Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шатрын холбооноос илгээсэн захидлыг дамжуулж хүндэтгэл үзүүллээ

Дэлхийн шатрын холбооноос шатрын спортод амьдралаа зориулсан шатрын ахмад зүтгэлтнүүдэд зориулсан тэтгэлгийг дөрвөн тивийн 16 орны 17 ахмад шатарчин, дасгалжуулагч, шүүгч, шатрыг хөгжүүлэгчдэд хүртээхээр шийдвэрлэсэн.

Монгол Улсаас Дэлхийн шатрын холбооны “Алтан ном”-д нэрээ мөнхөлсөн, 1960 оноос хойш Дэлхийн шатрын олимпиадад 10 удаа оролцож, дэлхийн шилдгүүдтэй хүч үзэж явсан, шатрын спортын анхны Гавьяат тамирчин, олон улсын мастер Лхамсүрэнгийн Мягмарсүрэн шилдэг тамирчнаар шалгарч 2000 еврогийн тэтгэлгийг авсан билээ.

МШХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өчигдөр ахмад мастераа хүлээж авч уулзан Дэлхийн шатрын холбооноос илгээсэн захидлыг дамжуулж хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр хэлэхдээ “ахмад шатарчин, шатрын спортын анхны Гавьяат тамирчин, олон улсын мастер Л.Мягмарсүрэнгийн шатарт зориулсан итгэл, сэтгэл, зүтгэлээр олж авсан энэ хүндтэй амжилт Монголыг дэлхийд гоёлоo” хэмээн дурдав.

Categories
мэдээ улс-төр

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэнэ

Өнөөдөр байнгын хороодын хуралдаантай. Үүнд:

1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын 6 гишүүн 2019.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны тариалалт, үрийн нөөцийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариаланг дэмжих чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: МАН төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжилтээ хийчихээд мөнгөгүй сонгууль хийнэ гэж матрын нулимс унагаж байна

– Л.БОЛД, Ж.БАТЗАНДАН, Н.АЛТАНХУЯГ НАР АН-Д ОРЖ ИРЭЭД НЭР ДЭВШЬЕ ГЭВЭЛ НЭЭЛТТЭЙ –

Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболдтой ярилцлаа.


-Та Таван толгойн 30 хувийг хувьчлах асуудлыг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсээр байгаа. Энэ асуудлаарх сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байна вэ?

-“Эрдэнэс Таван толгой”-н ажилчид сүүлийн хэд хоног эсэргүүцэл илэрхийлж, ажилдаа алхаж очиж байгаа. Тус компаниас хүн халаад эхэлсэн юм байна. Охин компани нь эцэг компаниасаа өндөр цалин амлаж ажилчдаа хувааж аваад, жинхэнэ “Эрдэнэс Таван толгой” нь борлуулалтгүй болоод их л будлиантай байгаа юм билээ. Охин компаниа татан буулгаж, 30 хувийнхаа хувьчлалыг зогсоо гэж хэлсээр байтал зүтгүүлсээр байна. Улсын их хурал нь 73 дугаар тогтоолоо, ҮАБЗ нь зөвлөмжөө хүчингүй болгохгүй гээд гүрийгээд байгаа юм. Одоо юун Таван толгойн хувьчлал вэ.

Дэлхийн улс орнуудын эдийн засаг өсөх биш улам агшина. Өдөрт хэдэн мянгаараа хүн нас барж байгаа дайных шиг цаг үе үүсчихээд байна шүү дээ. Гэтэл Монголд юу ч болоогүй юм шиг Таван толгойгоо хувьчилна, төсөвт тусгасан 3.2 их наяд төгрөгөөр шаардлагагүй барилга, байшин, усан оргилуур барина гэж байна. Дэлхийн бүх улс орон усан оргилуур бус эмнэлэг барьж, ядуу, эмзэг, ажлаас халагдсан хүмүүстээ тэтгэмж өгч байна. Таван толгойн 30 хувиа хувьчлах асуудал дээр С.Эрдэнэ гишүүний санаачилсанчлан “УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ЭТТ-г хувьчлах асуудлыг зогсоох” тухай тогтоолыг яаралтай батлах хэрэгтэй. Дайны хажуугаар дажин гэж коронагийн дуулианаар далимдуулж Таван толгойгоо хувьчилж болохгүй.

-Таныг хамаарал бүхий гэгддэг “Страто”-д нь ямар ч ашиггүй учраас ийнхүү улс төр хийж байна гэх юм. Хэрэв худал бол таныг яагаад энэ компанитай холбоод байдаг юм бэ?

-Би “Страто”-той ямар ч хамаагүй. Энэ талаарх бичгээ ч Улсын бүртгэлээс аваад хуулийн байгууллагад өгсөн. Намайг “Страто”-той ашиг сонирхлын зөрчилтэй гээд гүтгээд байгаа юм. Гүтгэсэн хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлагаа хүлээнэ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль гэдэг бол өөр асуудлыг зохицуулна. Жишээ нь, саяхан хэвлэлээр гарсан Монголбанк, СЗХ-ны ажилтнууд хувьдаа ББСБ-тай байсан нь илэрсэн нь ашиг сонирхлын зөрчил. Хяналт тавьдаг зохицуулдаг салбартаа ашиг сонирхолтой байхыг хориглодог. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уул уурхайн салбарт шийдвэр гаргадаггүй тул “Страто”-ийн үйл ажиллагаатай хамаагүй юм.

1996 оноос хойш намайг 24 жилийн турш огт хамааралгүй компани, барилга байшинтай хамаатуулж гүтгэж байгаа гүтгэлэгтэй л яг адилхан юм. Ямар ч хамаагүй ор үндэсгүй зүйлээр л гүтгэчихдэг. Өмч хувьчлалын даргаар ажиллаж байх үедээ өчнөөн өмч идчихсэн гэж гүтгэсэн юм. Тэр нь батлагдахгүй болохоор өөр хүний нэр дээр байдаг гээд байгаа юм. Үнэхээр л тийм юм бол түүнийгээ гаргаж ир л дээ. Хамгийн гол нь ийм гүтгэлгүүд эзэнгүй байгаа. Хуучин шар сонин дээр бичихэд эзэн нь олдчихдог байв. Одоо үед цахим орчинд хэн гүтгээд байгаа нь мэдэгдэхгүй болж. Яахав, Кибер аюулгүй байдлын цагдаа нар хөөж байгаад олж байна л даа. Хуулийн байгууллага эхнээс нь олоод торгоод явж байгаа.

-“Эрдэнэс Таван толгой”-н хувьчлалын асуудлыг хөндсөнөөр Ерөнхийлөгч та хоёрын дунд маргаан үүссэн, түнжин тааруу байгаа гэдэг нь үнэн үү. Үүнээс болж таныг ажлаа өгөх болсон ч гэх юм.

-Ерөнхийлөгч бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Мэдээж бүх зүйл дээр 100 хувь санал нийлнэ гэж байхгүй шүү дээ. “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг хувьчлах асуудалд би эсрэг л байгаа. Анх яригдахад нь ч, одоо ч эсрэг байгаа. Ерөнхийлөгч ҮАБЗ-өөр Таван толгойн 30 хувийг таван тэрбум ам.доллараар зарахад болно гэсэн тэр зөвлөмжийг гаргаад өгчихсөн. Гэтэл явсаар байгаад коронагаас өмнө нэг тэрбум ам.доллар болсон. Одоо бол нэг тэрбум ам.долларт ч хүрэхгүй. Ийм тохиолдолд болохгүй шүү дээ гэж хэлсэн. Үүн дээр бол адилхан л байр суурьтай байгаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс энэ цаг үед УИХ-ын сонгуулийг хойшлуулахаас өөр аргагүй гэж байгаа. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Иран улс цар тахал дөнгөж тархаж байх үед сонгууль хийгээд хэдэн мянган хүнээ алдчихлаа. Тийм асуудал гаргахгүйн үүднээс сонгуулийг хойшлуулах нь зөв. Бид монгол хүн тусдаггүй юм байна, тэнгэр заяатай гэх зэргээр ярьж байна л даа. Энэ нь сайндаа ч биш зүгээр л хүйтэн байсан учраас л вирус нь тархаагүй юм шиг байгаа юм. Энэ вирус +12 градуст хамгийн удаан амьдардаг юм байна. Ирэх саруудад улам дулаарч, хэдэн мянгаараа өвчлөөд эхэлбэл яах вэ. Юун сонгууль манатай л болно шүү дээ. Өнөөдөр тийм зүйл болоогүй байгаа нь тайвшрах шалтгаан биш гэж үзэж байгаа. Сонгууль хүнийг олноор цуглуулдаг, өвчин тархах нөхцөлийг бүрдүүлдэг учраас л болгоомжлоод байгаа юм. Түүнээс өнөөдөр болохоо байчихсан учраас сонгуулиа больё гэж байгаа юм биш. Сонгуулийн үйл явц нь өвчин тарааж магадгүй учраас л тэр.

Гэхдээ БНСУ сонгуулиа хийчихлээ л дээ. Япон, БНСУ-ын сонгууль хүн цуглуулж уулзалт хийдгүйгээрээ манайхаас өөр юм. Нэр дэвшигч нь чанга яригчтай машин дээр зогсоод өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулдаг. Тиймээс сонгуулийн сурталчилгааны явцад хүмүүс өвчин тусах магадлал нь бага.

-Эрх баригчдын зүгээс сонгуулийг хойшлуулах шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлсээр байгаа. Магадгүй сонгууль хойшлохгүй байх нь эрх баригчдын хувьд ашигтай болов уу.

-Эрх баригчид юу хүссэнээ хийх эрхээ 2016 онд 65 гишүүнтэй болсноор авчихсан. Сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрөө огт биелүүлээгүй бөгөөд яг эсрэгээр нь хийсэн. Мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн ч дандаа УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар байгуулж, хоорондоо муудалцан хоёр ч удаа сольсон. Татвар нэмэхгүй гэсэн ч арван татвар нэмчихлээ. Ийнхүү бантсан МАН сонгуульд орох гэж байгаа. Ковид гэгчийг сонгуульдаа ашигтайгаар ашиглах гэж янз бүрээр л оролдож байна. Үүнийг улстөржүүлж сонгуульдаа ашигтайгаар ашиглаж болохгүй, эсрэгээр нь сөрөг хүчний намтайгаа хамтарч хүндрэлээс гарах ёстой юм. УИХ-ын саяын баталсан Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөө гэх зүйл онигоо шүү дээ. Өнөөдөр АНУ-ын жилийн 75 мянган ам.доллараас дээш орлоготой бүх хүн 1200 ам.долларынхаа тэтгэмжийг авч байна. Хэн 75 мянган ам.долларын татвар төлсөн эсэхийг улс нь мэдэж байна гэсэн үг. Тийм гэр бүлийн хүүхэд бүр 500 ам.доллар авч байна. Манайд мал малладаггүй, УБ хот, аймгийн төвийн орлогогүй, ажилгүй болчихсон, эсвэл угаасаа ажилгүй байсан хүмүүс хоолны мөнгөгүй болж, өлсгөлөн эхэлнэ. Тэр үед нь туслах зориулалтаар хямралын эсрэг тэмцэх төлөвлөгөөн дотор бэлэн мөнгө тараах тухай байх ёстой. Гэтэл УИХ-аас таван их наяд төгрөгийн зээл аваад хямралын эсрэг тэмцэх төлөвлөгөө баталлаа л гэж байгаа ч хэрэгжсэн зүйл нь тэг байна шүү дээ. Ноолуур 100 мянган төгрөгөөр авна гээд л Ерөнхий сайд нь хэлдэг, Ч.Улаан сайд маргааш нь гарч ирэнгүүтээ манай нутгийнхан л 100 мянган төгрөгөөр зарна, бусад нь 75 мянган төгрөгөөр зар гэж байна. Ерөнхий сайд худлаа хэлсэн, 100 мянган төгрөгөөр бүх ноолуурыг худалдаж авахгүй, заримыг нь авна гэх жишээтэй. Ингэж зах зээлд буруу сигналь өгөөд байна л даа.

-Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх хэрэгтэй гэх байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлсэн. Үүнийг юу гэж ойлговол зохих вэ?

-Хямралын үед Онцгой байдлын газар, Шадар сайдын үүрэг ихэсдэг хуультай. Энэ нь удирдлага нэг гарт төвлөрч байна гэсэн үг. Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам тус бүртээ өөр зүйлс яриад байхгүйгээр нэг толгойтой болно. Бусад улс орон шиг яам болгон нь хэдэн тийш хараад суучих юм бол хямралтай тэмцэж чадахгүй. Түүнээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд Үндсэн хуулиар хуваачихсан засаглалыг нэг гарт төвлөрүүлэх тухай хэн ч, хэзээ ч яриагүй. Манай гамшгийн үеийн хууль тогтоомж боловсронгуй биш байна, учир нь анх удаа дэлхий нийтийг хамарсан хямрал болж байна. Аль ч оронд, ямар ч түвшинд тарж магадгүй гэдэг нь гол аюул байна. Яахав, бид өвчин гармагц хилээ хааж арга хэмжээ авсны хүчинд дотоодын өвчин тархалт алга. Одоо зөвхөн гаднаас ирж буй хүмүүсийн хүрээнд л байна. Тэр хүмүүс дэглэмээ сахиад гарчихвал аюулгүй л байна шүү дээ.

-Зарим хуульчид Ерөнхийлөгчийг хүнд цаг үеийг ашиглаж төрийн эрхийг гартаа авах гэж санаархаж байна гээд байгаа л даа.

-Үндсэн хуулиас хэтэрсэн зүйл огт яриагүй. Юу ч гэж хардаж болно. Гэхдээ бодитой зүйл дээр хардах ёстой. Хямралын үед Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл байна гэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал руу оруулаагүй биз дээ. Тэгэхээр Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн эрх хэмжээ яг хэвээрээ байгаа.

-Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ дэнчингийн 100 сая төгрөг авч байгаа нь хууль бус гэж шүүмжлэх хүмүүс байна. Х.Ганхуяг 100 сая төгрөгийн дэнчин төлсөн 180 хүн байна гэдгийг ч хэлж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсад 33 улс төрийн нам бий. Бүгдээрээ ч юм уу зарим нь сонгуульд орох байх. Дэлхийн аль ч улсад сонгууль гэдэг мөнгө, мөнгө бас дахин мөнгө гэдэг үг бий. Сонгуулийн Ерөнхий хорооны гаргасан тарифаар хамгийн багадаа 400 сая, ихдээ 750 сая төгрөгийн зардал нэг нэр дэвшигчээс гарах юм. Зөвшөөрөгдсөн мөнгө нь энэ. Мэдээж бүх нэр дэвшигч үүнийг гаргах чадвар байхгүй байх. Энэ мөнгийг хувиасаа гаргаад сонгуульд ор гэсэн үг аль ч хуулинд байхгүй. Дэлхий даяар энэ мөнгийг хандиваар цуглуулдаг. Хамгийн сүүлийн жишээ АНУ-ын Ардчилсан намын доторх сунгаанд энэ мөнгөний асуудал маш тодорхой харагдсан. Долоо хоногийн дотор нэг сая ам.доллар цуглуулж чадахгүй бол нэр дэвшигчдийн мэтгэлцээнд оруулахгүй гэдэг дүрэмтэй. Хандив цуглуулж чадаагүй нэр дэвшигчид нь хасагдаад л яваад байдаг. Утга нь “Чамайг нэг сая хүн дэмжиж тус бүр 10 ам.доллар хандивлахгүй байгаа бол жинхэнэ сонгуульд чи амжилт олохгүй, иймд манай нам дэвшүүлж чадахгүй” гэдэг. Тухайн нэр дэвшигчийг дэмжигчгүй юм байна гэдгийг мөнгөн дүнгээс нь харж байгаа хэрэг. Мэдээж тэр мөнгөө хэдийг нь компаниудаас, хэдийг нь хувь хүнээс авах вэ гэдэг нь хуульчлагдсан байдаг. Монголын хууль яг адилхан. Хувь хүнээс нэг сая хүртэлх, компаниудаас 10 хүртэлх сая төгрөгийг улс төрийн нам сонгуулийн бус үед цуглуулж болно. Ийм мөнгийг хандивлах ажлыг зохион байгуулсан хүнийг АН нэр дэвшүүлнэ гэж байгаа болохоос биш байшингаа зараад 100 сая төгрөг авчраад дэвш гээгүй. АН-д орсон бүх шилжүүлгийг шалгадаг газар нь шалгаж, зөрчил байна уу гэдгийг харах ёстой. Бүх данс нь шилэн байгаа АН-ыг шалгахаас гадна бусад 32 намыг хэрхэн санхүүжилтээ бүрдүүлж байгааг шалгах хэрэгтэй. АН түрүүлээд АНУ шиг нэр дэвшигчдээ нийгэмд хэр нэр хүндтэйг нь дүгнэх гээд, Улс төрийн намын тухай хуулийн 18-д заасанчлан хандивыг цуглуулснаасаа болж муулуулахгүй. Ганцхан нам хуулиа дагаж, түүнийг нь бүгдээрээ нийлж муулдаг нь юу вэ. Бусад нь яаж санхүүжиж байгаагаа нууж байгаа учраас хууль бус юм. Манайхыг МАН-ын гишүүн Х.Ганхуяг гэдэг хүн дэлгэлээ гэж байна. Мэдээж тэр жагсаалт нь худлаа. 180 хүн мөнгөө өгөөгүй гэдгийг нь би мэдээд байна. Цуурхал тараагаад байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцох ёстой.

-Таныхаар МАН хэрхэн санхүүжилтээ бүрдүүлж байгаа бол. Эрх баригч намын дарга мөнгөгүй сонгууль хийнэ гэх зүйлийг ярьсан. Ийм боломжтой юу?

-Мөнгөгүй сонгууль энэ дэлхий дээр байхгүй. Бид МАН-ыг хардаж байгаа. Сүүлийн дөрвөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 9.6 их наяд төгрөг. Энэ их мөнгөний ажлыг хийх тендерт дандаа МАН-аас сонгогдсон УИХ ИТХ гишүүд дарга сайд нарын хамаатан садны хамаарал бүхий компаниуд шалгарсан байдаг. Одоогийн улсын төсөвтэй тэнцэх мөнгийг тараачихсан. Энэ мөнгөөрөө л сонгуульд орох гээд байгаа юм. Хамаарал бүхий этгээд нь үнийн дүнгийнх нь тодорхой хувийг сонгуульд нь хандивлаад байна гэж хардаж байна. Хандивлагчдаа зарла гэхээр хамаатнууд нь ил болчих гээд түүнийгээ л нуугаад байгаа юм. Миний бодлоор МАН өнгөрсөн дөрвөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сонгуулийн мөнгөө хийчихээд мөнгөгүй сонгууль хийнэ гэж матрын нулимс унагаж, худал ярьж байна.

-АН-д нийт 108 хүн дэнчингээ өгчээ. Үүнээс 76 нь нэр дэвшиж таарна. Тэгэхээр үлдсэн хандив өгсөн хүмүүс нь яана гэсэн үг вэ. Хэрэв АН ялвал сайд, даргын албан тушаалд очих уу?

-108 хүн дэнчингээ өгсөн. Иргэнээр бодвол 10.800 хүнээс дэнчингээ цуглуулж өгсөн гэсэн үг. Компаниар бодвол үүнээс 10 дахин бага байна. Мэдээж энэ 108 хүнээс 76 нь л нэр дэвшинэ. Бусад нь нэр дэвшсэн хүмүүстээ тусалж, сонгуульд ажиллана. Улс төрийн нам сонгуулиар эрх авлаа гэхэд гишүүн хүн сайд болж болохоо больчихсон учир гаднаас сайд нараа томилох ажилд орно. Мөн багийн ЗД-аас эхлээд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүртэл 2000 гаруй улс төрийн албан тушаалтан сонгуулийн дүнгээр солигдоно.

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг шаардлагад нийцэхгүй гэх үндэслэлээр Үндэсний аудитын газраас буцаасан. Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ гэх зорилтыг бодитой хэрэгжиж чадахгүй гэж үзсэн болов уу. Мөрийн хөтөлбөрөө хэрхэн өөрчилсөн бэ?

-Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөг болгоно гэх зорилт байж болно. Түүнийг Үндэсний аудитад тайлбарласан л байх. Аудит аль нэг намыг сонгуульд орох эсэхийг шийддэг байгууллага биш. Тэнд тавьсан тоонууд нь манай улсын эдийн засгийн боломжоос хэтэрч үү гэдгийг л шалгаж байгаа. Улсын төсөвт үргэлж өнөөдрийнх шиг 10 орчим их наяд төгрөг байхгүй, цаашид өсөн нэмэгдэж л таараа. Энэ хэрээр эмч, багш, цагдаа гээд бусад төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж л таарна. Улсын төсөв өсөхийн тулд олон үйлдвэр байгуулагдаж олон зуун мянган хүн ажилтай болох нөхцөлийг бүрдүүлнэ. Тэдгээр үйлдвэрийн ажилчдын авдаг цалинг улс тогтоохгүй. Ямар ч байсан одоогийнх шиг бүх үйлдвэрээ хаачихаад улсын төсвийн мөнгийг хамаатан садныхаа компанид өгөөд байдаг буруу практикийг АН нэн дариу зогсооно.

-Ардчилсан нам бусад нам бусад нам, улстөрчидтэй сонгуулийн үеэр хамтрах боломжтой гэх утга бүхий уриалга гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор Н.Алтанхуяг, М.Энхсайхан, Лу.Болд нарыг эргэн намдаа ирэх гэж байна гэх юм. Энэ хэр бодитой вэ?

-Ялангуяа Ардчилсан намаас салаад явсан, энэ сонгуульд нэр дэвшье гэсэн хүмүүс эргэн ирвэл хамтрах боломжтой юм. М.Энхсайханы хувьд АН-аас маш олон жилийн өмнө гарчихсан. МҮАН-тай хамтарч болохоос тэр өөрөө биш. Учир нь М.Энхсайхан нэр дэвшээд гарахгүй учраас бид нэр дэвшүүлэх тухай бодохгүй байгаа.

-Яагаад гарахгүй гэж?

-Ийм их хэрэг түвэгтэй хүн чинь яаж гарах вэ дээ. Нэр дэвшихтэй манатай л байгаа биз дээ. Элчин сайд болоод намаасаа гараад явчихсан юм билээ. Л.Болд, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар орж ирээд нэр дэвшье гэвэл нээлттэй. Энэ уриалга энэ сарын 24-нийг хүртэл хүчинтэй. Одоогийн сонгуулийн систем жижиг намуудад халгаатай юм. 2012 онд намын жагсаалтаар санал авдаг байхад жижиг намд ашигтай байсан. Одоо бол тэр байхгүй болсон. Тиймдээ ч жижиг намууд яагаад ч амжилт олохгүй. Хоёр том намд л хамгийн ээлтэй систем юм. Иймд жижиг намууд том намаа бараадах ёстой. Хоёр арга бий. Нэг нь эвсэл болдог. Нөгөөх нь өөрийнхөө намыг сонгуульд оруулахгүйгээр өөрөө том намын тохирсон тойрог дээр нэр дэвшдэг. 2016 онд бид үүнийг хэрэглэсэн. Эрэл, ИЗН сонгуульд ороогүй. Б.Эрдэнэбатыг Хөвсгөлөөс, өмгөөлөгч Р.Булгамааг Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлсэн. Гэх мэтээр ирээдүйтэй, гарчихаж болохоор хүмүүстээ, жижиг намуудтай хамтарч ажиллана. Манайхаас салаад явсан хүмүүс буцаж ирээд нэрээ дэвшүүл гэж байгаа юм. Одоо хагарч ордог цаг биш байна. Хэрэв тэгвэл 2000 он шиг ялагдана. Хамтраад орвол 1996 он шиг ялна.

-Хамтрахаар саналаа илэрхийлсэн хүмүүс бий юү. Тэр дундаа дээр дурдсан эрхмүүдээс хүсэлт ирсэн үү?

-Хүсэлтээ өгөх байх гэж бодож байна. Ингэж хамтаръя гэдэг санал нөгөө талаас гараад байгаа юм.

-АН ирэх сонгуульд өөрсдийгөө хэрхэн оролцоно гэж харж байгаа вэ. Судалгааны дүнгээр ч юм уу ямар нэгэн байдлаар багцаа авсан зүйл бий юү?

-Судалгаа байнга хийгдэж байгаа. Монголын ард түмэн улаан, цэнхрээр нь дөрвөн жил тутамд сонгодог хэвээрээ л байгаа. Энэ жил коронавирус гарсантай холбоотойгоор сонгууль цагтаа болох эсэх нь тодорхойгүй байна. Ямартаа ч 65-уулаа болсон МАН-ыг улс орныг хөгжүүлчих юм байх гэж бодсон ч хоёр жил болоод л Засгаа унагаасан. Улсын төсвөөс байнга тендер авдаг 15 мянган компани бий. Цензургүй яриагаар гараад байгаа МАН-ын УИХ ЗГ ИТХ гишүүдийн хамаатнууд шиг гэсэн үг. Үлдсэн 85 мянган компани нь МАН-ыг эрх барьж байгаа үед дагавар хүүхэд шиг нь л байж, тендер огт олгодоггүй. Тэд энэ 15 мянган компанийг өөд нь татахаа бодож байгаа болохоос биш нийт Монголын эдийн засгийг өөд нь татах тухай бодохгүй байна.

-Ардчилсан намаас эдийн засгийн энэ хүнд үед ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм бэ?

-АН өргөн барьсан хямралтай тэмцэх хөтөлбөрийг УИХ хэлэлцээгүй. ЗГ-аас өргөн барьсантай хамтруулаад хэлэлцээд төсөвт тодотгол хийх замаар явсан бол эдийн засгийн хүндрэлээс хохирол багатай гарах боломжтой байсан. Жишээ нь, ажлаасаа халагдсан хүн бүр ажилгүйдлийн тэтгэврээ 76 хоног авдаг. 77 дахь хоногоос эхлээд гурван сарын турш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгө буюу 1260000 төгрөгийн тэтгэмжийг төсвөөс өгье гэсэн юм. Ипотектэй 100000 өрх нэг жилээр 400 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулах гэх мэтийн шал өөр хүндээ хүртээмжтэй хөтөлбөрийг хэлэлцсэнгүй.

-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр оновчтой байна гэж харж байгаа вэ. Иргэдээ гаднаас авчирч байгаа нь зөв үү?

-Манай улсын эрүүл мэндийн систем хэдэн арван мянган коронатай хүн ирэхэд хүлээж авах боломжгүй байгаа. Шаардлагатай амьсгалын аппарат нь мянгаар хэрэгтэй байхад 100 ширхэг байгаа үгүйг ч мэдэхгүй байна. Нью-Йорк муж л гэхэд 50 мянган аппарат нөөцлөх тухай ярьж байна. Болохгүй бол урлагийн том танхимуудаа суллаж, амьсгалын аппаратаа ор болгоны хажууд тавьж бэлдэнэ гэнэ. Манайд тийм бэлтгэл байхгүй. Их л болгоомжтой хандах хэрэгтэй. Өвчинтэй тэмцэж байгаагаараа улс төр хийж огт болохгүй. Аюултай ажил л даа. МАН үүнийг сонгуульд амжилт олох боломж гэж бодоод байх шиг байгаа юм.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Автомашины зай хураагуурыг устгах, дахин боловсруулах үйлдвэр Монголд байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Японы Элчин сайдаас хүсэв

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа. .Энх-Амгалан сайд импортоор орж ирж буй хуучин автомашины 80 орчим хувь нь Япон Улсаас орж ирдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах хэд хэдэн санал байгааг онцлов. Тухайлбал, Япон Улсаас цахилгаан болон хосолмол /hybrid/ хөдөлгүүртэй машин нь импортлогдож буй автомашинуудын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан зай хураагуур байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Иймд эдгээр автомашины зай хураагуурыг устгах, дахин боловсруулах үйлдвэрийг монголд байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүсэв.

Мөн Япон улсад ашиглагдаж байхдаа зам, тээврийн осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, цаашид ашиглах боломжгүйгээр эд ангийн эвдрэл үүссэн автомашинуудыг импортлон, манай улсад дахин засварлаж өндөр үнээр иргэдэд худалдаж байна. Энэхүү зохисгүй байдал нь хүрээгээ тэлж, хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засагт ноцтой хор хохирол учруулж байгааг онцлоод Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Япон Улсын холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллаж, тус улсаас монгол руу импортолж буй автомашины түүхийг үнэ төлбөргүй авч, иргэдийг мэдээллээр хангах шаардлага бий болсныг тэмдэглэв.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд манай улсын зам, тээврийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж байгааг онцлоод салбарын хүний нөөцийг чадавхжуулах, Япон Улсад инженер техникийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Кобаяаши Хироюки хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, ЗТХ-ийн сайдын тавьсан саналууд дээр онцгой анхаарч, Засгийн газартаа уламжлан, тодорхой шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа тэмдэглэв.

Монгол, Япон улсын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудал баригдаж, одоогийн байдлаар Япон Улсын тал менежментийг хэрэгжүүлэх ажлын 51 хувийг гүйцэтгэж байгааг дурдаад энэхүү нисэх буудлыг төлөвлөгөөт хугацаанд нь үйл ажиллагааг эхлүүлэх талаар талууд санал солилцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бидний хэн нь ч баатар биш, гэхдээ хүн болгонд хамгаалах ёстой ойр дотны хүмүүс бий

Өнөөдөр залуус хайнга байна. Ерөнхийдөө монголчууд маань тийм нэг пээдгэр байна. Цэцэрлэгт хүрээлэнд алхаж яваа нэгэнд “Маскаа зүү” гэсэн шаардлага тавихад “Чамд ямар хамаатай юм” гэх залуу байна. “Би яах ч үгүй ээ” гэчихээд алхаад явчихаж байгаа хүн ч телевизээр харагдлаа. Залуус маань шөнө орой гадуур маш их сэлгүүцэж байна. Дийлэнх нь амны хаалтгүй. Байрны гадна талбайд арав хориороо бөмбөг тоглож буй хүүхэд залууст амны хаалтаа зүү гэж шаардлага тавихаар гайхаж харах юм. Энэ бүх хэнэггүй, юу ч үзээгүй, баатарлаг царайлсан нөхдүүдийг харахаар маргааш ч ирж мэдэх хатуу үнэнийг хэлмээр санагдлаа. Ялангуяа залуучууддаа онцгойлон хэлье. Өнөөдөр энэ дэлхий дээр коронаг дийлсэн нэг ч баатар байхгүй. Нэг ч эрдэмтэн алга. Коронагийн өмнө од, баян, дарга бүгдээрээ сөхөрч байна. Ийм аймшигтай цаг үед залуус минь юу ч тусдаггүй, юунд ч өртдөггүй баатар царайлж явахаа больцгоо.

Дэлхий нийтийг хар. Ганц төрсөн дүүгээ коронагаар алдчихаад уйлж чарлаж байгаа англи залуугийн бичлэгийг харсан уу. Хотынхоо сагсан бөмбөгийн лигт тоглодог 18 настай дүү нь “Та хөл бөмбөг тоглохоор явах хэрэггүй ээ, явлаа ч амны хаалт хэрэглэ. Би хүртэл гадуур гарахгүй байхад…” хэмээн гуйхад, ах нь огт тоолгүй, юу гэж хэлээд гарсан байдаг гээч “Бид нар шиг виски ууж, пицца иддэг хүмүүс тусдаг өвчин биш. Тариачингууд, өт хорхой иддэг хүмүүс л тусдаг өвчин” гэсэн байгаа юм. Ингэж баатарлаг царайлаад гарсан 20 настай ах нь вирус тээж ирээд дүүдээ халдааснаар өөрөө амьд, дүү нь үхсэн, өчигдөрхөний аймшигт түүх энэ. Корона дөнгөж эхэлж, Хятад тэвдэж байх үед Европт залуус нь ийм л пээдгэр, яг өнөөдрийн манай маскгүй залуус шиг загнаж байсныхаа горыг өнөөдөр тэд яаж амсаж байна. Итали, Испани, Франц, Англи… бүгдээр өнөөдөр үхэж байна. Үхсэн иргэдээ оршуулж дийлэхгүй байна. “Бид яах ч үгүй” хэмээн баатарлаг царайлж байсан Европын залуус өнөөдөр “амьтан” болчихсон, аврал хайрла хэмээн Орос руу харан мөргөж, Европын холбооны тугаа бөхийлгөж, Орос, Хятадын тугийг залаад сууж байгаа нь эмгэнэл биш үү. Ердөө нэгхэн сарын дотор болж буй хэрэг явдал шүү дээ. Америкчууд эхэндээ “Амны хаалт хэрэглэх шаардлагагүй” гэж нийгмээрээ нэг ярьсан. Ингэж ярьснаасаа аравхан хоногийн дараа амны хаалт замаас нь хусах хэмжээнд хүртлээ коронад алуулж байна. Нас барагсдынх нь тоо 800, 900-гаараа өдөрт тоологдлоо. Бас л өнөөх л баатарлаг дүр эсгэсний гор нь энэ. Тийм болохоор бидний монголчууд, бидний монгол залуус өнөөдөр ийм аймшигтай нүүр тулмааргүй байна. Вирус тээж очоод ээж аавдаа, эхнэр хүүхдэдээ тарааж, өөрсдөө аваачиж тараасан вирусэнд ойр дотны гэсэн бүгдээ хөнөөхийг хүсээд байгаа юм уу. Тиймгүй бол тэнэглэхээ боль, залуус аа. Үхсэн элэнцгийн чинь “Чамд хамаагүй, Би яах ч үгүй” хэмээн пээдэлцэж, амны хаалтгүй алхацгаах. Аав ээждээ вирус аваачиж тараан алахаар шийдээ юу гэж амны хаалтгүй хүн бүхэнд хэлмээр байна!!!

Өнөөдөр бид дотооддоо халдваргүй байгаа нь их хувь заяа. Гэхдээ маргааш юу болохыг хэлж мэдэхгүй. Монголын хүчин чадал юу билээ. Африкт гурван сая хүн тутамд сэхээний таван ор байгаа. Гурван сая Монголд маань вирусийн орчинд яг ажиллахаар бэлтгэгдсэн мэргэжлийн эмч ердөө 15-хан байгаа. Энэ тоог хэлж болох эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ мэдээлчихье, “баатар”-уудад сэрэмж болог. 200 000 хүн тутамд мэргэжлийн нэг л эмч оногдож байгаа бодит үнэн энэ юм. Үнэн ийм байхад амны хаалтгүй яваа нөхдүүд минь та нар аав ээж, ах дүүс, хань ижил, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээ. Цаашлаад эх орныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээ. Энэ өвчний өмнө хэн ч юу ч биш. Муу зүйлтэй нүүр тулж, муугаа үзэж байж ойлгох гэдэг монгол зангаасаа одоо татгалз.

Өнөөдөр эх оронтой иргэнийхээ буяныг эдэлж, гадаадаас хэл амгүй ирсэн, ирээд асрамж халамжинд хэд хонож /тусгаарлалт/ гэртээ гарцгаасан, гарчихаад хэдийнэ гадуур гараад давхичихсан нөхдүүдэд зөөлөн хандмааргүй байна. Тэдний хойноос хууль хяналтынхан, эмч нар, төр нь хөөцөлдөж бөөн юм болж яваа нь үнэндээ гунигтай байна. Өнөөдөр бид өөдрөг, бүгдийг даван туулах эр зориг, эрч хүчтэй, ухаалаг байх ёстой. Мэдээж муутай нүүр тулчихаагүй байгаа болохоор итгэлтэй, давлиундуу байгаа нь үнэн. Зэрэгцүүлээд урьдчилан бүгдийг харах, гарцаагүй ирж мэдэх үйлийн өмнө бэлтгэлтэй байх нь хамгийн чухал болчихоод байна.

Урьдчилсан бэлтгэл гэдэгт олон зүйл хамаарна. Урин дулаан болж байгаа учраас хүүхдүүд гадаа их гарч байна. Үүнтэй зэрэгцээд хяналт шалгалт, цагдаа, хорооныхон гадуур нэлээн явах боллоо. Амны хаалтаа зүүхийг, гэрээсээ гарахгүй байхыг шаардаж байна. Гэртээ эцэг эх нь байгаа хүүхдүүд амны хаалттай, дээр нь гэртээ орчихож байна. Гэртээ том хүнгүй хүүхдүүд орохгүй байна. Эндээс монголчуудын нэгэн шинэ хандлага анзаарагдах боллоо. Залуувтар гэр бүлүүд, бага насны хоёроос дээш хүүхэдтэй монголчууд ерөнхийдөө тэнэмэл, гэртээ байх дургүй болчихож. Хүүхдүүдээсээ залхдаг болчихож. Ядаж л нөхөр нь, хүүхдээ загнах эхнэрээсээ залхаад гараад явчихдаг. Эхнэр нь нөхөртэйгөө барьцаад гарахдаа аав ээждээ хүүхдээ аваачаад өгчихдөг. Бодит амьдралын хэн ч анзаарахгүй ийм үнэнээс шалтгаалж, хүүхдүүд гадуур маскгүй, хараа хяналтгүй ганийж байна. Вирусийн ийм ноцтой үед амьдралын энэ мэт бодит үнэнд дүн шинжилгээ хийж, Монголын нөхцөлд тохирсон бэлтгэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй байгаа юм. Өнөөдрийн нөхцөлд Монголд тоглоомын талбай, гүйлтийн зам дагасан хэдэн зуун хүн байна. Цагдаа нарын үгийг жаахан авдаг бусад хяналтыг үнэндээ тоохгүй байна. Хувь иргэн бүр хариуцлагажиж чадахгүйд хүрвэл биднийг ийм хувь заяа хүлээж байна. Төрөөс шууд хорио тогтоон гэрт хорьж, орой бүхэн Солонгосын өнөө айхавтар “Ханиад” киног үзүүлж, маск зүүж хэвштэл нь торгож, эрх чөлөөг нь гозойтол хязгаарлах. Тэр эдийн засаг масаг бол өнгөрнө. Ийм болохоор “Хүний хамгийн дээд аз жаргал бол эрх чөлөөтэй байх” гэдэг үгийг өдөр бүхэн сана. Эрх чөлөөгөө хазаарлуулан, харанхуй нүхэнд байгаа мэт болтлоо хүндрэх эсэх нь зөвхөн та бидний амны хаалтаа зүүх, гадуур хамаагүй сэлгүүцэх байх өчүүхэн зүйлээс л шалтгаална. Ийм өчүүхэн үүрэг харицлагаас л маш том аз жаргал маань шалтгаалахаар байгаа биз…

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 21-нд болох үйл явдлууд

10.00 цагт ОБЕГ-т “Дэлхийн Зөн Монгол” байгууллагаас халдвар, хамгааллын иж бүрдлийг ариутгалын төхөөрөмжийн хамт хандивлана.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагт АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт ОБЕГ-т Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12.00 цагт Улаанбаатар-Дарханы замаар зорчихдоо эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон иргэд шүүхэд хандах талаар мэдээлнэ.

12.30 цагт Тээвэрчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Би өөртөө санаа зовохгүй байна, шүүх, хууль ёс шударга байхгүй бол Монгол доройтно

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар юу яригдав. Танай өмгөөлөгчдийн зүгээс ямар нэг асуудал тавьсан уу, танаас ямар асуултууд асууж байна вэ?

-Урдчилан хэлэлцүүлэг гэдэг нь прокуророос өгсөн материал дээр үндэслэж анхан шатны шүүхээс бэлдэж өгсөн хавтаст хэргүүд дээр ямарваа шийдэл гаргаж болох тухай талууд маргалдаж, гэм буруутай эсэхийг шийдэх Шүүхийн хурлын тов тогтоох явдал юм байна лээ. Миний өмгөөлөгч Оросоо “Таван толгой төсөл хэрэгжээгүй, хэрэгжээгүй учир гэмт хэрэг гэж үзэх бололцоогүй. Прокурор төслийг өргөн барьснаар хэрэг үйлдэгдсэн гэсэн нь буруу, бусад бэлтгэсэн материалууд дутуу, нэг талыг барьсан, дахин мөрдөн байцаалтад нягтлуулах ёстой” гэх мэт санал тавьсан. Шүүх энэ гомдлыг нь Шүүх хуралдаанаар авч үзье гэж тайлбарлаад дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг тогтоосон захирамж гаргалаа.

-Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт тавих боломжтой юм билээ. Таны хэргийн явцыг анзаарахад аТг, прокурор илт улстөржиж хандсан нь ил байсан. шүүхэд тодорхой хүсэлт, гомдол санал тавив уу?

-Надад холбогдох хэрэг гэгчээр өмгөөлөгч прокурорт нийтдээ 11 удаа хандаж миний талд нотлох баримтуудыг хавтаст хэрэгт оруулах талаар ажилласан байдаг. Харамсалтай нь өмгөөлөгчийн гомдлыг АТГ, Прокурор ойшоогоогүй, зөвхөн хүнийг яллах улс төрийн ажиллагаа хийсэн. Шүүх хэрхэн шийдэхийг урьдчилж хэлж чадахгүй.

Миний зүгээс Шүүхэд хандаж мөн хүсэлт тавьсан. Намайг хорлон сүйтгэх гэдэг зүйл ангиар яллаж ингэхдээ “Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр” гэж тодотгосон байгаа. Ерөнхийлөгчийн дэмжлэг гэдэг нь юу юм, яахаараа тэр нь хорлон сүйтгэл болчихдог юм гэдгийг тодруулах үүднээс Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авч өгнө үү гэлээ.

-Та өнөөдөр (өчигдөр) тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.сайханбилэг, УИХ-ын дарга асан З.Энхболд нараас мэдүүлэг авах ёстой гэсэн байр суурийг хэвлэлийнхэнд илэрхийлсэн. Энэ саналаа шүүхэд тавьсан уу?

-Таван толгой төслийг тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын албан тоотоор өргөн барьсан. Энэ яахаараа гэмт хэрэг болчихдог юм, шалтгааныг нь тодруулах үүднээс тэднээс мэдүүлэг авч өгнө үү гэлээ. Прокурор намайг буруутгахдаа төслийг УИХ-д өргөн барьсан гээд байгаа. Надад тийм эрх мэдэл байхгүй л дээ. Төслийг УИХ-д өргөн барих эрх хэмжээ зөвхөн Ерөнхий сайдад байдаг юм. Мөрдөн шалгаж болноо, зөв шалга, шүүх гэж байгаа бол бүх хүнээс мэдүүлэг аваарай гэж хэллээ.

-Ерөнхийлөгч Х.Баттулгаас мэдүүлэг авах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн гэсэн. Шүүхэд ингэж хандахдаа ямар үндэслэл хэлсэн бэ?

– Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагуудын Удирдах ажилтны зөвлөлгөөн дээр Таван толгой төслийг гадныханд 100 жилээр, үнэгүй өгөх гэж байсан гэж худал улс төр хийсэн. Бичлэг нь интернэтэд байгаа. Надад үүсгэсэн хэрэг дээр улс төрийн хонзогнол илт харагдаж байгаа. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгаас 100 жилээр, тэгээд бүр үнэгүй өгөх гэж байсан гэж худлаа ярьсныг нь тодруулах ёстой. Мэдүүлэг авах, асууж тодруулах өөр ч асуудлууд бий. Энэ бүгдийг тодруулж мэдүүлэг авсны эцэст намайг шүүх материал бүрэн бүтэн болно гэж хэлсэн. Мөн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан гээд байгаа учраас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхээс мэдүүлэг авна уу гэлээ.

-Шүүхээс таны хүсэлтэд хариу өгөв үү?

-Шүүх миний хүсэлтэд хариу хэлээгүй. Дараагийн хуралдаанаараа шийдэж өгөх байх гэж бодож байна.

-Хорлон сүйтгэх ажиллагаа гэж буруутгаад байгаа. Ийм зүйл заалтаар буруутгах болсон шалтгаанаа тайлбарлаж байна уу?

-Урьдчилан хэлэлцүүлэг дээр энэ асуудал яригддаггүй бололтой юм билээ. Ирэх долоо хоногоос үргэлжлэх анхан шатны шүүхийн хуралдаанаас таны наад асуултын хариуг олж мэдээлэхийг хичээнэ ээ.

-Албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг дээр ямар үндэслэлүүд хэлж байна вэ?

-Намайг албан тушаалаа урвуулан ашиглаж гадныханд Хятадын Шинхуа, Японы Сумитомо компанид давуу байдал бий болгосон гээд байгаа. Ямар давуу байдал бий болгосон юм бэ гэхээр АТГ, Прокурор хариу өгч чаддаггүй юм. Би сүүлдээ аргаа бараад “Хятадын Шинхуагаас, Японы Сумитомогоос мэдүүлэг ав. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ Монгол Улс олон орнуудтай хийсэн байдаг юм” гэж хэлж үзсэн.

-Таны хүссэнээр нөгөө талаас мэдүүлэг авсан болов уу?

-Аваагүй.

-Хорлон сүйтгэх үйл ажиллагаа, албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт буруутгал шүүхээр нотлогдохгүй байж магадгүй гэж бодсон уу машин гэх мэт жижиг асуудлыг хүртэл хавчуулчихсан яваа. Яаж ийж байгаад яллана гэсэн улайрал үүний цаана байх шиг. албаны хэрэгцээнд машин авсан асуудал дээр прокурор ямар дүгнэлт гаргасан бол?

-2013 онд Таван толгой цахилгаан станцын төслийг хариуцаж байхдаа Төслийн нэгжид Лексус 570 унаа авсан юм. Би өөртөө аваагүй шүү гэдгээ дахиад хэлье. Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулагдах Цахилгаан станцын талбай руу хөрөнгө оруулагчдыг хүргэж авч байх, тэдний аюулгүй байдлыг баталгаатай болгох үүднээс ийм машины хэрэгцээ байсан. ЭХЯ, ЭЗХЯ, Хөгжлийн банк төслийн нэгжид энэ машин авахад зориулж 165 сая төгрөг баталсан юм. Би 130 сая төгрөгөөр авсан. Гэтэл Прокурор яллах дүгнэлтэндээ 130 сая төгрөгийн хохирол ЭХЯ-д учруулсан гэсэн байгаа. Прокурор хүн яллахын төлөө улайрч байсныг үүнээс харж болно.

-Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр та энэ талаар тодруулж асуусан уу?

-Шүүх дээр би 130 сая төгрөгөөр машин авсан нь яахаараа 130 сая төгрөгийн хохирол болчихдог байна аа, машин авахгүй байх ёстой гэсэн үг үү гэж хэлсэн. Шүүх дараагийн хуралдаанаараа учрыг тодруулж өгөх байх аа.

-Мега төсөл хариуцсан сайдын албан үүргээ гүйцэтгэсний төлөө, хэрэгжээгүй гэрээгээр шалтаглаж хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн хэмээн буруутгаж байгааг хэн ч улс төрийн махны машин ажиллаад эхэлчихлээ гэж харна л даа. Үүний эсрэг дэлгэж тавих үндэслэл, шалтгаан, баримтуудыг та өмнө нь манай сонинд хангалттай хэлсэн. Яг энэ мөчид онцолж хэлэх шалтгаан үндэслэл гэвэл та юуг онцлох вэ?

-Шүүхийн хуралдаан дээр би хоёр санаа хэлсэн. “Төрийн хариуцлагатай ажил хийж байсан хүнийг шалгадаг байх нь зөв. Шалгадаг байхын төлөө гар өргөх хүний нэг нь би өөрөө. Гэхдээ зөв шалга” гэж хэллээ. Хоёр дахь санаа нь гэвэл би өөртөө санаа зовохгүй байна. Шүүх, хууль ёс шударга байхгүй бол Монгол доройтох нь санаа зовохоор том эрсдэл. Энэ бол миний итгэл үнэмшил.

-Та өмнөх ярилцлагадаа байдал яаж ч эргэсэн зэрэг болж байгаа бүхнийг ил тод мэдээлсээр явна гэж байсан. Тэр бодол чинь хэвээрээ юу?

-Хэвээрээ байлгүй яахав. Миний хувьд болж буй үйл явдлыг ил тод байлгана.

Categories
мэдээ цаг-үе

М.Зоригт: Москва одоо Итали, Испанитай ижил нөхцөл байдалтай болчихоод байна

УИХ-ын гишүүн асан “Бидний цөөхөн монголчууд” төслийн удирдагч М.Зоригт ОХУ-д каринтинд ороод багагүй хугацаа өнгөрч байна. Тус улсад сүүлийн үед “Covid -19” халдварын тархалт хурдтай нэмэгдсээр байгаа юм. ОХУ дахь монголчуудын болон тус улсын нөхцөл байдлын талаар түүнтэй онлайнаар ярилцлаа.


-Та оху-ыг ямар ажлаар зориод карантинд орчихов?

-“Бидний цөөхөн монголчууд” төслийн энэ жилийн том экспедицийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Сар шинийн өмнө Европын холбооны долоо найман орон, ОХУ-ын Москва, Халимаг гээд маршруттай замд гарсан. Москвад ирээд эндхийн төрийн болон төрийн бус байгууллагатай ажил хэргийн уулзалтууд зохион байгуулаад Европ гарахын өмнөхөн Европт коронавирусийн халдвар дэгдээд карантилагдаад байна. Одоо бараг гурван сар болох гэж байна.

-Таныг анх Москвад очиход нөхцөл байдал ямар байв. одоо ямар болоод байна?

-Анх ирж байхад оросууд чинь “Дээд тэнгэртэй улс, энэ өвчин халдахгүй” гэсэн байртай байсан. Одоо бол байдал хүндэрлээ гэдгийг ойлгосон. Гэхдээ хорио цээрийн дэглэмээ боломжийн барьж байна. Жишээ нь, Москва хотын метрогоор зорчигчид 85 хувиар буурсан гэж байна.

Үүнээс нөхцөл байдал ямар байгааг дүгнэж болох болов уу. Бидний хувьд “Нарлаг Монгол”-оор буцах төлөвлөгөөтэй байсан. Галт тэргээр яваа хүмүүстэй ярилцлага хийх зэрэг ажлууд төлөвлөөд байсан ч вагонд суухын даваан дээр Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч биднийг суулгаагүй. Тэгээд л эндээ гацчихсан байна.

-Сүүлийн өдрүүдэд Оросод халдварын тохиолдол мянга, мянгаар нэмэгдэж байх шиг байна…

-Дээр хэлсэнчлэн вирус анх дэгдэж байхад Оросын иргэд өөрсдийгөө тэнгэрлэг гэж л бодоод явсан. Төр засгийн хувьд ч улс төрийн томоохон арга хэмжээнүүдээ зохион байгуулж, бүр “Ялалтын баяр”-аа улс төрийн өндөр түвшинд хийхээр төлөвлөх зэргээр сүүлийн момент хүртэл өвчний эсрэг шаардлагатай арга хэмжээг авахгүй явж ирсэн. Үүний үр дагавар л гарч байх шиг байна. Одоогоор Москвагийн байдал Итали, Испанитай адилхан байдалд хүрчихээд байх шиг байна.

-Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэр авагдаж байх юм. Манайх үлгэр жишээ авчихаар арга хэмжээ ажиглагдаж байна уу?

-Ер нь Орос, Монгол нэлээд олон зүйл дээр ижилхэн байдаг юм шиг. Хүмүүсийнх нь амьдралынх нь хэв маяг ч тэр. Идэж хэрэглэдэг хоол хүнс гэхэд илчлэг өндөр, витаминлаг мах ногоо хэрэглэдэг. Тийм учраас хаа хаанаа дархлаа гайгүй өндөртэй улс. Оросод халдвар ингэж гэнэт өндрөө авч байгаа нэг шалтгаан бол хүмүүст өвчний шинж тэмдэг илрээгүй. Тиймээс бие биендээ тарааж удаан явсан. Хууч өвчтэй хүмүүс дээр илэрч дэгдэлт гарснаар давлагаалчих шиг боллоо. Монголд ч гэсэн зөвхөн гаднаас халдвар авлаа, дотооддоо барьж чадаж байна гэж баярлаад байгааг би алдаа гэж харж байна. Монголд халдвар хэдийнэ ороод ирчихсэн. Шинж тэмдэг илрэхгүйгээр бие биедээ тараагаад яваад байгаа. Гал гарахын өмнө утаа уугиад л байдаг. Салхи үлээнгүүт дүрсхийж асдаг шиг юм болох вий гэж эмээж байна. Тийм учраас сонор сэрэмжээ алдаж болохгүй.

Москвад бол орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбайнуудыг цагдаагийн шар туузаар ороож хамгаалалтад авч байна. Мөн сагсан бөмбөг хөл бөмбөгийн талбай зэргийг хаачихсан. Гэрээсээ хүүхэдтэйгээ гарвал шууд өндөр торгоно. Аав ээжээ аваад гарвал ч адилхан. Тайлбарлах нөхцөлгүй, урьдчилж зам маршрутаа хэлж зөвшөөрөл аваагүй л бол шууд торгодог болсон. Хорих хүртэл хуулийн арга хэмжээтэй. Гэтэл Монголд өчигдөр уржигдраас эхлээд амралтын газраа нээж, фитнесс спортын заалуудаа нээе гэж байх шиг байна. Шийдвэр гаргах түвшинд хүртэл назгайрч эхэлж байна. Үүнд бухимдаж байна. Уг нь бол хорио цээрийг бүр чангалах ёстой юм.

-Оросод нийгмийн сэтгэл зүй ямар байна вэ?

-Түрүүн хэлсэн. Метронд явдаг зорчигчдын тоо 85 хувиар буурсан гэж. Нөгөө талдаа манайд нэгээр нэмэгдлээ, хоёр боллоо гээд тоонд анхаараад сэрдхийж байна. Яваандаа 40, 50-иар нэмэгдээд ирвэл бид тоо тоохоо ч байна. Оросод анх бага тоотой байхад анзаардаг байсан. Одоо 2000, 3000 болоод ирэхээр тоохоо байж, цайрна гэдэг шиг болж байна. Дээр нь маск, бээлий, ариутгагч байхгүй. Аргагүйн эрхэнд гэр гэртээ хорогдож байна. Тиймээс нийгмийн стресс маш их байна. Үүнээс болж Москва даяар гэр бүлийн хүчирхийлэл 200, 300 хувиар өссөн мэдээлэл гарч эхэлж байна. Гэрээсээ гарахгүй дөрвөн хананы дунд удаж байгаа учраас дарамт болж байх шиг байна. Нөхөр нь нууцаар гараад ганц хоёр шил архи авчраад сэм уучихдаг. Энэ мэтчилэн асуудал үүсэх шалтгаан болж байгаа харагдсан. Сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс эмийн санд ороод нууц үг хэлж асуудлыг шийдүүлдэг болсон. Гэрт нь хүчирхийлэл үйлдэгдэж байвал эмийн санчид “Манайд вирусийн гоц дэгдэлт эхэллээ” гэсэн агуулгатай үг хэлдэг. Тэгж хэлэхэд эмийн санч кноп дардаг. Түүнийх нь дагуу зохих хүмүүс ажиллаж гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоодог байдал бий болоод байх шиг байна.

-Оросод байгаа монголчууд маань ямар байна вэ. Амны хаалт, бээлий зэрэг хамгаалалтын хэрэгслийн олдоц муу байгаа гэсэн. Үнэн үү?

-Орос их сонин бүтэцтэй улс шүү дээ. Гадуур маск, ариутгалын бодис дамлаад эхэллээ, үүнийг зогсоо гээд төрийн байгууллага нь мэдэгдэхээр зах зээл дээр тэдгээр бүтээгдэхүүн бүгд алга болчихдог. Манайх ноолуурын үнийг 100 мянга болгоно гээд захиргааны арга хэрэглэнгүүт авахгүйтэй адил болчихсон шиг. Дээр үед бид танил талаараа дарга цэргийн арын хаалга хэрэглэж нарийн нандин бараа авдаг байсан. Одоо Оросод яг л ийм нөхцөл байдалтай байна. Амны хаалт олъё гэвэл нэг найз, дарга руу утасдаж гуйж байж л олж авна. Гудамжинд гараад дэлгүүрээс авна гэсэн ойлголт байхгүй.

Москвад хамгийн олон тооны монголчууд хэн бэ гэхээр оюутнууд. Халдвар дэгдэж эхлэхэд Москвагийн их, дээд сургуулиуд хаах ч юм шиг хаахгүй ч юм шиг шийдвэрээ гаргаж чадахгүй байсаар гадаад оюутнууд нутаг буцаж чадаагүй. Тэр дотор анхны жилдээ хэлний курсэд сурч байсан, гэрээсээ холдоод удаагүй, энд суурьшиж амжаагүй хүүхдүүд ч бий. Гэр бүлтэй монголчууд хүртэл байна. Тэд нар маань сургуулийн дотоод журмаас хамаараад гарч чадахгүй тохиолдол ч байна. Зарим нь тав арван минут гаргадаг сургууль ч байна. Бүр дотуур байрнаас нь вирусийн халдвар илэрсэн учраас хаалгыг нь түгжиж бэхлээд гаднаас нь хоол унд өгч байгаа сургууль хүртэл байгаа юм. Гэтэл тэдэнд маск, бээлий, гар ариутгагч бодис байхгүй. Тиймээс “Зоригоо ах тэр байранд манай тэдэн оюутан байна. Бидэнд маск бээлий гарын ариутгагч хэрэгтэй байна аа” гээд хандаж байна. Миний зүгээс Москвад байдаг тува, буриад гээд монгол угсаатан хүмүүс рүү утасдаад “Цаана чинь монголчууд баларлаа. Та нар маань хэдэн маск олж өгөөч” гэх зэргээр монгол оюутнууддаа чадлаараа туслахыг хичээж байна. ОХУ-д байгаа монгол угсаатнуудаараа дамжуулж маск, бээлий, гар ариутгагч зэргийг олоод оюутнуудын байрны хаягаар нь явж очоод хүргэж байна. Ингэхдээ шууд очоод уулзчих боломжгүй. Халдвар тарах эрсдэлтэй учраас өгөх ёстой юмаа гялгар уутанд хийгээд хоёр, гурван метрийн зайнд тавьчихаад нөгөө оюутандаа хэлж авахуулдаг. Ийм л маягтай нэг нэгэндээ тусалж байна. Москва дахь манай Элчин сайдын яамнаас ч ийм байдлаар оюутнууддаа маск хүргэж байгаа. Ер нь энд маск үнэтэй үнэгүйдээ асуудал нь биш. Олдохгүй байна. Хэдэн мянган рублиэр нь маск авъя гээд байхгүй.

-Таны хэлдгээр монгол угсаатнууд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа мэдээлэл байгаа шүү?

-Буриадад гэхэд халдвар авсан хүмүүсийн тоо 100 гарчихсан. Буриад өөрөө эдийн засгийн хувьд ямар хүнд байгаа билээ. Тэгсэн хэдий ч Москвад байгаа монгол оюутнуудын асуудалд хувь хандиваа өгч байна. Халимаг бас халдвар тээгчид олонтой болсон. Өчигдөр гэхэд Халимагт вирусээр нас барсан тохиолдол гарлаа. Тийм байхад Оросод байгаа монголчуудад хоол хүнс, олдохгүй байгаа маск зэргийг олж тусалж байна. Энд онцолж хэлмээр зүйл бол ОХУ-ын ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч нь буриад хүн бий. Тэр хүн бол байнга “Зоригоо яаж байна. Алив маск, бээлий явуулсан шүү” гээд ярьдаг. Буриадын алдарт уран барималч залуу бусадтайгаа нэгдээд ном бүтээл, даршилсан бүтээгдэхүүн, гурил будаа хандивлах зэргээр олон газраас хандив өгч байна.

-Сая Оросоос 280 гаруй монгол иргэнээ татаж авлаа. Тэдний дундаас халдварын тохиолдлууд илэрсэн. Тэд тухайн амьдарч байсан газраасаа халдвар тээв үү, эсвэл замдаа авав уу гээд маргаантай байх шиг байна?

-Москвад байгаа оюутнууд маш хариуцлагатай байгаа. Хорио цээрийн дэглэмийг маш сайн сахиж байна. Москвагаас 100 гаруй, Эрхүү чиглэлээс 100 гаруй оюутан гээд 280 гаруй болсон. Москвагаас очсон хүүхдүүдээс халдвар илэрлээ гээд байгаа юм. Би тухайн үед очиход эндээс халуурсан, вирус авсан шинж тэмдэг мэдэгдээгүй. Эрүүл хүүхдүүд явцгаасан. Харин замдаа авах магадлал их өндөр. Онгоцны бүхээгт битүү орчинд тав зургаан цаг ниссэн. Дараа нь автобус унаанд хамт явсан. Ийм нөхцөлд явсан учраас замдаа халдвар авсан байх эрсдэл өндөр байгаа гэж хардаж байгаа.

-Энэ онцгой нөхцөл байдлаас үүдэж хоёр улсын эдийн засгийн харилцаа буурах хандлагатай байна уу даа?

-Миний авч байгаа мэдээллээр хоёр орны хоорондох эдийн засгийн харилцаа хэвийн байгаа шиг санагдаад байгаа. Оросоос авч байгаа бензин тосны нийлүүлэлт цаг хугацаандаа явагдаж байна. Тариа будааны асуудал дээр ч ОХУ-ын өнгөрсөн жилийн ургац хураалт гайгүй түвшинд байсан. Харин дотооддоо тариа будаагаа эрэлт бага учир яах вэ гэсэн асуудал байгаа байх. Тиймээс монголчууд Оросоос авах тариа будааны асуудал үүсэхгүй байх гэж харж байна. Харин үнээ нэмж магадгүй. Дотооддоо эд нар эдийн засгийн хүнд байдалд орчихсон учраас гадаад худалдаанаас нөхөж авахыг эрмэлзэх байх.

-Таниас улстөрч, бизнесмэн хүний тань хувьд Монгол дахь улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх байр суурийг сонсмоор байна?

-Улс төрийн хувьд харахад юм юм руу савчиж ордог УИХ-ын гишүүд маань харин энэ эгзэгтэй үед Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа нь сайшаалтай. Яах вэ, сонгууль ойртож байгаатай холбогдуулаад янз бүрийн мэдэгдэл эхэлж байх шиг байна. Гадаадад байгаа монголчуудад 500 ам.доллар өгөх ёстой гэх зэргээр. Энэ бол хайнгадуу судалгаагүй мэдэгдэл. Санаа нь бол зөв. Гэхдээ үүнийг Гадаад харилцааны яам, гадаадад байгаа олон төрийн бус байгууллага, гадаад дахь монголчуудын зөвлөл зэрэгтэй хамтраад жаахан судалгаа хийсэн бол амьдралтай бодитой зүйл болох байсан.

Эдийн засгийн хувьд хувийн хэвшлийн болон гадны хөрөнгө оруулалттай бүтээн байгууллалтын ажлууд буурах нь, ажлын байр, худалдан авалтууд ч буурна. Тиймээс сонгуулийн өмнө баталсан амбицтай гэмээр улсын төсөвт найдах хэрэгтэй. Ажил болгохыг шаардах хэрэгтэй. Төсвийг тодотгол хийх нэрээр багасгаж болохгүй. Энэ нь олон ажлын байр, ЖДҮ-ийн борлуулалтын боломжийг авч үлдэнэ. Одоо хүн бүр гэр гэртээ сууж байгаа болохоор улс орны эдийн засгийн идэвх доошилно. Ийм үед хамгийн түрүүнд үндэсний үйлдвэрүүдийг дэмжих ёстой. Жишээ нь, оёдлын салбар гэхэд хэдэн 10 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Ноос ноолуур гэх мэт үндэсний үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт дээр дэмжвэл түүгээр дамжаад тэнд ажилладаг олон мянган хүн, тэдний ар гэрийг дэмжинэ. Үүний тулд жишээ нь, иргэн бүрт 500 мянган төгрөгийн барааны карт өгчихье. Тэр нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн авах эрхийн бичиг. Түүгээрээ “Говь” руу ороод нэг цамц, “Урбан жинс”-ээс хүүхдэдээ өмд аваад өгчихнө. Ийм маягаар үндэсний үйлдвэрүүдээ дэмжих бодлого хэрэгтэй.

-УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах эсэх асуудал бас олны анхааралд байна. Сонгууль хийх нь зөв үү, буруу юу?

-Анх Монголд нэлээд идэвхтэй хорио цээрийн асуудал яригдаж байхад сонгуулийг ер нь хойшлуулахад яадаг юм бэ гэдэг байр суурьтай байсан. Өчигдөр Солонгост сонгууль боллоо. ОХУ-д гэхэд бүх шатны сонгуулийг цахимаар өгч болох хуулийг баталчихлаа. Үүнээс харахад Үндсэн хуулийнхаа хүрээнд сонгуулиа хийхэд болохгүй юм алга гэж бодож байна.

Ярилцлагын төгсгөлд Москвад коронавирусийн халдвар авсан бяцхан хүү тусгаарлагдаж, түүнээсээ болж маш ихээр айж уйлж байгаа бичлэгийг би олон нийтийн сүлжээнд тавьсан. Хүмүүс ч харсан байх. Бидний хамгийн хайртай, амь насаа өгөхөд бэлэн байдаг зүйл бол хүүхэд. Тиймээс та хүүхдээ бодож байгаа бол тоглоомын талбайд битгий тоглуул. Битгий гарга. Хүүхдэдээ битгий өвчин тээвэрлэж авчир. Өөрөө битгий гар. Бүх нийтийн сахилга бат, хувь хүний ухамсар хамгийн чухал. Монголчууд бүгдээрээ чармайя гэж хэлмээр байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Л.Энх-Амгалан: “The Voice of Mongolia” шоунд янзын сайхан дуучид байна аа байна. Хүсвэл би хувьдаа хамтарч ажиллахад ч бэлэн

“Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай ярилцлаа.


-Хамтлагийн сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхэлье. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Сайн байцгаана уу? Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигч нарт энэ өдрийн мэнд хүргэе. Манай хамтлагийн сонин сайхнаас гэвэл бид жил болгон “NISNIS FECT” рок хөгжмийн наадмыг 1999 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн. Харин энэ жил “Covid-19” өвчнөөс болж тоглолтоо хийж чадахааргүй болж байна. Гэхдээ бид энэ хугацаанд зүгээр суугаагүй. Манай хамтлагийн бөмбөрчин А.Анар хувьдаа дуу бичлэгийн студи байгуулсан. Бид тэр студидээ хоёрдугаар сараас эхлэн шинэ цомгийнхоо ажлыг эхлүүлчихсэн явж байгаа. Одоогийн байдлаар эхний гурван дуу гараас гарсан.

-Шинэ цомог гаргах талаар илүү тодорхой ярихгүй юу?

-Одоо бид өөрсдийн гэсэн студитэй болсон учраас бүх зүйл бидний гарт байна. Тийм учраас зүгээр суухгүй. Гол нь бид шинэ цомогтоо өөрсдийн өнгө төрх, дуугаралтыг аль болох шинэчлэх, сайжруулах тал дээр санаа тавин ажиллаж байгаа. Ерөнхийдөө цэвэр метал, панк хольсон стилийн цомог гарах болов уу гэж бодож байна. Үүнээс гадна ирэх жил бидний 25 жилийн ой болно. Бодсон төлөвлөсөн зүйл их байна. Цаг ч сайхан болчих биз. Бүгд ичээнээсээ гарахдаа олз омогтой гарч ирэх биз ээ.

-“Нисванис” хамтлагийнхан нэг сургуулийн найзууд гэсэн. Ер нь анх хамтлагаа байгуулснаас хойш хамтлагийн гишүүд ч солигдсон шүү дээ?

-Манай хамтлагийнхан Хөгжмийн багшийн коллежид найзууд байсан. Дараагаар нь би Соёл урлагийн их сургуулийн хормейстерийн ангид сурахаар явсан. Тэнд байхдаа модернист яруу найрагч Б.Галсансүхтэй танилцаад цаашлаад цоо шинэ стилиэр тоглох, хамтлаг байгуулах санаа төрөөд буцаад хуучин хамтарч тоглодог байсан найзууд руугаа хандсан. Найзууд маань эхэндээ зөвшөөрөхгүй байж байх хооронд эхний дуунууд зохиогдсон. Тэгээд менежер Б.Галсансүх санаачлан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнд 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлүүлэн эхний тав, зургаан дууны бичлэгийг хийх зорилготой бэлтгэлд орж эхэлсэн. Тэгээд “Хүчилтөрөгч”, “Би тамхиа татаад дуусч байна”, “Гэрэлт ирээдүй намайг дуудна” зэрэг дуунууд гарч эхэлсэн. Хамтлагийн бүрэлдэхүүнд хэд хэдэн өөрчлөлт гарсаар ирсэн. Ер нь Д.Дарханбат бид хоёр бууриа сахиж 24 жил тогложээ.

-“Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнөөс маш олон хамтлаг төрөн гарснаас хамгийн отгон нь танай хамтлаг шүү дээ.

-“Соёл-Эрдэнэ” хамтлагийн ах нар ялангуяа басс гитарчин Д.Дамдинсүрэн буюу Даймаа ах маань анхны бүх бичлэгийг хийж өгснөөр бид хамтлаг болох цаашдын замдаа хөтлөгдсөн. Сайхан дурсамж яривал тэр үед “Соёл-Эрдэнэ” хамтлагийн хөгжмийн зэмсгийг гадагш хамаагүй гаргаж болдоггүй байлаа. Тэгээд шөнө болсон хойно хөгжмүүдээ цонхоор нь гаргаж машинд ачаад л 45 дугаар сургуулийн урлагийн зааланд суурилуулаад бөмбөрний наагуур нь хөшиг татан, дуу намсгагч хийж байгаад тав, зургаан дуу гаргасан. Дуунуудаа үүр цайтал бичиж байсан маань саяхан юм шиг л санагдаж байна. Тухайн үед хувийн жижиг студитэй хүн Занданпүрэв ах байлаа. Тэрбээр хоёр замаар бичдэг дамран магнитофонтой. Тэгээд нэг замаар нь хөгжмөө, нөгөө замаар нь хоолойгоо бичдэг. Даймаа ах тухайн үед Монголын ихэнх хамтлаг дуучдын хоолойг бичдэг асар чадвартай мундаг хүн байсан даа. Өөрийнхөө хамтлагаас эхлүүлээд “Титэм”, “Хонх” гээд бүгдийнх нь дууг бичдэг өндөр мэргэжлийн хүн байлаа. Энэ ах нартайгаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнөөс төрөн гарсан отгон хамтлаг болж байсны хувьд бид тухайн үедээ үнэхээр их баярлаж, хөөрч явсан. Сайхан дурсамж болжээ, одоо.

-“Нисванис” хамтлагийн үнэт зүйл бол бидний уран бүтээл гэж та ярьж байсан. “Эмийн сан руу алхсан нь” дуу бол яахын аргагүй танай хамтлагийн нэрийн хуудас болсон уран бүтээл?

-24 жилийн хугацаанд бид их зүйл хийгээгүй ч бас бага зүйл хийгээгүй гэж би хувьдаа боддог. Дуу болгон өөрийн гэсэн түүхтэй, бас асуудалтай бүтдэг. Тэр энэ гэж онцлох хэцүү. Хамгийн анх “Эмийн сан руу алхсан нь” гэдэг дууг сайн мэддэг. Одоо ч ихэнх хүн ганцхан тэр дууг л дуулдаг гэж боддог байх (инээв). Юм гэдэг хачин. “Эмийн сан руу алхсан нь” дууг бидний нэрийн хуудас болно гэж бид бодоо ч үгүй. Энэ дууг цомгийн ажил хийж байгаа юм чинь үлдээгээд яахав гээд л оруулсан. Тэрнээс бид арай өөр дуунд горьдлого тээж байсан шүү. Дуунуудаа энэ тэр гээд л дугаарлаад байдаггүй. Бүгд л миний хүүхдүүд гэдэг шиг (инээв).

-Амьд хөгжмийн хамтлаг олон жил сонсогчдын дунд хүндлэгдэнэ гэдэг багагүй хөдөлмөр байх?

-24 жил нэг хамтлаг болоод явах хэцүү. Гэхдээ бидэнд үлгэр дуурайл болохоор ах нар ойрхон байна. Тэдний хажууд бидний туулсан зам юу ч биш л дээ. Яахав, асуудалгүй ажил гэж юу байхав. Орж гарах, өгсөж уруудах зүйл болдгоороо л болоод ирсэн. Харин тэр бүхэнд барьц алдаж сандарч байгаагүй шүү. Явдаг жамаараа, голдрилоороо л явж байна гэж боддог. Одоо харин шинэ цомгоо аятайхан хийчих юмсан гээд хааяа санаа чилээх л юм. Ер нь тэгээд өнгөрсөн үеийг би дүгнэх биш, цаг хугацаа үзэгч сонсогчид хэзээ нэгэн цагт дүгнэх нь зөв болов уу гэж бодож байна.

-Хамтлагийнхаа дууны үг, аяыг та зохиодог. Ер нь тэр их эрч хүч хаанаас ундардаг юм бэ?

-Хамтлагууд ер нь өөрсдөө л үг, аяа зохиох нь бичигдээгүй дүрэм шүү дээ. Харин хэн нэгэн нь тэр ачааг голлон нуруун дээрээ үүрэх үүрэгтэй. Тэр нь би юм шиг байгаа юм. Сайн ч, муу ч бүх хариуцлагыг өөр дээрээ үүрэх чадвартай байх ёстой. Миний хувьд сайн болсон гээд сагсуурах, муу болсон гээд гутрах юм алга. Хүчээр бүтээх биш, сэтгэл ханамжтай байх л жаргал. Ер нь дууны үг, ая сэтгэлээс л урган гардаг шүү дээ.

-Мэргэжлийн дуучин хүний хувьд харахад сүүлийн үед ихээр зохиогдож байгаа дууны тэмцээнүүд хэр санагддаг вэ. Тэндээс яг чанартай уран бүтээлч төрж чадаж байгаа болов уу?

-Чанартай, чанаргүй уран бүтээл төрөх эсэх нь цаг хугацааны асуудал. Ер нь ингэж олныг баясгасан дэлхийн хэмжээний шоу тэмцээн явагдаж байгаа нь маш чухал. Энэ нь цаагуураа урлаг болоод үзэгчид хөгжөөд байна аа л гэсэн үг. Бид дэлхийн соёл, боловсролоос хоцормооргүй байна шүү дээ. Бусадтай адилхан хүн шиг амьдармаар байна шүү дээ.

-“The Voice of Mon­golia” шоуг үздэг байх. Мэргэжлийн дуучны нүдээр харахад аль баг нь илүү санагдаж байгаа вэ?

-Ийш тийш яваад тухтай үзэж чадсангүй. Баг гэхээс илүү тухайлан дуучид эцэст нь шүүгдэж гарах болохоор онцолж хувьдаа шалгаж үздэг. Янзын сайхан дуучид байна аа байна. Хүсвэл би хувьдаа хамтарч ажиллахад ч бэлэн.

-Халз тулааны шатанд аль баг илүү санагдсан бэ?

-Халз тулааны үед Д.Отгонбаярын баг сайн санагдсан. Ер нь л бүгд л эн тэнцүү. Бүгдэд нь амжилт хүсье.

-Хувийн зүгээс дэмжиж байгаа оролцогч байгаа юу?

-Хоёр, гурван сайн дуучин харагдсан. Нэрийг нь хэлээд яахав. Цагаан хэл амны нэмэр (инээв). Зүгээр л томоос том амжилтыг хүсье.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 11-13 градус, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 дулаан байна.