Categories
мэдээ нийгэм

Я.Буянжаргал: Амьсгалын аппарат 425 байна. Мөн 415-ыг шинээр авахад бэлэн байгаа

Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед улс орон бүр эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүний нөөцөө бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Манай улсын цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа хэрхэн хангаж буй талаар болон тусгаарлах байранд ажиглалтад буй хүмүүсийн тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал танилцууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлах байранд 1,451 хүн тусгаарлагдаж байна. Өссөн дүнгээр нэгдүгээр сарын 9-нөөс хойш 5,143 хүн иргэн тусгаарлах байранд ажиглагдсан.

Одоогоор тусгаарлах байранд

  • 0-5 настай хүүхэд 37
  • Жирэмсэн эмэгтэй 28
  • Артерийн даралт ихсэх эмгэгтэй 63
  • Зүрх судасны бусад эмгэгтэй 12
  • Чихрийн Шижинтэй 19
  • Хоол боловсруулах замын эмгэгтэй 9
  • Хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж буй 17 хүн байгаагаас хоёр нь эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Энэ бүх иргэнд мэргэжлийн эмч нар тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн лабораторийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан” гэв.

Харин гэрийн ажиглалтад байгаа иргэдэд өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавтж байгаа аж. Улаанбаатар хотод 1,897 иргэн гэрийн ажиглалтад байна. Өчигдөр 721 иргэний хяналтын хугацаа дуусжээ.

“Коронавирусийн халдварын тохиолдлыг эмчлэх, хянаж ажиглах зориулалтаар 2,915 ор бэлдсэн”

Вирусийн халдвар авсан иргэдийн эмчилгээнд вирусийн эсрэг эмчилгээ, өргөн үйлчилгээтэй антибиотик хэрэглэхийн хамт дархлаа сайжруулах, хордлого тайлах, шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хийж байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал танилцуулав.

Түүнчлэн тэрбээр “Монгол Улсад халдвар тархах эрсдэл, халдвар авсан хүмүүс хүндрэх эрсдэл зэргийг тооцоолж, эмнэлгийн ор нээх төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар ор дэлгэж байна.

Одоогоор улсын хэмжээнд эмнэлгийн 18,669 ор байна. Түүнчлэн эмнэлэг бүрт тусгаарлан ажиглах өрөө гэж бий. Эдгээрийг коронавирусийн халдварын тохиолдлыг эмчлэх, хянаж ажиглах зориулалтаар бэлтгэгдсэн. Нийтдээ 2,915 ор бэлэн байдалд байна.

Үүнээс гадна 5,800 орыг шат дараатайгаар чөлөөлөхөөр бэлдлээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед эмнэлгийн орыг одоогоор ашиглаж байгаа бол цаашид Улсын I, II, III төв эмнэлэг, АШУҮИС-ийн шинэ эмнэлгийн ор, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн орыг хэрхэн ашиглах талаар тооцооллыг бүрэн хийсэн.

Мөн Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орох гэж байгаа 300 ортой эмнэлгийг ашиглах бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнд 880 өрөө бэлэн байна гэсэн үг. Түүнчлэн эдгээрт ажиллах хүний нөөцийг бэлдэж, хангалт хийж байна.

Үүнээс гадна амьсгалын аппаратны хэдэн хувийг коронавирусийн халдварын үед ашиглахаа тооцоолсон.

Амьсгалын 425 аппарат бэлэн байгаа. Нэмж 72 аппарат авсан. Мөн 415 аппарат шинээр авахад бэлэн байна. Түүнчлэн ЭКМО аппарат болон эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн захиалгыг хийсэн” хэмээн танилцууллаа. Мөн эмнэлгүүд шаардлагатай тооцоолол, хүнийн нөөцийн менежментээ хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Өргөдлийн байнгын хороо иргэдийн мэдээллийн дагуу ажиллав

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр /2020.04.17/ Байнгын хорооны Ажлын алба, Нийслэл, Чингэлтэй дүүргийн зарим удирдлагын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд ажиллав.

Тус хорооны нутаг дэвсгэр дэх “Олон булагт” цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд гүний ус хөрс рүүгээ нэвчин гарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг шийдвэрлэх талаар ажиллаж өгнө үү гэсэн иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ийнхүү ажилласан юм.

Нийслэл, дүүргийн удирдлагууд үүссэн нөхцөл байдлын талаар эхлээд мэдээлэл өглөө. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны орлогч дарга Т.Гантөмөр үргэлжилсэн бороо ороход, хавар, өвлийн цагт гүний ус хөрсөн дээр нэвчиж гарснаас, мөн шар усны үерээс үүдэлтэйгээр ийм хүндрэлтэй асуудал нийслэл хотын хэмжээнд, дүүрэг бүрт үүсдэг талаар танилцуулав.

“Олон булагт” цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд сүүлийн гурав, дөрвөн жил гүний ус хөрс рүүгээ нэвчжээ. Айл өрх, байгууллагын хашаа байшин усанд автаж, иргэд байгууллагууд эд хөрөнгөөр хохирох асуудал үүсдэг учир ус нэвчиж гарсан хэсгийг хусаж цэвэрлээд, бохирдлыг зөөвөрлөх, мөсөөр нь далан босгох зэргээр өвөлжингөө ажилласан талаар Чингэлтэй дүүргийн онцгой байдлын албаны орлогч дарга Д.Амандых ярилаа.

Газрыг хусаж цэвэрлэх, бохирдлыг зайлуулах энэ ажил нь жил бүр төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан явдал болж буй учир гүний усыг хөрсөн доогуур нь шүүж, газар доорх сувгаар дамжуулан далан руу оруулах төсөл хэрэгжүүлэхээр шийдвэр гарчээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд одоогоор 330 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, ажлыг “Геодизи усны барилга байгууламж” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар хариуцан гүйцэтгэхээр болсон байна. Цаашид баригдсан далан сувгийн арчлалт, хамгаалалтыг энэхүү байгууллага хариуцаад явах юм.

Энэ төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг идэвх, санаачилгатай ажилласан талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны орлогч дарга Т.Гантөмөр хэлж байлаа.

Түүнчлэн төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт санхүүжилтээс дутаж байгаа 100 гаруй сая төгрөгийг дүүргийн төсвөөс шийдвэрлэх талаар энэ үеэр ярилцаж, Дүүргийн засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх боломжтойг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийг дагалдан Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар, Чингэлтэй дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нар ажиллаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг газар дээр нь ярилцан шийдсэн юм.

Дараа нь албан тушаалтнууд тус хорооны Сурагчийн 49 дүгээр гудамжинд чулуун зам тавих ажил удааширч буйгаас гал команд, түргэн тусламж зэрэг онцгой байдлын байгууллагын машинууд нэвтэрч чадахгүй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирч буй асуудлаар газар дээр нь очиж танилцав.

Иргэдийн төлөөлөл энэ үеэр 500 метр орчим зайд зам тавих төсвийг нэн яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан. Иргэдийн энэ хүсэлтийн дагуу аль боломжтой хувилбараар төсөв мөнгийг яаралтай шийдүүлэн ажиллах талаар Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хариулт өгсөн юм.

Categories
мэдээ улс-төр

Хуурамч шатахууны түүхий эд болдог бодисыг онцгой албан татварт хамруулах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төсөлд керосин, нафта хэмээх хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисыг импортлоход онцгой албан татвар ногдуулах зохицуулалтыг тусгажээ.

“Хуурамч шатахууны асуудал 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг болгож тогтоосон үеэс эхтэй бөгөөд түүнээс хойш дээрх төрлийн завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж, урьд нь 20, 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянга, 2017 онд 150 мянган тонн болж өссөн мэдээ байна” гэж хууль санаачлагч төслийн танилцуулгадаа дурджээ.

Дээрх бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд онцгой албан татвар ногдуулдаггүй, ямар нэг тусгай зөвшөөрөл шаардлагагүй байдаг ажээ.

Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани манай улсад хуурамч шатахуун үйлдвэрлэн, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байгаа нь хяналт шалгалтаар тогтоогдож байсан бөгөөд энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахууны нөлөөгөөр автомашин, тээврийн хэрэгсэл эвдэрч, иргэд, аж ахуйн нэгжид жилд 50-60 тэрбум төгрөгийн хохирол учирч байгаа аж.

Хуурамч шатахууныг үйлдвэрлэж, борлуулснаар:

-Хольцтой шатахуун хэрэглэсэн автомашины карбюратор, поршин амархан муудаж, иргэдэд эдийн засгийн хохирол учруулах;

-Газрын тосны дайвар бүтээгдэхүүнийг онцгой татваргүй оруулж ирээд онцгой татвартай бүтээгдэхүүнд хольж татвараас зугтах;

-Нийтийн тээврийн хэрэгсэлд хэрэглэснээр утаа их гарч, байгаль орчны бохирдолд нөлөөлөх;

-Бизнесийн шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулах зэрэг олон төрлийн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Иймд дээрх бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулснаар татварын бааз суурь тэлж, хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумих, иргэд, байгууллага, улс орны эдийн засагт учирч буй хохирлоос сэргийлэх чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Бороо, цас орж эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

\Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж хүчтэй шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. 9-11 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: БНСУ-д өнгөрсөн долоо хоногт сонгууль болсны улмаас иргэдийн зорчих хөдөлгөөний нягтрал нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар Номхон далайн баруун бүсийн орнуудад халдвар ямар байгаа талаар танилцууллаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “БНСУ-д өнгөрсөн долоо хоногт сонгууль болсны улмаас иргэдийн зорчих хөдөлгөөний нягтрал нэмэгдлээ.

Үүнтэй холбогдуулж халдварын нууц үеийг тооцоолон үзвэл 1-2 долоо хоногийн хугацаанд тус улсад халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүйг эрх баригчид анхааруулсан. БНСУ-д бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 10,635 байна.

Япон улсад баасан гарагт 555 тохиолдол нэмэгдсэн. Үндэсний хэмжээнд 9,800 гаруй хүн халдвар аваад байна. 211 хүний биеийн байдал маш хүнд байгаагийн дөрөв нь Diamond princess хөлөг онгоцны зорчигчид юм.

Сингапур улсын ЭМЯ-ны мэдээлснээр 728 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Шинэ тохиолдлын 90 гаруй хувь нь гадаадын цагаач ажилчдын дотуур байранд дэгдсэн халдвартай холбоотой. Цаашид ч нэмэгдэх магадлалтай гэж үзэж байна” хэмээв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Тунгалаг Тамир” роман дахь Долгорын дүр

“Тунгалаг Тамир” гэхээр хүмүүс ихэвчлэн киног нь яриад байдаг. Ухаандаа, Долгорыг хаа эртээ үхүүлчихдэг. Гэвч яг зохиол дээрээ Долгор үхдэггүй, эцсийн мөч хүртэл хайрынхаа төлөө тэмцэж, хамгийн сүүлд Эрдэнийнхээ өмнөөс амиа өгдөг. Ингээд Ч.Лодойдамба гуайн хоёр дэвтэр роман дахь Долгорын дүрийг эргэн сөхье. “Хатуу амьдрал ч дарж чадаагүй үзэсгэлэн гоо, Долгорын өнгө жавхлан Итгэлтийн тачаангуй сэтгэлийг маажиж түүнийг харах бүхэндээ өөрийн эрхгүй инээмсэглэн явдаг ба ажлаар Заяын хүрээ ороод ирэхдээ Долгор, Дулмаа эхнэр Должин нартаа гарын бэлэг авчирч өгсний хамгийн чансаатай нь Долгорынх байв. Эхнэр нь “Чи ч Долгорт хөл алдаж байх шив дээ. Би ч яахав, дарлагдаж сурсан хүн. Харин Дулмаа чинь хардаж сүйд болох байх” гэхэд “Чамд падгүй” гэж Итгэлт хүйтэн бөгөөд тоомжиргүй хэлнэ. Хариуд нь эхнэр нь “Чам шиг зарц нартайгаа эхнэрийг нь хуваадаг шившигтэй амьтан байхгүй даг шүү. Эрдэнэ бол Галсан чинь биш” гэхүйд “Гичий минь дуугай байх, төрхөмд чинь залж орхино шүү”. Эндээс Итгэлтийн Долгорыг хүсч тачаадсан ад зэдлэн ил болно.

Долгорыг үс гэзэг нь сэгсийн хийсэж, хөл нь салдар балдир, галзуу буюу согтуу аль нэгний тэмдэг мэт яваад Тамирын голын мөсөн доогуур цүлхийн ороод алга болохыг урд Тамирын хөвөөнд бургас түүж явсан Дэжид авгай харсан байдаг. Уур савссан харз руу ороод гар нь хоёр дахин гялалзан мөсөн доогуур далд ороход “Хорвоо, чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэх гаслангийн дуу хангинасан юмсан. Энэ агшнаа Дэжид дуу алдан хашгирч эмэгтэйн орсон харзаас арваад алхам байгаа хөлийн цоорхойд гүйн очтол ухаангүй болсон Долгор хайргадан урсаж ирэхэд нь хормойноос нь барьж авчээ. Ийнхүү урд Тамираар нутагладаг Жамсран бэйсийнхний хошууны Баяр гэдэг сайхан сэтгэлт өвгөнийд Долгор толгой хоргодоод зогсохгүй Баяр, Дэжид хоёрт төрсөн үр шиг нь хайрлагдах болсон юм. Долгор Эрдэнийн тухай бодохдоо өөрийгөө зөвтгөж, Бат хүүгээ элэг эмтрэн санахдаа өөрийгөө буруутгана. “Би сахил авч чавганц болох юмсан” гэж нэгэнтээ хэлэхэд, “Хүү минь болохгүй, эм хүн бузар арилаагүй байхад сахил хүртэж болдоггүй юм гэнэ лээ” гэж Дэжид ээж нь хэлнэ. Удаа ч үгүй түүнийг Содном гэгч хүн ханилъя гэж гуйдаг. “Би чинь Эрдэнийн ёсолж авсан эхнэр” гэж Долгор хатуу бодоод зөвшөөрдөггүй. Энэ зуурт Итгэлт тэднийд ирнэ. Долгорын нүд хорслоор дүүрч гөлөрснөө амьтан руу гэтэж байгаа шилүүс шиг биеэ хураан хөлөө алгуурхан зөөж явсаар Итгэлтэд тулж ирээд “Миний зовлонд чи бас цадаагүй юу” гэж хэлнэ. Дараа нь Эрдэнэ Долгорын амьд байгааг Итгэлтээс сонсоод ирнэ. Долгор шир зүсэж байсан хутгаа шидээд хяхарсан дуугаар “Эрдэнэ минь, хэлээгүй юу” гэж хашгираад гүйснээ зогтусан зогсоход Эрдэнэ мориноосоо үсрэн буугаад өмнөөс нь том том алхална. Долгорын нүднээс нулимс асгаран гэдрэгээ өөрийн мэдэлгүй унаж, өмнөөс ирж яваа хүн яахын аргагүй Эрдэнэ мөн боловч бишүүрхэх эвгүйцэх сэтгэл бадарна. “Долгор минь, чамайгаа хүний газар өнчин ишиг шиг орхиж хатуу сэтгэл гаргасан миний буруу. Намайг бодохгүй юм гэхэд чи хүүгээ бод. Өнгөрснийг мартаж, ирээдүйгээ бодож амьдаръя” гэж Эрдэнэ хэлдэг. Харин Долгорын сэтгэлд “Бузар янхан” гэж үсэртэл нь алгадаад эргэж ч харалгүй давхин алга болж байгаа нь бодогдон зовлонд унагаад хяслантай байснаар удаа ч үгүй Долгор Содномтой суудаг.

Номын хоёрдугаар дэвтрийн төгсгөл хэсэгт Содномынд Түгжил тэргүүтэй хэдэн хүн ирж тарган мах чануулж, морин шилтэй арз ууна. Архинд ам нь халсан тэд “Ардын засгийн цаг нь гүйцсэн гэж Ванчин богд лүндэн буулгасан. Бид өнөө шөнө хамба багшийн зарлигаар улааныхны сумын дарга Дорж, хамтралын нягтлан бодох Эрдэнэ бас бус хэдэн хүний бодийг хөтөлнө” гэдгээ хэлнэ. Энэ яриаг сонссон Долгор Эрдэнэд хэл хүргэхээр уяан дээрх морьдоос хамгийн дөмгийг нь унаад давхина. Замын голд Түгжилд араасаа хэд хэд буудуулсан Долгор цусаа савируулан сумын төвд, Эрдэнийн гэрийн гадаа ирээд сум зад татан гарсан хөхөө гарын алгаар арайхийн дарж “Эрдэнэ минь чамайг өнөө шөнө ирж алах нь” гэж хэлээд амьсгал хураадаг.“Би чамайг ирнэ гэдэгт итгэн үргэлжид хүлээж байсан” хэмээн Эрдэнэ хэлээд өргөн магнай дээр нь үнсэхэд Долгорын хацрын туяан дээгүүр Эрдэнийн нулимс сувдран асгарч байлаа.

Categories
мэдээ нийгэм

Гадаад улсад амьдарч буй 13 монгол хүн коронавирусийн халдвар авч, гэртээ тусгаарлагджээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхийн улс орнуудад амьдарч буй монгол иргэддээ ямар зөвлөгөө, мэдээлэл өгч харилцан ажиллаж байгаа талаараа танилцууллаа.

Тэрбээр “Нэгдүгээр сарын 30-наас хойш Эрүүл мэндийн яамнаас 323002 утсыг 24 цагаар ажиллуулж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд дэлхийн 17 улсаас 96 монгол хүн холбогдож зөвлөгөө авлаа. Тодруулбал,

  • Ирланд улсад 4
  • ОХУ-д 3
  • Шведэд 2
  • Швейцарт 2
  • БНСУ-д 2 монгол хүний лабораторийн шинжилгээ хариу ЭЕРЭГ гарсан.

Тэд бүгд гэртээ тусгаарлагдаж байгаа бөгөөд яамны дээрх утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэрээ хэрхэн ариутгах, гэрийн эмчлэх тухай зөвлөгөө гэх мэт мэдээлэл авч байна” гэв.

Өөрөөр хэлбэл, нийт 13 монгол хүн халдвар авч, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дэлгэрсайхан: Төсвийн хажууд дахин томоохон хэмжээний санхүүжилт бүхий хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас өр нэмэгдэх нь гарцаагүй


СЭЗДС-ийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Засгийн газраас “Covid-19” цар тахалтай холбоотойгоор зургаан сарын хугацаатай ААН болон компаниудын НДШ-ийг чөлөөлөхөөр болсон. Үүнд хэчнээн байгууллага хамрагдахаар байгаа вэ?

-Засгийн газрын зүгээс тухайн арга хэмжээг батлагдахтай холбоотой нийт даатгуулагчдын 75 хувь нь хамрагдана гэсэн мэдээлэл байна. Энэ нь хамрах хүрээний хувьд хангалттай тоо юм. Харин НДШ-ийг төсөв, зээл тусламжаар хийж гүйцэтгэж байгаа гэх мэт байдлаар ялгаварласан нь оновчтой бус мэт. Энэ нь хэрэгжилтийн түвшинд шийдвэрлэхэд хүндрэлтэйгээс гадна тухайн байгууллагын үйл ажилллагаанд бараа бүтээгдэхүүний үнэ, тээвэрлэлт, хилийн хориг, хөдөлгөөний хязгаарлалт зэрэг нь санхүүжилтээс үл хамааран нөлөөлж байгааг анхаарах нь зүйтэй байсан.

-Засгийн газраас гарч байгаа энэхүү шийдвэр нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд хэр бодитой дэмжлэг үзүүлэх бол. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа ААН-дэд энэ нь туслалцаа болж чадах уу?

-Эдгээр арга хэмжээний нийт дүн болон хэрэгжүүлэх чиглэлийн хувьд өнөөгийн хүндрэлийг саармагжуулах, эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжиж байгаагийн хувьд бодитой дэмжлэг болох боломжтой. Шууд дэмжлэг болох нь иргэд, ААН-үүдэд орлогын албан татвар, НДШ, зээлийн хугацааг хойшлуулж байгаа зэрэг ажлууд гэж үзэж байна. Харин эдийн засгийг сэргээх чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээ нь нийт хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилтийн хувьд өндөр боловч хэрэгжилт нь бүрэн тодорхой бус байгаа нь эргэлзээтэй байна. Нийт 3.2 их наяд төгрөгийг хэрхэн зарцуулах нь эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх нөлөөллийг үр дүнтэй болгоход чухал нөлөөтэй.

-Ямар үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийг НДШ-ээс нь хөнгөлж, хамруулбал зохимжтой гэж бодож байна вэ?

-Үүний хувьд дээр дурдсан тухайн арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөө чухал л даа. Юуны өмнө бидэнд энэхүү эдийн засгийн хүндрэл өнөөг хүртэл хэрхэн нөлөөлсөн, цаашид хэрхэн нөлөөлж болзошгүй, аль салбаруудын хувьд нөлөөлөл их байгаа, аль салбарыг дэмжих нь илүү оновчтой болох талаар хийсэн судалгаа байх хэрэгтэй. Энэ тал дээр бид их дутмаг ажиллаж байна уу гэж харж байна. Учир нь өнөөг хүртэл хийсэн дэлгэрэнгүй судалгаа харагдахгүй байна. МҮХАҮТ-аас гаргасан судалгаанаас өөр яг ийм судалгаа танилцуулсан газар байхгүй. Зүй нь ийм судалгаа байж ямар салбар, ААН-үүдийг дэмжихийг тодорхойлох хэрэгтэй юм. Гэхдээ дээр дурдсан татвар, НДШ-ийн талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тодорхой түвшинд нөлөөлөх нь ойлгомжтой.

-Сангийн сайд төсвөөс санхүүждэг аж ахуйн нэгжүүдэд энэ хөнгөлөлт хамаарахгүй гэсэн. Үүнд эмч, цагдаа болон онцгой үед ажиллаж байгаа ажилтнууд орж байгаа. Эдгээр хүмүүст хөнгөлөлт үзүүлж болдоггүй юм уу?

-Төсвөөс цалинждаг хүмүүсийн хувьд цалин орлогод нөлөөлөх сөрөг нөлөөлөл байхгүй гэдэг агуулгаар энэ шийдвэрийг гаргаж байгаа гэж ойлгосон. Энэ нь эдийн засгийн хямралын шалтгаантай арга хэмжээний хувьд зөв. Харин энэ вирусийн тархалтын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа дээрх салбаруудын хувьд өөрөөр хандах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна. Эдгээр салбарын хувьд дээрх арга хэмжээнд хамруулаагүй тохиолдолд илүү цаг, нэмэгдэл цалин, шагнал, урамшууллын хэлбэрээр асуудлыг шийдэх боломжтой. Ингэх нь ч зөв. Учир нь коронавирусийн эсрэг тэмцэл нэлээд удаан хугацаагаар үргэлжилж байгаа тул эдгээр хүмүүсийг урамшуулах, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хамгаалах арга хэмжээ маш чухал.

-Засгийн газраас гаргаж байгаа энэ шийдвэрүүд улсын төсөвт хэр халтай вэ?

-Юуны өмнө Засгийн газрын зүгээс санал болгож УИХ-аар батлагдсан багц арга хэмжээ нь өнөөгийн нөхцөл байдалд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ гэдгийг дурдах нь зүйтэй. Засгийн газрын зүгээс төсвийн тодотгол хийлгүйгээр “багц арга хэмжээ” нэрийн дор энэхүү эрүүл мэнд, эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж УИХ-аас дэмжиж баталж байна. Иймээс 2020 оны төсөвтэй өнгөц харахад хамааралгүй. Гэхдээ нийгмийн даатгал, орлогын албан татвар, хүүхдийн мөнгө зэрэгтэй холбоотой иргэд, ААН-ийг эдийн засгийн хүндрэлээс хамгаалах чиглэлийн арга хэмжээ нь төсөвтэй хүссэн хүсээгүй холбогдож таарна. Нөгөө талаар бусад арга хэмжээний хувьд төсвийн гадуур томоохон мөнгөн дүн бүхий арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь төсөвт шууд дарамт болохгүй боловч Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний санхүүгийн дарамтыг бий болгох нь тодорхой. Төсвийн хажууд дахин томоохон хэмжээний санхүүжилт бүхий хөтөлбөр хэрэгжиж байгаа тул эх үүсвэрийг шийдвэрлэхтэй холбоотой өр нэмэгдэх нь гарцаагүй. Ерөнхийдөө эдгээр арга хэмжээ нь төсөв, эдийн засагт шууд болон шууд бус дарамтыг бий болгоно. Хэдий тийм боловч ийм арга хэмжээг бид хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг дахин хэлэх нь зүйтэй.

-Алдагдалтай явж ирсэн нийгмийн даатгалын санд нөлөөтэй юм биш үү?

-Санал нэг байна. Гэхдээ энэхүү вирусийн шалтгаантай эдийн засгийн хүндрэл нь эдийн засагт бүхэлд нь тодорхой хэмжээнд, зарим салбаруудад хүчтэй нөлөөлж байгаа энэ үед иргэд, ААН-ийг хамгаалахын тулд төрийн зүгээс тодорхой ачаалал үүрэх, арга хэмжээ авах нь зүйн хэрэг юм. Нэг талаараа үүний тулд нь төр байдаг гэж үзэж байна.

-Зургаан сар НДШ-ийг хөнгөлнө гэж байгаа. Гэвч энэ цар тахал жил гаруй хугацаанд үргэлжилнэ гэдэг тооцоо гараад байна. Тэгэхээр хугацаан дээрээ анхаарах шаардлагатай байх?

-Вирусийн тархалтын хувьд хэзээ зогсох нь таамаглал төдий байна. Одоо оргил үе дөхөж, бууралт эхлэх цаг ойртож байгаа гэж харж байна. Гэхдээ нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ. Ямартаа ч тайвшрах цаг болоогүй гэдэг нь тодорхой. Ийм үед арга хэмжээнүүдийг тодорхой үечлэлтэй, хурдтай, цаг үед нь тохирсон байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай. Хугацааны хувьд бид тухайн хугацаанд хэрэгжүүлж, боломжтой, шаардлагатай тохиолдолд үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлээд явах нь зүйтэй болов уу.

-Засгийн газрын эдийн засгийг дэмжих чиглэлээр авч байгаа арга хэмжээнүүдийг та хэрхэн харж байна вэ?

-Миний хувьд Засгийн газрын зүгээс эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхдээ цаг хугацааны хувьд хоцрогдолтой хөдөллөө гэж үзэж байгаа. Харин гуравдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барьж батлуулсан багц арга хэмжээний хувьд Монгол Улсын эдийн засгийн боломжид нийцэх хэмжээ, хамрах хүрээ, чиглэлийн хувьд харьцангуй сайн арга хэмжээ гэж үзэж байна. Юуны өмнө иргэдийн эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж байгаа Засгийн газрын бодлогыг зөв зүйл гэж бодож байна. Энэ чиглэлдээ ч цаашдаа зогсох нь зөв болов уу. Эдийн засгийн хувьд иргэдийн орлогыг хамгаалах, ААН-г дэмжих ажлын байрыг хадгалах, эдийн засгийг сэргээх гэсэн чиглэлүүдийг барьж ажиллаж байгаа нь ч зөв. Багц арга хэмжээний хувьд хамгийн чухал хэсэг болох эдийн засгийг сэргээх чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээ бүрхэг байгаа нь хөтөлбөрийн ач холбогдлыг бага харагдуулж байна. Үүнийг тодорхой болгох шаардлагатай бөгөөд, УИХ-аар төлөвлөгөөний хамт хэлэлцэх шаардлагатай байсан болов уу. Энэ тохиолдолд тухайн арга хэмжээний үр нөлөө, ач холбогдол илүү тодорхой болох байсан. Одоохондоо тойм төдий байна.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 82 хүнд шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ойрын хугацаанд хийсэн шинэ коронавирусийн шинжилгээний хариуг өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр “ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 82 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд коронавирус илрээгүй.

Үүнд ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 17-нд тусгаарлагдсан хоёр хүн, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүн, ажиглах байранд байгаа 62 хүний давтан шинжилгээ хийсэн. Мөн тандалтын зорилгоор бусад эмнэлгээс авсан сорьцод шинжилгээ хийсэн байгаа. Замын-Үүдээс тандалтын зорилгоор таван сорьц авахад мөн коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн ажиглалт, хяналтад байна. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээ хийгдэж байна. Хариуг маргааш танилцуулна.

Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна. Франц иргэний шинжилгээнд нэг сорьцод эерэг гарч, бусад нь сөрөг гарч байгаа. Хамар залгиур, шээс, өтгөн, цусанд мөн үздэг. Үүнээс нэгд нь илэрч байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэцэгдэлгэрэх: Орлого нь огцом болон жил жилээр өссөн 10 мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийг нарийвчлан шалгахаар татварын байгууллагад хандаад байна

– ЖИЛИЙН ХУГАЦААНД ГУРВАН
ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛСОН КОМПАНИ БАЙНА –

АТГ-т жил бүр ХОМ-ээ гаргадаг мэдүүлэг гаргагчдын дунд сүүлийн жилүүдэд орлого нь хэт өссөн болон давтамжтай өсч байгаа тохиолдлууд ажиглагдах болжээ. 800 саяас гурван тэрбум хүртэлх өссөн мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг тус газрынхан нарийвчлан шалгаж эхэлсэн байна. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.


-Энэ жилийн ХОМ дээр орлого нь огцом өгссөн мэдүүлэг гаргагчдыг нарийвчлан шалгахаар болсон гэлээ. Энэ талаар тодруулаач?

-АТГ дан ганц мэдүүлгийг бүртгэж хүлээж аваад олон нийтэд танилцуулахаас гадна Авлигын эсрэг хуулинд зааснаар бидний үндсэн чиг үүрэг бол ХОМ-ийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, судалгаа дүн шинжилгээ хийх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд цахим системийг ашиглан энэ жил ХОМ гаргасан нийт мэдүүлэг гаргагчдын хувьд зөвхөн орлогын байдал дээр нь харьцуулж судалгаа хийж үзсэн. Авлигын эсрэг хуулинд зааснаар ХОМ-ийн маягтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо баталдаг. Тэрхүү батлагдсан маягтын хүрээнд нийт мэдүүлэг гаргагчид долоон төрлийн орлогоо мэдүүлдэг. Үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, хөрөнгө борлуулсны орлого, хөрөнгийн орлого, бусад орлого гэх мэт. Эдгээрээс бид хоёр төрлийн орлого дээр нь харьцуулж судалгаа хийсэн. Тодруулбал, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого буюу компанийн ногдол ашгийг мэдүүлдэг орлого. Энэ орлогуудаас сүүлийн хоёр жилд давтамжтай байдлаар өсч байгаа, өмнөх оноос хэт огцом өссөн мэдүүлэг гаргагчдыг түүвэрлэж эрсдэл бүхий мэдүүлэг гаргагчдын орлогыг Татварын ерөнхий газарт шалгуулахаар хүргүүлсэн. Учир нь манайд мэдүүлгээ гаргахдаа их хэмжээгээр орлого олсон гэж мэдүүлээд байдаг. Гэтэл татварын байгууллагад гаргаж өгсөн тайлантай нь нийцэж байгаа юу. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд АТГ-т ХОМ гаргадаг шиг татварын байгууллагад ч энэ өдөр ААНОАТ, ХХОАТ-ын хүрээнд татвараа тайлагнах ёстой. Энэ хоёр хоорондоо зөрж байна уу, татвараас зайлсхийсэн үндэслэл байна уу, яг ийм хэмжээний орлого олсон нь бодитой үнэн үү гэж хоёр төрлийн орлого дээр холбогдох хяналтыг хэрэгжүүлэхээр ТЕГ-тай мэдээллийг өгөөд байна.

-Тухайлбал, ямар төрлийн эрсдэл харагдаж байна вэ?

-Нэг жилийн дотор орлого нь огцом өсчихсөн. Зөвхөн нэг аж ахуйн нэгж компани гэхэд жилд гурван тэрбумын орлого олсон тохиолдол бий. Гэтэл татварт яг энэ хэмжээний тайлангаа үнэн зөв бодитой гаргасан уу, манайд их хэмжээний орлого мэдүүлчихээд татвар дээр X тайлан гаргаад байна уу. Эндээс бид татвартайгаа уялдаад татвараас зайлсхийсэн үндэслэл байна уу гэдгийг олж тогтоох юм. Өнгөрсөн жил ч энэ ажил явагдсан. Энэ жил мэдүүлэг гаргагчдын үүрэг улам нэмэгдэх ёстой. Хэрэв та орлого олсон бол татварт үнэн зөв тайлангаа гаргаж өгөх ёстой гэх мэдээллийг авсан байх ёстой. Ялангуяа, гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг аж ахуйн нэгж байгууллагууд яг ийм хэмжээний орлого олсон бол татварт тийм хэмжээний тайлангаа гаргасан байх ёстой. Үүнийг бид хянаж үзэж байгаа.

-Хөрөнгө нь огцом өссөн хэчнээн мэдүүлэг гаргагч байсан бэ?

-Татварын байгууллагууд тухайн аж ахуйн нэгж хуулийн этгээдэд санхүүгийн иж бүрэн шалгалт хийдэг. Цаг хугацаа ордог ажил. Одоогийн байдлаар 10 мэдүүлэг гаргагч буюу тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж байгаа хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллага ийм хэмжээний орлого олсон уу гэдэг дээр нарийвчилсан хяналт шалгалт явуулж байна. 10 мэдүүлэг гаргагчийн цаана хувь эзэмшдэг, үүсгэн байгуулсан, хуулийн этгээд гээд олон аж ахуйн нэгж байгаа.

-Нэг компани жилийн дотор гурван тэрбумын орлого олсон гэж мэдүүлсэн тохиолдол байгаа гэлээ. Татвар дээр тайлангаа өгсөн гэж бодъё. Тийм тохиолдолд үүнийг хууль ёсны орлого гэж үзэх үү?

-Орлогыг татвартай нь уялдуулж санхүүгийнхээ тайлан тэнцэл, Хувь хүний орлогын албан татварынхаа хууль, Аж ахуйн нэгжийн албан татварын хуулиар ийм хэмжээний орлого олоод бодитойгоор тайлбарласан байна, ийм мэдүүлэг гаргагчийн хувьд ийм хэмжээний орлого олсон нь үнэн зөв байна гэж гараад ирсэн тохиолдолд эх үүсвэр нь тодорхой болчихно. Ийм нөхцөлд заавал үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Мэдүүлэг гаргагчийн орлого хөрөнгө жилээс жилд өсч болно. Харин эх үүсвэр нь бодитой, нотлох баримттай байх ёстой.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид энэ жилээс АТГ-т цахимаар ХОМ-ээ гаргахаар болсон. Бэлтгэл ажил хангагдсан уу?

-Нэр дэвшигчид Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагддаг. Өмнөх сонгуулийн жилүүдэд УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид ХОМ-ээ цаасаар гаргаад СЕХ-нд бүртгүүлдэг. Сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа сонгогдсон хүмүүсийн ХОМ АТГ-т цаасаар ирж хадгалагддаг зохицуулалттай байсан. Харин 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Авлигын эсрэг хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Одоо УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд биш, АТГ-т ХОМ-ээ гаргаж өгөхөөр болсон. Үүнийг цахим системээр аваад Сонгуулийн тухай хуулинд зааснаар олон нийтэд хураангуй байдлаар байршуулах зохицуулалт орсон. Энэ хүрээнд АТГ, СЕХ хамтраад бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нар ХОМ-ээ цаасаар гаргахгүй. Цаасаар гаргадаг байхад эх үүсвэрийн тайлбараа хангалттай бичдэггүй нэр төдий өгдөг байсан бол одоо цахим системээр өгдөг, эх үүсвэрээ дэлгэрэнгүй бичдэг болно. ХОМ өгсний дараа хураангуй нь олон нийтэд тавигддаг болно. Дурын иргэн тойргийнхоо УИХ-ын сонгуульд сонгогдсон хүний ХОМ-тэй танилцах, хяналт тавих бүрэн боломжтой болно. Сонгуульд оролцохоос өмнө ямар хэмжээний хөрөнгөтэй байсан, сонгогдсон тохиолдолд орлого, хөрөнгө нь ямар болов, хоёр жилийн дараа ямар болов гээд жил бүр хяналт тавиад явах боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг шат ахиж байгаа үйл явц. Өмнө нь бол сонгогдсон 76 гишүүний ХОМ АТГ-т ирдэг байсан бол одоо бүх нэр дэвшигч нар цахимаар өгдөг болж байгаа.

-Сонгуулийн тов ч ойртож байгаа. Хуулийн шинэ зохицуулалтыг хэрэгжүүлэхэд мэдүүлэг гаргагч нар анхааруулах ямар зүйл байна?

-Цаг хугацааны хувьд их давчуу байгаа. Ялангуяа нам эвслүүд дотоод зохион байгуулалтын арга хэмжээг зайлшгүй авах ёстой. Энэ сарын 3-нд АТГ-ын дарга СЕХ-ны даргын баталсан маягт гарсан. Нэр дэвшигчийн мэдээллийг цахимаар авахын тулд урьдчилсан байдлаар нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл бидэнд хэрэгтэй. Албан ёсны и-мэйл хаяг байх ёстой. Тэр хаягаар нь цахим системд нэвтрэх нууц код нь очно. Дээр нь холбоо барих утас гэх мэт ерөнхий мэдээллийг тавдугаар сарын 16-ны дотор ирүүлэх ёстой. Үүнээс бид тухайн нэр дэвшигчийн мэдүүлэг гаргах эрхийг нь цахим системд үүсгэнэ. Нам эвслүүд бие даагч нар өөрсдийнхөө хувийн бэлтгэлийг хангах ёстой. Тавдугаар сарын 17-19-ний өдрүүд буюу гурван өдрийн дотор нэр дэвшигчид амжиж тэр систем рүү нэвтэрнэ. Хуулиараа тавдугаар сарын 19-ний 00:00 цаг гэхэд автоматаар систем хаагдана. Систем учраас гацах эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч гурван өдрийн дотор анхаарах ёстой. Бид системийн аюулгүй байдал, хурд бусад зүйл дээр нэлээд техникийн шинэчлэлүүд хийгээд явж байна. Энэ маань шинэлэг зүйл учраас цахим систем дээр шинэ өгөгдлүүд оруулж байгаа. Тиймээс техникийн хүндрэл бэрхшээл аль болох гаргахгүйн тулд анхаарч ажиллаж байгаа. Цахим систем хаагдангуут тавдугаар сарын 20-н гэхэд СЕХ-нд бид “АТГ-ын цахим сайтад ийм нэр дэвшигч нар ХОМ-ээ бүртгүүллээ” гээд 29 тойргоор жагсаалт үүсгээд гаргаад өгнө. Энэ хугацаанд та амжиж бүртгүүлээгүй бол УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу бүрдүүлэх баримтын жагсаалтад нэг материал дутуу болж очно. Хуулийн дагуу зургадугаар сарын 2 гэхэд нэр дэвшигчдийн ХОМ-ийг олон нийтэд ил тавина.

Мэдээж өргөдөл гомдол ирвэл хяналт шалгалтын ажил явагдана. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу холбогдох хяналтыг хэрэгжүүлээд явна.

Б.ЭНХЗАЯА