Categories
мэдээ нийгэм

ШУУД: ЭМЯ-наас мэдээллээ хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.17/ хийж байна.

Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

Categories
гадаад мэдээ

Япон улс орон даяар онц байдал зарлалаа

Маргааш Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айлчлал хийнэ

Японы Засгийн газраас коронавирусийн халдвар тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд энэ сарын 16-наас эхлэн орон даяар онц байдал зарлаж байгааг мэдэгдлээ. Онц байдал V сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн Японы иргэн бүрт 100 мянган иенийг олгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, энэ оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Чингис хаан” музейг 15 танхимтай байхаар төлөвлөжээ

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлээр ахлуулсан “Чингис хаан” музейн эрдэмтдийн зөвлөл өнөөдөр хуралдаж Ажлын багийн танилцуулгыг хэлэлцжээ. Хурлаар “Чингис хаан” музей байгуулах ажлыг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг хэлэлцэж баталлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамжаар тус “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулсан юм. Түүнчлэн дээрх хурлаар БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан Соёл урлагийн газар, Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн түүх угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музейн төлөөлөл багтсан Ажлын баг төлөвлөгөөний дагуу хийж буй ажлаа танилцуулав. “Чингис хаан” музей нь нийт 15 танхимтай байхаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 3-4, 5-6 дугаар давхруудын дэглэлтийг гаргасан байна. Музейн 3-4 дүгээр давхарт Эртний улсуудын танхим буюу Хүннү гүрэнтэй холбогдох үзмэрүүд байх бол 5-6 дугаар давхрыг Эзэнт гүрний түүхтэй холбон дэглэх аж.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд “Чингис хаан” музей нь Үндэсний түүхийн музейгээс ялгарах онцлог нь юу байх, “Чингис хаан” гэсэн нэрээ бүх үзмэртэй холбон ажиллах чиглэлд анхаарахыг Ажлын багт зөвлөжээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Рэгдэл “Өнөөдрийн бидний уулзалт “Чингис хаан” музейн гол дэглэлтийг юун дээр зангидах тухай байв. Хүн бүр саналаа хэллээ. Жишээ нь, А.Цанжид гишүүн “Монголын түүх дээр зангидаад явъя” гэж байна. Бид саналаа нэгтгэж зөвлөмж хүргүүлнэ. Ерөнхий сайд “Чингис хаан” музей нь Монголын төрт ёсны түүхийн музей байх юм шүү. Төрт ёсны түүхээ үзээд монгол хүн бахархаж байх ёстой гэж хэлсэн. Тиймээс бид төрт ёсны түүх, дэлхийн хүн төрөлхтний хөгжил дэвшилд монголчууд ямар хувь нэмэр оруулсан юм гэдгийг “Чингис хаан” музейн гол чиг шугам болгох учиртай. Зөвлөлийн гишүүдээс гарсан бас нэг чухал санал бол Чингис хаан гэдэг нэрээ үзмэрийн сан бүрдүүлэхдээ онцгой анхаарахыг хэллээ. “Чингис хаан” музейн барилга бол том биш, зай талбай багатай. Тиймээс орчин үеийн технологи ашиглаж таарна. Виртуаль байдлаар 3D, 5D хэмжээгээр тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдийг бэлдэх, 5 хэлээр тайлбараа хийдэг байх нь хүнд асуудал биш. Бие даан хийхэд амаргүй байж мэдэх тул гадаадын энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах талаар ч манай Ажлын баг зөвлөлдөх нь зүйтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын баярын парадыг хойшлууллаа

Коронавирусний цар тахлын улмаас Ялалтын баярын жагсаалыг хойшлуулж буйг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Аюулгүйн байдлын зөвлөлийн хурлын үеэр мэдэгдлээ.

“Ялалтын баяр, Ялалтын өдөр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Одоо бид амаргүй сонголттой, шуудхан хэлэхэд маш хэцүү сонголттой тулгараад байна. Тавдугаар сарын 9-ний өдөр бол бидний хувьд ариун өдөр, харин хүний амь юунаас ч илүү чухал билээ” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, “Ялалтын баярын жагсаалын бэлтгэлийг яг одооноос эхлэх ёстой. Гэвч цар тахалтай холбоотой эрсдэл маш өндөр хэвээр байгаа бөгөөд тавдугаар сарын 9 гэхэд оргил үе нь өнгөрөхгүй учир парадын болон олон нийтийн бусад арга хэмжээний бэлтгэлийг яг одоо эхлүүлэх эрхийг надад өгөхгүй байна” гэж Путин цохон тэмдэглэжээ. “Тиймээс Батлан хамгаалахын яаманд, хүчний байгууллагуудын дарга нарт, бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад хуваарийг өөрчилж, Улаан талбайд, бүс нутгуудад зохион байгуулах цэргийн парадын бэлтгэлийг хойшлуулахыг үүрэг болгож байна. Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байсан олон нийтийн бүх арга хэмжээг хойшлуулна” гэж тэрбээр хэлсэн байна.

Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан зохион байгуулах бүх арга хэмжээ энэ онд болно гэдгийг цохон тэмдэглэв.

“Өнөөдөр тулгарч буй аюулыг бид даван туулах болно. Тэр үед тавдугаар сарын 9-нд төлөвлөсөн бүх арга хэмжээгээ гарцаагүй зохион байгуулна. Бид үүнийг халуун дулаан, ёслол төгөлдөр хийх болно, мэдээж энэ жил, тэр тусмаа Алдар суу, дурсамжийн жил болгон зарласан 2020 ондоо багтаан зохион байгуулна” гэж тэрбээр онцлон хэллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Засгийн газар өнөөдөр 12 цагаас ээлжит бусаар хуралдана

Засгийн газар өнөөдөр 12.00 цагаас ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар ажил нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөг олгох журмын төслийг хэлэлцэх аж. Мөн Засгийн газар COVID-19 цар тахалтай холбоотой бусад асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХЭҮК-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ

Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удааЯлтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад гэмт хэрэгт холбогдон хорих ял эдэлж буй Монгол Улсын иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг эх оронд нь шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь олон улсын хэлэлцээр тул Улсын Их Хурлаар соёрхон баталснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болно.

2018 оны байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад гэмт хэргийн улмаас ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй. Харин Вьетнам Улсын хоёр /2/ иргэн Монгол Улсад ял эдэлж байна.

Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа тул шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын тоо 41.4 хувиар буурчээ

Он гарсаар нийслэлийн хэмжээнд нэгдүгээр улирлын байдлаар нийт 516 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын 465 буюу 90.1 хувийг ахуйн гал түймэр, 51 буюу 9.9 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага эзэлжээ. Нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид 324 хүний амь нас, 8 319 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

3.Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал;

4.Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал;

5.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

6.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

8.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогт: Төрд ажил хийх гэж очдог зам байхаас биш, ашиг хонжоо хайгчид зүглэх жим ч байхгүй болсон

-ЮУН ТҮРҮҮНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛАХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА-

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа.


-Ерөнхийлөгч ирэх УИХ-ын сонгуулийг хойшлуулах, хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх зэрэг уриалга гаргасан. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр цар тахлын улмаас дэлхий нийтээрээ тун эрсдэлтэй байдалд байгаа нь үнэн. Манай улсын тухайд Засгийн газар хэрэгтэй цагт нь урьтаж шуурхай арга хэмжээ авсан. Мэдрэмжтэй сайн ажиллаж байгааг ч ДЭМБ, бусад улс орнууд ч хүлээн зөвшөөрч байна. Том гүрнүүд барьц алдан сандарч байхад бид урьдчилан сэргийлэх тал дээр ямар ч байсан урд нь явна. Яг өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэвэл УИХ-ын сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага ха-раахан харагдахгүй байна. Ерөнхийлөгч сонгууль хойшлуулах талаар уриалга гаргасан ч эцсийн шийдвэр гаргах эрх УИХ-д бий. Гэлээ гээд тайвширч болохгүй. Өчигдөр гэхэд ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Зөөвөрлөгдөж орж ирсэн халдварын тохиолдол нийтдээ 30 болчихлоо. Тиймээс өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ үр дүн, өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж буй эрүүл мэнд, онцгой байдлын алба хаагчдынхаа энэ их сэтгэл зүтгэлийг талаар болгочихгүйн тулд, үндэсний аюулгүй байдлаа эрсдэлд оруулахгүйн тулд тусгаарлалтад байгаа хүмүүс ч, нийт иргэд ч маш хариуцлагатай байх ёстой. “Үхрийн сүүлэн дээр хутга хугарав” гэдэг шиг зүйл болгож болохгүй. Эрсдэлийг элэг бүтэн давах нь хамгаас чухал.

-УИХ-ын ээлжит сонгуулийг МАН-ын бүлэг хойшлуулахгүй байхаар шийдсэн. МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийг дахин нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр одоогийн гишүүдийн тал нь нэр дэвших эрхгүй болж байгаа юм биш үү?

-Цар тахлын нөхцөл байдлыг одоогийнх шиг хянаж чадаж байгаа нөхцөлд УИХ-ын ээлжит сонгуулийг товлосон хугацаандаа хийх нь зүйтэй гэдэг дээр манай бүлгийн гишүүд санал нэгдсэн.

Хэрэв сонгууль хойшлуулах юм бол сөрөг хүчний нөхдүүд сандал суудалтайгаа зууралдлаа, хугацаагаа сунгалаа гээд л шүүмжлээд унах байлгүй. Нэр дэвшигчдэд тавих шалгуурын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ хэрвээ ЖДҮ-тэй холбоотой асуудал байгаа бол мухарла, асуудалгүй гэдгийг нь хуулийн байгууллага эцэслэн тогтоовол сонгогдох эрхийг нь хүндэтгэж үзнэ ээ л гэсэн. ЖДҮ-тэй холбоотой нэг зүйл хэлэхэд ЖДҮ-ээс зээл авсан, ЖДҮ-г дэмжсэн гэдэг огт өөр хоёр тусдаа асуудал. Нэг нь бол өөрийн хамаарал бүхий компанидаа эрх мэдэл, албан тушаалдаа дулдуйдан ЖДҮ-ээс зээл авсан хууль бус явдал, нөгөө нь зохих шаардлага хангасан жинхэнэ ЖДҮ-д зээл олгоход төрд ард түмнийг төлөөлөн суугаа гишүүний хувьд холбогдох хууль журмын дагуу дэмжлэг үзүүлээч гэсэн албан ёсны хүсэлт тавьсан асуудал гэдгийг ялгаж салгах ёстой.

-Танай нам нэр дэвшигчдэдээ ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Хамгийн гол нь Улсын Их Хурлын гишүүн төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллаж чадсан эсэх нь гол шалгуур шүү дээ. Шинээр нэр дэвших хүмүүсийн тухайд бол мэдээж мэдлэг боловсрол, олон нийтэд танигдсан байдал, улс орныхоо төлөө гэсэн чин сэтгэл тун чухал. УИХ гэдэг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага. Тийм ч учраас ҮХНӨ-өөр “Давхар дээл” мөрөөдөж гишүүн болохоор улайрдаг, УИХ нь Засгийн газартай цус ойртдог гажуудлыг зассан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн л Засгийн газарт орж ажиллах боломжтой. Хоёрдугаарт, сайд нарыг томилж огцруулах хэтийдсэн эрх мэдлээс гишүүдийг салгасан. Өөрийн бүлэглэл фракцын хүнээ сайдад зүтгүүлдэг, Засгийн газрын гишүүнийг томилох огцруулах асуудлаар барьцаалан далимдуулж томилгоонд хутгалддаг, төрийн албыг төрлийн алба болгодог бусармаг зүйл төгсгөл болсон шүү гэдгийг улс төрд шунан дурлагсад ойлгох хэрэгтэй. Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлж, танхимынхаа сайд нарт өөрөө хариуцлага тооцох бүрэн эрх мэдлийг нь өгсөн. Гуравдугаарт, гишүүд төсвийн зардал дураараа нэмдэг асуудлыг хазаарласан. Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг танигдахгүй болтол өөрчилж үрэлгэн ханддаг байдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэг мөр хааж өгсөн. Өөрөөр хэлбэл, төсвийн төслийн хүрээнд л зохицуулалт хийхээс биш зардал нэмдэг замбараагүй байдал дуусгавар болсон. Дөрөвдүгээрт, популизм хийж дур дураараа хууль санаачилдаг, шөнө зүүдэлснээ өглөө нь хууль болгох гэж зүтгүүлдэг явдалд цэг тавьсан. Товчхондоо бол гишүүдийн томилгооны, санхүүгийн, дур зоргын эрх мэдлийг хасаж, үүргийг нь нэмж үүрүүлсэн. УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих монгол төрийн хоймор болохоос биш хийрхсэн хэрэлдсэн хүмүүсийн индэр биш. Төрд ажил хийх гэж очдог зам байхаас биш, ашиг хонжоо хайгчид зүглэх жим ч байхгүй болсон гэдгийг хэлчихье.

-ҮХНӨ ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Засгийн газартай холбоотой заалтууд хуульчдын дунд маргаантай байна. Засгийн газар 25-наас хойш эрх зүйн чадамжгүй болох уу?

-Энэ асуудлаар би олон удаа байр сууриа илэрхийлсэн. Дахиад хэлье. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын тухай, Засгийн газрын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай гээд 10 гаруй томоохон хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Түрүүчийг нь хэлэлцэж эхлээд байна. ҮХНӨ-ийн мөчир салаа болсон эдгээр хуулиудыг хэлэлцэн батлах ёстой. Тэр болтол өмнөх хуулиуд хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн зохицуулалт байгаа болохоор Засгийн газар огцрох ч юмуу, засаг төр эзэнгүйдэх завсар гарахгүй. Ганцхан жишээ хэлэхэд 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг. Тэгсэн хэрнээ анхны Ерөнхийлөгч 1993 оны зургадугаар сард тангараг өргөж байсан шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдаж өөрчлөгдөх бусад хууль нь батлагдаагүй байхад түүгээр шалтаглан муйхарлаж төр бужигнуулах эрх хэнбугайд ч байхгүй. Зарим нэг хүн зүгээр судлаачийн, богино зайн улс төр хийж оноо авах гэсэн улстөрчийн байр сууринаас туйлшраад байгаагаас өөр юмгүй. Зүйрлүүлж хэлбэл, бид гэрээ барьчихсан юм чинь одоо галаа түлнэ ээ гээд зуух яндангаа тавиагүй байж утаа май тавиад сууж болохгүй биз дээ.

-Сая та гишүүдтэй хамтарч Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногт хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийн ач холбогдол нь юу юм бэ?

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол бас л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж батлагдах ёстой чухал хуулийн нэг. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогыг урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлнэ гээд тов тодорхой заачихсан. Өөрөөр хэлбэл, аль ордоо хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээ ард түмнээсээ асууж, басхүү хөгжлийн бодлогодоо тусгаж байж дэс дараатай шийднэ. Алийг нь өнөөдөр ашиглах вэ алийг нь үр хойчдоо үлдээх вэ түүнээс олсон ашиг орлогыг хэрхэн яаж тэгш хуваарилах вэ гэдэг тун чухал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан өөр нэг чухал заалт бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, үндсэн чиглэл гээд бүгд хөгжлийн бодлогод тулгуурлах ёстой гэдгийг Үндсэн хуулиндаа хуульчилсан. Ингэхгүй бол өмнө нь төрийн бодлого ердөө дөрвөн жилийн настай байдаг эмгэг ужгирсан. Харин одоо ҮХНӨ болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой, залгамж чанартай болно. Түүгээр ч зогсохгүй хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоо бүрдэнэ. Мөн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд харилцан уялдаатай байна гэсэн үг. Түүний зэрэгцээ үрэлгэн зардал хэмнэгдэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг сайжрах гээд олон талын ач холбогдол байна. Бодлоготой хөгжиж, алсын хараатай урагшлах тэр цаг хаяанд ирсэн байна гэж дүгнэж болно.

-Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах гэж байна. Ямар зохицуулалтууд орж байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (СОVID-19)-ын эрсдэлийг бууруулах чиглэлээр бид улс орныхоо эдийн засгийн чадавх, нөөц боломждоо таарсан арга хэмжээг нэн даруй авах нь зөв. Тэргүүн ээлжинд хүн амынхаа амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх нь маш чухал. Түүний зэрэгцээ ажлын байрыг нь хадгалах, амьжиргааг нь дэмжих чиглэлд анхаарч байна. Энэ хүрээнд хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх арга хэмжээ ч багтаж байгаа. Товчхондоо бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлсон. Үүний нэг нь шатахууны үнийг литр тутамд 300 төгрөгөөр бууруулж байгаа явдал. Шатахууны үнийн өсөлт бууралт өрх гэрийн амьдралд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг. Тийм учраас цаашид дахиад ч бууруулах шаардлага харагдаж байна. Ингэхдээ алслагдсан бүсэд шатахууны үнийг ахиу хямдруулж хоттой адилхан болгох ёстой. Ингэх нь иргэдийнхээ, ААН-үүдийнхээ ачааг хөнгөлнө.

-Цар тахалтай холбоотойгоор нийгмийн амьдралыг хэрхэн зохицуулахаар хуульчилж байгаа бол?

-Монголчууд бид энэ цаг үед хэчнээн дэг журамтай, сахилга баттай байж чадна төдий чинээгээр эрсдэлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа хамгаална. Заавал хатуу хуульчлахгүйгээр өөрсдийн ухамсар сэтгэхүй, үүрэг хариуцлагын хүрээнд хийж чадах зүйл их бий. Тэгэхээр нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, хаа хаанаа сэрэмжтэй байж, Улсын Онцгой Комисс, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг чанд сахих нь зүйтэй болов уу.

-Банкны үйл ажиллагаа, зээл зэрэг нь цар тахлын үед хөнгөлөлттэй байдлаар үйлчилнэ гэсэн үг үү?

-Юун түрүүнд ипотекийн зээлийг тодорхой хугацаагаар хойшлуулах асуудал яригдаж байна. Арилжааны банкууд ч зээлдэгчдийнхээ хүсэлтийг хүлээн авч зээлийн төлөлтийг нь хойшлуулах талаар тодорхой санаачилга гаргаад эхэлсэн байна лээ. Нийгмийн хариуцлага гэдэг зүйл жинхэнэ утгаараа үйлчлэх тийм л онцгой цаг үе иржээ гэж бодож байна. Мэдээж хэрэг төр засаг тодорхой шийдвэрүүдийг гаргаж, иргэд , ААН-үүдийнхээ ачааг хувааж үүрэх нь зайлшгүй. Түүний хажуугаар банкны салбарынхан, түрээслүүлэгчид, хувь иргэд маань тус бүртээ даах даахаараа бусдынхаа ачаанаас үүрэлцэж, эрсдэлийг хамтдаа хохирол багатай даван туулах, эдийн засгаа аврах ёстой цаг үе ирсэн байна. Заавал хатуу хуульчилж байж хөл хорионд ордог, маскаа зүүдэг байж таарахгүй л дээ. Гэхдээ Цар тахлын эсрэг нэг удаа үйлчлэх хуулийг батлах шаардлага байхыг үгүйсгэхгүй. Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Цар тахлын эсрэг хуулийн төсөл боловсруулж байгаа.

-Энэ хууль нь хэдий хүртэл үргэлжилнэ гэсэн үг вэ?

-Өнөөдөр энэ цар тахал хэдий хугацаанд үргэлжлэхийг таашгүй. Азид халдварын тархалт харьцангуй намжиж байгаа ч Хойд Америк, Европ, Ойрхи Дорнод, мөн манай хойд хөршид байдал тун амаргүй байна. Тэгэхээр бид ямар ч эрсдэл нүүрлэсэн бэлэн байдалд байх ёстой болж байна. Түүний тулд ямар тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэг онцгой нөхцөл байдлын төлөвлөгөө, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх зохион байгуулалтад эрт орох ёстой. Мэдээж хэрэг нэг удаа үйлчлэх хууль баталбал энэ ярвигтай хэцүү нөхцөл байдал арилах хүртэл үйлчилж таарна байх. Юун түрүүнд шинжилгээ хийх, халдварын сэжигтэй хүмүүсийг тусгаарлалтад авах багтаамжаа нэмэгдүүлэх, амьсгалын аппарат, сэхээн амьдруулах тасгийн тоог дахиад ч нэмэх бодит шаардлага байх шиг.

-УИХ-ын дарга Өршөөлийн хуулийг “…цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна” гэж байсан. Тэгэхээр Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг үү?

-Хөнгөн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа юм билээ. Гэхдээ үүний зэрэгцээ цар тахлын үед хорих ангид ял эдэлж буй иргэдийг эрсдэлээс яаж хамгаалах вэ гэдэг асуудалд эхлээд анхаарах ёстой. Санамсар болгоомжгүй, гэнэн харалган байдлаас болж хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдож хуулийн цээрлэл хүлээсэн иргэдээ төр нэг удаа өршөөхөд буруудах юм байхгүй. Харин энэ өршөөлд авлига албан тушаалын гэмт хэрэгтэн, аль эсхүл хүний амь нас хохироосон, хүчиндэх, танхайрах, залилах, дээрэмдэх хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд хэрхэвч хамрагдаж таарахгүй.