Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн оны мөн үеэс экспорт 38.2 хувиар, импорт 11.4 хувиар тус тус буурчээ

Экспорт, импорт өсчээ

Энэ сарын 13-ны байдлаар манай улсын нийт экспорт 1,271.5 сая ам.доллар байгааг Гаалийн ерөнхий газраас Гадаад худалдааны барааны экспорт, импортын статистик мэдээллийг танилцуулах үеэр онцоллоо.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс экспорт 758.3 сая ам.доллар буюу 38.2 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

Тодруулбал, өмнөх оны мөн үеэс жонш 24.9%, хар тугалганы хүдрийн баяжмал 18.1%-аар өссөн. Харин

  • Чулуун нүүрс 5,778.2 мянган тонн (62.9%),
  • Төмрийн хүдэр 73.3 мянган тонн (3%),
  • Зэсийн баяжмал 66.7 мянган тонн (16.1%),
  • Цайрын хүдэр, баяжмал 7.6 мянган тонн (16.2%),
  • Хүрэн нүүрс 55.9 мянган тонн (77%),
  • Түүхий нефть 1,476.3 мянган баррел буюу 81.3%-аар тус тус буурсан бол Молибдены хүдэр нэмэгдээгүй зэрэг нь голлон нөлөөлжээ.

Импортын хувьд энэ сарын 13-ны байдлаар 1,412.4 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 181.4 сая ам.доллар буюу 11.4 хувиар мөн л буурсан үзүүлэлттэй байна.

Импортын бүтцийн хувьд,

  • Хүнс өмнөх оноос 6.7 сая ам.доллар буюу 4.4 хувиар өссөн
  • Эрдэс бүтээгдэхүүн өмнөх оноос 37 сая ам.доллар буюу 10.6 хувиар буурсан
  • Автомашин, машин техник өмнөх оноос 117.3 сая ам.доллар буюу 19.5 хувиар буурсан
  • Бусад импорт өмнөх оноос 33.8 сая ам.доллараар буюу 6.9 хувиар буурсан

Түүнчлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрийн байдлаар амны хаалт 16,533.9 мянган ширхэг коронавирусийн 40,606 ширхэг хамгаалалтын иж бүрдэл хувцас 13,235 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл 4,753.2 мянган ширхгийг тус тус импортолжээ.

Categories
мэдээ улс-төр

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг танилцуулав. Хүсэлтэд “Миний бие Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгох үүднээс болон эрүүл мэндийн шалтгаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйг хүлээн авна уу” гэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 8 нь буюу 72.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Нахиа импекс”, “Монос” компаниуд техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэж байжээ

МХЕГ-аас ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрчээ. Ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн талаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээллээ.

Мөн “Нахиа импекс”, “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил илэрсэн талаар мэдээллээ. Тиймээс эдгээр компаниудад холбогдох стандартын дагуу ажиллах шаардлага хүргүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын 21 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулсан. УИХ-ын 2015 оны “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 3.1.11-д “үр тариа, буурцагт болон бусад таримлын төрөл, сортыг нэмэгдүүлэх, буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамлын үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх”, 3.1.13-д “өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хот, суурингийн хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах” гэж тус тус заасан. Гэтэл хүнсний ногооны тариалалт жилээс жилд буурч, зах зээл дэх импортын хүнсний ногооны хувь хэмжээ нэмэгдсээр байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн тэрбээр, Улсын хэмжээнд 2018 онд хүнсний ногоо 8.6 мянган га талбайд тариалж, 102.2 мянган тонн ургац хураан авч байсан бол 2019 онд улсын хэмжээнд хүнсний ногоо 8.3 мянган га талбайд тариалж, 90 гаруй мянган тонн ургац хураан авч төмс, хүнсний ногооныхоо нийт хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Хүнсний ногооны хэрэгцээний хоосон орон зайг гадны чанарын баталгаагүй төмс, хүнсний ногоо эзэлж байгаа нь дотоодын хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд учрах эдийн засгийн сөрөг нөлөөллөөс гадна хүн амын эрүүл мэндэд харшилж, зарим өвчлөлийн эх үүсвэр болж байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт харуулж байна. Түүнчлэн сүүлийн үед манай улсын хүнсний ногоо үйлдвэрлэлийн томоохон компаниуд энэ чиглэлийн бизнесийг тогтмол алдагдалтай байсан гэх шалтгаанаар ээлж дараалан зогсоох боллоо. Сэлэнгэ аймагт гэхэд 6000 гаруй хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч байснаас одоогийн байдлаар 3000 болтлоо багассан статистик мэдээлэл байна гэж байлаа.

Эдгээр шалтгаан, нөхцлөөс хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд одоо 15-20 хувиар тогтоогоод байгаа зарим төрлийн хүнсний ногооны импортын татварыг 30 хувьд хүргэх, харин үр тариа, тэжээлийн таримал болон тосны үрийг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуултж асууж, санал хэлсний дараа “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй 3068 ширхэг тоглоом хилээр нэвтрүүлэхийг завджээ

Энэ сарын 10-ны өдөр Замын-Үүд боомтоор гарал үүсэл тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 22 хайрцаг /3068 ширхэг/ үлээдэг тоглоомыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн хураан авчээ.

Categories
мэдээ нийгэм

Хороодын хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгохыг зөвшөөрөв

Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлаар Нийслэлийн хороодын хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгохыг зөвшөөрөв.

Энэ нь Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд иргэдийн дунд хяналт хариуцлагыг сайжруулах зоилготой юм. Иргэдийн анхаарал сэрэмж буурч, шаардлагагүй зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гудамж талбайд нус цэр хаях, амны хаалт хэрэглэхгүй байх, архидан согтуурах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бөөгнөрөл үүсгэх зэрэг хэв журам зөрчих тохиолдол нэмэгдэж байгаа үед нийслэлийн хэмжээнд сургалтад хамрагдаж мэргэшсэн 1700 гаруй хэсгийн ахлагч нар 170 гаруй хорооны иргэддээ хүрч ажиллахаар болж байна. Шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдсөн эрх хэмжээний хүрээнд зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцох аж.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ыг долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд орон даяар цахимаар явуулна

УОК-оос ЭЕШ-ыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд орон даяар цахимаар явуулж, их дээд сургуулийн элсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гаргажээ.

Мөн энэхүү онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан авч буй бас нэг арга хэмжээ нь ЭЕШ өгч буй хүмүүсээс заавал авах ёстой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталгаажсан “Монгол, хэл бичгийн шалгалт”-ыг энэ жил авахгүй байхаар БСШУСЯ-аас шийдвэрлэж, холбогдох зөвшөөрлийг авахаар ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 28,155 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардууллаа

Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн байгууллагуудад Шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай эхний ээлжийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.

Үүнд нийслэлийн 9 дүүрэг, Өмнөговь аймгийн БОЭТ, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт, Төв аймгийн бүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын эмнэлгүүд багтжээ.

Тус байгууллагын санхүүжилтээр нийт 3 нэр төрлийн /Суурин дижитал рентген аппарат, зөөврийн дижитал рентген аппарат, зөөврийн ЭХО аппарат/ 68 ширхэг 5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэх аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирус илэрснийг зарласан. Үүнээс хойш гурав орчим сар өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, нийслэлийн Онцгой комиссийн зүгээс коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Шуурхай штабыг байгуулсан. Нийслэлийн хувьд халдвараас сэргийлэх, болзошгүй эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Бүхий л арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр хүн амын дотор Covid-19 халдвар тархаагүй гурван сар болж байна. Үүнд манай иргэд идэвхтэй оролцсон. Нийслэл рүү орох гарах хөдөлгөөнд мэргэжлийн баг хяналт тавин ажиллаж байна. Мөн нийслэлийн бүхий л эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

45873 хүн хяналт тандалтад хамрагджээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 14-ний 8 цагийн байдлаар 9 товчоогоор орсон 7880, гарсан 7515 буюу нийт 15395 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Мөн 23470 зорчигч орж, 22403 зорчигч гарсан бөгөөд нийт 45873 хүн хяналт тандалтад хамрагдсан. Энэ үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээгээр 15 галт тэрэг, 3357 зорчигч, 12 нислэгийн 854 зорчигч хяналт тандалтад хамрагдсан байна. Энэ үед мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 977 төрийн албан хаагч 256 чиглэлд ажиллаж, 2385 зөрчил илрүүлсэн. Тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаас гадна иргэдэд мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна. Улаанбаатар луу орох, гарах чиглэлд тандалт судалгаануудыг хийж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг руу зорчих хөдөлгөөн их байна. Энэ аймгуудаас хот руу зорчих хөдөлгөөн хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа. 24 цагийн дотор 60651 орох, гарах хөдөлгөөний тандалт судалгаа хийгдсэн” гэв.

Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан хүн 502 байна гэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Тусгай үүрийн онгоц, орон нутгийн боомтуудаас орж ирж байгаа иргэдийг эмнэлэг болон тусгаарлах байранд 14-21 хоног тусгаарлаж байна. Эдгээр иргэд гараад 14 хоног гэрийн ажиглалт, тусгаарлалтад байх ёстой. Дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байна. Улсын онцгой комиссийн шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн дагуу хяналтыг хийж байгаа. Гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл нийт 2509 хүнийг хяналтад авах ёстойгоос 1727 хүнийг хяналтад авсан. Үлдсэн хүмүүсийн хяналтын хугацаа нь дуусаагүй байгаа. Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 1727 хүний 1208-ыг нь эрүүл мэндийн төвийн хяналтад авсан. Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан хүн 502 байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт хууль бусаар олгогдсон газруудыг цуцаллаа

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хууль бусаар олгогдсон газруудыг цуцалж байгаа талаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол “Дүүргийн хэмжээнд газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А/170 дугаар захирамж гарган газар төлөвлөлт зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт зохион байгуулж дүгнэлт гаргах, санал танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг гурван дэд хэсэгт хуваагдаж, зуслангийн ногоон бүс, зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ, зам талбай хаасан хашаа хайс зэрэгт анхаарлаа хандуулж ажиллаж байна. Мөн ажлын цагаар иргэдээс газартай холбоотой гомдол мэдээллийг 11-319857 дугаарын утсаар авч холбогдох арга хэмжээг нь авч ажиллаж эхэлсэн” гэдгийг онцоллоо.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд газар олгох, шилжүүлэх, сунгах, цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр “Байнгын зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгааг Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат дуулгалаа. Тэрбээр “Ажлын хэсэг болон, байнгын зөвлөлийн ажиллагаагаар иргэдээс ирээд шийдвэрлэгдээгүй удсан газартай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал 2017 оноос хойш 940 гаруй өргөдөл гомдол шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгааг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна” гэв.

Хууль бусаар олгогдсон газруудыг чөлөөлөх хяналт шалгалтын хүрээнд эрх хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдсон захирамжуудыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хүчингүй болгох захирамж гаргасан байна. Энэхүү захирамжаар дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар тоот захирамж, А/83 дугаар захирамж, 02 дугаар сарын 10-ны өдрийн А/102 дугаар тоот захирамжуудаар газар олгох эрх олгосон нийт 49 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар олгосон, эзэмшүүлсэн асуудалд холбогдсон зарим төрийн албан хаагчдад хариуцлагын арга хэмжээг авч, хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг хэллээ.

Мөн дүүргийн хэмжээнд зарим хууль бусаар олгогдсон газрын асуудлыг цагдаагийн байгууллагаас шалган эрүүгийн хэрэг үүсгэжээ.