Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Элчин сайдын яаман дээр гаргасан хүсэлтийнх нь дагуу бүртгэсэн мэдээлэлд тулгуурлан иргэдийг авчирна

ГХЯ-ны нөхдийн нуун далдалж буй "дипломат" гэмт хэргүүд

ГХЯ-ын Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: 35 улсаас 9412 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Эхний нислэг IV сарын 30-нд Сөүл рүү ниснэ. Бид Элчин сайдын яаман дээр гаргасан хүсэлтийнх нь дагуу бүртгэсэн мэдээлэлд тулгуурлан иргэдийг авчирна. Элчин сайдын яамдад шинээр бүртгэл хийхгүй. 9412 иргэнийг УОК тавьж буй шаардлагын дагуу хүндэтгэн үзэж шалтгаанаар нь ангилсан. Энэ мэдээлэл дээрээ үндэслэн нэрсээ эцэслэнэ. Үүнд транзит зорчигчид орно. Транзит зорчигчийг ХӨСҮТ тусгаарлаж байгаа тул эмнэлгийн нөөц бололцоондоо тулгуурлаж хэчнээн иргэнийг авах вэ гэдгийг шийднэ. Дараагийн нислэгийг тусгаарлах байр, эмнэлгийн нөөц бололцоог харгалзан үзэж шийднэ. Мөн дадлага сургуулилтыг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах ажээ. Ингэхдээ ард иргэдийг гэртээ гэрийн дэглэм хэрхэн сахих чиглэлд сургуулилт зохион байгуулна гэлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Үндсэн хуулийн цэц ирэх долоо хоногт хуралдана

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно | News.MN

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд, тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулжээ.Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн байна.

Мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Ууганбаяр: IV сарын 30-нд Сөүл, V сарын 2-нд Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэнэ

Мэдээ.МН

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа, УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр, “IV сарын 30-нд Сөүл, V сарын 2-нд Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэнэ. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд өмнө нь тавьж байсан шаардлагаа тавина. Тухайлбал, гаднаас ирэх иргэд 48 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна. Тусгай нислэгт нэн түрүүнд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хүндэтгэх шалтгаантай иргэдийг бүртгэнэ. Мөн V сард ард иргэдийг хамруулсан коронавирустэй тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, дадлага сургуулилтыг хийнэ. Дадлага сургуулилтыг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна. Ингэхдээ ард иргэдийг гэртээ гэрийн дэглэм хэрхэн сахих чиглэлд сургуулилт зохион байгуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Булган, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Сонгинохайрхан дүүрэгт ой, хээрийн түймэр гарчээ | Peak News

Он гарсаар 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв зэрэг 8 аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98 560 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг “Бөгтөрийн нуруу” гэх газар 04 дүгээр сарын 18-ны өдөр гарсан түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллан 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраалаа.

Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт 04 дүгээр сарын 15-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийн голомтод Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн иргэд ажиллан 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраагаад байна. Өнөөдрийн байдлаар түймрийн дуудлага бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан ирэх сарын 13-ныг хүртэл хойшлов

Э.Бат-Үүл анхан болон давж заалдах шүүх дээр ялагдлаа

Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал ирэх тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлогдлоо. Хурлын дараа Э.Бат-Үүл сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрээр “Шүүх хурал тавдугаар сарын 13-ныг хүртэл хойшиллоо. Миний зүгээс үүнд харамсч байна. Яагаад гэхээр шүүх хурлууд цаг хугацаандаа явагдаж асуудлаа хурдан шийдмээр байгаа юм. Шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч байна. Хамгийн гол нь АТГ, прокурорын зүгээс хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль зөрчиж, хэт нэг талыг барьсан. Ноцтой нь иргэн биднийг хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй гэдэг ч өөрсдөө нийгмийн тархийг угааж биднийг гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулаад байна. Тиймээс шүүх хурал ил тод явах ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Я.Буянжаргал: Сонгууль явуулахад COVID-19-өөс сэргийлэх хүрээнд мөрдөх ёстой заавар, зөвлөмжийг боловсруулж байна

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 1,228 иргэн байгаа бөгөөд нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш манай улс нийт 5,155 хүнийг тусгаарлажээ.

Тэрбээр хэлэхдээ “Тусгаарлан ажиглалтад байгаа хүмүүс дотор тав хүртэлх насны 45 хүүхэд, жирэмсэн 35 эмэгтэй, даралт ихсэх өвчтэй 64 хүн, зүрх судасны эмгэгтэй ес, чихрийн шижинтэй 25, хорт хавдартай 17 иргэн байна.

Дээрх иргэдэд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Хорт хавдартай 17 иргэний хоёр нь Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.

Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 1,069 иргэн байна. Өчигдрийн байдлаар 947 иргэн гэрийн тусгаарлалтаас гарсан. Мөн 383 иргэн тусгаарлалтаас хөдөө орон нутаг руу шилжиж, хөдөө орон нутгийн тусгаарлалтаас 270 иргэн ирж, гэрийн тусгаарлалтад орсон байна.

Бид нийт тандалтын судалгаагаар лабораторийн 6,800 гаруй шинжилгээ хийж, онош батлагдсан иргэдэд ДЭМБ-аас өгч буй зөвлөмж, зааварт үндэслэн эмчилгээ хийж байна.

Түүнээс гадна бид анагаах ухааны зөвлөх эмч нартай хамтарч уушгины хатгалгаа өвчнөөр удаан хугацаанд эмчлэгдэж буй өвчтөнүүдэд уламжлалт анагаах ухааны эмийг хэрэглэж байгаа нь үр дүнгээ өгч байна” гэв.

Мөн тэрбээр “Дүүргүүд болоод аймгуудын эрчимт эмчилгээний 50 гаруй тасгийг цахимаар холбосон. Дараагийн шатанд нээх эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг үзүүлэх сургуулилалтуудыг хийж, дадлагажуулах ажлыг зохион байгуулахаар болсон.

Түүнчлэн бид сонгууль явуулах үед COVID-19 халдвараас сэргийлэхэд мөрдөх ёстой заавар зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр боловсруулж байна. Ингэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчинд нийцүүлэх болоод бусад орны сургамж, туршлагыг үндэслэн ажиллаж байгаа.

Тусгаарлах байруудад өнөөдрийн байдлаар 201 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан иргэдтэйгээ хамт тусгаарлагдан ажиллаж буй. Хэний оронд хэн ажиллах ёстой талаар бүх эмнэлгийн ажилтны нэрсийг тушаал, журмаар гаргасан.

Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр 1,819 дадлагажигч эмч болоод төгсөх курсийн 1,090 оюутныг овог нэрээр нь бүх хуваарилалтыг хийсэн. Мөн Сувилахуйн сургуулийн 950 гаруй оюутан сайн дураараа эрүүл мэндийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлж буйг хэлэх хэрэгтэй” гэдгийг нэмж хэлэв.

Categories
мэдээ нийгэм

​Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг авлига, хээл хахуулийн хэрэгт АТГ-аас шалгаж эхэлжээ

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг Ханх суманд улсын төсвийн хөрөнгөөр Засаг даргын Тамгын газрын байрыг 1,2 тэрбум төгрөгөөр барих тендертэй холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна. Уг барилгын тендер нь өнгөрсөн оны гуравдугаар сард зарлагдсан бөгөөд Эрдэнэт хотын “Батжин Ундрах” компани шалгарчээ. Харин Засаг дарга Л.Ганболд тендерт шалгаруулсны төлөө 120 сая төгрөг авахаар тохиролцсоны мөрөөр АТГ орж, шалгаж эхэлсэн байна. Өдгөө “Батжин Ундрах” компанийн захирал нь авлигад өгсөн мөнгөө Засаг даргаас буцаан шилжүүлэхийг шаардаж байгаа юм байна. Сүүлийн үед Хөвсгөл аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудын газрын наймаа, тендер зэрэг олон хууль бус ажиллагааг мөн шалгаж байгаа аж.
Categories
мэдээ нийгэм

​ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Интермед” эмнэлгээс ирсэн нэг сорьц эерэг гарсан

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг ...

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд нийт 341 хүний шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор цуглуулсан 11 сорьцод коронавирус илрээгүй. 11 сорьцыг БГД болон Хан-Уул дүүргээс цуглуулсан. ХӨСҮТ тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдөр 154 хүний эмчилгээ хийгдэж байна. Өнөөдөр 05.00 цагт “Интермед” эмнэлгээс нэг сорьц авчирсан бөгөөд PCR шинжилгээ хийгдэж байна. Тухайн иргэн нь 69 настай амьсгал нь бачуурсан, хоёр уушгиндаа хатгаатай биеийн байдал нь хүнд гэсэн шинж тэмдэгтэй эмчлүүлж байсан. “Интермед” эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар оношилж үзэхэд шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс ХӨСҮТ PCR шинжилгээг яг одоо хийж байна. Үдээс хойш шинжилгээний хариу гарна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь шатны туршилтыг 6 дугаар сарын 1-нээс хийнэ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвараар дэлхий дахинд 2.4 сая хүн өвчилж, 107 мянган хүн нас баржээ. Одоогоор 1.6 сая хүн өвчний улмаас эмнэлэг хэвтэж эмчлүүлж байгаа бол 640 мянга гаруй хүн эдгэрсэн байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4,000 гаруй хүн шинээр халдвар авч, 44 хүн нас баржээ. Нийт өвчлөл 47 мянга гаруй болжээ.

Мөн Буриад улсад 24 цагийн дотор 28 тохиолдол бүртгэгдэж 153 боллоо.

Өвчлөлийн өсөлт Москвагаас бусад бүс нутагт шилжиж, 2-3 долоо хоногт дэгдэлт оргил үедээ хүн гэдгийг мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс ОХУ-ын иргэдийг хөл хорионы дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна.

Энэ өвчнийг хөнгөн гэж үзэж болохгүй гэнэт хүндрэх аюултай тул маргаашийг хүлээж болохгүй хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд онцолжээ.

Мөн өвчин 2,3 дахь давлагаагаар дахин гарах эрсдэлтэй тул шаардлагатай тоног төхөөрөмж болоод амны хаалт зэргийн улсын нөөцийг бүрдүүлж байгаа аж.

Тухайлбал, тус улсад өдөрт 3.5 сая амны хаалт үйлдвэрлэж байсан бол өдөрт 7.7 амны хаалт үйлдвэрлэж хүн бүрийг амны хаалт зүүхийг шаардаж байна.

Нэг таатай мэдээ нь, COVID-19-ийн эсрэг ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайн дурын хүмүүст турших буюу вакциныг хоёрдугаар шатыг эхлүүлэхээр болжээ” гэсэн мэдээлэл өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Булгамаа: Хүүхэд хүчиндсэн бол химийн тариа хэрэглэх ялын бодлого хэрэгтэй байна


Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.


-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон хүчингийн гэмт хэргийн талаарх заалтын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчиндэх гэмт хэргийг зохицуулсан 12.1 дүгээр зүйлд өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хүнд оногдуулах ялын хэмжээ хоёроос найман жил байсныг таваас арван хоёр жил болгож, таваас арван хоёр жил байсныг наймаас арван таван жил болгож нэмсэн.

Эрүүгийн хуульд орсон энэхүү нэмэлт өөрчлөлтүүд нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад төдийлөн үр дүнгээ өгч харагдахгүй байна. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангалах нь зүйтэй боловч түүнчлэн уг гэмт хэргийг гаргахгүй байх, таслан зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагад “14 нас хүрсэн тохиолдолд зөвшилцөн бэлгийн харьцаанд орвол гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн агуулгатай зүйл яриад байгаа. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заадаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол” Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан гэсэн үг юм.

Хуульд 14 настай хүүхэдтэй зөвшилцөж бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага ямар байх тал дээр харин анхаарал хандуулах хэрэгтэй байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэгт торгох ял байж болохгүй талаар судлаачийн хувьд удаа дараа байр сууриа илэрхийлж ирсэн. Мөн одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн зохицуулалтаас харахад 18 насанд хүрсэн хүн нь уг гэмт хэргийн субъект байхаар хуульчилсан.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дийлэнх гэмт хэргийн субъект нь 16 насанд хүрсэн хүн байдаг. 16-18 насны хүний хувьд Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл хамаарахгүй мэтээр хуулийг ойлгохоор хуульчлагдсаныг хууль тогтоогчид анхаарах нь зүйтэй харагддаг. Тиймээс арван зургаан нас хүрээгүй хүүхэд хүчиндсэн бол химийн тариа хэрэглэх ялын бодлого хэрэгтэй байна.

-Энэ тухай УИХ-ын гишүүнээс гарсан асуудал шүүдээ. 14 ч бай 16 ч бай ийм насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох асуудлыг хуульдаа тусгаж өгч байгаа нь маш эмзэглүүштэй. Нөгөө талаар манай хуульд 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа зарахыг хориглодог. Эдгээр хууль тогтоомжууд хоорондоо эрс ялгаатай ойлгогдож байна?

-Би өмнө хэллээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд 14 настай хүүхэд бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн зохицуулалт огт байхгүй. Насанд хүрсэн хүн 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд тохиролцож орох гэдэг ойлголт огтхон ч байж болохгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол” Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Үүнийг хүчиндэх гэмт хэрэгтэй адилтгаж буруу тайлбарлаж болохгүй юм.

-Иргэний эрх зүйн үүднээс 14 настай хүүхдийн эрх зүйн чадамжгүй байдаг талаар зарим хуульчид хэлж байна?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хуульд 7-14 хүртэлх насны хүүхдийг эрх зүйн зарим чадамжтай, 14-18 насны хүүхдийг эрх зүйн бүрэн бус чадамжтай гэж хуульчилсан.

-Одоо манайд хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл ямар байна вэ?

-Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан “Монгол Улсын Шүүхийн шүүн таслах ажиллагааны тайлан”-нд дурдсан тоон мэдээнээс үзэхэд анхан шатны шүүхээр Хүчиндэх гэмт хэрэг нь

  • 2017 онд 191,
  • 2018 онд 282,
  • 2019 оны гуравдугаар улиралд 280 хянан шийдвэрлэгдсэн байна. Үүнээс дүгнэвэл Хүчиндэх гэмт хэрэг нь жил тутамд нэмэгдэж байгаа үзүүлэлт гарч байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн практик судлалын хэлтсээс гаргасан судалгаанаас үзэхэд “2012-2018 онуудад Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 3 дахь хэсэг /14 дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан/-ээр 294 хүнд холбогдох 243 хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хүчиндэх гэмт хэргийн 16.9 хувь, ял шийтгүүлэгчийн 17.3 хувийг тус тус эзэлж байна.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг нийт хүчингийн гэмт хэргийн 31.4 хувь, ял шийтгүүлэгчийн 28.3 хувийг эзэлж байна.” гэжээ.

Уг судалгаанаас харахад дээр дурдсан гэмт хэргийн үзүүлэлт жил тутамд өссөн үзүүлэлттэй байна. Дээрх тоон мэдээнээс дүгнэвэл “Хүчиндэх” гэмт хэрэг бодит байдал дээр ихсэж байгаа гэж дүгнэж болох бөгөөд “Хүчиндэх” гэмт хэргийн гурван тохиолдол тутмын нэг нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл байгаа ноцтой тоон мэдээг судалгаанаас харж болно.

Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо жилээс жилд ихсэх хандлагатай байгаа. Хохирогчдын дийлэнх нь 18 хүртэлх насны хүүхэд байна.

Ард иргэдийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, энд бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэргүүд багагүй хувийг эзэлж, Монгол Улсын ирээдүй болсон балчир үрс насан туршийн хохирогч болсоор байна.

Гэмт хэргийн судалгаанаас харахад 2019 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 610 гарсны хүчиндэх гэмт хэрэг 481, 17 хүртэлх насны 1,598 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон ба сурагч 1,137, сургууль завсардсан 11 хүүхэд, 17 хүртэлх насны 1,356 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

2020 оны хоёрдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 114 гарснаас хүчиндэх гэмт хэрэг 86, 17 хүртэлх насны 264 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон ба оюутан 165, сурагч 185, сургууль завсардсан 6 хүүхэд, 17 хүртэлх насны 76 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

-Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Энэ талаар ярихгүй юу?

-Сүүлийн жилүүдэд ард иргэдийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, энэ төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэргүүд багагүй хувийг эзэлж, Монгол Улсын ирээдүй болсон балчир үрс минь насан туршийн хохирогч болсоор байгаад хувь хүнийхээ хувьд сэтгэл эмзэглэж явдаг.

Тиймээс хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийг хүчирхийлэхийн эсрэгдуу хоолойгоо илэрхийлж байдаг ТББ-д , Үжин төв, иргэдтэйгээ хамтраад хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд явж байна.

Энэ хөдөлгөөнөөр бид хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, хүчирхийллийг таслан зогсоох зорилготой.

Түүнчлэн хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, хүчирхийллийг таслан зогсоох юм.

Б.ЭНХЗАЯА