Categories
мэдээ цаг-үе

Д.Баттулга: Э.Бат-Үүлийн хүүгийн компанид эрх олгосон хүн нь би шүү дээ

Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.


-Та өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Там-гын газрын даргаар ажиллаж байсан хүн. Энэ хүнтэй олон жил хамтран зүтгэсэн. Тийм учраас энэ хүний талаар байр сууриа илэрхийлэх хүмүүсийн нэг болов уу?

-Монгол Улсад ардчилсан хувьсгал ялаад 30 жилийн түүхээ үзэж байна. Хэдхэн хоногийн өмнө АН үүсэн байгуулагдсаны 30 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. 30 жилийн өмнө Монгол Улсад ардчилал, хүний эрхийн төлөө олон хүн зүтгэж, ардчилсан хувьсгалыг хийж байсан. Тэр үед ардчилсан хувьсгалыг манлайлж явсан хүн бол Элбэгээ, Бат-Үүл хоёр. Үүнтэй хэн ч маргахгүй. Энэ бол түүх. Мэдээж хэрэг 30 жилийн хугацаанд ганц ардчилал биш Монгол Улсын хөгжилд алдсан ч юм байгаа, оносон ч юм байгаа. Миний хувьд оносон нь илүү байх аа гэж боддог. Оносон нь алдсанаасаа илүү учраас Монгол Улс өдий зэрэгтэй явж байгаа юм. Сүүлийн 300 жилийн түүхийг авч үзэхэд монголчууд яг жинхэнэ тусгаар тогтнолоо 1990 онд олсон юм шүү дээ. Үүнийг ардчилсан хувьсгалаар олсон. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Харин одоо 30 жилийн дараа зарим алдаа дутагдлыг хэдэн лидерүүдэд нь нялзаах, тэдний нэр хүндийг унагаах гэсэн оролдлого гарсаар байна. Хувь хүнийхээ хувьд би үүнд эмзэглэж явдаг. Мэдээж шалгах ёстой юмыг шалгах ёстой. Үүнийг Элбэгээ ч тэр, Үүл ч хэлдэг. Асуудал байгаа бол шалга. Гэхдээ хуулийн дагуу яв. Харин хүнийг хараар будаж, нэр хүндийг нь унагаах зорилготой байж болохгүй. Элбэгээтэй 30 жил ардчиллын төлөө зүтгэлээ. Энэ хүнийг би дэндүү сайн мэднэ. Энэ хүн юуны төлөө явж байсныг мэднэ. Тийм учраас бүх зүйлийн учир олдоно гэж найдаж байна.

-Сүүлийн үед Хотын дарга асан Э.Бат-Үүлийг тойрсон асуудал ч мундахгүй байна. 30 жилийн алдаа оноог хэдэн лидерүүдэд нялзаах гэсэн оролдлого гарсаар байна гэж та хэлж байна…

-Үүл бид хоёр бас л адилхан. Ардчилсан хувьсгал 90 онд гарч ирэхэд хамт зүтгэсэн. Хүний амьдралын хувьд 30 жил гэдэг багагүй хугацаа. Тиймээс бие биенээ маш сайн мэддэг болсон. Энэ 30 жил Үүл маань юуны төлөө зүтгэж байв. Одоо юуны төлөө зүтгэж байна гэдгийг маш сайн мэдэж байна. Үүлийн нэг зан бий. Өөрийнхөө үзэл бодолд тууштай. Хүмүүс мэднэ дээ. 2004 онд байх, 62-ын бүлэг гэж АН, МАН бусад нам нэгдээд хамтран Засгийн газар байгуулаад явж байхад Үүл ганцаараа намын байр суурин дээр хатуу байсан. Ганцаараа гадна гарч зогсож байгаад л “Сонгуулийн үр дүнг та нар будлиантуулж байна. Сонгуулийн үр дүнгээр намууд хийх ёстой ажлаа хийх ёстой.

Сөрөг хүчин нь сөрөг хүчин ч шиг байж эрх баригч нам эрх баригч шиг байх ёстой” гэж байсан. Тиймээс Үүл ямар нэгэн албан тушаал горилж байгаагүй. Яг л өөрийнхөө зарчмыг барьж л байсан. 1997 онд санагдаж байна, би УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд дарга байсан. Тэгэхэд Үүл хэвлэлийн эрх чөлөөний тухай маш их дуугарч өөрөө Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлан боловсруулж батлуулж чадсан хүн. Тэр үед хэлж байсан. “Энэ бол 90 оны хувьсгалын дайтай зүйлийг хийсэн шүү” гэж байсан.


-Хамгийн сүүлд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүгдэх тов гараад байна. Тэр асуудал нь та хоёрын нийслэлд нэг баг болоод хамтран ажилласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн асуудал. Үнэхээр тэр хүн өөрийн хүүгийнхээ компанид шалгуургүйгээр төсөл өгчихсөн хэрэг үү?

-2012 онд Үүл нийслэлд сонгуулийг удирдаж ороод ялсан. Засаг дарга болсон, би НИТХ-ын дарга болсон. Тэгэхэд Үүл сонгуулийн үеэр нэг л юмыг ярьж байсан. Гэр хорооллыг өөрчлөх ёстой, гэр хороолын газрыг үнэтэй болгох ёстой, дахин төлөвлөх ёстой, 21 дүгээр зуунд гэр хорооллынхон ийм байдалтай байж болохгүй. Зайлшгүй өөрчлөх ёстой гэж ярьсаар байгаад гарч ирсэн. Тэгээд ч түүнийгээ хэрэгжүүлэх гэж маш их хүчин чармайлт гаргасан. ИТХ-аасаа журмаа гаргаад явсан. Нэг зүйл байдаг юм. Тэр үед Гэр Хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хороог байгуулж байсан. Төслийн удирдах хорооны дарга нь нөхөр Д.Баттулга. Үүлийг хүүхдийнх нь “Грайндлайн” гээд компанитай холбоод албан тушаалаа ашиглаад дахин төлөвлөх эрх олгосон гэж буруутгаад байдаг. Гэтэл тэр эрхийг олгосон хүмүүсийнх нь нэг нь Д.Баттулга. Төслийн удирдах хороо газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад, компанийн үйл ажиллагаа, төлөвлөлт, санхүүгийн байдлыг мэргэжлийн хүмүүс судлаад Төслийн удирдах хороо руу саналаа оруулж ирдэг. Төслийн удирдах хороо олонхын саналаар шийддэг журамтай. Тэгж л гарч ирсэн компани. Түүнээс биш Засаг дарга хүүгийнхээ компани оруулж ирээд гаргана гэсэн зүйл байхгүй. Энэ бол маш том шалгуураар орж ирж гарч байсан компани. Үнэн мөн нь олдох байх гэж боддог. Үүлийг яаж ч хуулиар дарамталж, шийтгэсэн шантрах хүн биш.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлчүүд одоо ч хүлээсээр байдаг том төсөл. Тухайн үед та бүхэн яаж ажиллаж байв?

-Тухайн үед бид 24 байршил тогтоон зарлаад 16 байршилд бүтээн байгуулалт хийж байсан юм. Хамгийн түрүүнд дэд бүтцийн асуудлыг шийдэж, барилгажуулалтыг эхэлж байсан. Баянзүрхийн Батоникийн цэцэрлэгийн ойролцоо Хууль сахиулах их сургуулийн орчимд нэлээд барилгажсан шүү дээ. Хамгийн анх бид тэнд шаваа тавьж байлаа. Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчимд, Баянхошуу, 100 айл, Дөлгөөн нуурын орчимд, Яармагт бүтээн байгуулалтууд өрнөж байлаа. 2012 онд тэнд бүгд л гэр хороолол байсан. Одоо хар даа. Яаж өөрчлөгдсөн байна. Олон айл газраа үнэгүй солиод орон сууцанд орсон. Мэдээж зөрчил дутагдалтай зүйл байж л байсан байх. Аливаа ажил бэрхшээлтэй явдаг. Бэрхшээлийг зөрчил болгоод яриад байвал ажил явдаггүй. Бэрхшээлийг шийдээд урагшаа явах ёстой. Хоёрдугаарт, гэр хорооллын газар үнэд орсон. Газрын үнэ бидний тооцооллоор 7-8 дахин өссөн. Маш их өсөлт. Би Хотын өнөөгийн удирдлагуудад хэлж

л байсан. Улстөржиж болно. Улстөржихгүй авч явах хэдхэн зүйл хотод байдаг. Түүний нэг нь дахин төлөвлөлт шүү. Та нар улстөржихгүйгээр ололтыг нь улам бататгаад дутагдлыг засаад цааш авч яваарай гэж хэлж байсан. Бусдыг бол чөлөөтэй улстөржүүл, цэцэг ногоогоо улстөржүүл гэж. Уг нь хотын төвөө цэцэгжүүлэх нь их зүгээр байсан юм. Зардал багатай. Гэтэл одоо бол цэцэгжүүлэх битгий хэл олон жил ургасан модоо тайрч хаядаг болчихлоо. Эндээс АН, МАН хоёрын аливаа асуудалд хандах хандлага ямар өөр вэ? гэдэг нь харагдаж байгаа юм. Манай нам 2012-2016 онд хотоо цэцэгжүүлж, ногоожуулж, гэр хорооллын дахин төлөвлөлт, хогны асуудлыг шийдэж мөн нийтийн тээвэрт шинэчлэл хийж байсан. Эдгээр ажил чинь Үүлийн маань удирдлага дор хэрэгжүүлж байсан. Зүгээр нэг хэлээд тушаагаад болчихдог юм биш, хэлж тайлбарлаж байж хүмүүсээ удирддаг. Лидер гэж тийм л байх ёстой. Хотын ажлыг урагшлуулахын тулд хөрөнгийг нь шийдэх гэж Засгийн газартайгаа нэлээд үзэлцдэг байж. Одоо харахад өнөөгийн Засгийн газар нь нийслэлээс тэдэн төгрөг авна гэдэг, нөгөөх нь За гээд л толгой дохидог. Цаана нь хийх ёстой ажлууд нийслэл дээр үлддэг, хөрөнгө мөнгөгүй болоод. Ийм л болчихож. Тэгэхэд бид Улаанбаатарт бий болсон төсвийг хотдоо заръя. Улсын төсвийн онгорхойг нөхдөг байж болохгүй, харин Засгийн газар нэмж хотод хөрөнгө оруулж, нийслэлээ хөгжүүлье гэж асуудлаа танилцуулж явсны хүчинд Гудамж төсөл, Гэр хорооллын дахин төлөвлөлт болон бусад төслүүд хэрэгжсэн. Би боддог юм, гэр хорооллын дахин төлөвлөлт дээр дөрвөн жил алдлаа даа гэж. Аливаа зүйлийг нөхөж болдог байх, ганц нөхөж болдоггүй нь цаг хугацаа. Хайран дөрвөн жил.

-Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн үед улс орон, хот тосгод бүр шийдвэртэйгээр ажиллаж байгааг бид харж байна. Нийслэлийн удирдлагын багт ажиллаж байсны хувьд танаас ийм үед Хотын захиргаа яаж ажиллах ёстой талаар байр суурь сонирхмоор байна?

-Манай намын байр суурь тодорхой байгаа. Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн үед хязгаарлалтын арга хэмжээ авах нь тодорхой. Харин түүнд хохирч байгаа хүмүүсийн хохирлыг барагдуулах нь төрийн үүрэг. Улсынх байна уу, хувийнх байна уу хамаагүй. Тийм учраас өнөөдөр энэ томоохон хөрөнгө оруулалтуудаа зогсоо. Коронавирусийн үед цэцэрлэгт хүрээлэн тохижуулж, Чингисийн музей барих шаардлага алга. Томоохон хөрөнгө оруулалтуудаа зогсоож бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Одоо хүмүүс туйлдаж эхэлж байна. Цагаан сар тэмдэглээгүй ч гэсэн монголчууд бэлтгэлээ хийсэн байсан. Түүнийгээ гуравдугаар сард хэрэглээд авсан. Одоо бол орлогогүй болсон. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлийнхэн буюу бичил бизнесийнхэнд хуримтлал байхгүй. Өнөөдрийн олсон орлогоороо амьдардаг хүмүүс. Тэр хүмүүсийг хоёр сар ямар ч хуримтлалгүй болгоход юугаар амьдрах вэ. Цалингаа тавьж чадахаа байсан. Дээрэлхэж байгаа юм шиг, цалин тавьж чадахгүйг нь мэдсээр байж нийгмийн даатгалын шимтгэлийг авахгүй гэж яриад байдаг. Цалин тавьж чадахгүй юм чинь тэртэй тэргүй нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Тийм учраас хүнд бодитой дэмжлэг хэрэгтэй. Би Хотын Тэргүүлэгчдийн хурал дээр ч хэлсэн. “Засгийг та нар харахаа боль. Хот төсөвтөө тодотгол хийж, иргэдээ бага ч гэсэн дэмжье” гэж. Эмч, сувилагч нар, мэргэжлийн хяналт, хууль хяналтынхан маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Хотоос бол цагийн хягаарлалт, байгууллага аж ахуйг зогсоох шийдвэр гаргаснаас биш ямар нэгэн дэмжлэг үзүүлсэн алхам хийхгүй байна. Одоо зүгээр суухгүйгээр дэмжих ёстой газарт нь бага ч гэсэн дэмжлэг үзүүлье гэсэн санал гаргаад явж байгаа. Харамсалтай нь бидний хийдэг хандлага өөр юм.

-Нийслэлийн АН дээр саяхан нэг будлиан гарлаа. Юу болоод өнгөрөв?

-Нэг их эмзэглээд байх асуудал биш. Нэгдүгээрт нам доторх асуудал. Хоёрдугаарт, намын дүрмийг зарим гишүүд буруу зөрүү ойлгосны үндсэн дээр тийм яриа гарсан. Удахгүй нэг мөр болох байх.

-Ярилцлагын төгсөлд ирэх сонгуулийн өнгийг асуумаар байна. АН сонгуульд хэрхэн оролцох бол?

-АН-ын хувьд ирэх сонгууль өнгөтэй байгаасай гэж бодож байна. Мэдээж энэ бол АН өөрөөс нь, нэр дэвшигчдээс, түүнд ажиллаж байгаа намын байгууллагуудаас шалтгаална. Хамгийн гол нь бид өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг хэр зэрэг хүмүүст тайлбарлаж ойлгуулж чадах вэ. Хэр зэрэг зөв нэр дэвшигчдээ гаргаж ирэх зэргээс маш их шалтгаална. Хийх ажил маш их байгаа. Бүх шатандаа ялахын төлөө л ажиллана.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

“Сонгдо” эмнэлэгээр үйлчлүүлсэн хоёр иргэний лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Бидний тухай - УБ Сонгдо Эмнэлэг

Сонгдо эмнэлгээр үйлчлүүлж байсан хоёр иргэний лабораторийн /PCR/ шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарчээ. Өчигдөр тухайн иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарч байв. Гэхдээ түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй, шинэ коронавирусийг оношлох баталгаатай оношлуурт тооцохгүй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Дөрвөн үеэрээ төрд зүтгэж яваа Э.Содномжамцынх

Дөрвөн үеэрээ төрд зүтгэж яваа Э.Содномжамцыг “Танайд өнжье” булангийнхаа зочноор урьсан юм. Өвөөгийнх нь аав хуучнаар Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошууны хошуу ноёны зөвлөхөөр ажиллаж явсан, өвөө, аав хоёр нь сумын дарга байсан гэх түүхийг сонсоод гэрт нь өнжих хүсэлт тавьсан юм. Э.Содномжамц төрийн албанд хамгийн бага албан тушаалаас яамны төрийн нарийн бичгийн дарга хүртэл албыг хашсан намтартай. Төрд зүтгэсэн жил нь хорь гаруйгаар тоологдоно.

Оны өмнөхөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын албаа хүлээлгэж өгчээ. Товчхондоо мерит зарчмаар төрд зүтгэж яваа цөөхөн хүмүүсийн нэг. Төрийн хар хүн гэсэн тодотголд жижигдэхгүй хүмүүсийн нэг гэж ойр тойрныхон нь үнэлдэг юм билээ.

Өнжихөөр товлосон өдрийнхөө өглөө утас цохитол “Өө би та нарыг өдөр тийшээ ярих байх гэж бодож байсан юм. Би одоо аавындаа байна. Энд хүрээд ирэх үү. Тэгээд манайх руу явъя” гэж байна. Заасан хаягийг нь удаж төдсөнгүй олоод очив. Аавынх нь ХӨСҮТ-ийн хойд талд орших орон сууцанд амьдардаг юм байна. Гуч орчим насны бүсгүй хаалга нээж өглөө. Ах дүү нараараа цугласан бололтой ид бужигнаж байна. Зочны өрөөний хоймрын буйданд аавтайгаа зэрэгцэж тухалсан Э.Содномжамц биднийг хараад шалавхийн өндийнгөө “Манайхан аавындаа үе үе цугладаг юм. Тэр үе таарчихлаа” гэж инээмсэглэн хэлээд ширээнээ урив. Чанасан мах, ногоотой шөл, чихэр жимс, сүүтэй цай өрсөн ширээнээ суусны дараа аавтай нь хууч дэлгэлээ. Яриа хөөрөө сайтай буурал юм. Хөнгөн хошигнолоор чимсэн хууч яриаг нь сонсоод суухаар цаг өнгөрснийг ч анзаарсангүй. Баянхонгор аймагт насаараа намын удирдах алба, сумын дарга, сумын ИТХ-ыг алба хашсан энэ буурал 2008 онд Улаанбаатарт иржээ. Байсхийгээд л “Манай Эрдэнэцогт сум чинь” гэж ирээд хууч дэлгэнэ. Ерээд оны шилжилтийн хэцүү үед сумын даргын албыг хашиж явжээ.

“Таныг Эрдэнэ-Очир дарга гэхээр Баянхонгорынхон анддаггүй юм билээ. Шилжилтийн хэцүү үед сум удирдах амаргүй биз” гэхэд “Төсөв мөнгө хүрэлцэхгүй хэцүү цаг байлаа. Гэхдээ ямар ч байсан цалингаа архиар тавиагүй ээ” гээд хөгжилтэй инээв. Тэр үед сумын дарга нар цалингаа тавьж чадахгүй аргаа барахдаа хөлс мөнгөнийх нь оронд иргэддээ архи хүртэл тарааж байжээ. Эрдэнэцогт сум Эрдэнэ-Очир гуайг даргалж байх үед өдөртөө үсрээд дөрвөн цаг л мотор асаадаг байж. Мотор асаана гэдэг нь цахилгаан өгч байгаа хэрэг л дээ. Өдөрт дөрөвхөн цаг цахилгаантай өнждөг сумынхнаа 24 цаг гэрэлтэй амьдруулах гэж чадахаараа хөөцөлдөж ажил болгож байснаа ярив. Эрдэнэ-Очир гуай нийгмийн ухааны багшийн мэргэжилтэй гэнэ. Багшилж явсан залуугийн өдрүүдээ дурсах дуртай нь илт. Байсхийгээд л багшилж явсан өдрүүдийнхээ сайхан дурсамжуудыг хөврүүлнэ.

Эрдэнэ-Очир гуайгаас хошуу ноёнд зөвлөж явсан Жамъян өвөөгийнх нь тухай сонирхоход “Өвөө минь тайж хүн байсан юм. Одоогоор бол сэхээтэн хүн гэж ойлгож болох байх. Хошуу ноёныхоо ойр шадарлаж явсан юм билээ. Өнөө цагийнхаар бол Засгийн газрын референт хавьцаа алба юм болов уу” гэж инээмсэглэн хэлэхэд Э.Содномжамц “Аавын яриан дээр нэмээд хэлэхэд миний өвөөгийн аавд “Пайтан” цол олгож байсан юм билээ. Энэ цолны учир утгыг Т.Галсан, С.Дулам зэрэг мундаг хүмүүсээс асууж сурч нэлээд явсан л даа. Сүүлд Баянхонгорынхоо Аюуш гэж хүнээс учрыг нь дуулсан. Өвөөг хошуу ноёндоо зөвлөж явах тэр цагт Ламын гэгээний хошуу их баяжиж хөрөнгөжиж, зөвхөн тэмээ нь гэхэд л нэг бум хүрч л дээ. Нэг бум гэдэг нь 100 мянган тэмээ гэсэн үг. Тэмээг нь бум хүрлээ гээд хошуу нутгийг нь пайтан цолоор шагнасан гэдэг. Хошуу нутагтаа хөрөнгөтэй, буянтай, ард түмэндээ их хүндлэгдсэн маш цөөхөн хүнийг “Пайтан” цолоор шагнаж байж. Тэр хүмүүсийн нэг нь өвөөгийн минь аав” хэмээн ярив. Сайн ноён хаан аймгийн Дайчин вангийн хошуу гэдэгт одоогийн Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут хавьцаах нутаг хамарч байж.

Эрдэнэ-Очир гуай охиныхоо аягалж өгсөн сүү тунарсан цайг оочлонгоо “Өвөө нь зургаан хүүхэдтэй. Содномжамц миний ганц хүү. Миний хүү чинь хоёр ой хүрээгүй нялх жаахандаа өвөө, эмээдээ очсон юм. Би Зөвлөлт холбоот улсын Москва хотын Комсомолын дээд сургуульд, ээж нь санхүүгийн техникумд сурахаар явсан болохоор өвөөгийн хүүхэд болсон хэрэг. Тавын бидон даахгүй жаахандаа л өглөө эрт босч эмээдээ цай чанаж өгч байсан хүү дээ” гээд хүд хүд инээв. Аавынхаа яриаг инээмсэглэн чагнаж суусан Содномжамц “Би чинь өвөөгийнхөө мэргэжлийг эзэмшсэн хүн байгаа юм. Миний өвөө Цэдэндорж гэж санхүүч хүн байлаа. Хоёр гараараа зэрэг сампинддагаараа гайхагддаг хүн байлаа шүү дээ. Хоёр хүн хоёр талдаа суулгачихаад нэгэнд нь жаахан аяархан, нөгөөд нь арай чанга дууд гэж хэлээд сампиндчихна. Нутгийнхан нь өвөөг махан машин гэж цоллодог байсан юм. Уншаад дуусахад хэлсэн бүхнийг нь хуучин монгол бичгээр жирийтэл биччихдэг хүн байж билээ. Алтангэрэл гэх мэт хуучны судруудыг мөн ч олныг хуучин монгол бичгээр хуулж бичсэн дээ. Зарим судар нь өнөө ч бидэнд бий. Өвөө шинэ үсэгтээ ч мундаг хүн байсан. Нутгийнхан нь өвөөг зорьж ирж өргөдөл бичүүлнэ. Одоо эргээд бодох нь ээ өргөдөл бичүүлэх гэж ирсэн хүн өвөөгийнд өдөржин өнждөг байжээ. Өвөө өчнөөн зүйл асууна, өнөө хүн байдаг бүхнээ тоочно. Тэгж тэгж оройхон хэрд өргөдлийг бичиж өгнө дөө. Өвөөгөөр өргөдөл бичүүлсэн ямар ч хүний хэрэг бүтчихдэг байсан шүү” гэж өвөөгөө дурсав. Э.Содномжамц “Өвөө Эрдэнэцогт сумын дарга байсан. Аав ч бас сумынхаа даргаар ажилласнаа сая танд ярилаа. Би тэтгэвэрт гарахынхаа өмнө Эрдэнэцогт сумандаа очоод дарга хийвэл гурван үе дамжих гээд байгаа биз” гэж хэлээд хөгжилтэй инээв.

Э.Содномжамцын ээж санхүүч мэргэжилтэй хүн аж. Байсхийгээд хүүгийнхээ тухай бахархсан өнгөтэй дурсамж яриа дэлгэнэ. Содномжамц сурагч байхдаа ангийнхаа улаан бүчгүй хүүд галстукаа тайлж өгчихөөд ээжтэйгээ дэлгүүр орж улаан бүч авч байж. Ээж нь хүүдээ шинэ улаан бүч авч өгсөн үеэ “Манай ангийн хүүхдийг багш загнаад болохоор нь өрөвдөөд өгчихсөн юм аа ээжээ гээд ирэхэд нь би их баярлаж билээ. Миний хүү зөөлөн, хүнлэг сайн хүн болох нь ээ гэж олзуурхсан шүү” хэмээн дурсав.

Аавынд нь хоёр цаг хэртэй саатсаны дараа Э.Содномжамцынх руу явлаа. Түгжрээ багатай, сэлүүхэн замаар жирийлгэсээр “Маршал таун” хотхонд ирэв. Тусдаа гарсан хүү охин нь аавындаа иржээ. Хоёр ой хүрсэн болов уу гэмээр жаахан хүү, ой дөнгөж хүрч яваа гэмээр сөөсгөр охин зочны өрөөний хивсэн дээр тоглож сууна. Өвөөгийн амины ач, зээ хоёр үе үе ирдэг хүндтэй зочид нь гэнэ. Гэрийн эзэн орж ирэнгүүтээ л зээ охиноо өвөр дээрээ суулгаж, ач хүүгийнхээ толгойг өхөөрдөн илэв. Э.Содномжамц “Миний зээ чинь өвөөдөө амь шүү дээ. Заримдаа бүр ээждээ очихгүй өвөөдөө эрхэлдэг юм” гэж байна. Гэрийн эзэгтэй В.Цэнд ширээ дүүрэн хоол унд, чихэр жимс бэлджээ. Э.Содномжамц “Манай хүн математикийн багш, эрх зүйч мэргэжилтэй. Багшилж байгаад хүүхдийн байцаагч болсон юм. Хоёр жилийн өмнө тэтгэвэрт гараад, одоо хүүхдүүдтэйгээ хувийн компаниа ажиллуулж яваа” гэж гэргийгээ танилцуулав.

Эхнэрийнхээ аягалсан цайг оочлонгоо “Түрүүн аавынд байхдаа төрсөн сумаа хэлээгүй юм байна. Би Баянхонгорын Баян-Овоо суманд төрсөн хүн. Аав Галуут суманд, ээж Баян-Овоо, Баацагаан сумдын зааг дээр төрсөн” хэмээн нутаг усаа сонирхууллаа. Эднийх таван хүүхэдтэй аж. Хоёр том нь хувийн бизнестээ хүч сорьж яваа бол гурав дахь охин нь хойд хөршид гадаад харилцааны чиглэлээр суралцдаг юм байна. Өнөөхөндөө гэртээ ирж амжаагүй, Эрдэнэтэд хөл хорионд ороод байгаа гэнэ. Биднийг очдог өдөр охин нь карантинаас гарах байсан ч хөл хориог долоо хоногоор хойшлуулсан мэдээ аав, ээжид нь иржээ. Хоёр бага нь дунд сургуулийн сурагч аж.

Гэрийн эзэнтэй дэлгэсэн хууч сүүлдээ төрийн алба тойрсон асуудлууд руу оров. Төрд ажилладаг хүмүүс сонгуульд өрсөлдөх боломж бүрдвэл төрийн албаныхны цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр гэх мэт амьдралд хэрэгтэй олон шийдвэр гарч эхэлнэ, төрийн албаны цалин хөлсөнд анхаарвал хувийн хэвшлээ дэмжиж байгаа нэг гарц, эрэлтийг нь дэмжиж байж хувийн хэвшлийнхэн орлоготой аж төрөх учраас төрийнхөн, тэтгэврийнхнээ дэмжихээс аргагүй, нийслэл өнгөрсөн өвөл дарга, цэрэггүй хөдөлж байж утаагаа багасгаж чадсан, цаашдаа ч шийдэх асуудал нийслэлд олон байна гэх мэт яриа хөөрөө бидний дунд өрнөлөө. Малчдыг орлогожуулах, хөдөөгийнхнийг дажгүй амьдруулах гол гарц нь орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зээлийн хүүг буулгах ёстой, зээлийн хүүг буулгая гэвэл хадгаламжийн хүүнээс татвар авах гэх мэт гарцыг эрж хайхаас аргагүй гэх мэт ажил хэрэгч яриа ч багагүй хугацаанд өрнөв. Хэдэн цаг хүртэл ажилладаг байсныг нь сонирхоход “Шөнийн хоёр хүртэл бичиг цаастай ноцолдоод суух энүүхэнд. Бичиг баримтуудад гарын үсэг зурахгүй бол аж ахуйн нэгжүүдийн ажил зогсоно. Цаана нь өчнөөн хүний амьдрал яригдаж байхад төрийн албаны хүнд чөлөөтэй суух, амрах эрх байхгүй шүү дээ” гэж хэлээд инээмсэглэв. Эхнэр нь хажуугаас “Бид чинь хоёулаа төрийн албаны хүмүүс. Цаг наргүй ч гэлээ түмний төлөө ажиллах сайхан шүү” гэж байна. Содномжамц аавынхаа “Дарга бол арга гэсэн үг юм, ямар ч хүнд асуудлаас арга гарц хайж болох чадвартай байж л бусдыг удирдана. Түүнээс биш уурлаж загнаж ажилчдадаа стресс өгдөг хүнийг дарга гэхгүй. Ингэвэл ярга болчихно” гэсэн сургаалийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж яваагаа ажил ярих зуураа хавчуулав.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд боссон япон стандартын эмнэлгийн бүтээн байгуулалтад олон хүн олзуурхжээ. Дэлхийн түвшний нарийн шинжилгээг эх орондоо өгөхөөс эхлээд олон давуу талыг монголчуудад өгсөн энэ эмнэлгийн санхүүжилтийг хайж, эрж, шийдсэн гол хүн нь Э.Содномжамц юм байна. АШУҮИСД-д хоёр удаа томилогдож ажиллахдаа амжуулсан том ажил нь энэ гэнэ. Тэрээр “Эмнэлэг, сургууль, багш ажилчдын орон сууц, оюутны дотуур байр, номын сан, спорт заал, хичээлийн байрууд, зогсоол зам талбайтай гээд бүгдийг төлөвлөсөн. Монголын анхны их сургуулийн цогцолбор болох юм. Ажлын явц 70, 80 хувьтай яваа. Олон шөнийн нойроо хассаны хүчинд үр дүн нь гарсанд баярлаж суугаа” гэлээ. Сувилагч нарын 95 хувь нь гэр хороололд амьдардагт эмзэглэж явдгаа хуваалцсан Содномжамц коронавирусийн цар тахлын үед онцгой сайн ажиллаж байгаа хэмээн ажиллаж явсан салбарынхнаа магтав. Хувийн хэвшлийнхнээ уриалж санхүүжилт босговол дажгүй мөнгө цугларна гэсэн санал ч хэлээд амжив. Тэрээр саяхан ХӨСҮТ-д ариутгалын уусмал гэх мэт хэрэгтэй зүйлсийг нь хандивлажээ.

Гэрийн эзэн шашны чигийн ном унших дуртай гэнэ. Номын санд тэр чигийн ном нэлээд харагдав. Нутгийнхаа Их Богд уулын зургийг зочны өрөөний ханандаа залжээ.

Дундговийн хүүхэн хутагтын эмээл, хазаар, ташуурыг нэг өрөөндөө хүндэтгэлтэйгээр байрлуулсан нь орж ирсэн хэний ч нүдэнд содон тусахаар юм. Содномжамц ээжийнхээ аавын зургийг бурханчилж залсан шалтгаанаа “Өвөөгийн дүрийн дээхнэ байгаа энэ зүйл бол нанжвандан. Миний өвөөгийн үзэж байсан Дүйнхорын номны хураангуй тарни байгаа юм. Гачин лам гэж манай нутгийн хувилгаан бий. Тэр хүн ингэж зохиомжилж, Тулгаа гэдэг хүн бүтээсэн” хэмээн тайлбарлалаа. Гэрийн эзэн өвөөгийнхөө хөргийг ажиж зогссоноо “Миний өвөө Сэр-Одын Дамдинсүрэн гэж хүн байлаа. Хүүхэд байхад сонин юм их ярьдаг байжээ, одоо эргээд бодоход. Шашин талын ном сонирхдог маань өвөөгөөс улбаатай. Өвөө нэг шөнө тэнгэр өөд заагаад “Тэр цувсан гурван одыг харж байна уу. Дунд талын одны дээхнэ жижигхэн од үзэгдэнэ үү” гэж асуулаа. Тийм байна гэсэн чинь “Тэр од энэ гурван одноос өнгөрч байж бороо хур орж, зун цаг дэлгэр болох учиртай юм. Гэтэл тэр хавиас гарч чадахгүй бараг хоёр сар болчихлоо” гэж билээ. Бас нэг удаа би “Өвөө йог, бясалгалаар хичээллэсэн хүн газраас тохой хөндийрдөг гэх юм. Дээр үед тийм чадалтай лам байсан уу” гэж асуухад “Мэсний тарнийг тоонд нь гүйцээгээд уншчихад мэс хүнийг дийлэхгүй болно. Гүртэн хүмүүсийн биеийг сураар баглаж байж гүртэн буулгадаг байлаа. Тэгэхгүй бол шувуу шиг нисээд алга болчих гээд байдаг юм. Тэгэхээр тохой хэртэй хөндийрөх амархан байлгүй яахав” гэж билээ. Энэ мэт олон сайхан дурсамж бий” хэмээн хууч дэлгэв.

Биднийг гарахын өмнөхөн гэрийн эзэн охиноороо нөгөө өрөөнөөсөө аргал авчруулж дунд хэмжээний сангийн бойпорт уугиулангаа “Хааяа аргалын утаа үнэрлэхээр нутагтаа очсон мэт сайхан мэдрэмж төрдөг шүү. Би ер нь их хөдөөсөг хүн. Зав л гарвал салхинд гарахыг боддог. Миний хамгийн үнэтэй өв хөрөнгө бол өвөөгийн минь гэр. 16 хүүхэд өсгөсөн буянтай буурлуудынхаа гэрийг зундаа барьдаг. Дөрвөн жил тутам болдог ургийн баяртаа аваад очихоор манайхан өвөөгийн гэрийг хамгийн дээд талд нь барь гээд сүйд болно шүү дээ” хэмээв.


Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөн: Эдийн засгийн хүнд үеийг хөшөө, иргэний танхим барьж давахгүй

Дэлхийн хэмжээнд нүүрлээд буй цар тахлын энэ үед улс орон бүр эдийн засгаа хохирол багатай давах арга хэмжээг аваад эхэлсэн. Манай улсад цар тахалтай холбоотойгоор үүссэн эдийн засгийн нөхцөл байдал, үүнийг хэрхэн давж болох талаар Хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой арга хэмжээнүүд олон бизнест нөлөөлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги болж байна. Залууст хэр нөлөөлөх бол?

-Энэ жил Их, дээд сургуулиа эсвэл МСҮТ-г төгсөөд ажлын байранд гарах гэж байгаа залууст хамгийн хүндээр тусах байх даа. Ажлын анхны гараа гэдэг хүнд маш чухал байдаг, гэтэл энэ жил сүүлийн гурван жилтэй харьцуулахад хамгийн цөөн тооны шинэ ажилтан авах харамсалтай дүр зураг харагдаж байна. Тэгэхээр төгсөгчдийн хувьд их хүнд жил болж таарах нь.

-Одоо ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож, ажилгүйдэл нэмэгдэж байгаа мэдрэгдэж байна. Ажилгүйдэлд ямар салбарын хүмүүс илүүтэй өртөж байна?

-Үйл ажиллагаа нь нам зогссон гэлтгүй, борлуулалт муутай байгаа ААН-үүд ажилчдаа цомхотгоод эхэлсэн. Угтаа дийлэнх ААН-үүд хоёр сар тэсээд явах боломжтой байдаг ч хөл хорио тогтоогоод бараг гурван сар өнгөрчихлөө.Энэ хүндрэлтэй нөхцөл байдал дахиад ирэх гурван сар лав үргэлжлэхээр байгаа нь байгууллагын удирдлагуудад “хямралын үеийн” арга хэмжээ авахад хүргээд байна.

Ажилгүйдлийн тухайд гэвэл бүх л салбар өртөж байгаа. Улирлын шинж чанартай бизнесүүд одоо л эхлэх гэж байгаа учир бүрэн хариулж мэдэхгүй байна. Хамгийн хүндээр тусах салбар бол аялал жуулчлал, боловсрол, тээвэр болон жижиглэн худалдаа байх болов уу. Аялал жуулчлалын салбарын хувьд гэхэд гадаад жуулчид авч чадахгүй боллоо. Тэгэхээр дотоодын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээ одооноос сайтар төлөвлөж, ажиллаж чадвал арай хохирол багатай гарах боломж бий байх гэж бодож байна. Нэг талаас гаднаас аялал жуулчлалаар орж ирдэг валют зогсож байгаа ч, гадаад руу аялдаг монголчууд маань бас гарч чадахаа болино гэсэн үг. Тэдний энэ хэмнэсэн мөнгө харин аялал жуулчлал руу орох уу, эсвэл бусад салбарт зарцуулагдах уу гэдэг аялал жуулчлалын салбарынхан хэр хөрвөх чадвартайгаас ихээхэн хамаарах болов уу.

-Ажилгүйдэлтэй холбоотойгоор өрхийн орлого хэрхэн буурч байна вэ.Ажилгүйдэл нэмэгдсэнээр нийгэмд ямар том сөрөг нөлөө үзүүлэх бол?

-Дан ганц ажилгүйдэлтэй холбож өрхийн орлогыг тайлбарлаж болохгүй. Ажилгүй болоогүй ч, өрхийн бизнес эрхэлдэг хүний борлуулалтын орлого буурснаар өрхийн орлого муудаж болно. Тиймээс одоо үүсээд байгаа энэ хямрал ганц эрүүл мэнд гэхгүй, эдийн засаг талаас өрх бүрт оны сүүл гэхэд мэдэгдсэн л байх болов уу. Учир нь Монгол Улсын эдийн засаг 2019 онд 5.1%-н өсөлттэй байлаа, харин 2020 онд коронавирусыг барьж чадлаа ч гэлээ нэгээс хоёр хувийн өсөлттэй байхаар байна. Хэрэв коронавирусийг алдвал үүнээс ч хүнд дүр зураг үүснэ. Эрүүл мэндийн салбарт коронавирусийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ өрхийн орлогод хэрхэн нөлөөлсөн талаар судалгааг “Эдийн засгийн судалгааны хүрээлэн” хийж байгаа гэж сонссон, удахгүй тодорхой болох байх.

Ажилгүйдэл нэмэгдэх нь олон сөрөг талыг дагуулна. Хөрөнгө чинээ багатай хүн өөрийн хөдөлмөрөө зарж, тэрнийхээ ашиг шимийг цалингаар авч амьдардаг. Дэлхийн Банкны 2018 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын 3 сая хүний 907 мянга нь ядуу байна гэж гарсан. Хэрэв нэг хүний дундаж орлого сарын 50-н мянгаар буурвал дахиад 475 мянган хүн ядуурлын эгнээнд шилжихэд бэлэн байгааг энэ судалгаагаар бас тогтоосон. Иймээс ч, эдийн засаг хүндэрч, цалин орлого бууж, ажилгүйдэл нэмэгдвэл хоёр монгол хүний нэг нь ядуу болох эмгэнэлтэй нөхцөл байдал үүсэх вий гэж үнэхээр санаа зовинож байна.

– Сая Засгийн Газраас 5.1 их наяд төгрөгийг төсөв дээр нэмж оруулахаар болж байх шиг байна. Эдгээр авч байгаа арга хэмжээ энэ бүгдийг сэргийлж чадах уу?

-Товч хариулахад их хүнд асуулт байна. Төсвөөс гадуурх 5.1 их наядыг зарцуулах бол зээлж авч л таараа. За Монгол Улсыг нэг айл өрх гэж бодъё. Энэ айл одоо нэг приус машинтай, тэгээд нэмж энэ жилдээ 30 саяар дунд гарын жийп авч уная гээд байж байтал корона гарлаа. Тэгсэн за тэгвэл 50 сая төгрөг зээлээд энэ жилдээ болгоё, тэгээд 30 саяараа жийп авъя гээд явж байна.

Үнэнийг хэлэхэд Засгийн газрын шийдвэрт би сэтгэл хангалуун биш байна. Юунд нь вэ гэвэл 2020 оны төсөвт 3.1 их наядаар баахан хөшөө дурсгал, музей, тэгээд баг дээр иргэний танхим байгуулна гээд тавьчихсан. Үүнийгээ хэмнээд хүүхдийн мөнгөө нэмэхийн оронд заавал 5.1 их наядыг зээлж аваад нэмнэ гээд байдаг. Гэтэл тэр хэрэгцээгүй зардлаа өөрчлөөд хэрэгтэй зүйлд зарцуулж яагаад болохгүй гэж. Айл гэрээр яривал тэр 30 саяаар авах гэж байсан жийп машинаа болиод гаднаас 50 сая төгрөг биш, 20 сая аваад энэ бүгдийгээ шийдэж болно.

Улс төр л яг одоо асуудал болж байна. Тэр төсвийн хөрөнгө оруулалтаар барих хөшөө дурсгал, иргэний танхимыг улстөрчидтэй холбоотой давхардсан тоогоор 15,000 давхардаагүй нь бүр хоёр дахин бага компаниуд авна. Гэтэл тэр мөнгөөрөө мөнчгөрөөрөө явж байгаа 85,000 компанийн санхүүгийн асуудлыг хөнгөвчилж болох боломжтой. Нэг ёсондоо бидэнд хангалттай хөшөө байшин байгаа. Айл гэрээр яривал хуучин приус машин байгаа, шинэ жийптэй жийпгүй болно. Тэр 30 саяараа жийп авахаа болиод гаднаас 50 саяыг аваад нийт 80 саяаар өрх гэрээ дэмжиж болно шүү дээ.

-Та энэ ажлыг үр дүнгүй гэж хэлэх гээд байна уу. Үнэхээр таны хэлж байгаа шиг бол төрөөс ажлын байрыг хамгаалах чиглэлд ямар зохицуулалтууд хийх шаардлагатай вэ. Дарга нарын цалин хангамжийг онцгой нөхцөлд түр бууруулж энэ мөнгийг цалинд шилжүүлэх замаар олон хүнийг ажилтай байлгах боломжийн тухайд юу хэлэх вэ?

-Үнэхээр 5.1 их наядыг зарах гэж байгаа бол ажлын байрыг хадгалах, хүмүүсийн орлогыг хамгаалах, бизнесээ дампууруулахаас сэргийлэхэд чиглүүлэх шаардлагатай. Дэмжихдээ хэрэглээг биш, үйлдвэрлэлийг дэмжээч л гэж байгаа юм. Жишээлбэл,Америкийг хар. Хямралын үеийн хөтөлбөрөө батлахад нийт хөтөлбөрт зарцуулах хөрөнгө мөнгөний 70-80 хувийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл, эсвэл зээлийг дахин санхүүжүүлэхэд буюу зээлийг хөнгөлөхөд гаргасан байна.

Монголд нийт үйл ажиллагаа эрхэлж буй 91 мянган бизнес бий, үүний 83 мянга нь 1-9 ажилтантай жижиг бизнесүүд. Бараг бүгд зээлтэй. Тэгээд энэ үед яаж дэмжих вэ гэдэг дээр МҮХАҮТ-ын гаргасан судалгаагаар нийт судалгаанд оролцогч аж ахуйн нэгжийн 67 хувь нь зээлийн хүндрэлийг бууруулах асуудлыг хөндсөн байсан. Яагаад энэ тал дээр арга хэмжээ авахгүй байна вэ? Ажилтны НДШ-г өгөх, эсвэл ажилгүйдлийн сангаас 200 мянган төгрөг өгч болно. Гэхдээ бизнес дампуурчихвал тэр ажилтан бүр ямар ч орлогогүй болно шүү дээ. Тэгэхээр бизнесийг дампууруулахгүй байх талаас хамгийн түрүүнд ажилламаар байгаа юм.

Яаж вэ гэж үү? Энэ их амархан. ЖДҮ-н хүсч байгаа зээл дунджаар 10 сая төгрөг байдаг. Гэтэл Сүхбаатарын талбайн урд усан оргилуур барихад 3.2 тэрбум зарж байснаас 320 ширхэг ЖДҮ-д 10-н саяын хөнгөлөлттэй зээл олговол 3000 гаруй ажлын байрыг хадгална. Цаашлаад 3000 өрхийг орлоготой байлгана. Үүн шиг төсөв дээр суусан баахан хөшөө дурсгалын мөнгөө ЖДҮ-д “зээл” хэлбэрээр өгвөл ёстой жинхэнэ дэмжлэг болно. Дахиад хэлье. Эдийн засгийн хүнд үеийг хөшөө, иргэний танхим барьж давахгүй. Тэгээд ч, тэр хөшөө, иргэний танхим барьсан мөнгө хэзээ ч эргэж орж ирэхгүй. Гэтэл ЖДҮ-д шударгаар өгч чадвал тэр мөнгө хүүтэй нэмэгдээд эргээд төлөгдөнө. Цаг сайхан болоод ЖДҮ-нхний эргэж төлсөн мөнгөөр Засгийн газар гаднаас авсан зээлээ эргэж төлж болно.

-Хүн бүр орон сууцнаас гадна автомашин болон хэрэглээний зээл авсан байдаг. Ер нь дундаж өрхийн сарын төсвийн бүтцэд зээл хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Банкны хувьд иргэдийн орлогын 60 хүртэлх хувьд зээл өгч болно гэсэн хязгаар байдаг. Үүнийг нааш цааш хөдөлгөж болдог. Харин сүүлд сонссоноор өрхийн орлогын 70 хувь нь бараг зээлийн төлбөрт явдаг гэж ойлгосон. Яг нарийн судалгаа надад алга.

-Ажилгүй болсон хүмүүс таксинд явах зэргээр амьдралаа залгуулахыг хичээж байна. Энэ хүнд үед иргэд ажил орлоготой байх чиглэлд хэрхэн анхаарах боломжтой байна вэ?

-Эдийн засаг унаад ирэхээр ажлын байр олдоход хэцүү болно. Огт байхгүй болно гэж хэлээгүй шүү. Манай залуус битгий шантраарай, ажил хийе гэсэн залуус сайн хайгаарай. Мөн хэн хүнгүй аль болох шаардлагагүй зарлагаа багасгаад, болж өгвөл хадгаламжаа нэмэгдүүлбэл бэлтгэлээ хангаж байна гэж бодоорой. Таны орлого нэлээн доогуур байдаг бол мөн хашаанд амьдардаг эсвэл зуслангийн байртай бол ногоо тарих хэрэгтэй. Энэ чинь нэг талаасаа зардлыг бууруулна, бас өөрийнхөө идэх хүнсээ баталгаатай хангана. Хэрэв энэ коронавирус гайгүй өнгөрвөл өөрсдийн тарьсан ногоогоо идчихнэ, гай болвол өлсөхгүйн тулд бид бэлтгэлээ дээр дооргүй хангах хэрэгтэй байна.

Жижиглэн худалдаа эрхлэгч, бизнесийнхэнд гэж хэлэхэд хэзээ ч битгий “өдрийн зээл” аваарай. Нэг авчихвал тэндээс гарна гэхэд маш хэцүү. Ялангуяа ийм борлуулалт бууж байгаа үед огт болохгүй шүү. Тэгснээс байгаа бараагаа сайн зараад, эргэлтийн хөрөнгө багассан ч гэсэн байгаа мөнгөө эргэлдүүлээд явж байхад нэг ард нь гарцгаана аа, бүгдээрээ. Миний харж байгаагаар энэ коронавирусийн хүндрэл жил хагасын дараа гайгүй болчих байх гэсэн хүлээлттэй байна.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ улс-төр

НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаанаар Засгийн газараас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох сапбарын сайд, дарга нарт даалгасан. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий төрийн өмчит “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан ажиллаж байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Одоогийн байдлаар тус компани нь өдөрт 3,000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3,500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 19/12 дугаар тогтоолоор сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор сайжруулсан хатуу түлшний нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу 1 тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын өрхийн худалдан авах чадварыг бууруулах, улмаар амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгааг төслийн танилцуулгад онцолсон.

Иймээс сайжруулсан шахмал түлшийг “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан бөгөөд сайжруулсан шахмал түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг өмнө нь төсөвт хураан авч төвлөрүүлж байгаагүй, шинээр авч эхэлж байгаа тул төсвийн орлогод нөлөө үзүүлэхгүй гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа тодотгов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэхдээ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын Засгийн газраас хийсэн хамгийн үр дүнтэй ажил нь түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглож улмаар олон нийтийн эрүүл мэндийг хамгаалж, утааг багасгаж, хүлэмжийн хийг бодитойгоор бууруулж чадсан. Иймд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд, хэлэлцүүлгийн явцад төслийн зарим агуулгыг засч, сайжруулах саналтай байгаагаа илэрхийлэв.

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн.

Categories
мэдээ улс-төр

​Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх аван амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж ихээр баригдсан нь дархан цаазат газрын байгалийн унаган төрх, төлөв байдал, дэглэм горимыг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, нутаг дэвсгэрийн нягтрал, хүн амын бөөгнөрөл, зам тээврийн ачааллыг багасгах, нэгэнт эвдэгдсэн, унаган төрхөө алдсан байгалийг дахин нөхөн сэргээхэд эдийн засгийн талаас нь дэмжлэг үзүүлэх нөхцөл боломж бүрдүүлэх зорилготой гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан.

Мөн тэрбээр танилцуулгадаа, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлтийг Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас үл хамааран аж ахуйн нэгжээс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар дээр дурдсан эерэг нөхцөл байдал бий болохоос гадна тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэдгийг онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д суралцаж буй оюутнуудын анхааралд

ОХУ-д шинэ коронавирусний тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол, Оросын Засгийн газрын холбогдох байгууллагууд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, сургууль, дотуур байрны захиргаанаас өгч буй зөвлөмж, түүнчлэн тухайн хот, сургууль, дотуур байранд тогтоосон дэглэм, журмыг чанд сахиж эрүүл мэндээ хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг та бүхэнд анхааруулж байна.

ОХУ-ын Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, эмч мэргэжилтнүүдийн төсөөлж байгаагаар тус улс дахь коронавирусийн тархалт ойрын хоёр долоо хоногийн хугацаанд оргил үедээ хүрэх магадлалтай байгаа тул энэ хугацаанд “өөрийгөө тусгаарлах” дэглэмийн заалт бүрийг нэг бүрчлэн мөрдөхийг зөвлөж байна.

Жич: 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ОХУ-д суралцаж буй Монгол оюутнуудын дөрөвний нэг гаруй нь сургуулийнхаа захиргааны зөвшөөрөл, зөвлөмжийн дагуу нутаг буцаад байгаа билээ.

Эх орон руугаа яваагүй байгаа оюутнуудыг хот, сургуулийн нэр, дотуур байрны хаяг, суралцаж буй курс, утасны дугаар зэргийг тусгасан мэдээллийг сургууль, дотуур байрныхаа хэмжээнд нэгтгэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд moscow@mfa.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье. Түүнчлэн, уг мэдээлэлдээ тухайн сургууль, дотуур байранд нийтдээ хэдэн Монгол оюутан суралцдаг, оршин суудаг, тэдгээрээс хэд нь үлдээд байгааг тэмдэглэнэ үү.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

Хурдавчилсан шинжилгээгээр COVID19 илэрсэн хоёр хүний лабораторийн шинжилгээний хариу маргааш гарна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад COVID19 эерэг гарсан.

“Сонгдо” эмнэлгийг хаасан биш, тухайн өндөр настай өвчтөнийг өрөөнд нь шинжилгээний хариу гартал түр тусгаарласан. Нөгөө хүнийг нь ХӨСҮТ-д тусгаарласан.

Өндөр настны хувьд ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон. Тиймээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан.

Ер нь хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой. PCR шинжилгээний хариу ойролцоогоор 24 цагийн дараа гарна. Тиймээс өвчтөнүүдийг тусгаарлаад дээж авсан байгаа.

Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ улс-төр

НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагч гишүүн Н.Оюундарь танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн орчин бүрдсэн болно. Байгууллага, аж ахуйн нэгжид ногдуулах татварын хэмжээ жил бүр нэмэгдэж, татвар төлөлтийн хэмжээ ч сүүлийн жилүүдэд өссөн байна. Монгол Улс 2015 оноос хойш иргэн, аж ахуйн нэгжид худалдан авсан бараа үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд сар бүр дунджаар 700 мянган татвар төлөгч баримтаа бүртгүүлж байгааг онцлов.

Түүнчлэн, хууль хэрэгжих эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3838-аар, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-аар нэмэгджээ. Дээрх судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлөн их биш байна. Энэ байдал нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай гэж байлаа.

Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авалтыг татварын ачааллыг бууруулах /буцаан олголтын хувийг нэмэх/ замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна. Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгч иргэдэд буцаан олгогдох мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдэж, татварын тэгш, шударга байх зарчим бүрэн хангагдана. Олон улсын жишигт нийцсэн, тогтвортой татварын орчинг бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэхэд Засгийн газар дэмжих боломжгүй гэснийг тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, НӨАТ нь улсын төсвийн 30 хувийг буюу гуравны нэгийг бүрдүүлдэг гэдгийг тодотгоод буцаан олголтын хувь хэмжээг нэмбэл ойролцоогоор 1.3 их наяд төгрөг хасагдана гэж тооцвол тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Иймд Засгийн газар зарчмын хувьд дэмжих боломжгүй гэснийг мэдэгдлээ.

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж танилцуулгадаа, НӨАТ нь бараа, ажил үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн түвшингээс хамаардаг. Энэ нөлөөлөл нь инфляцийн түвшинг өсөхөд нөлөөлдөг. Түүнчлэн НӨАТ нь өндөр орлоготой хүмүүст бага дарамттай байдаг бол жижиг, бага орлоготой аж ахуйн нэгжүүдэд маш их дарамт болдгийг танилцуулгадаа тодотгосон.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувь хэсгийн “Ш.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын ”… 10 хувиар ногдуулна.” гэснийг”… 5 хувиар ногдуулна.” гэж өөрчлөх саналыг төсөлд тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар, О.Батнасан, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “НӨАТ-ын буцаан олголтыг 9 хувь болгож, татвараа 1 хувь болгоё” гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.Батнасан “Татвар багасгахыг дэмжиж байгаа ч НӨАТ-аар татвар төлөгчдийг бүртгэлжүүлэх боломжгүй. Цаашдаа миний боловсруулсан хялбаршуулсан татварын талаарх хуулийн төслийг дэмжиж, бүх хүн татвар төлөхөд анхаарах шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, НӨАТ шууд бус татвар ч, үнийн бодлогод нөлөөлдөг учир буцаан олголтын хувийг нэмэх, татварыг бууруулах агуулгатай хуулийн төслүүдийг гишүүдээс өргөн барьж байгаа нь цаанаа энэ асуудлыг эргэн харах шаардлагатай гэдгийг харуулж байгаа тул дэмжиж байгааг илэрхийлж байлаа.

Ингээд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Categories
мэдээ улс-төр

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Н.Учрал, Л.Энхболд нар ажилласан байна. Ажлын хэсэг хуралдаад төслийн зарим нэр томъёог холбогдох бусад хуулийн нэр томъёотой нийцүүлэх, цахим архивын санг төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээний талаарх зохицуулалтыг тусгах, Үндэсний архивын сан хөмрөгт төрийн чиг үүргийг хууль эсвэл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн архивын баримтыг хамруулах, төрийн архивын үндсэн чиг үүрэгт хамаарах хөмрөгийн баримтын агуулга, байршил, бүрэлдэхүүн цахим мэдээллийн санд оруулах, төрийн архивын ажилтны нийгмийн баталгааг хангах, төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх зэргийг тусгасан гэлээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явууллаа.

Тухайлбал, төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг “31.3.Иргэний намтар, түүхэнд холбогдох архивын баримтыг үүсэж бий болсноос хойш 70 жил өнгөрсний дараа эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглуулж болно.” хэмээн өөрчлөн найруулж, 31.4 дэх хэсгийн “иргэдийн хувийн амьдрал, эд хөрөнгө байдалд” гэснийг “иргэний намтар түүхэнд” гэж өөрчилж, 31.5 дахь хэсгийн “зөвшөөрлийг мэдэгдэж, тухайн баримтыг ил болгох” гэснийг хасах гэснийг гишүүдийн олонх дэмжсэн. “Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд тавигдах шаардлага” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “Төрийн” гэснийг хасаж, 39.2 дахь хэсгийн “бэлэгдэл” гэсний дараа “болон барааны” гэж нэмж, 39.1 дэх хэсгийн, 39.3 дахь хэсгийн “зааврыг” гэснийг “журмыг” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Төслийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийг 43.1.4 дэх заалт болгон “43.1.4.Энэ хуулийн 43.1.1-43.1.3-т зааснаас бусад тохиолдолд ажпын 7 өдрийн дотор.” Хэмээн өөрчлөн найруулж, 43.3 дахь хэсгийн “заалт” гэснийг “цохолт” гэж, өөрчилж, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийн “хэмжээнд мөрдөх” гэснийг, мөн хэсгийн “арга зүйн” гэснийг хасахыг гишүүдийн 80 хувь нь дэмжсэн юм. Төслийн Долдугаар бүлгийн гарчиг “Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны эрх зүйн байдал” гэснийг “Бусад зүйл” гэж өөрчилж, “Наймдугаар бүлэг, бусад зүйл” гэснийг хасаж, Долдугаар бүлэгт “49 дүгээр зүйл. Төрийн архивын ажилтны нийгмийн баталгаа

49.1. Төриин архивт архивч, архивч-судпаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд 1 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.

49.2. Мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэсэн агуулгатай 49 дүгээр зүйл нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн найруулгын 3 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 3 томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.