Categories
мэдээ нийгэм

ЦУОШГ: Энэ сарын сүүлийн өдрүүдэд ажиглагдаж байгаагүй халуун өдрүүд болно

Энэ сарын сүүлийн өдрүүдэд ойрын жилүүдийн дөрөвдүгээр сард ажиглагдаж байгаагүй халуун өдрүүд болно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

-Дөрөвдүгээр сарын 27-28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшиж, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус дулаан байна.

Бусад нутгаар 5-10 градус дулаан, өдөртөө Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнодын талаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 29-нд Халх голын саваар, тавдугаар сарын 1-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, энэ сарын 29-н тавдугаар сарын 2-нд говь, тал хээрийн нутгаар, 1-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Харин бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх бол тавдугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ГХ-ны сайд Д.Цогтбаатар Элчин сайд Иржи Бродскийг хүлээн авч уулзав

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Иржи Бродскийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нараас илгээж буй баярын захидлыг Элчин сайдад гардуулав.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа бидний хамтын хүчин чармайлтаар амжилттай бэхжин хөгжиж ирснийг цохон тэмдэглээд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд И.Бродский хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хамтран хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрөгч 2019 оны 5 дугаар сард Чех Улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж, тохиролцсоны дагуу Интерполийн Гүйцэтгэх хорооны дэд Ерөнхийлөгч болон Чех Улсын Цагдаагийн байгууллагын төлөөлөгчид энэ зун Монгол Улсад айлчилж, хоёр улсын хууль сахиулах байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болсныг уулзалтын үеэр ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас авах 700 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийн хугацааг сунгахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидлын төслийг дэмжлээ.

Захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгосон байна.

Тус хэлэлцээр нь Солонгос Улсаас Монгол Улсад 700 сая ам.доллартай тэнцэх солонгос вонны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр авч хэрэгжүүлж байгаа юм.

Нийт 15 төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн бөгөөд хэлэлцээрийн хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ээр дууссаныг 2020 он дуустал сунгахаар болж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр буцах иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссоос энэ сарын 30-нд бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг дангаар нь татан авахаар болсон билээ. Тэгвэл Токио хот дахь ЭСЯ-наас Сөүлээр дамжин Токиогоос эх орон руугаа нутаг буцах иргэдийн анхааралд дараах мэдээллийг хүргэж байна.

Тухайн нислэгээр эх орондоо ирэх иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Онцгой комиссын шуурхай штабын дэргэдэх Ажлын хэсэг явуулах шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу бүртгэлийн дарааллыг үл харгалзан Монгол Улсын Онцгой комиссын шуурхай штабаас дараахь үндсэн таван шалгуурыг хангасан иргэдийг нэн тэргүүнд эх орон руу нь буцаана. Үүнд:

  • Өндөр настан / Эрэгтэй 60 нас болон түүнээс дээш, эмэгтэй 55 нас болон түүнээс дээш/
  • Хөгжлийн бэрхшээлтэй,
  • Монгол Улсад эмнэлэгийн хяналтад байдаг /Эмнэлэгийн тодорхойлолттой байх/
  • Жирэмсэн /16 долоо хоног буюу 4 сараас доошгүй байх, жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авсан байх, үүнд жирэмсэний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадлагааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн МИАТ ХК-аар аялах боломжтой. Төрөхөөс өмнөх сүүлийн 14 хоногийн өмнө аялж буй зорчигч буюу жирэмсэн эмэгтэй болон төрөөд долоо хонож буй эмэгтэйг МИАТ ХК тээвэрлэхгүй./
  • Бага насны болон нялх хүүхэдтэй гэр бүл /0-5 нас хүртэлх хүүхэдтэй гэр бүл/

Тус ЭСЯ нь иргэдийн цагийг хэмнэх, төвөг чирэгдэл үүсгэхгүйн үүднээс тусгай үүргийн нислэгээр эх орон руугаа буцах иргэдийн бүртгэлийг цаашид charter.tokyo@gmail.com цахим хаягаар авах болж байна. Иймд бүртгэлийг цаашид утсаар хийхгүй гэдгийг анхаарууллаа.

Бүртгүүлэх хүсэлтэй иргэд доорхи мэдээллийг ирүүлэхэд анхаарна уу. Үүнд:

  • Овог нэр
  • Паспортын дугаар
  • Төрсөн огноо
  • Тийзний дугаар /МИАТ ХК-ний нислэгийн буцах тийзтэй тохиолдолд/
  • Япон Улсад холбоо барих утасны дугаар
  • Монгол Улсад холбоо барих утасны дугаар
  • Эх орон руугаа буцах шалтгаан зэрэг болно.

Өнөөдрийн байдлаар тус ЭСЯ-нд тусгай үүргийн нислэгээр эх орон руугаа буцах хүсэлт гаргаад байгаа 588 иргэн байгаа бөгөөд дээрх иргэд ЭСЯ-ны бүртгэлд хамрагдсан байгаа тул тус цахим хаяг руу мэдээллээ явуулах шаардлагагүй гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Засгийн газрын 296 дугаар тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгов

Засгийн газар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны Даваа гаригт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товчоор:

-Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсч ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна. Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

– Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидлын төслийг дэмжив. Захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрхиййг Сангйин сайдад олгов. Тус хэлэлцээр нь Солонгос Улсаас Монгол Улсад 700 сая ам.доллартай тэнцэх солонгос вонны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр авч хэрэгжүүлж байгаа юм. Нийт 15 төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн бөгөөд хэлэлцээрийн хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ээр дууссаныг 2020 он дуустал сунгахаар болж байна.

– Коронавируст халдвар/COVID-19/-ын цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр авах арга хэмжээний хоёр дахь шатны хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд хөтөлбөрийн төслийг танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үр их хэмжээгээр гаргахыг завджээ

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр жолооч, Монгол Улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг, нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Тухайн ургамлын үр нь Гаалийн Төв лаборторийн 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн шинжилгээний дүгнэлтээр Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үр гэж тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад харъяаллын дагуу шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

ҮАГ: 208 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна

Үндэсний Аудитын газраас мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар тус газарт 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Одоогоор дүгнэлт хийх ажиллагаа явагдаж байгаа аж. Бие даагчид IV сарын 25 гэхэд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөх ёстой. Гэвч “Сovid-19” цар тахалын улмаас хөл хорио тогтоосон байсан тул орон нутгийн 10 гаруй бие даагч Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө цахимаар илгээжээ. Хөдөлгөөний хязгаарлалт тавигдсан тул тэдгээр бие даагчид мөрийн хөтөлбөрөө эх хувилбараар нь Үндэсний аудитын газарт авчирч өгөх ёстой гэдгийг анхаарууллаа. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гурван шаардлага тавигдаж байна.

-Мөрийн хөтөлбөр нь хөгжлийн үзэл баримтлал-2030,

-Сонгуулийн тухай хуулийн 38.3 зүйл,

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тус, тус нийцсэн байх ёстой ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Загас” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

“Загас” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Орхон голын дагуу хяналт шалгалт хийжээ. Энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг Орхон голоос 4 иргэн, 1 тээврийн хэрэгсэлтэй хийлдэг завь ашиглан хуулиар загас барихыг хориглосон хугацаанд дөрвөн төрлийн 30 ширхэг загас барьсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Хуулиар хориглосон хугацаанд барьсан 30 ширхэг загасыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран голд буцаан тавьжээ. Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу дөрөвдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө

Мэргэжлийн сумогийн 70 дахь Их аварга, Харумафүжи Д.Бямбадорж болон “Зүрх хамгаалах төсөл” ТББ-аас Дорнод аймгийн Дашбалбар сум дундын эмнэлэг болон ХУД-ийн Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгөв. Энэхүү түргэн тусламжийн автомашиныг Японы Хирошима хотын Гал унтраах газраас хандивлаж байгаа аж. ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга Н.Оюунмэд: “Манай төв нийт 3 машинтай нэг нь төвийн дэргэдэх эмнэлэгтээ, нөгөө нь Яармаг дахь эмнэлэгт үйлчилдэг. Өнөөдөр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хорио, цээр гарч онц байдал зарласан энэ үед үнэхээр хэрэгцээтэй цагаа олсон тусламж болсонд бид тун баяртай байна. Манай эмч, сувилагч, бүх ажилтнууд онц байдалд ажиллаж байгаа. Бидний хүсэлтийг хүлээн авч иж бүрэн тоноглосон унаатай болгож буй “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ынхан, Их аваргад болон “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийнханд талархаж байна. Мөн японы анд нөхөддөө ЭМТ-ийн 300 гаруй ажилтныхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19) ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

Олон улсын валютын сангаас гаргадаг “World Economic Outlook” тайланд “Covid-19”-ийн улмаас дэлхийн эдийн засаг урд өмнө байгаагүйгээр хямралд орно гэдгийг онцолжээ. Дэлхийн ДНБ энэ жил 3 хувиар агшиж, ирэх жилд 5.8 хувиар өснө гэх тооцооллыг гаргаж байгаа ч коронавирусний тархалтаас шалтгаалж 2020, 2021 онуудад дэлхийн ДНБ нийт 9 их наяд ам.доллар буюу Япон, ХБНГУ-ын эдийн засагтай тэнцэх хэмжээний алдагдал хүлээх, өндөр хөгжсөн эдийн засагтай улс орнууд 6.1, хөгжиж буй орнуудын эдийн засаг 1 хувиар тус тус агших тооцооллыг гаргаад байна. Харин БНХАУ болон Энэтхэгийн эдийн засгийн эрч саарах хэдий ч 1.2-1.9 хувийн хооронд өсөх таамаглал дэвшүүлж байна.

Цар тахлын улмаас Зүүн өмнөд Ази, цаашлаад Ойрхи Дорнод, Африкт хүнсний хомсдол үүсэх нөхцөл байдал бий болж байна. Улс орнууд хилээ хаасны улмаас ажиллах хүчний урсгал зогсож, зарим улс дотоодын хүнсний хэрэгцээгээ хангах үүднээс тодорхой нэр төрлийн хүнсний экспортоо зогсоож нөхцөл байдал хүндэрчээ. Тухайлбал, нийт хүнсний хэрэглээний 90 орчим хувийг импортоор авдаг Сингапур улсын хэмжээнд хүнсээ хангалттай нөөцөлсөн гэж байгаа ч Худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас “Экспортлогч орнуудад тогтоосон хөл хорионы улмаас хүнсний хангамжид саатал гарч болзошгүй”-г мэдэгдсэн байна. Мөн ОХУ 7 дугаар сарын 01-нийг хүртэл үр тариа, гурил будааны экспортоо зогсоосон нь Булангийн орнуудад томоохон цохилт болов. Тус бүс нутгийн орнуудын дотоодын хүнсний хэрэгцээний 80-90 хувь нь импортоос хамааралтай, түүний дотор Египет, Иран улсууд голлон импортлогчийн хувьд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний стратегийн нөөцийг бүрдүүлэх шаардлагатай тулгарчээ.

БНХАУ хилийн чанадаас дамжин орж ирэх халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлж, хяналт тавих ажлыг сайжруулах, боомт бүхий хотуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хүн хүч, шинжилгээ, эмчилгээ хийх тоног төхөөрөмж, халдварын эсрэг материал, хэрэгслийг нэмэгдүүлэхээр болов.

Бээжин хотын Биеийн тамирын хорооноос эхний ээлжид задгай талбай дахь бүх төрлийн теннисний спортын газрууд, улмаар халдварын тохиолдол илрэхгүй бол бусад задгай болон дотор орчин дахь спорт, фитнесийн газруудыг 5 дугаар сарын 7-ноос өмнө шат дараатайгаар нээхээр болов. Гэхдээ үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн мэдээллийг бүртгэж, урьдчилан захиалсан цагийн хуваарийн дагуу, биеийн халууныг хэмжсэний үндсэн дээр нэвтрүүлэх аж.

Хубэй мужийн Ухань хотод өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн “Covid-19”-өөр өвдөн эдгэрсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ хийх Хятадын уламжлалт эмчилгээний эмнэлэг нээгдэн ажиллаж байна. Мөн “Covid-19”-өөр өвдөн эдгэрсэн иргэдийг Ухань хотод 14+14 буюу 14 хоног төвлөрсөн тусгаарлалтад, дахин 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгах дэглэмийг мөрдөж байна.

АНУ-ын Сенат жижиг бизнес эрхлэгчдийн зээлийн сан, эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт болон “Covid-19”-ийн эсрэг оношлуур худалдан авахад зориулсан 484 тэрбум ам.долларын багц батлав. Жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Холбооны засгийн газраас олгосон 349 тэрбум ам.долларын санхүүжилт богино хугацаанд дуусч, эрэлтийг хангаж чадаагүй тул зээлийн санг дахин санхүүжүүлэх болжээ. Конгресс ойрын хугацаанд нэмж 1 их наяд ам.долларын багц гаргах эсэх асуудлыг хэлэлцэхээр зэхэж байна. Тус улсад ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах хүсэлттэй иргэдийн тоо өнгөрсөн сарынхаас 4 саяар нэмэгдэж нийт 26 саяд хүрчээ.

ОХУ-ын Хорио цээрийн алба бага насны хүүхдүүд “Covid-19”-өөр хөнгөн хэлбэрээр өвдөж, хурдан эдгэж байгаа ч насанд хүрэгчдээс илүү удаан хугацаанд халдварын эх үүсвэрийг тээн, бусдад халдааж байгааг онцолсон байна. Халдварын эхний шатанд улирлын томуутай төстэй хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрдэг тул иргэд үүнийг үл тоон өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байгаа аж.

Тус улсын уушгины өвчлөлийн ерөнхий эмч А.Чучалин, шинэ төрлийн коронавирусний мөчлөг нь 3.5-4 сарын хугацаатай, вирус ОХУ-д 2 дугаар сараас тархаж эхэлсэн тул өвчлөл 6 дугаар сараас буурна гэсэн бол “Сбербанк”-ны дүн шинжилгээний мэргэжилтнүүд, өвчний оргил үе ОХУ-д 5 дугаар сарын 05-наас 10-ны өдрүүдэд үргэлжилж, үүнээс хойш буурна гэсэн тооцоог математик загварчлалаар гаргажээ.

Москва хотын захиргаа амьсгалын замын халдварт өвчин туссан болон өвчтөнтэй хамт амьдарч буй иргэдийг тусгаарлаж, байршил тогтоогчийн тусламжтайгаар хянаж, иргэд хоорондын зайг 1.5 метр хэмээн тогтоож, олон нийтийн газар төдийгүй нийтийн тээвэрт уг зайг зөрчвөл 5,000 рублийн торгууль ногдуулж байна. Хязгаарлах дэглэм тогтоосон нь тус хотын гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг 9.5 хувиар буурахад хүргэв.

Өвчний дэгдэлтээс сэргийлэхээр тогтоосон “өөрийгөө хязгаарлах” дэглэмийн улмаас ЖДҮ болон үйлчилгээний салбарт ажилладаг 25 сая иргэн санхүүгийн хүндрэлд орсон бөгөөд дэглэмийг сунгавал нөхцөл байдал улам хүндрэхээр байна. ОХУ-ын эдийн засаг энэ жил эерэг тохиолдолд 3.8 хувь, сөрөг хувилбараар 10.2 хувь агших тооцоо байгаа бөгөөд энэ нь 2.5-8 сая иргэн ажлын байраа алдах эрсдэл дагуулж байна.

БНКазУ-ын Нур-Султан, Алматы, Шымкент зэрэг томоохон хотуудад халдварын өсөлт 7 хувиар буурсан ч тархалт бага байсан бусад газруудад нэмэгдэх хандлагатай байна. Өвчлөл гарсан муж, хотуудад тогтоосон онц байдлын дэглэм үргэлжилж байгаа ч зарим үйлдвэр, барилга байгууламж, нотариат, банк зэрэгт байнгын халдваргүйжүүлэлт, ариутгал хийсний үндсэн дээр 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрлөө. Тус улсын Төв банк халдвар тархахаас сэргийлж 6 дугаар сарын 01-ний өдрөөс ААН-үүдэд бэлэн мөнгө олгохыг түр зогсоохоор боллоо.

БНФУ, Польш, Латви, Румын, Словак, Унгар зэрэг орнууд эм, эмнэлгийн хэрэгслийн экспортдоо хориг тавьсан нь Евро бүсийн бусад оронд нэн шаардлагатай зарим нэр төрлийн эмийн хомсдолыг бий болгов. Европын Комисс экспортын хоригоо цуцлахыг санал болгоход Словак, Польш хүлээж авсан бол Франц хоригоо чангаруулж чихрийн шижин өвчтэй хүмүүсийн өргөн хэрэглэдэг инсулинийг хоригт оруулав. Одоогийн байдлаар БНФУ антибиотик, өвчин намдаагч, тайвшруулах, булчин сулруулах үйлчилгээтэй эм, түүнчлэн коронавирусний халдварыг эмчлэх боломжтой гэгдээд буй remdesivir, hydroxychloroquine, lopinavir, ritonavir эмийн экспортыг зогсоосон. Гэхдээ тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хориг эм үйлдвэрлэлийн магнат Санофи компанийн бүтээгдэхүүнд үйлчлэхгүй. Булчин сулруулах эмийг амьсгалын аппарат залгуулсан хүнд өвчтөнд хэрэглэж байгаа бөгөөд Итали, Нидерланд, Бельги зэрэг оронд нэн шаардлагатай байгаа аж.

Ирланд Улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 16,040 хүрсэн тул 5,000-аас дээш тооны хүн оролцсон арга хэмжээг 8 дугаар сар дуустал хориглох, бусад хязгаарласан арга хэмжээг 5 дугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болов.

Египетийн парламент лхагва гарагт “Covid-19” цар тахалтай тэмцэх зорилгоор улсын Онцгой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тодруулбал, сургуулиудын үйл ажиллагааг зогсоох, олон нийтийн цуглааныг хориглох, гадаадаас буцан ирж буй иргэдийг тусгаарлах, зарим нэр төрлийн барааны экспортыг хориглох, худалдаа болон тодорхой бүтээгдэхүүний солилцоонд хязгаарлалт тавих, хувийн эмнэлгүүд, тэдний эмч мэргэжилтнүүдийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд тодорхой хугацаагаар дайчлах зэрэг эрхийг төрд олгов.

Япон Улсад дотоодын Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох асуудал хөндөгдөж байна. Тодруулбал, цар тахалтай холбоотойгоор вакцин, эм болон амьсгалын аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудыг Үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж үзэн хуульд нэмэлтээр оруулахаар судалж байна.

БНАСАУ-д “Covid-19” өвчний тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй ч “Онц байдал”-ын дэглэм хэвээр үргэлжилж байна. Эрх баригчдын зүгээс цар тахлын дэгдэлт цаашид даамжирна гэдгийг хүлээн зөвшөөрч 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын төсвийг батлахдаа вирусний халдвараас сэргийлэх, ард түмний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт гэдгийг тодорхойлов.

БНЭУ-ын Засгийн газар эмч, сувилагч зэрэг эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах тухай журмыг танилцуулав. Тус журамд, эмч, эмнэлгийн ажилтнуудад ямар нэг байдлаар халдсан хүнийг 7 хүртэл жил хорих, 500 мянган рупи (6,516 ам.доллар)-ээр торгохоор тусгасан байна.

ТЕГ