Categories
мэдээ нийгэм

СХД-ын 81 дүгээр сургуулийн менежер хориг зөрчин спорт заал ажиллуулж байжээ

Сонгинохайрхан дүүргийн шуурхай штабын /7013-2926/ дугаартай утсанд 1 дүгээр хорооллын 81 дүгээр сургууль дээр үйл ажиллагаа явагдаж байна гэсэн мэдээллийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 22-ний орой 15 дугаар хороонд байрлах “Ирээдүй цогцолбор” сургуульд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус сургуулийн хичээлийн 2 дугаар байрны спорт зааланд сургалтын ахлах менежер захирлын зөвшөөрөлгүй нийт 9 хүүхдийг цуглуулж 1 цагийн 30000 /гучин мянган/ төгрөгөөр заалны үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдууллаа.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: АНУ-д нэг монгол иргэн COVID-19 халдвар авсан байна

Япон улсад сүүлийн 24 цагийн байдлаар 172 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Харин нас барлат 407 болсноос 13 нь “Даймонд” хөлөг онгоцны зорчигч байна. Тус улсын зүгээс халдварын тархалтыг хяналтдаа бүрэн авч чадаагүй байгаа учраас хөл хорио тогтоосон хугацааг үргэлжлүүлэн сунгаж магадгүй байгаа аж.

БНСУ-д өчигдөр шинэ тохиолдол 12, нас баралт 1 бүртгэгджээ. Франц, Итали, Испани зэрэг улсад шинээр бүртгэгдсэн нас баралтын тоо дахин нэмэгдсэн. Халдварын тархалт ОХУ, Турк зэрэг улсад өндөр хэвээр байна.

АНУ-ын Нью-Иорк хотод сүүлийн 24 цагийн хугацаанд 337 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. АНУ-д амьдарч байгаа Монгол Улсын нэг иргэн COVID-19 халдвар авчээ. Улмаар Эрүүл мэндийн яамтай 119 дугаарыг тусгай утсаар холбогдон эмнэлзүйн зөвлөгөө авч байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөх хотод эмчлэгдэж байсан булчин, гялтангийн идээт үрэвсэл, үжилтэй маш хүнд иргэнээ авсан

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой ээлжит мэдээллээ хүргэх үеэр тусгаарлалтад буй хүмүүсийн болон бусад асуудлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Одоогийн байдлаар тусгаарлах байранд 750 иргэн ажиглалтад бий бөгөөд хамт 114 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тус иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

21 хоногийн хугацаа нь дууссан ч биеийн байдал нь хүнд нэг иргэн ар гэрийнхнийх нь хүсэлтээр Цэргийн төв эмнэлэгт үлдэж, эрчимт эмчилгээний тасагт гэрээр тусгаарлагдах 14 хоногийн тусгаарлалтаа үргэлжлүүлж байгаа билээ. Энэ иргэнд вируслогийн шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Өчигдөр орой Замын-Үүдийн хилийн боомтоор БНХАУ-ын Хөх хотод эмчлэгдэж байсан булчин, гялтангийн идээт үрэвсэлтэй, үжилтэй маш хүнд иргэнээ хүлээж авсан. Тус иргэн нь хятадад 17 удаагийн жижиг мэс ажилбар хийлгэсэн ба биеийн байдал нь хүнд байгаа. Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан, ажиглаж байна. Вируслогийн шинжилгээг нь ХӨСҮТ рүү илгээсэн ба нэгдүгээр төв эмнэлэг, ГССҮТ-ийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө аваад явж байна.

Гэрийн тусгаарлалтад нийслэлийн хэмжээнд 856 иргэн ажиглагдаж байгаа билээ. 126 өрхийн эрүүл мэндийн төв ажиглах, зөвлөгөө хийх ажлыг эдгээр хүмүүст хийж буйг мөн хэлье.

Бид эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд илрүүл, оношил, тусгаарла, эмчил гэсэн ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

Мөн зорилтот болон эрсдэлт бүлгийн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ хийж байгаа.

Тусгай үүргийн онгоцыг хүлээж авахдаа нислэгийн багт ажиллах эмчийг томилсон бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд, тусгаарлах байруудын бэлэн байдлыг хангаж, тэнд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ томилж, дадлагажуулсан. Бид бүх үйл ажиллагаагаа төрийн бусад бүх байгууллагуудтай хамтарч хийж буй билээ.

Бид байнга дадлага сургуулилт хийж ирсэн бөгөөд урьдчилсан байдлаар тавдугаар сарын эхний долоо хоногт дахин сургуулилт хийх чиглэл гарсан. Гэхдээ цагийн нөхцөл байдал, даалгавар нь яаж ирэхийг мэдэхгүй. Хээрийн эмнэлгийг дэлгэж ажиллуулан, бэлтгэлийг хангасан. 30-50 орчим хүнийг тусгаарлан халамж үйлчилгээ үзүүлэх боломж бий гэж тооцоолсон” гэв.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хувьд 2019 оны сүүлийн байдлаар нийт 54,687 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа аж. Үүнээс,

  • Сувилагч,12,773
  • Эмч 11,788

Өөрөөр хэлбэл, 92.5 хувь нь эрүүл мэндийн салбарт, үлдсэн 7.5 хувь нь бусад салбарт ажиллаж буй хэрэг. Хэрэв цар тахал хүн амын дунд тархвал хэнийг хэн орлох зэрэг бүх томилгоог хийсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор дадлагажуулах сургалт, үнэлгээгээ хийгдэж байгаа. ДЭМБ-ын аргачлалаар тархварын холбогдох бүх тооцооллоо гурав дахь удаагаа хийсэн. Одоогийн байдлаар тасарсан эм, эмнэлгийн хэрэгсэл байхгүй гэдгийг мөн тэрбээр нэмж хэлсэн юм.20

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй Монгол Улсын 9,890 иргэн байна

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг энэ өдрийн хуралдааны тэргүүнд ярилцлаа. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Хойд хөрш ОХУ-д байдал улам хүндэрч, 24 цагийн дотор шинэ тохиолдлын тоо нь 2,896-аар нэмэгдсэн байна. АНУ-д шинэ коронавирусийн халдварын тохиолдлын тоо нь 1 сая 10 мянга болсон. Манай улсын хувьд халдварын тоо нэмэгдсээр 38 болсон. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр удаагийн шинжилгээгээр СӨРӨГ гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр ЭЕРЭГ гарч байна. 14 хоногийн дараа ч илэрч байгаа нь вирус хэр хөнөөлтэйг харуулж байгаа юм.

Долоо дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийхэд Монгол Улсад вирус тарах МАШ ӨНДӨР эрсдэлтэй гэж гарсан. Тиймээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал болгож сунгалаа. Ингэснээр олон улсын нислэгийг түр зогсоосон хугацаа мөн сунгагдаж байна.

Энэ хугацаанд гадаад улсаас иргэдээ татахыг шат дараатайгаар зохион байгуулна.

Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ. БНСУ руу хоёр нислэг хийх бөгөөд нэг нислэг нь зөвхөн бусад улсаар дамжин ирэх иргэдийг татах юм. Хэдийгээр тусгай үүргийн нислэгт суух иргэдийг шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа ч бусад орноос дамжин ирж байгаа иргэд шинжилгээ хийлгэж чадаагүй” гэлээ.

Сэтгүүлчдийн асуулт, хариулт:

-Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд их байна. Заавал шалтгаан заахгүйгээр татан авч болохгүй юу?

-Гадаадаас ирэх хүсэлтээ маш олон иргэд байна. Одоогоор 9,890 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Хүсэлт улам нэмэгдсээр байгаа тул эхний ээлжид хүндэтгэх шалтгаантай иргэдээ авч байна.

-Эх орондоо ирж чадахгүй байгаа иргэд ЭСЯ-ны гадна суулт зарлаж байгаа?

-Суулт хийлээ гээд нэмэгдэхгүй. Суулт хийлээ гээд онгоцны тоо, нисэх бүрэлдэхүүн, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй шүү дээ. Тиймээс ЭСЯ-ны ажилтнуудыг шахаж, гадна нь суулт зарлах нь нэмэргүй. Энэтхэг рүү шууд нислэг хийх боломжгүй байна. Байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Тэднийг европоор дамжуулан авах л боломж бий.

Байнга нислэг хийдэг улсуудаараа дамжуулж л иргэдээ татна.

Хэрвээ байнга нислэг үйлддэггүй нэг л газар луу нислэг хийвэл бусад 57 улс руу нислэг үйлдэх ёстой болно. Тиймээс МИАТ ТӨХК-ийн онгоцыг байнгын нислэгтэй улсууд руу нисгэж байна.

-Сургалтын төвүүдийг нээх талаар олон хүсэлт гаргаж байгаа. Энэ талаар?

-Энэ долоо хоногийн сүүлээр УОК-оос саналаа гаргаж, Засгийн газарт уламжилна.

-Монголоос БНСУ руу явах хүсэлтэй иргэдийг явуулж байгаа юу?

-Тусгай үүргийн нислэгээр тэднийг явуулж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Монголын генералуудын өдөр тохиож байна

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 76 жилийн ой өнөөдөр тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр төр, засгаас алтан мөрдэст генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил дэлхий нийтээр тархсан шинэ короновирусын халдварын нөхцөл байдалтай уялдуулан хүндэтгэл ёслолын арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, ЗХЖШ-аас алтан мөрдэстнүүдэд чиглэсэн зохион байгуулалтын олон арга хэмжээг төлөвлөж, бэлтгэл ажлаа бүрэн хангасан ч Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төлөвлөсөн хугацаандаа зохион байгуулах боломжгүй болсон юм.

Одоогоос 76 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Энэ цагаас хойш 185 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор өдгөө 91 нь энх тунх байна. Үүнээс 27 нь төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагадаа үүргээ гүйцэтгээд ажиллаж байна. Генерал цолтнууд дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 20, хошууч генерал 110, бригадын генерал 41 байна. Үүнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаалыг хашсан 15, сансрын нисгэгч нэг, эрдмийн зэрэг цолтой 38, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10, БНМАУ-ын төрийн тэргүүн 1, УИХ (АИХ)-ын гишүүн (депутат) 69, төрийн сайд 20, цэргийн дипломат 31 генерал цолтон байдаг ажээ. Энэ тоо баримт нь Монголын генералууд зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах хэрэгт төдийгүй улс орны хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож байсныг илтгэх юм. Өнөөдөр хамгийн өндөр настай нь хурандаа генерал С.Лувсангомбо. 96 настай. Өдгөө энх тунх байгаа ганцхан хурандаа генерал билээ.

Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг үе үеийн алтан мөрдэст генералууддаа мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээнд “Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, аюулгүй байдлын төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж яваа Төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж байгаа болон бэлтгэл, чөлөөнд буй генералууд Та бүхэндээ “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг Монгол Улсын ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье!

Өдгөөгөөс 76 жилийн өмнө буюу 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд “ГЕНЕРАЛ” хэмээх цэргийн дээд цолыг анх удаа олгосноос хойш жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэстнүүдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн Та бүхнээр бахархах, хүндэтгэн дээдлэх, дайчин уламжлалыг тань үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгддэг билээ.

Генерал цолтнууд Та бүхэн удирдан зохион байгуулах авьяас билиг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүний мөс, ноён нуруу, үлгэрлэл, манлайллаараа тэргүүлэгчид бөгөөд төр, түмнийхээ энэ их хүндэтгэлийг нэр төртэй дааж яваа цэрэг эрс гэдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэх учиртай билээ.

Өнөөдөр Та бүхний залгамж халаа болсон цэрэг дайчид дэлхийн халуун цэгт ур чадвараараа гайхагдан, улс орныхоо бүтээн байгуулалтад хөдөлмөрч, бүтээлчээрээ шалгаран тодорч байгаа бол энх цагийн эгэл баатрууд маань аюул осол, хэрэг зөрчлөөс ард түмнээ хамгаалах, авран тэтгэх ариун үйлсээ нэр төртэй гүйцэтгэж байгааг дуулгахдаа баяртай байна.

Эх орон, ард түмнээ батлан хамгаалагчдын оргил нь болон гялалзсан алтан мөрдэст эрхэм генералууд Та бүхэндээ урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх хэсэгчлэн хаана

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болох Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил (Аюулгүйн тойргийн хамт) -ыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж байна.

Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хойд тал буюу Баянбүрдийн тойргоос-Эх Нялхасын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр 29-нөөс тавдугаар 11-ний хооронд хязгаарлаж, шугам сүлжээний сэтгэлгээ, хуучин хучилтыг дахин боловсруулах, хоёр үе асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ.

Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй. Шинэчлэснээр 3.75 м өргөн, зургаан эгнээ авто зам, хоёр талаараа явган хүниий зам шинээр баригдана. Мөн Баянбүрдийн тойргийн зорчих хэсгийг бүрэн шинэчилнэ.

Цаашид авто замын урд тал буюу Эх нялхсын зүүн урд уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км авто зам болон Баянбүрдийн тойргийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шат дараатай хязгаарлах болно.

Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд авто замын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: 59 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй

Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариунуудын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 27-гд ХӨСҮТ болон улсын хэмжээнд COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд долоон лабораторийг бэлтгээд тус бүрд нь 1,000 оношлуур хүргэж, туршилт судалгаа хийгдээд явж байгаа. Салбар лабораториудын тоног төхөөрөмж, оношлуур бүгд ижил. Эгзэгтэй үед олон тоогоор шинжилгээ хийх боломжтой.

ХӨСҮТ эмчилгээг багаар хийх зохион байгуулалт хийсэн. Өчигдрөөс нэг баг эмчилгээ рүү орсон” гэдгийг хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ улаанбуудайн экспортоо зогсоовол гурилын хангамж ноцтой байдалд орно гэв

-ӨНӨӨ ЖИЛ 360 МЯНГАН ГА ТАЛБАЙД УЛААНБУУДАЙ ТАРИАЛНА-

2020 оны хаврын тариалалтыг “Өрх бур хүнсээ бэлтгэе” уриалга дор эхлүүлээд байна.

Дэлхий нийтийг хамарсан “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн болон хүлэмжийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан билээ.

Уг тогтоолоор өнөө жил 360 мянган га-д улаанбуудай, 16 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах ажлыг технологийн хугацаа, зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулах тухай тусгагдсан юм.

“Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс” аяныг орон даяар “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриалга дор ийнхүү эхлүүлэхдээ Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс гаргасан.

2020 оны хаврын тариалалтад баримтлах агро зөвлөмжийг баримтлах юм байна. Уг зөвлөмжид 2020 оны хаврын тариалалт хөрс, цаг агаарын ямар нөхцөлд хийгдэх гэж байгааг ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, дулааны улирлын төлөв дээр тулгуурлан тарилтын ерөнхий агро зөвлөмжийг төв, баруун, зүүн гээд бүсүүдээр долоо сая тонн болжээ.

Манай улсын хувьд жилд 230 орчим мянган тонн гурил хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэ хэрэгцээг хангахын тулд 300 мянган тонн улаанбуудай шаардлагатай гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Өнгөрсөн жил 246.4 мянган тонн улаанбуудай хураан авсан нь 2020 оны гурилын хэрэгцээний 80 хувийг хангаж байгаа юм. Иймд үлдсэн хэрэгцээг хангахын тулд 60 мянган тонн улаанбуудай, импортлох шаардлага тулгараад байсан билээ.

Харин Монгол Улсын ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу хангах боломжтой тооцоог гурилын үйлдвэрүүд болон яамныхан гаргасан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед гэртээ хорионд байгаа олон зуун мянган хүүхдээ, ахмадаа, иргэдээ өлсгөх вий гэсэн үүднээс тариаланчид маань судалгаанд үндэслэн ойлголцож, энэхүү импортын квотонд хүлээцтэй хандаж байгаа.

Хэрэв ОХУ хилээ хаах нөхцел үүсвэл улаанбуудайн импорт тасалдаж, гурилын хангамж ноцтой болох, энэхүү тахлын үргэлжлэх хугацаа бүрхэг байгаа зэрэг олон хүчин зүйлүүдийг тооцон боловсруулсныг нийт тариаланчид, ногоочид, газар тариалангийн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хүргүүлжээ.

Хаврын тариалалт эхэлсэн эдгээр өдрүүдэд улс орнууд хүнсний бүтээгдэхүүний экспортдоо хязгаар тогтоож, дотооддоо нөөцөлж буй тухай мэдээлэл хөвөрч байна. Тэр дундаа манай хойд хөрш болох ОХУ улаанбуудай экспортоо зогсоож байгаа тухай мэдээ сэлт олны анхаарлыг татаж байгаа.

Казахстан улаанбуудайн гурил, гурвалжин будаа, лууван, сонгино, төмс зэрэг ногоо экспортлохыг хориглосон бол Орос хилийн чанад руу гурвалжин болон цагаан будаа гаргахгүй, Беларусь гурвалжин будаа, сонгино, сармис хилээр гаргахыг хориглоод байгаа юм. Улаанбуудайн томоохон экспортлогч болох ОХУ үр тарианы нийлүүлэлтээ зогсоовол байдал хүндэрнэ гэж барууны шинжээчид үзсэн бөгөөд Чикагогийн бирж дээр улаанбуудайн үнэ хоёр долоо хоногт 11 хувиар өсжээ. ОХУ, Казахстан, Украин улаанбуудайн экспортдоо хязгаарлалт тогтоох гэж буйгаа хэдийнээ зарласан нь улаан буудайн эрэлтийг нэмэгдүүлээд байгаа юм.

ОХУ 2019 онд 43.3 сая тонн үр тариа экспортолсны 33 сая тонн нь улаанбуудай байсан бол энэ тоо эрс багасаж, Засгийн газраас тогтоол гарган 2020 оны хэрэглээнд дутагдалтай байсан 60 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас импортолсон.

Монголын тариаланчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Ө.Болдсайхан “Монгол Улс нэг сард 21 мянган тонн гурил иддэг байсан бол коронавирусээс шалтгаалсан хорио цээрийн улмаас олон зуун мянган хүүхэд, оюутан гэртээ олон сарын турш байгаа нь үндсэн хүнс болох гурилын хэрэглээг огцом өсгөсөн. Бидний нийлүүлсэн 247 мянган тонн буудай нь есөн сарын хэрэглээ байсан бол дээрх шалтгаанаар долоон сарын хэрэглээ болон буурсныг гурил үйлдвэрлэгчидтэй хийсэн олон удаагийн судалгаагаар тодорхой болсон.

Гурилын үйлдвэрүүд түүхий эдгүй болох, одоо агуулахдаа гурилын нөөцгүй болсон мэдээлэл бодитой тул улаанбуудай импортлох шаардлага тулгарсан. 60 мянган тонн улаанбуудай импортлохоос гадна нэмж импортлох 100 мянган тонн улаанбуудайн 10 мянгыг нь гар ариутгалын бодис, “үлдсэнээр нь гурил хийхэд энэхүү өндөржүүлсэн байдлаас шалтгаалсан нэмүү хэрэглээтэй холбоотойгоор нийт импортын будаагаар таван сарын гурилын хэрэгцээг хангах буюу ирэх наймдугаар сарыг дуустал гурилаар үзэхэд дэлхий нийтээрээ зөвхөн амьд үлдэхийн төлөө тэмцэж байхад хүн ардаа хүнсний хомсдолд оруулахгүй байх шийдвэрийг бүх талууд нухацтай судлан, алдаагүй шийдвэр гаргах хэрэгтэй” гэж онцолсон юм.

Харин зарим шинжээчийн үзэж буйгаар ОХУ улаанбуудайн илүүдэлтэй учир зургаадугаар сарын 31-нээс эхлэн буудайгаа урьдын адил экспортолно. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Хөл хориотой холбоотойгоор тээвэрлэлтийн замаар халдвар тараахгүйн тулд авч хэрэгжүүлж буй алхам.

Тус улс гурван жил идэх хүнсний нөөц, үр тариатай учир ургацын гарц, болцоо харж байгаад хадгалсан буудайгаа хилээр гаргана. Хэрвээ хилээ улам чангатгавал ОХУ-аас үр тариагаар хараат орнуудын хувьд байдал хүндэрч, гурилын хангамж олон улсад доголдоно гэж үзэж байгаа юм.

Манай тариаланчдын хувьд Оросоос оруулж ирсэн үрийн улаанбуудайн чанар муу байгаагийн дээр хүрэлцээ тааруу байгаа талаар холбогдох газруудад нь хандаж “Хойд хөрш хилээ хаавал хүссэн хүсээгүй дотоодын тариаланчдаа түшиж таарна. Монгол Улсыг тэжээх нөөц, боломж бидэнд бий” гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм

Говь-Сүмбэрт дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амь насаа алдсан хэрэг өчигдөр гарлаа

Говь-Сүмбэр аймагт дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал өчигдөр 22.13 цагийн орчимд тус аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Өехий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т/ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн 4 зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 22:28 цагт очиж, 5 минут ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн О /36 настай, эрэгтэй/, Г /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эрэгтэй/, М /40 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гал түймэрт өртөж нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Иймд жолооч та бүхэн болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг, хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ зүүж явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ загасчилж яваад голд живжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ загасчилж яваад голд живжээ.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б, 60 настай, эрэгтэй Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн тухай дуудлага 2020.04.27-ны өдрийн 18:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 04.27-ны өдрийн 20:24 цагт Зүүнбүрэн суманд очиж 04.28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гардаг.

Иймд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.