Categories
мэдээ цаг-үе

Б.Хашчулуун: Монголд байхгүй уушгины ЭКМО аппарат Солонгост 1600 гаруй байдаг

БНСУ-д ажиллаж буй Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмч АУ-ны доктор Б.Хашчулуунтай ярилцлаа.


-Саяхан та цахим хуудсандаа Солонгос руу үйлдсэн эхний чартер нислэгийн талаар шүүмжлэлтэй хандсан байсан.Тус нислэгээс хоёр ч хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.Харин та тэр хүмүүсийг шинжилгээнд хамруулж болох байсан талаар бичсэн байсан.Боломж байсан уу?

-Дэлхий даяар тархаж буй цар тахал болох “COVID-19” өвчлөлийн үед Монгол Улс гадаадад суугаа монгол иргэдийн эх орондоо буцах хүсэлтийн дагуу ард иргэдээ хүнд байдалд удаан байлгахгүйн тулд татах ажиллагааг маш түргэн шуурхай хийсэн нь мэдээж талархууштай. Эхний яаралтай чартер нислэгийн хувьд урьдчилан сэргийлэх бэлтгэл ажиллагаан дээр дутагдалтай байж хоёр хүн дээр “COVID-19” халдвар илэрсэн нь ихэд харамсалтай явдал болсон.Мэдээж анхны чартер нислэгийн бүртгэлдээ “COVID-19” халдварын шинжилгээг өгсөн байх шаардлагыг ард иргэддээ тавьсан бол магадгүй өвчин тархалтын тоо нэмэгдэхгүй байх боломж байсан гэж миний өөрийн хувьд бодож дүгнэсний дагуу сошиалаар илэрхийлсэн юм л даа.Анх бол Солонгост шинжилгээ, эмчилгээ үнэгүй байсан. Тиймээс иргэдээ шинжилгээнд хамруулах хүсэлт бүхий бичиг баримт л хавсаргачихад болох байсан.Одоо харин чартер нислэгээр авах иргэдээ шинжилгээнд хамруулж байгаа юм билээ.

-Өмнөд Солонгост “Covid-19” халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ.Таны хувьд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа учраас бодит байдлыг харж байгаа болов уу?

-Дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар БНСУ-д нийт 10,156 хүнд халдвар илэрч, эмчлэгдсэн хүний тоо 5828, нас баралтын тоо 177 байгаа. Үүнээс дүгнэхэд нийт халдвар авсан иргэдээс эдгэсэн хүний тоог харьцуулж харахад эдгэрэлт нь 58 хувьтай байгаа нь БНСУ-ын эрүүл мэндийн систем, техник технологи, эмч мэргэжилтнүүдийн чадварын түвшинг харуулж байгаа.Одоогийн байдлаар ид дэлгэрч байх үетэй харьцуулахад тогтвортой түвшинд буурч байгаа.

-Та одоо хийж буй ажлынхаа талаар танилцуулахгүй юу.Таны ажилладаг эмнэлэг Солонгостоо хэр томд тооцогддог вэ?

-БНСУ-ын эмнэлгийн тогтолцоо нь гурван шатлалтай байдаг. Нэгдүгээр шатлалын эмнэлэгт анхан шатны үзлэг оношилгоо үзүүлдэг, манайхаар бол өрхийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийг хамруулсан байдаг. Хоёрдугаар шатлалын эмнэлэгт нэг төрлийн үйлчилгээг үзүүлдэг(гоо сайхан, үр шилжүүлэн суулгах гэх мэт хувийн эмнэлгүүд). Гуравдугаар шатлалын эмнэлэгт хувийн болон улсын харьяа их дээд сургуулийн эмнэлгүүд ордог.Энэ нь сургалт, судалгаа, бүх төрлийн хагалгаа хэвтэн эмчлүүлэх бүгд багтсан 1000-гаас дээш бүх эмнэлгүүд хамрагддаг.Миний хувьд одоо Гванжу хотын Чосуны Их сургуулийн эмнэлэг Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын тасагт мэргэжил дээшлүүлэх эмчээр ажиллаж байна.

-Таны нэг өдрийн ажлын хуваарийг сонирхож болох уу?

-Нэг өдрийн эхлэл маань өглөөний 6:30-аас эхэлдэг. Өмнөх өдрийн хагалгаа хийлгэсэн үйлчлүүлэгч нарын биеийн байдлыг шалгаж, ар гэрийнхэнд нь мэдэгдэх ажлаар эхэлнэ.Түүний дараагаар тухайн өдрийнхөө төлөвлөгдөж буй үйлчлүүлэгч нарын урьдчилсан үзлэг бэлтгэл хийж хагалгаандаа бэлдэж хагалгааг эхлүүлдэг.Нэг өдөртөө дунджаар зүрх судас, цээжний хөндийн хагалгаа 4-5 орчим хийгддэг.Бүх хагалгаа дуусгасны дараагаар эмч нарын нэгдсэн оройн үзлэг хийнэ.Оройн цагаар өөрийн судалгааны ажил дээр түлхүү ажилладаг.

-Та Монголоос анх удаа Азийн зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх сургалтад тэнцсэн эмч юм байна.Энэ сургалтад хэрхэн тэнцэж байв?

-Азийн зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг гэж бий. Тэднийх жил бүр нэг эмчийг сонгон шалгаруулалтаар авч нарийн мэргэшүүлдэг.Энэ эрхийг авахын тулд Азийн хэмжээнд өрсөлдөөн явагддаг.Харин тэдэн дундаас ялгарах чадвартай байх нь чухал.Миний хувьд солонгос, англи хэлний мэдлэг болон идэвхтэй байдал маань давуу тал болсон гэж боддог.Өөрийгөө зөв илэрхийлэх хэрэгтэй.Намайг яагаад сонгох ёстой вэ, энэ нийгэмлэгт орж мэс засалчаар ажиллахад юу хийж чадахаа бүрэн, зөв илэрхийлэх хэрэгтэй.Өнөө үед дипломын дүн тийм ч чухал биш.Харин яагаад чамайг сонгох ёстой вэ, багаар ажиллаж чаддаг уу, намайг сонголоо гэхэд улс орондоо хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл гэх мэт зүйлсийг л чухалчилдаг.

-Дээрх сургалтад сууснаар ямар боломж нээгддэг вэ?

-Энэхүү сургалтад сууснаар Азийн хэмжээний томоохон эмнэлгүүдэд очиж ажиллах бүрэн боломж нээгддэг. Миний хувьд Сөүлийн их сургуульд очиж ажилласан.Хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Бунданг, Москвагийн Нэгдүгээр Төв эмнэлэг, Сингапурын “Heart Center” мөн Энэтхэгийн эмнэлгүүдэд богино хугацаагаар очиж ажиллаж өөрийн хийсэн судалгаагаар илтгэл тавьж байсан. Мөн Японы “Tokyo Medical Univer­sity hospital”, “The University of Tokyo Hospital”, “National can­cer center” гээд Японы гурван том эмнэлгийн Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмнэлэгт сар гаруйн хугацаатай ажилласан. Өнгөрсөн жил цээжний хөндий, уушги, улаан хоолойн хавдар, голтын хавдар, цээжний хөндийн дурангийн мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн.Ингэхдээ 4-5 орноор явж судалгаа хийж, хагалгаанд оролцож, профессор, эмч нартай нь уулзаж туршлага судалдаг.

-Та дунд сургуулиа Солонгост сурсан атлаа их сургуулиа эх орондоо дүүргэсэн байх юм. Хаана төрж өссөн, мөн хаана мэргэжил эзэмшсэн гээд өөрийгөө тодорхой танилцуулахгүй юу?

-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Хүүхэд нас маань УБ хотын III,IV хороололд өнгөрсөн. Бүрэн дунд сургуулийн боловсролыг БНСУ-ын Сөүл хотын “Тэшин” сургуульд эзэмшсэн. Түүний дараагаар эмч болох, тэр дундаа зүрхний мэс заслын эмч болохыг хүсдэг байсан учраас Монголд “Ач” анагаах ухааны их сургуулийг дүүргэж, АШУҮИС-ийн ерөнхий мэс заслын резидентийг дүүргэж доктор болон нарийн мэргэжлээ БНСУ-д эзэмшсэн.

-Монголд ажиллаж байсан уу.Азийн олон оронд ажилласан байсан.Тухайн орнуудын эрүүл мэндийн тогтолцооны талаар?

-Монголд Улаанбаатар Сонгдо эмнэлэгт ажиллаж байсан. Азийн орнуудаар очиж ажиллаж байхад эмч нарын ажиллах орчин, эмийн чанар, эрүүл мэндийн даатгалын систем ихээхэн сонирхол татаж байсан.Тухайн орны хөгжлөөс шалтгаалан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хамаарч байдаг.Европын орнуудтай харьцуулахад Азийн орнуудын дундаж наслалт өндөр, хүн амын тоо ихтэй учир эрүүл мэндийн даатгалын төлбөрийг урт хугацаагаар төлж, эмчлэгч болон эмчлүүлэгчийн харилцан үйлчилгээний чанарыг төрөөс зөв зохицуулалт хийж өгсөн байдаг. Жишээ нь, эрүүл мэндийн даатгалаас эмнэлгийн үйлчилгээг авахад нийт төлбөрийн 70-80 хувь нь төлөгдөнө. Мөн хувь хүн өөрөө хувийн даатгалд хамрагдсан тохиолдолд нэг хүн эмнэлэгт хэвтээд гарахад бараг л орлоготой болоод гардаг. Ингэснээр бүх эмнэлэгт даатгал үйлчилж үйлчлүүлэгч аль эмнэлэгт, хаана, ямар эм сонгохоо өөрөө сонгох боломжтой болдог.Үүнийгээ дагаад эмнэлгүүдийн хооронд менежмэнтийн өрсөлдөөн болж үйлчлүүлэгчдэд илүү тав тухтай, дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн төлөө өрсөлдөж, үүнийгээ дагаад анагаахын шинжлэх ухааны салбар хөгжихөд нөлөөлөх томоохон хүчин зүйл болно.

-Зүрх судасны өвчлөл Монголд өндөр үзүүлэлттэй байдаг.Манайх эмчилгээ болоод техник технологийн хөгжлийн хувьд хэр түвшинд яваа гэж боддог вэ?

-Зүрх судасны өвчлөл нь зөвхөн Монголд гэхгүйгээр хүн төрөлхтөн хотжисонтой холбогдсон хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, таргалалт, сахарын өвчин, стресс зэрэг хүчин зүйлүүд нь зүрх судасны өвчлөлийг дэлхий нийтэд нэгдүгээр байрнаас буух боломжийг олгохгүй байгаа юм. Манай эмч нарын хувьд Олон улсын эмч нарын адил стандартад нийцсэн ном сурах бичгийг яг л адилхан үзэж байна.Харин хэрэглэгдэж буй эм, техник технологийн хувь хоцрогдолтой байгаа нь үнэн.Өөрөөр хэлбэл, адил зам дээр шинэ машинтай явах, хуучин машинтай давхих хоёрын ялгаа ямар билээ. Тийм л байна.

-Коронавирустэй холбоотойгоор манай улс уушги орлуулах аппарат анх удаа авахаар болсон.Солонгост энэ төрлийн аппарат түгээмэл байдаг уу?

-Энэхүү аппарат сэхээнд байгаа уушги болон зүрх судасны хүнд өвчтэй хүнд хэрэглэгддэг ЭКМО гэдэг аппарат юм. Коронавирусийн хувьд амьсгалын хурц дутагдалд оруулдаг учир хууч болон уушгины өвчлөлтэй хүмүүс маш хурдан эндэж байгаа.Энэ үед уушги орлуулах аппарат буюу ЭКМО-г заалтын дагуу ашигладаг.Одоогоор миний ажиллаж байгаа эмнэлэгт коронавирустэй дөрвөн хүнд энэхүү аппаратыг хэрэглээд гурав нь бүрэн эдгэрч, нэг хүнд эмчилгээ явагдаж байгаа.Солонгост 1600орчим аппарат эмчилгээнд хэрэглэгдэж байгаа. ЭКМО аппаратыг ХӨСҮТ-д амьсгалын дутагдалтай хүнд хэрэгтэй, ер нь бол Монгол Улс даяараа олон хэрэгтэй. Ялангуяа Улсын Гуравдугаартөв эмнэлэгт зүрх судасны төв байгаа учраас хэд хэдэн аппараттай болгох хэрэгтэй болов уу.

-Аппаратыг ажиллуулахын тулд заавал сургалтад хамрагдах шаардлагатай байдаг уу?

-ЭКМО аппарат нь түрүүний хэлсэнчлэн зүрх судас, амьсгалыг бүрэн орлодог аппарат ба хүний бие дэх цусыг аван хүчилтөрөгчжүүлэн биеийн хэмд, зүрхний цохилтын хэмд тааруулан эд эсийн эвдрэл гэмтэлгүйгээр үйлчлүүлэгчийн эд эрхтэнд хүчилтөрөгч, бодисын солилцоог хүргэх аппарат юм.Иймд зүрхний мэс засалд оролцдог зохиомол эргэлтийн эмч зайлшгүй шаардлагатай.Монголд бол энэ талын мэргэжлийн эмч нар бий.

-Та докторын судалгааныхаа талаар товч танилцуулаач. Олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн гэсэн?

-Хавдрын олон төрлийн маркерууд дундаас СЕА гэдэг хортой хавдрын үед ихэсдэг хавдрын маркерын талаарх судалгаа юм. Энэ нь уушгины хавдарт хэрхэн нөлөөлж байгаа, хавдрын аль үе шатанд нь ихсэхтэй холбож эмчилгээний протоколын үр дүнг сайжруулах зорилготой гэж ойлгож болно.Сөүлийн их сургуулийн “Бунданг” эмнэлгийн профессортой хамтарч хийгдсэн судалгаа маань “PUBMED” Америкийн олон улсын сэтгүүлд хэвлэгдэж докторын зэргээ хамгаалсан.

-Таны хэтийн зорилго?

-Ер нь эмч хүн бүрийн зорилго бол үндсэн нэг чиглэлтэй байдаг болов уу. Үйлчлүүлэгчдэдээ дэвшилтэт аргаар, өвдөлт зовиургүй, үр дүнтэй үйлчилгээг үзүүлэхийн төлөө байдаг байх гэж би хувьдаа боддог.Үүнийхээ төлөө зорилго тавин гадаадын орнуудад доктороо хамгаалан, зүрх судас, цээжний мэс заслыг хичээнгүйлэн суралцаж байна. Үүнд цээжний хөндийн дурангийн мэс заслыг шаргуу суралцан өөрийн ажиллаж байгаа Чосуны их сургуулийн эмнэлэгт “Single Port” буюу 1.5см жижиг зүслэгээр уушгийг тайрах мэс заслыг анх удаа энэ жил 100 гаруйг хийлээ. Зүрхний мэс заслын том зүслэгээр хийгддэг хагалгааг суралцсан ч цаашдаа зүрхний мэс заслын жижиг зүслэгээр хийгдэх хагалгаануудыг илүү түлхүү суралцъя гэсэн зорилготой байгаа.

-Монголдоо очиж ажиллах бодол бий юү?

-Ирэх жилийн эхний хагаст Монголдоо очих бодолтой байна.


Categories
мэдээ цаг-үе

Хатан хааны гэр бүлийн түүхийг өнгөц сонирхохуй

Их Британи бол хаант засаглалтай цөөхөн улсуудын нэг бөлгөө. Хэдийгээр Ерөнхий сайд болон парламент нь улсынхаа улс төр эдийн засгийн чухал асуудлуудыг шийдээд явдаг, хатан хааны гэр бүл бэлгэдлийн чанартай хэсэг ч гэлээ чухам л энэ гэр бүлийг тойрсон хэл ам, цуу яриа, хов жив дэлхийн хэвлэлүүдээс салдаггүй. Өнөө цагийн хүмүүс Английг дандаа л хатан хаантай байсан мэт ойлгохоор болтол Елизавета II хаан сэнтийд заларсан байх юм. Арга ч үгүй байх, уг эрхэмсэг хатагтай нэгэн жарны туршид хаан суудалд энх мөнх заларч буй тул. Уг нь түүний эцэг Георг VI сэрүүн тунгалаг ахуйд Их Британи улс хатан хаантай бус хаантай байсан юм шүү дээ. Британийн эзэнт гүрний сүүлчийн хаан Георг VI 1952 он хүртэл засаглахдаа Энэтхэгийн, Австралийн, Шинэ Зеландын, Ирландын гээд эрт дээр үед колоничилсон улсуудынхаа тэргүүн байж дэлхийн хоёрдугаар дайны хүнд үеүдэд улс орноо зөв залуурдан эцэстэй эзэнт гүрэн бутрахад Үндэсний нэгдлийн хаан гэгдэн нас бартлаа 16-н жил хаанчилсан. Тэр уг нь биш түүний ах Эдуард VIII анхлан хаан ширээнд залрах ёстой байсан ч гэлээ уг эр Уоллис Симпсон хэмээх урьд нь гэрлэж байсан бүсгүйтэй ханилснаас шалтгаалан хаан ширээнд залрах хуулийг зөрчсөн билээ. Аравхан сар хаан сэнтийд заларсан Эдуард VIII эрх мэдэл, хайр дурлал хоёрын аль нэгийг нь сонгох салаа замын уулзварт ирэхдээ “Би хайрлаж явдаг эмэгтэйгийнхээ нөмөг, түшиггүйгээр хаан суудлын хариуцлагатай албыг хашиж чадахгүй” гээд дүүдээ эрх мэдлээ өвлүүлж байлаа. Тэгэхээр гэр бүл, хайр дурлалын будлиантай асуудлууд өнөө цагийн залуу үеийнхний шинж тэмдэг биш, аль эрт байсан үзэгдэл байгаа биз. Дараа нь хатан хааны хүү Чарльз, ач хүү Гарри нар нь бас л тиймэрхүү замаар туулах тавилантай байлаа. Тэр талаар дор дэлгэрэнгүй бичнэ ээ.

Георг VI хоёр охинтой байсан тул том охин Елизавета Александра Мария шууд үе залгамжлан хатан хаан болох нь хаа очиж ямар асуудалгүй ойлгомжтой байсан. Тийм ч учраас эцгийгээ нас барангуут тэр 1952 оны хоёрдугаар сард 25 насандаа Английн Монархийн оройд заларч байлаа. Өнөө жилийг оруулаад 68 жил тасралтгүй оройлохдоо Английн ард түмний хайрлаж, хүндэлж явдаг, үлгэр жишээ болгон биширч хардаг эрхэм болтлоо оршлоо. Тэгэхээс ч өөр өргөгүй юм. Хаан гэр бүлийн хатуу дэг жаягийг цэл залуу наснаасаа өтөл буурай болтлоо ягштал баримталж амьдарна гэж бас л барахгүй ажил шүү. Зөвхөн тод өнгийн, зөвхөн Англид үйлдвэрлэсэн хувцас өмсөх, хэзээ ч өмдтэй олны өмнө гарахгүй байх, олон нийт цугларсан газар тусгай протокол байхгүй бол очиж болохгүй, ямар ч ерөнхийлөгч, ерөнхий сайдаас эхлүүлээд эгэл хүмүүс нийтийн өмнө түүнд хүрэх ёсгүй гээд хориотой олон зааврууд Елизаветаг шилэн хоргонд амьдарч буй мэт нөхцөлийг бүрдүүлдэг ч тэр огт алздаггүй ээ.

Елизавета II хатан хаан гурван хүү, нэг охин, найман ач зээтэй. Уг нь уламжлалаараа бол ууган хүү Уэльсийн хун тайж Чарльз хаан ширээг өвлөн авч түүхээ үргэлжлүүлэх ёстой л доо. Гэтэл Чарльзын гэр бүлийн асуудал өнгөрсөн зууны сүүл хэсэгт шар хэвлэлүүдийн “хоолоо олж идэх” гол сэдэв байж сэвтээгүй хатан хааны гэр бүлийн намтрыг баахан бохирдуулсан гэж байгаа. Одоо энэ цагийн шуугианы эзэн Генри, түүний ах Уильям нарын ээж Диана Спенсер гээч сайхан бүсгүй хорвоод амьдарч байгаад 1997 онд автын ослоор нас барсныг хүмүүс санаж л байх учиртай. Тэр бүсгүй хун тайж Чарльзтай гэрлээд амьдарсан эхний таван жилийг эс тооцвоос цаашлаад хорвоог орхих өдөр хүртлээ аль аль талаасаа буруутай үйлдлүүдээр дэндүү арвин амьдарсан гээч. Чарльз анхны хайр сэтгэл болсон Камиллагаасаа хагацаж чаддаггүй, Диана ч зүгээргүй морин спортын зааварлагч Джеймс Хьюитт хэмээх залуутай нийлсэн шиг, энгийнээр хэлхэд хааны ордонд хоёулаа, ордноос гараад дөрвүүлээ гэдэг зарчмаар нэг хэсэг туучуулж англичуудын амны бай болсон доо. Тэгээд 1996 онд албан ёсоор хоёр тийшээ болж удалгүй Диана гүнж автын ослоор шинэ найз тэрбумтан Доди аль-Файедын хамт амь үрэгдэн, хун тайж Чарльз Камиллагаа нөхрөөс нь салган байж хуримласнаар жов жив дуусгавар болсон юм уу даа. Иймэрхүү түүхтэй хүн Елизавета II-ийн дараа хаан ширээнд залрах уу. Хэрвээ үгүй бол дараачийн залгамжлагч нь яах аргагүй хун тайж Уильям болж таараад байгаа юм. Нэр нь сэвтээгүй, гэр бүлээ зөв авч явдаг, армийн офицер цолтой, энгийн англи ард түмний хайртай спорт болох хөлбөмбөгт дуртай гээд британичууд түүнд тун сайн, дүүг нь бодвол. Түүний дүү Генри гэж байсхийгээд л хэрэг түвэгт орооцолдчихдог, байг гэхнээ сурвалжит гаралгүй эмэгтэйг эхнэрээ болгон аваад зэрэг, титмээсээ сайн дураараа татгалзсан “хүнд гар” бий. Ер нь хатан хааны ач зээ нар дотор хун тайж Уильямыг эс тооцвоос эмээгийн чихийг халууцуулах нөхдүүд байнга гарна. Шинэ он гараад Елизавета хатны ганц охиноос төрсөн зээ Филлипс эхнэрээсээ салж буйгаа зарлаад л авна лээ.

Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хууль зөрчсөн гэж цэц дүгнэлээ

Үндсэн хуулийн цэц энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд,“Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө батлагдсан боловч одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэх боломжгүй байна гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Цэц ийнхүү маргаан үүсгэсэн билээ.

Үндсэн хуулийн цэц маргааныг хянан хэлэлцээд, дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийг хязгаарлаж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргав.

Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тус заалтыг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Цэцийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Стандартын шаардлага хангаагүй гар ариутгагчийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 1-17 тоотод байрладаг “Скала” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд спирт денатурат 1.4 тн-ийг үйлдвэрлэн, худалдан борлуулсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл оногдууллаа.

Скала ХХК нь 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг хүнсний худалдааны ТҮЦ-т худалдан борлуулж байсан үйлдэл дээр нь зөрчлийг илрүүлж, 200 ширхэг 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг хураан авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Тус компани нь халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэх, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн ажилтангүй, стандартын шаардлага хангасан ажлын байргүй, “АПУ” ХХК-аас этилийн техникийн спиртийг 700 литр авсан болох нь шалгалтын явцад баримтаар тогтоогдсон бөгөөд тус компанийн үйлдвэрлэсэн чанарын баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын шаардлагад нийцээгүй гар халдваргүйжүүлэх гелийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж, хүчтэй шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа. Тухайлбал, өнөөдөр Завхан аймагт анхны бороо, мөндөр орж байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.17) Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн барилаа.

Манай улсад аливаа халдварт өвчний тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, гадаад улс орнуудаас ирэх зорчигч, хил нэвтрэх, дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн баримт бичгийн хяналт, бүртгэл, дотоод болон хил дээрх ариутгал, халдваргүйжүүлэлт, тархалтын хариу арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хангалтгүй байгаа юм.

Тухайлбал, шаардлагатай арга хэмжээ авах, холбогдох журам, зааврыг батлах эрх төрийн байгууллагад хуулиар олгогдоогүй байгаа нь коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед нийгмийн эрүүл мэндийг халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хүндрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байна.

Иймд дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрсэн коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хуулийн тодорхой зохицуулалт хийх шаардлага гарсан юм.

Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд мөрдөгдөх Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл 4 бүлэг 19 зүйлтэй.

Төсөлд:

  • Хуулийн үйлчлэл болон коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд баримтлах зарчим, хамрах хүрээ, нэр томьёог тодорхойлох
  • Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, тухайлбал, коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох
  • Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүулэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан байна.

Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйлийг тодорхой тусгасан байна. Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар боловсруулсан байна.

Хуулийн төслийг баталснаар коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахпаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авах эрх зүйн орчин бүрдэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварын тархалтыг цар тахал гэж зарлаад байна. Энэ халдварт өвчин нь амьсгалын замын эд эсийг гэмтээж, уушгины хатгалгаа үүсгэдэг, урьд өмнө бүртгэгдэж байгаагүй тахал юм. Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар дэлхийн 213 улс оронд 2.0 сая хүний өвчлөл бүртгэгдэж, нас баралтын тоо 136.908-д хүрээд байна.

Монгол Улсад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш тусгаарлан ажиглах байруудад 1669 хүнийг авч, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны байдлаар гадаад улс орноос 31 тохиолдол эөөвөрлөгдөн орж ирсэн.

Categories
мэдээ нийгэм

Зөвхөн орлого нь буурсан ААН-ийн НДШ-ийг 6 сараар чөлөөлнө

Монгол Улсын Засгийн газраас Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.

Ингэснээр аж ахуй нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсны улмаас ажилтнуудынхаа цалин хөлсийг хугацаанд нь олгоход хүндрэл учирч байна. Мөн ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, ажлаас халах хүртэл арга хэмжээ авч байгаагаас айл өрх, иргэдэд санхүүгийн эрсдэл, хүндрэлийг авчирч байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын саналаар энэ сарын 10-ны өдөр УИХ-аас үйл ажиллагаа нь доголдож орлого буурч байгаа боловч ажлын байраа хадгалж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд нь ирүүлсэн зарим аж ахуй нэгж байгууллагын ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараар чөлөөлөх, мөн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуй нэгжийн даатгуулагчид ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200.000 төгрөгийн дэмжлэгийг 3 сарын хугацаанд үзүүлэхээр хуульчлан батлуулсан. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж тус хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг яаралтай горимоор хэлэлцүүлэн батлав.

Журам ёсоор мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын нэгэн хүртэлх зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын нэгэн хүртэл үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг дараах байдлаар зохицуулахаар боллоо.

– Төрийн болон орон нутгийн өмчит ААН-ээс бусад ААН, Төрийн бус байгууллагуудыг зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлнө

– Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуулийг хамруулна

– Сайн дураар даатгал төлөгчийг хамруулна

– Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого 50-аас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ААН, байгууллагын ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Ажилтан болон ажил олгогчдыг НДШ төлөлтөөс хөнгөлөхдөө 2020 оны 1-3 дугаар сард төлж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгээс дундчилж төлснөөр тооцон дэвтэрт нь бичилт хийнэ. Сайн дураар даатгал төлөгчдийн бичилтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно. Харин даатгуулагч үл зөвшөөрсөн тохиолдолд зөрүүг нэмж төлөн төлөлтөө өндөр дүнгээр бичүүлэх эрх нээлттэй үлдэж байна. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулж хэрэгжилтийг хангуулж ажиллахыг ХНХ-ын сайдад үүрэг болгов.

Урьдчилсан тооцооллоор тус хуулийн хэрэгжилтийг хангаснаар 45,3 мянган ажил олгогч, 704.6 мянган даатгуулагч буюу ажилтан албан хаагчид хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, улсын төсвөөс 940.6 тэрбум төгрөгийг тэдний НДШ-ийн чөлөөлөлт, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар коронавирус өвчнөөр 145 551 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 2 182 823 д хүрсэн бол 547 589 хүн эдгэрчээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөллөө

Чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх эсэхийг шийдэх нууц санал хураалтын хуудсыг тоолж байна. Санал хураалтын дүнг нийт 47 гишүүн оролцжээ.

Санал хураалтын дүнг УИХ-ын гишүүдийн ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр “Өнөөдрийн чуулганы хураалтад нийт 60 гишүүн оролцсон. Нууц санал хураалтад 47 гишүүн санал өгсөн. Үүнээс 27 нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжсэн байна” гэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 1,1 сая хүүхэд авч эхэллээ

Хүүхдийн мөнгө орсон эсэхийг онлайнаар шалгах боломжтой

Засгийн газраас зургаан сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасаныг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэн баталсан. Нэмэгдсэн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 16-наас олгож эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд 1.1 сая хүүхэд сар бүр 30,000 төгрөг авах тооцоо гарчээ. Өмнө нь 18 нас хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 20,000 төгрөг олгож байсан бол Засгийн газраас “COVID-19” цар тахлын эсрэг авах эдийн засгийн багц арга хэмжээний хүрээнд 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.