Categories
мэдээ нийгэм

“ШИНЧЕОНЖИ” БУЮУ “ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛЫН ТАЛААР

БНСУ-ын иргэн Lee Man Hee-ийн үүсгэн байгуулсан Христийн шашнаас үүсэлтэй “Шинэ тэнгэр газар” буюу “Шинчеонжи” шашны урсгал итгэгчдээ Христийн 12 дагалдагчийн нэрээр 12 овогт хуваан, дэлхийн төгсгөл болох үед аврагдах 144000 хүний нэг болон үлдэж, дэлхий даяар тархан Lee Man Hee-ийн боловсруулсан номлол сургаал дээр үндэслэн Библийн сургалтыг тодорхой үе шат, хугацаатай зохион байгуулдаг. “Шинчеонжи” шашны урсгалын сургалт, номлолын гол агуулга нь Lee Man Hee аврагч элчийн тайлбар номлол хамгийн үнэн зөв, Есүсийн илгээсэн элч хэмээн тахин шүтэж, ер бусын нэгэн хэмээх итгэл үнэмшлийг төрүүлж, бодит амьдралд үл нийцэх сургаал, номлолыг түгээдэг. Тухайлбал: Олон Улсын Культ Судлалын Нийгэмлэгийн албан ёсны цахим хуудсанд шашны гаж урсгалыг олон янзаар тодорхойлсон байна. Тэдгээрээс дараах тодорхойлолт шашны гаж урсгалын хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх нөлөөг илүү тодотгожээ. Тэнд “Lee Man Hee-ийн шашны гаж урсгал нь зарим нэг хүн, үзэл санаа, зүйлийг хэт улайран шүтэж, бүх л зүйлээ түүндээ зориулдаг бүлэг буюу хөдөлгөөн юм. Гишүүдийнхээ сул талыг ашиглан дарамт шахалт үзүүлэх, тэдний бодол санааг хянах (гэр бүл, найз нөхдөөс нь холдуулдаг, хүчгүй сул дорой бусдыг аялдан дагалдагч, бүлгийн хүчтэй шахалтанд оруулдаг, гишүүдийнхээ мэдээлэл авах сувгийг хянаж удирддаг, хувь хүний эрх чөлөөг хязгаарлан, чөлөөт сэтгэлгээг боомилж, шашны бүлгээсээ хамааралтай болгон түүнийг орхин явбал аймшигт гай зовлон тохионо гэх айдсыг төрүүлдэг зэрэг) ёс зүйгүй арга хэрэглэн эрхэндээ оруулж үүсгэн байгуулагч удирдагчийн хүсэл зорилгыг биелүүлэхийг зорилго болгон гишүүд, тэдний гэр бүл, нийгэмд хохирол учруулдаг” гэж тодорхойлжээ.

“Шинчеонжи” шашны гаж урсгал сайн дурын байгууллагуудаар халхавчлан үйл ажиллагаагаа зохион байгуулж, итгэгчдээ татдаг. Үүнд:

  • Тэнгэрийн соёл дэлхийн энх тайвны гэрлийг дахин сэргээх байгууллага /HWPL Heavenly Culture World Peace Restoration of Light/.
  • Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг /IWPG – International women’s peace group/,
  • Олон улсын залуучуудын энх тайвны бүлэг /IPYG – International peace youth group/ гэсэн халхавч байгууллагуудаар дамжуулан сайн дурын үйл ажиллагаа зохиох, энх тайвны төлөө урлаг, спортын наадам зохион байгуулж гадаадын нэр хүндтэй улс төрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг спортын одод, жүжигчдийг урин оролцуулж итгэгчдийг өөрийн шашинд татдаг.

2020 оны I улиралд БНСУ-ын Эрүүл мэндийн яамд COVID-19 өвчний тархалттай холбоотойгоор “Шинчеонжи” шашны урсгал 245605 итгэгчдийнхээ мэдээллийг гарган өгсөн нь тус шашны байгууллагын идэвхтэй гишүүдийн сүүлийн үеийн тоог харуулж байна.

Солонгосын нийгэмд Шинчеонжи шашны урсгалтай адил хүмүүсийн итгэл үнэмшил, шашин шүтлэг дээр тулгуурлан нэр алдар олж, улс төрийн эрх мэдэлд хүрч, эдийн засаг, бизнесийн том ашиг орлого олдог өөрсдийгөө амьд бурхан хэмээгч 60 орчим хүн байдаг. Тэдгээр хүмүүсийн үндэслэсэн зарим шашны гаж буруу урсгалууд нь Солонгосын нийгэмд шуугиан тарьсан гэмт хэргүүдтэй холбогдож байсан жишээг дурдвал:

  1. 1987 оны Одаеяанг /Odaeyang/ шашны урсгалын 32 итгэгчдийн амиа хорлосон хэрэг.
  2. 2009 онд Аврал, ивээл /Providence/ сүмийг үндэслэгч Жун Мюн Сеокийн эмэгтэй итгэгчдээ хүчирхийлсэн хэрэг. /Тэрээр 1980 онд Мүүнийн шашнаас салж тусгаарлан Провиденс сүмээ байгуулсан/
  3. 2014 онд 300 гаруй хүн амийг авч одсон “Севол” хөлгийн эзэн Ёо Бюн Юны хэрэг.
  4. 2016 оны Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн зөвлөх Чой Сүүн Силийн авилгалын хэрэг.
  5. 2018 онд Сүмийн 400 гишүүдээ уриалан БНСУ-аас Япон улсын Фижи арал руу дүрвэн тэднийг хүнд хүчир хөдөлмөр хийлгэн, дарамталж зоддог байсан Шин Ок Жугийн хэрэг,
  6. 2018 онд Манмин сүмийн пастор Лее Жае Рокийн эмэгтэй итгэгчдээ удаа дараа хүчирхийлсэн хэрэг.
  7. 2020 онд COVID-19 голомтыг нуун далдалсан, түгээсэн “Шинчеонжи” шашны байгууллагын тэргүүн Lee Man Hee-ийн хэрэг зэрэг болно.

ТЕГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун: Орлого гэнэт тасалдахад наад зах нь гурван сар хэвийн амьдралаа хангаад явах хадгаламжтай байх ёстой

Өрхийн төсөв, хадгаламж, хуримтлалын талаар эдийн засгийн ухааны доктор Лувсандоржийн Оюунтай ярилцлаа.


-Хадгаламжийн үнэ цэнийн талаар яриагаа эхэлье?

-Юунд зориулж хадгалах вэ гэдэг нь их чухал. Мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх гэж хадгалдаг. “Гай газар дороос, гахай модон дотроос”, “өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” зэрэг үгнүүд мөнгөний гэнэтийн хэрэгцээ гардаг гэдгийг хэлээд байгаа юм. Эргэн тойронд эрсдэл ч гэж ярьдаг. Ер нь хэзээ, юу болно гэдгийг хэн мэдэх билээ. Үүнд л зориулж хадгаламжтай байх хэрэгтэй. Манайхан “тэр өдрийн тэнгэр мэдэж, тэнэг миний заяа мэдэг” гэж амьдрах гээд байдаг. Энэ буруу. Мөнгөтэй болж байж хадгаламжтай болно гэж байдаггүй. Хэрэглээнээсээ хэмнэж байж хадгаламжтай болдог. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж боддог. Хүмүүсээс “хадгаламжтай юу?” гэж асуухад орлого хүрэхгүй байна гэж хариулдаг. Тийм учраас би үүнийг хэлж байгаа юм.

-Ер нь хадгаламж, хуримтлал хоёрт ялгаа бий юү?

Маш их байна. Эдгээрийн зорилго нь өөр. Зорилгоороо ялгаатай байдаг. Хадгаламжийн зорилгыг дээр дурдсан. Хуримтлалын зорилго бол хөрөнгө, мөнгө, баялгаа нэмэгдүүлэх зорилготой. Үйл үгээрээ “хуримт” гэсэн үгнээс гаралтай. Өсгөх, үржүүлэх санааг агуулж байдаг үг. Харин арилжааны банкинд хугацаагүй хадгаламж байдаг. Хүссэн цагтаа авч хэрэглэх боломжтой хадгаламж. Мөн арилжааны банкинд хугацаатай хадгаламж ч байдаг шүү дээ. Хүү нь өндөр. Хийсэн мөнгө нь илүү өснө гэсэн үг. Ер нь бол санхүүгийн зуучлагч байгууллагууд банк, даатгал, брокер, диллер гэх мэт бүх байгууллагууд иргэдэд зориулж үйлчилгээ гаргадаг. Тэдгээрийн нөхцөлөөр дамжуулаад хүмүүс мөнгөө удирдахад нь тусалдаг.


-Та санхүүгийн боловсролын талаар яриад байна аа даа?

Тийм. Санхүү гэдэг нь мөнгөтөй холбоотой хүмүүсийн хоорондох харилцааг илэрхийлдэг. Хүмүүс цаг тутам, өдөр тутам санхүүгийн шийдвэр гаргаж байдаг. Наад зах нь энэ зардлыг гаргах уу, үүнийг худалдан авах уу, яаж орлого олох вэ, яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэсэн хүрээнд шийдвэр гаргаж байдаг. Санхүүгийн боловсрол гэдэг нь товчоор бол мөнгө удирдах мэдлэг юм л даа.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үеэр хувь хүн хадгаламжтай байх нь ямар ач тустай вэ?

-Зарим хүмүүс 50:20:30 гэсэн дүрэм ярьдаг. Орлогоосоо 50 хувийг хэрэглээндээ, 20 хувийг хадгаламжиндаа, 30 хувийг хуримтлалдаа хийнэ гэсэн үг. Миний хувьд орлого гэнэт тасалдахад наад зах нь гурван сар хэвийн амьдралаа хангаад явах хадгаламжтай байх ёстой гэж үздэг. Тэгээд гурван сарын дотор орлого олох арга замаа олох боломж гарах байх. Ер нь хадгаламжтай хүнд ийм эдийн засгийн хэцүү үед ямар ч хохирол байхгүй. Түүнчлэн стрессгүй амьдрах, амьдралынхаа наад захын хэрэгцээг хангах чадвартай байх, мөнгөөр гачигдахгүй байх боломжтой байна л гэсэн үг шүү дээ. Товчоор хэлбэл, өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцна гэсэн үг. Амьдралын наад захын хэрэглээ гэдэг нь сар болгон төлдөг төлбөр, хэрэглээний зүйлсийн зардал. Нийт зардлыг тогтмол, хувьсах гэж ангилаад тогтмол дүнгээр төлдөг зардлуудад байр, утас, цахилгаан гэх мэт зардлууд заавал орно. Мөн хоол, хүнсний зардлууд орно. Манайхны зарим нь тогтмол болон хувьсах зайлшгүй зардлын хэмжээгээ мэдэхгүй байх тал бий. Ийм үед асуудал нэлээд хүндэрнэ. Өрх гэр, хувь хүн, улс эх орон гурав адилхан субектүүд л дээ. Тэгэхээр Монгол Улс яг энэ коронатай үед хадгаламжтай, тогтворжуулалтын ханатай байвал энэ эдийн засгийн эрсдэлийг хөнгөн даваад гарчих боломжтой. Улс орны тухайд ч гэсэн гэнэтийн тохиолдол болох тахал өвчин, үер ус, байгалийн үзэгдлүүд гарч ирдэг. Үүнд ч гэсэн зориулаад хадгаламжтай байх ёстой. Ер нь хадгаламжтай үед амьдралын дархлаатай байдаг. Түүн шиг улс орон дархлаатай байх хэрэгтэй. Энэ тал дээр төр засгаас их анхаарч өөрийн улсын түвшин болон хүмүүсийг ч гэсэн хадгаламжтай болоход нь тусгай бодлого боловсруулах хэрэгтэй.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

С.Батбаатар: Үнэн, зөв үгийг С.Зориг агсан хэлж байсан гэдэг ч яагаад тэр үгсийг хэрэгжүүлэхгүй байна вэ

Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг 1962 оны эл өдөр мэндэлж байв. 1998 оны 10 сарын 2-ны хар өдөр С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн билээ. Түүнээс гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудаж байв. Өчигдөр С.Зориг агсны гэр бүлийнхэн, ИЗНН, АН-ын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр ИЗНН-ын генсек С.Батбаатартай ярилцлаа.


-Дөрөвдүгээр сарын 20 буюу өчигдөр С.Зориг агсны төрсөн өдөр болж өнгөрлөө. Энэ өдрийг хүртэл ИЗНН С.Зориг агсны үзэл санааг тээгч нам гэж анх 2000 онд байгуулагдахдаа зарласан. Өнөөдөр та бүхэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ?

-Таны хэлсэнчлэн ИЗНН төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны үзэл санаан дээр тулгуурлаж байгуулагдсан улс төрийн хүчин. Би С.Зориг гэдэг хүний үзэл санааг их дэмждэг байсан. Тиймдээ ч энэ намыг сонгож, гишүүн нь болсон. Өдгөө С.Зориг агсны монголчуудыг чиглүүлж байсан замаас эсрэг зүг рүү бид яваад байгаа юм. С.Зориг агсан эн тэргүүнд улс үндэстнийхээ, удаад нь нам бүлгийнхээ, хамгийн сүүлд хувийнхаа эрх ашгийг тавьж бай гэж хэлсэн шүү дээ. Энэ эрэмбэ дарааллыг хэзээ ч алдаж болохгүй гэсэн. Энэ үгийг улстөрчид, намууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах ёстой. Гэвч өнөөдөр улс төрийг харахаар хамгийн эхэнд хувь хүн өөрийн эрх ашгийг тавьдаг болчихож. Хамгийн сүүлд улс орны эрх ашгийг тавьж байна. Энэ зах замбараагүй байдалд цэг тавихын тулд өнөөгийн эрх баригч улс төрийн хоёр хүчнийг солихгүй бол болохгүй. Тэд эрх мэдэлд, эд хөрөнгөд л итгэж байна. Харин С.Зориг агсан “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээсэн байдаг. Өнөөдөр ч манай нам энэ хүний хэлснээр явж байна. Бид эрдэмтэн мэргэдээ дээдэлж, монголын баялгаа үнэд хүргэмээр байна. Монгол гэсэн юм бүхний нэр хүндийг өргөмөөр байна. Монгол гэсэн бүх зүйл үнэ цэнэгүй байгаа энэ алдааг засч залруулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр төрийн өндөр албан тушаалд улстөрчдийг томилохдоо зөвхөн намаар дамжуулдгийг өөрчлөх цаг болсон. Иргэний нийгэм болон төрийн бус байгууллагаар дамжуулан шударга ёсны төлөө зүрх сэтгэлээрээ тэмцэж байгаа зөв хүмүүсийг төрд гаргаж ирэх цаг ирсэн.

-АН, ИЗНН-ын гээд ардчилсан үзэлтэн намуудын улс төрийн зүтгэлтнүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ шүү дээ…

-С.Зориг агсны амь насыг хороосон дуулиант хэрэг гарснаас хойш 22 жил өнгөрлөө. Тэгтэл өнөөгийн улс төрд энэ хүний хэлсэн үг одоо ч тэр ач тусаа өгч, хэрэг болсоор байдаг. Тиймээс ч өнөөгийн улс төрийн зүтгэлтнүүд үүнийг мэдэрч, хүндэлж явж байгаа ч амьдрал дээр хэрэгжиж байгаа юм алга. Үнэн, зөв үгийг С.Зориг агсан хэлж байсан гэж улстөрчид хэлж байгаа мөртлөө яагаад тэр үгсийг нь өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байна вэ. Энэ учир битүүлэг санагддаг.

-С.Зориг агсны хэрэг өнөөдрийг хүртэл үнэн мөн нь олдоогүй явна. Энэ дээр танай намынхан голлон дуугарах ёстой улс төрийн хүчин нь байх?

-Манай намын зүгээс энэ хэргийн үнэн мөн нь тогтоогдчихоосой гэж маш их хүссэн. Бид гурван шатны шүүхийн тэмдэглэлийг ил болгохыг шаардсан. Маш их шаардлага хүргүүлсэн. Энэ хэрэг улс төрийн том нөлөөлөлтэй учраас нэг хэсэгтээ илрэхгүй. Сонгуулийн өмнөх жил АН, МАН хоёр нам С.Зориг агсны хэргээр улс төр хийж, ард иргэдээс оноо авах зорилготой үйлдэл хийсээр байна.

-ИЗНН эвсэлд элсэж 2020 оны сонгуульд оролцохоор болсон. Энэ талаар ярихгүй юу?

-Бид олонх болж, засаг баривал хамгийн түрүүнд улс төрийн эрх мэдлийн бөөгнөрлийг татан буулгана. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн бүх намуудыг татан буулгаж, нэг гараанаас ижил тэгш боломжоор дахин зохион байгуулалтыг хийнэ. Ингэж шинэчлэхгүй бол цаашаа явахгүй гэдэг нь харагдаад байна шүү дээ. Муудсан хундаам дээр хэчнээн сайхан барилга барих гээд яах юм бэ. Ингэж л улс төрийн их цэвэрлэгээг хийх шаардлага байна.

-Нэр дэвшигчдээ ямар шалгуур тавьж байна вэ?

-Нэн тэргүүнд боловсрол шударга байдлыг харж байгаа. Мөнгөний сонирхолтой хүн улс төрд гарч ирснээр Их хурлыг мөнгө угаах бизнес гэж хардаг.

-“Та бидний эвсэл”-д танай нам хэдэн мандат авч байна вэ?

-Манай эвсэлд гурван нам байгаа. Бид 15 мандаттай байна. Тойрог маань одоо тодорхой болоогүй байна. Эвслийн дарга Н.Энхбаяр хорионоос чөлөөлөгдөж, өнөөдөр өглөө 09:00 цагт хуралдана. Энэ хурлаараа бүх юмаа ярилцана.


Categories
мэдээ нийгэм улс-төр

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2020.04.27-05.01

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020.04.24-ний өдрийн хурлаар батлав.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 27-НOOС 05 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 27-ны Даваа гарагт гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 28-ны Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

04 дүгээр сарын 29-ны Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 01-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ цаг-үе

Н.Батцэрэн: Йог гэдэг бол дотоод хүнээ олох аялал

“Батци” уран нугаралт, йогийн студийн багш, дасгалжуулагч Н.Батцэцэгтэй ярилцлаа.


-Йог хийх нь ямар ач тустай вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

– Йог хийх нь мэдээж маш олон талын ач тустай. Хүмүүс иогоор хичээллэнэ гэхээр турах уу гэж их асуудаг л даа. Энэ нь хурдан хугацаанд биш аажмаар галбиржиж турна гэсэн үг. Зөвхөн турахын хажуугаар хүний бие маш гоё эрүүлждэг. Йогийн дасгалууд маань амьсгалын дасгалуудтай хосолж хийгддэг учраас зүрх судасны үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж биеийг бүхэлд нь эрүүлжүүлдэг. Маш олон хүн стресстээд нойргүйдлээ гэж ирдэг. Ингээд йогоор хичээллэснээс хойш сайхан унтдаг боллоо гэдэг дээ. Миний хувьд йогийн дасгалууд заагаад гурван жил болж байна. Энэ хугацаанд таван наснаас дээш насны бүх хүмүүст хичээлээ заасан. Багачууд маань илүү уян хатан, төлөвшлийн хувьд ч тэр аядуу зөөлөн, амгалан болдог. Харин ахмадууд болон залуучуудын хувьд стресс, нойргүйдлийн өвчнөөс салах гээд ач тусыг гаргасан.

-Йогийн төрлүүдийн талаар ярихгүй юу. Та яг аль төрлөөр нь хичээл ордог вэ?

-Миний хувьд хатха болон аштанга гэсэн хоёр төрлөөр хичээл ордог. Хатха йог нь 15 дугаар зууны үед Энэтхэгт үүссэн. Энэ йог нь удаан, тайван бөгөөд гол анхаарлаа зөв амьсгалах болон бясалгахад хандуулдаг. Ер нь анхлан суралцагчдад хамгийн тохиромжтой. Хатха йог нь иогийн төрлүүдийн үндэс гэж үздэг л дээ. Тиймээс урьд өмнө нь йогийг хийж үзээгүй бол эхлээд нэгээс хоёр сарын хатха йогийн ангид хамрагдах нь танд йогийн талаарх ойлголт, мэдрэмжүүдийг алдалгүй хүргэнэ гэсэн үг. Үүнээс цаашлаад өөрийн бие болоод сонирхолд нийцэх йогийн төрлийг сонгон авч үргэлжлүүлэн хичээллэх боломжтой. Онцлог нь өөрийн биеийг илүү хөнгөн шингэн, тайван, уян хатан болсныг мэдрэхээс гадна үргэлжлүүлэн хийх хүсэл төрдөг. Монголд үйл ажиллагаагаа явуулж буй ихэнх йогийн студи, төвүүд хатха иогийн ангиудтай байдаг шүү.

-Аштанга йогийн тухайд дэлгэрүүлэхгүй юү?

Аштанга йог нь хатха болон виньяса йогтай ижил төстэй боловч биеийн хүч илүү шаардсан, эрчимжүүлсэн маягтай байдаг. Нэг ялгаатай тал нь аштанга иогийн дасгалууд нэгэн хэвийн. Өөрөөр хэлбэл, бүх дасгалуудыг эхнээс нь дуустал ижил дэс дараалалтай хийдгээрээ онцлогтой. Энэ йогийг ихэвчлэн наранд мөргөх дасгалаар (Sun Salu­tation) эхэлдэг. Үүнээс гадна энэ йогоор хичээллэхэд хөлс ихээр ялгардаг тул биеэс хорт бодисуудыг гадагшлуулахын зэрэгцээ турааж биеийг чангалдаг онцлогтой.

-Одоогоор цахим сургалт явуулж байгаа юу?

-Хараахан цахим сургалт хийхгүй байна. Одоогоор юнивишний гэрийн багц хөтөлбөрт йогийн хичээл зааж байгаа. Энэ хичээлдээ бид эмчилгээний, ахисан, сунгалт болон даралт ихтэй хүмүүст зориулсан, төрөлтийн дараахь гээд олон төрлийн дасгалуудаа хамруулж ажиллаж байна.

-Хөл хорионд байгаа хүмүүс хөдөлгөөнөөр маш их дутагдаж байна шүү дээ. Ер нь интернэтээс йогийн дасгалуудыг сурах боломжтой юу. Хэр үр дүнтэй бол?

-Боломжтой л доо. Гэхдээ студи юмуу зааланд дасгалаа хийвэл багш хараад буруу зөвийг нь хэлээд өгчихдөг. Гараа хойшлуулах, хөлөө дээшлүүлэх хэрэгтэй шүү гээд дэмнээд өгнө гэсэн үг. Хүмүүс дасгалдаа хэтэрхий улайрахаараа амьсгалаа түгжчихдэг тал байдаг. Амьсгалаа түгжиж огт болохгүй. Ер нь багштай хийх нь илүү давуу талтай. Гэхдээ энэ хөл хорионы үеэр өөрөө хичээгээд дасгалуудаа сураад хийж болно.

-Анх йогоор хичээллэх гэж байгаа хүн юун дээр анхаарвал зохимжтой вэ?

-Йог гэдэг бол өөрийгөө, дотоод хүнээ олох нэг аялал шүү дээ. Дасгал хийж байхдаа өөр зүйл бодохгүй зөвхөн өөрийнхөө амьсгалын зөв систем дээр анхаараад эхлэхээр өөрийгөө ойлгож дотоод хүнээ сонсдог. Монголчуудын хувьд хэтэрхий өөрийгөө хүчлэх гээд байдаг тал ажиглагддаг. “Энэ хүн турчихаад байхад би турах ёстой” гэсэн хандлага харагдаад байдаг. Уг нь бол өөр зүйл бодохгүй өөр зорилго тээхгүй, аль болох өөрийгөө мэдэрч хийвэл ялна шүү дээ. Хүчлэхгүйгээр бага багаар өөртөө дасгаад ирэхээр булчин санамжиндаа аваад бие бэлтгэгдээд эхэлдэг. Ер нь аажимдаа, алгуурхан сайжруулахыг л бодвол их сайн.

-Йогаар хичээллэхийн хажуугаар бидэнд эрүүл хооллолт маш их дутагддаг шүү дээ?

-Йогт хоолыг эрүүл, амттай, хортой гэж гурав ангилдаг. Муу гэдэг нь түргэн хоол болоод хэтэрхий тостой, амттай хоолнууд орно. Эрүүл хооллолт гэдэг бол шинэ хүнс ногоог түлхүү хэрэглэх явдал. Үүний хажуугаар махнаасаа уургаа аваад явахад эрүүл хооллолтын зарчим руугаа дөхөөд л байгаа хэрэг.

-Йогоор хичээллэн дархлаагаа сайжруулж бие махбодио эрүүлжүүлж буй олон хүн бий. Ер нь йогийн дасгал хөдөлгөөн бусад дасгалаас ялгарах онцлогийн талаар дурдахгүй юу?

-Йог гэдэг танхимд ороод дасгал хийхээс гадна сэтгэл санааны хувьд ч тэр бүү худлаа ярь, зэрэг зүйлүүдийг амьдралдаа хэрэгжүүлэхийг санал болгож байдаг. Улмаар өдөр тутмын амьдрал илүү гэгээлэг болно. Монголчууд их стресстэй байна, коронавирусийн энэ үеэр айдастай байна. Тэгэхээр бид дасгалаар дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Жишээ нь, эхнэр нь гэртээ амар амгалан бол нөхөр нь ажил дээрээ илүү цог золбоотой байгаад зогсохгүй гэр бүлийн уур амьсгал ч эерэг болно. Хүн болгон амгалан тайван бол улс хөгжихөд тустай гэж боддог доо.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ коронавирусийн 38 дахь тохиолдол бүртгэгдлээ

Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас шинэ коронавирусийн талаарх цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 209 шинжилгээ хийсэн байна. Сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 167 хүнд давтан шинжилгээ хийснээс, нэг хүнд гурав дах давтан шинжилгээгээр илэрлээ. Ингэснээр коронавирусийн 38 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь ОХУ-д суралцаж байсан оюутан. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 9 болж нэгээр нэмэгдсэн. Франц иргэний биеийн байдал сайн байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалт хийнэ

ЭМЯ болон ОБЕГ хамтран хээрийн сургууль хийнэ. Тэд шинэ коронавирусийн халдвар дэгдвэл ямар зарчмаар ажиллах талаар бэлтгэл хийх ажээ. Энэ талаар Эрүүл мэндийн яам “Коронавирусийн халдвар нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдсөн орж ирсэн 37 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй. Эрсдлийг хамгийн муу байдлаар тооцож ажиллахыг Эрүүл мэндийн Сайд хэлж байгаа. Тиймээс амралтын энэ өдөр Эрүүл мэндийн сайд, яамны газар хэлтсийн дарга нар ОБЕГ, НЭМГ-ын төлөөллүүдтэй уулзаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор 5 дугаар сарын 06-08 ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалтыг хийнэ. Энэхүү дадлага сургуулилалтыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ” гэж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Москва хотод өвчлөл нэмэгдэж байна


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “ОХУ тэр дундаа Москва хотод өвчлөл нэмэгдэж байна. ОХУ-д өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэд дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор гадуур их явах мөн улирлын томуугийн шинж тэмдэгтэй андуурч өвчнөө хүндрүүлж байна.

Монголд 119 дугаартай утас 24 цагаар ажиллаж байгаа. Гадаадын зургаан улсаас монгол иргэд зөвлөгөө авсан. Энэ дундаас Монгол Улсын нэг иргэн нэмж коронавирусийн халдвар эерэг гарсан байна.

Манай улсын хувьд 743 хүн ажиглалтад байна” гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “ОХУ-д өнгөрсөн хоногийн хугацаанд 6,000 тохиолдол нэмэгдсэн байна. Дөрөвдүгээр сар гарснаар ОХУ-д тархалт эрчимтэй нэмэгдсэн бөгөөд өвчний оргил үе болоогүйг судлаачид анхааруулсаар байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Алтанзул: Эрэгтэйчүүд арьсаа цэвэрлэх, чийгшил өгөх, хамгаалах гэсэн гурван алхмыг хийж, хэвшил болгох нь зүйтэй

Арьс арчилгааны зөвлөх, maкe up artist Б.Алтанзултай ярилцлаа.


-Хуурай, ширүүн уур амьсгалтай бүсэд амьдардаг бидний хувьд арьс арчилгааг зайлшгүй хийх шаардлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр нүүрний арьс арчилгааны тухай яриагаа эхэлье?

-Цаг уур, идэж хэрэглэдэг хоол хүнстэй холбоотойгоор монгол хүмүүсийн 80-90 хувь нь арьсны асуудалтай байдаг. Тэгэхээр бид нам дор, чийглэг уур амьсгалтай газар амьдардаг хүмүүсээс илүү дөрөв, тав дахин арьсаа арчлах шаардлагатай л даа. Ер нь арьсны үндсэн суурь бол арьсны чийгшил байдаг. Ямар ч улиралд арьсыг маш сайн чийгшүүлэх ёстой. Бүх төрлийн арьсны асуудал чийгшлээ алдсанаас үүсдэг. Бидний хувьд ихэвчлэн өглөө болон орой л тос түрхдэг. Гэтэл үүнийг мэргэжлийн арьс арчилгааны эмч нар хангалтгүй гэж үздэг. Монголын салхи нүүр алгадаж байгаа юм шиг хүчтэй байна гэж хэлж байхыг би гадаад багш нараасаа их сонсож байсан. Монголчууд болохоор энэ уур амьсгалдаа дасчихсан учраас хатуу ширүүнийг нь сайн мэдэрдэггүй юм байна. Тийм учраас бид өдөрт доод тал нь хоёроос гурван удаа арьсаа арчлах шаардлагатай. Гэтэл тийм боломж хүмүүст хараахан байдаггүй.

– Өдөр тутам арьсаа арчлах боломж байдаггүй гэлээ. Тэгэхээр өөр ямар аргаар арьсныхаа асуудлыг шийдэх боломжтой вэ?

-Арьсныхаа асуудлыг шийдэхийн тулд бид амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй. Үүнийхээ хажуугаар арьс, гоо сайхны мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ мэдлэг бол аливаа бүтээгдэхүүний талаарх орц найрлагыг мэдэхээс эхэлнэ. Хэрэв мэдчихвэл хүн болгон энэ үндсэн мэдлэгээ дагаад өөрийнхөө арьсыг арчлаад аваад явах бүрэн боложтой. Энэ дагуу онлайн сургалтууд ч олон байна.

-Та онлайн сургалт явуулдаг шүү дээ? Нүүр будалтаас гадна арьс арчилгааны талаар хичээл ордог уу?

-Ер нь олон жил ажилласан туршлагаасаа судалж байгаад энгийн хүмүүст зориулсан арьс арчилгааны программ гаргаж хичээл зааж байгаа. Сургалтад суусан хүмүүсийн сэтгэл маш өндөр байна. Амьдралынх нь хэв маяг өөрчлөгдөж илүү эрүүл амьдрахыг хичээх болсон гэдэг сэтгэгдэл их ирж байна. Үүнээс гадна санхүүгийн асуудлаас болж хүмүүс бухимдалтай амьдардаг юм байна гэдгийг анзаарсан. Энэ стресс хүний арьсанд хамгийн их нөлөөлдөг. Хүн аливааг харах өнцгөө өөрчилчихвөл хичнээн ажил төрөл нь өөрчлөгдсөн ч арьс эрүүл болох үндэс болж өгнө. Хүмүүс арьсаа арчлахын төлөө эерэг хандлага яриад байх нь хаашаа юм гэж бодож байгаа байх. Гэтэл үнэхээр арьсаа гоё арчлаад, нүүрээ гоё будсан бүсгүйчүүд аз жаргалтай байгаа тохиолдлууд олон.

– Эрэгтэй хүмүүсийн арьсны онцлогийн талаар яриагаа үргэлжлүүлье?

– Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхийг бодоход арай илүү арчилгаа багатай гэж хүмүүс боддог. Гэтэл үндсэндээ яг адилхан арьсаа маш сайн цэвэрлэх, усаар чиигшил өгөх, хамгаалах гэсэн гурван алхамыг амьдралынхаа туршид хийх ёстой. Мөн эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнийг бодоход арай их хоол иддэг шүү дээ. Их иддэг хүнд арьсны тэнцвэржүүлэлт алдагдах тохиолдол их гардаг. Ер нь ямар ч хүн хоол хүнсээ зөв зохицуулбал арьс цаанаасаа гэрэлтээд ирдэг. Жишээлбэл сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой хэмжээнээс нь хэтрүүлж хэрэглэвэл арьсны тэнцвэржүүлэлт алдагдаж арьсан дээр их юм гардаг.

-Арьс арчилгааны тухайд хэрхэн анхаарвал зүйтэй юм бэ?

-Өөртөө тохирсон савангаар угаагаад, нарны тос түрхэж хамгаалах, чийгшүүлэх гэсэн гурван зүйлийг дадал болгоод хийх нь зүйтэй. Мөн өдөр болгон гурил идэж болохгүй. Гурил нүүрс ус ихээр ялгаруулдаг учраас хүний арьсыг зузаан болгодог. Зузаан арьстай болсоноор нүхжилт үүсдэг. Нимгэн арьстай хүмүүс илүү залуу харагддаг шүү дээ. Мөн үүний зэрэгцээ усаа сайн уух хэрэгтэй. Мөн унтахдаа дэрэн дээрээ цэвэрхэн алчуур тавьж унтаарай. Эрэгтэй хүний үснээс илүү тослог хаг унадаг юм байна л даа. Тэгэхээр энэ нь дэрэн дээр унаад нүүр тослогдуулдаг. Мөн архи, тамхи хэрэглэдэг хүмүүст арьсны асуудал түлхүү яригддаг. Өсвөр насны хүүхдүүд тамхи татсанаас болоод нүүрэн дээр нь их юм гардаг. Тэгэхээр өөрийнхөө биеийг эрүүл байлгах нь арьстай шууд холбоотой.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Австралиас буцах иргэдийг Франкфуртээр авахаар шийдвэрлэжээ

Энэ сарын 25-ны өдөртэй холбоотойгоор МИАТ-аас анхааруулга гаргав

Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргасан байна.

Мэдээлэлд:

Монгол Улсад тусгай үүргийн онгоцоор буцахаар өргөдөл гаргасан иргэдэд

Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас 5 дугаар сарын 2-нд Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт багтан нисэх боломжтой гэж шийдвэрлэсэн нийт 31 иргэний нэрсийг хүлээн авав. Үүнд бага насны хүүхэдтэй ангилалд 16, жирэмсэн ангилалд 11, эрүүл мэндийн шалтгаантай ангилалд 4 иргэн тус тус байна.

Өндөр настан ангилалд энэ удаад 75-аас дээш насны хүмүүсийг оруулахаар УОК шийдвэрлэж, энэ ангилалд Австралиас хүн ороогүй байна.

Австралиас 4 дүгээр сарын 30-наас өмнө Сөүл шууд орох онгоц байхгүй, дамжиж очих нь өндөр өртөгтэй гэдгээр Австралиас буцах иргэдийг Франкфуртээр авахаар шийдвэрлэсэн байна.

Нэр нь ирсэн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож зааварчилга өгөх болно.

Тантай холбогдоогүй нөхцөлд УОК-ын тухайн шийдвэрт багтаагүй гэж ойлгохыг хүсье.

Шийдвэрийг УОК гаргасан ба Европын орнууд болон Австрали, Канад зэрэг улс орнуудаас олон иргэн дээрх ангилалд багтаснаас 240 хүнийг л сонгосон тул дийлэнх иргэд шийдвэрт багтаагүй гэж бидэнд мэдээлэв.

Жич: ЭСЯ нь 3 дугаар сарын 15-наас эхлэн 4 дүгээр сарын 23-ныг дуустал хугацаанд нийт 1,177 иргэний буцах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу холбогдох ангилалд орох 792 иргэний өргөдөл, хүсэлт, нотлох баримтыг 4 дүгээр сарын 23-нд Улсын Онцгой Комисст хүргүүлсэн болно. Холбогдох ангилалд багтаагүй 385 хүний өргөдлийг ч мөн хүргүүлсэн.