Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.22) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 41 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг 50 зүйлтэй бөгөөд төслөөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох тухай, Улсын Их Хурал зөвхөн Ерөнхий сайдыг томилж, огцруулж, харин Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлж, огцруулах эрхийг хассан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн батлах, хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байх болон улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй талаар заасан байна. Хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоох тухай, Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох тухай, чуулган нэгдэн болон Байнгын хорооны хуралдаан гишүүдийн олонх хүрэлцсэн ирсэн тохиолдолд хүчинтэйд үзэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх, хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхийн саналаар батлах тухай зохицуулалтуудыг төсөлд тусгасан болохыг С.Бямбацогт гишүүн танилцуулав.

Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт, гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаа, зөвлөмжид үндэслэн шинэ зохицуулалт нэмж тусгасан болохыг тэрбээр танилцуулгадаа дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй тухай, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүнийг хавсарч болох тухай, гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Төсөлд Улсын Их Хурлын олонхийг бүрдүүлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх тухай тус тус заажээ. Ерөнхий сайдыг огцруулах тухай санал гаргах, түүнд итгэл хүлээлгэх эсэхтэй холбоотой зэрэг Улсын Их Хурал, түүний бүрэн эрхтэй холбоотой 13 багц асуудлыг шинэчлэн зохицуулснаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тухайн харилцааг шинэчлэн болон шинээр зохицуулах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 28 жилийн туршлагад тулгуурлан, олон улсын жишигт нийцүүлэн Улсын Их Хурлын зорилт, чиг үүрэг, Улсын Их Хурлын бие даасан байдлыг хангах, Улсын Их Хурлын Анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбоотой зохицуулалтыг төсөлд шинээр нэмж тусгажээ. Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцож байгаа албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл хэмээн үзэж тухайн этгээдэд Төрийн албаны болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хариуцлагажуулсан гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулахтай холбоотой асуудлыг төсөлд тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар асуулт асууж, төсөл санаачлагчдаас хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтын талаар Ж.Батзандан гишүүн тодруулав. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2 дахь хэсэгт заасан тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол эгүүлэн татах тогтоол гаргахаар төсөлд тусгажээ.

Хянан шалгах түр хорооны талаарх асуултад Д.Лүндээжанцан гишүүн хариулт өгсөн. Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын тогтоолоор хойшлуулшгүйгээр нэг жил хүртэлх хугацаатайгаар байгуулахаар төсөл тусгажээ. Хянан шалгах түр хороо нь тухайн асуудлаар холбогдох албан тушаалтан, гэрчийг дуудан ирүүлэх, хянан шалгагч, шинжээч томилох, тэдгээрээс тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, мэдээлэл гаргуулах бүрэн эрхтэй байх юм байна. Түүнчлэн тус түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хянан шалгалт явуулна. Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглох аж. Хянан шалгах түр хороо хяналт шалгалтаар цуглуулсан нотлох баримтад үндэслэж гаргасан тайлангаа Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороог татан буугдсанд тооцно. Уг тайлан нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй бөгөөд түүний цуглуулсан нотлох баримтыг шүүн таслах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг шүүх шийдэх аж.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурал дахь нам, эвсэлийн бүлгийн талаарх зохицуулалтын талаар тодруулга хүсэв. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хариулахдаа, Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна. Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар наймаас доош суудал авсан өөр өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно. Гишүүн бүлгээс гарсан бол өөр бүлэгт нэгдэн орохыг, бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглохоор төсөлд тусгасан байна. Улсын Их Хуралд бүлэг байгуулсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулахыг хориглох юм байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд хамтран Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын хэлбэр үүсгэхийг хориглох зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Энхболд, Д.Хаянхярваа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь буюу 75 хувийн саналаар дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Жавхлан, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Коронавирусээр халдварласан хүнд шинэ шинж тэмдэг илэрч байна

КОРОНАВИРУС В НИКОЛАЕВЕ: ХРОНИКА СОБЫТИЙ | СВІДОК.info

Коронавирусээр халдварласан хүнд илэрч байгаа шинэ шинж тэмдгийг ДЭМБ-аас өчигдөр танилцуулсан байна. Шинэ шинж тэмдэг нь хүүхдүүдэд их илэрч байгаа бөгөөд улаан ягаан, хөх өнгийн халуу дүүгэх эмзэглэлтэй арьсны өөрчлөлт хөл гарын хуруу, хамрын үзүүр дээр гарч байгаа аж. Үүнийг “COVID-19”-ийн эхний шинж тэмдэг гэж үзэж байгааг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлсэн юм. Мөн коронавирусийн халдвар тархах явц нь эдгэрэх явцаас хавьгүй удаан байгааг онцлоод өвчтөнүүд 21-45 хоног хэвтэн эмчлүүлж байгаа дэлхийн жишиг байгааг дурдав.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Танхайрагчдыг эрэн хайж байна

Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Цагаан нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ тус сумын харьяат иргэн Ц /37 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 04.12-ны өдрийн 23:00 цагийн орчимд сумын төв дэх ээжийнхээсээ гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 08:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 10:00 цагт эхлүүлсэн. 04.21-ний өдрийн байдлаар тус сумын Онон багийн “Намын даваа” гэдэг газраас “Хурхын боом” гэдэг газар хүртэл нийт 55 км-т “Онон” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон ба 04.22-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

СӨҮЛ, ФРАНКФУРТЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

89656212_146039886878047_1254369353692872704_o-6ua02ed3f7gho21xepvblv07slryfuhzamzxdytl8hs.jpg

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.

Энэ удаагийн тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан Улсын онцгой комисст өнөөдрийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох материалыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэнэ.

Зорчигчдын бүртгэлд УОК-ын зүгээс тавьж буй дараах шаардлагыг баримтална.

Үүнд:
– Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
– Жирэмсэн
– Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл
– Хөгжлийн бэрхшээлтэй
– Өндөр настан /60-аас дээш настай/ иргэдийг нэн түрүүнд хамруулна.

Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг Элчин сайдын яамаар нь дамжуулан тухайн иргэдэд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ заавал хийлгэсэн байна.

Дээрх шаардлагууд нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил хамаатай болохыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-Т ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Шинэ коронавирус мутацид орсон байх магадлалтай байна

АНУ-ын зарим мужид хөл хорионы дэглэмийг сулруулахаар зэхэж байгааг нөлөө бүхий судлаачид эрсдэлтэй алхам хэмээн дүгнэж байна. Тодруулбал, Харвардын их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар тус улс нэг өдөрт хийх шинжилгээний чадавхиа ирэх сард 3 дахин нэмэгдүүлж чадаагүй нөхцөлд иргэдийн аюулгүй байдлыг хангалттай хамгаалж чадахгүй аж. Одоогоор тус улс өдөрт дунджаар 146 мянга, нийт 3.6 сая хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Харин хөл хориог 5 дугаар сарын дунд үед сулруулахын тулд өдөрт 500-700 мянган хүнээс шинжилгээ авах хүчин чадалтай болсон байх шаардлагатай гэж дээрх сургуулийн эрдэмтэд үзжээ. Өөрөөр хэлбэл дээрх тооны иргэдийг шинжилгээнд хамруулсны дүнд халдвар авсан хүмүүсийг халдваргүйгээс нь тусгаарлах боломж бүрдэх аж.

Одоогоор шинжилгээнд хамруулсан иргэдийн 20 орчим хувиас халдвар илэрчээ. Харвардын их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ашиш Жа “эерэг хариуны эзлэх жин өндөр байх тусам илрүүлээгүй өвчлөгсөд их байгааг илтгэнэ. Иймээс үүнийг бууруулах чиглэлд ажиллах нь зүйтэй. Учир нь эдийн засгийг нээлттэй байлгах нэг үндэс бол халдвартай иргэдийг олж, тэднийг тусгаарлах явдал юм” гэжээ.

БНФУ-ын эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, үүний дотор амьсгалын аппарат, эмч нарт амны хаалт дутагдалтай байна. Өнгөрсөн долоо хоногт тус улс 81 сая амны хаалт импортолсон ч долоо хоногийн хэрэгцээ 45 саяыг давав. Одоогоор өдөрт 35 мянга орчим хүнийг оношилж байгаа бөгөөд Засгийн газар цаашид үүнийг 150 мянгад хүргэх, 6 дугаар сар гэхэд 30 мянган амьсгалын аппаратыг эмнэлгүүдэд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Халдвартай хүний тоо буурах хандлага ажиглагдаж, эрчимт эмчилгээнд орсон, эмнэлэгт хэвтсэн хүний тоо цөөрч байгаа ч асрамжийн газруудад өндөр настнууд нас барах нь их хэвээр байна.

ХБНГУ-д халдвар болон үхлийн тоогоор тэргүүлж буй Бавари муж улсад дэлгүүр худалдааны газар, нийтийн тээвэр, таксигаар үйлчлүүлж буй иргэд ирэх долоо хоногоос эхлэн амны хаалт зүүхээр болов. Үүний өмнө Саксон, Тюринг муж улсын Иена хотод амны хаалт зүүх журам гарчээ.

Их Британи-д өнгөрсөн 7 хоногоос эхлэн нас баралт тогтвортой буурч байгаа ч эмнэлгүүд хамгаалалтын хувцас хэрэгслийн хомстолд орж байна. Улсын хэмжээнд эмнэлгүүд дэх хамгаалалтын хувцас хэрэгслийн өдрийн хэрэгцээ 150 мянга орчим бөгөөд ойрын хугацаанд Турк улсаас 400 мянга, Мьянмараас 140 мянга, Хятадаас 180 мянган нэгж хувцас нийлүүлэгдэх аж.

БНЭУ эдийн засгийн хямралын үед “ашиг хонжоо хайгчид”-аас сэргийлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа чангатгав. Тодруулбал, тус улсын Худалдааны сайд “хил залгаа улсад бүртгэлтэй, эсвэл холбоотой ААН Энэтхэгийн компанид хөрөнгө оруулах асуудлыг Засгийн газар шийднэ” гэв. Ийм эрх зүйн зохицуулалт Пакистан, Бангладешийн ААН-д үйлчилж байсан.

Япон улс-ын экспорт 3 дугаар сард сүүлийн 3 жил байгаагүйгээр буурав. Тодруулбал, энэ хугацаанд экспорт 11.7 хувь буурч 6.36 их наяд иенд хүрсэн нь тус улсын эдийн засагт хүнд цохилт болох төлөвтэй. Байгалийн хий, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас үүдэн импорт ч 5 хувь багасчээ. Тус улсын АНУ руу хийсэн экспортын хэмжээ хамгийн ихээр буюу 16.5 хувь унасан нь сүүлийн 9 жил болоогүй үзэгдэл аж.

БНСУ-ын Засгийн газраас 4 дүгээр сарын 19-ний өдөр “зай барих” дэглэм 5 дугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх боловч сүм, фитнес болон сургалтын төв зэрэг олон хүн цуглардаг газруудын үйл ажиллагааг халдвар, хамгаалалтын нарийн дүрэм, журмын дор дахин эхлүүлэх талаар мэдэгдэв. Түүнчлэн элсэлтийн шалгалт, цэрэг татлага зэргийг явуулахаар болсон байна.

Нөхцөл байдал бүрэн хяналтад орж, тайвшрах үе ирээгүйг Ерөнхий сайд нь онцолсон бөгөөд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэхийг байдал хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалж 5 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэх аж.

ОХУ-д коронавирусний халдвар өдөрт дунджаар 14-17 хувийн өсөлттэй байгаа бөгөөд тогтоон барьж байгаа хэмээн Хорио цээрийн алба мэдээлж байгаа ч улсын хэмжээнд бүртгэгдэж буй тархалт идэвхтэй хэвээр байна. Москва хотод өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж, шинж тэмдэггүй хэлбэрийн халдвар авсан хүний тоо нийт өвчлөлийн 50 хувьд буюу 32 гаруй мянга болсон тул хотын захиргаа хотод тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар болов.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Михайл Мурашко эрүүл мэндийн системд шаардлагатай тоног төхөөрөмжийг шуурхай хангах зорилгын хүрээнд ирэх долоо хоног гэхэд нийт 300 ширхэг уушги орлуулах амьсгалын аппарат үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаас одоогоор 200 гаруй нь бэлэн болсон хэмээн мэдээллээ. Улсын хэмжээнд коронавирустэй тэмцэж байгаа 60 эмнэлэгт нийт 45,000 ор нэмэлтээр бий болгохоор ажиллаж байна. ОХУ-ын Иркутск, Владимир, Удмур, Коми, Забайкальскийн бүс нутагт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг шат ахиулах шаардлагатай гэж үзжээ.

Тус улсын Засгийн газраас нийт 56 тэрбум рубль /675 сая ам.доллар/-ийг цар тахлын дэгдэлтийг хязгаарлахад зориулан зарцуулаад байгаа бөгөөд үүнээс 33 тэрбумыг уг вирусээр халдварласан иргэдэд зориулж эмнэлгийн ор нэмж байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэхэд, 17.7 тэрбумыг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон гар амьсгалын аппарат, яаралтай тусламжийн үйлчилгээнд зориулан зарцуулсан байна.

Орон нутгийн эмнэлгүүд өвчтөн хүлээн авах орны тоог яаралтай нэмэгдүүлж байгаа бөгөөд Засгийн газар орон нутагт 32.4 тэрбум рублийн тусламж олгож, шаардлагатай уушгины төхөөрөмжөөр 3 сарын дотор хангахаар болов.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “өөрийгөө тусгаарлах” дэглэм нь эдийн засагт 17.9 их наяд рублийн хохирол учруулаад байгаа бөгөөд уг арга хэмжээ нь 3 сарын хугацаанд үргэлжилсэн тохиолдолд иргэдийн бодит орлого 5-50 хувь, ДНБ-ий хэмжээ 21 хувиар буурч,15 сая хүртэл ажлын байр хаагдах эрсдэлтэй байна гэсэн тооцоо “Деловая Россия” байгууллага гаргажээ.

ОХУ-ын “Олон нийтийн санал бодлыг тандах судалгааны төв” 4 дүгээр сарын 16-ны өдөр 18 ба түүнээс дээш насны 1600 иргэнтэй утсаар холбогдож судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдагсдын 80 орчим хувь нь коронавирусний халдвараас “урьдчилан сэргийлж” байгаа бол 10 гаруй хувь нь “огт арга хэмжээ аваагүй” гэжээ. Харин үлдсэн 12 орчим хувь нь “энэ талаар бодоогүй” гэж хариулсан байна.

БНХАУ-д “Covid-19” өвчин гарснаас хойш сүүлийн үеийн дэвшилтэд техник технологи болон цахим орчинг хөгжүүлэх төсвийг нэмэгдүүлж, 5G сүлжээг идэвхтэй ашиглаж байна.

ТЕГ

Хөхмөрөн мужид энэ сард “Covid-19” өвчний халдварын тархалт нэмэгдэх болсноос Үндэсний эрүүл мэндийн хорооноос эмчилгээний баг илгээн амьсгалын болон хүчил төрөгчийн аппаратын дэмжлэг үзүүлж байна. Тус мужид ОХУ-аас халдвар зөөвөрлөгдөн ирэх нь нэмэгдсээр байгаа тул үүнд анхаарч, хорио цээрийн дэглэмийг чанд сахихыг нутгийн удирдлагад үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

САНХҮҮГИЙН ЛУЙВРААС СЭРГИЙЛЭХИЙГ УРИАЛСАН “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монголбанкнаас Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн аяныг хэрэгжүүлэхэд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах алба, Хаан банк зэрэг байгууллагууд оролцож, бусад холбогдох байгууллагууд хамт зохион байгуулж байна.

Монголбанк нь энэхүү аянд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” -ийн хүрээнд оролцож байгаа бөгөөд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлсэн мэдлэг мэдээллийг түгээх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаралтыг багасгах зорилготой юм. Иймд олон нийтийн сүлжээ, цахим орчинд иргэдийг зөв мэдээ мэдээллээр хангаж байх юм. Тус аяны эхний шат буюу “Ятгах тусам нягтал” аян нь 2020 оны 1 сарын 1-нээс 2 сарын 1 хүртэл хэрэгжих хугацаанд “залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд урьд оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувь буурсан үр дүнтэй байна. Түүнчлэн иргэдийн мэдлэг, хандлага, залилах гэмт хэргийн гаралтад гарсан өөрчлөлт, өмнө нь зохиогдож байсан нөлөөллийн бусад арга хэмжээний үр дүнгээс үзвэл, залилах гэмт хэрэг 2020 оны 2, 3, 4 дүгээр сард буурах төлөвтэй болжээ. Гэсэн ч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залилах гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, хор уршгийг иргэдэд тайлбарлан таниулах, гэмт халдлагад өртөж хохирохгүй байх сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл, сургалтыг тогтмол өгч байх шаардлагатай тул дахин хоёр дахь шатны аяныг эхлүүлэхээр болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Жолоочийг мэсээр гэмтээж, автомашиныг нь дээрэмдэж зугтсан этгээдүүдийг илрүүлэв

Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 04-р сарын 16-ны шөнийн 23:50 минутад үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдээд зугтсан хэрэг үйлдэгдсэнийг Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн сэжигтэн А, Б нарыг дайчлан баривчилжээ.

Гэмт этгээдүүд хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, бусад эд мөрийн баримтыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгч ажилласан байна.

Хэргийн газраас оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэй этгээдүүдийг цаг алдалгүй шуурхай илрүүлэн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан алба хаагчиддаа ажлын амжилт хүсье. Иймд шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, таньж мэдэхгүй хүмүүсийг тээврийн хэрэгсэлдээ суулгахгүй байхад иргэд анхаарах шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгаас Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Улсын онцгой комиссын 4-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгаас орох, гарах хөдөлгөөнийг 2020 оны 04-р сарын 21-ний 21.00 цагаас 4-р сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбогдуулан Архангай аймгаас дээрх аймаг, хот руу зорчих хөдөлгөөнийг 4-р сарын 21-ний 23.00 цагаас 25-ны 06.00 цаг хүртэл түр хязгаарлалаа. Аймаг дотроо болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас бусад аймаг, сум руу зорчих болон ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн байна. Иймд Архангай аймгаас гарсан тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу оруулахгүй тул тээврийн хэрэгслийн жолооч нар замд гарахгүй байж, ажлаа зохицуулахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (COVID-19) 2020-04-22-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Далайн хөдөлмөрийн тухай конвенцод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Далайн хөдөлмөрийн тухай конвенцыг 2006 оны 02 дугаар 07-ны өдөр Швейцарь Улсын Женев хотноо зохион байгуулсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 94 дүгээр хуралдаанаар баталсан бөгөөд Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэгдэн орсныг соёрхон баталсан.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.

Далайн хөдөлмөрийн тухай конвенцод далайчдын эрхийг хангах үүднээс хөлөг онгоц эзэмшигчийг санхүүгийн баталгаатай байх шаардлагыг ерөнхий тусгасан байсныг 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр нарийвчлан зохицуулжээ. Тухайлбал:

Хөлөг онгоц эзэмшигчийн санхүүгийн баталгаатай холбоотой шаардлагууд:

  • хөлөг онгоц эзэмшигч хөлөг онгоцыг орхин явсан тохиолдолд далайчдад цалин хөлс, нөхөн олговор, тэтгэмж олгохтой холбоотой зардлуудыг төлж барагдуулах санхүүгийн чадварын баталгаатай байх;
  • хөлөг онгоц эзэмшигч хөдөлмөрийн гэрээ албан ёсоор байгуулан ажиллаж байгаа далайчин амь үрэгдсэн, эсхүл хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд нөхөн олговор, тэтгэвэр, тэтгэмж олгох зардлыг төлж барагдуулах санхүүгийн чадварын баталгаатай байх;
  • хөлөг онгоц эзэмшигч нь санхүүгийн баталгааг нотлох гэрчилгээтэй байх, түүнийг хөлөг онгоцны тавцан дээр хадгалах.

Хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлагатай холбоотой шаардлагууд:

  • хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд далайчинд нөхөн олговрыг бүрэн төлөх;
  • гэрээнд зааснаас бага хэмжээтэй нөхөн олговрыг хүлээн авахыг шаардаж дарамт үзүүлэхийг хориглох;
  • гэрээний дагуу олгох нөхөн олговрыг далайчин, түүний хууль ёсны өв залгамжлагч, эсхүл итгэмжлэгдсэн этгээд шууд нэхэмжлэх зэрэг.

Энэхүү конвенцын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгүүлэхээр хүсэлт гаргасан этгээдээс далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох болон бусад эрхийг хангах баталгааг илэрхийлсэн санхүүгийн баталгааг шаардан авах боломжтой болно.