Categories
мэдээ нийгэм

“НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Нягтлах тусам аюулгүй” аян зохион байгуулагдаж байна

Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран 2020 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулсан.

Энэхүү аяныг мэргэжлийн байгууллагууд хамтын хүчээр амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд санхүүгийн гэмт хэрэг, луйвар, залилан 15.3%-иар буурсан юм. Тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аян энэ сарын 20-ны өдрөөс орон даяр зохион байгуулагдаж эхлээд байна.

“Нягтлах тусам аюулгүй” аянг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Хаан банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна. 2017 онд 2,996, 2018 онд 5,372 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 7,821 гэмт хэрэг бүртгэгджээ. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16 хувийг залилах хэрэг эзэлж байна.

Та залилагчаас өөрийгөө хамгаалж чаддаг уу?

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

“Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.13 цагт эхэлж, “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Дэлхийн 213 улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх зорилгоор баримтлах төрийн бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж энэхүү тогтоолын төслийг боловсрууллаа гэлээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд үйлдвэрийн зээлд төрөөс гаргах батлан даалт болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны бус санхүүгийн салбарыг зохицуулах зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, төрийн бусад байгууллагаас дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр зогсонги байдалд орсон эдийн засгийг дэмжиж, банк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдан улмаар санхүүгийн тогтворгүй байдал үүсгэх, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх ач холбогдолтой бөгөөд төрөөс коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын эсрэг авч байгаа бусад цогц арга хэмжээнд дэмжлэг болж, харилцан уялдааг хангах аж.

Тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар тодорхойлсон зорилт, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээний цар хүрээг тодорхойлж, холбогдох санхүү, эдийн засаг, хууль зүйн тооцоо судалгаанд үндэслэсэн бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хамаарагдах банкуудын санал, зээлдэгчдийн тоо, төрөөс гарах зардал зэргийг урьдчилан тооцсон аж. Тогтоолын төсөлд тусгасан эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоо бий болгох, банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, банкны хяналт шалгалт, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагад олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй холбогдуулан Америкийн Нэгдсэн Улс нь Холбооны Нөөцөөс 2.3 их наяд ам. долларыг эдийн засагт нийлүүлэх, Европын Төв банкнаас 750 тэрбум еврог зөвшөөрөгдсөн хөрөнгийг худалдан авахаар гаргасан. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс коронавирустэй тэмцэх зорилготой нэг удаагийн шинжтэй эрх бүхий байгууллагад эрх олгосон хуулийг баталсан. Олон улсын эдгээр туршлагыг харгалзан халдварт цар тахлын улмаас манай улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдал алдагдахаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих арга хэмжээний агуулгыг энэ тогтоолын төслөөр тодорхойлсон гэлээ.

Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.

Тогтоолын төслийг 04 дүгээр сарын 28-ны өдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад тус Байнгын хорооны гишүүдээс тодорхой санал гаргаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийн үзэл баримтлалыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Элдэв-Очир, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх арга хэмжээний хүрээнд банкинд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг чөлөөлөх талаар тодруулсан. Мөн 420 мянган зээлдэгчтэй банк бус санхүүгийн салбараа яаж дэмжихийг лавласан. Банкнаас зээл авч чаддаггүй иргэд энэ салбараас үйлчилгээ авч байгааг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дурдаад, нийт авч буй зээлийн 65 хувь нь хэрэглээний, 13 хувь нь худалдааны зээл байгааг харгалзан үзэж, дундаас доош түвшний амьжиргаатай хүмүүс голдуу үйлчлүүлдэг банк бус санхүүгийн салбарын талаар тодорхой арга хэмжээг тогтоолын төсөлд тусгах саналтай байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн алтны дэлхийн зах зээлийн үнэ огцом өссөн боломжийг ашиглах ямар төлөвлөгөө гаргаж байгаа талаар тодруулсан юм.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар банкны эзэмшиж байгаа үнэт цаасыг худалдан авч банкуудад байгаа мөнгөний эргэлтийг дэмжихээр тусгаж буй аж. Эдийн засгийн хүндрэл банкны салбарт хүндээр тусч, 2.6 их наяд төгрөгийн зээлийн доголдол үүсэн, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар тасалдал үүсч эхлээд буй учир зах зээл рүү мөнгө оруулах, зээл гаргах зорилгоор дээрх арга хэмжээг авахаар төлөвлөснийг Ажлын хэсгийн гишүүд тайлбарласан.

Түүнчлэн тогтоолын төсөлд банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх асуудлыг тусгасан гээд энэ хүрээнд “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн хариулт өгсөн.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг унци алтны үнэ 1700 ам.долларт хүртэл өсч байгаа энэ үед Засгийн газрын “Алт-2” хөтөлбөрийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох зэрэг тодорхой ажлыг төлөвлөөд байгааг дуулгасан.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.

Улсын Их Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Б.Чойжилсүрэн болон ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан бөгөөд Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын зөвлөл болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг хэлэлцэж хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс боловсруулсан нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, цар тахлын голомтын бүсэд болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, захиргаа болон тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн тусгай бүтээгдэхүүний талаар, түүнчлэн энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулах тухай болон хуулийн төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, ойлгомжтой томьёолох зэрэг саналуудыг хэлэлцэж, дэмжсэн хэмээн танилцуулав.

Хуулийн төслийн нэрийг “Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” гэж өөрчлөх санал гаргасан бөгөөд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд үргэлжлүүлэн Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авчирна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг эх орондоо авчирна.

Эхний буюу 04 дүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 7 улсаас 273 зорчигч, 05 дугаар сарын 01-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч, 05 дугаар сарын 02-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирэх юм.

Өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэсэн үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг энэ удаагийн нислэгт хамруулж байна.

Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлээд саатуулах байранд байгаа 33 иргэн, өршөөлийн аянд хамрагдаж байгаа 200 гаруй иргэнээсээ татан авах хүсэлтийг харгалзан нэрсийг гаргасан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Богдхан уулын хамгаалалтын захиргаанд гал унтраах хэрэгслийн дэмжлэг үзүүлжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр, ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт ихтэй өдрүүд тохиож байгаа бөгөөд гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, мөн есдүгээр сарын 20-с арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааг ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй өдрүүд гэдэг. Үүнтэй зэрэгцэн иргэдийн хариуцлагагүй, ухамсаргүй үйлдлээс шалтгаалан ой, хээр, шар өвсний түймэр 17 бүртгэгдээд байгаа бөгөөд онцгой байдлын албан хаагчид, цагдаа, хөдөлгөөнт эргүүл, Богдхан уулын байгаль хамгаалагчид, хөдөлгөөнт эргүүлийнхэн зэрэг нийт 1,200 албан хаагч 224 байршилд өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Тэдний ажилд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төсөл, “ENSURE” төсөл, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” зэрэг байгууллагууд сайн дураараа нэгдэн хандив цуглуулж гал унтраахад зориулан гар доорх материалаар хийсэн 56 ширхэг багаж, 350 ширхэг цэвэр ус, 150 ширхэг маск, 200 хос ажлын бээлий мөн 85 ширхэг ус зөөх сав, 3 ширхэг 1 тонны ус нөөцлөх сав зэргийг бэлтгэснээ өнөөдөр гардуулан өглөө. Мөн иргэдийг дор бүрээ хариуцлагатай байж тамхины ишээ бүрэн унтрааж, шашны аливаа зан үйл хийхдээ ил гал гаргахгүй, арц хүж, зул, лаа зэргийг орхихгүй байх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, хүүхдийг чүдэнз, асаагуур бусад гал гарах эд зүйлтэй явуулахгүй байх зэрэг иргэний үүргээ биелүүлж гал гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхаарах, гал гарсан тохиолдолд гал унтраахад гар бие оролцож байхыг иргэддээ уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

4-р сарын 30-ны өдөр БНСУ-аас транзит нислэгээр ирэх иргэдийн анхааралд

1-1.jpg

БНСУ-ын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу Инчон олон улсын нисэх буудлаар дамжин нисэх гадаад улсын иргэдийн нислэг хоорондын хугацааг 24 цагаас дээшгүй байх шаардлага тавьж байна. Үүнтэй холбогдуулан дээрх шаардлагад нийцэхгүй нислэгийн тийзтэй гуравдагч улсаас ирэх зорчигчийг нисгэхгүй.

Иймээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 14:20 цагт Инчон нисэх буудлаас хөөрөх хуваартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх иргэд БНСУ-д ирэх нислэг болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хоорондын хугацаа нь 24 цагаас илүүгүй байх нислэгийг сонгох шаардлагатайг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ХНХ-ын сайд С.Чинзориг: Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчийг НДШ-ээс чөлөөлнө

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам - Home | FacebookХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл өглөө.

ХНХ-ын сайд С.Чинзориг,

НДШ-ээс чөлөөлөхөд

  • Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн бус байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч нар бүрэн хамрагдана.

Хууль болоод Засгийн газрын журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой хоёр зүйл дээр ойлголтоо нэгтгэж, байр сууриа илэрхийлж байна. Үүнд:

  • Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.

Мөн Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна. Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно. Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ” гэв.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

“TRACETOGETHER” АППЛИКЕЙШНИЙ ТАЛААР

Дэлхийн өнцөг булан бүрт Засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагууд “COVID-19” цар тахлын эсрэг шийдлийг олох, хүмүүсийг хамгаалах, нийгмийг сэргээн босгоход мэдээллийн технологийг ашиглаж байгаа билээ. Энэ удаад Сингапур улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “TraceTogether” аппликейшнийг онцлон танилцуулж байна.

Энэхүү аппликейшний гол зорилго нь цар тахлын хавьталыг түргэн тодорхойлон, тархацыг саармагжуулах, хумихад чиглэжээ. “Android”, “IOS” үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой уг аппликейшн нь хэрэглэгчдэд утасны “BLUETOOTH”[1] сигналын тусламжтайгаар хоорондоо мэдээлэл солилцох боломж олгодог.

Аппликейшн нь зөвхөн Сингапур улсын оператор компанийн утасны дугаараар баталгаажуулан ашиглах боломжтой. Хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хангахдаа “END-TO-END”[2] тусгай шифрлэлтийн аргачлал ашигладаг ба хэрэглэгчид хоорондоо ойртох үед “BLUETOOTH” сигналаар дамжуулан “temporary ID” буюу түр зуурын дугаарлалтаа ашиглан мэдээлэл солилцож хавьтагчаа бүртгэдэг байна. Солилцсон мэдээлэл зөвхөн тухайн утсан дээр хадгалагддаг бөгөөд хэрэв аль нэг хэрэглэгч халдвар авсан бол тусгай алгоритмыг ашиглан Сингапур улсын эрүүл мэндийн яамны серверийн мэдээлэлтэй тулгалт хийгдсэнээр уг хэрэглэгчийн хавьтагчдын утсанд анхааруулга мэдээг өгдөг байна. Энэхүү аппликейшн нь хэрэглэгчийн байршлын болон бусад хувийн мэдээллийг хадгалдаггүй.

Кибер халдлагаас сэргийлэх зорилгоор ашиглаж буй түр зуурын дугаарлалт нь тодорхой хугацааны интервалаар солигддог бөгөөд энэхүү дугаарлалтыг төв системээс шинээр авахаас бусад тохиолдолд уг аппликейшн нь интернет холболт шаарддаггүй байна. Энэ нь өдөрт 1MB-аас бага интернэт хэрэглээ буюу дата (cellular data) ашигладаг гэж тооцоолсон байна. Мөн өнгөрсөн баасан гарагт үүнтэй төстэй шийдлийг буюу Засгийн газар, эрүүл мэндийн агентлагуудад COVID-19 тархалтыг бууруулахад туслах зорилгоор BLUETOOTH технологи дээр суурилсан “сontact tracing” буюу хавьтагч тодорхойлох хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг хангасан шийдэл боловсруулахад Google болон Apple компаниуд хамтран ажиллахаар болсноо зарлаж программ хөгжүүлэгч нарт ашиглуулахаар техникийн бичиг баримтыг нийтэлсэн байна.


[1] Bluetooth нь богино зайд мэдээлэл дамжуулах утасгүй сүлжээний технологи юм.

[2] End-to-End нь өгөгдлийг гуравдагч этгээдэд задрахаас сэргийлж, илгээгч болон хүлээн авагч хоорондын мэдээлэл нууцлах шифрлэлтийн аргачлал юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ногоон бүсийн 103 чиглэлд хяналт, шалгалт хийж байна

Ой, хээрийн гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгэрчимжүүлэх талаар Нийслэлийн Онцгой байдлын газарт санал солилцлоо.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд болсон НОБГ, Дархан цаазат богд Хан-Уулын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Засаг даргын баталсан “Өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамжийг хэрэгжилтийн үр дүнг тус хурлаар хэлэлцсэн байна.

Захирамжийн хүрээнд нийслэлийн 8 дүүргийн ногоон бүсийн 103 чиглэлд Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Хяналт, шалгалтын явцад нэг зөрчлийг арилгуулан иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх 991 ширхэг сэрэмжлүүлэг материал тарааж, ногоон бүсээс 140 автомашин, 322 иргэнийг гаргаж ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Баттөр: Тусгай үүргийн нислэг нэг талдаа зорчигчтой тул 2015 оны тарифаар явах нь зүйтэй гэж үзсэн

МИАТ ТӨХК JAPAN AIRLINES КОМПАНИЙН СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ДЭЛХИЙН ...

УОК-ын шийдвэрээр тавдугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татахаар болсон. Уг асуудлаар “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Франкфурт чиглэлийн нислэг нь VI сарын сүүлээр нээгддэг чиглэл. Гэхдээ УОК-оос гарсан шийдвэрийн дагуу нислэг үйлдэхээр болсон. Энэ нь Берлиний чиглэлийг Франкфурт руу шилжүүлсэн гэсэн үг. Уг нислэгээр ирэх хүмүүсийн 50 гаруй хувь нь манай үйлчлүүлэгчид буюу Берлиний чиглэлд тасалбартай байсан хүмүүс. Харин 30-40 хувь нь “МИАТ”-ийн үндсэн зорчигч байгаагүй, шинээр тасалбар авч байгаа хүмүүс. Тэдний тасалбар нь 700 гаруй евро. Энэ бол 2015 онд батлагдаж, таван жил мөрдөгдөж байгаа тариф. 725 евро нь дунджаас бага зэрэг дээгүүр байна гэсэн үг. Учир нь, энэ хүмүүс “МИАТ” ТӨХК-аар зорчигч биш, хоёрдугаарт, эрэлт ямар байгааг хүмүүс мэдэж байгаа байх. Мөн тусгай үүргийн нислэг нь зөвхөн нэг талдаа зорчигчтой байгаа тул үнийг 2015 оны тарифаар нислэг үйлдэх нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 2 өдөр үлдлээ

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад 2 хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/

3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00

Бямба, Ням : Амарна

4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30

Бямба, Ням: 09:00 – 19:00

5.Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30

Даваа : Амарна