Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: 2020.04.13-17-нд хэлэлцэх асуудал, хуваарь

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-НААС 17-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 13-ны Даваа гарагт гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

04 дүгээр сарын 15-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны тайлан;
  • Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайлан.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонсох;
  • Өргөдлийн байнгын хорооны 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Хачигт халдварын идэвхжлийн үе ирж байгаатай холбогдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ, ялангуяа толгойн үстэй хэсэгт хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх;

2. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях;

3. Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрийний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд рүү цацаж хэрэглэх;

4. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1%-ийн повидон иодын уусмал (Тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.

5. Хачигт хазуулсан тохиолдолд сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.

6. Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

7. Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах;

8. Ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх нь халдвараас сэргийлнэ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар дэлхий нийтэд тархан цар тахлын хэмжээнд хүрсэн корона вирусийн улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, хамтран ажиллах боломж бололцооны талаар санал солилцлоо.

С.Чинзориг сайд Монгол Улсын Засгийн газраас хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахдаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж,тэдгээрт ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхэлж сайн дурын даатгалд хамрагддаг иргэдийг зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөх, ажилтан, албан хаагчдын цалин, хөлснөөс хүн амын орлогын албан татвар авахгүй байх, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалж буй хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгох, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлэх зэргээр иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсныг онцлон дурдав.

Мөн дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбоотой улсын төсөв, холбогдох сангуудад санхүүгийн хүндрэл үүсч, нэн ялангуяа ажилгүй, орлого нь баталгаагүй өрхийн гишүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багатай өрхийн хүүхдэд илүү хүндээр тусч байгааг хэлсэн. Тэрбээр эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад Дэлхийн банкийг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Андрей Михнев өнөөгийн нөхцөл, цаг үеийн байдал, санхүүгийн чадамж зэрэгт үнэлгээ хийсний дүнд нийгмийн хамгааллын салбарт одоо хэрэгжиж буй төслүүдийнхээ хүрээнд зохицуулалт хийх замаар Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн одоо хэрэгжиж буй төслийнхөө бүтэц, үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, тодорхой хэмжээний санхүүжилт бий болгон хүүхдийн мөнгөн тэтгэмж болон сайн дурын даатгуулагч нарт чиглэсэн дэмжлэгийг зохих хэмжээнд үзүүлэх боломжтой гэжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ХИЙМЭЛ ОЮУН БА ИРЭЭДҮЙН ДАЙН

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хиймэл оюунтай хамаарал бүхий Квант тооцоолол, Үлэмж өгөгдөл (Big Data), Юмсын интернет (IoT-Internet of things), Жижигрүүлэх технологи (miniaturisation), Өөрийгөө удирдах систем (robotics and autonomy) зэрэг технологиуд таамаглаж байснаас хурдтай хөгжиж шинэ шатанд гарч байна. Жишээлбэл: 2014 онд го даамны хамгийн сайн хиймэл оюуныг зохион бүтээсэн экспертүүд 10 жилийн дараа гэхэд компьютер хүнийг хождог болно гэж таамаглаж байв. Гэтэл түүнээс ердөө нэг жилийн дараа буюу 2015 онд Гүүглийн Deep Mind хиймэл оюун, Европын Го даамын аварга Ван Хуйг 5:0 харьцаагаар хожжээ. Хиймэл оюуны энэхүү үсрэнгүй хөгжилд хүргэсэн дараах гол шалтгаануудыг нэрлэж болох юм. Үүнд:

  1. Компьютерийн тооцооллын хурд огцом өсч байна.
  2. Мэдээллийн баазын хэмжээ хурдтай өсч байна.
  3. Машин суралцах арга ажиллагаа, алгоритмын хэрэгжүүлэлт шинэ шатанд гарч байна. Ялангуяа гүн мэдрэлийн сүлжээ (deep neural system)-ний салбарт энэ дэвшил улам бүр мэдрэгдэж байна.
  4. ХУ-нд хийж буй хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн.

Дэлхийн 2-р дайнаас хойш өөрийгөө бүрэн удирддаггүй системүүд цэргийн салбарт хэрэглэгдэж ирсэн бол өнөөдөр хиймэл оюуны хөгжил цэргийн салбарын технологийг үндсээр нь хувиргаж, хүчний тэнцвэрийг ч өөрчлөх боломж олгож байна. АНУ ба БНХАУ-ын хоорондын геополитикийн өрсөлдөөнд хиймэл оюуныг хөгжүүлэх уралдаан маргаангүй нөлөөлөх боллоо.

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн удирдагчид хиймэл оюун нь ҮАБ-ын нэн чухал бүрэлдэхүүн болж буй энэхүү өөрчлөлтийг соргогоор анзаарч эхэллээ.

АНУ-ын БХЯ 2016 онд “Хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлтийн стратеги төлөвлөгөө” баталж, хиймэл оюуныг АНУ-ын цэргийн салбар дахь манлайллыг хадгалах нэг хэрэгсэл гэж үзсэн байна. АНУ-ын БХЯ мөн Пентагон Цахиурын хөндий хоорондын нягт хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүрэг бүхий Батлан хамгаалахын инновацийн төвийг байгуулав. Үүнтэй зэрэгцээд шинжлэх ухаан технологийн тэргүүлэх орон болох эрмэлзлэлтэйгээр БНХАУ, АНУ-ын шинжлэх ухаан технологийн инновацийн хөтөлбөр болох DARPA-ын хятад хувилбар болох Хиймэл оюуны үндэсний хөтөлбөрийг баталсан байна. ОХУ 2025 он гэхэд цэргийн төсвийн 30 хувийг робот зэвсэгт зарцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ерөнхийд нь дүгнэхэд томоохон улс гүрнүүдийн үндэсний хэмжээний зорилт, санаачлага нь хиймэл оюуны хувирч буй боломж (цэргийн техникийн хувьсгал ч гэж хэлж болно)-ийг ашиглан үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж байна.

Хиймэл оюуныг цэргийн салбарт өргөнөөр ашиглах болсон нь хүчирхэг гүрнүүдийн стратегийн өрсөлдөөнийг ихэсгэж тогтворгүй байдлын гол эх сурвалж болж байна. Үүнийг батлах зорилгоор хоорондоо холбоо бүхий дараах гурван аргументийг авч үзье. Үүнд:

  1. Хиймэл оюун өнөөгийн хөгжлийн шатандаа дангаараа кибер орон зай, өөрийгөө удирддаг систем болон робот, удирдлагатай пуужин зэрэг өндөр технологийн зэвсгийн үйлдвэрлэлийг идэвхжүүлэх, хурдасгах стратегийн нөлөө үзүүлэх гол эх сурвалж болж байна.
  2. Давхар хэрэглээ бүхий хйимэл оюуны технологийн тархалтын тодорхой бус байдал, эрсдэл нь олон улсын аюулгүй байдлыг сулруулах дараах нөхцөлийг үүсгэж байна. Үүнд:
    1. одоо байгаа аюулыг улам хурцатгах
    2. эдгээр аюул заналын мөн чанар, шинж чанарыг өөрчлөх
    3. санамсаргүй, аюултай шинэ аюул занал үүсгэх
  3. Хиймэл оюуны технологийг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн (ялангуяа АНУ, Хятад) Батлан хамгаалахын салбарт хөгжөөд ирвэл стратегийн өрсөлдөөн, үл итгэх байдлыг нэмэгдүүлэх нэмэлт хөшүүргийг бий болгох бөгөөд энэ нь олон улсын аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөх болно.

Стратегийн тогвортой байдалд кибер орон зай хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааны ажлууд ихээр байдаг бол хиймэл оюуныг ирээдүйн дайнд ашиглах боломжийн талаар тийм ч их судалгаа байдаггүй. Сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн, ёс зүйн, хэм хэмжээний, эдийн засгийн, техникийн гэх мэт “хиймэл оюуны асуудлуудтай” холбоотой олон улсын харилцааны судалгаа улам бүр нэмэгдэж, олон талын маргаан дагуулж байна.

ХИЙМЭЛ ОЮУН олон улсын аюулгүй байдалд нөлөөлөх нь

Цэргийн чадварыг өргөн хүрээгээр идэвхжүүлэгч, хүчирхэг болгогч гэдэг утгаараа Хиймэл оюун нь цэргийн зэвсэг гэхээсээ илүү цахилгаан эрчим хүч, радио, радиолокацын систем, C4ISR систем зэрэгтэй илүү төстэй. Шинэ, хүчтэй ангиллын технологийн хувьд хиймэл оюун нь цэргийн технологийн төлөв байдлыг өөрчлөх, эргэн харахад урьдчилан таамаглах аргагүй, маш тогтворгүй, стратегийн нөлөө үзүүлэх боломжтой. Хэдийгээр хиймэл оюунд тулгуурласан зэвсэг, систем нь дайны талбарт хүнээс илүү шийдвэр гаргах хараахан болоогүй ч, хиймэл оюун ашигласан цэрэг нь дайны талбарт, зөвхөн хүний шийдвэрээс хамааралтай цэргээс илүү үр ашигтай байх нь ойлгомжтой. Тухайлбал, алсын зайн мэдрэгч, нөхцөл байдлын ойлголт, тулааны талбайн маневр зэрэгт хиймэл оюуны технологиудыг ашигласнаар бусдаас илүү, давуу болно.

Стратегийн түвшний шийдвэр гаргах үед хиймэл оюунд суурилсан удирдлага-хяналтын систем нь хүнээс хамааралтай

шийдвэр гаргалтын ихэнхи алдааг зассан байна. АНУ-ын Тагнуулын нийгэмлэг жишээлбэл, “хүний хүчин зүйлийн дарамт”-ыг бууруулах, цэргийн тагнуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх, цэрэг дайны шийдвэр гаргалтыг сайжруулах, ҮАБ-ын шинэ аюул занал, шинэ халдлагын чиглэлээр олон нийтэд нээлттэй судалгааны ажлууд хийхээр хөөцөлдөж байна.

Хиймэл оюунд суурилсан технологийн аюулгүй байдлын шинэ заналхийллийг үндсэнд нь 3 төрөл болгон авч үздэг. Үүнд:

  1. Тоон аюулгүй байдал (жад-фишинг, яриа синтез, дүр эсгэх, автомат хакердах, мэдээллийг хордуулах г.м)
  2. Биет аюулгүй байдал (дайралтын үеийн микро дрон г.м)
  3. Улс төрийн аюулгүй байдал (тандалт – ажиглалт, хууран мэхлэлт, албадлага г.м)

РОБОТ ба бөөн технологи (swarming technology[1])

Өөрийгөө удирддаг зэвсэг, робот нь дарь, цөмийн зэвсгийн адил үнэлэгдэж “дайны гурав дахь хувьсгал” эсвэл “аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал” хэмээн нэрлэгдэж байна. Зарим судлаачдын баталж буйгаар хиймэл оюуныг хэрэгжүүлж эхлэх эргэлтийн цэг дээр иржээ. Тэдний нотолж буйгаар хууль эрх зүйн болон ёс зүйн хувьд боломжтой эсэхийг үл харгалзан бие даасан, зэвсэглэсэн, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл (autonomous armed-unmanned aerial vehicles)-ийг хэдхэн жилийн дараа байлдааны талбарт харах болох нь. Энэ нь өөрийгөө удирддаг энэхүү системийн өвөрмөц шинж чанарууд батлан хамгаалах, аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулагчдыг өнөөгийн арга барилаа дахин нягтлахыг удахгүй шаардаж эхэлнэ гэсэн үг.

АНУ-ын Үндэсний Тагнуулын газрын захирал Даниел Коутс энэ чиг хандлагын стратегийн чадавхийг онцолж хэлэхдээ, хиймэл оюуны дэвшил нь “дайснууд, ялангуяа Хятад, Оросын хувьд шинэ цэргийн хүчин чадлыг бий болгоно” гэж мэдэгдэв. Эдгээр өөрийгөө удирддаг системүүд нь онолын хувьд харааны мэдрэмж, хэл яриа, нүүр царайг таних зэрэг олон төрлийн (агаар, газар, далайн) үйл ажиллагааг гүйцэтгэх шийдвэр гаргах хэрэгслийг багтаасан, хүний оролцоо, хяналтаас хараат бус хиймэл оюуны технологийг агуулдаг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар хүний оролцоогүйгээр байг сонгоод устгаж чадах хэдхэн зэвсгийн систем л байна.

Тухайлбал, Хүлээж халдлага үйлдэгч зэвсэг (LAM[2]) нь дайсны радарын систем, хөлөг онгоц, танк гэх мэт байг байж болох газар нь хүлээж байгаад урьдчилан программчилсан шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэн, мэдрэгч нь дайсны агаараас хамгаалах радарыг олж илрүүлмэгц байгаа устгадаг. LAM нь ирж буй сумыг хүн оператороос илүү хурдан буудахын тулд хиймэл оюуны технологийг ашигладаг бөгөөд илүү урт хугацаанд нисэх боломжтой байдаг.

Израилийн Harop (Harpy II ч гэж нэрлэдэг) радарын эсрэг LAM систем нь 6 цагийн турш нисэх чадвартай, хүний удирдлагагүйгээр шумбаж бөмбөг хаях боломжтой, тулалдааны талбарт хүний амь эрсдэлд оруулдаггүй цор ганц систем болоод байна. Мөн Хятад, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос, Орос, Англи зэрэг улс орнууд бүтэн өөрийгөө удирддаг зэвсгийн системийг хэрэглэхэд бэлэн болоод байна. Тухайлбал ОХУ Уран-9, Вехар зэрэг алсаас удирддаг танкийг нэвтрүүлсэн бол, БНХАУ хиймэл дагуулаар дамжуулан дроноос удирддаг пуужинг 2016 онд анх удаа туршсан байна.

Тагнуулын чиглэлээр болон цэргийн цохилт өгөх зэрэг төрөл бүрийн даалгаварт илүү ухаалаг, хиймэл оюунаар өргөжүүлсэн, хүний оролцоогүй зэвсгийн системүүд ойрын жилүүдэд батлан хамгаалахын салбарт нэвтэрч эхлэх нь тодорхой болоод байна. Том оврын хүний удирдлагагүй усан доогуурх тээврийн хэрэгсэл (UUV-Unmanned Underwater Vehicle) нь хямд өртөгтэй пуужингийн платформ болох боломжтой болно. Ухаалаг, Хиймэл оюунаар өргөжүүлсэн, хүний оролцоогүй зэвсгийн системийг ашиглаж болох тодорхой ажиллагааг тоочвол: мина цэвэрлэгээ ба минажүүлэх ажиллагаа; далай доорхи шумбагч онгоцны эсрэг мэдрэгчийн сүлжээнээс мэдээлэл цуглуулах, тараах; дуу авианы идэвхтэй локатор; тагнуул, тандалт, эрэн сурвалжлах; цахим дайн; пуужинг шумбагч онгоцонд эргүүлэн байршуулах; терроризм, хил хамгаалалт гэх мэт байлдааны бус ажиллагаа; хэт холд чиглэсэн пуужинг удирдлагаар дэмжих гэх мэт.

Нарийн төвөгтэй мэдрэлийн сүлжээнд холбогдсон, Хятадын агаарын болон далайн дронууд, жишээлбэл, Өмнөд Хятадын тэнгисийг бүхэлд нь хянаж байгаа нь АНУ-ын ирээдүйн тэнгисийн навигацын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй юм. 2018 оны эхээр Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг дайны болон энхийн цагийн үед хянахад зориулан нисгэгчгүй нисэх онгоцны дэлхийн хамгийн том туршилтын полигоныг барьж эхлэв.

Хиймэл оюуны технологи нь онолын хувьд өөрийгөө удирддаг нисгэгчгүй нисэх төхөөрөмжид ганцаарчилсан нисгэгчтэй онгоцтой харьцуулбал хамаагүй илүү олон төрлийн даалгаврыг биелүүлэх боломж олгодог. Тухайлбал, тулалдаж буй агаарын орон зайд амьдрах чадвараар илүү байхаас гадна эдгээр дэвшилтэд технологийг хэрэглэж байгаа улс орнуудад хэрэглээгүйгээсээ давуу байдал олгох болно. Үүний үр дүнд нь дайснуудын хямд өртөгтэй, түрэмгий, бие даасан довтолгооноос зөвхөн ижилхэн хурд, бие даасан байдалтай, ухаалаг системүүд л хамгаалж чадна.

Цахим дайнд хиймэл оюуны технологийг ашиглан цэргийн GPS эсвэл харилцаа холбооны хиймэл дагуулын дохионд дайснууд хөндлөнгөөс оролцохоос сэргийлж чадна. Жишээлбэл, жижиг, хөдөлгөөнт цахилгаан соронзон долгион сарниулагчийг дайсны довтолгооны мэдрэгч, харилцаа холбоонд нөлөөлөхөд ашиглаж болох бөгөөд энэ нь кибер халдлагатай хамтарч дайсны хамгаалалтыг төөрөлдүүлж, даван туулахад ашиглагддаг. Оросын арми Сири болон Зүүн Украины байлдааны бүсэд GPS-ээр удирддаг нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн ажиллагааг тасалдуулах ажиллагаагаа баттай байлгахын тулд долгион сарниулагчдыг байрлуулсан гэж мэдэгдэж байсан.

Эцэст нь хэлэхэд дэлхийн томоохон гүрнүүд аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын дэвшилтэт технологиудыг цэрэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хэрэглээд эхэлсэн төдийгүй энэ чиглэлд давуу байдал олж авах өрсөлдөөнд хэдийн оржээ. Ирээдүйн дайн цэрэггүй болох нь тодорхой. Өвч зэвсэглэсэн, өөрийгөө бүрэн удирдаж, бусадтайгаа холбогдсон, жолоочгүй дрон, танк, нисэх онгоц, усан онгоцны тулаан болно. Хэдийн үйлдвэрлэгдсэн зэвсгийг өөрийгөө удирддаг, бусадтай холбогддог болгоход нүсэр дэд бүтэц бүхий том үйлдвэр шаардлагагүй. Манай улсын хувьд ойрын ирээдүйд байлдааны усан онгоц, нисэх онгоц, танк үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ бидэнд цэрэг, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн салбарт амжилт олох боломжийг өнөөгийн технологийн хувьсгал олгож байгааг алдаж боломгүй. Учир нь аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын технологиуд улс гүрнүүдийг, аж ахуйн нэгжүүдийг нэг гараанаас эхлэх боломжийг олгож байна. Монголын нэр бүхий компани блокчэйн технологиор дэлхийд тэргүүлэх байр суурьтай, амжилттай ажиллаж байна. Энэ боломжийг алдахгүйн тулд бид дараах ажлуудыг хийх шаардлагатай байна. Үүнд:

  • Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад технологийн сургуулиуд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх;
  • Бидэнд байгаа дэлхийн хэмжээний мэдээллийн технологийн инженерүүдийг дээрх төслүүдэд татан оролцуулах;
  • Төрөөс дээрх чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний төсвийг нэмэгдүүлэх зэрэг болно.

[1] Swarming technology –хэд хэдэн өөрийгөө удирддаг системийг хооронд нь холбож байлдааны ажиллагаанд нэгдсэн зорилгын төлөө уялдуулан зохицуулдаг технологийн дэвшлийг хэлнэ.

[2] Loitering attack munitions – Бай байрлах хэсэгт хэд хэдэн өөрийгөө удирдах зэвсэг илгээж хүлээж байгаад байг олмогц халдлага үйлдэж устгадаг зэвсгийн систем. Амиа хорлогч дрон, камикадзе дрон ч гэж нэрлэдэг.

Эх сурвалж: ТЕГ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдалд гамшиг ослын 68 дуудлага ирсэн бөгөөд үүнээс 50 орчим хувь нь шар өвс шатааснаас гал алдсан дуудлага байжээ. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан байна. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас зургаадугаар сарын 10 хүртэл хоригложээ. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдал, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж ажиллаж байгаа аж. Эдгээр албан хаагчид ирэх зургаадугаар сарын 10-н хүртэл хөдөлгөөнт эргүүл хийнэ. Дэлхийн олон улсад тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар халдвараар өвчилсөн 16 тохиолдол илэрсэн бөгөөд нийт 1484 иргэн ажиглалтад байгаа талаар , НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн. Нийт 4 иргэн бүрэн эмчлэгдэж гарсан. Гэхдээ тайвширч болохгүй үе учраас иргэд амны хаалтыг байнга хэрэглэж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар хангах шаардлагатай” гэдгийг онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ өчигдөрийн хуралдааны төгсгөлд “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцуулав.

Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог чадавхжуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлыг шийдвэрлэх, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулахад ач холбогдолтой Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй эээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсныг Сангийн сайд танилцуулгадаа тэмдэглэсэн. Санхүүжилтийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа эхний 5 жил, зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж, 0.5, үйлчилгээний хураамж0,75 хувь байх аж.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар төслийн зориулалтын талаар асууж, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнийг чадавхжуулахад анхаарах шаардлагатай гэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонххуулийн төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн аж.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, С.Батболд, М.Билэгт нар асуулт асууж, хариулт авсан. Ингээд “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос өнөөг хүртэл хэрэгжиж байгааг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа онцлов.Уг төслийн үндсэн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ыг бууруулах зорилгоор богино хугацаанд арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гарсан бөгөөд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээг өргөтгөн цар хүрээ болон ашиг хүртэгсдийг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 12.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилт олгохоор харилцан тохиролцоод байна. Санхүүжилтийн нөхцөлийг дурдвал эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа эхний 5 жил, зээлийн хүү1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж 0.5 хувь тус тус байна гэж байлаа.

Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхэд асуулт асуух, үг хэлэх гишүүд гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асууж, үг хэлсний дарааМонгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: ОХУ-ын Тува улсад нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Дэлхий дахинд нийт 1,698,323 халдварын тохиолдол бүртгэгдэж, 102,696 хүн энэ өвчний улмаас нас барсан бол 376,254 хүн эдгэрчээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Өвчлөл АНУ, Герман, Франц, Их Британи, Турк улсад голомтлон тархсаар байна. Япон улс улсад 582 шинэ тохиолдол бүртгэгдснээс 189 нь Токио хотод бүртгэгдээд байна. Үүнийг судлаачид улирлын томуутай хавсарч байгаа нь өвчлүүлэх шалтгаан болж байна гэж үзэж байна. БНСУ-д шинээр 30 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн үед залуусын дунд ихээр бүртгэгдэх болжээ.

Түүнчлэн ОХУ-д өвчлөл өндөр байгаа бөгөөд нийт 1,700 гаруй хүн шинээр халдвар авч, нийт тохиолдлын тоо 11,917 болоод байна. Мөн Улаан-Үд хотод өвчлөл нэлээд эрчтэй байгаа юм. Тус хотод 64 хүн шинээр өвчилж 12 хүн эдгэрсэн бол нэг хүн өвчний улмаас нас баржээ.

Өчигдрийн байдлаар мөн ОХУ-ын Тува улсад нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-ын хувьд шинээр 42 тохиолдол бүртгэгдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Иймд Азийн орнуудад Европын орнуудаас хоёр, гурав дахь давалгаа болж өвчний тохиолдол зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байгааг Хонг Конгийн судлаачид анхааруулж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасайхан: Оновчтой бодлого, хурдтай шийдвэрээр эдийн засгийн “цус алдалт”-ыг зогсооно

Монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.


-Коронавирусийн тархалт хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Үүнийг дагаад эдийн засаг цаашид яах нь тодорхойгүй, нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн хэвээр байна уу?

-Судалгаануудын үр дүнгээс харахаар долоо хоног бүр нөхцөл байдал улам дордоод байна л даа. Ийм огцом өөрчлөлт өнөөг хүртэл хэвээр байгаа. Долоо хоногийн дараа байдал яаж ч өөрчлөгдөж мэдэх нөхцөлд хүн төрөлхтөн амьдарч явна даа.

-Хамгийн том хүндрэлтэй нүүр тулсан салбарууд гэвэл та аль салбарыг онцлох вэ?

-Нэрвэгдээгүй салбар үгүй. Үйлчилгээний салбар маш хүнд байна. Дараа нь орох салбар бол үйлдвэрлэл. Аялал жуулчлал бүр тэг зогсолт хийчихсэнийг хүн бүр мэдэж байгаа.

-Засгийн газрын шийдвэрүүд эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Шийдвэр хэрэгжиж эхлээгүй байна. Бодит байдал дээр яг яаж хэрэгжих нь тодорхой биш байгаа учраас яг тэгж ингэж нөлөөлнө гэсэн дүгнэлт хийхэд эрт л дээ.

Өмнөх жишээнүүдийг харахаар шийдвэрүүд маш олон хязгаарлалттай гардаг. Аливаа шийдвэрийг дагаад гарах журам, дүрэмд баахан хязгаарлалт хийгээд өгчихдөг тал бий. Элдэв хязгаарлалт хийчихээр тухайн гаргасан шийдвэр зорилтот бүлэгтээ өгөөж багатай болдог сул тал ажиглагддаг. Аль нэг даргын үнэлэмжээр шийдэгдэх тал ч анзаарагддаг.

-Тэгвэл дэлхийн улс орнууд иргэд, компаниуд руугаа чиглэсэн бодлогоо яаж хэрэгжүүлж байна вэ?

-Өнөөгийн хүнд нөхцөлд бусад улсад хэрэглэж буй аргыг харахаар битгий ялга, бүгдэд нь боломж олго гэсэн чигтэй байна л даа.

Татвараас чөлөөлбөл бүгдийг нь чөлөөл, зээл өгвөл бүгдэд нь ижил ханд гэсэн арга барилаар хандаад байх шиг. Тэгж байж л өнөөдөр нэгэнт эхэлчихсэн цус алдалтыг цаг алдалгүй зогсоож чадна гэцгээж байна.

-Засгаас гаргасан шийдэлтэй холбоотойгоор компаниудаас ямар нэг санал, хүсэлт ирж байна уу?

-Засгийн газраас гаргасан шийдэл тодорхой хугацаанд буюу хагас жилийг хамрахаар байгаа. Коронавирусийн тархалт хэзээ болтол үргэлжлэх нь тодорхойгүй ийм үед үүнээс урт хугацаа тавьж болохгүй юу гэсэн асуултыг компаниуд тавьж байна. Бидний харж байгаа өнцөг, бусад орны авч буй арга хэмжээг харахаар цар хүрээ нь өргөн, хамрах хугацаа нь доод тал нь 12-18 сар байна. Зургаан сарын хугацаанд арга хэмжээ авчихаад дараа нь яах вэ гэсэн асуулт гарч ирэх нь тодорхой. Татварын хувьд алданги торгуулийг чөлөөлнө гэж байгаа. Чөлөөлөх нь сайн хэрэг. Гэхдээ тэртэй тэргүй ашиггүй ажиллаж эхэлсэн бизнест татварын алданги, торгуулийн чөлөөлөлт ямар ч утга учиргүй шийдвэр болчихож байгаа юм. Өнгөрсөн жилийн татварын өртэй аж ахуйн нэгжүүд олон бий. Ийм асуудалтай аж ахуйн нэгжүүдэд хамаатай шийдвэр гэвэл өөр хэрэг л дээ.Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй татварт ногдох алданги торгуулийг дөрөвдүгээр сараас эхлэн чөлөөлнө гэдэг нь бас өрөөсгөл шийдэл.Хүндрэл энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн. Өмнөх гурван сарын хугацаанд үүссэн асуудлууд дээр компаниудад ямар дэмжлэг үзүүлэх вэ гэсэн асуудал гарч ирнэ.

-Засгийн газар 14 төсөл хөтөлбөрийг 700 гаруй сая ам.доллараар хэрэгжүүлнэ гэж байгаа. эдийн засагт өгөөжөө өгөхөөр шийдэл нь энэ байна уу?

-Таны асуусан хөтөлбөрүүдийн хувьд олон улсын банкуудтай хамт боловсруулагдаад батлагдах дөхсөн зээлийн төсөл, хөтөлбөрүүд байх. Ийм хөтөлбөрүүдийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Гэтэл Засгийн газрын хурд, бизнесийн хурд хоёр ямар ялгаатай билээ. Зээл нь батлагдаад хөтөлбөр нь хэрэгжиж эхэллээ ч гэсэн яг бодит байдал дээр удааширдаг. Тендер зарлана, компанийн сонгон шалгаруулалт явагдана. Энэ бүх процесст тодорхой хугацаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энэ хавар батлагдаж байгаа хөтөлбөрийн мөнгө хэзээ орж ирэх вэ гэсэн асуулт тавигдана. Хурдан байлаа гэхэд зургаан сараас наашгүй.

-Ирэх намар хүртэл санхүүжилт нь орж ирэх боломжгүй гэж үү?

-Тэгж ойлгож болно. Тодруулж хэлбэл, ирэх намраас наашгүй юм болно. Өнөө маргаашгүй амиа тавих гэж байгаа нэгэнд зургаан сарын дараа хийх эмчилгээ амин чухал байх уу? Нөхцөл байдал, таамаглал долоо долоон хоногоор өөрчлөгдөж, улс орнууд паникийн байдалд орсон ийм үед алгуур удаанаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүд эдийн засгийн хямралыг шийдэж чадахгүй. Дэлхийн улс орнуудын хувьд эдийн засаг нь хямралтай, шокийн байдалтай байгаа ч Засгийн газрууд нь шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг гаргана гээд амлачихсан учраас олон улсын хөрөнгийн захууд түр “амсхийж” байна. Хөрөнгийн захууд олон их наяд ам.долларын санхүүжилт компаниуд дээр орж ирэхээр цусны эргэлт сайжирна гэж түр тайвширч байна. Ийм хүлээлт бий болсон. Өнөө маргаашдаа яах вэ гэж байгаа улсуудын хувьд улс төр, сонгууль хамаа алга гэсэн байдлаар асуудалд хандаж байна л даа. Иргэнээ эрүүл байлгах, өвчтэй бол эмчлэх, компаниудаараа дамжуулж иргэдээ орлоготой аж төрүүлэх, болохоо байвал иргэддээ бэлэн мөнгөний халамж үзүүлэх гэсэн бодлогыг ихэнх орнууд бариад эхэлчихлээ.

-Хямралыг давах тал дээр манай улсын давуу тал гэвэл та юуг онцлох вэ?

-Жижиг эдийн засагт нэг давуу тал бий. Хурдан хөдөлж, түргэн маневрлах чадвартай. Өнөөдөр нэг шийдвэр гаргаад маргааш хэрэгжүүллээ гэхэд үр дүн нь маш хурдан бодит эдийн засаг дээр мэдрэгддэг. Тэр давуу талаа л ашиглах нь бидэнд байгаа гарц. Бидэнд бусад орон шиг хөрөнгө мөнгөний их нөөц бололцоо тэр бүр алга. Тэгэхээр энэ давуу талаа л ашиглаж хурдтай ажиллах хэрэгтэй байна. Эсрэгээрээ заан шиг удаан хөдлөөд байвал том эрсдэлтэй нүүр тулахаас аргагүй болно.

-Ажилгүй болсон иргэдийн сүүлийн үеийн тоог сонирхуулаач?

-Сүүлийн мэдээгээр 10 мянга гаруй хүн ажилгүй болоод байна гэнэ. Гэтэл энэ талаар, олон иргэн ажилгүй болно гэдгийг МҮХАҮТ хоёр сарын өмнөөс сануулсан. Судалгаа хийж танилцуулсаар ирсэн. Ингээд байхад 100 мянган төгрөгөөр ноолуур авна гэх бодлого яриад суух жишээний.

-Шийдэл нь байгаа онохгүй байна гэж үү?

-Байгаа онох тухай биш, байндаа хүрэхгүй тухай гэж бодож байна.

Тодорхой өрхүүд ноолуураас ноолуурын хооронд амьжиргаагаа зохицуулдаг нь үнэн. Тэднийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ яаж дэмжиж байна вэ гээд харахаар утгагүй болчихлоо л доо. Малчид нь засгийн хэлсэн 100 мянган төгрөгөөр ноолуураа зарна гэж хав дараад, ноолуурын үйлдвэрүүд тийм өндөр үнээр авах боломжгүй гэсэн тайлбар хийгээд яах нь тодорхойгүй сууцгааж байна. Уриа лоозон нь гоё сонсогдож байгаа ч компаниудын асуудлыг шийдэх хэмжээний шийдэл өнөөхөндөө алга. Уг нь Засгийн газар, компани хоёр нэг завин дээр сууж яваа хамтрагчид. Компаниуд хэцүүдвэл төсөв орлогогүйдэж, Засгийн газар хэцүү байдалтай нүүр тулна. Компаниудын хувьд Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг хүлээгээд сууж байгаа. Ардчилсан нам-ын тухайд бүтэн жилийн хямралыг яаж даван туулах вэ гэсэн асуултад хариу өгсөн төлөвлөгөө өргөн барьчихсан.

-Ипотекийн зээлийг гурван сараар хойшлуулах шийдвэр иргэдэд шууд утгаараа нөлөөлөхгүй байна гэсэн шүүмжлэл дуулдаад эхэллээ. Зээлээ хойшлуулъя гэж банкинд хандсан иргэд зээл авахаас ч хэцүү процессийг давах юм байна гэх мэт мэдээлэл дуулдаж байгаа. Ипотекийн зээлийг шууд хойшлуулах боломж засагт байгаа юу?

-Засагтай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр гэдэг утгаараа тийм боломж бий. Ипотекийн төлбөрийг гурван сараар хойшлууллаа гэж байна. Дараа нь дахиад хойшлуулах уу гэсэн асуулт үлдчихлээ л дээ. Юм ойлгомжгүй, тооцоход бэрхшээлтэй байгаа үед Засгийн газар иргэд, компаниуддаа болж өгвөл ойлгомжтой байдлыг л бий болгох хэрэгтэй. Компаниудын хүсч байгаа зүйл ердөө энэ.

Гурван сарын дараа яах вэ гэдгээ тооцож чадахгүй болохоор хэн ч бухимдана, болгоомжилно, эргэлзэнэ. Ипотекийн зээлийн хугацааг жилээр хойшлуулбал өөр хэрэг. Ипотекийн зээлийн хугацааг нэг жилээр сунгачихвал иргэд тайвширна. Хямралын үед яаж бага зардлаар, бага хохиролтой амьдрахаа тооцчихно. Иргэд үүнийг л хүсч байгаа. Манлайлал гэдэг энэ л дээ. Дэлхий нийтээрээ тодорхойгүй байна гэсэн мэдээлэл байхад тайван суухад хэцүү. Оновчтой бодлого, хурдтай шийдвэрээр байдлыг ойлгомжтой болгох хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн насандаа Оскар авч сургуульд орохдоо саятан болчихоод шуугиулж явсан бүсгүйн түүх

Дэлхийн эдийн засгийн хувьд өвчин хижиг, дайн тулаан, биржийн уналт зэргээс шалтгаалан маш олон улсыг хоморголон олон жилээр сүйрэлд оруулж байсан хэд хэдэн хямрал бий. Хол ярихгүй ойрын жишээ татахад л 2008 оны хямралыг дурдаж болно. Америкийн хөрөнгө оруулалтын хамгийн том банк Lehman Brothers тэр жил дампуурлаа зарласан нь гинжин урвалд орж дэлхийн хөгжингүй улсуудын том пүүсүүдийн үнэт цаасны үнэлгээ навс унаж байсныг санаж байгаа биз дээ. 2016 он хүртэл үргэлжилж G20-ын засаг захиргаанаас үзүүлсэн асар их тусламжийн үр дүнд их бага хэмжээгээр тогтворжуулж байлаа. Америк орныг шувталсан 1929-1933 оны хооронд дахь Great De­pression буюу Их Хямрал гэж айхавтар эдийн засгийн уналт бий. Хөрөнгийн биржийн уналт, хэрэгцээгээ мэдрээгүй илүүдэлтэй үйлдвэрлэл, улстөрчдийн увиагүй үйлдэл зэрэг хүчин зүйлс давхцан АНУ-ыг хямралд оруулж улмаар Канад, Англи, Франц, Германыг хамарснаар дэлхийн хэмжээний болж өөрчлөгдөж байжээ. Тэгвэл энэ удаа энд тийм их хямралын үед агуу 20th Century Fox-ыг дампуурлын ирмэгээс татан гаргаж байсан жижигхэн охины тухай өгүүлэх гэсэн юм. Коронавирусээс шалтгаалан дэлхий хямарч буй энэ цаг үед сайн цаг ирнэ, тэгэхийн тулд цагаа олсон зөв үйлдэл олон хүний хувь заяаг орвонгоор нь эргүүлж болдог юм байна лээ гэдгийг сануулах гэлээ.

Америкийн кино урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 25 эмэгтэй жүжигчнийг шинэ зуун эхлэхээс өмнө тодруулсан юм билээ. Тэд тайз дэлгэцнээ 1960-аад оноос өмнө гялалзаж явсан жүжигчид байсан агаад Элизабет Тейлор, Лорен Бэколл, Софи Лорен гэх мэт үзэсгэлэнт бүсгүйчүүд дунд Ширли Темплийн нэр ч багтсан байхыг харах вий. Гуравхан настайдаа анхны кинондоо тоглож, зургаан настайдаа Оскарын шагнал хүртээд арав хүрэхэд аль хэдийнэ өчнөөн сая ам долларын цалин авч, 21-тэйдээ “тэтгэвэрт” гарч байсан шуугиант замналтай Ширли Темплийг та бүхэнд танилцуулъя.

1928 оны дөрөвдүгээр сарын 23-нд Калифорни мужийн Санта-Моника хэмээх жижигхэн хотод банкны ажилтан Жорж Темпл түүний эхнэр Гертрудын гэр бүлд нэгэн охин мэндэлсэн нь Ширли байлаа. “Миний хүүхэд ирээдүйд дуучин болно, дарга болно, тамирчин болно” гэж ээж аав нь мөрөөддөг ч гэлээ амьдралын орвоо бусгаа замд тэр мөрөөдөл нь биелэлээ ололгүй шал өөр тийшээ хазайх нь хууль байдаг даа. Харин Ширлигийн хувьд тэр хууль үйлчлээгүй. Эцэг, эх нь охиноо төрсөн өдрөөс нь эхлээд л жүжигчин болгоно гэж ярьсан агаад тэр замаасаа хазайлгүй чигээрээ зүтгэсэн, зүтгэхэд ч нэг их хугацаа шаардагдсангүй, ердөө гуравхан жилийн дараа буржгар үст Ширли анхны кинондоо тоглоод зогсож байв. Жижигхэн охин тухайн үедээ овоо алдартай байсан Мэлжин авхайн бүжгийн дугуйланд тогшуур бүжгээр хичээллэж байхад Холливудын продюсер Жэк Хейс анх анзаарсан гэдэг. Тэр Baby Burlesk хэмээх хөгжимт бүжгийн олон ангит кинонд тоглуулах хүүхдүүд цуглуулж байсны нэгд Ширли багтаж олон арван багачуудаас аргагүй л авьяасаараа онцгойрон гол дүрд тоглож байлаа. Хожим өөрийн дурдатгалдаа Ширли “Хүүхдүүд зураг авалтын үеэр дүрсгүйтээд байвал дуу авианы харанхуй өрөөнд цоожлоод мөсөн дээр суулгаж шийтгэдэг байсан. Тийм жаахан амьтдын сэтгэл зүйд ямар их сэвтээх зүйл үлдээдэг байсныг төсөөлөх ч бэрх байгаа биз. Ийм л замыг туулж цаг, мөнгөний үнэ цэнийг ойлгож байлаа шүү дээ” хэмээн тэр харгис хатуу үеийг дурссан байдаг. Уг кино дэлгэцэнд амжилт олсны дараа кино үйлдвэрлэлийн мангас FOX Ширлийг өөрийн болгосон юм.

Өнгөрсөн зууны гучаад оны үед Америк орон Их хямралдаа нэрвэгдээд юун кино үзэх, идэх талхныхаа төлөө алалцаж байсан үе. Том, том кино компаниуд үүд хаалгаа барьж кино театрууд үзэгчгүй болчихсон байхад “Fox Film Corporation” ч ялгаа үгүй дампуурлын ирмэгт тулчихсан баларч явахдаа Ширли Темплитэй танилцсан юм билээ. “Бос тэгээд дуул” кино нь гэмт хэрэг, ажилгүйдэл, гутрал цөхрөлд автчихсан америкчуудыг кино театр луу хөтөлж бага ч атугай амьдралын гэрэл гэгээлэг хэсгийг харах боломжийг олгосон. Америк тэр чигтээ уг кинонд дурлаж FOX-ыхон бяцхан охин тэднийг дампуурлаас аврах гэрэлт луужин нь мөн юм аа гэдгийг ойлгосноор Ширли Темплийн од гийх хугацаа ирлээ. Хоёр хацар дээрээ хөөрхөн хонхорхойтой, алтан шаргал буржгар үс, цээл хоолойтой, том хүнд ахадмаар хэцүүхэн бүжгийг зовлонгүй цогиулчихдаг охин тэр үедээ бүхэл бүтэн улсыг байлдан дагуулж байсан гэхэд гайхах зүйлгүй. Орчин үе шиг хэлгүй хүнийг хэлтэй болгон, матрыг хун мэт өөрчилж болох технологи байсангүй, байгалиас заяасан авьяасаараа өөрийгөө мэдрүүлж явсан тэр үеийн охины хөдөлмөр шууд үнэлэгдсэний бодит жишээ нь дэлхийд дахин давтагдахгүй амжилт хэмээгдэх зургаан насандаа хүртсэн Оскарын шагнал мөн буюу. Нэр хүндтэй, алдартай болох нь сайхан ч гэлээ нөгөө талдаа заавал муу үр дагавар дагуулж байдаг шүү дээ. 1935-1938 оны хооронд Ширли Темпл Америкийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр тодорч тэр хугацаанд найман сая ам.долларын ашигтай ажилласан байдаг. Жирийн америк иргэний өдрийн цалин нэг доллар байсан үеийн найман настай охины орлогын талаар ярьж байгаа юм шүү дээ. Өнөөдрийн ханш руу шилжүүлбэл тэрбум гараад явчихна. Тийм ч учраас Темпли “Надад бага нас гэж байгаагүй. Үеийнхээ хүүхдүүдтэй гадаа чөлөөтэй тоглож үзээгүй. Зургаан настай байхдаа дэлгүүрт орсон чинь хүсэл биелүүлдэг Санта Клаус намайг харчихаад гарын үсгээ үлдээгээч гэж хүссэн. Тиймээс өвлийн өвгөн гэж байдаггүй, худлаа гэдгийг ойлгосон” хэмээн бичжээ. Хэдий төрөхдөө буржгар байсан ч удалгүй үс нь шулуун болж эхэлсэн тул ээж нь унтахынх нь өмнө тогтмол 56 ширхэг “пигуди” ороож хэвтүүлдэг байжээ. Европ тивд түүнийг ерөөсөө хүүхэд биш насаа нуусан тарваган бүсгүй гэдэг цуурхал хүчтэй тархаж Ватиканы шашны байгууллага Сильвио Массанте хэмээх ламыг үнэн худлыг нь шүүн шалгуулахаар явуулж байсан түүх ч бий. Бас гудамжаар алхаж явах үед түүний үснээс татаж парик өмссөн эсхийг шалгах тохиолдол тогтмол гардаг байсан гэж ч тэр өгүүлсэн байдаг. 20th Century Fox, Metro-Goldwyn-Mayer зэрэг том пүүсүүдтэй гэрээлж тэдгээрийн эргэн тойронд эргэлдэх шалиг продюсерүүдийн хараанд аравхан наснаасаа өртөх болсон Ширлигийн хувьд томчуулын шуналт харц, танхай үйлдэл ямар их хэцүү байсан тухай өөрийн дурдатгалдаа бичиж үлдээснээс нэг л жишээ татъя. “Намайг 12 настай байхад Metro-Goldwyn-Mayer-ын продюсер Артур Фридтэй танилцуулсан. Нэг удаа яаж ч байгаад билээ түүний өрөөнд хоёулханаа үлдчихсэн байсан чинь Фрид гэнэт товчоо тайлаад өмдөө доош нь унагаж билээ. Би маш их айж зугтчихсан” хэмээсэн нь овоо хэдэн адал явдлынх нь нэг. Хүүхэлдэйгээр тоглодог насан дээр явж байсан охины тухай ярьж байгаа юм шүү дээ. Ер нь тэр үед барби хүүхэлдэйн сураг ч алга байхад Ideal Novelty&Тoy Cо компаниас үйлдвэрлэсэн Ширли гэдэг хүүхэлдэй хамгийн их борлуулалттай тоглоом байсан юм шүү гэдгийг бас тэмдэглэчихье.

Ширли Темпли Холливудын хожим түүний жимээр алхсан хүүхэд-одуудын хувь заяатай адил цээл насандаа хүрээд алдрын оргилоос уруудсан даа. Товчхондоо 21 наснаас нь эхлээд кино компаниуд зайгаа авч урилга явуулахаа болиод эхэлсэн нь нөгөө л зах зээлийн хатуу хуультай холбоотой бөлгөө. Тэдэнд нар цацруулсан инээмсэглэлтэй, хөгжил, баясгал гийгүүлсэн охин хэрэгтэй байсан болохоос гоолиг, гунхалзсан бүсгүй хэрэгтэй байсангүй. Гэхдээ тэр Маколей Калкин мэт чиг дампуураад алга болчихоогүй, телевизийн дэлгэцнээ өөрийгөө сорьж, гэр бүлтэй аз жаргалтай амьдралыг амсан, улс төрд чадал, чансаагаа шалган ирмүүн амьдралаар амьдарч байгаад хорвоогоос буцсан л даа. Улс төрийнх нь амьдрал кино урлагаас нь нэг их дутахааргүй, бас л хэр хэмжээндээ таарсан боргилуун байж Америк улсыг төлөөлөн хэд хэдэн улсад элчин сайдаар ажиллан, НҮБ-д хүртэл төлөөлөгчөөр шавилан сууж явлаа шүү дээ.

Лос Анжелесын Холливудад TCL Chinese Theatre гэж бий. Тэр кино театрын өмнүүр нөгөө гар, хөлний мөртэй алдартай гудамж байдаг. Тэнд 1935 оны гуравдугаар сард зургаахан настайдаа мөрөө мөнхлөн үлдээх завшаан тохиосон хамгийн залуу эмэгтэй жүжигчин нь Ширли Темпл байсан юм шүү дээ.

Б.ХУЛАН