ХҮН-ын дарга Б.Найдалаатай ярилцлаа.
-Засгийн газраас эдийн засагт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг та хэрхэн харж байна вэ?
-Төсвийн хуулийг өөрчлөхгүйгээр төсвийн зарлага, орлогод зохицуулалт хийнэ гэж байгаа нь буруу л даа. Эдийн засаг ийм хүндэрчихээд орлого нь илт тасрахаар болчихоод байхад төсвөө тодотгохгүйгээр хямралыг давж гарна гэдэг нь ойлгомжгүй зүйл. Энэ хямрал хэдэн сар бус хоёр гурван жилээр үргэлжлэх ноцтой хямрал байна. Зөвхөн төсөв тодотгох биш, ер нь эдийн засгийн бүтцийг нь яаж өөрчлөх, хэрхэн хямралд зохицсон бүтцэд орох талаас нь бодолцох хэрэгтэй болж байна. Тэрнээс төсөв танах, танахгүй тухай асуудал биш. Саяхан УИХ-ын тогтоол гарсан.
Энэ тогтоолыг харахад маш их мөнгө зарцуулсан, олон бизнес, иргэдийг дэмжсэн юм шиг боловч яг хямралаас хамгийн их хохирч байгаа орлого багатай, өрх толгойлсон эмэгтэйчүүд ч юм уу огт ажил хийдэггүй, жижиг наймаа хийдэг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, татвар төлдөггүй тэр хэсэгт хүртээмж нь муу байгаа нь харагдаж байна л даа. НДШ-ийг чөлөөлөх нь зөв. Гэхдээ ихэвчлэн том ААН-үүдэд маш ээлтэй. Огт татвар төлдөггүй олон иргэд байгаа. Тэр хэсэг ямар ч орлогогүй болчихож байгаа юм. НДШ, татварын хөнгөлөлтөөс тэр хүн хүртэхгүй. Хорио цээр тогтоосон үед ачаалал нэмэгдэнэ.
Энэ хөтөлбөр асар их мөнгө зарцуулж байгаа хэрнээ хамгийн эмзэг хэсэгтээ хүрэхгүй асуудал байна. Бусад улсыг харахад хамгийн ядууралд өртөх, ямар ч орлогогүй болох хүмүүсээ дэмжиж эхэлж байна. Энэ бол хөтөлбөрийн хамгийн сул тал. Өөрөөр хэлбэл, Монголын бүх бодлого арай илүү мэдээлэлтэй, улс төртэй холбоотой хэсэгтээ хүрдэг. Яг түүнтэй адил зарчмаар яваад байна.
ЖДҮ гэж байгаа боловч цаанаа жижиг өрх гэрийн бизнес байгаа. Тэр хэсэг ямар орлого алдаж байгааг бид мэдэхгүй. Ямар ч хөнгөлөлт очихгүй. Судалгаа гаргаж байгаад хамгийн эмзэг хэсэг огт орлогогүй болж байгаа хэсгээ дэмжмээр байна.
-ААН, иргэдийн НДШ-ийг төлчихөөр эдийн засагт алданги үүсэх үү?
-Үүснэ. НДШ-ийг зургаан сар хөнгөлөхөд 500 тэрбумын зөрүү үүснэ. Энэ зөрүүг хаанаас хэрхэн төлөх нь асуултын тэмдэг. Эдийн засгаа дэмжих нь зөв. Гэхдээ цаана эх үүсвэрээ хэрхэн олох нь тодорхой бус. Төсвөө тодотгохгүй гэж байгаа. Гэтэл орлого нь орж ирэхгүй болохоор мөнгө дутна. Гадны зээлээр авна гэсэн төсөөлөлтэй байна. Өөр ямар ч гарц байхгүй.
-Эрх баригч нам сонгуулийг хугацаанд нь явуулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Танай эвсэл ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгууль цаг хугацаандаа товлосон өдрөө болох ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл коронавирус цар тахал өргөс авсан юм шиг алга болохгүй. Коронавирустэй тэмцэх үедээ тэмцээд амьдарч сурах ёстой. Бид бизнесээ ч явуулах ёстой. Эдийн засгаа ч өсгөх ёстой. Түүндээ зохицож орлогоо олоод амьдрах ёстой. Сонгуулиа ч хийх хэрэгтэй. Төр засгаа солих хэрэгтэй. Ямар нэг аюулаар далимдуулан сонгуулиа хойшлуулж эдийн засаг, улс төрийн бүтцээ эвдээд байвал бид илүү хүнд байдалд орно. Мэдээж сонгуулиа явуулахад эрүүл ахуйн шаардлага аюулгүй байдлын бүх нөхцөл байдлаа хангаад хийх ёстой.
-Танай нам ирэх сонгуульд эвсэж оролцоно. Сонгуульд хэрхэн оролцох вэ?
-Том тойрогтой систем шинэ намуудад хэцүү. Гэхдээ нэгэнт нийгмийн хүсэлт хэрэгцээ шаардлага эрх барьж ирсэн хоёр гурван намын дампуурсан байдлаас хүмүүс залхсан байна л даа. Тиймээс сонгуулийн системээс үл хамаараад амжилттай үр дүнтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаа. МСДН, Зүй ёс намтай хамтраад Зөв хүн электрот гэсэн эвсэл байгуулсан. Энэ эвслийн хүрээнд бид ажиллана.
-Танай эвслийн мөрийн хөтөлбөрийн онцлог нь юу вэ?
-Мөрийн хөтөлбөрийн хувьд онцлог. Бусад намуудын хувьд 3.5 сая төгрөг ярьж байна. Зарчмын агуулгын ямар ч өөрчлөлт гараагүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад сүүлийн 20 жил Монголын улс төрд ямар ч агуулгын ахиц дэвшил гараагүй. Зөвхөн хэлбэр, үг, хүн нь л өөрчлөгдөж байсан. Манай эвсэлд агуулгын өөрчлөлт байна. Тухайлбал, цалин амлах шаардлагагүй. Цалингаа авсан хүн орон сууцаа авчихна. Тэр хүнд орон сууц амлах шаардлагагүй. Өөрөө орлоготой болчихвол өөрийгөө ч бүтээнэ, хөгжил гээд байгаа зүйлийг хийнэ. Тэгэхээр хүнийг л дэмжих ёстой. Мөнгө төсвөө эмнэлгийн барилгад биш. Эмчид нь өвчтөнд нь чиглэгдэнэ. Анги танхим байшин барилга биш багшид нь сурагчдад нь хүртээх юм. Хүн рүүгээ хөрөнгө оруулна гэж байгаа юм. Монголын ирээдүй технологиос хамаарах гээд байна. Ялангуяа шинэ үеийн залуучууд технологитой суурилж англи хэлтэй болж байж дэлхийд гарч илүү орлоготой амжилттай явна. Англи хэл мэдэхгүй, технологи хэрэглэхгүй, интернэт нь үнэтэй байвал Монгол Улс хөгжихгүй. Бидний гаргаж тавьж байгаа зарчмын том асуудал бол технологийг бүхий л зүйл дээр бодлогын үндсэн хөшүүрэг болгоё гэж байгаа юм. Төрийн албыг цахимжуулбал өртөг зардал, сонгуулийн булхай луйвар багасна. Бусад банк санхүү эмнэлгийн бүхий л үйлчилгээг зоригтой цахимжуулъя. Ингэхийн тулд монгол залуус мэдээллийн технологи инноваци дээр хөгжинө. Үүнд нь тохируулаад санхүүгийн тогтолцоо хөшүүргийг нь хийе. Инновацийн шинэ бизнесүүдийг дэмжихэд санхүүгийн хөшүүрэг болгож тийшээ хөрөнгө оруулъя гэсэн санаа. Түмэн жил ярьсан боловч бодитой бодлогын шийдэл хийж байгаагүй, орхигдож ирсэн салбар. Бодитой эргэлт хийе гэж байгаа юм.
-Зургаан сарын цаадах эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд эрт байна уу?
-Зургаан сарын дараа шулуухан хэлэхэд тийм амаргүй байна. Сонгуулийн дараа төсвөө тодотгохоос өөр аргагүй байдалд хүрнэ. Яагаад гэхээр дийлэхгүй л дээ. Үеийн үед валютын ханшийг хиймлээр барьж байгаад сонгуулийн дараа тавьчихдаг жишээ Монголд хэд хэд гарсан. Сонгуулийн дараа ам.долларын ханш огцом өсдөг. Тэрэнтэй адилхан үйл явдал болно гэж харж байна. Асуудал хүнд байхад халхавч хийгээд төсвөө тодотгохгүйгээр хямралаас гарчихна гэж байгаа нь иргэдээ худлаа тайвшруулж хууран мэхэлж байна. Эдийн засаг хүндэрчихсэн учраас хүмүүс орлогогүй болно. Энэ бүхнийг сонгуулийн дараа хамаагүй гэж хаяж байгаа юм. Нийгмийн амьдралыг сонгуулийг өмнөх хойдох гэж ялгаад байна. Энэ бол буруу.
-Манай улсын хувьд эдийн засаг эргээд сэргэхэд хэр цаг хугацаа шаардагдах вэ?
-Улс жижиг байх тусмаа сэргэхдээ ч, унахдаа ч хурдан байдаг. Зөв бодлого явуулбал зөвхөн эдийн засаг биш, хөгжил зэрэг аливаа асуудал хурдан шийдэгддэг. Энэ бидний давуу тал. Аажимдаа иргэдээ дэмжих хамгийн зөв арга татварыг нь хөнгөлөхөөс гадна ажил хийх, бизнес хийх боломжийг нь нээж хориогоо тавих юм. Коронавирусээс бус цалингүй орлогогүй болох маш том эрсдэлд орох гээд байна.