Стратеги академийн захирал, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгч хямралын нөхцөлд зохицуулан УИХ-ын сонгуулийг хойшлуулах асуудлыг тавиад байгаа. Энэ талаар судлаачид ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийлөгч гуравдугаар сарын 25-нд шинэ коронавирусийн тархалтын улмаас Монгол Улсын эдийн засагт хямрал нүүрлэж болзошгүй байгаа тул УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах мөнгийг хэмнэж эрх мэдлийн төвлөрөл бий болгоё гэсэн агуулга бүхий зургаан зүйл бүхий уриалга гаргасан. Ерөнхийлөгч энэ байр сууриа дөрөвдүгээр сарын 6-нд болсон УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр дахин тодотгосон. УИХ-ын сонгуулийг хойшлуулъя гэдэг нь ерөөс УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Үндсэн хуулийн 22.1 дэх заалтын дагуу “улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу сонгуулийг хойшлуулах нь УИХ-ын бүрэн эрх юм. “Covid-19” цар тахлын Монгол Улс дахь нөхцөл байдлыг гэнэтийн аюул буюу онцгой нөхцөл гэж үзэх үү, эсвэл өнөөг хүртэл хугацаанд хорио цээрийн дэглэмийг эртнээс тогтоосны хувьд цар тахлыг хяналтад байгаа, сонгууль хойшлуулах хэмжээний аюултай нөхцөл байдал биш гэж үзэх үү гэдгийг УИХ тогтооно.
-Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд төрийн удирдлагыг төвлөрүүлэх асуудал дурдагдсан. Төрийн удирдлагыг төвлөрүүлнэ гэхээр хэрхэх вэ?
-Ерөнхийлөгчийн уриалга дахь төрийн удирдлагыг төвлөрүүлэх тухай асуудал яах аргагүй анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хууль, бусад үйлчилж буй хуулиудын хүрээнд “төрийн удирдлагыг төвлөрүүлэх” гэсэн үг үсэг бүхий ямар нэг зохицуулалт байхгүй. Гагцхүү 1995 онд батлагдсан Онц байдлын тухай хуулийн 8.9 дүгээр зүйлд заасны дагуу Онц байдал зарлагдсан тохиолдолд төрийн зарим эрх мэдэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шилжиж болох зохицуулалт бий. Тэгэхээр Ерөнхийлөгч чухамдаа Онц байдлын тухай хуулийн тодорхой заалтуудыг үндэслэн “төрийн удирдлагыг төвлөрүүлье” гэж хэлсэн байж болох юм. Учир нь Ерөнхийлөгчийн Хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэнд “Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цомхон бөгөөд чадварлаг бүтцийг нэн яаралтай байгуулж…” гэж дурдагдсан.
-Цар тахал хүчтэй дэгдээд онц байдал зарлавал улс оронд ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Хэрэвзээ улсын нийт нутаг дэвсгэрт онц байдал зарлачихвал юуны өмнө сонгууль явагдах боломжгүй болно.
Харин нутаг дэвсгэрийн зарим хэсэгт онц байдал тогтоосон бол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль явуулах, эсэх тухай асуудлыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Их Хурал шийдвэрлэх учиртай.
Мөн хөл хорих, хорио зөрчсөн этгээдийг албадан саатуулах, хүний бие, авч яваа эд зүйлд үзлэг хийх, хэвлэл мэдээллийг хянах, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох, улс төрийн нам, эвсэл холбоо, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох гэх мэт хүний эрхийг хязгаарласан олон зохицуулалтыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хийх боломжтой. Онц байдлын тухай хуульд зааснаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд төрийн нэлээд эрх мэдэл шилжиж очно. Тухайлбал, онц байдлын тухай шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, шаардлагатай асуудлыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх эрхийг олгосон байдаг. Онц байдлын тухай хуулийн 9.5-д “онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй Засгийн газрын гишүүн, УИХ болон Засгийн газарт ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдах албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, орны хүнийг томилох, огцруулах асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх” гэх мэт заалтууд бий. Судлаачид бид Онц байдлын тухай хуулийн эдгээр заалтууд нь хүний эрхийг хязгаарлах, парламентын засаглалын чадамжийг сулруулах, УИХ-ын бүрэн эрхээс Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд хэтийдүүлэн олгосон заалт гэж шүүмжлэн үздэг. Жишээлбэл, Монгол Улсад 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын үед анх удаагаа онц байдал зарлагдаж байсан. Онц байдлын үед таван хүний амь нас үрэгдэж хүний эрхийн олон зөрчил гарсныг бид бүгд мэдэж байгаа. Ер нь онц байдал зарласнаар хүний эрхийг тодорхой хүрээнд хязгаарладаг, гэхдээ ингэж хязгаарлаж байгаа нь улс орны аюулгүй байдлыг хангах зорилготой уялдаж байх ёстой. Хэдий тийм боловч онц байдал зарласан үед Үндсэн хуулийг өөрчлөх, засаглалын хэлбэрийг солих зэрэг зөрчил нэлээдгүй гардаг нь олон улсын практикаас харагддаг тул онц байдлыг хэн нэгэн улстөрчийн хувийн сонирхол болон олон нийтийн санал асуулгын дүнд зарлана гэж байдаггүй, ноцтой зүйл. Тийм учраас онц байдал зарлахыг хүсээд байх зүйл биш.
-УИХ-ын сонгууль хойшлохгүй, хугацаандаа явах тохиолдолд цар тахлаас болж сонгуулийн үйл явцад яаж нөлөөлөх бол?
-Дэлхийн улс орнуудын цар тахлын дэгдэлт, түүний эсрэг авч буй арга хэмжээг харахад Монгол Улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад коронавирус цар тахлын эсрэг хамгийн түрүүнд арга хэмжээ авсан, хөл хориог анхлан тогтоосон эхний хэдэн улсын нэг. Тийм учраас цар тахлын тохиолдол хамгийн бага улсуудын нэг, илэрсэн тохиолдлууд нь бүгд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн гадаад, дотоодын иргэдээс илрээд байгаа. Мөн бусад улстай харьцуулахад хүн амын нягтаршил бага, тэн хагас нь орон нутагт таруу байрлалтай оршин суудаг нь үй олныг хамарсан халдварт өвчнийг даван гарахад манай улсын нэг давуу тал болж байгаа юм. Гэхдээ тайвшрах болоогүй, хүн амын төвлөрөл ихтэй нийслэл Улаанбаатарын хувьд эрсдэл өндөртэй хэвээр байна. Ийм нөхцөлд УИХ-ын сонгуулиа халдвар хамгаалал, ариутгалын өндөр дэглэм дор хариуцлагатай зохион явуулах нь Монгол төрийн үүрэг, Сонгуулийн Ерөнхий хорооны чухал зорилт болоод байна. Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд сонгуульд оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөрүүдээ Аудитын байгууллагад хүргүүлээд сонгуулийн бэлтгэлээ ид хийж байна. Ерөнхийдөө энэ жилийн сонгууль хөл хорионы дэглэмийн үед явагдана гэдгээрээ хэд хэдэн онцлогтой болох байх. Хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байвал нийтийг хамарсан томоохон уулзалт арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт болохгүй. Ингэхээр сонгуулийн зардлыг тодорхой хэмжээгээр буурах давуу талтай. Нэгэнт олон хүн цуглуулах арга хэмжээ байхгүй учраас сонгуулийн сурталчилгаа телевиз, сонин, сошиал сүлжээ зэрэг хэвлэл мэдээллээр илүү явагдах байх. Судалгаанаас харахад энэ жилийн сонгуульд иргэд намуудын бодлого мөрийн хөтөлбөрийг илүүд үзнэ. Нэр дэвшигчдийг нэр цэвэр байх, ёс зүйн алдаагүй байх зэргээр үнэлнэ гэж байгаа. Сонгуулийг халдварын эрсдэлгүй, аюулгүй байдлын өндөр түвшинд зохион байгуулахын тулд Сонгуулийн Ерөнхий Хороо ихээхэн ажлуудыг Улсын онцгой комисстой хамтран хийх шаардлага гарч таарна. Тухайлбал, санал өгөлтийн өдөр санал авах байруудыг халдваргүйжүүлэх, сонгогчдын бөөгнөрөл үүсгэхгүйгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх, ахмад настан, хэвтрийн дэглэмд байдаг иргэд гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн саналыг гэрээр авах, санал авах гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийх ёстой.
-Бусад улс орнууд цар тахлын үед сонгуульдаа хэрхэж байгаа бол. Хойшлуулсан улсууд хэр олон байна вэ?
-2020 он бол дэлхий даяар олон сонгууль явагдаж байгаа жил. Нийтдээ 100 гаруй улсад орон нутгийн, парламентын, ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байгаа. Эдгээр улсуудын сонгуулийн зарим нь хугацаандаа явж зарим нь хойшилж байгаа. Он гарснаас хойш 20 гаруй улсын сонгуулиуд явагдаад байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд гуравдугаар сарын 4-нд Израилийн парламентын сонгууль явагдсан. Санал хураалтыг хуванцар материалаар хийсэн тусдаа санал авах байр, түр кабин байгуулж санал авсан. Мөн сонгуулийн ерөнхий хорооны ажилтнууд болон гадаадаас эх орондоо ирсэн сонгогчид санал хураалтын дараа гэртээ тусгаарлах арга хэмжээг авч байсан. Гадаадаас ирсэн 5,500 гаруй сонгогчдод хамгаалалтын хувцас өмсгөж саналыг нь авсан. Германы Бавари мужийн орон нутгийн сонгуулийн эхний шатны санал хураалтыг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж, санал авах байруудад биечлэн болон шуудангаар санал хураалт авах гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулсан. Харин гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь удаагийн сонгуулийн санал хураалт нь Герман дахь “COVID-19” тахлын ид дэгдэлтийн үед явагдсан тул сонгогчдын саналыг шуудангаар авсан юм. Энэ сард БНСУ-ын парламентын сонгууль, Энэтхэг, Киргизстан, Пакистаны орон нутгийн сонгуулиуд явагдана. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 15-нд болох БНСУ-ын парламентын сонгууль 25 сая сонгогч буюу нийт сонгогчдын 50 хувь нь саналаа өгнө гэж үзэж халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хатуу нөхцөлд явагдахаар бэлтгэж байна. Өмнөд Солонгост “COVID-19”-ийн 8000 гаруй тохиолдол, 100 гаруй хүн амиа алдсан тоо бүртгэгдсэн бөгөөд вирусийн халдвар авсан өвчтөнүүд хүртэл эмнэлгээс гарч сонгуульдаа оролцох бөгөөд тусгайлсан байранд саналаа өгнө. Мөн Үндэсний Сонгуулийн Хороо иргэдийн санал авах ажиллагаанд оролцох ёс зүйн дүрмийг гаргаж сонгогч санал авах байранд очихын өмнө гараа угаах, маскаа зүүх, саналаа өгөөд гараа угаах, санал авах байранд болон гадна хэлэлцүүлэг хийх, бөөгнөрөх, хоорондоо ярилцахаас зайлсхийхээс гадна хоорондын зайгаа баримтлах үүрэгтэй гэсэн байгаа. Ийнхүү вирусийн халдварын нөхцөлд сонгуулийг өндөр зохион байгуулалттайгаар хийхээс гадна Иран, Сири, Индонез зэрэг улсуудад сонгуулийн бэлтгэлийг хангах, вирусийн дэгдэлтийг багасгах үүднээс нэг сараас зургаан сар хүртэлх хугацаагаар сонгуулийг хойшлуулах шийдвэрүүд гарсан.
-Нөхцөл байдал ийм үед сонгуулийг цахимаар явуулах хууль эрх зүйн орчин өнөөдөр манайд бий юү?
-Дэлхийд 180 гаруй тогтвортой сонгуулийг хийж байгаа либераль ардчилсан улсуудад сонгогч саналын байранд биеэр ирж саналаа өгөх, шуудангаар өгөх гэсэн үндсэн хоёр хэлбэр хамгийн түгээмэл байна. Эстони, Швейцарь зэрэг цөөн хэдэн оронд цахимаар санал өгч болдог. АНУ-ын Аризона мужид 2000 онд Ардчилсан намын дотоод сунгааг цахимаар авч туршсан. Коронавирусийн халдварын дэгдэлтийн үед шуудангаар санал өгөх явдал ихээхэн нэмэгдэж байгаа нь Баруун Европын улс орнуудын сонгуулиас харагдаж байна. Харин Монгол Улсын хувьд одоогоор иргэд биечлэн санал хураах байранд очиж саналаа өгөх, эсвэл явуулын хайрцгаар гэрээр саналаа өгөх гэсэн хоёр хэлбэр л байна. Шуудангийн үйлчилгээг айл өрх бүр хэрэглэдэггүй учраас шуудангаар саналаа өгөх боломжгүй байгаад байна. Уг нь шуудангаар саналаа өгөх хувилбарыг нэвтрүүлэх хэрэгтэй.
-Иргэд сонгуулийг хэрхэн явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бол. Энэ талаар судалгаа гарсан уу?
-Энэ хүрээнд манай Стратеги академиас нийгмийн сүлжээнд мониторингууд хийж байна. Үндсэндээ хүн амын 50 хувь нь сонгууль хугацаандаа явах нь зөв гэж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохоос гадна иргэд төрийн эрх барих гол механизм нь сонгууль учраас хугацаандаа хийх нь зөв гэх байр суурьтай. Харин 45-47 хувь нь хойшлуулах нь зөв гэх байр суурьтай байгаа нь ажиглагдсан. Жишээлбэл, дөрөвдүгээр сарын 8-наас Ерөнхийлөгчийн Тамгын газрын пэйж хуудсаар сонгуулийг хойшлуулах эсэх тухай санал асуулга яваад эхэлсэн байна. Эндээс харахад иргэд сонгуулийг хугацаанд нь явуулах эсэх дээр 50,50 хувьтай байсан.