Categories
мэдээ улс-төр

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-аас тус хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар, анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагдсан байна. Тиймээс уг хуулийг шинэчилэн найруулж, өнгөрсөн онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлжээ. Хуулийн төсөлд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг зохицуулах заалт тусгасан байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас 22 зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргажээ. Чуулганаар ажлын багийн боловсруулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганаар Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чехийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Ц.Эрдэнэбат: М.Энхсайханы Үндсэн хуулиар болон Хүний эрхийн конвенцоор олгогдсон жам ёсны эрхийг хязгаарлалаа

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өчигдөр цагдан хорилоо. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад гэм буруугийн хурлыг өчигдөр товлоод байсан юм.

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалан, улсын яллагчаар прокурор Г.Батбаяр, Б.Батсайхан нар оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Д.Оросоо, Г.Бат-Отгон, Ц.Эрдэнэбат нар ирснээс гадна нэр бүхий хохирогч, гэрч нар шүүх хуралд оролцсон юм.

Шүүх хурал эхлэхэд М.Энхсайханы өмгөөлөгч нарын зүгээс “Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой гэж үзсэн учраас н.Отгонцэцэг, н.Гансүх, н.Энхбаяр, н.Ганбаатар, н.Батсүх нарын гэрч, шинжээч нарыг заавал оролцуулах ёстой. Тэд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байна” гэсэн юм. Тэгвэл улсын яллагчийн зүгээс дээрх нэр бүхий хүмүүсээс шалгалтын явцад мэдүүлэг авсан тул шүүх хуралд оролцуулах шаардлагагүй гэв.

Түүнчлэн шүүх хурал хойшилсон тохиолдолд шүүгдэгчийг цагдан хорих саналтай байгаагаа дуулгасан. Улсын яллагч тус саналынхаа үндэслэл болгож тайлбарлахдаа “Шүүгдэгч М.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх баталгаа авсан боловч яллагдагчийн үүргээ биелүүлээгүй.

Өөрийн хөтөлдөг твиттер хаягаасаа хавтаст хэргийн материал, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтыг олон нийтийн сүлжээгээр тараасан үйлдэл гаргасан. Үүнийг шүүхэд нөлөөлж байна гэж үзэж байна” гэлээ.

Шүүгчид зөвлөлдөн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэрч, шинжээчдийг оролцуулах шүүх хурлыг хийх нь зүйтэй гэж үзэв.

Ингэснээр шүүх хурал ирэх сарын 5 хүртэл хойшилсон юм. Харин дараагийн шүүх хурал хүртэл шүүгдэгч М.Энхсайханыг цагдан хорих улсын яллагчийн саналыг хүлээн авч буйгаа мэдэгдсэн юм.

М.Энхсайханыг буруутгаж буй гол үндэслэл нь 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд хэмээх албан тушаалд томилогдон, Таван толгойн нүүрсний уурхай, цахилгаан станц зэрэг мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт буруутгаж байгаа юм.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдээд буй.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИЙН 19.6 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн үйл ажиллагааг нь доголдуулсан, хүн амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАХ

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх заалттай.

М.Энхсайханыг цагдан хорих улсын яллагчийн үндэслэл өчигдөр олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн, хэргийн материалыг задалсан гэх үндэслэлийг М.Энхсайханы хамтран зүтгэгчдээс эхлээд хуульчид хүртэл эсэргүүцэж байв.

Олон нийтийн сүлжээнд “FreeEnkhsaikhan” буюу “Энхсайханыг чөлөөл” хэмээх акц хүртэл өрнөв. Үүнийг олон нийтийн танил хүмүүс, улстөрчид ч дэмжиж байв.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний press freedom index-2015 онтой харьцуулбал 19 байраар ухарчээ. Энхсайхан дээр гарсан “сошиалд идэвхтэй байдал” гэдэг хорих үндэслэл энд нэрмээс болно. Монгол сааралтаж улайсаар хөршүүдийнхээ өнгө рүү өдөр сараар ойртсоор байна” гэсэн бол УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Монголд @POTUS ирвэл хоригдож магадгүй юм байна даа. Манайхыг дуурайгаад Дээд шүүх нь түүнийг удахгүй хорих байлгүй” гэжээ.

Түүнчлэн түүний хүү Э.Батзул ч олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн байв. Тэрбээр “Дуугүй байхаар янз бүрийн гүтгэлэг гаргаж харлуулна. Тэрэнд нь тайлбар гаргаж тавихаар цагдан хорьдог хүч тэнцвэргүй тулаанд аав минь байна” гэжээ.

Энэхүү цагдан хориотой холбоотойгоор Ерөнхий сайд асан М.Энхсайханы өмгеелөгч болон хамтран зүтгэгчид, хуульчид ийнхүү ярьж байна.

ӨМГӨӨЛӨГЧ Ц. ЭРДЭНЭБАТ: М. ЭНХСАЙХАН ГУАЙ “БИ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ЭРХЭЭ ЭДЭЛСЭН. ЯМАР НЭГЭН БАЙДЛААР НӨЛӨӨЛӨӨГҮЙ” ГЭЖ БАЙГАА

-М.Энхсайханыг цагдан хорьсон үндэслэлийг та бүхэн юу гэж үзэж байна вэ?

-Улсын яллагчийн зүгээс манай үйлчлүүлэгчийг цахим сүлжээнд хэрэгтэй холбоотой мэдээлэл тавьсан байна. Энэ мэдээллээрээ шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого хийсэн.

Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой мэдээллийг задруулаад байна. Тийм учраас шүүхэд нөлөөлүүлэхгүй байх зорилгоор шүүх хуралдаан болтол таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэж прокурор хүсэлт тавьсан. Бидний зүгээс бол энэ хэргийн материал нууц байхаа больсон.

Тэртээ, тэргүй 2014 оноос хойш олон талаас нь энэ асуудлыг ярьсан. Түүний дагуу л энэ асуудлаар хувийн байр сууриа илэрхийлсэн. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн хүрээнд хийсэн үйлдэл.

Тийм учраас мөрдөн байцаалтын ажиллагаанд саад тотгор учруулсан, үүгээрээ дамжуулж шүүхэд нөлөөлөх гэсэн ямар нэгэн оролдлого тогтоогдохгүй байна гэсэн. Шүүх прокурорын зөв байна гэж шийдсэн.

-Хуульчийн зүгээс та үүнийг юу гэж үзэж байна?

-Би хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэх боломжгүй. Дээр хэлсэнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16-д зааснаар хүн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байгаа үйл явцыг шүүхэд нөлөөлж байна гэж үзэж байгаа нь субьектив хандлагатай байна.

Өөрөөр хэлбэл, энэ хүнийг Үндсэн хуулиар болон Хүний эрхийн конвенцоор олгогдсон жам ёсны эрхийг хязгаарлаж байгаа нь шүүх буруу шийдлээ гэж үзэж байгаа.

-Шүүх хурал гэрчүүд ирээгүй шалтгаанаар хойшилсон байсан уу?

-Шүүх хуралдаан хойшлох үндэслэл бол манай зүгээс тодорхой тооны гэрч, шинжээчдийг оролцуулъя гэдэг хүсэлт тавьсан. Тэд нараас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээс шүүх хуралдаанд ирээгүйтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулсан.

Гэрч нарыг заавал оролцуулах нь зөв байна, гаргасан хүсэлтийг хангаж байна гэж шүүх үзсэн. Гэхдээ прокурор бол шүүх хуралдаан хойшилбол энэ хүнийг заавал цагдан хорино гэдэг сөргүүлсэн байр суурь илэрхийлсэн.

Энэ үндэслэлээ дээр хэлснээр шүүгдэгч нь өөрийнхөө цахим хаяг дээр мэдээлэл тавьсан гээд түүнийг хуулж авчраад нотлох баримт болгож үзүүлж байсан.

-Ер нь манайд ийм үндэслэлээр цагдан хорьж байсан тохиолдол байдаг уу?

-АТГ-ын шалгаж байгаа хэрэг бүрт шалгагдаж байгаа хүн нь мэдээлэл өгөөд гарахад сайтууд дээр “Энэ хүн тэгж шалгагдаж, тийм мэдүүлэг өглөө” гэж мэдээлэгддэг. Ялангуяа улс төрд нөлөө бүхий хүмүүсийн шалгагдаж байгаа хэрэг бол өөрөөс нь хамааралгүйгээр аль дээр ил болчихсон. Бид шүүх хурал дээр ч үүнийг хэлсэн. Прокурорын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааны нууцлалыг хангах үүргээ хангалтгүй биелүүлж байгаа.

-Цагдан хорионы талаар М.Энхсайхан гуай өөрөө ямар байр суурьтай байна вэ?

-Би Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсэн. Ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гээд үйлчлүүлэгч маань шүүхийн өмнө хүндэтгэлтэй хандаж байгаа.

ХОТЫН ДАРГА АСАН Э.БАТ-ҮҮЛ: ШҮҮХ ЯМАР ДУР ЗОРГООРОО ЗАГНАДАГ БОЛСНЫГ ХАРУУЛЛАА

-М.Энхсайханыг цагдан хорьсон үндэслэлийг та эсэргүүцэж олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн байсан…

-М.Энхсайханыг баривчилж байгаа явдал бол хуулийн байгууллага, тэр дотроо шүүх ямар дур зоргоороо загнадаг болсныг харууллаа. Үнэхээр дур зоргоороо. Хууль ч хамаагүй боллоо. М.Энхсайханы хувьд цагдан хоригдох ямар ч үндэслэл байгаагүй.

Нэгэнт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж хэрэг шүүхэд очсон бол хуулиараа нээлттэй байх ёстой. Хэрэг нэгэнт шүүх дээр очсон болохоор тэр хүн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Үүнийгээ шүүх дээр босоод ч хэлж болно, хаана ч хэлж болно шүү дээ.

Түүний л адил онлайнаар байр сууриа илэрхийлсэн хэрэг. Насанд хүрээгүй хүүхэд эсвэл хувь хүний нууцтай асуудал биш бол бусад бүх хэрэг нээлттэй. Харамсалтай нь эрээ цээргүй явдал боллоо.

-Олон нийтийн дунд тэр хүний амыг барих гэсэн оролдлого гэж хардаж байна?

-Мэдээж. Анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд явж байхад амыг нь бариад байсан. Одоо шүүх дээр материал нэгэнт ирчихсэн. Шүүх өөрөө нээлттэй байх ёстой. Хэрэг хийгээгүйгээ нотлоод онлайнаар юм ярилаа. Аль хэдийнээ түүнд тэгэх эрх нь үүсчихсэн.

Гэтэл амыг нь барих гээд цагдан хорьчихлоо. Одоо бүр улайм цайм дур зоргоороо загнаж байна. Энэ бол зориуд нийгмийг шалгаж байгаа тест. Нийгэм үүнд цочирдохгүй байвал цаашдаа барьж хориод шүүхээр яллаж хорих гээд байна. Түүнийгээ тестэлж үзэж байна уу л гэж хардаж байна.

-Таван толгойн гэрээ байгуулагдаагүй атал ийм хэрэгт тул гасан нь буруу гэх хуульчид байна. Та үүн дээр ямар саналтай байна вэ?

-Анх л би энэ хэргийн талаар байр сууриа илэрхийлж байсан. Хүнийг хийгээгүй хэргийнх нь төлөө гэмт хэрэгтэн болгодог. Нийгмийн тархийг баахан угааж гэмт хэрэгтэн мэт ойлгуулсан. Харин одоо л шүүх дээр хэрэг ирэхээр шүүгдэж байгаа хүнд үгээ хэлэх боломж ирж байна. Үүнээс өмнө ярьдаггүй байлаа шүү дээ. Мөрдөн байцаалтын шатанд нийгэм даяараа гэм буруутай гээд тархийг нь угаачихсан. Тэгэхээр хүн чинь боломж олдонгуут гэм буруугүй гэдгээ нийгэмд хэлэх ёстой биз дээ. Тэгэхгүй бол нийгмийн санаа бодолд тааруулаад шүүхийн шийдвэр гарчихвал яах вэ. Хуулийн наад захын шаардлагыг хангахгүй, бүр хүчирхийлж эхэлж байна.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Х.ТЭМҮҮЖИН: ТЕРОР ҮЙЛДЭХ ХЭМЖЭЭНИЙ ХОРЛОН СҮЙТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ЯЛЛАЖ ЧАДАЖ БАЙГАА ХҮМҮҮС ШҮҮХИЙГ ЗАНАЛХИЙЛСЭН ГЭЖ ГҮТГЭХ НЬ ЭНҮҮХЭНД

-Хүнийг цахим сүлжээнд байр суурь илэрхийлсний төлөө шүүхэд нөлөөлөхийг оролдлоо гэж үзэн цагдан хорьсон тохиолдол гарлаа. Энэ нь хууль зүйн талаасаа хэр зөв үндэслэл вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт шүүгч, прокурор, мөрдөгч гэх зэрэг нэр бүхий этгээдүүдийг дарамталсан, сүрдүүлсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар хуульчилсан. М.Энхсайхан гэдэг хүн бусдыг дарамталж, сүрдүүлээд байх зан байдалтай хүн гэж би бодохгүй байна.

Энэ бол догширчихсон гэмт хэрэгтэн, даварчихсан эрх мэдэлтнүүдээс л гарах ааш аяг. Цахим сүлжээнд хувь хүн өөрийгөө илэрхийлэх төдийд нөлөөнд автдаг, айж сүрддэг шүүх байгаа бол ургалч үзэл, үг хэлэх эрх чөлөө, өөрийгөө өмгөөлөх эрхтэй иргэний ардчилсан нийгэмд огт зохицохгүй шүүх, шүүгч байна гэсэн үг.

Үндсэн хуульд Монгол Улсын иргэн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Энэ эрх нь ганц шүүхийн танхимд бус шүүхээс гадна олон нийтийн эргэлзээ, буруутгалд хариу хэлж, хэлэлцүүлэг өдөөх замаар ч хэрэгжинэ. Өөрийгөө өмгөөлөх, үг хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрхээ эдэлсний төлөө баривчлагдаж, хоригдоно, шүүх хуулийн байгууллагын заналхийлэлд өртөнө гэдэг бол Үндсэн хуулийн бус шүүх, хуулийн нэр барьсан засаглал амилж, Монгол Улсын Үндсэн хуулийг хорьж цагдаж байна гэсэн үг.

Ер нь терор үйлдэх хэмжээний хорлон сүйтгэх гэмт хэрэгт яллаж чадаж байгаа хүмүүс шүүхийг заналхийлсэн гэж гүйтгэх нь энүүхэнд биз дээ.

-Шүүхийн хараат бус байдал, гэрч хохирогчийг хамгаалах зэрэг олон зүйлийг хариуцаж байсан алба Тахар. Хэрэв Тахарын алба өнөөдөр байсан бол ингэж цагдан хорих шаардлагатай юу?

-Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, гэрч, хохирогч, шүүх хуралдаанд оролцогчдыг хамгаалах үүрэгтэй Тахарыг татан буулгачихсан болохоор шүүх нь их эмзэг болсон бололтой. Иргэн цахим орчинд үг хэлэхэд л шүүх айдас хүйдэст автаж хуульгүйгээр хүн хориход бэлэн болж.

Уг нь шүүхийн айдас хүйдэс өөрийгөө өмгөөлж, дуугарч буй иргэнээс бус өөрсдийг нь огцруулахад бэлэн ҮАБЗ, энэ нэрний дор нуугдах гурван улс төрчөөс л үүдэлтэй байх. Тахарын алба дарга хамгаалдаг биш хохирсон иргэний, шударга ёсыг өмгөөлж буй гэрчийг хамгаалдаг алба байсан.

Тахарыг устгаад шүүхийг хууль, шударга ёсыг хамгаалдаг бус дарга хамгаалдаг, эрх дархтны гар хөлд зарагддаг байгууллага болгож хувиргачихав уу даа. Энэ УИХ-ын хийсэн хамгийн том нүгэл нь бараг энэ байх. Өөрсдөө удахгүй энэ нүглийн хонгилоороо гоожино доо.

ХУУЛЬЧ МӨНХ-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛСНИЙ ТӨЛӨӨ ЦАГДАН ХОРИОД БАЙВАЛ ЭНЭ УЛСАД ХОРИГДОХГҮЙ ХҮН ҮЛДЭХГҮЙ

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд яллагдагчийг цагдан хорих үндэслэлийг заасан. Үүнд нэгдүгээрт оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, хоёрдугаарт шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, гуравдугаарт гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, дөрөвдүгээрт урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж заасан байгаа. Уг хэсэгт шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэдэг үндэслэл байхгүй байгааг Та харж байна.

Ер нь хуулийн байгууллагуудын дуудсан цагт очиж, хэргээ шалгуулж байгаа хүнийг цагдан хорих зайлшгүй шаардлага байхгүй шүү дээ. Нөгөө талаас, хүн үзэл бодлоо илэрхийлэх, өөрөө өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Энэ бол Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон манай Үндсэн хуулиар бүх хүнд олгосон эрх юм.

Энэ эрхийнхээ дагуу олон нийтийн сүлжээнд өөрийнхөө байр суурийг илэрхийлсний төлөө хүнийг цагдан хориод байх юм бол энэ улсад цагдан хоригдохгүй хүн үлдэхгүй байлгүй дээ.

Ер нь нэг зүйл маш тодорхой байна. Тэр нь шүүх, хуулийн байгууллагыг улс төрөөс хараат бус, бие даан ажиллуулах чиглэлээр хийх зүйл маш их байна.

Улстөрчдийн, бизнесийн бүлэглэлүүдийн даалгаврыг биелүүлдэг авлигач, ашиг сонирхолтой шүүгчдийг шүүхээс цэвэрлэх цаг нь болжээ. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахад мэргэжлийн ёс зүйтэй, эр зоригтой, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шүүгчид хамгийн чухал үүрэгтэй. Хууль бус шаардлага, дарамт, шахалтын өөдөөс үгүй гэж хэлж чадах шүүгчид сүүлийн үед ховордоод байна уу даа гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумын төв дэх ээжийнхээсээ гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болжээ

Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Цагаан нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ тус сумын харьяат иргэн Ц /37 настай, эрэгтэй/, 2020.04.12-ны өдрийн 23:00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумын төв дэх ээжийнхээсээ гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 04.23-ны өдрийн байдлаар тус сумын Онон багийн “Яргуйтын хавцал” гэдэг газраас “Өндөр даваа” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар, мөн “Цагаан нуга” гэдэг газраас “Хар-Ус” гэдэг газар хүртэл 10 км-т “Онон” голоор завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна.

Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг өнөөдрөөс явуулж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр чуулганаар 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэж, нэг асуулгын хариу сонсоно.

Хэлэлцэх асуудлын жагсаалт:

1.Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

2.Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

3.Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

4.“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

5.“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

6.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

7.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан/;

8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

9.Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

10.Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлт.

Үдээс хойших хуралдаан:

11.Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

Categories
мэдээ нийгэм

БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх орондоо авч ирэх нислэгт өөрчлөлт орлоо.

Тодруулбал, 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авч ирэх юм.

Харин 05 дугаар сарын 02-нд Герман улсын Франкфурт хот руу нислэг үйлдэнэ гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихсэж байна

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихсэж байна.

Өчигдөр буюу 04 дүгээр сарын 23-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 15 дугаар гудамжинд иргэн Б-ын хашааны банз, шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 10 минут ажиллаж унтраасан.

НийслэлийнЧингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” зуслангийн “Задгай”-д шар өвс шатсаны улмаас зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

НийслэлийнХан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Богд хан-Уул”-ын “Жаргалантын-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, унтраасан.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.

Иймд иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг Монголын Хуульчдын холбоотой хамтран боловсруулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсэг нь “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” үндсэн чиглэлийн хүрээнд хийгдсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-т мөн тодорхой асуудлуудыг тусгасан.

Тиймээс шүүхийн багц хуулийг шинэчлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тууштай баримтлах, Үндсэн хуулийн мөрдөгдөж байгаа зохицуулалтуудад захирагдах, хуулийг хуульчдаас гадна иргэн, хуулийн этгээдийн хэрэглээнд нийцүүлэх, өнгөрсөн хугацааны алдаа, оноо, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад учирч байгаа эдийн засгийн болон бусад хүндрэл, бэрхшээлийг цогцоор нь харж, нэг мөр шийдвэрлэх” шаардлагыг хатуу баримтлах нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дэнзэн: Нийгэмд ил гарч, өөрийгөө зөвөөр ойлгуулж чадаагүй нь миний алдаа байсан

ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа эхнэрийнхээ “Говь повер” компанийг тендерт ялуулж, улсад 5.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож, шүүхээс гурван жил зургаан сарын хорих ял сонссон Г.Дэнзэнтэй ярилцлаа. Тэрээр хэрэгт холбогдсоноос хойших долоон жилийн хугацаанд анх удаа ийнхүү хэвлэлд ярилцлага өгч байгаа юм.


ОЮУ ТОЛГОЙ, ТАВАН ТОЛГОЙН ОРДЫН МАТЕМАТИК ЗАГВАР ГАРГАХ АЖЛААР Н.АЛТАНХУЯГ ДАРГАТАЙ ТАНИЛЦСАН

-Одоогоос яг долоон жилийн өмнө буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжигдээгүй. МАН-ын бүлгээс нэмж гурван зүйл оруулж ирсний нэг нь Ерөнхий сайдын хамаатан тендер авсан гэх мэдээлэл. Энэ бол таны холбогдсон хэргийн анхны мэдээ. Түүнээс хойш долоон жилийн дараа та олон нийтэд энэ ээдрээтэй хэргийн талаар анх удаа ярих гэж байгаа нь сонин тохиолдол байна…

-Долоон жил гэдэг бол урт хугацаа биз дээ. бүхэл бүтэн долоон жил өнгөрчихөөд байхад Дэнзэнгийнх гэх тодотголтой улс төрийн зохиомол хэрэг одоо болтол шийдэгдээгүй. Таны дурдаж байгаа 2013 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр МАН-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах зургаан зүйлтэй санал өргөн барьсан ч УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй. Гэтэл МАН-ынхан нэмээд гурван санал оруулж ирсэн байдаг юм. Түүний нэг нь хүргэн Дэнзэнгийн гэх хэрэг. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой хэрэг. Учир нь тухайн үед УИХ-ын чуулганы индэр дээрээс МАН-ын гишүүн Н.Номтойбаяр “Хэрэг” гэж олон нийтэд зарласан. Зүй нь эрүүгийн хэрэг гэдгийг хэн нэгэн УИХ-ын гишүүн зарлахгүй, хуулийн байгууллага шалгаж тогтоодог зүйл. Гэтэл үүнийг хэрэг гэж УИХ-ын индэр дээрээс зарласан нь улс төрийн хэрэг гэдгээ нотолчихож байгаа юм. Тухайн үед би “улс төр” юм даа гэж бодоод ач холбогдол өгөөгүй. Би ажлаа хийж байсан төрийн албан хаагч. Гэтэл энэ маань үргэлжилсээр байгаад хүнийг хэлмэгдүүлээд, шорон гянданд барьж хориод явдаг юм байна. Таны хэлж байгаа яг үнэн.

-Хүргэн дэнзэнгийн гэх хэргийг тойрч өнгөрсөн долоон жилийн хугацаанд маш их мэдээлэл гарсан байдаг. Тэр дунд 25-тай залуу улс төрд орж ирсэн. Хадам ахынхаа тэргүүлсэн Засгийн газрыг ганхуулах хүртэл муу нэр зүүсэн баримтууд бий. ер нь та яаж, ямар зам мөрөөр улс төрд орж ирсэн юм бэ?

-Үүнийг ярихын тулд би намтраа товч ярих хэрэгтэй болох нь. Би Дорноговь аймгийн сайншанд сумын уугуул. анх зургаан настайдаа сургуульд орж байлаа. Гайгүй сайн суралцаад есдүгээр ангиа алгасаж байсан. Би сурагч байхдаа математик, физикийн хичээлдээ их сонирхолтой байсан учраас аймгийнхаа олимпиадад түрүүлдэг. Аравдугаар ангидаа улсын математикийн олимпиадад оролцож гуравдугаар байрт шалгарч байсан. Аав маань МУИС-ийг цөмийн физикч мэргэжлээр төгссөн. Ээж маань хүний их эмч байлаа. Энэ хоёр маань Улаанбаатар хотод танилцаж гал голомтоо асааж гэр бүл болцгоосон хүмүүс. Би дээрээ гурван эгчтэй. Хоёр эгч маань бас л МУИС-ийг физикийн мэргэжлээр төгссөн хүмүүс. Бага эгч маань хүний их эмч. Харин би 10 дугаар ангиа төгсөөд МУИС-д урилгаар орж хэрэглээний математикийг сонгон суралцсан. Хэрэглээний математик гэдэг маань маш товчхондоо амьдралд урган гарч байгаа аливаа асуудлын оновчтой шийдлийг олохыг эрмэлздэг салбар.

Оюутан байхдаа 2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд “Тэтгэврийн даатгалын санд актуар загварчлал хэрэглэх нь” сэдвээр судалгааны ажил хийж байсан. Тэтгэвэр, нийгмийн даатгалын тогтолцоонд ирээдүйн эрсдэл ямар байхыг, хэрхэн яаж оновчтой шийдэхийг магадлалын онолын аргаар тооцоолж загвар гаргаж байсан. Энэ загварчлал дээрээ үндэслээд ирээдүйн таамгийг гаргаж болдог. Энэ нь бодлого тодорхойлогчдыг зөв шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх судалгаа байсан юм.Дипломын ажлын маань удирдагч МУИС-д олон жил багшилсан эрдэмтэн Хадхүү багш, математикийн салбарт нээлт хийсэн академич Жанлав багш хоёр маань байсан. Би тэр үед сургуульдаа багшаар үлдэхээр болчихсон байсан үе л дээ. Гэтэл 2007 оны зургадугаар сар хавьцаа Хадхүү багш маань өрөөндөө дуудав. МУИС-ийн төв байрны хоёрдугаар давхарт яваад орсон чинь нэг хүнтэй хамт байсан нь одоогийн Н.Алтанхуяг дарга. Тэр хүн надаас“Оюутолгой, Таван толгойн ордоор математик загвар гаргах хүн хайж ирсэн юм аа. Чи улсын математикийн олимпиадад III байр эзэлж байсан юм байна. Хийж чадах уу” гэж байна.

-Шууд уу?

-Тийм. Шууд л асуусан. Тухайн үед Н.Алтанхуяг дарга УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөх байсан. Би ч шууд л “Чадна, чадна” гэсэн. Н.Алтанхуяг дарга “Тэгвэл чи АН-ын зөвлөлд ажиллана аа. Оюу толгой, Таван толгойн ордыг Монголын ард түмэнд ашигтай, үр өгөөжтэй байлгах талаас судалгаа хийх хэрэгтэй байна” гэсэн. Маргааш нь намайг Төрийн ордонд дуудаад “Өнөөдрөөс ажиллаж эхэл” гэлээ. Ингээд л анх Н.Алтанхуяг гэж хүнтэй танилцсан юм. Сүүлд багшаасаа Хадхүү багш Алтанхуяг дарга хоёр Увс аймгийн арван жилийн ангийнхан гэдгийг сонссон. Ухаандаа ангийнхаа мундаг математикчаар дамжуулаад сайн тоочин хайж байсан юм билээ. Ингээд би 2007 онд УИХ дахь АН-ын зөвлөлд референтээр Оюу толгой, Таван толгойн ордыг хэрхэн яаж загварчлах вэ, математик загварыг яаж байгуулах вэ, түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчин ямар байдаг талаар судалгаа хийснээс гадна төрийн албан хаагчдын цалинг яаж нэмэгдүүлэх тал дээр бас тооцоо судалгааны ажил хийж эхэлсэн.

-2008 онд УИХ-ын сонгууль болсон. Та Шадар сайдын зөвлөхөөр үргэлжлүүлээд ажилласан байх аа?

-2008 онд сонгууль болсон. Н.Алтанхуяг даргын сонгуулийн кампанит ажилд нь ажилласан. 2008 оны аравдугаар сар байсан санагдаж байна. ЗГХЭГ-т Тэргүүн шадар сайдын зөвлөхөөр ажилласан. Тухайн үед Тэргүүн шадар сайд яамгүй, ажлын албатай, Оюуны өмчийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар, чөлөөт бүс, үйлдвэржилтийн бодлогын асуудал зэрэг багтаж байсан. Энд би төрийн ажил хэрхэн явдаг, яаж хийх ёстойг маш сайн ойлгож суралцсан. Үнэн хэрэг дээрээ зөвлөх нэртэй ч яг л ЗГХЭГ-ын референтийн ажлыг хийж байв. Референтийн статустайгаар харьяа агентлагуудын асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэх, хууль бол хуулийг Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барих гэх мэт. Патентын тухайн хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль гэх мэт хэд хэдэн хууль дээр ажилласан байдаг. Тиймээс энэ тал дээр нэлээд ажлын туршлага дадалтай болсон байлаа. Дөрвөн жил яг л тэр төрийн албанд нухлагдаж ажилласан даа. Тухайн үед ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонготой би их сайн гар нийлж ажилласан гэж боддог. Хэдийгээр тэр хүн төрийн албан хаагч. Статусаараа бол би улс төрийн албан тушаалтан ч гэлээ төрийн ажил, Засгийн газрын тогтоол хэрхэн яаж гардаг талаар Ш.Солонго дарга маш их зүйлийг зааж сургасан. Тэгээд 2012 оны нэгдүгээр сард АН Засгийн газраас гарснаар манай албаныхан ажлаа өгсөн.

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙГ ХЯНАЛТГҮЙ ЗАРЦУУЛЖ БАЙГААГ ИЛ ГАРГАСНЫХАА ТӨЛӨӨ ӨӨР ДЭЭРЭЭ ГАЛ ДУУДСАН

-Хэдий тэгээд өндөрлөсөн ч ЗГХЭГ-таа дахиад л ирсэн байдаг. Бүр дэд даргаар нь…

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад намайг ЗГХЭГ-т ажиллаж байсан туршлагатай гээд орон нутаг, хяналт шалгалт хариуцсан дэд дарга болгосон. Залуу хүн болохоор олон ажил руу ханцуй шамлаад л дайраад орсон. Орон нутагт л гэхэд болох болохгүй юм зөндөө байсан. Залуу хүний нүдээр харахад байж боломгүй, дампуу зүйл бишгүй байсан. Жишээ нь, нэг сургууль, цэцэрлэгийн барилга дөрвөн жил баригдаад ашиглалтад ордоггүй. Цэцэрлэгийг анх барихдаа 500 сая төгрөг гэж төсөвлөсөн ч дөрвөн жилийн дараа нэг тэрбум 900 сая төгрөг болсон атлаа цэцэрлэг нь босоогүй байх жишээтэй. Ингээд л улс даяар авилгажсан төсөв гэж яригдаж эхэлсэн дээ.

ЗГХЭГ-ын дэд даргын хувьд юу нь болохгүй байна вэ, юу нь болж байгааг олон нийтэд ил гаргаж ажлаа эрчимтэй зөв явуулах нь миний ажил үүргийн хуваарь. Тэр үүднээс “Ийм болохгүй асуудал байна” гэж ил гаргаж тавьсан. Маш товчхондоо тэр хавьдаа шүгэл үлээгч болж хувирсан. Ингээд авлигажсан төсвийн талаар тухайн үед Ерөнхий сайд ил гаргаж тавиад сенсаци болж байсныг хүмүүс санаж байгаа байх.

Хоёрдугаарт, зарим дарга нар төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байсан тохиолдол олон байсан. Жишээ нь, Төрийн банкнаас удирдлагууд нь ногдол ашиг хэлбэрээр 15 сая төгрөг зүгээр л авчихдаг. Бас хөнгөлөлттэй зээл гэж жилийн 1.8 хувийн хүүтэй 240 сая төгрөгийг өөрсдөө авчихдаг. Иргэний нисэхийн ерөнхий газар гэхэд 30 сая төгрөгийг хүмүүстээ бэлнээр гаргаад өгчихдөг. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар гээд л. Ер нь агентлаг, яамдад ийм зүйл хавтгайрчихсан байсан. Би эхлээд цочсон. Тэгээд хатуухан шалгаад олон нийтэд ил гаргасан. Энэ маань их гал дуудсан даа. Одоо бодоход ийм зүйлүүдийг хийсэн болохоор би олон хүний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн юм шиг байгаа юм. Эндээс бүх зүйл эхэлж, Дэнзэн гэж нөхрийг, барын зулзагыг бага дээр нь дарж авъя гэсэн улс төр явчихсан.

-Төсөвтэй холбоотой асуудал нь дэлгэгдэхэд дургүйцэх хүн хэр олон байв?

-Байсан, байсан. Манай намыхны зүгээс ч байсан, МАН-аас ч тэр. УИХ-ын гишүүд хүртэл шууд утасдаад “Яагаад байгаа юм бэ чи” гэж байсан удаатай. Би тухайн үед тоогоогүй. Шударга бус зүйлтэй огтхон ч эвлэрээгүй. Тэр чигээрээ л явчихсан.

-ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонготой сайн гар нийлж ажилладаг байсан гэлээ. Таныг ЗГХЭГ-т томилогдоод удаагүй Ш.Солонго дарга ажлаа өгсөн байдаг. Тэрээр энэ тухай хэвлэлд ярихдаа “Албан тушаалын хэнээрхэл, дур зоргоороо авирлахын дон шүглэсэн Г.Дэнзэн гэдэг залуугийн замд би, Монголын хууль саад болсон” гэсэн байдаг. үнэхээр тийм зүйл болсон хэрэг үү?

-Тэр ярилцлагыг уншсан. Өнгөрсөн явдал. Өнгөрснийг өнгөрсөнд нь хаячихсан нь амар байдаг. Ирээдүйгээ хүн харж амьдрах хэрэгтэй. Ш.Солонго даргатай би 2008-2012 оны үед үнэхээр сайн хамтарч ажилласан. Үүнийг би хаана ч хэлнэ. Ш.Солонго дарга гавьяат болоход найран дээр нь ч очиж байлаа. Бид хоёр гайгүй л харилцаатай байсан. Яалт ч үгүй 2012 онд АН Засгийн эрхэнд гарсан. Ш.Солонго даргатай бас л хамтраад ажилласан. Мань хүн дээр нэг асуудал гарсан юм, тэр үед. Тухайн үед Төрийн банкны хэрэг гарсныг санаж байна уу. Тэр үед Төрийн банкнаас 15 сая төгрөгийг хувьдаа авчихсан байсан. Ш.Солонго даргын данс руу нь орсон нь ил болчихсон. Ийм зүйл гарчихлаа, яалт ч үгүй ажлаа өгөх явдал боллоо гэснээс үүдэж бид хоёрын зөрчил үүссэн. Төрийн банкны асуудал дээр эвлэрэхгүй болоод зөрчил үүссэн. Тийм л зүйл болсон.

-Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гэсээр ер нь энэ хэрэг чухам хэзээ яаж эхэлсэн талаар баримт мэдээлэл мартагдах дөхөж. Танд яг хэзээ, Ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг юм бэ?

-2012 оны есдүгээр сарын 5-нд анх би ЗГХЭГ-ын дэд даргаар, сарын дараа ажил үүргийн хуваарийн дагуу “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон. Гэтэл анх 2013 оны дөрөвдүгээр сарын 16-нд Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөөд Г.Дэнзэнгийн эхнэр Гэрэлхүүгийн Уянгаар дамжуулж “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигчийн асуудал өрнөсөн. Тухайн оны тавдугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас хуурамч баримт бичиг үйлдсэн гэх хэрэг үүсгэсэн юм билээ. Тухайн үеийн Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйл ангид зааснаар. Ингээд Нийслэлийн прокурорын газраас хэргийг шалгаж үзээд “Энэ бол хэрэг биш” гээд хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, “Говь повер” компани Чулуунбаатарын Уянга гэж хүний компани. Гэтэл Г.Уянга гээд ижил нэрээр тухайн үед улстөр хийчихсэн, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр, О.Содбилэг гэсэн МАН-ын залуус оройлж оролцсон. Хэдий тийм ч тэр асуудал хэрэгсэхгүй болсон. Ингээд би 2013 оны зургадугаар сард ажлаа өгсөн.

Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХЯТАД РУУ ХАВЧДАГ БАХЬ АВЧРАХААР ЯВЖ БАЙЛАА

-Ажлаа өгөхөд нөлөөлсөн гол шалтгаан юу байв. Олон нийтийн ойлгож байгаагаар энэ асуудлаас болж өгсөн. Тэгээд ч Ерөнхий сайдаас эхлээд аждаа өг гэдэг шахалтууд байсан болов уу гэж боддог?

-Тухайн үед 2013 оны дөрөвдүгээр сараас Н.Номтойбаяр гишүүн Г.Дэнзэн гэмт хэрэгтэн гээд УИХ-ын индэр дээрээс зарлачихсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би энэ хүнийг ажлаа өг гэж хэлсэн. Шалгуулах ёстой” гэж телевизийн ярилцлагад орохдоо ярьчихаж байгаа юм. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч хүн жирийн нэг залуугаар оролдоно гэдэг их сонирхолтой. Гэтэл хамгийн сонин нь хувь заяаны шоглоомтой зүйл юу байсан вэ гэвэл 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж гэж хүн нэр дэвшсэн. Тэр үеийн сонгууль их будлиантай болж байлаа. Одоогийнх шиг цахим үнэмлэх гэж байсангүй. Хуучны иргэний үнэмлэхтэй. Царцааны нүүдэл их явдаг. Нэг иргэн нэг газарт хоёр, гурван удаа санал өгчихдөг. Намайг Тэргүүн шадар сайдын ажлын албанд ажиллаж байхад Н.Алтануяаг сайд “Үүнийг яаж шийдэх вэ. Яаж нэг иргэн нэг л удаа санал өгдөг болох вэ” гэж багаараа ярилцаж байгаад “Ер нь иргэний үнэмлэх дээр бахиар тэмдэглэгээ хийдэг болчихвол иргэн нэг л удаа санал өгдөг болох юм байна” гэсэн санал яригдсан. Тухайн үед цаг хугацаа их давчуу. Гэнэт нэг өдөр Н.Алтанхуяг дарга үүрэг өгөөд, ийм бахь хийлгэж авч ирэхгүй бол булхай луйвар их болох юм байна гээд би тэр бахийг олж ирэхийн тулд Бээжин рүү нисэж байлаа. Монголд хавчдаг бахь олноор үйлдвэрлэдэг газар байхгүй. Гэтэл түүнийг орон нутаг, нийслэлд олноор тараах хэрэгтэй байдаг. Тэгээд Бээжинд очиход байдаггүй. Тухайн үед ЭСЯ-нд ажиллаж байсан Сүхбаатар гэдэг ах их тусалсан. Тэр хүний хүүтэй хамт бид хоёр Винжоу гэдэг хот руу очиж нөгөө бахийг гуравхан хоногт авчирч байлаа. Ирээд л бахиа СЕХ-д хүлээлгэж өгөөд, тус газар ч дүрэм журмаа гаргаад л сонгууль болсон доо. Тухайн үед би Ц.Элбэгдорж гэж хүнийг Ерөнхийлөгч болчихоосой, гарчихаасай гэж тэгж л зүтгэж явсан. Харамсалтай нь дөрвөн жилийн дараа дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үед тэгж хэлэхийг харсан, сонссон. Тэгэхэд л их харамсаж байлаа. Ямар хүний төлөө зүтгэж явж байв даа гэж. Нэг тийм түүх байдаг юм.

-“Говь повер”-ийн хэрэг рүүгээ оръё. анх бол “эрдэнэс Таван толгой” компанийн захирал Я.Батсуурийг энэ хэрэгтэй холбогдуулж цагдан хорьсон. Харин таныг бол Герман руу оргон зугтаасан гэж хуулийнхан мэдэгдсэн. Үнэн үү?

-Дээр хэлснээр анх цагдаа дээр хэрэг хуурамч бичиг баримттай холбоотой хэрэг үүсч, тэр нь хэрэгсэхгүй болсноор нэг жил орчим өнгөрч байгаа юм. 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсны маргааш нь буюу 6-ны өдөр АТГ-аас Нийслэлийн прокурорын газар руу “Г.Дэнзэнгийн хэргийг сэргээн шалга” гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Ингээд л харахад улс төр гэдэг нь харагддаг. Яахаар Ерөнхий сайдыг огцруулсны маргааш нь Г.Дэнзэнгийн хэрэг гэгчийг сэргээн шалга гэдэг юм.

Энэ нь тэгээд их нарийн технологи явдаг юм билээ. Шударга бусын хонгил гэж байдаг. Би шударга бусын хонгилд нь, улс төрийн махны машинд нь ороод үзчихсэн хүний хувьд технологийг нь маш нарийн маш сайн мэдэж байна. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Энхтөр гэдэг хүн бичиг явуулсан байсан. Би тухайн үед Герман руу математикийн чиглэлээр магистрт суралцахаар явчихсан байдаг. Тэгтэл 2015 оны хоёрдугаар сард Я.Батсуурь захирлыг цагдан хорьчихсон. Хэрэг анх үүсгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрүүгийн хуулийн 265.2 буюу төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглах гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэсэн байдаг. Ингээд Я.Батсуурь захирлыг хорьсны дараа Г.Дэнзэн гадаад руу оргон зугтлаа гэж гүтгэж эхэлсэн. Тиймээс “Би оргон зугтаагүй. Хэрэг хийгээгүй учир шалгуулахад бэлэн” гээд магистраа дутуу орхиод тавдугаар сард нь Монголд ирсэн. Тухайн үед Мөнхбаясгалан сэтгүүлч намайг “Цензургүй яриа”-нд орооч гээд бид хоёр нэвтрүүлэгт орохоор тохирсон байтал урд өдөр нь намайг цагдан хорьчихсон. Би энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярихаас өмнө нэг зүйлийг яримаар байна.


АТГ-ЫН ДАРГА Н.ЭНХЖАРГАЛ “ЧИ ЕРӨӨСӨӨ ЭНЭ БҮХХЭРГИЙГ ЖИМС ИДДЭГ ХҮН ХИЙСЭН ГЭЭД ХЭЛЧИХ” ГЭДЭГ БАЙСАН

-Болно, болно…

-Шударга бусын хонгил гэж юу байдаг, ямар шат дамжлагатай байдаг талаар яримаар байна.

-За…

-Эхлээд хүмүүсийг хэвлэл мэдээллээр гүтгэж харлуулдаг. Энэ үнэхээр гэмт хэрэгтэн шүү гээд бүх сонин, сэтгүүл, вэб сайтуудаар муулдаг. Тэр ч байтугай УИХ-ын индэр ашиглан гүтгэдэг. Тэгээд нийгмийн сэтгэл зүйг бэлдэж нөгөө хүнийг адгийн амьтан болгонгуут дараа нь ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэдэг. Энэ бол технологи. Би дээр хэллээ шүү дээ. Н.Номтойбаяр гэж хүн УИХ-ын индэр дээрээс хэрэг үүсгэчихлээ. Хэвлэлээр баахан шаагичихлаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч телевизээр “Дэнзэн шалгуул” гээд хэлчихлээ. Уг нь Үндсэн хуулиар гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэдэг. Ингээд буруутан гэж цоллохоос хонгил ажиллаж эхэлж байгаа юм.

Товчхондоо шударга бусын хонгил нь хэвлэлээр баахан муулаад, эрүүгийн хэрэг үүсгэдэг, АТГ нь хүнийг баахан дарамтлаад зохиомол хэргийн материал бүрдүүлдэг, ингээд прокурорын шатанд заавал зүйлчлээд түүнийхээ дагуу ёсчлоод шүүхээр ял онооно. Шүүхээр ял оноосныхоо дараа нь шударга бусын хонгил хорих газарт ч ажилладаг. Намайг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаад чанга дэглэмтэй Мааньтын хорих ангид хүртэл үргэлжлүүлэн хорьсон. Ийм л муухай технологи явдаг.

-Та багагүй хугацаанд хоригдсон санагдаж байна. Бүр өлсгөлөн хүртэл зарласан байдаг. Тийм үү?

-2015 орны тавдугаар сарын 21-нд намайг цагдан хорилоо. Би хоригдоод ямар ч хэрэг хийгээгүй учраас 77 дахь хоног дээрээ 13 хоног өлсгөлөн зарлаж тэмцсэн. Биеийн байдал маш их хүндэрсэн. Үхэхийн даваан дээр батлан даалтад гаргаж байгаа юм. Тэнхрэх гэж удлаа. Цөсний чулуутай болоод ходоодныхоо талыг тайрууллаа. Намайг суллачихаад нэг хэсэг таг болчихсон. Тэгээд 2016 оны сонгуульд Н.Алтанхуяг дарга нэр дэвшсэн. Тэгтэл зургадугаар сард дахиад л над дээр хэрэг үүсгээд яллагдагчаар татаад чимээгүй болсон. Тэгснээ есдүгээр сард нь АТГ-ын шинэ дарга Н.Энхжаргал өрөөндөө дуудаад “Дэнзээн, чи залуу хүн байна. Гэмт хэрэг хийгээгүй юм шиг байна. Чи ерөөсөө энэ бүх гэмт хэргийг жимс иддэг хүн хийсэн гээд хэлчих л дээ” гэж байсан удаатай. Нэрийг нь хэлэхгүй, Н.Алтанхуяг даргыг хэлж байгаа юм. “Тэгээд л болоо. Чи ирээдүйгээ бод л доо” гэх жишээний.

-Ямар хэрэг хийсэн гэж хэл гэж?

-“Говь повер”-ийн хэрэг. “Мөнгийг эхнэрийнхээ компаниар оруулахад Н.Алтанхуяг нөлөөлсөн. Тиймээс Н.Алтанхуяг ийм даалгавар өгсөн гээд л хэлчих. Чи тэгж хэлэхгүй бол эхнэрийг чинь хорино. Чи эхнэрээ сонгох уу, Н.Алтанхуягийг сонгох уу” гэж байгаа юм. Юу гэсэн үг вэ. Би маш хүнд байдалд орсон. Аз болж эхнэр маань намайг байцаагдахаас хоёр хоногийн өмнө Герман руу магистрт сурахаар явчихсан байсан. Тэгээд ч би гэм буруугүй Н.Алтанхуяг гэж хүнийг гүтгэлтэй нь биш. Тэгээд дахиад хоригдох нөхцөл байдал үүсчихсэн. Ачигдах гэж байхад Н.Энхжаргал дарга хонгилд тааралдаад “Хохь чинь” гэж хэлсэн. Ингэж л хүнийг сэтгэл зүйгээр дарамталдаг, нухчин дардаг аймшигтай коммунист арга барилыг АТГ-ынхан ашигладаг байсан. Хүнийг дарамтална, сэтгэл зүйн хувьд шаналган зовооно, хорих ангид эрүүдэн шүүлт маягийн зүйл тулгана.

Зөвхөн намайг ч бус өөр хүмүүсийг ч дарамтална. Би мэдэх юм. Тухайн үед ЭТТ компанийн захирлаар Б.Батбилэг гэж залуу ажиллаж байсан. АТГ-аас Б.Батбилэг захирал руу “Танай ЭТТ компанид хохирол үүсчихлээ. Хохирогчоор ор” гэсэн нууцын зэрэглэлтэй бичиг явуулсан байдаг. Хариуд нь ЭТТ-оос 2015 оны есдүгээр сарын 24-ны өдөр “Шинээр илэрсэн нөхцөл байдлын дагуу манайх хохирогч гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн бичиг явуулж. Энэ бол баримттай үнэн. Гэтэл яг сарын дараа аравдугаар сарын 22-нд гэнэт нөгөө Б.Батбилэг гэж хүн маань байр суурь нь эрс өөрчлөгдөөд “Манайх хохирогч мөн юм” гэсэн албан бичиг АТГ-руу явуулсан. Хожим сонсоход тухайн үед АТГ-аас Б.Батбилэг захирлын ах дүүд хэрэг үүсгээд дарамталж, чи энэ хэргийг ингэж хэлэхгүй бол ах дүүг чинь шоронд явуулна гэдэг нөгөө технологио хэрэглэсэн юм шиг байгаа юм.

-Та “эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа “Говь повер” гэх компанийн талаар мэддэг байсан уу?

-Энэ компанийн талаар надад мэдээлэл байгаагүй. Надтай холбож шуугиад эхэлсэн. Г.Дэнзэнгийн эхнэр “Говь повер” компанийн захирал гээд эхэлсэн. Тэгэхэд би гайхна биз дээ. Юу болчихов гээд. Хүн чинь итгэдэггүй юм билээ. Эхнэрээсээ асуулаа. “Уянга аа чамд ийм компани байдаг юм уу” гээд. Эхнэр “Чи юу яриад байгаа юм бэ” гээд уурлаж байсан удаатай. Тэр үед эхнэр маань гэртээ хүүхдээ харж байсан. Юун компанитай манатай.

“Говь повер” компани Таван толгойн ордоос нүүрсийг нь буулгаад гаалийн хяналтын үйлчилгээг үзүүлээд буцаагаад ачдаг үйлчилгээнд шалгарсан компани юм билээ. Тэгсэн чинь 2013 оны зургадугаар сард Засгийн газрын хурлаар “нүүрсний үнэ унаж байгаа тул ЭТТ бусад компаниас илүү үйлчилгээ авах шаардлагагүй. Мөнгө хэмнэх үүднээс өөрөө гаалийн хяналтын үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй” гэж үзсэн. Үнэхээр миний компани мөн байсан бол, Н.Алтанхуяг даргын нөлөө тэр компанид байсан бол ийм шийдвэр гаргах уу.

-“Говь повер” компани “Эрдэнэс Таван толгой” компаниас их хэмжээний мөнгө гаргуулж авсан асуудал их маргаантай байдаг. Таныг Я.Батсуурь захиралтай үгсэн хуйвалдаж, “Говь повер” компанийн хохирол гэж ЭТТ-оос нэхэмжилж их хэмжээний мөнгө гаргуулан авсан гэдэг?

-“Говь повер” компани гэрээний дагуу ажлаа хийж байтал Засгийн газрын тогтоолын дагуу гэрээ нь цуцлагдчихсан. Тэгээд тэд Иргэний шүүхэд гомдол гаргасан юм билээ. Шүүхийн процессоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж, “Говь повер”-той холбоотой нийт төсөвт өртөг, хохирол 5.3 тэрбум төгрөг болжээ гэдгийг комисс хэлэлцэж баталсан байдаг. Үүнийх нь дагуу шүүх шийдсэн асуудал. Гэтэл АТГ-аас хувийн компани хөлсөлж, Соёлмаа гэдэг хүнээр “Говь повер”-ийн хохирлыг 2.6 тэрбум төгрөг гэж үнэлүүлээд үнийн зөрүү гаргаж намайг улсад хохирол учруулсан гэж ялласан. Соёлмаа нь буруу дүгнэлт гаргасан. Энэ нь бол АТГ-ын технологи. Өөрөөр хэлбэл, АТГ зүгээр нэг хувийн компани хөлслөөд шүүхийн шийдвэрийг буруутгаж болдог жишээ.

МИНИЙ ЭХНЭРИЙГ ГЭРЭЛХҮҮГИЙН УЯНГА ГЭДЭГ. ГОВЬ ПОВЕРИЙН ЭЗЭН НЬ ЧУЛУУНБААТАРЫН УЯНГА

-“Говь повер”-ийн хувьцаа эзэмшигч гээд улсын бүртгэлээр баталгаажуулчихсан хоёр Уянгын яг адилхан баримт миний гарт байна. нэг нь Гэрэлхүүгийн Уянга, нөгөө нь Чулуунбаатарын Уянга гэсэн байна. Хүргэн дэнзэнгийн 17 тэрбумын хэрэг гэж цоллогдож ирсэн хэргийн гол зангилаа нь энэ хоёр нэр. Хууль, шүүхийнхэн таныг буруутгахдаа хэрэг мандах үед эхнэр г.Уянгынхаа нэр дээрх компанийг Ч.Уянгад шилжүүлсэн гэж үздэг. Хэн ч үүнийг ингэж л хардах баримт байна?

-“Говь повер” компани Чулуунбаатарын Уянга, Доржпүрэвийн Баярхүү гэсэн хоёр хувьцаа эзэмшигчтэй. Яг үйл ажиллагааг нь явуулдаг захирал нь Баярмаа гэж хүн байдаг юм билээ. Ийм компани л тендерт шалгарсан. Асуудлын гол зангилаа нь хувьцаа эзэмшигч нь Уянга

гэдэг нэртэй хүн дээр л байсан. Н.Номтойбаяр гишүүн анх мэдэгдэл хийхдээ Дэнзэнгийн эхнэр Чулуунбаатарын Уянга гэснээ маргааш нь залруулга хийгээд “Гэрэлхүүгийн Уянга байж. Эд нар бүртгэл дээр нэрийг нь сольчихлоо” гэж шуум тараасан.

Нарийн судлаад үзэхээр гол нь хавтаст хэрэгт авагдсан баримт дээр бүх зүйл байдаг. Миний шүүх хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд нээлттэй болсон. Шүүх хурлын бүх процесс хэвлэлийнхэнд нээлттэй байсан. Үүн дээр ярьдаг гол зүйл бол нотлох баримтын асуудал. Үнэхээр энэ “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигч нь хэн юм бэ гэж. Улсын бүртгэлийн бүх баримт дээр “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигч нь Чулуунбаатар овогтой Уянга байна гэж гардаг. Цаашилбал, АТГ руу УБЕГ-ын архивын хэлтсээс нь явуулсан бичиг дээр ч яг ийм. Улсын бүртгэл дээр гурван төрлийн зүйл байдаг юм байна. Хамгийн гол зүйл нь эх нотлох баримт. Ямар нэгэн хувийн хэрэг дээр гараараа бичсэн нотлох баримтаар ч тэр тус компанийн хувьцаа эзэмшигч нь Ч.Уянга байдаг. Программ дээр ч бас ийм. Гэтэл олон нийтэд тараасан мэдээлэл нь скайнердаж янзалсан баримт дээр Гэрэлхүүгийн Уянга гэдэг нэрээр гараад байдаг.

-Хувьцаа эзэмшигч нь анх танай эхнэр байсныг Ч.Уянгад шилжүүлсэн юм биш биз дээ?

-Улсын бүртгэлийн бүхий л баримтаар Ч.Уянга энэ компанийн хувьцаа эзэмшигч байсан нь нотлогддог. Хэрэв манай эхнэр нь өмнө нь хувьцаа эзэмшигч байсан бол бас л тэр баримт нь гарч ирнэ. Ч.Уянга хувьцаа эзэмшигч болохын өмнө өөр хүмүүс тус компанийн хувьцаа эзэмшигч байдаг. Хамгийн сонирхолтой нь шүүх хурлын бүх процесс, хавтаст хэрэгт авагдсан бүх баримт дээр гэрчийн мэдүүлэг дээр Ч.Уянга “Дэнзэн гэдэг хүнийг танихгүй. Би энэ компанийн 60 хувийн эзэмшигчээр нь байсан” гэж мэдүүлдэг. “Говь повер” компанитай холбоотой өмнөх албан тушаалтнууд ч “Г.Дэнзэн гэдэг хүнийг танихгүй. Энэ компанийг Баярмаа гэж хүнд зарсан” гэж мэдүүлээд байдаг. ЭХХШТХ-д нотлох баримтын хүчин чадал, эх сурвалжийн тухай дурдсан байдаг. Аливаа албан тушаалтны бичсэн болон нотолсон албан бичиг тухайн хэрэгт хамааралтай байх юм бол энэ нь нотлох баримт болно гэдэг. Өөрөөр хэлбэл, АТГ руу улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтнуудын явуулж байгаа албан бичиг Ч.Уянга гэж гараад байдаг. Гэтэл шүүх нотлох баримтыг авч үзэхдээ хуулбар хувийг авч үзээд байдаг. Нотолгооны онол ёсоор эх нотлох баримт дамжмал нотлох баримт хоёрын нотолгооны хүчин чадал зэрэглэлээр нь эх нотлох баримт нь илүү хүчин чадалтай. Мэдээж хуулбар нь нотлох баримтаар тооцогдохгүй.

-Тэр хуулбар хувийг хэн шүүхэд гаргаж өгсөн юм бэ?

-МАН, Н.Номтойбаяр гишүүн.

-Шүүх дээр эх нотлох баримт очоогүй хэрэг үү?

-Очилгүй яах вэ. МАН-ын гаргаж өгсөн хуулбар хувь, улсын бүртгэлээс гаргасан Ч.Уянгынх гэсэн хувь бүгд хавтаст хэрэгт байгаа. Ч.Уянгын мэдүүлэг байсаар байтал Дэнзэн буруутай гээд л шүүх шийдвэрээ гаргасан шүү дээ. Түрүүний асуултад эргээд ороход “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигч нь миний эхнэр биш. Чулуунбаатарын Уянга гэдэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогддог юм. Тийм учраас би өөртөө бат итгэлтэй байдаг. Би хэрэг хийгээгүй. Хэрэг хийгээгүй учраас би өөрийнхөө бие эрүүл мэндийг золин байж өлсгөлөн зарласан. Хэрэг хийгээгүй учраас надад цагаадна гэсэн итгэл үнэмшил одоо ч хүртэл унтраагүй байгаа.

-Таныхаар “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигчийн энэ олон баримтыг МАН зохиосон болж таарч байна уу?

-Би итгэл төгс тийм гэж хэлнэ. Би санаж байна. 2013 оны үед хуурамч баримт бичигтэй холбоотой асуудал бас мандаж байсан. УИХ дахь МАН-ын бүлэгт ажилладаг хүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай ийм гэрээ байгууллаа гэсэн хуурамч гэрээ тарааж байсан. Тэр нь хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь хуулийн байгууллагаар тогтоогдож тэр хүн хариуцлага хүлээж байсан санагдаж байна. МАН-д тухайн үед баримт бичиг хуурамчаар үйлддэг технологи байсан юм байна гэж харддаг.

-Монголын улс төрийн ууган хүчин болсон том нам нэг гэр бүлээр ингэж тоглосон хэрэг үү?

-МАН бүхэлдээ ч биш байх. Дарга нь М.Энхболд, бүлгийн дарга нь С.Бямбацогт байсан. Тэд зохиосон. Энэ нь шүүх дээр оччихсон. Эрх мэдлийн төлөө энэ хүмүүс одоо хоорондоо уралцаж байна. Тухайн үед МАН 2013 онд АН-ын Засгийн газрыг унагаахын тулд эв нэгдэлтэй л байж.2016 оны сонгуулийн дараа эрх бариад хоорондоо яаж байлдав. ЖДҮ-чид, концесчид гэж гарлаа. Тэд нарт хүн бол хайран биш. Эрх мэдэлд хүрэхийн тулд ямар ч хүнийг золиосолж чадна. Ийм л учраас шударга бус нийгэм байгаад байна. Эрх мэдэлтнүүдийн хоморгонд жирийн хүмүүс хэлмэгдэж байна гэдгийг л хэлмээр байна.

БИ 533 ХОНОГХИЛСЭЭР ХОРИГДСОН

-Энэ хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан талаар бас нэг хэсэг шуугьсан. Гэтэл шүүх хурал болж, танд болон Я.Батсуурь захиралд ял оноочихсон. Өршөөлийн хуульд багтаагүй байх нь, тийм үү?

-Анх хэрэг үүсгэхдээ Я.Батсуурь нарт Эрүүгийн хуулийн 265.2-оор хэрэг үүсгэсэн. 2015 оны наймдугаар сард Монгол Улсад Өршөөлийн тухай хууль батлагдан, 265 дугаар зүйл анги нь өршөөлд орчихсон юм. Өршөөлд орсон ч шүүх хурал болж гэм буруугийн асуудал яригддаг. Тэгсэн энд их сонирхолтой зүйл өрнөсөн. Хонгилын технологийн үргэлжлэл. Энэ нь прокурорын шатанд ч явна. АТГ, прокурор хоёр нэг болчихсон. Тиймээс прокурор АТГ-аас ирсэн хэргийг тэр чигт нь зүйлчлээд яллах дүгнэлтээ үйлдээд 2016 оны арванхоёрдугаар сарын 14-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэргийг шүүгч Г.Буяннэмэх хүлээж авдаг. 2016 оны арванхоёрдугаар сарын үед АН-ын даргын сунгаа болж Н.Алтанхуяг дарга сунгаанд өрсөлдөж байсан. Миний хэргийг хүлээж авсан Г.Буяннэмэх шүүгч хэдхэн хоногийн дараа буюу 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байгаа юм. Миний хэргийг хүлээж авангуут шүүгч маань одон зүүчихээд 20 хоногийн дараа “Г.Дэнзэнг ЭТТ компанийн ТУЗ-ийн даргаар зүйлчилсэн нь буруу байна. ЗГХЭГ-ын дэд дарга учраас түүнийг төрийн албан хаагчийнх нь хувьд зүйлчлэлийг нь өөрчил” гэсэн агуулга бүхий бичгийг прокурор руу буцаасан байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Нэгдүгээрт, шүүгч хүн урьдчилж хэн нэгнийг гэм буруутай гэж үзэх ёсгүй. Тэгэхэд намайг гэм буруутай гэж шууд урьдчилсан дүгнэлт хийчихсэн. Хоёрт, анх зүйлчилсэн байсан Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл ангийг 263 болгож өөрчил гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 265 нь өршөөлд орчихсон байна, тэгэхээр өршөөлд ороогүй зүйл анги буюу 263 дугаар зүйлчлэл гэсэн үг. Нэг ёсондоо намайг заавал шоронд суулгах арга. Түүнийг нь прокурор дор нь гүйцэтгээд л хэдхэн хоногийн дараа миний зүйл ангийг 263 болгож өөрчлөөд шүүхэд шилжүүлсэн. Ингэснээр энэ хэргийн шүүх хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд болж, надад гурван жил зургаан сарын хорих ял, Я.Батсуурь захиралд хоёр жилийн хорих ял, надад ямар ч хамааралгүй “Говь повер” гэдэг компанийн хохирлыг таллаж гаргахаар шийдвэр гарч байсан. Энэ бол үнэхээр аймшигтай технологи. Улсын дээд шүүхийн хурал болох хүртэл намайг залхаан цээрлүүлж чанга дэглэмтэй Мааньтын хорих ангид хорьсон.

Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр шударга бусын хонгил гэдэг зүйл АТГ, прокурор, шүүх, цаашлаад хорих анги дээрээ үргэлжилдэг юм шүү. Яагаад үүнийг хонгил гэж нэрлээд байна вэ гэхээр Ц.Элбэгдорж гэдэг хүн АТГ-ын дарга, прокурор, Ерөнхий прокурор, шүүгчийг томилж байсан. Ганц л хүн удирдаж байгаа учраас энэ чинь хонгил үүсгэчихээд байгаа юм. Ядаж УИХ нь АТГ-ын удирдлагыг өөрөө санал болгоод томилдог байсан бол нэг хүний удирдлагаар бүх зүйл явахгүй. Ядаж энэ гурван байгууллагын томилгоо тус тусдаа байх юм бол хонгил үүсэхгүй. Ингэж би 533 хоног хоригдсон. Урт хугацаа шүү.

Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүх ийм шийдвэр гаргасан ч Улсын дээд шүүхээс “Г.Дэнзэнг буруутгаж байгаа үйл баримтад гэм буруугийн ямар хэлбэрээр оролцсон болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй” гэж үзээд анхан шат руу хэргийг буцаасан. Тэгэхэд би Улсын дээд шүүхийнхэнд үнэхээр баярласан. Үхтэл хэлмэгдсэн надад шударга ёсны гэрэл ёлтолзсон нь энэ л дээ. Тэгэхдээ шинээр батлагдаж гарсан ЭХХШТХ-ийн үндсэн концепци нь ямар ч хэрэг Улсын дээд шүүхээс буцахгүй, эцэслэн шийдэгдэх ёстой. Хэрэг хийсэн бол яллуулна, хэрэг нь нотлогдоогүй бол цагаадах хуулийн үзэл баримтлалтай. Уг нь нотлох баримтгүй гэсэн юм чинь энэ хэрэг цагаадах учиртай. Гэтэл Г.Дэнзэн гэдэг улс төрийн хэрэгтнээс болоод энэ хуулийн үзэл баримтлал над дээр зөрчигдсөн.

-Яалт ч үгүй олон нийтийн зүгээс ч, улс төрийн хүрээнийхнээс ч таныг хэтэрхий бярдчихав уу даа гэдэг асуудал яригддаг нь нууц биш. Залуу хүн, өндөр албан тушаалд очсон, Ерөнхий сайдын хамаарал бүхий гээд л. Бүх зүйл зуун хувь үнэн гэж байхгүй. Алдаа танд байсан л байх. Үүнийг та одоо яаж хардаг вэ?

-Миний алдаа гэвэл тухайн үед “Г.Дэнзэн албан тушаалаа урвуулан ашиглалаа” гэж гүтгэхэд нь “Улс төрийн асуудал юм” гээд орхичихсон. Тэртэй тэргүй хэрэг биш учраас цагаадна, цагаадсаныхаа дараа олон нийтэд ил гарч энэ талаар хүргэе гэсэн бодол тээж явсан нь буруу байж. Худал үгийг мянга давтвал үнэн болдгийн үлгэрээр Г.Дэнзэн эрүүгийн гэмт хэрэгтэн, тендер авсан, албан тушаалаа урвуулсан гээд л үнэн болтол нь гүтгүүлээд явсан нь харамсалтай. Олон нийтэд гарч хэлээгүй, өөрийгөө зөвөөр ойлгуулж чадаагүй нь миний алдаа байсан. Дээрээс нь тухайн үед бодож байсан зүйл монголчуудын маань сэтгэл зүй “Өөрийгөө өмгөөлж байгаа хүнд их дургүй. Хүлээж авах нийгмийн сэтгэл зүй байгаагүй. Тэгэхээр би шүүхээр асуудлаа шийдүүлж, хэрэг хийгээгүй юм чинь цагаадна, цагаадсаныхаа дараа олон нийтэд хандана” гэж бодож байсан маань буруу болжээ.

ЭХНЭР, ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАЛГҮЙ ТАВАН ЖИЛ ГАРУЙ БОЛЛОО

-Багагүй хугацаанд хоригдож, бүр цаашлаад хорих ял авсан нь гэр бүлийнхэн, аав ээжид тань хүнд туссан нь мэдээж. Тэд юу гэцгээж байв даа?

-Товчхондоо маш хүнд нөхцөл байдал үүссэн. Сэтгэл зүйн хувьд ч тэр, бие махбодийн хувьд ч тэр. Үс нь бууралтана, санаа сэтгэл нь зовно. Аав маань настай хүн. Үнэхээр хүнд. Ерөөсөө л Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж хүн рүү дайрсан дайралтын золиосонд маш олон хүн хэлмэгдсэн. Хамгийн аймшигтай, гунигтай зүйл юу байсан бэ гэвэл Ганц худагт би хадам ээжтэйгээ таарсан. Манай хадам ээжийг бас бариад хорьчихсон байсан. Гэр бүлээр нь ингэж тарчлаасан хэрэг. Хадам ээж, хүргэн хоёр шоронд тааралдана гэдэг үгээр хэлэхийн аргаггүй зүйл юм билээ. Дээр нь өнөөг хүртэл би эхнэр, хүүхэдтэйгээ уулзалгүй таван жил гаруй болж байна. Хүүгээ гурван настай байхад нь гадаад руу явуулчихаад одоо гар утсаар л холбогдохоос цаашгүй байна шүү дээ. Эхнэр маань ХБГНУ-д сурч байгаа. Одоо ч би хилийн хоригтой хэвээрээ л байгаа. Та бодоод үз дээ. Бид чинь залуу гэр бүл. Уг нь эхнэр хүүхдээ нэг харчихмаар, оччихмоор бодогдох л юм. Миний амьдралыг золигт гаргачихсан. Энэ зүйл зөвхөн ганц надаар дуусаасай билээ, Монгол Улсад эрүү шүүлт битгий байгаасай. Хэрэг хийсэн хүмүүс нь хэргээ хүлээгээд явна биз. Хэрэг хийгээгүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэдэг үүднээс олон нийтийн өмнө гарч байгаа минь энэ. Үнэхээр гунигтай, хүнд, хэцүү долоон жил өнгөрч байна даа.

-Г.Дэнзэнгийн хэрэг гэхээр хүргэн Дэнзэнгийн хэрэг гэж л яригддаг болж. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр ч энэ хэрэгт байнга хавчуулагддаг. Магадгүй энэ хэрэг Н.Алтанхуяг сайдын Засгийн газрыг ганхуулсан нэг шалтгаан. Юу гэх юм, Н.Алтанхуяг дарга энэ тухай?

-Хүнд л дээ. Н.Алтанхуяг гэдэг хүнийг унагахын тулд зөвхөн би биш, охин, ойр хавийнхныг нь хэрэгт хийх гэж их оролдсон. Нүүрсний хэрэг гээд Гансүх зөвлөхийг, дүүг нь, бэрийг нь хорьсон. Энэ хүнийг тойрсон бүх хүнийг хорьсон. Үүнийх нь нэг хэсэг нь би. Ямар л олигтой байв гэж. Хэцүү. Н.Алтанхуяг гэж хүнээс би их юм сурсан. Түүнээс ганц зүйлийг дурдахыг хүсч байна. Би юмыг яс хийж сурсан.

Хүмүүс нэг зүйлийг буруу ойлгодог юм шиг санагддаг. Г.Дэнзэн Н.Алтанхуяг гэж хүний нөмөр нөөлгөнд дээшээ гарсан. Хамаатан садан болсныхоо хэрээр л ингэж яваа юм гэх зэргээр дүгнэдэг. Би өөрийгөө дөвийлгөхийг хүсэхгүй байна. Тухайн үед математикийн чиглэлээр сургуульд гайгүй сурч байсныг үнэлсэн байх. Надаас илүү математикч мундаг хүмүүс бий. Хувь заяаны эрхээр л энэ хүнтэй холбогдсон. Хүн л юм чинь алдаа оноо гаргана.

Би 2009 оноос Сонгинохайрхан дүүргийн АН-д гишүүнээр элсээд дүүргийн намын хорооны гишүүн, үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр ажиллаж байсан. Улс төрийн хувьд тодорхой хэмжээнд орон нутгийн намын байгуулалт, дүүргийн намыг хэрхэн яаж ялуулах вэ, баг хамт олонтойгоо, яаж хэсгийн хороо тойргийн хорооны хүмүүстэйгээ гишүүд дэмжигчдээ идэвхжүүлэх вэ, намаа ялуулах бодлогыг яаж барих вэ гээд зөвхөн математикийн чиглэлээр бус улс төрийн чиглэлээр ажилласан. 2011 онд сүүлд миний эхнэр болсон Уянгаа маань Тэргүүн шадар сайдын ажлын албанд орж ирсэн. Тэр үеэс л танилцаж, үерхэж эхэлсэн. Үүнийг л хүмүүс буруугаар мушгин гуйвуулдаг.

Хорих ангид байхдаа би 135 ном уншсан байна лээ. Энэ үед надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн ном бол Жавахарлал Неругийн“Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” гэдэг ном. Охин Махатми Гандид бичсэн захидал дээр суурилсан дэлхий ертөнцийн түүхийн талаарх ном. Энэ номыг уншиж байхад Жавахарлал Неру гэдэг хүний туулсан амьдрал надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Тэрээр есөн жилийн турш шоронд хоригдсон. Тэгэхдээ тэрээр үзэл бодолдоо маш үнэнч, Энэтхэг улсыг тусгаар тогтнолыг бататгаж, хүчирхэг болгохын төлөө, Их Британийн колониос гаргаж улсынхаа ард түмнийг аятай таатай амьдруулахын төлөө зүтгэсэн зүтгэл нь хэмжээлшгүй их. Тийм ч учраас би хоригдож гарч ирснийхээ дараа МУИС-д математикаараа магистр хамгаалсан. Одоо Оюу толгой ордыг ашигтай ажиллуулах математик загварчлал сэдвээр докторын диссертацийн ажил бичиж байгаа.


БИ ШИНЭЧЛЭЛИЙНЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГААХ ГЭСЭНБОХИР УЛС ТӨРИЙНХ НЬ НЭГ ЗОЛИОС БОЛСОН

-Та чинь бас хуулийн сургуульд сурч байгаа гэсэн үү?

– Шударга бусын хонгилоор орсон надад хууль судлах шаардлага тулгарсан. Оройн ангиар хуулиар суралцаж байна. Яг үнэндээ миний сурсан математик цагдан хорих төвд ямар ч хэрэггүй юм билээ. Надад юу хэрэг болж байсан бэ гэвэл хууль. Яаж би өөрийгөө өмгөөлөх вэ, яаж би энэ шударга бусын өөдөөс тэмцэх вэ үүн дээр л их ач холбогдол өгч байна. Хуульд суралцаж байгаа болохоор одоо шүүх хурал дээр өөрийгөө өмгөөлж орж байгаа. Мөнгө төгрөгийн хувьд ч тэр, нөөц бололцооны хувьд ч тэр би шавхагдаж байна. Таван жил ямар ч ажил орлогогүй явлаа. Хуулийн сургуулиа энэ 12 сард төгсөнө.

-Үнэндээ таныг 17 тэрбум төгрөг завшсан, баян залуу л гэж нийгэм харддаг. Тэгвэл та одоо яаж амьдарч байна?

-Гэр бүлийнхэн маань их тусалж байна. Эгч маань хуруу хумсаа хугалан байж цалингаасаа илүүчилдэг. Түүнээс надад эрхэлсэн бизнес алга. Анх л төрийн албанд орж ажилласан. Төрийн албанд зүтгэсээр байгаад ийм байдалд орж хэлмэгдээд явж байна. Нөхцөл байдал ийм л байна. Ямартаа ч хуульд суръя. Хуулийн чиглэлээр Монголынхоо эрх нь зөрчигдөөд байгаа хүмүүст туслалъя. Цагдан хорих төвд их л олон шударга бус зүйлийг үзлээ харлаа. Цаашид ч бас хуулийнхаа чиглэлээр тууштай ажиллана гэж бодож байгаа. Одоо бол өөрийгөө боловсруулаад явж байна. Хэрэг маань цагаадна гэдэгт огтхон ч эргэлздэггүй.

-Нэг хэсэг таны холбогдсон хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг. Харин та цагаадна гэж үзэж байгаа гэв үү?

-2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхээс хэргийг анхан шат руу буцаачихсан. Ингээд нэг хэсэг чимээгүй болсон. Ерөөсөө чимээгүй болдог технологио дахиад хэрэглэнэ. Гэнэт байж байснаа намайг 2019 оны гуравдугаар сард прокуророос дуудаад “Дэнзээн хэрэг чинь хэрэгсэхгүй боллоо” гэдэг юм. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Би хэрэг хийгээгүй болохоор өөрийнхөө гэм буруугүй гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ЭХХШТХ-д өөрийнхөө гэм буруугүйг шүүхээр хянан шийдвэрлүүлж болно. Ийм тохиолдолд ердийн журмаар хянан хэлэлцэнэ гэсэн байдаг. Түүний дагуу би шүүхэд гомдол гаргаад явж байна. Улсын дээд шатны шүүх хурал болоогүй байна. Шударга ёс, шударга шүүх гэж байдаг бол би цагаадна гэдэгтээ бат итгэлтэй байгаа.

-Ярилцлагын төгсгөлд залууст хандаж юу хэлэхийг хүсч байгаа бол?

-Би залуу хүний хувьд хяналт шалгалтын ажлыг хариуцаж ажиллаад жаахан дуугараад, авлигажсан төсөв байна, болохгүй байна, улсын төсөв мөнгийг дэндүү үрэлгэн зарцуулж байна гэж хэлснийхээ төлөө олон дайсантай болсон. Дээр нь Шинэчлэлийн Засгийн газар, тэргүүлж байсан Н.Алтанхуяг даргыг унагаах гэсэн бохир улс төрийнх нь нэг золиос нь болсон. Тэгсэн ч залуус минь ээ, битгий халшраарай. Өөрсдийнхөө итгэл үнэмшилд үнэнч зүтгээрэй. Ингэсэн цагт энэ Монгол Улсын төр эрх зүйн журамтай, шударга болж, ард иргэд зөв тоглоомын дүрмээр амьдарч хөгжиж дэвших болов уу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол “ДЕЛО” (7)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Цолмонгийн дело (хэрэг) 1969-1990. 1968 оны Чехословакийн бослогын үеэр тэнд сурч байсан оюутан Цолмон найз залуугаа даган Австри руу дүрвэн гарчээ. Залуу нь түүнийг хаясан учир жил гаруйн дараа эх орондоо эргэж ирсэн. Энэ нь дэглэмийн эрх баригчдад суртал нэвтрүүлэг хийх аятай далим болсон байна. Эвлэлийн төв хороо энэ хүүхнийг “дааж авч хүмүүжүүлэх” үүрэг аваад Залуучуудын үнэн сониндоо “Зүрхэнд шивсэн өргөс” нэртэй цуврал өгүүлэл гаргаж, хөөрхий эмэгтэйг орон даяар шившиглэх далайцтай үзүүлэн болголоо. Цолмонг хэсэг хугацаанд шоронд байлгасан, харин ээжийг нь номын төв дэлгүүрт худалдагч хийдгийг нь зарлалаа. Хүмүүс ээжийг нь үзэх гэж хэдэн мянгаараа номын дэлгүүр зорино. Дараа нь шоронгоос суллагдсан Цолмонг зориудаар мөнөөх дэлгүүрт худалдагчаар тулган тавсан нь жигшүүрт хүүхнийг нүдээр үзэх гэсэн хүмүүсийн тоог ихээхэн нэмжээ. Цолмонг Австрид хоол ундгүй өлсөж зовж байсан, аргагүйн эрхэнд биеэ үнэлж байсан гэх зэргээр огт үндэслэлгүй гүтгэн бичих болсон. Хэдэн хулигаан хутга тулгаж байгаад подвальд чирч аваачин ээлжилж хүчиндсэн тохиолдол гарсан боловч цагдаа асуудлыг авч хэлэлцээгүй.

Хожим нь мөн гадаад хүнтэй үерхсэн хэргээр Туул хэмээх бүсгүйг нийтээр шившиглэж байв. Түүнийг шоронд хийсэн, хөдөө цөлж хүнд хөдөлмөрт дайчилж байсан. Тэрээр Цолмонгоос ялгаатай нь буруугаа хүлээх байтугай илээр эсэргүүцлээ илэрхийлж, нам засгийг буруутган үг хэлээр давшилдаг байжээ. Туулын хэргийг намын бүх шатны хурлуудаар оруулан, сэтгүүлчтэй хийсэн “нууц” ярилцлагыг нь зөвхөн намын гишүүдийн хүрээнд авч хэлэлцэн, найдвартай хүмүүсийн хүрээнд “үзэн ядуулах цуглаан” зохион байгуулж байв.

Үүнтэй зэрэгцэн НАХЯ-нд бэлгийн өөр хандлагатай хүмүүстэй тэмцэх тусгай тасаг ажиллаж байлаа. Ижил хүйстэн 300 орчим хүнийг илрүүлэн бүртгэсэн тул тэднийг байнга дарамтлах, ажил төрөлгүй болгох, тэднээр дамжуулан өөр бусад ижил хүйстнүүдийг илрүүлэх ажил зохион байгуулна. Харин үүнийгээ нийтэд зарлахаас болгоомжилдог байв.

Магваны дело (хэрэг) 1978-1988. Биеийн тамирын улсын хороон дарга Ш.Магван 1977 онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогджээ. Энэ нь Монгол Улс Олон улсын нэр хүндтэй том байгууллагад төлөөлөгчөө сонгуулж чадсан анхны тохиолдол. Гэвч атаархал, хов живнээс болж түүнийг жилийн дараа албан тушаалаас нь зайлуулж, Шаазан ваарны үйлдвэрт ажиллуулах болов. Иймэрхүү ажиллагаанд ганц нэг хүнийг золиослоод зогсдоггүй, томоохон бүлэг хэрэг илрүүлсэн “гавьяа” болгон хөгжүүлдэг туршлага давтагдав. Магваны дүйвээнд нь дасгалжуулагч Магсар зэрэг спортын мэргэжилтэн зүтгэлтэн нэлээд хэдэн хүн намаас арга хэмжээ авахуулж ажил төрөлгүй болов. Гол зорилго нь Магваныг Олон улсын олимпийн хорооны гишүүнээс хөөлгөх явдал байлаа. Дасгалжуулагч Магсарыг богооны жолооч машинист болгосон.

Ингээд Улс төрийн товчооны нууц даалгавраар, янз бүрийн хаягаар ОУОХ-д захидал бичин уг байгууллагын гишүүнээс Магваныг хасах, Монголыг өөр хүнээр төлөөлүүлэх тухай санал хүсэлт хэд хэдэн удаа тавьсан. Гэтэл ОУОХ-ы гишүүд нь аль нэг улсыг төлөөлдөггүй, зөвхөн хороогоо төлөөлдөг учир Магваныг солих өөрчлөх, гишүүнээс нь чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэхгүй гэсэн нэгэн утгатай хариу олонтаа ирүүлж байв. Магваныг хавчин гадуурхах явдал хэрээс хэтэрсэн тул ОУОХ-ны ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч өөрөө Монголд зориуд айлчлан ирж Магваныг өмөөрч байгаагаа Монголын удирдлагад битүү утгаар ойлгуулж шуугианыг нэг мөр дарсан байдаг.

Балдангийн дело (хэрэг) 1982. Ширэндэвийн делод Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэнгийн захирал Балдан холбогджээ. Түүнийг намаас хөөж ажлаас нь халсан төдийгүй бичсэн бүтээл номыг нь хориглов. Бүтээл дотор нь дунд сургуулийн химийн сурах бичиг хамаарчээ. Шинэ сурах бичиг хэвлэгдэж арай амжаагүй байсан тул дунд сургуулиудын химийн сурах бичгийн эхний нүүрэнд зохиогчийн нэр бүхий хуудсыг тастан авч устгууллаа.

Мөн хатуу хавтастай сурах бичгийн нүүрэнд буй зохиогчийн нэрийг баллуурдан арилгах ажил зохиов. Үүнийг Монголын бүх дунд сургуулиудын удирдлагад үүрэг болгож урах тасдах, баллуурдах ажлыг багш нар өөрийн гараар үйлдэх албатай байсан боловч ихэнх сургуульд багш нар ажлыг сурагчдаар өөрсдөөр нь үйлдүүлжээ.

Кино хальс, фото зураг устгах дело (хэрэг) 1938-1990. Сергей Эйзенштейн 1927 онд Октябрийн 10 жилийн ойд “Октябрь” гэсэн шилээвэр кино бүтээжээ. Яг тэр үед Октябрийн хувьсгалын гол удирдагч Троцкийг эсэргүү хэмээн ЗХУ-аас хөөн гаргасан. Эрх мэдэлд хүрсэн байсан Сталин уг киноноос Троцкийн дүрстэй бүх хальсийг тайруулан устгасан. Буруутсан хүнийг түүхээс хасах энэ өвчин Монгол кино үйлдвэр байгуулагдсан үеэс Монголд хуулбарлагдан давтагдах болов.

Монголын нам төрийн зүтгэлтэн маш олон хүний зураг болон кино хальс үүрд устан алга болсон. Данзан тэргүүтэй төлөөлөгч 1921 оны 10 дугаар сард Москва орж Зөвлөлт Оросын Гадаад хэргийн хэсэг ажилтнуудтай уулзан хэлэлцээ хийгээд буцах замдаа Эрхүүгээр дайран большевикүүдтэй уулзан ярилцсаныг кино хальсанд буулгажээ. Уг баримтат дүрсийг Зөвлөлтөөс хуулбарлан авчрангуутаа “эсэргүү” болсон Данзан, Ширнэндамдин нарын дүрсийг хайчилснаар энэ ажиллагаа эхлэл болсон. Сүхбаатар, Чойбалсан нартай хамт зургаа даруулсан олон фото зургаас хамтран зүтгэгчдийнх нь хөргийг арилгах ажиллагааг архивын материалаас шүүн хайчлах, баллах, устгах ажиллагааг тасралтгүй системтэйгээр зохион байгуулж байв. Сүүлдээ Намын төв хорооны Үзэл суртлын хэлтэст “үзэл суртал хариуцсан тасаг” гэдгийг нээж намаас зэмлэгдэн буруутгагдсан хүмүүсийг “түүхээс хасах” ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй болгов. Тасгийн дарга Т.Баасансүрэн байнга Кино үйлдвэр, Гэрэл зургийн архиваар өөрийн биеэр айлчлан кино хальс фото зураг хайчлах устгах ажлыг гардах болжээ. Ийнхүү сүүлийн үеийнхээс гэхэд Ринчин, Ширэндэв, Чадраа, Жалан-Аажав, Төмөр-Очир, Цэнд гээд олон хүний хальсанд буусан дүрс төдийгүй, дотор нь тэдний дүрс орсон кино журналууд тэр чигээрээ устгагдсан.

Хятад иргэдийг Монголоос хөөн зайлуулсан дело (хэрэг) 1983. Кремльд Цэдэнбалын гол түшиг асан Брежнев 1982 онд бие барав. Дараа нь гарч ирсэн хүнд улстөрийн найдвартай түнш гэдгээ харуулах ямар нэг хурц акци зохиох хэрэгтэй гэж Цэдэнбал бодсон бололтой. Тэрээр Монголд он удаан жил хэдэн үеэрээ амьдарсан хятад иргэдийг хөөх акци бодож олжээ. Гэнэт гаргасан энэ шийдвэр нь Цэдэнбалын хувьд Кремлиэс асуулгүй бие даан гаргасан цөөхөн санаачлагын нэг байх. Тэгээд ч Брежневээс хойших удирдагчид улс орныг удирдах чадваргүйгээр голдуу эмнэлэгт хэвтэж байсан.

Хятад иргэдийг даруй Монголын бөглүү хөдөөд очиж амьдрах, эс бөгөөс иргэний харьяаллын дагуу Хятад руу шилжих болзол тавьжээ. Нэлээд хятад иргэд, тэднийг дагалдаад монгол эхнэрүүд, Хятадыг байтугай хятад хэл мэдэхгүй, Монгол Улсад төрж өссөн хүүхэд залуус ачигдан БНМАУ-аас хөөгдөн явлаа. Эх орноо орхин нөхрөө дагаж явсан монгол эхнэрүүдийг жигших суртал нэвтрүүлэг хүчтэй явуулж, үзэл суртлын ажиллагаа муу байсныг илрүүллээ хэмээн гэр хорооллыг шугамын радиожуулах, сонин уншлага, суртлын лекц семинарийг хотын зах руу өргөжүүлэх шийдвэр тогтоол гарч нам эвлэлийн ажилтан, гишүүдийг өргөнөөр дайчлав.

Цэдэнбалыг огцруулах дело (хэрэг) 1984. Хятад иргэдийг гэнэт хөөн гаргасан нь Хятадын Засгийн газрын эсэргүүцэлтэй тулж тэд эсэргүүцлийн ноотоо Кремльд хаяглав. Энэ үед эмнэлэг сахисан удирдлага нарын өмнөөс жинхэнэ эрх мэдлийг Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Гадаад яамны сайд А.Громыко барьж байлаа. АНУ-тай харилцаа онц муудсан байсан тэр үед Андроповоос эхлээд Хятадтай харилцаагаа сайжруулах арга чарга хайж байтал гэнэт үнэнч холбоотон БНМАУ нь ийм цочмог арга хэмжээ асуулгүйгээр зохион байгуулж түүнээ ид хав болгон үзэл суртлын тоглолт болгон хувиргажээ.

Громыко Улс төрийн товчооны хуралдааныг удирдан хийлгэж энэ асуудлыг хэлэлцээд Цэдэнбалыг яаралтай огцруулах шийдвэр гаргажээ. Гэхдээ “Хятадтай найрамдахын тулд” гэх мэтийн улс хоорондын хаяг наахаас болгоомжлон, түүний дотоод бодлого биеийн болон сэтгэцийн байдалтай холбоотой дүгнэлт гаргуулахаар Комсомолын удирдагч асан Сергей Павловыг элчин сайдаар, КГБ-ын генерал Всеволод Радченког Монголын НАХЯ-ын зөвлөхөөр даруй томилон Монгол руу илгээв. Хэдхэн сарын дотор тэд хангалттай шалтгаан олж цуглуулав. Эрдэнэтийн асуудлаас болж Монголын нам төрийн удирдлагыг бөөнөөр нь халж солихоор бэлдэж байгаа, эхнэр нь үнэн хэрэгтээ Монголын улс төрийн бүхий л хэргийг шийдэж байгаа, өөрөө архинд гүн донтсон, сэтгэцийн хувьд хэдийнэ биш болж орчин тойрноо ойлгохоо больсон гэх мэтийн урт жагсаалт авчирчээ.

Опперацийг богино хугацаанд амжилттай бүтээж, Москвад гэр бүлийн хамт ирэхэд нь “баривчлан” эмнэлэгт хэвтүүлээд, өвчний учир Монгол руу буцах боломжгүй гэсэн акт гаргав. Цэдэнбалын орыг Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх авч үргэлжлүүлэхийг Кремль хэдийнэ урьдаас төлөвлөсөн байв. Цэдэнбалыг огцруулах ажиллагааг Монголын талаас урьдчилж мэдсэн нэг ч хүн байгаагүй.

Тойрон хүрээлэгчдийн дело (хэрэг) 1990. Улс орон ардчилсан тогтолцоо руу шилжиж байгаатай холбогдуулан МАХН түүхээ эргэж харан намаа шинэчлэхээр шийдэв. Намын Их хурлаар Цэдэнбалын асуудлыг авч хэлэлцээд түүнийг МАХН-аас хөөжээ. Бүх гавьяа шагнал одон медалийг нь хураах үүргийг төрд тушаасны дагуу ёсоор болгов. Цэдэнбалтай ойр дотно хамтран ажиллаж байсан хүмүүсийг давхар буруутгаад “Тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэх дело нээн үүнд 20 гаруй хүнийг хамруулан байцаалаа. Энэ ажлыг МАХН-ын их хурлаас томилогдсон тусгай баг гүйцэтгэсэн. Хэдийгээр тойрон хүрээлэгчдийн хэрэг шүүх прокуророор ороогүй, зөвхөн МАХН-ын дотоод асуудал маягаар өрнөсөн боловч нийгмийг жигшээх “үзэн ядах цуглаан” маягаар мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилжээ. Аяндаа энэ хэрэг замхран мартагдаж өнгөрсөн ба 1997 онд Цэдэнбалын цол тэмдэг, гавьяа шагналыг буцаан олгосон.

Цэдэнбалын дело (хэрэг) 1989-1991. Цэдэнбал, түүний эхнэр Цеденбал-Филатова нар нам төрийн удирдлагад байхдаа идэж шамшигдуулсан, үрэн таран хийсэн мөнгө төгрөг, эд материалын талаар прокурор хэрэг нээн мөрдөн шалгаж эхлэв. Цэдэнбалын нэр дээр банкны хадгаламжид буй 1 сая 300 мянган төгрөгийг нь Батмөнх дарга Москвад Цэдэнбалын нэрийн данс руу нь шилжүүлсэн асуудал юун түрүүн хөндөгдөв. Мөн Цэдэнбал, Филатова нар 1988 онд Улаанбаатарт түр ирээд буцахдаа асар их эд зүйл хойш нь ачаад явсан явдал, Цеденбал-Филатова Хүүхдийн фондыг тэргүүлж байхдаа ямар ч хяналтгүйгээр үрэн таран хийсэн эд мөнгө, Тусгай хангамжийг хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг хэргүүд ар араас нь нэмэгдэв. Цэдэнбалыг 1991 онд Москвад нас барахад Улаанбаатарт оршуулсан, тэр үед ч прокурорын мөрдлөг үргэлжилж байсан. Тэгсхийж байгаад прокурор сэмээр хэргээ хааж асуудал дахиж сөхөгдөөгүй.

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртэлх түүхийг дараагийн дугааруудад хэлхье.

2020.4.17

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Би ардчиллыг дэмжинэ. Надад Ардчилсан намаас өөр сонголт үлдсэнгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та МАХН-аас албан ёсоор гарах өргөдлөө Н.Энхбаяр даргад хүргүүлснээ мэдэгдсэн. Албан ёсоор гарсан гэж ойлгож болно биз дээ?

-Тийм.

-МАХН-д үлдэх боломж байсан уу?

-Байхгүй шүү дээ. Намайг дэвшүүлэхгүй гэсэн.

-Тэгвэл таны дараагийн зогсоол хаана байх вэ. Ямар улс төрийн хүчинд нэгдэхээр төлөвлөж байна. Ардчилсан намд орох гэж байгаа гэх юм?

-Маргааш (өнөөдөр) шийдээд хариугаа хэлье. Маргааш ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байна.

-Таныг 100 сая төгрөгөө тушаачихсан л гэх юм байна шүү дээ?

-Надад 100 сая төгрөг байхгүй. Тийм их мөнгө надад байвал би авлигач болчихно шүү дээ. Гэхдээ 100 саятай болох боломж гарсан. С.Ганхуяг гэдэг хүн намайг гүтгэсэн. Би түүнийг хуулийн байгууллагад өгсөн. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Хэрэв тэр хүн гэм буруутай бол хохирлоо нэхэмжилж, нэхэмжилсэн мөнгөө улс төрд хэрэглээд явах боломж бүрдэх байх.

-Ер нь намд орох уу?

-Намд орохгүй байх ямар ч боломж алга л даа. Яагаад гэвэл томсгосон тойрог учраас зардал маш өндөр гарна. Наад зах нь 20 багт тус бүрт нь үүр ажиллуулахад 20 байр хөлслөх хэрэг гарна шүү дээ. Томсгосон тойргийн зовлон нь энэ. Тэр утгаараа намд орохоос өөр арга байхгүй. Тиймээс маргааш хүмүүстэй уулзаж, шийдвэрээ гаргана.

-Маргааш шийднэ гэдэг учир битүүлэг хариу байна. Эцсийн шийдвэрээ гаргачихсан байгаа байх. Илэн далангүй ярилцъя. Таны яриаг харахад МАН-д тийм ч нааштай хандахгүй байгаа шүү дээ?

-МАН өнгөрсөн дөрвөн жил 65 суудалтай байсан. Өмнө нь 72 суудалтай ч байсан. Түүх давтагдана гэдэг шиг л юм боллоо. 2000 онд 72 суудалтай байх үедээ МАН “ард түмнээ ядуурлаас, төрөө хямралаас гаргая” гэдэг уриатай байсан. Төрийн хямрал юунд болсон бэ гэвэл тухайн үед С.Зориг агсан амь насаа алдаж, төр нь хямарчихсан байсан. Түмэн ядуурсан байна гэдэг нь тэр үед банкууд дампуураад, эдийн засаг олигтой байгаагүй. 2016 оны сонгуулиар МАН мөн л Эрдэнэтийг хятадууд авлаа, оффшорын мөнгийг оруулж ирнэ, ядуурлыг бууруулна, хамтдаа зүтгэе гэсэн гоё уриатай орсон шүү дээ.

Гэтэл хамтдаа зүтгэсэнгүй. Хоёр тийшээ хуваагдчихсан. С.Зоригийн аллагын захиалагчийг нь ч олсонгүй. Миний хамгийн их эгдүүцэж байгаа зүйл нь ард түмэн тэдэнд 65 суудал өгч байхад 62-уулаа боллоо. Ард түмэнд буруу байхгүй шүү дээ. Эд нарыг нь тултал нь юм аа хий гээд л сонгоод гаргаад ирсэн шүү дээ. Ямар ч сөрөг хүчингүй, бүх салбар орон нутаг, Их хуралд үнэмлэхүй байсан мөртлөө ард түмнийг эд нар доромжилчихсон байхгүй юу.

1999 онд О.Дашбалбар агсан Их хурлын гишүүн байсан. 72-ын эсрэг ганцаараа яваад, тэдгээр хүмүүсийн эсрэг цогтой тэмцэж, эрх баригчид, сөрөг хүчин гэлтгүй шүүмжилдэг байсан. Гэвч 1999 онд бурхны оронд оччихсон. Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд элдэв дарамт, гүтгэлэг, дайралт дунд байлаа. Мөн л 65-ын эсрэг ганцаараа явлаа. Сөрөг хүчний дуу хоолой болох гэж нэлээд үзлээ. Бусдын өмнөөс кноп дардгийг нь болиуллаа. 10 мянган цаг ажил тасалдгийг нь арав дахин багасгаж мянга болголоо. Ордонд архи дарс уудаг, хүчингийн хэрэг хийдэг, концесс цохидог янз бүрийн асуудлуудыг нь хууль хяналтын байгууллагад өгсөн.

Шинэ хулгайчид шинээр төрчихлөө. Их хурлын гишүүдийн бугуйн цагийг хараарай. Нэг муу жаахан бацаан нар 30 мянган долларын цаг зүүчихээд суугаад байна шүү дээ. 60 сая төгрөгийн цаг, сая төгрөгийн зангиа зүүчихээд шударга ёс яриад байгаа нөхдүүдийг харахаар бухимддаг байхгүй юу. Яахав ардчиллын нэг давуу тал нь хүн бизнес хийгээд мөнгөтэй болоод олсон ашигаараа хүссэнээрээ жарга гэж байгаа юм шүү дээ. Цензургүй байж болно. Гэтэл эд нар хулгай хийсэн мөнгөөрөө ингэж яваад байгаа юм. Иймэрхүү үед сөрөг хүчнийг тарамдуулж болохгүй.

-Та яагаад Ардчиллынхныг дэмжээд байгаа юм?

-МАН төрийн эргэлт хийчихээд байна шүү дээ. Манай ард түмэн ер ойлгохгүй байна. Үндсэн хуулийг засах замаар төрийн эргэлт явагдчихаад байна. Монгол Улс хяналтгүй болчихлоо. Хүсвэл ШХАБ-д ороход бэлэн болчихлоо. БНХАУ-д бид 30 тэрбум ам.долларын өртэй. Ийм өртэй байхад Монгол Улсын Үндсэн хуулийг ямар ч хяналтгүй, ард түмнээс асуухгүйгээр засчихлаа. Зассан үйлдлээрээ шүүх тогтолцоог байхгүй болгочихсон. Засгийн газрыг байхгүй болгочихлоо. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурван засаглал бий. Шүүхийг нь байхгүй болгочихсон. Засгийн газар нь татан буугдчихаад байна шүү дээ.

-Дагаж мөрдөх органик хуулиуд нь гарч ирж байж явах юм биш үү. 1992 оны Үндсэн хууль ийм замаар явсан?

-Үгүй. 1992 оны Үндсэн хууль бол шинэ хууль. Энэ бол хуульд засвар хийх замаар төрийн эрх мэдлийг гартаа атгах гэсэн Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын идэвх зүтгэл оролцоотойгоор 49 ЖДҮ-чдийг барьцаалж байгаад кнопуулсан хууль. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр нэг нам нь хэт үнэмлэхүйгээр биш, хяналт тавих хоёр дахь ч бүлэг байх ёстой юм. Бүлэг байвал дүгнэлтээ гаргана, завсарлага авна, мэдэгдэл хийнэ. Бүлгийн шийдвэр гэж гаргана. Гэтэл тэр бүлгийг нь эрх баригчид л задалсан. Нөгөө хоёр нөхрийг бүрэн барьцаандаа аваад л. Одоо л шударга үнэн та бүхэнд харагдаж эхэлж байна. Нөгөө ориллоод байдаг Ж.Батзандан гэх нөхөр ЖДҮ-чин гэдгийг АТГ тогтоочихлоо. Интернэтээр зөндөө л юм явж байна. Танай сонин дээр ч гарлаа. Өдрийн сонинд л итгэдэг шүү дээ, би. Та бүхнээс эх сурвалж аваад л ярьж байна. Ийм барьцаалагдсан нөхдүүдээр далимдуулж, Үндсэн хуулийг өөрчилж байгаа нь аймшигтай үйл явдал. Өнгөрсөн долоо хоногт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар буюу тав таван жилээр төлөвлөгөө гаргъя гэдэг хууль орж ирж байна. Коммунизм руу буцаад орж байна шүү дээ.

-Ер нь таны нөхцөл байдлыг харахад АН-аас өөр сонголт байхгүй юм биш үү?

-Би ардчиллыг дэмжинэ. Надад Ардчилсан намаас өөр сонголт үлдсэнгүй.

-Эрх баригч намын бүлэг 2020 оны сонгуулийг хойшлуулахгүй гэлээ. Зөв үү?

-Эд нараас хурдан салмаар байна. Сонгуулийг цагт нь явуулна гэхээр хоёр зүйлд санаа зовж байгаа. Нэгдүгээрт, тэгш бус гараанаас сонгууль явагдах гэж байна. Нэг ёсондоо МАН-д ашигтайгаар. Хоёрдугаарт, сонгогчдын ирц бүрдэх үү, үгүй юу гэдэг нь ойлгомжгүй байна. Дээрээс нь гадаадын ямар ч ажиглагчид ирэхгүй шүү дээ.

-Гишүүд ажлаа дүгнэх, тайлагнах цаг болчхож. Өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо та юу хийв?

-Ганцаараа гэхэд чамгүй ажил амжууллаа. Өөрөөрөө бахархаж байгаа шүү. Би өнгөрсөн дөрвөн жилийн хоёр тайлан гаргаж байгаа. УИХ-ын гишүүний хувьд юу хийсэн бэ, Эрдэнэтээс сонгогдсон гишүүний хувьд юу хийсэн бэ гэж тайлагнана. Эрдэнэтэд юу ч хийгээгүй бол Эрдэнэтийн иргэд намайг дахиж битгий сонгоосой. Юу ч хийгээгүй, юу ч хийдэггүй мөртөө маш гоё ярьдаг хүмүүс УИХ-д битгий сонгогдоосой гэж хүсч байна.

-Та Эрдэнэт рүү нийт хэдэн удаа очив?

-135 удаа очсон байна.