Буд битүүний өдөр ажилдаа маш бухимдалтай ирлээ. Хэлтсийнх нь хэд түүний царайг харуут дор бүртээ ажилдаа гавшгайлав. “Хнн, та нарын ажиллаад гийгүүлэх ч дээ!” гэж дотроо оволзож, хэн нэгнийг нь загнадаг юмсан уу гэтэл, бас яагаад баалах болсноо хэлэх сэдэл давын зуур олдсонгүй. Ажилд шинээр орсон туслах охин шаламгай алхан ирж,
-Дарга аа, өнөөдөр битүүний өдөр тал ажиллана гэж боловсон хүчнээс сая хэллээ. Би ажилчиддаа хэлчих үү? гэж асуугаад урихнаар мишээв. Залуу сайхан охины харцанд бага зэрэг түгдчин гацсан Буд,
-Миний ам нээгдэхтэйгээ байна гэж бүдүүлгээр хэдэрлэв. Охин ч тэр дороо норсон цэцэг шиг золбоо хумиад, суудалдаа чимээгүй очиж суулаа. Эхнэрийнхээ өглөө хэлсэн үгийг бодохоос байж суумгүй. Бодохоос дотроос хатгаад байв.
– “Энэ айл голомтын утаа гаргаад хорин жил болоход би гэдэг хүн өрх толгойлсон авгай шиг зүтгэлээ. Жил жилийн Цагаан сарын битүүн болоход над шиг урд хойд хормойдоо тээглэсэн хүн байдаггүй. Үгүй ээ, чи ядахад ууцаа аваад чануулчихад болно доо. Нэг л их том алба хашдаг хүн хямсганаад л үдэш орж ирдэг. Би энэ амьдралд чинь түүртээд энэ жил ууц авахаа мартсан байна. Энэ жил яаж цагаалахаа та өөрөө мэд. Ууцтай байна уу, ууцгүй байна уу, хамаа алга. Надад ямар сайн нэр байх биш..,” гээд цувруулах нь магад тул аяга цай ч уулгүй гарч ирсэн нь энэ. Бодох нь ээ, нээрээ ч, энэ он жилүүдэд Буд гэдэг хүн хараа дээр, алба тогтуун, амьдрал хэвийн, аахар шаахарханыг огт үл мэдэж амьдарчээ. Эхнэрийнх нь үглэдэг эрүүлээр дэнслэхэд хилсгүй юм л даа. Ингэж нэг эргэцүүлэвч, хэзээ хэзээнээс амьдралын ар талыг нь болгоод ирсэн эхнэрийнхээ энэ удаагийн гэнэтийн цочир уурыг зөвшөөрөхийн уудам сэтгэл нэг л эвлэх янзгүй. “Би л өглөөнөөс үдэш болтол зүтгэж, бас ч яам тамганд ажиллаж байж энэ айл өдий зэрэгтэй яваа биз дээ” гэж өөрийгөө өмөөрөх нь давуудаад цухал нэмнэ.
– “Тэгэхээс тэгье гэсэн шиг данагар ууц аваад чануулаад очъё байз. Хэдэн төгрөг нь байж байхад иймхэнийг амжуулчихаж болдоггүй. Яасан сэхүүн авгай вэ” гэж бодоход жаалхан уужрах шиг. Тэр мөртөө босч “Дөрвөн-Уул” захыг зүглэв. Ажлынхаа үүдээр гарч явтал, газрын дарга зөрж орж ирэв.
-Буд дарга хаа хүрэх нь вэ! гэж асуугаад хариу хүлээлгүй шатаар өгсөв.
-Өө, өө энэ зуур, ойрхон гэж Буд ч яаран хариулаад “Өөрөө ч одоо ингээд буцаад гараад гүйнэ л дээ. Хэнийгээ гэхэв дээ” гэж дотроо адрав. Захын үүдээр оруут “Эрдэнэдалайн ууц байна, ах хүү ав л даа. Сайхан тарган ууц шүү. Гэсгэлэнги байгаа. Маш сайхан хонготой нь аваад хийцлээд өгье” хэмээн нас үе багцааны ч, хөдөө талын амьсгал аясаас байргашиж өтөлсөн нь ил, живэр сахал нь цантсан улаан эрийн “Ах” гэсэн үгэнд эхэндээ эгдүүцсэн ч, цагаан цайруу, илүү дутуу зангүйд нь уясаж, үнэрхсэн ч үгүй мөнгө тоолж өгөөд ууцаа янзлууллаа. “За хө, ууцаа ч аваатахлаа. Хаана яажшуу чануулдаг билээ!” хэмээн өөртэйгөө ярьтал нямбайлан ууц авч байсан мөнөөх эр,
-Тэр хар аа, ах аа!. Энэ гэрийг уржигдраас хойш бариад ууц чанаад байгаа юм гээд саахалтын зайтай “Ууц, өвчүү чанана” хаяг хадсан гэр рүү барьсан хутганыхаа ишээр заав. “Ийм төвөггүй юманд намайг зарж байдаг. Энэ авгай юу, даварч л байгаа юм байна даа” гэж өөрийгөө өмөөрөх бодлоо улам хурцлав. Тэгээд “Өөх сүүл луглайсан ууц ч гэж ууц юм аа. За гэмгүй ээ, цагаа хуучирахаар хэрчиж буузтай жигнэж цохиод байдаг хэрэг. Энэний өөх дуустал авгайг нэг харцаараа лаахайдах юм шүү” гэж бодтол хар аяндаа инээд хүрэв. Энэ зуур ууцны наймаачин, Эрдэнэдалайн аварга махыг сайхан янзалж уутанд хийж өгөв. Сэхээтэн дарга Буд зангиагаа засан энгэрээ товчлоод, тус авчих хүн хайн, мах хийсэн уутны амнаас сэгэгэр шиг барьж зогстол, дунд хүүгийнх нь үеийн годгор шар баньд нүдээрээ инээвхийлэн ирээд “Ах аа, би үүрээд хүргээд өгье” гэдэг юм байна.
-Юун сайн юм бэ. Ах нь шагнана гэвэл мөнөөх хүү “Зүгээр ах. Битүүний өдөр ах зах хүнд туслалгүй яахав” гээд “томорлоо”. Хүүгээр махаа үүрүүлж араас нь дагахдаа “Амны хишиг гэж нэг юм Будад бий юм шүү. Санаснаар бүх юм бүтэж ирлээ. Хэлтсийн даргаас ахисангүй гэхэд буусангүй. Цалин маань нэмэгдсэнгүй гэхэд танагдсангүй. Эхнэр гэдэг хүн барагтай байсан нь дээр байх аа” гэсэншүү юм санаж, маадгар алхаж явав.
-Ууц хэдээр чанах вэ! хэмээн мах үүрч ирсэн хүү асуутал, бүрхээрт мах зүүж байсан туранхай хижээл эр дуугарсан ч үгүй, эрүүгээ сэжин баруун хана өөдөө дохив. Хар өнгийн балаар “Том ууц-20000 төгрөгөөр чанана” гэж бичжээ. Өглөөнөөс бухимдуулсан ажил нь хоромд амжиж, уур уцаар сарнисан Буд шив шинэ хорьтын дэвсгэрт гаргаж өгөөд “За, өвгөөн, харлуулалгүй, тун аятайхан болгодог юм шүү” гэж нөгөө туранхайд хэллээ. Мах үүрч ирсэн аманцар тусч ч “Зөөлөн галаар” гэж өөриймсөн догирхов. Ууцаа дөрвөн цагийн дараа авахаар тохироод гарлаа. Тусалсан хүүд мянган төгрөг өгтөл авсангүй. Хоёр мянга болгоод өгтөл шалавхийн авч халааслаад “Баярлалаа” гэчихээд явж одлоо. Цагаа харвал дөнгөж арван нэг болж байв.
-“Юутай ч ажил руугаа яриатахъя” гээд залгалаа. Туслах охин авч байна. Будын дууг сонсоод дуугаа намсган,
-Байна аа, дарга аа, манайхан ажиллаж л байна гээд аргадангуй царайчлангуй хариулахад Буд өглөө ажлаараа онцгүй ороод гарсандаа яльгүй гэмшин,
-За тар нар үд гээд тарна биз. Миний ширээн дээрхийг эмхэлчихээрэй! гэлээ. Туслах мэдээжээр баяртайгаар, бас дарга ууч зөөлөн хандлагатай болсныг төдхөн мэдэрч,
-Ойлголоо, дарга аа. Тэгэлгүй яахав. Та маргааш сайхан шинэлээрэй гээд харилцуураа тавив.
“Сайхан. Сайхан шинэлнэ дээ хө” хэмээн амандаа сэтгэл хангалуун хэлээд “Ууцаа автал хэрхэн цаг нөгцөөх билээ” гэж бодон тамхи асаав. “Аятайхан газар орж ганц нэг зуу татмаар ч шиг. Ганцаараа байдаг. Битүүний өдөр зоогийн газар суух дэмий ч юм шиг. Яадаг хэрэг вэ хө” хэмээн эргэцүүлэв. Их том ажил амжуулсан, эхнэртээ жанжин дүртэй орно гэхээс нэг л хөхиүн. Тамхиа бахтайяа сорон, утааг нь угалзруулан гаргаж, тэрүүхэндээ маяглаж зогстол танил зүс инээмсэглэн дөхөх нь нэг голын хар багын найз Дэмбэрэл.
-Үгүй ээ, бас ингэж уулзана гэж байдаг аа. За хө, алба ажил, амьдрал үйл тавлаг биз дээ.
-Сайн сайн. Үүгээр өнгөрч явтал танил толгой духайгаад лавлаад харвал мань ханагар маань байдаг байгаа. Дарга нөхөр битүүний өдөр энд юун тав алдаж явах нь энэ вэ? гэж Дэмбээ асууж байна.
-Аан яахав, хө. Гэр энүүхэнд. Ажил эртхэн тараад дөхөж л явна гээд ууцны ажилтай яваагаа тас нуулаа даа.
-Миний өвгөн харин хаа хүрч явна вэ дээ.
-Бөх үзэх гээд л дөхөж явна. Эхнэр гэр орноо нэг сайхан цэвэрлээтэхье. Та жаахан зай болж байна уу даа. Танд чинь бөх үздэг барьдаг гээд өнөөдөр ажил байдаг даа! гэхээр нь үгийг нь дагуулаад л гараад туучихлаа. Зурагтаар үзсэнээс дэргэдээс үзэх ч бас зүгээр байдаг юм гэж байна.
Энэ үг эхнэртээ цухалдсандаа дөнгөж тайвширч ядсан Будыг хатгаад авах шиг боллоо. Хүний эхнэр ийм байдаг юм байна. Минийх тэгэхэд..,?
-Уулзсаных нэг газар оръё л доо өвгөөн. Бараагаа харалгүй бас ч хэдэн жил болчихож шүү дээ. Битүүний бэлгэтэй сайхан өдөр байна. Ганц хоёр хундага тулгая гэвэл Дэмбээ ч урамтайхнаар,
-Бөх эхлэх болоогүй байна. Тэгье л дээ хө гэвэл хоёр эрийн хөл аяндаа нийлэн ойрхон харагдах уушийн газар зүглэв. Яваад орвол хүн сийрэг, цэвэрхэн аятайхан газар байв. Нутгийн хоёр эр нэг гүц дарс, зууш захиалав.
-За дарга ч, тун цэмбэгэр байх чинь вэ. Та нар ч том алба хашдаг улс өтлөх ч үгүй юм. Зүлгэчихсэн юм шиг л улс явах юм даа гэвэл Буд багагүй баясан,
-Төрийн төлөө зүтгэж л явна. Харагдах нь цэмбэгэр ч, буулга нь амаргүй ээ. Өглөө гарч, үдэш харьсаар амьдралын идэр нас өнгөрлөө дөө. Яахав болж л байна гэж хэлээд “Алив хө, нэг нэг явуулчихъя” гээд хундагатайгаа тулгав. Балгасан архиныхаа араас нимгэн хэрчсэн хиам авч үмхэлсэн Дэмбээ,
-Өвгөн нь яахав ээ, чи мэдэх л байлгүй, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хоорондоо ард түмнээ зөөгөөд л, хүний өөрийн амьтан ах дүүдээ тустай дэмтэй гээл автобустайгаа л хүнгэнээд байна. Хэдэн хүүхэд хоолны захад хүрч л байна. Хоёр охин оёдлын жижигхэн үйлдвэр ажиллуулаад хувиа тавихгүй л байна. Хоёр хүү маань хотоос зайдуухан жаахан газартай, зундаа ногоо тариад, өвөлдөө зоорилж зараад надаас юм нэхэхгүй амиа хоохойлчихно. Эхнэр бид хоёр өмнөх өмнөхөө болгоод л, үр хүүхдийн хүүхэд түрүүчээсээ гарлаа. Тавин нас ч дороо юм даа. Өвөө эмээ болчихлоо. Хүүхдийн хүүхэд малладаг болж байна даа гээд инээлээ.
-“Ай хөөрхий, би гэдэг хүн нэг ууцтай л мунгинаж явдаг. Хүүхдүүд хэнз. Үеийн нөхөр өвөлжөөндөө буучихсан айлын эзэн хүний төрхтэй налайж явдаг. Үгүй ээ, ер..,” гэж бодохоос Будын уур хахалзавч, өөрийг нь хүндэтгэх нөхрөөсөө үүнийгээ нуухын дээдээр нууж “Сайхан байна аа, хө. Чи сайхан байна. Алив ууя” хэмээн хэдийдээ юм, согтуурхангуй аясаар дахин хундагалж тулгав. Тэгээд,
– Дэмбээ, миний найз нутаг явж байна уу! гэж асуув.
-Үргэлж машинтай зууралдаж явдгийн хэрэг юу билээ. Жилдээ нэг, заримдаа хоёр ч оччих юм. Хэдэн муусайн ах дүүс байна. Хөгшчүүд нь ч хөөрхий, тонжирчихлоо доо. Үзэгдэж харагдаж явъя гэж бодох юм. Эхнэр хүүхэд ч дуртай байх юм. Нутаг ч өвөл зунгүй очих болгонд сайхан байх юм байна шүү гэв.
-“Хөөрхий, Буд ч хөөрхий нэг Буд л юм биз дээ. Мөн ч хоцорч яваа юм байна даа. Ажил, ажил гэж өвчигнөсөөр, найман зуухан киолметрийн цаана байгаа нутагтаа очилгүй лав таван жил болчихсон байх юм. Цус гэж..,” бодохдоо Буд нөхрөөдөө харан “Зөв шүү хө. Миний нөхөр ч сийрэгхэн аж төрж байгаа юм байна даа” хэмээн хэлж суулаа. Битүүний энэ өдөр Будыг өглөөнөөс хойш, амьдралын ая хөг, урсгал таталцал, эргээн хөрвөөнөөрөө битүү доргиосон өдөр байлаа. Уусан хоёр гурван хундагандаа бүр согтчихож.
-За дахиад нэг татчихъя. Цаг дөхлөө. Өвгөн нь явъя гээд Дэмбээ архи хундагалаад барив. Хоёул зэрэг авч татлаа.
-Найз нь тооцоо хийчихье. Явж бөхөө үз. Би ч хариад зурагтаар харчихна аа гээд Буд өндийв. Дэмбээ цагаахнаар “За баярлалаа, нутгийн нөхөртөө. Сайхан битүүлээд, сайхан шинэлээрэй” гэж хэлээд гарч явлаа.
Будын дотор тун базаахгүй байлаа. Сэтгэл нь нэг л бүрзгэр. Тэр шилэнд үлдсэн архийг угсруулан хийж уулаа. Өглөөнөөс эхнэртээ уурласан уур нь Дэмбээтэй уулзсанаар бүр гаарч, энэ бүхэнд хэн буруутайг дэнслэх чадвараа улам алдан төдхөн согтож зоогийн газрын ширээ дэрлэн унтаад өгөв.
…“Ах аа сэрээрэй. Та яасан их унтдаг юм бэ” гэх дуун гарч, мөрнөөс татахад сэрлээ. Хэдийнэ орой болжээ. Бие сэтгэл нь тавгүй гэж жигтэйхэн. Цагаа харвал чануулсан ууцаа авах товоос хоёр цаг өнгөрч байна. Хувцсаа засч шалавлан алхсаар ууц чанадаг гэрт явж орлоо.
Нөгөө ууц хүлээж авсан туранхай эр ихээхэн гайхсан янзтай харахаар нь “Аа, золиг. Уусан юмнаас болоод өдрийнхөөсөө хачин харагдаж байгаа байх” гэж бодоод,
-Ууцаа авъя гэлээ.
-Хүү чинь аваад явчихсан шүү дээ. Яг цагтаа ирсэн. “Аав аваад ир” гэсэн гээд өдөр үүрч оруулж ирсэн хүү чинь аваад явсан гэж хэллээ.
Будад хэлэх үг олдсонгүй. Чанасан махны үнэр сэнгэнэсэн гэрээс уур савсуулан гарахдаа “Тийм хачин лүдийг миний хүүхэд болгодог энэ туранхай хар мөн дүүрсэн новш вэ” гэж амандаа үглэхдээ бараг л уйлчихсангүй. “Зөөлөн галаар шүү” гээд байсан үгийг нь санатал бүхий л өдрийн турш бухимдсан уур цухал, уусан архины нь нозоорол хачин сарниж, харанхуй үдэш ганцаар баахан инээв. Хаврын шинэ сарын нэгэн гарахад ганцхан шөнө үлдээд, урины бүлээн салхины үзүүр нүүрийг нь илбэж байлаа.
Баастын ЗОЛБАЯР