Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөвтэй ярилцлаа.
-Коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрснээр хүндрэл гараагүй салбар гэж алга. Аялал жуулчлалын салбарынхны хувьд нөхцөл байдал маш хүнд байгаа?
-“Ковид-19” цар тахал дэгдэж, улс орнууд хөл хорьсон нь манай улсын аялал жуулчлалын голлох зах зээл хаанаас хаанаас, хэнээс хамааралтай, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт, салбарын санхүүжилт, амь тариа нь ихэвчлэн гаднаас гаралтайг харуулж өгч байна. Ялангуяа дэлхийн худалдаа, арилжаа, тээвэр, ложистикийн төв болсон урд хөрш Хятад улсын ар шил дээр амьдардгийн хувьд тэдний дотор болж буй гадаад, дотоод хүчин зүйлсээс шууд хамаарахыг батлаад өгчихлөө. “Инбаунд” гэж салбар дотор ярьдаг томьёо бол гаднаас ирэх жуулчдын урсгалыг хэлдэг. “Инбаунд” чиглэлээр жуулчин авдаг олон байгууллага хаалгаа барьж ч магадгүй эвгүй байдал үүсчихлээ.
-Байдал цаашид хэрхэхийг хэн ч урьдчилж хэлж чадахгүй байна. Гаднаас жуулчин авахгүй энэ нөхцөлд дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж гарч ирж байна гэж харж болох уу?
-Гадны нөхцөл байдлаас болж жуулчин авах боломж лав 1-2 жилдээ их хүндрэлтэй байх төлөвтэй. Ер нь Ковид-19 цар тахал намжсаны дараа Монгол Улсад аялал жуулчлалын салбарын цоо шинэ бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсч магадгүй болов уу гэж харж байгаа. Гадаадын уламжлалт зах зээлүүд маань өөрчлөгдөж магадгүй. Энэ хямрал манай салбарт нэг ёсны дүн тавьж өгч байна уу гэж харж байна. Өмнөх шигээ дэлхийн зах зээлийн хар массаар хөтлөгдөн хөгжих үү, эсвэл бодлого, төлөвлөлтөө өөрийн гэсэн онцлогт тааруулсан хэлбэрээр урагшлахуу гэдгийг шийдэх цаг, мөч тулгаран ирж байгаа мэт л байна.
1990 оноос хойш Монголын аялал жуулчлалын ерөнхий хөгжил хар аяндаа, өөрийн хүчээрээ хөгжсөөр өнөөг хүрсэн. Өөрийн хүчээр өсч өндийсөн хүүхэд шиг явж ирж. Одоо аялал жуулчлалын ерөнхий хөгжлийн чиг хандлага, алсын хараа, эрхэм зорилгоо шинээр тодорхойлох цаг ирсэн. Зөвхөн гаднаас жуулчид ирж харагдаад, дотроо монголчууд аялаад л байвал аялал жуулчлал хөгжиж байна гэж бас бодож болохгүй болов уу. Аялал жуулчлалынхаа хөгжлийн ерөнхий хэв, загварыг тодорхойлж, төрийн бодлого, хөтөлбөрөөр зоригтой дэвшүүлье. Одоогоор манайд нүүдлийн, түүх, соёл, байгалийн аялал жуулчлал хөгжүүлнэ гэсэн ерөнхий чиглэл гаргасан байгаа болохоос эдгээр чиглэлээр хөгжүүлэхийн тулд ийм загвараар хөгжүүлнэ гэсэн үлгэр, загвар бүхий менежмэнтийн бодлого, хүрээ дутагдаж байна. Жишээ нь, Монгол Улсын Гадаад Бодлогын Үзэл Баримтлалд Монгол Улс нь стратегийн хувьд сайн хөршийн харилцаа хөгжүүлэх улс орнуудыг хоёр хөршөө хамруулаад заачихсан байдаг. Эдгээр нь цөм одоо манай жуулчидаа татах гол зорилтот зах зээлийн орнууд болсон байгаа. Бусад орны жишгээр эдгээр улс орон бүрт зориулсан маркетингийн менежмэнтийн төлөвлөгөө гаргая гэсэн санал дэвшүүлж байна. “Аялал жуулчлалын цонхтой” энэ цаг үеийг ашиглаад, нэгэнт гадаад жуулчид татарсан тул дотоодын аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх цаг мөн иржээ. Өнөөг хүртэл аялал жуулчлалын нэг чухал дэд салбар болох энэ төрлийн аялал жуулчлал манайд хар аяндаа хөгжиж ирсэн. Харин сүүлийн үед гадаад жуулчдаа алдсан нэр бүхий үндэсний тур операторууд монголчуудаа дотооддоо аялахыг уриалах боллоо. Жаахан оройтсон ч гэсэн сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, энэ хямралын цаг үе дор дотоодын аялал жуулчлалаа системтэйгээр анхаарах цаг болсон. Үндэсний лидер болсон хэдэн том тур оператор, гэр баазууд хоорондоо нийлээд монголчууддаа тохирсон аялал, бүтээгдэхүүн санал болгож, өөрсдийгөө ч, давхар орон нутгийн иргэдээ ч дэмжсэн аялал хөгжүүлэх цаг үе ирлээ. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд наана нь бас шийдэх ёстой асуудлууд байдаг. Жишээ нь, дотоодын аялал жуулчлалын менежмэнтийн төлөвлөгөөг хийж баталъя. Нэн түрүүнд дотоодын аялагчдыг статистик, тоо бүртгэлд хамруулдаг болгоё. Зөвхөн ингэсэн тохиолдолд аялал жуулчлалын салбарын Монголын эдийн засагт оруулдаг хувь нэмэр, нөлөөлөл бодитой болж, түүнд зориулсан бодлогын баримт бичгүүд нь бодит, хэмжиж болох зорилтууд дээр суурилж эхэлнэ. Өнөөг хүртэл бид жилдээ хэдэн монголчууд гэр бүлээрээ, найз нөхөд, хамт олноороо хаашаа, аль аль аймгуудад аялж, хичнээн хэмжээний зардал гаргаж байна гэсэн тооцоог судалж, гаргаж чадаагүй байна. Ийм үед төлөвлөлт хийхэд хэцүү.
-Зун цаг ирэхэд иргэд гэр бүлээрээ аялалд гарч, хөдөө гарах нь ойлгомжтой. Тэгэхээр та бүхэн энэ зуны хувьд дотоодын аялагчдадаа зориулсан шинэ маршрут гаргаж байгаа юу?
-Манай байгууллагын хувьд 2015 оноос эхлэн Үндэсний Аялал Жуулчлалын “Улаанбаатар Травэл Экспо” гэдэг үзэсгэлэнг нийт монголчууддаа зориулж 5-6 дугаар саруудад зохион байгуулж ирсэн. Иргэдийг аяллаа төлөвлөдөг зуршил суулгахад дөхөм үзүүлж, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой ирсэн. Энэ удаад онлайн хэлбэрээр хийхээр бэлтгэл ажлаа хийж байна. Ер нь жилээс жилд монголчууд олон тоогоороо эх орондоо аялах болсон. Манай байгууллагын хувьд энэ жил “Цайны замын өртөөний танилцах аялал”, “Эзэн Чингисийн өлгий нутгаар хийх аялал”, “Өвөрмөц нууруудын аялал”, “Монголын агуйн аялал”, “Улаанбаатар орчмын ногоон бүсийн аялал” гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж, олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Зөвхөн амарч, зугаалах биш өөрсдөө, бас үр хүүхдүүддээ очсон газар нутгийнхаа байгаль, соёл, геологи, экологийн талаар мэдлэг, боловсрол өгдөг хэлбэрээр аялж байхыг бидний зүгээс уриалж байна. Энэ бол олон улсын чиг хандлага. Үүнийг хангах нэг арга нь мэргэжлийн аяллын компаниудаас аялал авч байх явдал юм. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлээ ч дэмжсэн хэрэг болно. Үүнд аялагч иргэдийгээ уриалж байна.
-Баруун аймгуудыг холбосон зам ашиглалтад орох дөхлөө. Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн хэдхэн км зам дутуу байгаа. Энэ зам ашиглалтад орсноор баруун бүс, баруун аймгуудаар аялах боломж иргэдэд нээгдэж байна. Энэ замаар явснаар ямар ямар байгалийн үзэсгэлэнт газруудаар явж, юу юу үзэх боломж бүрдэж байгаа вэ?
-Энэ чиглэлээр байгалийн үзэсгэлэнт тогтоц үзэх, өндөр уулаар алхах, түүхийн дурсгалт газрууд, хоол, цайны аялал, археологи, агуй, олон ястны соёл, ахуйтай танилцах, шувуу ажиглах гэх мэт олон аялал хийж болно. Жишээ нь, Говь-Алтайн Шарга сумын Хойт шарын голын хүрхрээ, Хүйсийн Говь, Ховд аймгийн Дарви сумд орших мөнх цаст Сутай хайрхан, Бумбат хайрхан, түүний хойно орших Дөргөн нуур, Жаргалант хайрханы Рашаантын амны хүрхээ, Хойд Сэнхэрийн агуй, Хар ус нуур зэргээр зочилж, эргийн шувууд болон алдарт шагшуурга үзэх боломжтой. Мөн Ховд хотын Баатар хайрхан уулын хадны зургууд, цаст богд Цамбагарав, Баян-Өлгий аймгийн Толбо нуур, Алтанцөгц сумын хавцал зэрэг үзэсгэлэнт газруудаар аялж, нутгийн уугуул иргэд болох урианхай болон казах айлуудаар зочилж болно. Баян-Өлгийгөөс Увс руу шууд явж, замдаа Ачит нуур, Бөхмөрөн, Сагил сумын заагт орших Өрөг нуур (Үүрэг нуур), Цагаан шувуут уул (замаас 40 км), Түргэн сум дахь Түргэний уул, Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сум дамжсан Хан Хөхийн нуруу (засмалаас 25-50 км) зэргийг үзэж болно. Завхан аймагт Сонгино сумын Цавдан нуур (давс олборлодог), Айраг нуур, Түдэвтэй сумын Ойгон нуур (засмалаас 25 км), Нөмрөг, Тэлмэн сумын заагт орших Тэлмэн нуур (замын хажууд) зэргийг үзэж болно. Нөмрөг сумын нутагт эргэн тойрон ойтой, дундаа ой бүхий том аралтай, арваад цуваа нууртай маш том олон хиргисүүртэй Бүст нуур гэдэг газар байдаг.
-Тэгвэл зүүн тийшээ, зүүн аймгуудаар явбал ямар маршрутыг сонговол зүйтэй вэ. Өнөө жил Аварга тосон амралт амрагч авахгүй гэсэн шүү дээ?
-Зүүн аймгуудын чиглэлд мөн байгалийн өвөрмөц тогтоцтой танилцах, экологийн аялал, Халхын гол болон XIII зууны түүх, эх орны сэдэвт аяллууд хийх боломжтой. Жишээ нь, Хэнтийд Хар Зүрхний Хөх нуур (хотоос 235 км), Хэрлэнгийн Олон Арлууд, Дадал, Онон гол, Улз гол, Дорнод аймаг, Хөх нуур, Яхь нуур, алдарт Мэнэнгийн тал, бүлээн устай Буйр нуур, Халх гол, Вангийн цагаан уул, Лхачин Вандад уул, Дарь Ганга, Будрын Чулуунууд зэрэг онцлог газруудыг нэрлэж болно.
-Хөвсгөл бол манай улсын хувьд жуулчдыг татдаг гол газар. Өнөө жилийн хувьд онцгой нөхцөл байдал үүссэн учраас тэнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд өөр ямар ямар нуурууд руу очиж болох маршрут байна вэ?
-Хөвсгөл далай харамсалтай нь ТХГН-т аялал жуулчлалыг зохион байгуулалт, хяналт муутайгаар хөгжүүлсэн хамгийн тааруу жишээний нэг болчихсон. Энд экологийн хувьд үнэхээр сөрөг үр дагаврууд ихээр гарах болсон. Иймд нийт монголчууддаа аль болох өөр нууруудаар аялахыг уриалмаар байдаг. Жишээ нь, дээр дурдсан Ховд аймгийн Дөргөнө нуур болон Дорнод аймгийн Буйр нуурууд нь ус хураах талбай ихтэй, харьцангуй гүехэн учир ус нь бороотой, тэнгэр бүрхэг үед ч дулаавтар байдаг учир усанд нь ороход хамаагүй таатай. Бас цэнгэг устай. Дээр нь аль аль нуурынх нь эрэг дээр харьцангуй боломжийн үнэтэй, нутгийн иргэд ажиллуулдаг тохилог гэр буудлууд байдаг юм.
-Монгол Улс коронавирусийн халдварын эсрэг маш сайн ажиллаж, тэмцэж байгааг ДЭМБ-аас онцолж, нөгөөтэйгүүр монгол хүний бие махбодь, дархлааг гадныхан сонирхож байгаа гэцгээх юм. Зарим орны жуулчид коронавирусийн дараа Монголд заавал очиж үзнэ гэж ярьцгааж байгаа юм билээ?
-1990-ээд он дөнгөж гараад Монголд аялал жуулчлал хөгжихөд ёстой цагаан цаас байж. Манайх шиг онгон, зэлүүд нутаг байгаагуй учир нэг хэсэг өрнөдийн жуулчид шохоорхон ирцгээдэг байв. Энэ үед Монголд ирэх нь л чухал байв. Харин одоо бол ирсэн хойноо яах вэ гэдэг асуулт тавих болсон. Бүх л улс орон өөрийн нутагтаа жуулчид татахаар ажиллах байх. Манай улс энэ хүрээнд дээр хэлсэнчлэн маркетингийн бодлогоо зөв тодорхойлоод, аль болох олон аж ахуйн нэгжүүдээ бүтэн авч гарч гарвал жуулчдын урсгал нэмэгдэнэ гэсэн өөдрөг үзэлтэй байна. Энэ цаг үеийг ашиглаад цэвэр онгон байгаль, экологийн цэвэр хоол хүнс, цагаан идээ, малчдын байгальдаа ээлтэй амьдардаг уламжлалт хэв маягийг зөв сурталчилж чадвал үр дүнгээ өгч болно.
Нэг анхаарах зүйл бол дэлхий нийтийн хөгжлийн үндсэн чиглэл бол “тогтвортой” хөгжлийн загвар болсон. Энэ нь цаанаа байгаль хамгаалах, байгальд хамгийн бага нөлөөлөл үзүүлэх, орон нутгийн эдийн засаг болон нутгийн иргэдийн амьжиргаанд бодитой хувь нэмэр оруулсан, харилцан ашигтай аялал жуулчлалыг хөгжүүлээрэй гэсэн санаа юм. Манай улсын хувьд цаашид жуулчид татах чиглэлүүд нь сайхан байгаль, түүхэн уламжлал, нүүдэлчдийн соёл болон биологийн олон төрөл зүйл хэвээрээ байна. Цаашид Монгол Улсад жуулчдын олон тоонд биш, харин чанартай үйлчилгээнд суурилсан, өндөр үр ашигтай, цөөвтөр жуулчид авдаг загвар илүү тохирно гэж үздэг. Бид цар тахлаас сэргийлэх ажлыг харьцангуй эртнээс, зоригтой хийж, сайн сэргийлж чадсан гэсэн ойлголтыг төрүүлж чадсан нь өрнөдийн зарим хэвлэлүүдээс харагддаг. Монгол нь дэлхийн хүн ам хамгийн сийрэг суурьшсан нутагтай улс орон гэдгээрээ танигддаг. Ийм учир Монгол Улс бол хамгийн сайн “social distance” буюу “хоорондоо зайтай” аялж болох улс гэсэн сурталчилгаа хийвэл үр дүнтэй гэсэн саналыг дэвшүүлж байгаа. Мэдээж аль болох олон аж ахуйн нэгжүүд төрөөсөө дэмжлэг авч, хямралыг давж гараасай. Аялал жуулчлал бол Монгол Улсыг дэлхийд сурталчилдаг “ардын дипломатын салбар” гэж бид үздэг.
-Монголчуудад дотооддоо аялах соёл хэр төлөвшиж байгаа вэ. Дотоодын жуулчид хогны ууттай явдаг болсон. Даанч хогийн цэг олддоггүй. Машин дээрээ ачаад хотод авчирч хаядаг гэдэг?
-Бага, багаар гэдэг шиг төлөвшиж байгаа, гэхдээ хангалтгүй. Эцэг, эхүүдийн зүгээс ялангуяа хүүхэд, залуусын байгаль орчин, аялал жуулчлалын боловсрол, мэдлэгт багаас нь анхаарч, экологийн боловсролыг байгаль дэлхийгээр дамжуулан олгодог болгоосой гэж боддог. Үүний тулд улсын нийт хүн амын тэн хагас нь амьдардаг нийслэл хотод аялал жуулчлалын мэдээлэн таниулах төвүүд, явган аяллын жимүүдийг олноор байгуулж, мэдээллийн тэмдэг, тэмдэглэгээ хийж, иргэдэд мэдлэг боловсрол олгодог болгох хэрэгтэй гэж үздэг. Дараагийн “Соёлын хувьсгал”-ыг “Аялал жуулчлалын соёлын хувьсгал” болгож хэрэгжүүлье гэмээр байдаг. Хог хаядаг асуудал нь нэгдүгээрт, иргэдийн боловсрол, зан авиртай холбоотой асуудал, нөгөө талаас төрөөс аялал жуулчлалын менежмэнт дутуу байгаатай холбож ойлгож болох байх.
-Мөн аялал жуулчлалын салбарт хэл ам дагуулдаг зүйл бол боловсон бие засах газар. Гадаадын гэлтгүй дотоодын бидэнд тэр асуудал хүндрэл учруулдаг шүү дээ?
-Энэ мөн адил цаад утгаараа аялал жуулчлалын төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой асуудал юм. Үе, үеийн төр засгаас энэ талаар ярьж ирсэн боловч дорвитой ажлууд хийгдээгүй. Энэ нь нэг талаар төрийн залгамж халаагүй явж ирсэнтэй холбоотой гэхээр байдаг. Нэг сайдын ярьсан зүйл нөгөө сайдын үед хэрэгждэгггүй.
-Гадны жуулчдын хувьд та бүхэнд голдуу ямар санал, гомдол ирүүлдэг вэ?
-Хувийн туршлагаас харахад улс орны хөгжил, одоогийн байгаа байдал, хүн ардтай холбоотой гомдол харьцангуй бага. Ихэнх гомдол санал нь тухайн компаниас зохион байгуулсан аяллын үйлчилгээ, хоол унд, чанар, хөтөч нарын чадвар, олон нийтийн тээврийн хэрэгслүүдийн цагийн хуваарь зэрэгтэй холбоотой гардаг. Сайн тайлбарлаж чадсан байвал муу замаар аялсан ч ойлгодог. Гол нь тэдний нүдэнд хурц тусч, сэтгэлийг нь эмзэглүүлдэг зүйл бол ТХГН-дахь хог хаягдал, хадны зураг гэх мэт соёлын өвийн сүйтгэл, хадгалалт, хамгаалалт муу, мөн хөдөө орон нутагт замбараагүй их машины зам гарсан, малчдын тоо улам цөөрч, нүүдлийн соёл устаж үгүй болох вий зэрэгт сэтгэл их өвдөж, санаа зовдгоо хэлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын онгон сайхан байгаль, унаган төрх, соёл уламжлал, биологийн олон төрөл зүйлээ алдах вий гэдэгт бидний өмнөөс илүү санаа зовдог.