Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 16-нд болох үйл явдал

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

14.00 цагт ХЭҮК, Нээлттэй нийгэм форум хамтран “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит уулзалтыг “COVID-19 БА ХҮНИЙ ЭРХ” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулна. Утас: 95186668

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт “Сахигтун үндсэн хуулийн эвсэл-19”-өөс “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтыг суллахыг шаардаж, 5000 иргэн гарын үсгийг цуглуулсан талаар мэдээлнэ.

12.00 цагт Ардчилал шинэчлэлийн хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Засгийн газраа эмхлээгүй хариуцлагыг УИХ биш, Ерөнхий сайд үүрнэ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ирэх тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон “давхар дээл”-тэй холбоотой заалт ч мөн өдрөөс хэрэгжих ёстой. Үүнээс болж Засгийн газрыг шинэчлэн байгуулах асуудал ихээхэн маргаан дагуулж байна. Үндсэн хууль судлаач хүний хувьд таны байр суурийг сонсмоор байна?

-Үндсэн хууль бол хуулийн тогтолцооны хувьд төдийгүй засаглах хүч нөлөөний хувьд хамгийн дээд хүчин чадалтай баримт бичиг. Монгол Улсад үйлчилж байгаа бүхий л хууль тогтоомж Үндсэн хуульд яв цав нийцэж, тэр хууль тогтоомжуудын дагуу засаглалын үйл ажиллагаа явах ёстой. Тэгж байж Үндсэн хуульт ардчилал, хуулийн засаглал бодитой оршин тогтоно. Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас гэж тогтоосон. Үр дагавраа тооцож байж хуулиа баталсан байлгүй дээ.

-Одоо бол тийм биш л гэж харагдаад байна даа?

-“Дагалдах хууль нь гараагүй учраас Үндсэн хуулийг зөрчөөд явж болно” гэдэг байр суурь, хандлага бол хуулийн тогтолцоонд байж боломгүй зүйл. Хууль тогтоогчид өөрсдөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тавдугаар сарын 25-наас мөрдөнө гэж бичсэн бол бусад хуулиа Үндсэн хуульдаа нийцүүлэх ажлаа энэ хугацаанд багтааж хийх ёстой. Энэ бол “Үндсэн хуулийг бид өөрчилсөн” гэж шоудахаас илүү хариуцлагатай, үр дагавартай зүйл. Гэтэл одоо хууль зөрчиж, завхруулах нь хэтрээд Үндсэн хуулийг хүчгүйдүүлэх, үгүйсгэх шат руу ахиж байх шиг. Үндсэн хуульт байгууллыг ингэж завхруулж болохгүй. Ирэх тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, төрийн зохион байгуулалт, албан тушаалтны томилгоо байгаа хийгдвэл түүнийг нь иргэд эсэргүүцэх, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй. Үндсэн хуультай зөрчилдсөн төрийн аливаа шийдвэр, үйл ажиллагааг дагаж мөрдөхгүй байх эрхтэй. Нөгөө талаас Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй байгууллага. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, харилцааг зөвтгөж, зөвшөөрөх эрх Цэцэд байхгүй.

-Засгийн газрын хуульдаа өөрчлөлт оруулаад, түүнийгээ сонгуулийн дараачаас мөрдөөд явахад болно гэдэг зүйлийг МАН-ын хуульчид, УИХ-ын гишүүд нь яриад эхэллээ?

-Энэ асуудал зөвхөн Засгийн газартай ч холбоотой юм биш. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж үйлчлэх ёстой юу, үгүй юү? Үндсэн хуулиас давсан ийм дур зоргыг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юү гэдэг асуудал. Хууль тогтоогчид нь хууль тогтоомжоо Үндсэн хуульд нийцүүлж чадаагүй учраас ҮАБЗ-ийн Үндсэн хууль зөрчсөн зөвлөмжөөр шүүгч, прокуроруудыг халдаг асуудал үргэлжлэх ёстой юу? Хэрэв УИХ хуулиа өөрчлөхгүй гэвэл энэ байдал цаашаа хэдэн ч жил үргэлжилж болно гэсэн үг үү? УИХ хуулиа өөрчлөөгүй шалтгаанаар Үндсэн хууль үхмэл хууль болох уу. Энэ бол хуулийн системд байж боломгүй зүйл.

-Ямартаа ч энэ парламент Засгийн газрын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчилнө. Гэхдээ хэрэгжилтийг нь сонгуулийн дараачаас мөрдөнө. Тэгсэн тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй гэж яриад байгаа…

-Монгол Улс нэг л Үндсэн хуультай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэг адил хүчин чадалтай. Үндсэн хуулийн энэ хүчин чадлыг ямар ч хуулиар үгүйсгэж болохгүй. Дагаж мөрдөх журмын тухай хууль нэрийн дор Үндсэн хуулийн үйлчлэл, хүч чадлыг үгүйсгэж болохгүй.

Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн л бол түүнтэй зөрчилдсөн бүх хуулийг бүх шатны шүүх хэрэглэх эрхгүй. Тийм хуулийн үйлчлэлийг Үндсэн хуулийн Цэц шууд зогсоох үүрэгтэй. Үндсэн хуулийн бус Засгийн газрын аливаа шийдвэрийг иргэд биелүүлэхгүй байх эрхтэй. Үндсэн хуулийн бус албан тушаалтнуудын үйл ажиллагааг шүүхэд өгөх, хариуцлага тооцуулахыг олон нийт шаардах эрхтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар дөнгөж саяхан ҮХНӨ-өөр “пиар” хийгээд, Б.Чимид багшийн хэлсэн “Үндсэн хууль бол алганд багтсан эх орон” гэдэг үгийг их л чухал царайтай давтаад байна лээ. Телевизээр гоё ярьж, гоё нэвтрүүлэг хийж болно. Гоё ярьдаг шигээ хууль тогтоогчийнхоо ажлыг сайн хийх хэрэгтэй л дээ. Хийж чадахгүй бол үр дагаврыг нь хариуцах ёстой. Зарчим ердөө л энэ. “Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс” гэж ярьчихаад алгандаа багтаагаад хулгайлж, эрэмдэглэж болохгүй.

-Хэрвээ Засгийн газрыг шинээр эмхлэхгүй бол хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Хамгийн түрүүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Цэцэд дуудагдана. Дурын хуульч тийм гомдол гаргана. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчвөл огцруулах үндэслэл болдог Үндсэн хуулийн өөрийнх нь заалт бий. Үндсэн хууль өөрөө ажиллаж эхэлнэ гэсэн үг. Үндсэн хууль ердийн хуульд захирагдахгүй, ердийн хуулиар Үндсэн хуулийг тайлбарлахгүй. Хууль тогтоогчдын буруутай үйл ажиллагааны горыг Ерөнхий сайд хамгийн түрүүнд амсана. Засгийн газрыг хэн эмхлэн байгуулах вэ гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр маш тодорхой тогтоочихсон. Засгийн газрыг эмхлэн байгуулах үүрэг Ерөнхий сайдад өөрт нь байгаа. Сайд нарыг УИХ томилохоо больсон, Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлдэг болсон. УИХ-д энэ асуудал ямар ч хамаагүй болсон. Ерөнхий сайдын өөрийнх нь кабинет, Ерөнхий сайд өөрөө Үндсэн хуульд нийцэж ажиллах үүрэгтэй.

-Хэрвээ Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулахгүй бол Засгийн газар ч үгүй болох нь ээ?

-Засгийн газаргүй болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд ганцаараа байсан ч Засгийн газар байна. Гэхдээ “Кабинетийн гишүүдийн дөрвөөс бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй шүү” гээд хязгаар тавьчихсан. Тиймээс нэг бол сайд нараа УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх, үгүй бол УИХ-ын гаднаас сайд нараа томилох ёстой болно. У.Хүрэлсүхийн л хариуцах асуудал.

-Үндсэн хуулийн энэ заалт иргэнтэй шууд холбоогүй учраас иргэд энэ асуудлаар Цэцэд маргаан үүсгээд явах болов уу? Эсвэл УИХ нь “Бид олонх юм чинь” гээд олонхоороо хүч түрээд түрүүн хэлсэнчлэн хуулиа батлаад “сонгуулиа дараа мөрдөнө” гээд явах болов уу?

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд иргэд гомдол гаргаж, Үндсэн хуулийн Цэцээр асуудлыг шийдүүлэх эрхтэй.

-Мэргэжлийн хуульчид бол мэдээж энэ асуудлаар маргаад явж байна. Харин АН-ын байр суурь ямар байна. АН-ын дэд даргын хувиар танаас асууж байна л даа?

-Үүнд аль нэг намын байр суурь сонин биш. Монгол Улсад Үндсэн хуульт ардчилал байх уу, үгүй юү. Эрх барьж байгаа нам “Бид ингэж бодож байгаа учраас” гээд Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоож болох уу, үгүй юү л гэдэг асуудал. Өмнөх Үндсэн хуулиа “болохгүй байна” гэж өөрчилчихөөд, тэр өөрчлөлт нь хүчин төгөлдөр үйлчлэх болохоор “Үндсэн хууль хамаагүй, ердийн хуулиар зохицуулна” гэж байгаа бол энэ чинь Үндсэн хуулийн шинэтгэл биш. Харин ч Үндсэн хуулийн дампуурал. Уг нь Үндсэн хуулийн шинэтгэлийг хийсэн гэх нам өөрөө Үндсэн хуулийнхаа хэрэгжилтийг манлайлж явах үүрэгтэй юм.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар баталснаас хойш таван сарын хугацаа өнгөрчихлөө. Тэр хугацаанд дагалдаж гарах бусад хуулиудаа баталчих хангалттай хугацаа байсан. Гэтэл түүнийгээ хийгээгүй мөртлөө өнөөдөр гэнэт яагаад “Үндсэн хуулийг мөрдөхөө хойшлуулъя” гэж яриад байгаа юм бэ. Ямар ашиг сонирхол байна?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ дэвшилтэт үзэл санаа, цаг үеийн шаардлагыг үнэхээр мэдэрч, хүсч хийсэн эсэх нь эргэлзээтэй байна. Зүгээр л сонгуулийн амлалтаа биелүүлсэн болж харагдах гэсэн мэтээр харагдаж байна. Хэрэгжилт дээр нь ийм салаа утгатай, Үндсэн хуулийг өөрийг нь үгүйсгэсэн тайлбар хийгээд сууж байгаа нь хэтэрхий увайгүй хэрэг. Үндсэн хуулийг дампууруулах хүсэл сонирхолтой мэтээр ойлгогдож эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын дахин дахин хэлээд байсан “алган дээр багтсан эх орноо” алга урвуулахын дайтай сүйтгэж байгаа юм биш биз гэж ч бодогдож байна. Б.Чимид багшийн үгийг нь зээлсэн ч утгыг нь гүйцэд ухаагүй бололтой.

-Та ч түрүүнд хальт дурдаад өнгөрлөө. Ирэх сарын 25-наас мөрдөгдөх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дотор “давхар дээлний” асуудлаас гадна шүүхийн хараат бус байдал, Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой олон заалт бий биз дээ?

-Цөөнгүй заалт бий. Тавдугаар сарын 25-наас эхлээд одоо ажиллаж байгаа ШЕЗ Үндсэн хуулийн бус болно. Одоо шүүгчид хариуцлага тооцож байгаа Шүүхийн сахилгын хороо Үндсэн хуулийн бус болно. Авлигатай тэмцэх газрын даргаас эхлээд цөөнгүй албан тушаалтны томилгоо Үндсэн хуулийн бус болно. Үндсэн хуульд заагдсанаас бусдаар Ерөнхийлөгчид олгогдсон бүх эрх мэдэл Үндсэн хуулийн бус болно. АТГ-ын дарга, ХЭҮК, ТАЗ /Төрийн албаны зөвлөл/ гэх мэт томилгооны асуудлуудыг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлага үүснэ.

-Яах вэ, их ойрхноор харвал сонгуулийн өмнө тэр бүх шинэчлэлийг хийх нь өөрт нь ашиггүй гэж үзэж байгаа юм болов уу, МАН?

-Үндсэн хуулийн үйлчлэлийг сонгуулийн өмнө, хойно, хэн нэгэн эрх мэдэлтэнд ашигтай, ашиггүйгээр хэмждэггүй. Тийм зарчим байж огт болохгүй. Үндсэн хууль бол төрийн эрх мэдлийг хязгаарлах, эрхтэн дархтануудын дур зоргыг хазаарлах, иргэд эрх чөлөөгөө аюулгүй эдлэх зорилгоор хийсэн нийгмийн гэрээ. Үндсэн хууль үйлчилж, хүч нөлөөтэй байх нь иргэдийн амь амьдралын асуудал болохоос эрх мэдэлтнүүдийн сандал ширээний асуудал биш. Маргаашийнхаа цаадхыг бодож, давааныхаа цаадхыг харж чадахгүй бол “Бид Үндсэн хуулийг өөрчилчихлөө” гэж цээжээ дэлдэж гүйгээд нэмэргүй.

-Тэгэхээр эрх баригчдын өнөөдөр ярьж байгаа зүйл оройтсон харуусал болжээ гэсэн үг үү?

-Тийм. Үндсэн хууль тогтоосон хугацаандаа шууд үйлчилж эхэлнэ. Үндсэн хуульдаа нийцүүлж хууль тогтоомжуудаа эрчтэй, хурдтай хийх нь хууль тогтоогчдын үүрэг, хариуцлага. Үндсэн хуульд нийцээгүй бүх хууль Үндсэн хууль хэрэгжиж эхлэх тэр мөчид хүчингүйд тооцогдоно. Хүчингүйд тооцохгүй гэж маргаж байгаа бол тэр асуудлыг чинь Цэц шийдвэрлэнэ. Зарчим ердөө л энэ.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах явцад Цэцтэй холбоотой маш олон өөрчлөлт хаягдаж гээгдсэн. Үүнийг Цэцийн захиалга байсан ч гэдэг. Тэгвэл Цэц энэ асуудлыг шударгаар шийдэж чадах болов уу?

-Хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийг сахиулж, Үндсэн хуульд нийцээгүй хууль тогтоожмуудыг хүчингүй болгох үүрэг нь Цэцэд байгаа. Энэ үүргээ биелүүлж чадахгүй бол Цэц Үндсэн хуулийн манаач байхаа больжээ гэсэн үг.

Цагаан дээр хараар, тов тодорхой биччихсэн зүйл заалтын тухай ярьж байна шүү дээ. Түүнээс биш хэн нэг эрх мэдэлтний дур зорго, хов живын тухай биш. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэж заасан. Өөр ямар ч хуулийг Үндсэн хуультай адил хүчинтэй, эсвэл түүнээс дээгүүр хүчинтэй тухай заагаагүй. Цэц ядаж Үндсэн хуулийн дархлаа болсон энэ заалтад үнэнч байх байлгүй дээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун: Монголбанк бодлогын хүүгээ есөн хувь болгож байгаа нь хангалтгүй санагдаж байна

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр ээлжит бус хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, есөн хувьд хүргэх, эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргав. Энэ талаар Эдийн засгийн ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа.


-Бодлогын хүү хэр хугацаанд есөн хувь байвал эдийн засагт нааштай үр дүн гарах вэ?

-Бодлогын хүү бол угаасаа арилжааны банкинд зориулсан хүү. Арилжааны банкууд Монголбанкнаас гаргаж байгаа үнэт цаасыг илүүдэл нөөцөөрөө худалдаж авах нөлөөлдөггүй шүү дээ. Тэгэхээр арилжааны банкууд өөрсдөө эрсдэлтэй гэж үзвэл хүүг хэчнээн доош нь буулгасан ч гэсэн авна. Өөрөөр хэлбэл, Монголбанкны үнэт цаасыг худалдаж авна гэсэн үг. Улам доош нь оруулаад ашиг орлогоо бодоод зээл өгнө. Зээл өгөхдөө үүнээс хамаараад банк хүүгээ тогтоохгүй. Тэгэхээр арилжааны банкууд энэ шийдвэрт хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс л бүх юм хамаарна. Арилжааны банкнууд есөн хувь болгосон ч хүмүүст зээл өгч хэрэлдэж байсан дор есөн хувийн хүүгээр нь хамаагүй Монголбанкны үнэт цаасыг худалдаад авчихъя гэдэг шийдвэр гаргах юм бол ерөөсөө нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Тийм болохоор арилжааны банкуудын эрх зүйн хувьд үзүүлэх реакц, хариу үйлдэл л үүн дээр шийдвэрлэгдэнэ гэж ойлгож болно.

-Бодлогын хүүг есөн хувь хүртэл болгосон нь ямар ач холбогдолтой вэ?

-Монголбанк бодлогын хүүгээ есөн хувь болгож байгаа нь надад бол хангалтгүй санагдаж байна. Үнэхээр үүнийг шийдье гэж байгаа бол өшөө доош нь буулгах хэрэгтэй.

-Үүнийг гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ?

-Энэ шийдвэр Арилжааны банкуудыг зээл олгуулах л нөлөөтэй. Банкинд нөөц мөнгө байгаа шүү дээ. Эсвэл төв банкны үнэт цаасыг авна. Аль эсвэл зээл болгоно гэсэн хоёр хувилбар байж байна. Тэгэхээр зээлийг манай Монголбанкнаас битгий аваач ээ, манай хүү бага шүү гэдэг утгаар наад хүү чинь бууж байна гэсэн үг. Тэгэхээр дээр дурдсанчлан хамаагүй зээл өгч эрсдэлд орж байсан дор наадахыг чинь аваад сууж байя гэвэл үр дүнгүй.

-Ер нь Монголбанк хүүгээ нэг нэг хувиар бууруулаад л байна. Цаашлаад өшөө илүү бууруулах боломжтой юу?

-Бодлогын хүүг бууруулах боломжтой. Бодлогоос хамаараад цаашлаад тэглэчихэж ч болно. Тэглэчих юм бол банкуудад байгаа хадгаламжнаас цугларсан мөнгөө хадгаламжийнхаа хүүг өгөх мөн зээлийн хүүг авахын тулд банк зайлшгүй зээл өгч таардаг. Тэгэхээр банкийг зээл өгүүлэхийг л шахаж байгаа нэг хэлбэр чинь энэ л дээ.

-Бодлогын хүүг ингэж буулгаснаар банкинд ямар сонголтууд гарч ирж байна вэ?

-Төв банкны үнэт цаасыг барьчихаад сууж байх уу, дараа нь найдвартай есөн хувийн хүү авах уу гэдэг ийм л сонголтыг өгч байгаа юм, банкинд. Хэрэв бодлогын хүүг тэг хувьтай болгочих юм бол яалт ч үгүй зээл өгч эхэлнэ. Одоогийн есөн хувь болгож бууруулсан нь банкууд үнэт цаасыг худалдаад авчих боломжтой байна л гэсэн үг. Боломж гэж харах юм бол есөн хувиар орлого олох боломж банкуудад гарч ирж байна. Гэхдээ үүнийг Монголбанк хүсэхгүй байгаа шүү дээ. Монголбанк аль болохоор банкуудыг зээл өгүүлж аж ахуйн нэгж, олон нийтийг дэмжүүлэх гээд байгаа. Банкнууд ямар хариу үйлдэл үзүүлэх үү гэдгээс л хамаарна. Монголбанк бол хүүгээ бууруулчихлаа гээд л сууж байгаа шүү дээ.

-Бодлогын хүүг нэг хувиар бууруулж байгаа нь ард иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт хэр үр өгөөжтэй вэ?

-Би бол чамлаж байгаа гэдгээ хэлсэн. Энэ бол тийм сайхан буулт биш. Тэг хүртэл хувиар ч бууруулж болно шүү дээ. Ер нь хүү буурснаар нийгэмд гарах үр ашиг нь аж ахуйн нэгжүүдэд өгөх л түлхэц өгч байгаа юм. Түүнээс биш шууд зээлийн хүү буураад, зээлийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үр дагавар байхгүй. Цаашлаад Монголбанкны бодлогоо хэрэгжүүлэх ганц хэрэгсэл нь энэ юм. Энэ хэрэгслээ л ашиглаж байна даа, хөөрхий. Энэ нь хэр үр дүнтэй болох юм байгаа юм. Үүнийг банкууд л мэднэ дээ.

Бодлогын хүү гэдэг бол Монголбанкны долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүү л дээ. Ингэж хүүг буулгах нь бодлогоо хэрэгжүүлэх хэрэгсэл юм. Энэ хэрэгслээ ашиглаж байна. Хэр тооцоотой есөн хувь руу оруулж байгаа юм. Уг нь бол үүнээс цаашаа бууруулчих л хэрэгтэй байна. Ямартаа ч энэ бол бодлогын хэрэгсэл. Эцсийн шийдвэрийг арилжааны банкууд л гаргана даа. Арилжааны банкинд сонголт гаргаж байна. Юунд түлхээд байна вэ гэхээр банкуудыг мөнгөтэй юм бол зээл өгөөч ээ. Манай үнэт цаасыг битгий аваач ээ гэсэн санаа. Тэгэхээр арилжааны банкууд хангалттай байгаа юм чинь аль нэгийг нь сонголтгүйгээр зээлэнд түлхье гэвэл шууд хүүг нь тэглэх хэрэгтэй.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Х.Азжаргал: Хөл хорионы үеэр ахуйн хүрээн дэх архидалт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл 34 хувиар өссөн

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай ярилцлаа.


-Оны эхний улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзэхэд 34.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. “Ковид-19” халдварын үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, тодорхой хэмжээнд хүмүүс гэрийн хорионд байна. Хүүхдийн тусламжийн утсанд ирсэн дуудлагад дүгнэлт хийхэд ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл нэмэгдсэн, мөн хүүхдээ үл хайхарсан, хараа хяналтгүй байлгах явдал их байгаа. Өдрийн цагаар ажилтай гээд хүүхдээ орхичхож байна. Цагдаагийн байгууллагаас ахуйн хүрээнд архидах явдал ихэссэн талаар мөн мэдээлж байгаа.

-Ямар асуудлаар холбогдож байна вэ?

-Хүүхдийн тусламжийн утсанд хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллээс гадна сурагчид, эцэг эхчүүд холбогдож теле хичээлийн талаар, мэргэжил сонголт, анги дэвших улсын шалгалтын талаар, гэр бүлийн харилцаа, зөрчлийг хэрхэн шийдвэрлэх зэрэг олон асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авч байна. Манайхан урьд нь теле хичээл үзэж байсан дадлага байхгүй шүү дээ. Үүнтэй холбоотойгоор төгсөх ангийн сурагчид, тэдний гэр бүлийнхэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авч байгаа.

-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Ажлын 60 орчим хувь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг.

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд анхан шатанд үйлчилгээ үзүүлж байгаа хамтарсан багийг чадавхжуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог чадавхжуулах зэрэг ажлуудыг явуулж сургалт зохион байгуулж ажиллаж байгаа.

Мөн хүүхэд, гэр бүл, залуучууд руу чиглэж урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сургалт, зөвлөмж мэдээллийн хэлбэрээр явуулдаг. Улсын хэмжээнд залуучуудын хөгжлийг дэмжих 32 төв ажиллаж байна. Тус төвөөр өсвөр үе, залуучуудыг дэмжих, амьдрах ухааны боловсрол олгох, зөвлөгөө мэдээллүүдийг өгөхөөс гадна ажил хөдөлмөрт зуучилдаг.

Гэр бүлийн хөгжлийг дэмжих 14 төв улсын хэмжээнд ажиллаж байна. Энэ төвүүдээр дамжиж гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагааг явуулна. Илүү эрсдэлтэй байж болзошгүй, архины хамааралтай гэр бүл рүү чиглэж хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэхээс өмнө тухайн гэр бүлийн зан үйлийг засах, сайн дурын сургалтад хамруулах ажлуудыг хийдэг.

Бүх шатны боловсролын байгууллага, хүүхдийн зуслан, ордны үйл ажиллагаагаар дамжуулан урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг тасралтгүй явуулж ирсэн.

Үүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг сурталчилж ажиллаж байгаа.Хүчирхийлэл хаалганы цаана далд үйлдэгддэг учраас хүмүүст таньж мэдүүлэх нь чухал. Хүүхэд, өсвөр үеийнхэн рүү чиглэж хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхдийн биед хэн хүрэх ёстой, хүүхдийн биеийн аюулгүй байдал гэж юуг хэлж байгаа тухай мэдээллийг хүргэж хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулиар гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл цахим орчин, олон арга хэмжээ үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг зохицуулсан. Бид эдгээр орчинд үйлдэгдэж байгаа хүчирхийллийг илрүүлэх, хуулийн дагуу аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авсан хүүхдийн 80 гаруй хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хүчирхийлэлд өртөж хохирсон байдаг. Улсын хэмжээнд хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 19 түр хамгаалах байр, 10 нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна. Эдгээр төвүүдийг арга зүйгээр хангах, төвөөр үйлчлүүлсэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн болон нийгмийн ажил үйлчилгээ үзүүлж нийгэмд даан амьдрах чадварт сургахад анхаарч ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, Хүүхэд хамгааллын тухай хуулиар мэдээллийг хүлээн авах, илрүүлэх шалгах үйл явцаас нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих холбон зуучлах, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээний үе шатыг хуульчилсан, энэ дагуу үйлчилгээ төлөвлөгдөж, хэрэгждэг. Гэр бүлийн нөхцөл байдал сайжирсан, эрсдэлийн түвшин буурсан, хүүхдийн аюулгүй байдал хангагдсан гэж үзвэл гэр бүлд нь эргэн нэгтгэдэг. Эргэн нэгтгэсний дараахь хяналт тавих, дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтарсан баг, аймаг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд зохион байгуулж ажилладаг.

Хэрэв эцэг эхийнх нь зан үйл өөрчлөгдөхгүй хүүхдээ удаа дараа хүчирхийлж байгаа нөхцөлд бид хуулийн байгууллагад хандаж эцэг эх байх эрхийг түдгэлзүүлэх гэх мэт ажлууд хуулийн хүрээнд хийгддэг.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмзэг байдаг. сэтгэл зүйн дарамтад байгаа хүүхэд хаана хандахаа ч тэр бүр мэддэггүй шүү дээ.Тэр бүрт хүрч ажиллаж чадаж байна уу?

-Анхан шатанд ажиллаж байгаа хамтарсан баг мэдээлэл зөвлөгөө өгөх, судалгаа тандалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Эрсдэлтэй өрх гэрийг хяналтдаа авах, хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг мэдсэн тохиолдолд яаралтай шуурхай анхан шатны үйлчилгээ үзүүлдэг. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн мэдээллийг хүүхэд өөрөө 108 утсанд хандаж мэдээлэх, гэр бүлийн гишүүд, ангийн багш, хөрш айл, иргэдийн зүгээс мэдээлэл дуудлага өгдөг. Сүүлийн гурван жилд хүүхэд мэдээлэх байдал тасралгүй өсч байгаа.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв 2018 шуурхай үйлчилгээний багтай, автомашинтай болсон. Улаанбаатар хотод хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийн дагуу хүүхэд хамгааллын шуурхай тусламж үйлчилгээг үзүүлж байна. шаардлагатай тохиолдолд Цагдаагийн байгууллага руу дуудлагыг давхар шилжүүлж аюулгүйн зэргийн үнэлгээг нь хийлгэнэ. Шуурхай тусламжийн багийн нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээг хийж хүүхдийг хүчирхийлэлтэй орчноос тусгаарлаж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ рүү холбон зуучилж ажилладаг. Хөдөө орон нутгаас 108 утсанд холбогдоход харьяа аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтэс, цагдаагийн байгууллагаруу дуудлагыг шилжүүлж, холбон зуучилж ажиллаж байна.

-“Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллага”-д байрлаж байгаа иргэд хүчирхийлэлд өртдөг тухай мэдээлэл гарч л байсан. Сая тус төвийн тэргүүн Г.Загдааг баривчиллаа. Тус төвийн ажиллагаанд танай байгууллагаас хяналт тавьж зөвлөмж хүргүүлж байсан уу?

-Бид “Зөв амьдрах ухаан” төвд 2018 дөрөвдүгээр сараас хойш мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч тодорхой шаардлага тавиад ажиллаж байсан. Засаг даргын захирамжийн биелэлтийг хангаж хүүхдүүдийг төрийн байгууллага хяналтдаа аваад үйлчилгээ үзүүлээд явж байна. Хүүхдүүдийг тус төвөөс аваад түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлж байна. Цаашид хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлтэй нь ажиллах гээд ажлын төлөвлөгөө өргөн хүрээнд гаргаад ажиллаж байна. Хүүхдүүдийг богино хугацаанд нөхөн сэргээх, нийгмийн амьдралд бие даах итгэл бий болгох чиглэлээр ажиллана. Мөн боловсролын хувьд хоцрогдсон байсныг нөхөн олгох гээд олон ажлууд төлөвлөж эхлүүлсэн байгаа.

-Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч тэр бүр илчилж хуулийн байгууллагад ханддаггүй шүү дээ. үүний үр дагаврын талаар сэрэмжлүүлэхгүй юү?

Эмэгтэйчүүдэд “Би эргээд дарамтад өртөж магадгүй, дахиад л хүчирхийллийн хохирогч болно, төрийн байгууллага хамгаалж чадах уу” гэсэн эргэлзээ байдаг. Хүүхдээ бодоод тэвчээд явах тохиолдол бий. Зөвхөн нөхрийн зүгээс дарамт үзүүлэхээс гадна нөхрийнх нь ах дүү, хамаарал бүхий этгээдүүдийн зүгээс дарамт ирэхээс айдаг.

Хүчирхийлэл гэдэг далд хэлбэрт байх тусам л даамжирдаг. Магадгүй хэн нэгэн нь амь насаа алдах аюул эрсдэлтэйг бүх насны хүмүүс ойлгох нь чухал.

Иймээс энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагад хандах нь чухал.

Холбогдох мэргэжлийн байгууллагууд хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл давтагдсан, даамжирсан зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол хуулийн хүрээнд шалгах ажлууд хийгддэг.

Гэр бүлийн маргаан, үл ойлголцлоос үүдэлтэй зөрчлийн үед гэр бүлтэй ажиллаж зөвлөгөө, сургалтад хамруулах, зан үйл, харилцаа хандлагыг өөрчлөх чиглэлийн ажлуудыг хийдэг.

Манайд эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж үг байдаг. Эхнэр нь нөхөртөө удаа дараа хүчирхийлүүлээд илчилж чадахгүй тохиолдолд хажуу хөрш нь мэдээлэх, туслах нь чухал байна. Ялангуяа хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдолд иргэн хүн “заавал мэдээлэх” үүргийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн байдаг.

Сүүлийн үед иргэдээс хүчирхийллийн тухай мэдээллийг хуулийн байгууллагад мэдэгдэж тусалж дэмжих хандлага сайжирсан. Үүний үр дүнд далд байсан хүчирхийллийн илрүүлэлт нэмэгдэж байна. Илрүүлэлт сайжрахын хэрээр бид дараа дараагийн учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, үйлчилгээ үзүүлдэг. Иймд иргэн та Хүүхдийн тусламжийн 108 утас, цагдаагийн байгууллагын 102 утас руу, эсвэл хамтарсан багт заавал мэдээлээрэй.

-Та гэр бүлийн хүчирхийллийг бууруулах арга замыг хэрхэн харж байна вэ?

-Хүчирхийллийг зөвхөн архидалттай холбож авч үзэж болохгүй. Тухайн хүний төлөвшил боловсрол, зан үйл, харилцаа сэтгэц эмгэгийн байдал нөлөөлдөг. Мэдээж ажилгүйдэл, эдийн засгийн байдал ч, нийгмийн бусад хүчин зүйл ч нөлөөлж болно.

Суурь шалтгааныг арилгах, хүнийг зөв хүн болгож төлөвшүүлэх ажлыг боловсролын системээр, амьдрах ухааны хөтөлбөрөөр, гэр бүлийн боловсролоор дамжуулан хүүхэд ахуй наснаас нь эхлэн хүргэх нь чухал. Үүнийг боловсролын системээр нь өгөх ёстой гэдийг эрдэмтэд тогтоосон байгаа. Бусад оронд нь ийм жишиг бий.

Бид хүнийг төлөвшүүлэх чиглэлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг боловсролын системээр дамжуулж олгож байна. Цаашид улс орны эдийн засаг сайжраад, ажилгүйдлийн түвшин тодорхой хэмжээнд буурч, хүн рүү чиглэсэн үйлчилгээ илүү сайжирч, нийгэмдээ хүргэх төрийн үйлчилгээний чанар илүү сайжирсан үед хүчирхийлэл гэдэг зүйлийг бодитойгоор бууруулж чадна. Хүнээ хөгжүүлэх механизм илүү сайжирна гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа

Ирэх хаврын тариалалтад зориулан 335.7 мянган га талбайд уринш ...

Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулга хийв. Улсын хэмжээнд тус салбарт төрийн 40, төрийн бус 910 нийт 950 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны статистик мэдээгээр улсын хэмжээнд 17818 спортын цол зэрэгтэй тамирчин, 2565 дасгалжуулагч, багш ажиллаж, 1017 спортын заал, 765 спортын гадаа талбай байгаа нь тоологджээ.

– Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. Тогтоолын хүрээнд үр тариа, тос тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамж үнийг тогтворжуулах зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор шийдвэрлэлээ. Зээлийг нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн хүүгийн 13,5 тэрбум төгрөгийн зөрүүг төсөвт тусгахаар болов.

– Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Үндэсний геологийн албыг байгуулав. Алба нь 6 хэлтэстэй байх ба түүний гадаад нэгж болох Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах хадгалах үйлчлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

БОХХААБХ: Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.15) хуралдаан 14 цаг 25 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбатыг томиллоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр “Хаврын тариалалтын нөхцөл байдалтай танилцах, судлах зорилгоор Байнгын хорооны гишүүд болон дээрх Ажлын хэсгийн гишүүд газар дээр нь ажиллах шаардлага байна. Үр тарианы нөөц, хүрэлцээний талаар анхаарал хандуулах шаардлага бий” гэдэг саналыг гаргаж байв. Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-очир, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталж, хугацааг товлов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.15) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Шүүгчдийн зөвлөлийг 2 жил тутамд ажиллуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгох, нэр дэвшүүлэн томилох журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлагыг тодорхой болгох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгээр нэмсэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгон тусгажээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгажээ. Мөн Шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, шүүхийн төсвийг бууруулахгүй байх, шүүхийн судалгаа, шинжилгээ, сургалтын асуудал хариуцах чиг үүрэг бүхий Судалгаа, сургалтын хүрээлэнтэй холбоотой зохицуулалтуудыг тусгажээ.

Төслөөр шүүгчид тавих болзол шаардлагыг өндөрсгөж, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэйгөөр шүүгчийг шилжүүлэн томилох, албан тушаалаасөө өөрчлөгдсөн шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зохицуулалт, шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах зохицуулалтыг тусгасан болохыг Ц.Нямдорж сайд танилцуулсан юм.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчин улам боловсронгуй болж, улмаар иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрх улам бүр баталгаажна хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах шатны 41 шүүх, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Засгийн газрын гишүүд болон эрдэмтэн, судлаачаас холбогдох саналуудыг авч тусгасан гэлээ. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар хуулийн төслийг үзэл баримтлал, танилцуулгын хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр байршуулсан бөгөөд үүний дагуу ирүүлсэн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 10 гаруй саналыг төсөлд тусгасан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ш.Раднаасэд, Ж.Батзандан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүдийг сонгох, нэр дэвшүүлэн томилох журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлагыг тодорхой болгон тусгасан болохыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны зөвлөх О.Зандраа тайлбарласан. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд шүүхээс сонгох таван гишүүдийг Шүүгчдийн зөвлөлөөс нууцаар санал хураан сонгох, бусад таван гишүүдийн тухайд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос гурвыг, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр нэг хүнийг нээлттэйгээр зохих журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшүүлж томилохоор төсөлд тусгасан гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүдийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүгчдийн зөвлөлөөс сонгон шалгаруулж сонгож, томилохоор, ингэхдээ Шүүгчдийн зөвлөлөөс сонгогдсон 3 шүүгч болон Хууль зүйн байнгын хороо, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс томилогдсон тус бүр 1 гишүүн орон тооны, бусад 5 гишүүд нь орон тооны бус байхаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг орон тооны гишүүдээс нууц санал хураалтаар гишүүд дотроосоо олонхийн саналаар сонгохоор, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь бүрдсэнээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллуулах, бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүд нь шүүгчээр таваас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх, бусад гишүүд нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, улс төрийн намын удирдах албан тушаал сүүлийн 5 жил хашиж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байхаар тус тус тавих шаардлагыг тодорхойлжээ. Мөн тэрбээр Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн сахилгын хорооны талаарх зохицуулалтууд болон шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахтай холбоотой асуултуудад тайлбар мэдээлэл өгсөн.

Гишүүд үргэлжлүүлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлснээр шударга нийгмийг бүрдүүлэх ёстой гэдгийг О.Батнасан гишүүн хэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэдгийг Ш.Раднаасэд гишүүн тэмдэглээд, үүнийг төслөөр нарийвчлан зааж оруулсан байгааг хэлж байв. Эрх зүйт төрийн суурь болох энэ төслийг төгс боловсронгуй хууль болгох замаар олон асуудлыг цэгцлэх боломжтой гээд “Сайн хуулийн зэрэгцээ ёс зүйн асуудал тун чухал” гэдэг байр суурийг Д.Ганболд гишүүн илэрхийлэв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Хуралдаанаар үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, төслийн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 23 өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг бие даасан, хараат бус явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлтээс ангид байх үндэсний тогтолцоог бүрдүүлж, эрх зүйн орчныг тодорхойлсон бөгөөд түүнчлэн Комиссын гишүүдийн тоог 5 болгох, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-д “Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Хууль зүйн байнгын хороо батална” хэмээн заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын төслийг боловсруулсан болохыг Х.Нямбаатар гишүүн танилцууллаа. Төсөлд сонгон шалгаруулалт явуулах үе шат, зарыг нийтэд мэдээлэх, холбогдох ажлын хэсэг байгуулах, нэр дэвших хүсэлт гаргах, оролцогчоор бүртгэх, оролцогчийн талаарх мэдээлэл цуглуулах, томилгооны сонсгол зохион байгуулах, гишүүнийг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан гэв. Мөн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нэр дэвшигч тус бүрийг ажлын хэсгийн гишүүдэд тохиолдлын журмаар хуваарилан, холбогдох бүх мэдээллийг судлуулах бөгөөд мэдээлэлд үндэслэн сонгон шалгаруулалтыг явуулж, ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулах юм байна. Түүнчлэн нэр дэвшигчийн анкетын загварыг тусгайлан боловсруулжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батзандан, Н.Оюундарь, Д.Ганболд, Ц.Нямдорж нар асуулт асууж, хариулт тайлбар авсан юм. Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг УИХ дахь олонхийн болон цөөнхийн бүлгээс санал болгосон нэг, нэг төлөөлөл, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны нэг төлөөлөл, ХЗДХЯ, ШЕЗ, ТАЗ тус бүрээс нэг төлөөлөл, хүний эрхийн чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд 5-аас доошгүй жил идэвхтэй ажиллаж байгаа форум, сүлжээ, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Хуульчдын холбоо тус бүрээс санал болгосон нэг төлөөллийн бүрэлдэхүүнтэй буюу нийт есөн гишүүнтэй Ажлын хэсэг эрхлэн гүйцэтгэх юм байна. Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн тодруулсны дагуу Комисс таван гишүүнтэй байх бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд Комиссын гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байхаар тусгасны дагуу журмын төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэдгийг Х.Нямбаатар гишүүн тайлбарлав. Журмын төсөл дэх Комиссын гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагад “хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэсэн нь “хууль зүйн өндөр мэдлэг, чадвартай, хараат бус, төсвийг сахиж ажиллах чадвар, өндөр ёс зүйтэй” хэмээн тайлбарлагдсан байгааг Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас тайлбарлав.

“Хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэдэг шаардлагаас үүдэн сонгон шалгаруулалтын хүрээ хумигдах учраас “хууль зүйн дээд боловсролтой” гэж өөрчлөх саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэлж байв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар тусгай зохицуулалт тусгаж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг хуульчилсан байдаг тул энэ дагуу “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг тусад нь боловсруулсан. Төсөл дэх зохицуулалтууд холбогдох хуульд нийцсэн гэдгийг Байнгын хорооны дарга болон Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас тайлбарласан. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусган, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний олонх нь “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай”, “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолуудыг тус тус батлахыг дэмжлээ. Ингэснээр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах болон Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлагдав.

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтыг зарлах, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 04.15-05.15-ны өдрөөр тогтоолоо

Эдгээр журам батлагдсантай холбоотойгоор “Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх хугацааг тогтоох тухай” Байнгын хорооны төслийг хэлэлцэж, энэ талаар Х.Нямбаатар гишүүн танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоохоор заажээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан нар үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн сонгон шалгаруулалтыг аль болох богино хугацаанд, хуульд нийцүүлэн зохион байгуулах саналыг гаргасан. Хугацаатай холбоотой зохицуулалтууд холбогдох хуульд тодорхой байгаа талаар Байнгын хорооны дарга тайлбар хэлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжиж, Байнгын хорооны тогтоол батлагдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжүүдэд галын аюулгүй байдлын шалгалт хийж байна

MASS.mn - 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг импортолдог, тээвэрлэдэг байгууллагуудад галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтаар газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг иргэн, аж ахуйн нэгж болон авто тээврийн хэрэгсэлд жижиглэнгээр олгох зориулалттай хөдөлгөөнт шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааны аюулгүй байдлыг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлэн, мэргэжил, аргазүйн заавар зөвлөмжийг хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллана.

Төлөвлөгөөт хяналт шалгалт өнөөдрөөс буюу энэ сарын 15-24-нийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хачгаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Ямар үед хачигт хазуулах эрсдэлтэй вэ?

  • Ой модонд зугаалах, мод бэлтгэх, жимс, эмийн ургамал түүх
  • Ямаа самнах, хонь хяргах, ноос, ноолуур боловсруулах

Хэн эрсдэлд өртөх вэ?

  • Голомтот нутагт аялагч, зорчигч, оюутан залуус
  • Голомтот нутгийн эрсдэлт бүлгийн хүн ам
  • Хөдөө аж ахуй, барилга, геологи хайгуулын, модны аж ахуй эрхлэгчид
  • Эрүүл мэндийн байгууллагын болон цэрэг, онцгой байдлын ажилтнууд
  • Ноос, ноолуурын үйлдвэрт ажиллагсад

No photo description available.No photo description available.

Хэрхэн дархлаажуулалтад хамрагдах вэ?
Харьяа эрүүл мэндийн төвүүд
Халдварт өвчин судлалын үндэсний төв – Сайн дурын дархлаажуулалтын кабинет

Categories
мэдээ нийгэм улс-төр

ЭЗБХ: Д.Баярсайхан: Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон бол үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах, хүү, алданги тооцож болохгүйг хатуу анхааруулсан

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.15) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Хуралдааны эхэнд Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг хэлэлцсэн. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах Үндэсний Ерөнхий Хөтөлбөрийг 2015 ондбайгуулсан бөгөөд энэ хүрээнд 65 сая еврогийн санхүүжилтийг Европын холбооноос олгохоор болсон. Хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар өдгөөгурван төсөл хэрэгжүүлсэн бөгөөд буцалтгүй тусламжийн үлдсэн хэсэг болох 50.8сая орчим еврог төсвийндэмжлэг болон текникийн туслалцаа хэлбэрээр авахаар талууд тохиролцсон гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн тэрбээр, Европын Холбоотой хэрэгжүүлж байгаа хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслөөр үйлчлэх түншлэгч орнуудын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байна. Тус хэлэлцээр нь Европын Холбооны жишиг хэлэлцээр бөгөөд тус холбооноос тусламж олгож буй орнуудтай байгуулдаг. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийнболон бусад татварыг чөлөөлөх явдал гэж байлаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарасуулт асууж, хариулт авсан бөгөөд санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны жилийн тайланг хэлэлцэв

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны жилийн тайланг хэлэлцсэн бөгөөд энэ талаарСанхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт зохицуулалтад үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо хамрагдаж байсан бол Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд шинээр үнэт металл, үнэт чулуугаар арилжаа эрхлэгчдийн салбар нэмэгдснийг дурдаад өнөөдрийн байдлаар2019 онд нийт 2433 хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулж байна гэж байлаа.

Үнэт цаасны салбарт 526 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаагас 306 хувьцаат компани юм.Даатгалын салбарт16 компани байгаа бөгөөд бусад нь энэ салбарт оролцогчид, зуучлагчид байна.Банк бус санхүүгийн салбарт өнөөдрийн байдлаар 519 байгууллага,240 хадгаламж зээлийн хоршоод тус тус үйл ажиллагаа явуулж байна.21 хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Үнэт эдлэлийн салбарт шинээр 1000 гаруй хуулийн этгээд, иргэн, үл хөдлөх хөрөнгийн салбарт 120-150 хуулийн этгээд,аж ахуй нэгжийн зохицуулалт орж ирнэ гэсэн хүлээлттэй байна гэв.

Мөн хөрөнгийн зах зээлийн хувьд хөрөнгийн үнэлгээ2,7 их наядад хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7,2хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Үнэт цаасны салбарт 54 компани үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдлаа.

Түүнчлэн тэрбээр, 2019 онд хөрөнгийн зах зээл дээр шинэ үйлчилгээ бүтээгдэхүүн гарсныг онцлоод “Түмэн шувуут”, “АРД” ББСБ, “Монос хүнс” болон “Инвескор” зэрэг компаниудын IPO гаргаж, олон нийтийн компани болсон. Мөн Хөдөө аж ахуйн биржээр нийт 6 төрлийн бүтээгдэхүүнийг 705.1 тэрбум төгрөгөөр арилжсан дүн мэдээлэл байна. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох зорилгоор 2013 оноос ипотекийн бага хүүтэйгээр орон сууцны зээлийг иргэдэд олгож эхэлсэн. Өнөөгийн байдлаар “МИК ОССК” ХХК-аас 21 тусгай зөвшөөрөлтэй компани үүсгэн байгуулж, нийт 78,703 зээлдэгчийн ипотекийн зээлийг үнэт цаасжуулж 4.1 их наяд төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыгСЗХ бүртгэснийг дурдав.

Мөн үүрэн телефоны оператор болох “Жимобайл” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан нь үл хөдлөх хөрөнгийн зээлээс өөр төрлийн санхүүгийн хэрэгслээр баталгаажсан үнэт цаас гаргасан анхны тохиолдол болсон. Цаашид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотой дүрэм, журмыг шинэчлэх ажлыг хийж байгааг дурдахын зэрэгцээ бондын зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах болсныг Д.Баярсайхан танилцуулгадаа онцолсон.

Тэрбээр, Даатгалын зах зээлийн нийт хөрөнгө 2019 оны байдлаар 10.2 хувиар өсөж, 365.8 тэрбум төгрөгт хүрсэн. Харин даатгалын нийт хураамж өмнөх оноос 11.1 хувиар өсөж 196.6 тэрбум төгрөгт хүрэв. Даатгалын гүнзгийрэлтийн түвшин буюу ДНБ-д эзлэх хураамж 0.56 хувьд хүрээд байгааг дурдахын зэрэгцээ энэ салбарт анхаарал хандуулж ажиллах шаардлагатай нь харагдаж байна. 2019 оны байдлаар хувь хүн, хуулийн этгээдтэй байгуулсан даатгалын гэрээний тоо 1.2 сая хүрсэн байна.Даатгалын салбарт нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүний тоо 11 байна. Харин даатгалын зах зээлээс төлсөн татвар 2019 онд 15,6 хувиар өсөж 3.7 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг дурдлаа.

Тус танилцуулгад, 2019 оны байдлаар нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө 1.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 34.7 хувь өссөн үзүүлэлт юм. Нийт хөрөнгийн 71.3 хувийг буюу 1.2 их наяд төгрөгийг ББСБ-уудын зээлийн үлдэгдэл эзэлж байгааг дурджээ. Тус хорооны зүгээс банк бус байгууллагын дүрмийн санг шатлалтай өсгөх хуулийн төслийг боловсруулаад байгаа аж. Харилцагчдын тоо 2.9 сая болж, өмнөх оноос 1.8 дахин өссөн. Энэхүү өсөлтөд гол нөлөөлсөн хүчин зүйл нь гар утсанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн нь харилцагчдын тоо нэмэгдүүлэхэд хүрчээ. Энэ салбараас нийт 24,1 тэрбум төгрөгийн улсын төсөвт төвлөрүүлсэн гэдгийг танилцуулгад дурдсан.

Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгийн хэмжээ 222.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 11.2 хувийн өсөлтийг үзүүлэхийн зэрэгцээ гишүүдийн тоо 70,968-д хүрсэн. Цаашид Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа онцлов.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны жилийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэлэв.

Гишүүдийн зүгээс Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах талаар баримталж байгаа бодлогыг тодруулахын зэрэгцээ, хөдөө орон нутагт ажиллаж байгаа зарим нэг банк бус байгууллагын хүү хэт өндөр байгаад арга хэмжээ авч байгаа эсэхийг тодруулав. Мөн Монголбанк, Төрийн банканд ажиллагсад банк бус санхүүгийн байгууллагатай байгааг хэрхэн зохицуулах, саарал жагсаалтаас гарах бэлтгэл ажлын хүрээнд хорооны зүгээс ямар ажил хийснийг илүүтэй лавласан. Түүнчлэн гишүүдийн олонх нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн болон хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг хатуу тогтоож мөнгө хүүлэлтийн эсрэг тэмцэх, банк бус санхүүгийн байгууллагын тоог бууруулах,хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илүүтэй илэрхийлж байлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариултдаа, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр банк бус байгууллагын зээл, хүүтэй холбоотой асуудлыг ярьсан. Өнөөдөр бизнес эрхлэгчид орлого багатай байгаагийн зэрэгцээ зээлийн хүү өндөр байгаа талаар маш их ярьж байна. Үүнтэй холбоотойгоор гурван сарын хугацаанд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон бол үндсэн болон зээлийн хүү, төлбөрийг хойшлуулахын зэрэгцээ хүү алданги тооцож болохгүйг хатуу анхааруулсан. Энэ тал дээр ойлголцсон гэж байлаа. Мөн тэрбээр, Саарал жагсаалтаас гарах бэлтгэл ажлын хүрээнд хороонд өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байгааг дурдаад эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжиж байгаагаа тодотгоод, үнэт эдлэл, үнэт металийн арилжаа эрхлэгч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн бүртгэл, зөвшөөрлийн ажиллагааг эхлүүлсэн. Энэ нь үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үнэлгээ авсныг дуулгалаа. Түүнчлэн, Монголбанк, Төрийн банканд ажиллаж байгаа болон ажиллаж байсан этгээдүүд банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгааг бид мэдэж байгаа. Хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр давхар үйл ажиллагаагаа эрхэлж байгаагаа мэдэгдсэн учир хорооны зүгээс хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэж байлаа.

Зээлийн хүүгийн судалгааг улирал болгоноор хийж, зайнаас хяналт тавьж байгааг Ажлын хэсгийн зүгээс тайлбарлаад орон нутагт банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын хүү 7-10 хүрснийг дурдав. Бичил зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь орон нутагт санхүүгийн хүртээмж хомс, зээл олголт бага байгаатай холбоотой. Тиймээс банкны зээлээ төлөхийн тулд иргэд богино хугацаатай, өндөр хүүтэй зээл нэмж авч байгааг судалж тогтоосон. Иймд УИХ-д Санхүүгийн хэрэглэгчийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хуулийн төсөлд мөнгө хүүлэлтийн шинжүүдийг тусгаж, өндөр хүүтэй зээл нь энэ шинжийг агуулсан бол мөнгө хүүлэлт гэж үзэн хориглохоор заасан гэж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.