тэрбум 538 сая төгрөгийг зарцуулж, 1 тэрбум 372 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. КОВИД-19 халдварын цар тахлын голомт болон эрсдэлтэй нөхцөлд ажилласан эмч, эмнэлэгийн ажилчид, төрийн байгууллагын албан хаагчдад олгох урамшуулалд 631.9 сая төгрөг, БНХАУ-ын Засгийн газраас дахин өгч буй хандивын бараа, материалыг хүлээн авахад 5,5 сая төгрөг, нийт 637,4 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн амны хаалт, бээлий, эмнэлгийн ор, халдвар хамгааллын хувцас, цэвэрлэгээний материал, шатахууны талон, гар утасны ярианы нэгж, интернет дата эрх, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн гэх мэт 18 нэр төрлийн бараа, материалыг Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу тусгаарлан ажиглах байрууд, УОК-ийн Шуурхай штаб болон өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад олгосон гэдгийг Ө.Энхтүвшин сайд мэдээлэлдээ тэмдэглэв.

КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжихээр аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс Эрүүл мэндийн яаманд 709,6 сая төгрөг мөнгөн хэлбэрээр, 651,4 сая төгрөгийн эд, материалын хандив цугларсныг Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/193 дугаар тушаалаар эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, илүү цагийн хөлс, шатахууны зардалд харъяа эмнэлгүүдэд хуваарилан зарцуулсан. Аймаг, нийслэлийн Онцгой комисст Олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 2,3 тэрбум төгрөг, ЦЕГ, МХЕГ-т ахуйн нэгж байгууллага, иргэдээс 80,1 сая төгрөгийн хандив, тусламж ирүүлсэн бөгөөд тухайн аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр зарцуулсан гэдгийг Шадар сайд мэдээлэлдээ онцлов.

Түүнчлэн тэрбээр, УИХ-ын 2020 оны 04-р сарын 9-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн КОВИД-19 халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталсныг мэдээлэлдээ онцлоод хөтөлбөр батлагдсанаар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас татвараас чөлөөлөх, мөн иргэн, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид 200 мянган төгрөг олгох зэрэг дэмжлэг багтаж байгааг дурдсан.

Шадар сайд мэдээллийнхээ төгсгөлд, хөл хөдөлгөөн ихсэхийг КОВИД-19 халдварын цар тахал огт анддаггүй нь дэлхийн улсуудын сургамжаас харагдаж байгааг онцлоод манай ахмадууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн нэгж, албан газрын удирдлагууд, орон нутгийн төр захиргааны шат шатны байгууллагуудын эрх баригчид атгасан гар шиг эв нэгдэлтэйгээр “Дуугарвал дуу нэгтэй дугтарвал хүч нэгтэй”, “Маскаа зүүцгээе” аянд нэгдэн, идэвхтэй ажиллахыг олон түмнийг дагуулах хүчирхэг хэрэгсэл хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагч нарт уриалж байх, эмх цэгц, дэг журам хариуцлагыг сануулах талуудыг буулгаж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон анхааруулав.

Монгол Улсын Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Оюундарь, О.Баасанхүү нар асуулт асуулаа.Гишүүдийн зүгээс гадаадад байгаа монгол иргэдийг яаралтай татан авах арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байгааг тодруулахын зэрэгцээ эм, эмнэлгийн хэрэгсэл ялангуяа амьсгалын аппаратын хүрэлцээ хэр байгааг лавлалаа. Мөн 12 дугаар ангийн хүүхдүүдийн элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирснийг онцлоод тэдний давтлага, сургалтын асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулж байлаа.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хариултдаа, Одоогоор 6000 гаруй иргэн нутагтаа ирэх хүсэлтээ ирүүлээд байна. Улсын онцгой комисс гадаадын иргэн авчрахгүй зөвхөн монгол иргэдээ авчрах байр суурь хэвээр байгааг тодотгоод нэн түрүүнд эмчилгээнд явсан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нялх хүүхэд, транзит нислэгээр ирсэн иргэдийг татан авахаар шийдвэрлэсэн. Учир нь 250 хүний суудалтай хоёр онгоцоор тээвэрлэлт хийж байгаагаас гадна нисэх багийн нөөц боломжид тулгуурлан нислэгийг ойрхон хийх боломжгүй байна гэж байлаа. Түүнчлэн Гадаад харилцааны яам МИАТ болон арилжааны нислэг үйлддэг компаниудтай хамтран Европ, Австрали, Хойд Америкийн бүсээс монгол иргэдийг татан авах талаар судалгаа хийж байгааг тэмдэглээд гадаадад байгаа иргэдээ хэрхэн дэмжиж туслах талаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран судалгаа хийж, хариу арга хэмжээг төлөвлөж байна гэж байлаа.

Зүрх судас, чихрийн шижин, хавдар, хүүхдийн эмний нөөц бүрдүүлэх шаардлагатай байна. Дэлхий нийтэд эмийн хомсдол үүсч байгаа тул эм ханган нийлүүлэх байгууллагууд эрүүл мэндийн салбартайгаа маш сайн хамтарч ажиллаж байна гэж Ажлын хэсгийн зүгээс хариулсан. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, тус салбарт 475 амьсгалын аппарат байгааг онцлоод эхний ээлжинд 40, дараа нь Дэлхийн банкны шугамаар 72-ыг нэмж авсан. Удахгүй хөдлөгөөнт ор, амьсгалын аппарат, хяналтын мониторинг, 4-5 ширхэг тариурын болон дуслын шахуургатай гээд иж бүрэн 500 ширхэг эрчимт эмчилгээний орыг авахаар өчигдөр Сангийн сайд, Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй 26,9 сая ам, долларын гэрээнд гарын үсэг зурсан. Эрчимт эмчилгээнийхээ чадамжийг хоёр дахин нэмэгдүүлж, нэн шаардлагатай нийт амьсгалын аппаратны тоо 1000 гаруй болж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг хариултдаа, Энэ жилийн хувьд 28 мянган хүүхэд 12 дугаар ангиа төгсөнө. Эдгээр хүүхдүүдийг 05 дугаар сарын 01-ээс эхлэн танхимын сургалтад хамруулах эсэх талаар судалгаа хийж байна. Цахимаар элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн эсэх, танхимын сургалт явуулах шаардлага байгаа талаар асуулга явуулахад одоогийн байдлаар асуулгад оролцсон 2000 эцэг эхийн 80 гаруй хувь нь танхимын сургалтаар давтлага авахыг дэмжсэн бол 12 дугаар ангийн 3000 хүүхдийн 85 хувь ньтанхимаар давтлага авахыг дэмжсэн. Давтлага өгөхөөр бол Улсын Онцгой комисс, ДЭМБ-ын шаардлагын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрсний дагуу зохион байгуулахаар судалж байна гэж байлаа.

Асуулга тавьсан гишүүдКОВИД-19 халдвар гарахаас сэргийлэн хамгаалах, эрт илрүүлэх, голомтын цар хүрээг хязгаарлах талаар Засгийн газраас үе шаттай хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайшаахын зэрэгцээ анхаарах шаардлагатай асуудлаар санал хэлсэн. Тухайлбал, Улсын ИХ Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, “Монгол Улсын нөөц боломжоос хамаарч гадаадад суралцаж байгаа оюутнуудыг татан авах боломжгүй тул тэднийг дэмжих, санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдвэрлэх шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Тахлын аюул хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй тул Засгийн газраас хэрэгжүүлсэн хөдөлгөөнийг хязгаарлах, нэгдсэн удирдлагатай байх, нэгдсэн арга хэмжээг тууштай явуулснаар үр дүнд хүрч байгаа тул үүнийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх, назгайрч тайвширч болохгүйг” онцгойлон анхааруулсан. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, Засгийн газраас өргөн мэдүүдсэн “КОВИД-19 халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг Улсын Их Хурлаас баталныг тэмдэглээд, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатайг анхааруулж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Л.Батсүх: Дуурийн дууны урын санд миний орчуулсан нэг хавтас бүтээл бий

Монголын орчуулагчдын эвлэлийн дэргэдэх нэг хүний “Мөнххаан” театрын дуучин, орчуулагч, сэтгүүлч, ая зохиогч, багш Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Лувсан-Ишийн Батсүхтэй ярилцлаа.


-Дуурь бүжгийн эрдмийн театрт олон жил ажилласан гэдгээр тань мэдэх юм байна. Өмнө нь ямар ажил хийж байв?

-Би 1950 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Арын тойром” гэдэг газар төрж, 1958 онд Улаанбаатар хотод аав ээжийн хамт шилжиж ирсэн. Бүр багаасаа ярих юм бол 1967 онд Д.Сүхбаатарын нэрэмжит II сургуульд аравдугаар ангиа дүүргэсэн. Түүний дараа авсан хуваариа голоод сарын 50 төгрөгийн шүхрийн курс төгслөө. Жилийн дараа Эрхүү хотын Орос хэлний бэлтгэлд яваад 1969 онд төгссөн. Тэгэхэд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, сансрын орлон нисгэгч М.Ганзориг гэх хүмүүстэй хамт сурч байлаа. Цаашлаад МУИС-ийн оройн франц хэлний жилийн курсийг дүүргэсэн дээ.

-Украинд сургуульд сурч байгаад хаяж ирээд дуурийн театрт орсон гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Аравдугаар ангиа төгсөөд дуурийн театрт шалгалт өгөөд тэнцээгүй уйлж явлаа.

Тэгээд сүүлд Украины Киев хотын Уул уурхайн техникумын геологийн сургуульд сурч байгаад ээжийн бие өвдөөд нэг жилийн чөлөөтэй буцаад ирсэн. Яг хаясан ч юм биш л дээ(инээв). Тэр хугацаандаа дахин театрт шалгуулаад тэнцчихсэн. Зургаан жилийн дараа миний хоолой ч сунаад бүр хоёр октав болчихсон байсан. Би ер нь эрэгтэй бүх хоолойг дайрч өнгөрсөн л дөө. Ингээд 1973 оноос 1991 оны хооронд Дуурийн театрт 18 жил ажилласан.

-18 жил ажиллахдаа та олон сайхан багш нартай болсон байх. Багш нараа дурсахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Ардын жүжигчин Д.Баадайжав бол миний ээж багш. Харин Ардын жүжигчин А.Загдсүрэн бол миний эмээ багш. Сүүлд театрт Велорий Александрович Завалокин гэж хүн соёлын студид багшаар ирсэн. Би ч өөртэй нь хичээллэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд намайг дасгалжуулж эхэлсэн. Тэр хүн намайг тенор болгох шийдийг гаргасан. Ер нь хоолой гэдэг чинь хөгжмийн утас чангалж байгаатай агаар нэг юм шүү дээ. Би ч аль байдгаараа хичээнэ. Ажлаа тараад төв шуудангаар дамжаад таван төгрөгний пянзтай сэтгүүл аваад харина. Тэрийгээ үзтэл баахан алтан гинж зүүсэн Монне гээд нөхөр яг баритон шиг мөртлөө тенор дээд өнгүүдийг ёстой гозойлгож байна аа. Тэгээд л би яагаад ийм тенор байж болдоггүй юм гээд амралтын өдрүүдээр театр дээрээ ганцаараа ирээд өөртөө дасгал өгдөг байсан даа. Үүнийхээ ачаар олон сайхан дууриудад дуулсан.

-Тэр олон уран бүтээлүүдээс аль нь сэтгэлд тань ойрхон үлдсэн бэ?

-Сайхан дууриуд бий бий. Б.Дамдинсүрэнгийн хөгжим “Мартагдашгүй 42 хоног” дуурийн Орос улаан цэргийн офиццерийн дүрд, Мөрдоржийн хөгжим “Жаргал” дуурийн гол дүр Суурь, Ерөөлт мөн П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Трикений дүрд тус тус дуулсан. Сүүлд “Испанский миниатюр” гэж Испанийн үндэсний бүжгийн жүжгийг 1980 оноос 1990 он хүртэл арван жил С.Баянбилэгтэй хоршиж дуулж байлаа. Ер нь бүх дууриуд сэтгэлд ойрхон сайхан байдаг даа.

-1978 оноос 1990 он хүртэл “Соёл урлаг залуу үе” сэтгүүлд сэтгүүлчээр ажиллаж байсан гэж дурдсан. Ямар төрлийн нийтлэл гаргадаг байв?

-1978 оноос 1990 он хүртэл “Соёл урлаг залуу үе” сэтгүүлд баруун Европ болоод Оросын дуурийн төлөөллүүдийг бүгдийг нь бичиж байсан. Сүүлд 1990 он гээд зах зээлийн нийгэмд ороод хэвлэгдэхээ байсан. Бас багадаа пионерийн ордны авиа моделийн дугуйлан төгсөөд 1967 оны арвандолдугаар кино журналыг хөтөлж байлаа. Түүнээс хойш утга зохиол орчуулдаг болсон.

-Чухамдаа ямар бүтээлүүдийг орчуулж, бидний оюуныг мялаав?

Хамгийн анх Долуханяны хөгжим Лисянскийн шүлэг “Бид тэр цагт амьдарна” дууг орчуулж байлаа. Үргэлжлүүлээд Италийн дуурийн эцэг гэгддэг Ж.Вердийн “Аида”, Р.Ленковаллогийн “Паяцы” гэсэн хоёр дуурийг орчуулсан. Үргэлжлүүлээд “Хүн төрөлхтний төрх” “Унгарийн пионерийн марш” “Цас дарсан гудамжаар” зэрэг олон бүтээлүүд орчуулсан. Эдгээр дуунууд наяад оноос л дуурийн найрал дууны урын санд орчихсон одоо дуулагдаж байгаа бүтээлүүд дээ. Дуурийн дууны урын санд миний орчуулсан бүтээлүүд гээд нэг хавтас бүхий зүйл байгаа. Мөн итали дууны ном, гүрж романууд, дуурийн ари романуудыг орчуулсан.

-Таныг франц хэл, шатар заадаг гэсэн. Олон шавь төрүүлсэн байх даа?

-Миний хувьд МУИС-ийн франц хэлний жилийн курсийг дүүргээд дараа нь Мателда Ситефон багшийгаа жил гаруй дагаж гүйгээд дуудлага гайгүй болсон л доо. Би одоогоор “Эрдэмт үйлс”, “Оюуны ундарга”, “Нарны илч” зэрэг төвүүдэд франц хэл, шатар зааж байна. Түүнээс өмнө 1978 оноос 1980 онд Лев Николаевич Тумашёвтой хамтран II арван жилийн хүүхдийн найрал дууны удирдаач багшаар ажиллаж байлаа. Шавь нартаа заасан үр дүнгээс гэвэл арваад шавь Швейцарь, Франц руу явсан байна. Шатрын тухайд таваас дээш насны бүх хүмүүст заадаг. Учир нь таван нас хүрээгүй хүүхэд морины нүүдэл ойлгодоггүй. Багшлаад гурван жил л болж байгаа учраас хоёр мянгаад шавь нартай. Одоо монгол, англи, орос, герман,франц гэсэн таван хэлний ярианы дэвтэр гаргах гээд л үзээд байна.

-Төрсөн сумынхаа сүлд дууг үг, аятай нь зохиосон хүний хувьд олон сайхан дууны үг, ая урын санд тань байгаа байх?

“Эх орон тандаа”, “Дорнод Монголын тал”, “Тэрэлжийн гол”, “Хонгорын овоо” гээд миний зохиосон хориод дуу бий. Миний хувьд зохиолын дуучдад дуугаа өгдөггүй, харин Хөгжим бүжгийн коллежийн багш, сурагчдад өгдөг. 2000 онд сумынхаа сүлд дууг үгтэй аятай бичсэн.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

“COVID-19”-ын эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээг зарлав

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг УИХ батлах гэж байна.

Тогтоолоор дараах 10 арга хэмжээ авах гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

1. Түлш шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх;

-Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн нийлүүлэгч талтай гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, хямд бүтээгдэхүүн импортлох, хадгалах нөхцөлөөр хангах, шаардлага хангасан нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжид санхүүжилт олгох;

2. Зээлийн хүү, хадгаламжийн эх үүсвэрийн зардлыг бууруулах;

-Банкны өөрийн эх үүсвэрээс олгосон 500 сая хүртэлх төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүний хувийг бууруулах, хөнгөлөх;

3. Ипотекийн санхүүжилтийг дэмжих;

– Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх;

– Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэмж гурав хүртэл сараар хойшлуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар өмнө шийдвэрлэсэн арга хэмжээг дахин гурван сараар үргэлжлүүлэх;

– Ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан боловч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн жилийн нийт нэрлэсэн хүүний 2 нэгж хувьтай тэнцэх дэмжлэгийг 3 сарын хугацаанд төрөөс хариуцах;

-Эмч, сувилагч, төрийн тусгай албан хаагч, ажилтанд зориулсан ипотекийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх;

– Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор орон сууцны корпорациудад зөвшөөрөл олгохоор холбогдох зохицуулалт хийх;

4. Жижиг, дунд болон бичил бизнесийг дэмжих батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;

– Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор нэг зээлдэгчид гаргах батлан даалтын дээд хязгаарыг бууруулан тогтоох;

5. Банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх

– Цахим банкны үйл ажиллагааны төрлийг өргөжүүлэх;

– Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, үр ашигтай банкны тогтолцоо бий болгох зорилготой Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх;

6. Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх

– Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах;

7. Татан буугдсан банкны чанаргүй активыг барагдуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах;

– Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хэрэгцээнд ашиглах;

8. Цар тахлын эсрэг нэг удаагийн хууль боловсруулж батлах, хуулийн хэрэгжилтийг сар тутам УИХ-д танилцуулж, 6 сар тутам үр дүнг хянаж, дүгнэх;

9. Мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

– Мөнгө хүүлэлтийг тодорхойлж, хязгаарлах, санхүүгийн хэрэглэгч-зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх;

10. Цахим шилжилт хийх;

– Цахим худалдаа, төрийн цахим үйлчилгээний төрлийг өргөжүүлж эрчимжүүлэх, цахим хичээлийн нэгдсэн портал бий болгох, COVID-19 цар тахлын мэдээллийн аппликэйшн хөгжүүлэх зэргийг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“COVID-19”-ын эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлалаа

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг УИХ батлах гэж байна.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар өнөөдөр /2020.04.10/ мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийг Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн, Х.Нямбаатар нар ахалж, Тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолоор дараах 10 арга хэмжээ авах гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

  1. Түлш шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх;

-Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн нийлүүлэгч талтай гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, хямд бүтээгдэхүүн импортлох, хадгалах нөхцөлөөр хангах, шаардлага хангасан нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжид санхүүжилт олгох;

  1. Зээлийн хүү, хадгаламжийн эх үүсвэрийн зардлыг бууруулах;

-Банкны өөрийн эх үүсвэрээс олгосон 500 сая хүртэлх төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүний хувийг бууруулах, хөнгөлөх;

  1. Ипотекийн санхүүжилтийг дэмжих;

– Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх;

– Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэмж гурав хүртэл сараар хойшлуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар өмнө шийдвэрлэсэн арга хэмжээг дахин гурван сараар үргэлжлүүлэх;

– Ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан боловч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн жилийн нийт нэрлэсэн хүүний 2 нэгж хувьтай тэнцэх дэмжлэгийг 3 сарын хугацаанд төрөөс хариуцах;

-Эмч, сувилагч, төрийн тусгай албан хаагч, ажилтанд зориулсан ипотекийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх;

– Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор орон сууцны корпорациудад зөвшөөрөл олгохоор холбогдох зохицуулалт хийх;

  1. Жижиг, дунд болон бичил бизнесийг дэмжих батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;

– Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор нэг зээлдэгчид гаргах батлан даалтын дээд хязгаарыг бууруулан тогтоох;

  1. Банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх

– Цахим банкны үйл ажиллагааны төрлийг өргөжүүлэх;

– Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, үр ашигтай банкны тогтолцоо бий болгох зорилготой Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх;

  1. Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх

– Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах;

  1. Татан буугдсан банкны чанаргүй активыг барагдуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах;

– Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хэрэгцээнд ашиглах;

  1. Цар тахлын эсрэг нэг удаагийн хууль боловсруулж батлах, хуулийн хэрэгжилтийг сар тутам УИХ-д танилцуулж, 6 сар тутам үр дүнг хянаж, дүгнэх;
  2. Мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

– Мөнгө хүүлэлтийг тодорхойлж, хязгаарлах, санхүүгийн хэрэглэгч-зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх;

  1. Цахим шилжилт хийх;

– Цахим худалдаа, төрийн цахим үйлчилгээний төрлийг өргөжүүлж эрчимжүүлэх, цахим хичээлийн нэгдсэн портал бий болгох, COVID-19 цар тахлын мэдээллийн аппликэйшн хөгжүүлэх зэргийг тусгасан байна

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд иргэний нисэхийн салбарынхан сайн ажиллаж байгааг онцолжээ

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Олон улсын нислэгийг зогсоосонтой холбогдуулан иргэний нисэхийн салбарт тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын танилцуулга хийсэн билээ.

Тэрбээр “Шинэ коронавирусын халдварын тархалтаас сэргийлж дэлхийн улс орнууд олон улсад зорчих хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлаад байна. Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ноос гаргасан тооцоо судалгаагаар дэлхийн дахинд агаарын тээвэрлэгчдийн 2020 оны зорчигч эргэлт 38 хувиар буурч, агаарын тээвэрлэгчдийн алдагдал 252 тэрбум ам.долларт хүрэхээр байна.

Манай улсын хувьд ч агаарын тээвэрлэгчдэд санхүүгийн хүндрэл үүсч, навигацийн орлого буураад байна. Улсын онцгой комиссоос олон улс, орон нутгийн нислэгийг түр зогсоох зохицуулалт хийснээр 2020 оны хоёрдугаар сарын15-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд олон улсын 568, орон нутгийн 55, нийт 600 гаруй нислэг цуцлагджээ. Гэсэн хэдий ч Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж арга хэмжээг агаарын тээвэрлэгчид дэмжиж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажилласаар байна. Тухайлбал, МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн 13 удаагийн нислэгээр 5 улсаас 1938 иргэнээ эх орондоо авчираад байгаа юм.

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн бусад улс орнууд агаарын тээврийн компаниудад тулгарсан үйл ажиллагаа, санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах үүднээс Засгийн газраас татаас, хөнгөлөлттэй зээл, татварыг бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Энэ жишгийг манай улс ч дагаж, Засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд Засгийн газрын гишүүдэд танилцуулаад байна.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хамгийн их хүндэл, хохирол амсч байгаа салбар иргэний агаарын тээврийн салбар гэдгийг онцолжээ. Түүнчлэн агаарын тээвэрлэгчдэд тулгарч буй санхүүгийн бэрхээлийг Засгийн гишүүд ойлгож байгааг дурдаад, хүнд бэрх цаг үед ИНЕГ болон МИАТ ТӨХК эх орон, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэн маш сайн ажиллаж байгааг онцолжээ.

Засгийн газар болон гадаад улс орноос тусгай үүргийн нислэгээр ирсэн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс ИНЕГ болон МИАТ компанийн нийт ажилтан, албан хаагчдад талархаж байгааг уламжлахыг холбогдох удирдлагуудад илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-оос 10 сая төгрөгийг хандивлалаа

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-оос нийт 10 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Тус холбооноос 18 аймгийн сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, малчдын хэсэг бүлэг, гишүүд дэмжигчдийнхээ дунд 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хандивын аян зарласан байна.

Хандивын аянд 15 аймгийн 76 сумын 1837 малчин өрхөөс 13,4 сая төгрөг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон 18 аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны ажилтнуудын нэг өдрийн цалин болох 1,6 сая төгрөгийг буюу нийт 15 сая төгрөгийг цуглуулсан байна. Үүнээс Хөвсгөл аймаг 500 мянга, Увс аймаг 3 сая, Дорнод аймаг 1 сая, Баянхонгор аймаг 500 мянга буюу нийт 5 сая төгрөгийг аймгийн Онцгой комисстоо гардуулан өгсөн гэдгээ илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

М.Энхсайханы урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлогдлоо

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч яллагдагчийн өмгөөлөгч Д.Оросоогийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтээр өнөөдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цагт шүүх хуралдаан эхэлсэн.

Шүүх хуралд яллагдагчийн өмгөөлөгч Д.Оросоо эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тухай эмнэлгийн магадлагаа, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мөн яллагдагч М.Энхсайхан нь өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нарыг шинээр өмгөөлөгчөөр авсан бөгөөд уг өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүхээс уг хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.

Categories
мэдээ нийгэм

Малчдын зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг хойшлуулах саналыг банкуудад хүргүүлээ

Дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдлийг бууруулах зорилгоор малчдад тулгарч буй асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргахыг хүсч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан МОНГОЛ БАНК, ХААН БАНК, ТӨРИЙН БАНК-ны удирдлагуудад хандан санал хүргүүллээ.

Уг саналд, Дэлхий дахинаа тархаад байгаа шинэ коронавирусийн халдвар цар тахлын байдалд шилжиж ард иргэдийн аж амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлт нөхцөл байдал үүссэнийг хохирол багатай даван туулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас дэс дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоох, үйлдвэр, худалдаа, тээвэр зэрэг хүн ам олноор төвлөрөл үүсгэн ажилладаг салбаруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох зайлшгүй арга хэмжээ авч байгаа нь ноос, ноолуур, арьс, шир, мах зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтаас өрхийн дийлэнх орлогоо бүрдүүлдэг малчид, хөдөөгийн хөдөлмөрч иргэдийн хувьд эдийн засгийн туйлын хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Сүүлийн жилүүдийн судалгаанаас үзэхэд малчид ноолуурын орлого орох үе болох 3-5 дугаар сард зээлийн эргэн төлөлтөө хийхээр тааруулан зээл авдаг байна. Банкууд ч үүнийг харгалзан үзэж зээлээ өгдөг байна. Коронавирусийн тархалтаас үүдэн энэ жил дээрх горим, хугацаа алдагдахад хүрч байгаа нь малчдаас огт хамааралгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа билээ. Засгийн газраас ноолуурын салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байраа хадгалах болон малчдын орлогыг бууруулахгүй байх зорилгоор ноолуур худалдан авахад зориулан жилийн 3.0 хувийн хүүтэй, 300.0 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгуулах, хүүгийн зөрүүг төсөв хариуцахаар шийдвэрлээд байна. Хөнгөлөлттэй зээлийг холбогдох дүрэм, журмын дагуу зохицуулж, олгож эхлэхэд тодорхой хугацаа шаардагдаж байна. Энэ хооронд малчдыг зээлээ цаг хугацаанд нь төлөх шаардлагыг арилжааны банкны зүгээс хүчтэй тавьж байгаа нь хүндрэл бэрхшээл үүсгэж байна.

Засгийн газраас Монголбанк болон Монголын банкуудын холбоотой удаа дараа зөвлөлдөж, эдийн засагт бий болсон хүндрэлийн үед зээлдэгчдээ хамгаалж дэмжих зорилгоор зээлийн гэрээг шинэчлэх, хугацааг сунгах, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломжуудыг ашиглах замаар зээлдэгчдээ дэмжих талаар ойлголцсон билээ. Малчдын зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах, энэ үед нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй, аливаа шимтгэл, хураамж авахгүй байх зэргээр хүн амын хүнс, эх орны үйлдвэрүүдийн түүхий эд үйлдвэрлэгч малчдаа дэмжиж ажиллахыг хүсч байна. Малчдын зээлийн хугацааг сунгаж шийдвэрлэснээр ноолуур бэлтгэлийн ажлыг Засгийн газрын бодлогын дагуу зохион байгуулах, үүний үр дүнд малчдын орлого нэмэгдэж зээлээ төлөх чадавхи сайжрах, боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ хөнгөлөлттэй зээлээр бэлтгэж үйл ажиллагаагаа хэвийн явуулах, ажлын байраа хадгалж үлдэх боломж бүрдэнэ.

Хамтран ажиллахыг санал болгож байна.

Монголын банкны холбоо, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, Ариг банк, Кредит банк, Хаан банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудад тус тус санал хүргүүллээ.

Уг саналд “Covid-19” короновирусын халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Онц байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтыг үндэслэн тус яаманд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлын байрыг хадгалах бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй “Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан гамшгийн эрсдлээс хамгаалах штаб”-ыг байгуулан ажиллаж байна.

Иймд та бүхнийг энэ цаг үед хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилтэй үйл ажиллагаагаа уялдуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоодод олгосон зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү, алдангиас чөлөөлөх, сэргээн босголтын үеийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Та бүхнийг улс орон, ард түмнээ дээдэлсэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаанд талархсан, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гэжээ.