Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нөөцийн махны худалдааг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлнэ

Нөөцийн мах худалдаж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт

Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “үхсэн малын махыг өнгө оруулж байна” гэсэн тайлбар бүхий хэзээ хаана хийгдсэн нь тодорхой бус бичлэгийг байршуулан нөөцийн мах бэлтгэлтэй холбох зорилго бүхий мэдээлэл байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна.

Энэхүү худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, айдас түгшүүр төрүүлэх нөхцөл байдал үүсгэсэн байна. Худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх нөөцлөх, худалдан борлуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ахлуулан байгуулсан.

Тухайн ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтэс, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж байгуулсан.

Чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан мах нийлүүлж, худалдаалахын тулд Мэргэжлийн хяналтын байгууллага нь Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай, Мал эмнэлгийн байгууллага нь Малын эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжүүдийн махны нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалт, чанар, аюулгүй байдалд хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед энэхүү худал мэдээлэл нь олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн нөхцөл байдал үүсгэж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Засгийн газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолын дагуу арилжааны банкны эх үүсвэрээр болон экспортлосон махны 10 хувьтай тэнцэх тоо хэмжээний махыг нийлүүлэх бодлогын гэрээ байгуулсан, Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим аж ахуйн нэгжийн, нийт 12.6 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн.

Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байгаа нь зах зээл дэх үнээс 19.7-33.7 хувиар хямд байна.

Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 1904.8 тн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах 806.2 тн, хонины ястай мах 921.3 тн, ямааны ястай мах 177.3 тн. байна

Нөөцийн махны худалдааг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ТҮЦ машинаар дамжуулан үнэт цаасны мэдээлэл авах үйлчилгээ нэвтэрлээ

ТҮЦ” машинаас 42 гаруй мянга иргэн лавлагаа авчээ

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төв /ҮЦТХТ/-өөс мэдээлэл хийлээ. Тус төвөөс ТҮЦ машинаар дамжуулан үнэт цаасны мэдээлэл авах үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж байгаа аж. ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулаад, таны нэр дээр ногдол ашиг хуваарилсан эсэхийг мэдэх боломжтой болсон ба V сарын 1-нээс олгож эхлэх 1072 хувьцааны ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгох аж. Тус төвд нийт 330 ХХК-ийн 33,3 тэрбум ширхэг хувьцаа хадгалагдаж байгаа ба 52 брокер диллерийн компанитай хамтран ажилладаг ажээ. 2.511 сая хүн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны данстай байна.

Мөн аль өөрт ойрхон ТҮЦ машинд очин хувьцаа гэх цонхыг сонгон, иргэний үнэмлэх, хурууны хээгээрээ дамжуулан ямар үнэт цаасны компанид бүртгэлтэй, ямар компанийн хувьцааг эзэмшиж байна, ногдол ашиг нь мөнгөн дүнгээрээ гарч ирэх аж. Улс орон даяар нийт 110 ТҮЦ машин байдгаас 77 нь нийслэл хотод 33 нь хөдөө орон нутагт байрладаг. Харин иргэн дансаа нээлгээгүй бол нээлгэх шаардлагатай ба хоёр данстай хүмүүсийн асуудлаар удахгүй тодорхой мэдээлэл хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

224 байршилд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна

224 байршилд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна

Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран нийслэлийн ногоон бүс орчимд хөдөлгөөнд эргүүл хийж гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч, 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 10 хүртэл ажиллана.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өнжмөл өвсний гал түймэр 17 удаа гарснаас Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 25 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгожээ. Ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 3900 орчим иргэдэд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч буулгасан байна. Хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж эхэлснээр өнжмөл өвсний гал түймэр болон ой хээрийн түймэр өнгөрсөн оны мөн энэ үеэс 32 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотоос гарч орох хөдөлгөөнийг түр хязгаарласан бөгөөд энэ сарын 22-ны өдрийн байдлаар хяналтын 9 товчоогоор хүндэтгэн үзэх шалтгаантай 102 иргэн аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон байна. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, тархалтын цар хүрээг нэмэгдүүлэхгүйн тулд онцгой арга хэмжээ авч ажиллаж байгаа ойлгож, хүлээцтэй хандахыг иргэдээсээ хүсэж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа өглөө.

Одоогийн байдлаар халдвараар өвчилсөн хүний тоо 2 сая 556 мянга 745, нас барсан хүний тоо 177 мянга 619, бүрэн эдгэрсэн хүний тоо 690 мянга 93 хүн байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдол байхгүй ч АНУ, Итали, Герман, Иран, Франц, Турк зэрэг улсуудад өндөр өвчлөл бүртгэдээд байна. Монгол Улсын хувьд энэ төрлийн халдвараар өвчилсөн 35 тохиолдол батлагдсан. ХӨСҮТ-д бүгд эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1222 иргэн тусгаарлагдаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хяналтын 9 цэгт 101 төрийн албан хаагч эрүүл мэндийн тандалт судалгааны ажил хийж байна. Энэ сарын 23-ны байдлаар нийт 11 мянга 889 иргэн судалгаанд хамрагдсан бөгөөд энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийслэлийн хэмжээнд коронавиурсийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд 1043 төрийн албан хаагч 354 чиглэлд эргүүл хийж 951 зөрчил илрүүлэн ажиллаж байгаа аж. Олон улсад өвчлөлийн тоо өндөр байгаа учраас иргэдийг ДЭМБ-аас гаргасан заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга О.Энхзаяа зөвлөлөө.

Харин нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулалт хийхэд PM 10 тоосонцорын хэмжээ 45 хувиар, PM 2.5 тоосонцорын хэмжээ 40 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй тараасан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэж угаар мэдрэгчийг 4 хэсэгчлэн тарааж дуусчээ. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын хувьд иргэдийн худалдан авалт буурсан байна. Түлш үйлдвэрлэлтийн хувьд хувийн явагдаж байгаа бөгөөд ирэх өвлийн нөөцлөлтийг хийж байгаа талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклийн ослоор тав хоногт таван хүн амиа алджээ

Дөрөвдүгээр сарын 20-ноос өнөөдрийг хүртэл мотоциклийн ослын улмаас таван хүн амиа алджээ. Эдгээрээс дөрөв нь онхолдсон бол нэг нь автомашинтай мөргөлджээ.

Тодруулбал, Хөвсгөл, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай аймгуудад улсын дугааргүй мотоциклууд шороон замд осолдсон байна.

Харин Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р баг “Цагаан дов” гэх газарт марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 16 настай Т амиа алдсан байна.

Дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 718 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 538-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн. Үүний 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Инфографик: Монгол Улс, Оросын Холбооны улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын харилцааны эрх зүйн үндсийг Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд 1921 онд байгуулсан найрсаг харилцаа тогтоох тухай гэрээгээр анх тавьж, дипломат харилцаатай болсон. Түүнээс хойш хоёр улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, стратегийн түншлэл тогтоож, дээд, өндөр дээд хэмжээнд айлчлал хийж иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 оны 01 дүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын хооронд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулснаар өнөөгийн харилцааны эрх зүйн үндэс бий болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч ирсэн. Түүнээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн 2009 оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хоорондын стратегийн түншлэл эрчимтэй өрнөж, хөгжлийн шинэ шатанд гарч буйг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал”-д гарын үсэг зурсан билээ. Үүгээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг анх ОХУ-тай тогтоосон бөгөөд энэ нь манай улсын бие даасан гадаад бодлого, хоёр талын харилцаандаа өгч буй ач холбогдлын илэрхийлэл болсон юм.

Монгол Улс ОХУ-тай хөгжиж буй харилцааны өнөөгийн түвшин болон Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох үүднээс ОХУ-тай “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоох зорилго тавьж улмаар 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар гарын үсэг зурсан.

Гэрээнд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй, эпидемиологи болон харилцан сонирхсон бусад салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой, урт хугацааны үндсэн дээр хөгжүүлэхээр тусгасан. Гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд дээр дурдсан салбараас гадна терроризм болон үндэстэн дамнасан бусад гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн туслалцаа, НҮБ болон олон улсын бусад байгууллагын, түүнчлэн бүс нутгийн хүрээнд хамтран ажиллах, дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах эрх зэрэг чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг дэмжихээр заасан.

Гэрээг соёрхон батлахаар заасан бөгөөд соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, түүх, соёл, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ.

ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл тогтоож байгаатай холбогдуулан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын 1993 оны гэрээний үйлчлэл дуусгавар болно.

“Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г хэрэгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны тодорхой чиглэлээр бусад гэрээ байгуулна. Уг гэрээ нь хоёр улсын олон болон хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргийг хөндөхгүй.

Categories
мэдээ нийгэм

Энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг мэргэжлийн байгууллагууд хийнэ

Энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг мэргэжлийн байгууллагууд хийнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ хийгдэх талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, “Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж нар хүргэв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил болгон бүх нийтийн цэвэрлэгээний 90 минут ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд хийнэ. Харин аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн байгууллагын гадна орчныг цэвэрлэхийг уриалж байна” гэлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Тодруулбал, нийтдээ 8646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийжээ. Гурав дахь удаагийн ажиллагаа ирэх даваа гарагт нийслэлийн гол гудамж руу чиглэсэн байдлаар хийгдэнэ. Түүний зэрэгцээ машин хүрэх боломжгүй булан тохой, хүүхдийн тоглоомын талбай, амралтын газрын сүүдрэвч зэрэг байршлуудад халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна. Халдваргүйжүүлэлтийн ажиллагааг энэ сарын 30 хүртэл хийнэ хэмээн Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун онцолж хэлсэн юм.

Мөн өнгөрсөн хугацаанд явган халдваргүйжүүлэлтийг 1.4 сая м2 бохирдол ихтэй талбайд хийсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийллээ

Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлав

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Үндэсний Аудитын Газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Сонгуулийн тухай хуульд бие даагчид IV сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу бие даагчдын мөрөө хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “С.Эрдэнэ намайг АН-аас хассан тухай мэдээллийг олон нийтэд өнгөрсөн жил цацсан. Гэхдээ энэ талаар надад мэдэгдээгүй. Намайг намаас хассан гэдэг асуудлын талаар албан ёсоор мэдэгдэхийг хүссэн ч хариулт ирүүлсэнгүй. Тиймээс С.Эрдэнийн цацсан мэдээллийг үнэн гэж ойлгоод бие даан дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Сонгуулийн өмнөх нөхцөл байдлын харахад их л тэнцвэргүй юм болох байх. Маскны цаанаас ганц хоёр юм ярьсан болоод л. Хэн нь хэн бэ гэдгийг мэдэх аргагүй юм” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль болно

J1A7444-6u8jt6evnwjiamqqt0til9wq2nyort4laskcucwkdvk.jpg

Монгол улсын Шадар сайдын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар “Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван үе шатны удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилготой тус дадлага сургууль 2020 оны 05 дугаар сарын 06,07,08-ны өдрүүдэд болох юм.

Дадлага сургуульд Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХӨААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластерууд оролцож, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг үзүүлэх дадлага зохион байгуулж, коронавируст цар тахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлох юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Уур амьсгалын ногоон сангийн хөрөнгө оруулалтаар 7 төсөл хэрэгжүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сангийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав.

Тус сан жил бүр 100 тэрбум ам.долларыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад зориулдаг байна. Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор тус сангийн хөрөнгө оруулалтаар 7 төсөл хэрэгцүүлэхээр төлөвлөсний дотор Ногоон зээлийн сан байгуулах асуудал багтаж буй юм. Тиймээс төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс тус сантай хамтран ажиллах хэлэлцээр байгуулахаар Засгийн газар ноднин 5 дугаар сард шийдвэрлэсэн байна. Улмаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-нд БОАЖ-ын саайд Э.Цэрэнбат тус сангийн удирдлагуудтай хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжиж батлав. Чуулганаар Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чехийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чехийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав.

БНЧУ-д Монголын 8813 иргэн амьдарч байна. Үүнээс 65 хувь нь тус улсад 5-25 жил оршин суух эрх авчээ. Гадаадад амьдарч буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл олон жилээр тасарч, улмаар ирээдүйд эх орондоо ирээд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байх, эсхүл хэт бага тэтгэвэр авах нөхцөл үүсдэг байна. Хэлэлцээрийг соёрхон баталснаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх аж. Тодруулбал, Чех улсад амьдарч буй иргэд тус улсаас өндөр насны тэтгэвэр авах боломжтой болно. Эсхүл эх орондоо ирээд Чех улсад ажилласан жилүүддээ Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах боломж бүрдэнэ. Хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

Ташрамд дурдахад, Засгийн газраас энэ төрлийн хэлэлцээрийг Унгар, БНСУ, Турк, Полш улстай уг хэлэлцээрийг байгуулаад буй юм.

Чуулганаар Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сангийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.