Дэлхий нийтийг хамарсан “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн болон хүлэмжийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138-р тогтоолыг Монгол улсын Засгийн газраас батлан гаргасан.
Уг тогтоолд 2020 онд 360.0 мянган га-д улаанбуудай, 16.0 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45.0 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах ажлыг технологийн хугацаа, зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулах тухай тусгагдсан юм. “Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс” аяныг орон даяар “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриалга дор эхлүүлж буй 2020 оны хаврын тариалалтад баримтлах агрозөвлөмжийг Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс гаргажээ. 2020 оны хаврын тариалалт хөрс,цаг агаарын ямар нөхцөлд хийгдэх гэж байгааг ус цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс гаргасан 5-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, дулааны улирлын төлөв дээр тулгуурлан тарилтын ерөнхий агро зөвлөмжийг бүсүүдээр боловсруулсныг нийт тариаланчид, ногоочид, газар тариалангийн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчиддээ хүргэж байна.
2020 ОНЫ ХАВРЫН ТАРИАЛАЛТАД БАРИМТЛАХ АГРОЗӨВЛӨМЖ
Б.Дорж, доктор Sc, профессор, ХААИС Ж.Намбар, доктор Ph, дэд профессор, УГТХ
Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд гаргасан ололт амжилт, алдаа оноогоо дүгнэж газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг зарласан нь тариаланчдын урам зоригийг сэргээсэн, цаашид улам илүү үр дүнтэй ажиллах боломжийг бий болгосон сайхан арга хэмжээ хэмээн бид баяртай байна. Уур амьсгалын хувьсал эрчимтэй явагдаж байгаа өнөө үед тариалангийн технологийг цаг агаарын нөхцлөөс салангид ойлгож болохгүй нь улам тодорхой болсоор байна.
Манай орон өндөр уул нурууд,өргөн уудам хээр тал хосолсон нутагтай болохоор газар тариалангийн бүсүүд нь хөрс, уур амьсгалын нөхцлөөр эрс ялгаатайгаар барахгүй бүс дотроо цаг агаарын нөхцөл жил жилд харилцан адилгүй байдагаараа онцлогтой. 2020 оны хаврын тариалалт хөрс,цаг агаарын ямар нөхцөлд хийгдэх гэж байгааг ус цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс гаргасан 5-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, дулааны улирлын төлөв дээр тулгуурлан тарилтын ерөнхий агро зөвлөмжийг бүсүүдээр боловсрууллаа. Энэ зөвлөмжид тулгуурлан тухайн орон нутаг, нугын хэмжээнд талбай бүрээр нарийвчилсан агро зөвлөмж боловсруулж мөрдөж ажиллавал зохино.
Монгол орны уур амьсгалын горимд хуурайшилт нэмэгдэж, дулааны улирал уртассан, хавар эрт дулаарч, намар орой хүйтэрч байгаа, аагим халуун өдрийн тоо нэмэгдэж хахир хүйтэн нөхцөл зөөлөрч байгаа, агаарын 5°С;10°С-аас дээшхи ашигтай болоод идэвхтэй дулааны нийлбэр, хур тунадасны эрчим болон аадар бороо орох тохиолдол нэмэгдэж байгаа, хур тунадасны улирлын хувиарлалт өөрчлөгдөн гамшигт үзэгдлийн давтагдал ихсэж, эрчим нь нэмэгдэж байгаа зэрэг олон сөрөг үр дагаварууд бодитой бий болоод байна. Хуурай гандуу уур амьсгалтай манай орны нөхцөлд таримлаас тогтвортой арвин ургац авах боломжийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйл нь хөрсний чийгийн хангамж юм. Иймээс хөрсний чийгийн нөөц, хангамжийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь орсон хур тундасыг хөрсөнд бүрэн шингээн хуримтлуулж авах уриншийн боловсруулалтын тоо, төрлийг хөрсний онцлогт тохируулан зөв сонгох явдал чухал болно.
1.Төвийн бүс. Манай орны газар тариалангийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг энэ бүсэд 5-р сарын дундаж температур Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 5-10 градус буюу олон жилийн дундаж орчим, бусад нутагт олон жилийн дундажаас 1.5-2.0 градусаар дулаан байх урьдчилсан төлөв гарчээ. Энэ нь үр суултын гүний дулааны хангамж сайжрах боловч нөгөө талдаа хөрс эрт халж чийг ууршилт нэмэгдэх сөрөг нөлөөтэй.
Тариалангийн төв бүсэд энэ хавар хөрсний чийг, ялангуяа хойд хэсэгтээ чамлахааргүй хэмжээнд байна. Угтвар (өнгөрсөн намар газар хөлдөхөд байсан) чийгээр Булганы Хутаг, Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Дархан-уулын ихэнх талбай, Төв аймгийн Жаргалант, Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулганд хангалттай, Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Зэлтэр, Цагааннуур, Орхон, Хушаат, Зүүнхараа,Төв аймгийн Угтаал, Баянчандмань, Хэнтийн Яргайт,Орхон-Уулын Улаантолгойд дунд зэрэг, Архангайн Түвширүүлэх, Булганы Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгийн Баруунхараа, Дархан-Уулын Цайдмын талбай,Төв аймгийн Эрдэнэсант, Борнуур, Цээл сумдад хангалтгүй байгаа дүн гарчээ. Угтвар чийгийн хэмжээ ийнхүү бүс дотроо мэдэгдэхүйц ялгаатай байгаагаар барахгүй нэг сумын бараг зэргэлдээ байрлалтай талбайнуудад харилцан адилгүй байгаа тохиолдол цөөнгүй байна. Энэ бол тарилтын технологид зайлшгүй харгалзах ёстой үзүүлэлт бөгөөд газар дээр нь зохицуулж шийдвэрлэх асуудал юм. Угтвар чийг хичнээн хангалттай байсан ч буудайн ургалтад зарцуулагдсаар бутлалтаас хойш газрын дээрхи масс нь ихсээд ирэх үед ус дутагдан ургамал гандаж эхэлдэг. Иймээс гандалт эхлэхээс өмнө хур бороо орох нөхцлийг бүрдүүлэх ёстой, өөрөөр хэлбэл угтвар чийгийг хадгалж анхны бороотой залгуулна гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэх хөшүүрэг нь тарих хугацаа,үрийн норм,үр суулгах гүн,сортын болц юм.
Өнөө жил 6-р сард төв бүсэд мөн л олон жилийн дунджаас 1.5-2.00 С дулаан байх төлөв гарсан нь хөрснөөс ууршиж алдагдах чийгийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Энэ сөрөг нөлөөг багасгаж ургацыг хамгаалдаг тунадасны хэмжээ олон жилийн дунджаасаа бага байх төлөвтэй. Ийм нөхцөлд хэт эрт таривал буудай бутлалтаас гол хатгалтын шатандаа ганд нэрвэгдэх аюултай. 6-р сарын хур тунадас ургацад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэмжээний хувьд олон жилийн дунджаас бага хур тунадас орохоор байгаа ч үр дүн нь хэдийд ямар хэмжээтэй орохоос шууд хамаардаг. Хэрэв унах тунадас нь сарынхаа 2-р хагаст багтаж ашигтай (1удаагийн оролтоор 5 мм-ээс дээш) хэмжээгээр орвол хөрсний угтвар чийг хангалттай юмуу дунд зэрэг хэмжээтэй байгаа газруудад 3.5 сая ширхэг, хангалтгүй чийгтэй талбайд 3.0 сая ширхэг соёолох чадалтай үрээр тухайн нутагт тариалах тохиромжтой хугацаанд тарина.
Энэ жилийн цаг уурын гандуу нөхцөлд тухайн орон нутагт зохицсон эх орны нутагшсан сортуудыг тариалах, нэн ялангуяа ганд тэсвэртэй сортыг сонгож тариалах чиглэл баримталбал зохино. Тухайлбал тариалангийн төв бүсэд буудайн Дархан-144, Дархан-181, Бурятская-34, Сэлэнгэ, Алтайская-530 зэрэг дунд оройн болцтой сортуудыг тариалалтын эхний хугацаанд, дунд болцтой Дархан-34, Дархан-74, Арвин /Дархан-166/, Бурятская-79, Бурятская остистая, Алтайская-100, Алтайская-325 зэрэг сортуудыг тариалалтын тохиромжтой хугацаанд, эрт болцтой Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг тохиромжтой хугацааны сүүл рүү тариалах шаардлагатай.
Харин тарихын өмнө үрийг нарлуулах, фракцлах, ариутгах ажлыг заавал хийнэ. Гуурстай талбайд тарих эсэхээ орон нутгийн хэмжээнд өөрсдөө шийдэх бөгөөд хэрэв тарих бол үртэй хамт азотын бордоог 20 кг-аас (үйлчлэх бодист шилжүүлснээр) багагүй хэмжээгээр хийж өгвөл сайн. Хог ургамал бага,тэгш гадаргуутай талбайд СЗС маягийн суман хошуутай үрлүүрээр 6-7 см гүнд эхний ээлжинд шууд тарина.
Чийг хангалтгүй, хог ургамалтай юмуу ховил шан ихтэй, гадаргуу нь тэгш биш талбайг сийрүүлж тэгшлээд бул явуулж тарилтад сайтар бэлдсэний дараа цаг агаарын мэдээг харгалзан бороо угтуулж 5-р сарын сүүлчээр үрийн нормыг бага зэрэг нэмэгдүүлээд 3-5 см гүнд эрт болцтой сортоор тариална.
2019 онд хураалтын үед хур тунадас ихтэй байснаас тариа түрүүн дээрээ ургаж соёолох, болц гүйцээгүй ногоон тариа нэлээд хэмжээгээр хураагдсан бөгөөд хэрэв тэр тарианаас тарих үрээ хадгалсан бол лабораторийн соёололтыг сайн шалгаж тариалах шаардлагатай.
Үе үе бага зэргийн бороо орох нь хог ургамлыг ургуулах нэг нөхцөл болдог тул хог ургамал ихтэй талбайд буудайн бутлалтаас гол хатгалтын үе шатанд гербицид цацна. Мөн гантай буюу гандуу жилүүдэд хортон шавж, өвчин гарах магадлалтай тул гарсан тохиолдол бүрт тохирсон ургамал хамгааллын бодисыг шүршиж тэмцэнэ.
2. Зүүн бүс. Энд хүйтэнгүй хоног үргэлжлэх хугацаа харьцангуй урт, 5,6 сард салхи ихтэй, анхны бороо нилээд хожуу ордогоороо төвийн бүсээс ялгаатай. Өнөө жилийн хөрсний угтвар чийгээр энэ бүсэд багтдаг Хэнтий,Дорнод, Сүхбаатар аймгийн тариалан бүхий сумуудад хангалтгүй, дулааны хэмжээ төвийн бүстэй адил олон жилийн дунджаас их байна. Ийм нөхцөлд тарих хугацааг тохируулах, сортыг зөв сонгоход онцгой анхаарвал зохино,тэгэхдээ агротехникийн бусад элементүүд (үрийн норм, үр суултын гүн, сорт, ариутгал, талбайн тэгшилгээ)- эд нягт нямбай хандах хэрэгтэй. Зүүн бүсэд 6-р сард орох тунадас олон жилийн дундаж орчимд, 7-р сард дунджаас ахиу хэмжээтэй байгаа нь нааштай үзүүлэлт юм. Энэ бүсэд хөрсний угтвар чийгийн зарцуулалтыг зуны түрүүчийн бороотой залгуулахын тулд агротехникийн тохиромжтой хугацааныхаа эхний хагаст дундын болон дунд оройн сортуудыг, хугацааны сүүлч рүү эртийн сортыг сонгож, үрийн нормыг хуучин мөрддөг хэмжээнээсээ ялимгүй нэмэгдүүлээд таривал зохино. Тарилтыг өөртөө булгүй үрлүүрээр хийсэн тохиолдолд араас нь заавал булдаж хөрсийг нягтруулж өгвөл зохино.
3.Баруун бүс. Баруун ба говийн бүс нь хөрс уур амьсгалын хувьд усалгаатай тарихад тохиромжтой боловч Увс,Завхан аймгуудад үр тариа,тэжээлийн зарим ургамлыг услахгүйгээр ургуулдаг 60 шахам мянган га газар байгаа,үүний ихэнх нь Увсын Баруунтуруун суманд байдаг. Услахгүйгээр ургац авдаг газар бол байгалиас бидэнд зориулж бүтээсэн үнэлж баршгүй баялаг учраас алга дарам хэмжээтэй байсан ч чамлалгүй ашиглах хэрэгтэй. Өнөө жил гуурстай талбайн хагалгааны давхаргад 16 мм, 0-50 см гүнд 47 мм чийгтэй байгаа нь дунд хангалттай үзүүлэлт, гэхдээ энд хавар цас оройтож хайлдаг болохоор тарилтын үед хөрс өнгөндөө голдуу чийгтэй байдаг онцлогтой. Энэ нь 6-р сард олон жилийн дунджаас бага байх тунадасны хомсдлыг ямар нэгэн хэмжээгээр нөхөх бололцоотой.
Үрийн норм бага 2.5 сая буюу 100 кг орчим соёолох чадвартай үрээр агротехникийн тохиромжтой хугацааны сүүлийн хагаст тариалах талбайн 80 хүртэл хувьд нь эрт болцтой сортыг, 20 орчим хувьд нь дундын болцтой сортыг хугацааны сүүлчээр тариална. Мөн тарих талбайгаа азотын бордоо бордох, тарилтын дараа булдах шаардлагатай.
Газар тариалангийн салбарын эзэд, тариаланчид хөрсний үржил шимийг хамгаалсан, хөрсний чийгийн алдагдлыг бууруулсан, механик боловсруулалтыг цөөлж цомхотгосон, бордоо, ургамал хамгааллын арга хэмжээг зохистой хэмжээгээр хэрэглэж хэвшсэн, байгаль экологид сөрөг нөлөөгүй дэвшилтэт техник, технологиор тариаланг хөтлөн явуулахаас гадна
- Тариалангийн технологийн ажлыг зөвхөн мэргэжлийн агрономичийн удирдлага заавраар хэрэгжүүлэх,
- Тарилтын өмнөх хөрсний чийг, 5-6-р сарын цаг уурын мэдээг харгалзан тариалах технологио талбай бүрээр тогтоож байх,
- Чанарын шаардлага хангасан тэгшрэлт сайтай уриншид тариалах,
- Цэвэрлэж, дугаарлаж шинжилгээ хийлгэж стандартад тэнцсэн нутагшсан сортын нарлуулж , ариутгал хийсэн үрээр тариалах,
- Усалгаагүй тариалангийн үр тарианы /бууц, ногоон бордуур хэрэглэснээс бусад/ талбайн хөрсийг хагалж элдэншүүлэхээс бүрэн татгалзах,
- Дараа жил нь уриншлах талбайг заавал сүрэл цацагчтай комбайнаар хурааж сүрлийг талбайд цацах,
- Сүрэл цацсан болон уриншилсан талбайд мал оруулахгүй байх,
- Механик элдэншүүлэлттэй уриншийг намар сайн тэгшлээд дараа хавар нь аль болохоор хөдөлгөхгүй шууд тарих
Монголын тариаланд 3-4 жил тутмын 1- 2 жилд нь ган хуурайшил тохиолдож ургац алдах нь ихэсч байгаа өнөөгийн нөхцөлд тариалангийн технологид заавал мөрдөх технологийн үйлдлийг цаг хугацаанд нь зөв мөрдөж ажиллавал ургац авах боломж бүрэн бий.
Цаг агаарын өөрчлөлт, ган хуурайшилт нь ургацын хэмжээ чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч бид цаг агаарын эрсдэлтэй нөхцөлд ч гэсэн өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг өөрөөр хэлбэл тариалах технологийн горимыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.