Categories
мэдээ нийгэм

Ногоон бүсэд эргүүл, хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

1212.jpg

Энэ жил хуурайшилт ихтэй ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Нийслэлийн Засаг даргын баталсан А/487 дугаар захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 06-аас 06 дугаар сарын 10 хүртэл ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглосон.

Үүнтэй холбогдуулан НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 24 цагийн хяналтын цэгийг Зайсангийн аманд байгуулан иргэдэд сэрэмжлүүлэг өгч, хяналт тавин ажиллаж байна. Алба хаагчид Богдхан уулын “Өвгөний ам”, “Кувейтийн ам”, “Түргэний ам”-уудад өдөр бүрийн 10.00-19.00 цагт байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Хуурамч шатахууны түүхий эд болдог бодисыг онцгой албан татварт хамруулах хуулийн төсөл өргөн барьжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. Хуулийн төсөлд керосин, нафта хэмээх хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисыг импортлоход онцгой албан татвар ногдуулах зохицуулалтыг тусгасан байна. “Хуурамч шатахууны асуудал 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг болгож тогтоосон үеэс эхтэй бөгөөд түүнээс хойш дээрх төрлийн завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж, урьд нь 20, 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянга, 2017 онд 150 мянган тонн болж өссөн мэдээ байна” гэж хууль санаачлагч төслийн танилцуулгадаа дурджээ.

Дээрх бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд онцгой албан татвар ногдуулдаггүй, ямар нэг тусгай зөвшөөрөл шаардлагагүй байдаг ажээ. Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани манай улсад хуурамч шатахуун үйлдвэрлэн, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байгаа нь хяналт шалгалтаар тогтоогдож байсан бөгөөд энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахууны нөлөөгөөр автомашин, тээврийн хэрэгсэл эвдэрч, иргэд, аж ахуйн нэгжид жилд 50-60 тэрбум төгрөгийн хохирол учирч байгаа аж.

Хуурамч шатахууныг үйлдвэрлэж, борлуулснаар:

-Хольцтой шатахуун хэрэглэсэн автомашины карбюратор, поршин амархан муудаж, иргэдэд эдийн засгийн хохирол учруулах;

-Газрын тосны дайвар бүтээгдэхүүнийг онцгой татваргүй оруулж ирээд онцгой татвартай бүтээгдэхүүнд хольж татвараас зугтах;

-Нийтийн тээврийн хэрэгсэлд хэрэглэснээр утаа их гарч, байгаль орчны бохирдолд нөлөөлөх;

-Бизнесийн шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулах зэрэг олон төрлийн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Иймд дээрх бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулснаар татварын бааз суурь тэлж, хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумих, иргэд, байгууллага, улс орны эдийн засагт учирч буй хохирлоос сэргийлэх чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван сая төгрөгийн 23 азтан тодорсон байна

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу өчигдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2020 оны 3 дугаар сарын 1-31-нд худалдаа хийж, цахим татварын системд 26,654,629 баримт бүртгүүлжээ. Үүнээс гурван сая төгрөгийн 23, нэг сая төгрөгийн 268, 100 мянган төгрөгийн 2391, 30 мянган төгрөгийн 23742 баримт тохиролд таарч азтан болжээ.

Супер сугалааны дугаар 95854163 бөгөөд энэ удаагийн тохирлоор тодорсонгүй.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх зорилго бүхий 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн төслийн санхүүжилтийг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн болон төслийн гэрээг соёрхон баталснаар ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр дараах 4 үндсэн үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:

•220, 110 кВ-ын 20 дэд станцын насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан, хуучирч муудсан тоног төхөөрөмжийг шинэчлэх,

•220, 110 кВ-ын 17 дэд станцын насжилт өндөртэй тосон таслуур, 153 ш гүйдлийн трансформаторын реле хамгаалалт, автоматикийн хамт шинэчлэх,

•220/110/35 кВ-ын “Улаанбаатар”, “Дархан”, “ИХБ-4” болон “Эрдэнэт” дэд станцуудын хуучирсан, ашиглалтын хугацаа хэтэрсэн реле хамгаалалт, автоматик, хяналт, удирдлагын системийг шинэчлэх,

•220/110/35 кВ-ын ИХБ 4-ийн автотрансформатор 1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Зээлийн хугацаа нь 30 жил, зээлийн жилийн хүү нь 2 хувь бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс 10 жилийн хугацаанд чөлөөлөгдөнө.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн англи, монгол эхийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зээлийн II ээлжийн санхүүжилтийн мөнгөн дүн 10,450,000.00 еврог нэг 0 алдаж 10,450,00.00 евро гэж, хуулийн төслийн монгол эхийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт дурдсан зээл эргүүлэн төлөх хугацаа болон зээлийн төлбөр хийх мөнгөн дүн англи эхээс зөрүүтэй орчуулагдаж, гэрээнд гарын үсэг зурсан байсан.

Сангийн яам “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг татан авч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн газар, Франкфурт хот дахь Сэргээн босголт зээлийн банктай хамтран зээлийн болон төслийн гэрээний санхүүжилтийн мөнгөн дүнгийн алдааг залруулсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/7573 тоот албан бичгийг ирүүлж Гэрээний төслийн монгол хэлээрх орчуулгын зөрүүтэй байдлыг арилгаж, хянан баталгаажуулсан тул Байнгын хорооны болон Нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцэж баталсан.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: ХӨСҮТ-д байсан нэг хүнд коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг ...

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Манай орны хувьд ажиглалтад 1229 хүн байна. Ажиглалтаас дөрвөн хүн гарчээ. Эмнэлгийн ажиглалтад буй хавдрын өвчтэй долоон хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Эмнэлгийн ажиглалтад байгаа гурван хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсээс нэг хүн эдгэсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Хэд хэдэн хүн уушгины хатгаатай байна. Үүнд эмч нар онцгой анхаарч байна. ХӨСҮТ-д байсан 17 хүнээс 1 хүнд коронавирус илэрлээ. Нийт тохиолдол 33 боллоо. Москвагийн төмөр замын дээд сургуулийн оюутан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

УОК хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ

УОК: 3-аас дээш 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30 ...

УОК өнөөдөр 12.00 цагт хуралдана. Хуралдаанаар коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэх аж. Улсын хэмжээнд энэ сарын 30-ны өдөр хүртэл хорио, цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг IX сарын 1-н хүртэл зогсоогоод байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Мөнгөн: “Манайхан тоо болоод мөнгө, хүүндээ л ач холбогдол өгөөд байгаа болохоос биш, тогтмол хуримтлуулж чадах нь өөрөө маш том сургалт”

Шилдэг номын жагсаалтад тэргүүлж буй “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиолч, лектор Г.Мөнгөн нь өөрийн 50 мянга гаруй дагагчтай сошиал сувгаараа хуримтлалын талаарх зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэж, уншигчдадаа урам зориг өгсөөр байгаа.

Түүний хувьд,

  1. Их, бага гэлтгүй орлого бүрээсээ хадгаламждаа 40 хувийг;
  2. Гэр бүлийн данс буюу харилцах дансанд 10 хувийг;
  3. Ипотекийн зээл төлөх хуримтлалын дансанд 20 хувийг;
  4. Бизнес дансандаа 10 хувийг;
  5. Аяллын дансанд 15 хувийг;
  6. Зугаа цэнгэлийн дансандаа 5 хувийг;

тус тус тогтмол хуваарилах гэх зэргээр хуримтлалын 6 дансны аргыг 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, өөрийн хуримтлалын системийг бий болгоод байгаа юм.

Ингээд Г.Мөнгөнтэй хувь хүний санхүүгийн сахилга бат, хуримтлалын талаар ярилцсан ярилцлагыг Та бүхэндээ хүргэж байна.

Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй адил хадгалах нь илүү чухал уу, хөрөнгө оруулах нь чухал уу?

Энэ зүйрлэл нь гэргүй байж, хаус мөрөөдөхтэй л адил юм. Хөрөнгө оруулах, эрсдэл даах чадамж байгаа юм уу гэдэг асуудал гараад л ирнэ. Хүмүүс өнгөн дээрээ гоё, сайхан юм ярьж байдаг ч асуудал үүсэхэд түүнийг давах санхүүгийн нөөцгүй болж хувирдаг. Мөн бодит үнэнээ, өөрөөр хэлбэл санхүүгийн амьдралаа нуудаг. Хэдийг хадгалдаг, яаж мөнгөө өсгөдөг, бизнесээ хэрхэн явуулж байгаа талаар дэлгэхгүй. Тэгэхээр бидэнд бодит жишээ байхгүй, баримжаа байхгүй л болж байна гэсэн үг.

Мөн бид мөнгөтэй байж үзээгүй, тийм л хүмүүс юм байна гэж бодогддог болсон. Одоо л би 90 сая төгрөгийн эргэлт рүү орж ирж байгаа хүн, энэ надад шинэ зүйл. Би мөнгөтэй байж үзээгүй байхгүй юу. 100 сая төгрөгийг бидний олонх нь их мөнгө гэж бодно. Гэтэл тэр мөнгөөрөө юу хийх вэ? гэж асуувал байр авна гэх байх. Жаахан мөнгөтэй болоод ирэхээр л тайван байж чадахгүй, сандарч эхэлдэг. Гармаар, хэрэгтэй зүйлс авмаар болоод эхэлдэг.

Өр зээлээр өөрийгөө хурцалдаг хүмүүс бас олон байдаг. Би бас л тийм байсан. Өөрийгөө идэвхтэй ажиллуулдаг гол зүйл нь зээл төлөх гэж боддог. Сард 3 сая төгрөгийн зээлээ төлөх хүртлээ өөрийгөө зүтгүүлчихдэг, чадсан хойноо “кайф” авдаг. Гэхдээ хүнд зээл зохих түвшинд байх нь зөв.


“Манайхны нэг буруу ойлголт нь өрийн цаана гарч байж, хадгаламжтай болно гэдэг. Энэ бол хадгалж чадахгүй байгаагийн хамгийн том шалтгаан”

Зээл, хадгаламж бол зэрэгцээ орших систем шүү дээ.

Таны хувьд хадгаламжаа 6 дансанд хуваарилж байгаа. Энэ бол хүмүүст өгч байгаа жишээ, загвар гэж ойлгож байна. Хүн бүр өөрийн дансаа янз бүрээр хуваарилж болох байх, эдгээрээс зайлшгүй байх шаардлагатай дансыг нэрлэвэл?

Яагаад олон данс санал болгож байгаа вэ? гэхээр, Бид мөнгөтэй байж сураагүй учраас нэг дансанд бүх мөнгө байх үед жаахан аюулгүй болж байгаа мэт мэдрэмж төрнө, тэгээд замбараагүй хэрэглэнэ. 10 сая төгрөгтэй байж үзээгүй хүн 10 саятай болохоороо өөртөө их итгэлтэй болчихно. Тэгээд багыг ч гэсэн үрж болох юм шиг санагдана. Юу авна гээч, машин авна. Саяхан “хадгаламж өлсөхөөс эхэлнэ” фейсбүүк групп дээр мөнгөө ярайтал цуглуулсан нэг бүсгүйн түүхийг уншсан. Бэлэн мөнгө цуглуулсан байсан. Гэтэл хамгийн “харамсалтай” нь тэр мөнгөөрөө машин авчихсан.

Олон хуваарилахын давуу тал нь мөнгийг зардлын утгаар нь буюу зориулалтынх нь дагуу ангилж өгдөг. Аяллын дансан дахь мөнгөөрөө сурч эсвэл худалдан авалт хийж болохгүй. Урт хугацаанд байлгаад байх ч шаардлага байхгүй. Аялах л хэрэгтэй. Энэ бол заавал хүний амьдралд байх ёстой категори мөн юм байна гэдгийг ойлгосон. Өндгийг олон сагсанд хий гэх систем чинь л энэ юм даа. Мөн зүгээр хадгалагч байх хэрэггүй. Хадгаламжийг утга учиртай болгож, итгэл өгч байсан данс нь миний хувьд аяллын данс байсан.

Би одоо 13 дансны систем рүү орсон байна.

10 сая төгрөг Таны хадгаламжийн хэдэн хувьтай тэнцэх үед Та шууд зарцуулалт хийх вэ?

Энэ бол систем. Үүнийг эхлээд би өөрөө ч ойлгоогүй. Би 2 жилийн өмнө 25 сая төгрөгийн зээлтэй байсан.

Бид зарлагаа танаж эхэлдэггүй. Машинаа зарахгүй, аятайхан газар хоол идэх, төлбөрөө барагдуулах гээд бүгдийг нь зохицуулах гээд байдаг. Ингэж байгаад л дээшилчих гээд, орлогоо ихэсгэчих гээд л байдаг. Энэ бол боломжгүй зүйл гэж ойлгосон. Энэ үед зардлаа танах л арга хэрэглэсэн. Өөрийн амьдралын чанарыг бууруулна, одоогийнхоо амьдралаас 50 хувиар ядуу амьдарна л гэсэн үг. Анх эхлэхэд олон данс хэрэггүй. Гол нь орлогоо талаар нь харж сурах чухал. 500 мянган төгрөгийн орлого орж ирдэг бол үүнийг 250 мянган төгрөг гэж өөртөө итгүүлэх л хэрэгтэй. Үүгээрээ л амьдар.

Анх 50 хувийн систем дотроо л зээлийн төлбөр, зардлаа холиод байдаг байсан. 6 дансны системд ороод зээлдээ тусад нь хувь бодож, данстай болоод, хэрэглээндээ 15 хувийг нь зарцуулна гээд ялгасан. Одоо бол би 5 хувиар л амьдарч байна. Гэхдээ энэ 5 хувь нь 2 жилийн өмнөх 50 хувиас илүү байхгүй юу. Систем томрол гэж энэ. Цаг хугацаандаа мөнгөө зарцуулж эхлэх буюу юунд зарцуулах вэ гэдгээ ойлгодог болно гэсэн үг.

Та хуримтлалаа 13 дансны арга руу шилжүүлсэн гэсэн, энэ талаар дэлгэрүүлбэл?

Хадгаламжийн багц өссөн. Хүүхдийн хадгаламж, хадгаламжийн тоглоом гэх мэтээр үүсгэж байна. Нэг аргыг нь задалбал, хадгаламжийн биш, энгийн харилцах данс гэсэн үг.Үүнийгээ ХХБанканд хадгалдаг юм. Энгийн дансанд мөнгөө хийчхээд дараа нь тэр данснаасаа хадгаламж руугаа хуваарилж, шилжүүлдэг. Үүнийг “дундын данс” гэнэ. Үндсэн хадгаламж руу мөнгө оруулахын тулд дундын данснаас шийдвэр гаргаж оруулна. Түүнээсээ боловсрол, эрүүл мэнд зэрэг аль хадгаламж руу хуваарилахаа шийднэ.

Энэ дансыг нээсэн шалтгаан нь хадгаламж эвддэг, дайралт хийдэг том дүнтэй худалдан авалтуудаас хадгаламжаа хамгаалж байгаа хэрэг. Яг хуримтлуулаад явж байтал хөргөгч эвдэрнэ эсвэл гэнэт шинэчлэх цаг болчихсон юм шиг санагдана. Тэгээд хадгаламжаа цуцлаад, анхныхаа цэг рүү буцах гээд байдаг. Ийм зүйл дээр хадгаламж руугаа орохгүйгээр дундын данснаасаа зарлага гаргана аа л гэсэн үг.

Бид хадгалах арга барилыг хэрэгжүүлээд эхэллээ. Харин тогтмол хадгалахад, хуримтлалыг дадал болгоход хувь хүнд ямар итгэл үнэмшил хэрэгтэй вэ?

Итгэл үнэмшлийг олно гэж байхгүй. Сэдэл төрсөн бол эхлүүл. Явц дунд дараагийн асуудлууд шийдэгддэг. Тооцоолоод, төлөвлөөд хадгалахгүй шүү дээ, хадгалахаасаа ч дургүй хүрнэ. Хүмүүс “аль банканд хадгалах уу”, “хүү нь хэд вэ”, “ямар валютаар хадгалах уу” гэж их асуудаг. Эргүүлээд Та хэдэн төгрөг хадгалах юм бэ? гэж асуухад “байхгүй” гэдэг. Мөнгөгүй байж их санаа зовдог. Таны байгаа хэмжээ өөрийн тань тархи л байхгүй юу, тэрнээс том зорилго, илүү дээр зүйл төлөвлөчхөөд түүний хойноос явдаг зүйл гэж бараг байхгүй. Та явц дундаа л суралцаж, дараагийн алхмаа харна.

“Хэтэрхий төгс зүйл төсөөлөх, төлөвлөх тусмаа хүмүүс тэндээ гацдаг”

Бодоод л яваад байдаг, орлогоо сайжруулчхаад, зээлээ дарчхаад л болгоно гэж боддог. Эхлэл л хэрэгтэй. Эхэлсний дараа стресс багасна. Итгэл үнэмшил сууна гэж хүлээгээд яах юм бэ? Явц дундаа хүн өөрөө ойлгодог л зүйл.

“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” ном уншаад хуримтлалыг дадал болгосон хүмүүсийн олон гоё гарч байна. Надаас илүү мундаг туршлагыг хүмүүс хуваалцаж эхэлсэн.

Монголчууд түлхүү хүүхдүүддээ, тэднийхээ ирээдүйд зориулж хуримтлал үүсгэдэг гэдэг нь нийт хадгаламж эзэмшигчдийн судалгаанаас харагддаг. Таны хувьд дээрх 13 дансны аль нь хүүхдэд зориулагддаг юм бэ? Мөн хуримтлалын хэдэн хувийг эзэлж байна вэ?

Анх хүүхдийн хадгаламж байдаггүй байлаа. Хадгаламж гэдэг нэг л данс байсан. Одоо бол хүүхдэд зориулах данс 40 хувийг эзэлж байна. Хүмүүс хүүхдэдээ хадгалдаг ч үрчихдэг, барьцаалж зээл авдаг. Ингэж болохгүй

Хуримтлалын дансны аргаа тодорхойлоод, ялгаад, зохиосон дүрмээ өөрөө дагах нь л чухал.

Та сүүлд “санхүүгийн размер” гэх ойлголтын талаар өөрийн сошиал хаягаараа дамжуулан хүргэсэн байсан. Юуны тухай ойлголт вэ?

Бидний яг бодитойгоор хайрладаг зүйл бол санхүү. Өвдвөл, аялбал хэрэгтэй зүйл нь мөнгө. Хуримтлуулж эхэлсэн 2 жилийн хугацаанд би зардал, зээл, хөрөнгөө хооронд нь хольдог гэдгээ ойлгосон.

Санхүүгийн размер нь бүгдийг тусад нь харж, өөрөөсөө ахадсан зардал гаргахгүй, ахадсан зээл тавихгүй байх тухай юм. Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах юм бол, болоогүй байхад илүү үнэтэй утас бариад байвал сайжрахгүй гэдэг л утгатай. Хэдэн хувиа хадгалаад, хэдэн хувиар амьдрах ёстой, болоогүй бол хөрөнгөд яарах хэрэггүй гэдэг л утгыг томьёолж гаргасан явдал.

Банкууд хадгаламжийн үйлчилгээгээ харилцагчдадаа илүү ойртох, амар хялбараар үйлчлэх, тогтмол шилжүүлэх үйлчилгээ, онлайнаар шийдэх гээд бүхий л талаараа улам сайжраад байгаа. Харин орлогоосоо тогтмол татуулж байгаа ч хугацаанаас өмнө цуцлах зэрэг үйлдлийг хийж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Мөнгө хадгалах дадал бол маш сайн, бас хэцүү. Хамгийн гол нь тэвчээр. Монголд ажилтан шалгаруулж авахдаа ур чадвар дээр нь хадгаламжаа тогтмол хадгалуулдаг “skill”-ийг нь сонирхох л хэрэгтэй. Энэ бол хариуцлагатай, биеэ даасан, санхүүгийн шийдвэр гаргах чадвартай хүнийг илэрхийлж чадах үзүүлэлт. Банкууд байгууллагуудад “энэ хүн сар болгон хуримтлуулдаг уу” гэдэг тодорхойлолт гаргаж өгдөг болоосой гэж бодоод байгаа. Хэдийг биш, тогтмол эсэх нь л чухал. Хадгалах үйл явц өөрөө маш том боловсрол. Манайхан тоо болоод мөнгө, хүүндээ л ач холбогдол өгөөд байгаа болохоос биш, тогтмол хуримтлуулж чадах нь өөрөө маш том сургалт. 300 сая төгрөгийн зээлтэй хүн байлаа гэхэд тэр хүн хасах 300 саяын сургалтад суусан гэсэн үг. Өнөөдөр би нэмэх 90 саяын сургалтад суужээ (инээв).

Хүн зарлагыг мэдрэмждээ л суурилж гаргадаг. Сэтгэл хөдлөлийн шийдвэр дээр санхүүгийн тоглолтууд яваад байдаг. Эцэст нь яах юм? Санхүүгийн байдал тань таныг алгадаад л унагаана. Хамгийн том сургалтыг Таны санхүү олгож болдог.

Яг одоо уншигчид маань яг яаж эхлэх вэ? гэдэг зөвлөмж хүсэж байгаа гэж бодож байна. Ямар алхам хийх вэ?

“Орлогынхоо 50 хувийг цаашаа хийчих, тэгээд үлдсэнийг нь хүргэ”

Би гэртээ хоолоо хийж авч явж, машин эвдэрвэл засуулахгүй, хувцас авахгүй гээд зарлагуудаа танаж байлаа. Эхний сард “гал” гарсан тулаан болно. Олон асуудал үүснэ. Ингээд 2,3 сар болоод ирэхэд чи дасаж, хүргэж сурна. Энэ үед л бодит өөрчлөлтүүд эхэлнэ. Хүний тархи бол тулсан газар сайн ажилладаг (инээв). Хүмүүс өөрөө өөрөөсөө гайхалтай зүйл олж хардаг шүү дээ.

Энэ ярилцлагыг уналтаас гарах гэж байгаа хүмүүс уншиж байгаа бол хадгаламж, зээл хоёр зэрэгцээ байдаг шүү гэдгийг л хэлмээр байна. Зэрэгцээ байх хэрэгтэй. Зээлээ дарахын тулд хадгалах хэрэггүй. Зээлтэй байгаад, түүнийгээ тэглээд “за одоо яг л цуглуулна” гэж боддогт тань асуудал байна гэж хараарай.

“Мөнгөтэй хүнд юу хэрэгтэй вэ гэхээр цаг хугацаа хэрэгтэй. Тийм учраас бизнес классаар нисдэг юм”

Коронавирустай холбоотойгоор хувь хүний орлогын албан татварыг 6 сарын хугацаанд төлөхөөргүй боллоо шүү дээ. Үүнийгээ л 6 дансанд хуваарилаад л эхэл л дээ (инээв). Төлж байгаа гэж бодоод л хуримтлуул, сайхан боломж.

Мөнгөгүй хүнд юу чухал вэ гэхээр, цаг хугацаагаа үрээд ч хамаагүй багахан мөнгөө хадгалах хэрэгтэй. Тэр мөнгөндөө ач холбогдол өгч, хэмнэх хэрэгтэй.

Өөрийн хуримтлалыг эхлүүлэх, хадгаламжийн дансаа ЭНД дарж нээгээрэй.

Мөрөөдөлд хөтлөх хадгаламж

Худалдаа, хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

ШУУД: COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай мэдээлэл хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.20/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргажээ

Цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр төр засгаас авч хэрэгжүүлэх долоон шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдугаар сарын 27-нд танилцуулж байв.

Энэ хүрээнд нийгмийн даатгал болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд:

“Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас хэрэгжүүлж буй багц арга хэмжээний хүрээнд нийгмийн даатгал болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.

Аж ахуйн нэгж, байгууллагууд:

Нэг. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Энэ хугацаанд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож баталгаажуулна.

Хоёр. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019 оны тайлангаар 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой татвар төлөгч 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон үйл ажиллагааны орлогод ногдох албан татвараас чөлөөлөгдөнө.

Гурав. Зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлэгч нь 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр түрээсийн орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.

Иргэд:

Нэг. Сайн дурын даатгуулагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Засгийн газраас төлнө.

Хоёр. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд ажиллаж буй Монгол Улсын иргэн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах бусад орлогод ногдох хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутган төлөхгүй.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн даатгал болон татварын тайланг хуулийн хугацаанд цахимаар тайлагнаж хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахыг анхаарна уу” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохиржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл иржээ.

Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна.

Хүний амь хохироосон ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны 23:40 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Чингэлтэй замд Hyundai Sonota-5 маркийн Б жолоочтой автомашин “Сурагчийн гудамж” дахь тоот хашаа, гэрийг мөргөж, гэрт байсан 74 настай, эмэгтэйн амь насыг хохироосон байна. Осол гаргасан жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. /Согтолт-1.81%/

Уг хэргийг хэргийг шалгаж байна.

Харин хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
  • Мөргөлдөх хэлбэрээр-4 байв.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан таван зөрчил бүртгэгдсэн байна.

Сэрэмжлүүлэг

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2.2 хувиар, Бүртгэгдсэн зам тээврийн осол 10.3 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 33.4 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 66.7 хувиар тус тус буурчээ.