Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад зай хураагуурыг устгах, дахин боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Б.Энх-Амгалан сайд импортоор орж ирж буй хуучин автомашины 80 орчим хувь нь Япон Улсаас орж ирдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах хэд хэдэн санал байгааг онцлов. Тухайлбал, Япон Улсаас цахилгаан болон хосолмол /hybrid/ хөдөлгүүртэй машин нь импортлогдож буй автомашинуудын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан зай хураагуур байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Иймд эдгээр автомашины зай хураагуурыг устгах, дахин боловсруулах үйлдвэрийг монголд байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүсэв.

Мөн Япон улсад ашиглагдаж байхдаа зам, тээврийн осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, цаашид ашиглах боломжгүйгээр эд ангийн эвдрэл үүссэн автомашинуудыг импортлон, манай улсад дахин засварлаж өндөр үнээр иргэдэд худалдаж байна. Энэхүү зохисгүй байдал нь хүрээгээ тэлж, хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засагт ноцтой хор хохирол учруулж байгааг онцлоод Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Япон Улсын холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллаж, тус улсаас монголруу импортолж буй автомашины түүхийг үнэ төлбөргүй авч, иргэдийг мэдээллээр хангах шаардлага бий болсныг тэмдэглэв.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд манай улсын зам, тээврийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж байгааг онцлоод салбарын хүний нөөцийг чадавхжуулах, Япон Улсад инженер техникийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Кобаяаши Хироюки хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, ЗТХ-ийн сайдын тавьсан саналууд дээр онцгой анхаарч, Засгийн газартаа уламжлан, тодорхой шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа тэмдэглэв.

Монгол, Япон улсын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудал баригдаж, одоогийн байдлаар Япон Улсын тал мененжментийг хэрэгжүүлэх ажлын 51 хувийг гүйцэтгэж байгааг дурдаад энэхүү нисэх буудлыг төлөвлөгөөт хугацаанд нь үйл ажиллагааг эхлүүлэх талаар талууд санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Ж.Амгалан: Иргэд цахим картаар тодорхой маршрутаар ажилдаа явдаг хэлбэрийг судалж байна

Ж.Амгалан: НХЖХА чиг үүргийнхээ дагуу 30 гаруй хуулийн зүйл ...

УОК-ын шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Нийслэлд 1600 орчим олон нийтийн цагдааг ажиллуулахаар хотын захиргаа болон Нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэсэн. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллана. Амны хаалт зүүгээгүй иргэдийг Гамшгаас хамгаалах хууль зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгоно. Хорио цээрийн дэглэмийг сахиулахад олон улсын туршлага буюу цахим үнэмлэхийн хэлбэрт шилжих талаар мөн судалж байгаа. Хэрэв үр дүнтэй байвал иргэд цахим картаар тодорхой маршрутаар ажилдаа явдаг журамд шилжинэ.

Categories
мэдээ нийгэм

Саун, фитнессийн ажиллах түр журамд санал авч УОК-ийн хуралдаанд танилцуулна

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Даваа гараг бүрийн 13:00-14:00 цагийн хооронд “Хотын мэдээллийн цаг”-ийг олон нийтэд хүргэдэг болсон. Энэ мэдээллийн цагаар Хотын дарга нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа бодлого үйл ажиллагааны талаар олон нийтэд танилцуулдаг. Мөн иргэдийн цахимаар асуусан асуултад хариулдаг уламжлал тогтсон. Та бүхэн Хотын даргатай шууд холбогдож мэдээлэл авахыг хүсвэл мэдээллийн цагаар холбогдох боломжтой” гэв.

Мөн хэвлэлийн хурлын үеэр иргэдээс цахимаар асуусан асуултад хариулт өглөө. “Өчигдөр нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдсан. Хуралдаанаар Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу саун, фитнесс, амралтын газрын үйл ажиллагааг ямар журмаар зохицуулах талаар хэлэлцлээ. Хуралдаанаас хоёр, гурван чиглэл гарсан. Юуны өмнө амралтын газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, амрагчдыг маскаа зүүн гараа тогтмол ариутгадаг байх, өрөөний орны тоогоор иргэдийг хүлээж авах гэх зэргийг хэрэгжүүлдэг байхаар шийдэл нь гарч байгаа. Саун, фитнессийн хувьд түр журам гаргаж байж асуудалд хандахгүй бол болохгүй гэсэн байр суурьтай байна. Түр журам дээр санал аваад мэргэжлийн байгууллагууд саналыг нь нэгтгэж, Улсын онцгой комиссийн хуралдаанд танилцуулсаны дараа тодорхой шийдэл гарна гэж ойлгож болно” гэж Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын компаниудад торгууль ногдуулахаас илүүтэй стандартыг мөрдүүлнэ

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан нар өнөөдөр барилгын компаниудын орчны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан хэлэхдээ “Орчны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болохуйц барилгын орчинтой 379 компанид стандартыг хангаж ажиллах чиглэл бүхий албан мэдэгдлийг хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусгавар болох юм. Хэрэв энэ хугацаанд барилгын орчны аюулгүй байдлын стандартыг хангаж ажиллаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагад торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах, нийслэлээс явуулж буй төсөл арга хэмжээнд оролцуулахгүй байх гэх мэт арга хэмжээг авах аж. Мэргэжлийн хяналтын байцаагч, хотын стандартын газрын албан хаагчид нэгдсэн шалгалт хийн ажиллаж байна. Барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох, торгууль ногдуулах гэхээсээ илүүтэй барилгын үйл ажиллагаа, гадна орчинд мөрдөгддөг стандарт шаардлагыг хангуулах, зөвлөмж мэдээллүүдийг газар дээр нь ажиллан, өгч байгаа. Энэ хүрээнд зарим аж ахуйн нэгж барилгын хашаагаа сольж, орчны аюулгүй байдлын стандартыг хангах чиглэлийн дагуу ажиллаж байна” гэлээ.

Мөн Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан “Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах талаар аж ахуйн нэгжүүдийн үүрэг хүлээсэн журмыг баталсан. Энэ дагуу барилгын үйл ажиллагаа явуулж буй компаниуд орчны хог хаягдлаа цэвэрлэх, менежментийн төлөвлөгөөтэйгээр ажиллах ёстой. Төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн ажлуудаа аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэн ажиллах үүрэгтэй. Тиймээс барилгын компаниуд энэ журмын дагуу мэдээ мэдээллийг авч, мөрдөж ажиллах ёстой” хэмээв.

Түүнчлэн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын судалгаагаар барилгын үйл ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмшдэг, стандарт бус хашаатай, хог хаягдал ихээр цугладаг нийслэлийн хэмжээнд нийт 17 байршил байгаа аж. Эдгээр газрыг эзэмшигчдэд Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албатай хамтарч албан мэдэгдэл хүргүүлж, цуцлуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Цуцалсан газрыг нийтийн эзэмшлээр ашиглаж, тоглоомын талбай, авто зогсоол зэргийг хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа

Арвайхээр хотын хэмжээнд нэг СӨХ байхаар шийдвэрлэлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа. Өвөрхангай аймгийн Арвайхээр сум нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан Тарагт сумын нутагт газар олгох болжээ. Мөн Баян-Өлгий Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сум газар олгох зэрэг хүндрэлтэй асуудал үүссэн байна. Иймээс БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дээрх сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулахаар тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлав. Чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

НОБГ-т иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байр хүлээлгэж өглөө

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн Онцгой байдлын газарт иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байрыг хүлээлгэж өглөө.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаатай холбогдуулан ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байрыг шийдвэрлэсэн байна.

Тус явуулын ажлын байр нь компьютер, утасгүй интернэтийн сүлжээ, камер хяналт, цахилгаан үүсгүүрээр тоноглогдсон, шуурхай удирдлагын төвтэй интернэтээр шууд холбогдож, мэдээллийг дамжуулах, зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх боломжтой юм. Мөн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдыг ээлжээр амрах боломжоор хангаж эвхэгддэг ор, халаагуур болон гал тогооны хэрэгслийг байрлуулжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

С.Чинзориг: Сүүлийн хоёр сарын цалингийн дунджаар НДШ төлсөнд тооцож бичилт хийнэ

С.Чинзориг: Төв банкинд байсан “Капитал”-ын хөрөнгөөс татах боломж ...

ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэх, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдийн ажилчдад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. НДШ-ийг нь зургаан сараар тэглэж байгаа ч төлснөөр тооцож дэвтэрт нь бичилт хийгдэнэ.Сүүлийн хоёр сарын цалингийн дунджаар НДШ төлсөнд тооцож бичилт хийнэ. Бидний тооцоолж байгаагаар 600 гаруй мянган иргэн энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар байгаа” гэв.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

АН-ын зөвлөлөөс УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

Д.Эрдэнэбат: Ирэх саруудад хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэлд ...

Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх шаардлагыг УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүллээ. Монгол Улсын бүх салбарын орлого 30 болон түүнээс дээш хувиар буурах төлөвтэй байна хэмээгээд төсөвт тодотгол хийж, эдийн засгийн 7 багц ажил хэрэгжүүлэхийг шаарджээ. Эрүүл мэндийн салбарын зардлын төсвийг тусгайлан баталж, уушиг, амьсгалын өвчинг эмчлэх эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, гадаадад амьдарч буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг олгох эх үүсвэрийг шийдвэрлэх, “COVID-19”-ийн улмаас ажилгүй болсон иргэдэд сар бүр санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй нэгжид гурван хувийн хүүтэй зээл олгох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн ажлыг төрөөс дэмжих, хяналт тавих хэрэгтэй гэдгийг шаардлагад дурдсан байна. Мөн төсөвт тусгасан үр ашиггүй урсгал зардал, хөрөнгө оруулалтыг танахыг шаарджээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

УИХ: Хүнсний ногооны импортын татварыг нэмэх тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж ...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамлыг дотоодоос бүрэн хангах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээр тусгасан. Монгол Улс 2019 онд улсын хэмжээнд 94 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Энэ нь дотоодын хэрэглээний 40 орчим хувийг бүрдүүлж буй үзүүлэлт юм. Үлдсэн хувийг импортоор хангаж байгаа ч баталгаагүй импортын хүнсний ногоо иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.

Тэрбээр, “Хүнсний ногоо тариалалтыг дэмжих зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан. Хүнсний ногооны импортын татвар 10 хувь байгааг 30 хувь, тэжээлийн болон тосны ургамлын үрийг татваргүй байхаар тусгасан. Төслийг баталснаар дотооддоо хүнсний ногоо тариалалтыг дэмжих, хүн амыг чанартай бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ” гэлээ. Тогтоолыг баталсан тохиолдолд энэ оны 8 дугаар сарын 1-нээс хэрэгжих юм. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас эхлэн нийслэлийн хоёр дүүргийн 14 хороонд угаарын хий мэдрэгч тараана

Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ.

Мэдээллийн эхэнд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссын албан даалгавраар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлж ажиллаж байна. Үүний дагуу албан хаагчид сүүлийн гурван хоногт ой хээрийн гурван түймэр гарсныг шуурхай ажиллаж унтраасан. Мөн албан хаагчид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд томоохон гудамж талбайд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, ухуулан сурталчлах ажиллагааг зохион байгуулж байна. Маскаа зүү аяны хүрээнд нийслэлийн барилга байгууламж, орц гарцанд 40 мянган стикер байршуулах ажлыг зохион байгуулсан. Ирэх зургадугаар сарын 10 хүртэл нийслэлийн 59 амуудад 10:00-20:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийг хийж хяналт тавьж, ногоон бүст аялаж зугаалахгүй байх гал түймэр тавихгүй байхад анхаарна” гэв.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийт 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нийлүүлэх ажил хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт 65 мянган угаарын хий хэмжигч төхөөрөмж Улаанбаатар хотод хилээр дамжиж ирсэн бөгөөд халдваргүйжүүлэлтийн ажил явагдсан. Маргаашнаас эхлэн нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 14 хороонд угаарын хий хэмжигч тараана. Гурав хоногийн дотор тарааж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Угаар хэмжигч төхөөрөмжийг иргэдийг олноор цуглуулах буюу бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар тараана” хэмээлээ.