Улсын онцгой комисс хуралдаж Шинэ коронавирусийн халдвартай холбоотой гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон учраас cap шинийн бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Cap шинийн уламжлалт барилдааны талаар Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзантай ярилцлаа.
-Улсын онцгой комисс хуралдаж cap шинийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа.Уг шийдвэрийг та хэрхэн харж байна вэ?
-Cap шинийн барилдаан шударга сайхан болдог учраас хүмүүс ихэд хүлээж үздэг. МҮОНРТ, SPS, TB9 гэхчлэн телевизүүдийн архивт өмнөх онуудын cap шинийн барилдааны бичлэгүүд хадгалагдаж байгаа.
Миний бодлоор,өмнөх онуудын cap шинийн шөвгийн дөрөв юм уу, эсвэл найман бөхийн барилдааныг битүүний өдөр цувуулаад үзүүлбэл сайхан болно доо. 1990 оноос хойших барилдаануудыг үзүүлэхэд л хориод жилийн барилдааныг харуулах боломжтой болно.
Жаахан архив ухаад, монтаж хийх л ажил шүү дээ. Цагаан cap болох болоогүй байгаа юм чинь телевиз болгон өөр тайлбартай, өөр найруулгатай бэлдэх хэрэгтэй. Битүүний өдөр бөхөө үзээд дасчихсан ард түмэнд бөхийг нь ингээд л үзүүлчих гарц байна.
Хэрэв энэ санааг хэрэгжүүлбэл бөхчүүдийн өмсгөл, бие галбир, мэх хийж буй байдал, барилдааны ур чадвар гэхчлэн бүх л үзүүлэлтүүдийг хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг оноор нь харьцуулж харах боломж бүрдэнэ.
-Үндэсний бөхийн харьцуулсан судалгааны хэвлэмэл бүтээл байдаг уу?
-Ер нь ховор л доо. Өмнөх онуудын цагаан сарын барилдаануудын бичлэгийг үзүүлэхэд үзэгчид өөрсдөө харьцуулалтаа хийнэ.
-Монголчууд битүүний өдрийг бөхгүйгээр төсөөлдөггүй. Бөхчүүд маань ч тэр зуныхаа наадмын өнгийг энэ барилдаанаар үздэг. Тэгэхээр урьдчилан шинжилгээнд хамруулсан чансаа өндөр 64 бөхийг үзэгчгүй барилдуулаад телевизээр үзүүлж болдоггүй юм уу?
-Гол нь “Олон хүн цугларч болохгүй” гэсэн хоригийг зөрчинө. Коронавирус амьсгалын замаар дамждаг учраас эрсдэлийг бий болгоно л доо. Үзэгчгүй л бол үндэсний бөх бөх биш болчихдог байхгүй юу. Үзэгчийнхээ халуун уур амьсгал, уухайн түрлэгт бөхчүүдийн хийморь сүлд нь бадарч явдаг.Үзэгчгүй бол заалны бэлтгэл шиг л юм болно биз.
-Ер нь өнгөрсөн хугацаанд цагаан сарын барилдааныг зохион байгуулж явуулахад янз бүрийн хүндрэл гарч байсан тохиолдол бий юү?
-Ер нь тийм тохиолдол байгаагүй дээ. Бөхийн ергөө байхгүй байхад Спортын төв ордонд барилдаанаа явуулдаг байсан. Хэдийгээр өөрийн ордон биш ч гэсэн төрийн ёслолын ажил зохион байгуулж буй учраас янз бүрийн асуудал байгаагүй.
Зарим жил Яармагийн ордонд барилдуулъя гэсэн яриа гардаг л байсан. Үнэндээ Яармагийн ордон дөрвөлжин барилга учраас зарим талд суусан хүмүүс бөхөөсөө их хол болчихдог. Бөхийн өргөөний барилга дугуй тул үзэгч аль ч талаас нь үзсэн бөхтэйгөө ойрхон. Тийм учраас үзэгч бөхчүүдийн хооронд халуун дотно уур амьсгал үүсдэг юм л даа.
-Сүүлийн жилүүдэд cap шинийн барилдаан нэлээдгүй сунжирдаг болсныг одоогийн мөрдөж буй дүрэмтэй холбож ярих тохиолдол их байдаг. Энэ талаар?
-Анх cap шинийн барилдааныг “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохион байгуулан радио, телевизээр дамжуулж байсан. Тэр үед малчдыг малаа хотлуулсан хойно эхэлнэ гээд оройн зургаан цагаас бөх барилдаж эхэлдэг байсан.Тухайн үеийн бөхчүүдийн тоо цөөхөн байсан л даа. Харин сүүлийн үед бөхийн тоо олон болсон.
256 бөх барилдуулж нэг, хоёрын давааг битүүний урьд өдөр явуулаад битүүнд гурвын даваанаас эхлүүлж байсан тохиолдол ч бий. Сүүлийн үед 128 бөх зодоглодог болгоод эхлэх цагийг нь урагшлуулсан. Цагаан cap зөвхөн малчдын баяр байхаа болиод нийт ард түмний баяр болсон шүү дээ.
-Cap шинийн барилдааны хамгийн том онцлог нь юу байдаг вэ?
-Цол олгодоггүй учраас cap шинийн барилдаан шударга болдог. Мөн билгийн тооллын шинэ жил эхэлж байгаа учраас бөхчүүд тэр зуныхаа наадмын өнгийг үздэг. Cap шинийн барилдаанд сайн барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ наадамд өнгөтэй сайхан барилддаг уламжлалтай.
-Таны хувьд цагаан сарын хамгийн сайхан дурсамжтай барилдаан хэзээнийх байв?
-Би 1990-ээд оноос барилдаануудын зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн. Үзэгч байхад наадам, цагаан cap болон бусад барилдаануудыг шимтэн үзэж, барилдааны үйл явцыг цээжиндээ тэмдэглэж аваад гэртээ харингуутаа дэвтэртээ бичдэг байсан.
Зохион байгуулаад ажиллахаар хэн сайхан барилдаж, юу болж буйг ажиглахаасаа илүүтэй зохион байгуулалтын ажилдаа л анхаардаг. Тухайн барилдаан ямар болсныг дараа нь бараг мэдэхгүй шахуу үлддэг. Зохион байгуулагчаар ажиллаж буй хүн шаваагаа ханатал таашаал эдэлж чаддаггүй юм билээ. Бага байхдаа цагаан сарын барилдааныг радиогоор сонсдог байсан.
Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргууд ид гарч ирээд шуугиулж байсан үе л дээ. Тэр хоёрын тухай домог мэт ам дамжсан яриа их сонсогддог байлаа. Тэр үеийн Цагаан сарын барилдаанууд сайхан л байсан. Сүүлд Д.Хадбаатар, С.Цэрэн аваргуудын ид барилдаж байсан үед ч сайхан барилдаанууд болдог байлаа.
Хамгийн сайхан дурсамжтай хэмээн онцолж яривал Б.Бат-Эрдэнэ аваргын олон дараалсан түрүү онцгой санагддаг. Б.Бат-Эрдэнэ аварга Улсын наадамд найман удаа дараалж түрүүлсэн бөх шүү дээ. Найм дараалсан түрүү гэдэг том тоо л доо. Түүнээс өмнө Улсын наадамд таван удаа дараалж түрүүлсэн хоёр бөх байсан. Б.Бат-Эрдэнэ аварга цагаан сарын барилдаанд 13 түрүүлэхдээ 11-д нь дараалж түрүүлсэн.
Яг тэр үед би барилдааны зохион байгуулагчаар ажиллаж байлаа. Ер нь л тордоггүй байсан л даа. Хүмүүс Б.Бат-Эрдэнэ аваргын сүүлийн барилдаануудыг нь хараад их удаан, мэхгүй барилддаг гэж бодоод байдаг. Өмнө нь тийм байгаагүй. Барьцандаа түрж хүрэнгүүтээ ааглаад л, баталгаатай барьцнаас л барилддаг байсан.
Уг нь 1980, 1990-ээд оны үед хурдан барилддаг, олон мэхтэй байсан. Харин сүүлийн жилүүддээ их хашир болоод барьцаа баталгаатай авч байж барилддаг болсон л доо.
-Хөл хорио тогтоож сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон тул ойрын өдрүүдэд оюутан, сурагчид гэртээ зурагтаа үзээд л өнжиж байна. Уг нь энэ үеэр телевизүүд спортын контент түлхүү үзүүлбэл хэрэгтэй юм даа?
-Тийм. Спортын контентуудыг түлхүү гаргавал спортод дур сонирхолтой хүмүүс олширно. Үзэгч нь олон болж гэмээнэ спорт хөгждөг. Хуучин барилдаануудыг үзсэн ч дахиад харахад сайхан л байдаг шүү дээ. Сүүлийн үед Бөхийн өргөөнд болж буй барилдаануудад үзэгч цөөхөн болсон. Энэ нь бөхийн холбоонд үүссэн түр зуурын эв түнжин хагарсан асуудалтай холбоотой байх л даа.
-Хэдхэн хоногийн өмнө бөхчүүдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж “Их эе”-ийг хуралдуулахыг шаардсан. Та бөхчүүдийн уг үйлдлийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Бөхчүүд хоорондоо ямар нэгэн эв түнжин хагарсан асуудал байхгүй.Харин удирдлагуудын хороондох асуудал л бий. Гэхдээ энэ асуудал шийдэлд хүрч байна гэж харж байгаа. Нэгэнт энэ маргаан үүсээд удаж буй учраас уг асуудалд бүрмөсөн цэг тавих зорилгоор “Их эе”-ийг хуралдуулахаар болж буй нь сайн хэрэг.
Их л ойрхон хуралдах сураг байсан ч хөл хорио тогтоосон асуудалтай холбоотойгоор уг хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа байх. Учир нь энэ хуралд дүрмээрээ 200 гаруй бөх оролцох ёстой. Тиймээс “Олон хүн цуглуулж болохгүй” гэсэн хоригоо зөрчих болчихно. Бөхчүүдийн хэвлэлийн хурал зарласан асуудалд ер буруу юм байхгүй. Допинг тойрсон асуудлаа бүрмөсөн шийдэх хэрэгтэй.
Хэн нэгэн допингийн асуудлыг нуун далдлаад байна хэмээн хардах эрх хэнд ч бий учраас АТГ-т шалгуулаад бүрмөсөн шийдэх нь хэн хэнийгээ ямар нэгэн байдлаар хардах юм байхгүй амар болно шүү дээ.
У.ЧИНЗОРИГ