Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Сонгуулийн наана “намаас хасалт”-ууд идэвхжих бололтой

Дэлхийн дийлэнх оронд улс төрийн намууд төрийн эрх барьдаг. Хүн өөрийн итгэл үнэмшлээрээ намд элсэж, гишүүн болдог. Манайд ч үүнийг Үндсэн хуулиар баталгаажуулчихсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж тодотгож байгаад нийт 18 заалт бичсэн байдаг. Үүний арав дахь заалтад “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэж намын гишүүнийг, эвлэлдэн нэгдэхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан байна. Тэгтэл намын дарга, Хяналтын хорооныхон гэх мэт нөхөд дүрэм зохиогоод гишүүнээ намаас хасч байгаа нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа хэлбэр мөн л дөө. Хууль, дүрэм, журам, тогтоол, шийдвэрүүд дундаас хамгийн том нь хууль юм. Харин бүх хуулийн эх үндэс нь Үндсэн хууль. Үндсэн хууль дээр эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулчихсан байхад дүрэм гэж нэг юм яриад гишүүнийг намаас нь шууд хасч байгааг Үндсэн хууль зөрчиж байгаа гэж харахаас өөр аргагүй байна. Дүрмээр Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Харамсалтай нь ийм нөхцөл байдал Монголын улс төрд ужгирсан. Ганцхан МАН-ыг хэлж байгаа юм биш. Бусад нам, улс төрийн хүчнүүд ч намаасаа гишүүн хаслаа, хөөлөө гэцгээдэг.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намаасаа хасагдлаа. Энийг улс төрийн буруу жишиг, буруу дүрэм гэж харсан учраас үүнийг бичиж байна. Ерөнхийдөө ажиглаад байхад намынхаа даргын үгэнд ороогүй хүнийг намаасаа хасдаг тогтсон хэв маягтай.

Намаас хасагдсан хүмүүсийн нэрсийг жагсаавал урт дараалал болно.

Ардчилсан нам гэхэд л сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг намаасаа хасчихсан. Гэтэл энэ хүмүүсийн хувьд сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэд. Намынхаа ямар нэг дүрэм, журмыг лав зөрчсөн талаар юм дуулдаж байгаагүй. Зүгээр л намын даргадаа үл таалагдах юм уу эсвэл тухайн нам нь ард түмэнд шударга болж харагдах гэхдээ л попорч, гишүүнээ намаас нь хөөдөг. Шударга болж харагдах гэсэн поп сэдлийн үүднээс намаасаа хөөж байсан түүх олон.

Н.Номтойбаярыг ч мөн адил тэгж хөөж байна. Хүмүүст нэг их шударга нам болж харагдах гэсэн хэлбэрийн төдий асуудал юм даа. Өнгөрсөн жил дээ, Хотын даргын сонгуульд амжилттай өрсөлдөж бараг сонгогдохын даваан дээр намаасаа хөөгдсөн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун байна. Бас УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ч нэрлэж болно. Түүнийг намаасаа хасагдлаа л гэсэн. Энэ хүмүүс дүрэм зөрчсөн юм байхгүй шүү дээ. Хууль зүйт нийгэмд ийм хууль зөрчсөн үйлдлүүд байж боломгүй.

Намаасаа хасалт хийж байгааг нь хөндлөнгөөс харахад, нэг хэсэг нь хуйвалдаж нөгөөгөө хөөж байгаа хэрэг. Хувийн таагүй харилцаанаас үүдээд ямар ч хамаагүй нэг дүрэм зохиогоод олонхи нь тэр дүрмээ урдаа бариад л цөөнхөө хавчаад намаасаа гаргачихдаг.

Энэ бүгдийг өнгөцхөн харахад нэгдүгээрт, эдгээр хасалт нь намын дотоод амьдрал, дотоод асуудал мөн нь ч мөн. Хоёрдугаарт, намыг нь маш шударга, зарчимч мэт харагдуулдаг байж болно. Гэвч хууль зүйн талаас нь үзвэл хэсэг хүн хуйвалдаад олонхоороо юу ч хийж болдог, хууль, дүрэм зохиогоод юу ч хийж болно гэсэн сөрөг ойлголтыг нийгэмд төрүүлдэг. Сүүлийн үед Монголын нийгэм нэг л газраа цовхчоод байгаагийн хамгийн гол буруутан нь энэ болчихоод байна. Олуулаа нийлээд хууль зөрчиж болдог, олонх нь хүсч байвал хууль зөрчиж болно гэсэн энэ үзлээс болоод манай нийгэм хөгжиж чадахгүй байна.

Сангуудыг хуурайлж, ЖДҮ-г хулгайлсан гэх бүх асуудал бол олуулаа нийлж, өөрсдөдөө таатай хууль “хийгээд” тэрийгээ зөрчиж байгаа үйлдэл. Энэ бүгдийн эх бол намаас хасах гэсэн энэ хууль бус ажиллагаа юм.

Сонгууль дөхлөө. Одоо намын даргаасаа зөрсөн болгоныг намаасаа хасаад хасаад л явчихна. Ингэхээр намуудын хасалтууд цагаа дагаад идэвхжих нь тодорхой. Үүнээс л үүдэж эцэстээ нам хөгжихгүй байгаа юм. Нам гэх тодорхой зохион байгуулалттай нийгмийн институт ганцхан хүний хувийн компани болж хувирчихаад байна. Үүнээс үүдэж нам доторх олон ургалч үзэл, хоорондын шударга өрсөлдөөн гэх үнэт зүйлс байхгүй болчихлоо. Нам гэх ойлголт нийгэмд нэр хүнд муутай байгаа нь үүнтэй холбоотой л доо.

Даргынх нь санаатай санал нийлэхгүй гишүүн байвал толгой дараалан зайлуулаад байвал яаж тэр нам хөгжих вэ дээ. Хоорондоо эрсэлдэж, тэрсэлдэж, хурцлагдаж байж нам хөгжинө. Нам хөгжих нь алсуураа нийгэмд тустай. Шударга, ил тод, үзэл бодлын элдэв зөрчилдөөн дундаасаа нэгийг нь гаргаж ирж, түүнийгээ дагадаг. Намд ийм хэлбэр байхгүй болчихоод байна. Маргаан мэтгэлцээний зарчим алга болчихож.

Нам бохир байхаар Монгол төр тэр чигтээ бохир болоод байна. Үүнээс болоод намын нэр хүнд ард түмний дунд уначихсан. Голлох хоёр нам нийлээд ч нийгэм дэх рейтинг нь 20 хувьд хүрэхгүй байна гэсэн судалгаа гарчихсан байгаа нь үүнийг баталж байгаа юм. Ингэхээр намыг хуулийн дагуу ном дүрмээр нь байгуулж, ажиллуулахдаа Үндсэн хуулиар иргэнд олгогдсон баталгаатай эдлэх эрхийг зөрчихгүй байх нь энэ цаг үед гол асуудал болчихлоо.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 4-нд болох үйл явдлууд

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

11.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны байранд Монгол Улсын соёл урлаг, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид БНХАУ-д эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлана.

12.00 цагт Эрүүл мэндийн сайд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилтай танилцана.

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: Зээлийн өргүй болсон ахмадууд сар шинийн өмнө тэтгэврээ хэвийн авч эхэлнэ

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Байгалийн баялгийн хишгээс ахмадууддаа хүртээж тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг та ахалж ажилласан. Ажлын хэсэг өргөн барьсан төсөл дээр нэлээд өөрчлөлт оруулж батлуулсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ нийгмийг бүтээхийн төлөө залуу, халуун насаа харамгүй зориулан үр хүүхэд, залуус хойч үеийнхэндээ туурга тусгаар эх орон, газар шороо, эрх чөлөөт амьдралыг хөдөлмөр тэмцлээрээ дархлан үлдээж, бидний эдэлж хэрэглэж байгаа бүхнийг борви бохис хийлгүй зүтгэж бүтээсэн ахмадууд маань амьжиргааны гол эх үүсвэр болсон тэтгэврийн хэдэн төгрөгөө барьцаалан 1-2 жилээр зээл авснаар удаан хугацаанд өөрийн гар дээр барих орлогогүй болсноор санхүүгийн болон сэтгэл зүйн ихээхэн дарамтад ордог.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулах Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахлан ажиллалаа. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсад нийт 421 мянган иргэн тэтгэвэр авч, дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байна. Тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270 – 370 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ хууль батлагдсанаар Үндсэн хуульдаа тусгасан “газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх” заалт хэрэгжих, ахмадууд тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх зэрэг олон ач холбогдолтой. Нөгөө талаас, иймэрхүү хэмжээний эдийн засгийн томоохон шийдвэр, арга хэмжээ манай улсын түүхэнд урьд өмнө нь авч байгаагүй. Мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс хүртдэг байсан байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэндээ хүртээж болдог юм байна гэдгийг энэ хуулиар харууллаа.

-Тэтгэврийн зээлийн өрийг тэглэлээ гэхэд эргээд зээл авах эрх нь хаагдчихаж байгаа юм уу?

-Анх өргөн барьсан хуулийн төслөөр тэтгэвэр барьцаалсан зээлийг бүрмөсөн хаахаар байсан ч ажлын хэсэг дээр ярилцаад жилд нэг удаа зургаа хүртэлх сарын хугацаатай зээл авч болох эрхийг нь нээж өгсөн.

-Нэг сая төгрөгийн Бондны оронд мөнгөө бэлнээр өгөх ёстой ч гэх зүйл нийгэмд ажиглагдаж байсан. Бондыг хэзээнээс мөнгө болгож тараах вэ?

-Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган иргэн тэтгэврийн зээлтэй. Зээлийн үлдэгдэл 762.1 тэрбум төгрөг байгаа юм. Үүнээс 207.5 мянган иргэн зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй. Цаана нь тэтгэврийн зээлгүй 192 мянган ахмад байгаа. Ажлын хэсэг олон удаа хуралдаж тооцоо судалгаа хийж зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг чөлөөлөх, зээлгүй ахмадууддаа нэг сая төгрөгийн өртөг бүхий бонд, саяас бага зээлтэй ахмадууддаа нэг сая төгрөгийн зөрүүд нь Бонд олгохоор шийдвэрлэж хуулийн төслийг батлуулсан. Эрдэнэс Монгол компанийн Салхитын алт, мөнгөний ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан Бонд гаргаж байна. Салхитын мөнгөний орд ирэх зун олборолтоо явуулж, түүхий эдээ тушааж байж мөнгөтэй болно. Тиймээс Бондоо 2021 оны тавдугаар сарын 1-н гэхэд мөнгө болгож болно гэж тусгасан.

-Тэтгэврийн зээл яг хэзээнээс тэглэгдэх вэ. Нийгэмд өндөр хүлээлттэй байх шиг байна?

-Сар шинийн өмнө хуулийн хэрэгжилтийг хангахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Зээлийн өргүй болсон ахмадууд маань сар шинийн өмнө тэтгэврээ хэвийн авч эхэлнэ.

-Энэ Бонд нөгөө цэнхэр тасалбар шиг мянган төгрөгөөр зах дээр арилжаалагдаад эхлэхгүй байгаа гэх болгоомжлол ч байналээ…

-Энэ асуудалд их анхаарч ажилласан. Бондоо яг эзэнжүүлж олгоно. Овог нэр, регистерээр бүртгэгдсэн эзэн нь юм уу, эсвэл хуулийн дагуу өв залгамжлагч нь бичиг баримттайгаа очиж байж мөнгөө авах эрхтэй байхаар төлөвлөсөн.

-Өв залгамжлах асуудал хэрхэн шийдэгдэв?

-Бонд мөнгөжтөл жил хагасын хугацаа байна. Энэ хугацаанд өвдөж зовох, эндэх гээд янз бүрийн л асуудал гарна. Энэ тохиолдолд үр хүүхэд нь хуулийн дагуу өв залгамжлах эрхтэй.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Батболд: Иргэдэд бодит мэдээллийг цаг алдалгүй өгч байхгүй бол айдас түгшүүр сэтгэл зүйг удирдаж эхэлдэг

-“ӨДРИЙН СОНИН”, “ЦАГИЙН ХҮРД” ЗЭРЭГ МЭРГЭЖЛИЙН РЕДАКЦИУДЫН ДАМЖУУЛЖ БУЙ БОДИТ МЭДЭЭЛЭЛ НИЙГЭМД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРҮҮЛЖ, ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛНӨ-

Олон улсад коронавирусийн халдварт өвчин дэгдээд байгаа энэ үед хэдийгээр манай улсад өвчлөл бүртгэгдээгүй ч нийгмийн сэтгэл зүй цочролтой хэвээр байна. Хүнс тэжээлээ олон хоногоор нөөцлөх, хамгаалах хэрэгслийг ч их хэмжээгээр татан төвлөрүүлэх зэргээр иргэд хүнд нөхцөл байдал учирч болзошгүй гэсэн сэтгэл зүйтэй буй нь харагдаж байгаа юм. Нийгмийн сэтгэл зүйн энэ асуудлаар МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш Ш.Батболдтой ярилцлаа.


-Коронавирус олон улсыг цочроож байна. Иймэрхүү шинэ вирусийн хурдацтай тархалт, байгалийн гамшиг гэх мэт нөхцөл байдалд нийгмийн сэтгэл зүй ямар болдог вэ. Ер нь ийм гамшгийн үеийн сэтгэл зүй ямар байдаг вэ?

-Нийтийг хамарсан гамшигт үзэгдэл, газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдлүүдийн үеийн хүний сэтгэл зүйн онцлогийг онцгой байдлын үеийн сэтгэл зүй судалдаг. Нийгмийн сэтгэл судлалын хэрэглээний судалгааны нэгэн чиглэл. Энэ чиглэлийн судалгаанаас харахад нийтийг хамарсан гамшгийн үед тодорхой хэсэг хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүй болдог бол зарим нэг хэсэгт нь сэтгэлийн хэт хөөрөл, цочирдол, зарим хэсэгт нь түгшүүр, айдас үүсэх нь түгээмэл байдаг. Маш цөөн тооны хүмүүсийн сэтгэл санааны байдал харьцангуй тогтвортой байдаг гэдгийг тогтоосон байдаг.

Онцгой нөхцөл байдал үүссэн үед олон нийтийн сэтгэл зүйг тогтвортой байлгах нь хамгийн чухал. Тогтвортой байлгахад гол нөлөөтэй хүчин зүйл нь үнэн зөв, бодитой мэдээллийг ямар эх сурвалжаар, хэн, хэзээ, яаж өгөх вэ гэдэг асуудал. Цочирдуулах үйл явдал, нөхцөл байдлын талаар албан ёсны эх сурвалжийг тухайн асуудлыг хариуцах мэргэжлийн байгууллага, цаг алдалгүй олон сувгаар шуурхай өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон өвчлөл гарсан тохиолдолд хэрхэн ажиллах вэ гэдэг журам, үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөтэй байх нь маш чухал.

Мэргэжлийн байгууллагын бодитой мэдээллийг цаг тухайд нь өгч байхгүй бол хүмүүсийн сэтгэл санааны байдал тогтворгүй болж, айдас түгшүүр сэтгэл зүйг удирдаж эхэлдэг. Энэ тохиолдолд хүмүүс ухамсартай, ухаалаг шийдвэр гаргахаасаа илүү айдас түгшүүрээ багасгах ухаалаг бус аргуудыг хэрэгжүүлэхэд хүрдэг. Түүнчлэн цуурхал гаарч олон нийтэд тодорхойгүй байдал үүсгэж хүмүүс амьд үлдэх зөн совингоороо үйлдэл хийдэг.

Жишээ нь, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа бодит мэдээллийг “Өдрийн сонин”, “Цагийн хүрд” зэрэг мэргэжлийн редакциуд дамжуулах нь нийгэмд итгэл үнэмшил төрүүлж бодитой нөлөөлнө. Сая бол нийгмийн сүлжээний бодит бус мэдээлэлд хүмүүс нэлээд автах шиг боллоо. Сүүлийн өдрүүдэд харин танай сонин, үндэсний телевизийн мэдээллүүдээс нэлээн бодитой ойлголттой болж байх шиг байна. Худал мэдээлэл, цуурхал нь хүний зөн совин ухаалаг гэхээсээ илүү ухаалаг бус шийдвэр гаргахад хүргэж улмаар нийтийг хамарсан сэтгэл зүйн тогтворгүй байдал, зохиомол хямрал үүсгэх, тухайн өвчин тусаагүй байсан ч өвчин туссан мэт бие махбодын шинж тэмдэг илэрч тэр нь сэтгэл зүйн хувьд халдварлан олон нийтийг хамраах зэрэг эрсдэлийг бий болгодог.

-Өвчний голомт БНХАУ-д байгаа. Мэргэжлийн хүний хувьд тус улсын нийгмийн сэтгэл зүй ямар байна гэж та харж байна. Дээр хэлснээр бодит эх сурвалжаас мэдээлэл өгөх үүргээ эрх баригчид нь хэр биелүүлж байх шиг байна?

-Ер нь аливаа өвчинтэй тэмцэх гэдэг эхлээд юу юм бэ гэдгийг таньж мэдээд дараа нь ямар арга хэмжээ авах вэ. Өвчин туссан тохиолдолд яах вэ, тусаагүй тохиолдолд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг алхмуудыг оновчтой, тодорхой, ойлгомжтой, хүртээмжтэй байлгаж чадсан эсэхээс шалтгаалдаг. Хэрвээ ингэж чадвал нийтийг хамарсан үймээн гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. Хүн гэдэг ойлгомжгүй, тодорхойгүй зүйлээс айдаг, бэрхшээдэг, сандардаг. Олон нийтийн ухамсарт тодорхойгүй нөхцөл байдлын эзлэх орон зай их болохоор айдас түгшүүр үүсдэг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хувьд ч тэр, өвчин гарсан хотуудад ч ямар мэдээлэл өгч, арга хэмжээ авах вэ гэдэг алхмуудаа БНХАУ-ын удирдлага тодорхой өгч байгаа нь харагдаж байна.

-Харин манайд бол нөхцөл байдал харьцангуй гайгүй, өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Гэвч ийм үед нийгэм маань хэтэрхий цочролтой байна уу даа?

-Өвчин эхлээд гарч байхад бодитой мэдээлэл байхгүй, тухайн өвчний талаар тодорхой ойлголтгүй, урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэм баримтлах талаар мэдлэг мэдээлэл муутай иргэдэд үүсдэг хүний сэтгэл зүйн төрөлхийн хариу үйлдэл, зөн совин байх. Иргэд ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөл, таамгаар хандахгүй, айж түгшихгүй байх нь хамгийн чухал. Айж түгших, сандрах нь хүний сэтгэл зүйг тогтворгүй болгож дархлааны системийг хямраадаг. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авч, эрүүл ахуйн дэглэмээ хүн бүр сайн мөрдөх хэрэгтэй.

-Гурил будаагаа олон хоногоор нөөцөлж, дэлгүүр, захын лангууг хоосолж байгаа тохиолдол гарч байгаа. Үүнийг нийгэмд ихээхэн шүүмжилж хандаж байна. Нийгмийн сэтгэл зүйд энэ хэр зөв алхам бэ?

-Тодорхойгүй, гэнэтийн нөхцөл байдал үүсэхэд хүний сэтгэл зүйд нэг бол түүнтэй тэмцэх, эсвэл нөхцөл байдлаас зугтаах гэсэн байгалийн зөн совин илэрч гардаг. Дээрх үйлдлүүд бол гэнэт үүссэн, тодорхойгүй нөхцөл байдалд мэдээлэл дутуу хүмүүсийн үзүүлж байгаа жам ёсны хариу үйлдэл. Үүнийг монголчууд хувиа хичээж байна, бусдыгаа бодохгүй байна гэж шууд дүгнэхэд хэцүү. Хамгийн чухал зүйл бол айж, сандарч, түгшиж болохгүй. Эх сурвалж тодорхойгүй, худал мэдээллийг дэврээхгүй, сэтгэл зүйн халдварлал гаргахгүй байх ёстой. Аль болохоор тайван байж, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайн сахиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах хэрэгтэй.

-Өнөөдөр нэгэнт энэ өвчнийг тогтоох эмчилгээ гараагүй байгаа, өвчилж нас барж байгаа хүмүүсийн тоо цагаар нэмэгдэж байгаа үед нийгэм цочроотой байхаас аргагүй гэсэн дэлхийн практик байдгийг хүмүүс хэлж байна. Таны хэлдгээр тодорхойгүй нөхцөл байдлын үед нийгэм цочроотой байж хувь хүн өөрийгөө, гэр бүлээ хамгаална гэж үздэг юм байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хямралт нөхцөл байдал даамжирч хурдцадмал байдал үүссэн ч хүнийг тайван байлгаж, амьд авч үлддэг зүйл бол итгэл үнэмшил. Сайжирна, болно, цаашдаа амьдарна гэсэн итгэл үнэмшилээ алдаж болохгүй. Энэ бол түр зуурын бэрхшээл гэж үзэх итгэл үнэмшил их чухал. Мөнх үргэлжлэх аз жаргал гэж байхгүйтэй адил мөнх үргэлжлэх зовлон гэж үгүй. Дэлхийн I, II дайн, олон иргэний дайнууд, байгалийн гамшгийн үед амьд үлдэж даван туулж чадсан хүмүүс итгэл үнэмшил, бие биедээ өгсөн урам, нэгдэл, нягтрал л өмнөө тулгарсан сорилтыг даван туулахад хамгийн чухал зүйл байсан гэдгийг байнга сануулдаг. Маргааш илүү сайхан амьдрал хүлээж байгаа гэдэг итгэл үнэмшилтэй, амьдрал цаашдаа үргэлжлэх учраас яг одоо өөртөө, эргэн тойрны хүмүүстээ санаа тавьж, нэгдэж нягтрах ёстой гэх хандлагатай хүмүүс бэрхшээлийг даван туулж чадсан байдаг. Нийгмийн сэтгэл зүйг ийм байлгахад “Өдрийн сонин” шиг мэргэжлийн редакцийн үүрэг роль маш чухал. Танай сонины хандлага ямар байна, нийгэмд яг тэгж нөлөөлнө.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Яг нарийндаа НӨАТ-ын буцаалтыг хасч олгох эрх зүйн үндэслэл байхгүй

НӨАТ-ын буцаан олголт тойрсон асуудлаар бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавын байр суурийг сонирхлоо.


-НӨАТ-ын буцаан олголт дээр үүссэн асуудалд иргэд болгоомжлонгуй хандаад эхэлчихлээ. Нэг газраас олон удаа худалдан авалт хийж баримтыг нь шивж оруулсан тохиолдолд иргэдийн буцаан авах мөнгийг хасч олгоод эхлэх юм биш байгаа гэсэн болгоомжлол газар авбал НӨАТ-ын системд эрсдэл учирч мэдэх юм. Наад зах нь НӨАТ-ын баримтаа шивж оруулах сонирхолгүй болох эрсдэлтэй. Байдал иймдээ тулбал эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Та бид хоёрын яриад суугаа систем бол гурван жилийн турш улсын төсвийн болон бусад татварын орлогыг нэмэгдүүлснээрээ түүхэн гавьяатай. Тэр утгаар нь энэ системийг цаашид иргэддээ хүндрэлгүй, сэтгэл санааны ямар нэгэн дарамтгүйгээр үргэлжлүүлэх нь чухал. Татварын ерөнхий газрын өчигдөр (уржигдар) хийсэн мэдэгдлийг харлаа. Өнөө жил 900 гаруй мянган иргэнд 140 гаруй тэрбум төгрөгийг буцааж өгөх юм байна. Үүн дотор зарим нэг үйлдлээр зарим нэг цэгээс нэг дор бөөнөөр НӨАТ-ын баримт шивсэн тохиолдол байгаа юм билээ. 900 гаруй мянган хүнд НӨАТ-ын буцаан олголтыг хийхдээ нийгэмд дуулиан болгохгүйгээр тухайн асуудлыг шийдэх нь Татварын ерөнхий газрын ажил шүү дээ. Татварын буцаан олголтоор орж ирэх мөнгөн дүн багасна гэхээр ямар ч хүнд таатай санагдахгүй. Нэг төгрөгөөр багасаад ороод ирсэн ч тухайн хүний сэтгэл зүйд муугаар нөлөөлнө. Үнэхээр асуудал байгаа бол Татварын ерөнхий газар асуудал үүсгэсэн субьекттэйгээ тусад нь ярих хэрэгтэй. Ингэхгүйгээр шуугиан дэгдээж, сөрөг хандлага төрүүлэх нь тийм зөв шийдэл биш. Ингэж шуугиан дэгдээсэн зүйл хийж суухаас өөр том ажил Татварын ерөнхий газарт бий.

-Өөр ямар ажил Татварын ерөнхий газарт байгаа талаар илүү тодруулж тайлбарлаач?

-Татварын бүх хууль энэ сарын 1-нээс шинээр хэрэгжиж эхэлсэн. Өнөөхөндөө хуулийг дагалдаж гарсан шинэ журмуудыг нийтийг хамарсан цахим хуудсанд байршуулаагүй байна. Хууль зүйн дотоод хэргийн яам энэ тал дээр маш бүдүүлэг, болхи ажиллаж байна. Одоогоор баталсан журам гэвэл гуч гаруйхан. Цаана нь13 журам батлагдаагүй байх жишээний. Татварын багц хууль дагалдаж гарах гол журмууд өнөөг хүртэл ХЗДХЯ-ны мэргэжилтний ширээн дээр хэвтэж байна. Гэтэл нөгөө талд хуулиуд нь хэрэгжээд явчихсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр гэхэд л шинэ хуулийн системээр маш олон хөнгөлөлт орж ирж байгаа. Ний нуугүй хэлэхэд энэ бүх хөнгөлөлт ганцхан баримтад түшиглэнэ. Тэр нь та бид хоёрын ярьж суугаа E баримт. Бүгд E баримтад суурилна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд их айхавтар зүйл бий. Энэ хэсгийг татвар төлөгчид маш сайн анзаарч унших ёстой. Дараахь нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж байгаа.

-Хуулийн 13 дугаар зүйлийн яг хэддүгээр заалтыг татвар төлөгчид онцгой анхаарах ёстой вэ?

-Хамгийн чухал нь 13.1.4. Бүр тодруулж хэлбэл, энэ хэсэгт “Доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэж тодотгосон байгаа. Өөрөөр хэлбэл, E баримтыг хэлж байгаа юм. Тэгэхээр нягтлан бодох бүртгэл дээр зурсан E баримтаар баталгаажина гэсэн үг. Гэтэл өнөөдрийн байдлыг харахаар бараг нэг сар өнгөрчихлөө. Нягтлангууд E баримтаар баталгаажих бүх баримтыг бүрдүүлж яваа эсэх нь эргэлзээтэй байгаа. Татварын газар үүнийг сурталчилж танин мэдүүлээд ажиллаж байх ёстой. Ирэх дөрөвдүгээр сард тайлан гарч эхэлнэ. Зарим нь зургадугаар сард гарна. Дахиад хэлье, аж ахуйн нэгжүүдийн эхний нэг, хоёр сарынх нь баримт E баримт биш байх юм бол зардалд тооцохгүй. Үүнд анхаарахгүй бол маш том асуудал үүснэ. Татварын ерөнхий газрын анхаарч ажиллах өнцөг бол энэ.

-Аж ахуйн нэгжүүдийн нягтлангууд энэ талаар тодорхой мэдээлэлтэй байгаа болов уу?

-Би өчигдөр (уржигдар) тандалт хийлээ. Арван нягтлан тутмын ес нь оны эцсийнхээ тайлан дээр ажиллаад завгүй байна. Тэдний хувьд E баримтаа цуглуулсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Татварын системийн гол зүйл нь маш тодорхой. Өмнөх гурван жилийн НӨАТ-ын бүртгэлийн систем дээр үндэслэж татварын бүх хуулийн өөрчлөлтийг хийсэн юм. Зүй нь Татварын ерөнхий газар НӨАТ-ын системийн төгөлдөршлөө ярих учиртай. Гэтэл ингэхийн оронд ганц нэг үзэгдлийг барьж авч, тэр асуудлаа томруулж, нийгэмд сенсаци дэгдээж суугаа нь харамсалтай хэрэг. Ингэж сенсаци дэгдээсэн нь НӨАТ-ийн бүртгэлийн системийн мөн чанарыг үгүйсгэсэн явдал болж байна.

-Бүх татвар НӨАТ-ын баримтад суурилна гэхээр энэ оны нэгдүгээр сараас хойш НӨАТ-ын баримтыг хэвлэж өгөхгүй байх үзэгдэл алга болох нь ээ?

-Тэгнэ. Учир нь улс даяар НӨАТ-ын баримт гол баримт болох гэж байна. Ийм том системийн ажил эхэлчихсэн байхад өнгөрсөн жилийн ганц нэг тохиолдлыг аятайхан шийдэж чадахгүй, сенсаци болгож нийгмийг бухимдуулах хэрэггүй л дээ. Коронавирус гэх мэт бухимдал, стресс өгсөн өчнөөн зүйлийн хажуугаар дэмий хэрэг гэж харж байна.

-НӨАТ-ын системийн давуу талыг өнгөрсөн жилүүдэд улсаараа мэдэрсэн байтал Татварын ерөнхий газар яагаад иймэрхүү үйлдэл хийгээд суудаг юм бол. Улс төрийн ямар нэг шалтгаан байна уу?

-Ний нуугүй хэлэхэд энэ системийг хийсэн улс нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар. Бид хамт хийсэн. Манай МАН-ын нөхөд яг энэ системийг маш их эсэргүүцсэн, 2016-2017 онд. Эрх баригчид одоо л системээ ойлгож эхэлж байгаа юм. Ойлгож эхлэнгүүтээ нэг их ухаантай дүр эсгэж зүгээр явж байсан системийг баллах гээд байна. Тайван амгалан орхи л гэмээр байна. Аль хэдийнэ гурван жил өнгөрчихсөн. Ирэх хоёрдугаар сарын 1-нд 931000 иргэн 141 тэрбум төгрөг буцааж авна. Хоёр жилийн өмнө 35 тэрбум төгрөг байсан юм. Сүүлдээ 77 тэрбум, 121 тэрбум гэх мэтээр өссөн. Өнөө жил бас өслөө. Тэгэхээр тайван орхичих хэрэгтэй. Ганц нэг сэжигтэй цэг байвал тэнд нь арга хэмжээ авчих. Шатахуун түгээх станцуудын хувьд хүмүүсийн орхиод явсан баримтыг шивсэн тохиолдол гардаг. Энэ бол тухайн тохиолдолд ажиллах ажил болохоос нийтийг хамарсан ажил огт биш.

-Нэг газраас олон удаа худалдан авалт хийсэн гэсэн үндэслэлээр иргэдийн авах мөнгөний хэмжээнд халдаад эхлэх юм биш байгаа…?

-Тэгж гуйвуулж болохгүй л дээ, энэ тохиолдолд бага мөнгөн дүн яригдана. Тэгэхээр иймэрхүү тохиолдлууд дээр сүр болгож хөөцөлдөөд, шуугиулаад байх шаардлагагүй. Бас нэг зүйл хэлье. Нэг дор баахан баримт хэвлүүлсэн гээд байгаа нь яг нарийндаа давуу талтай. Цаад компанийнх нь орлогыг мэдүүлж байгаа хэрэг шүү дээ. Бүртгүүлээгүй бол яах юм. Хоёр тэрбум төгрөгийн орлого бүртгэгдэлгүй өнгөрвөл улс л хохирно. Давтаад хэлэхэд татварын шинэ системээр бүгд НӨАТ-ын баримт руу шахагдаж орох учраас гурван жилийн ажлын үр дүнг ганц нэг дуулианаар баллаж хаях хэрэггүй. Хоёрдугаарт энэ системийг, философийг нь ойлгохгүй бол ойлгодог хүмүүсээс сургалт авч болно, Татварын ерөнхий газрынхан. Би ч гэсэн хувь хүнийхээ хувьд сургалт өгч болно. Яагаад гэвэл өөрсдийнх нь хийгээгүй систем учраас ойлгоход хэцүү.

-Одоо татварт, засагт ажиллаж байгаа хүмүүсийн хийгээгүй систем учраас ойлгохгүй байгаа гэж үү?

-Тийм. Хүний хийсэн систем, хүний хийсэн философийн өгөөж, үр дүнг нь хүртээд явах хэрэгтэй. Сая дэгдсэн сенсаци шиг сөрөг юм гараад байвал хүмүүст айдас төрж эхэлнэ. Орлогоо бүртгүүлбэл цаана нь хянадаг юм байна гэсэн айдас төрчихвөл энэ систем маш том уналтад орно. Хоёрдугаарт, манай бүх татвар орлого дээр түшиглэдэг. Орлого дээр түшиглэсэн татвар авдаг систем Монголд үйлчилдэг. Та бүх татварын нэрийг хараарай, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар гэх мэт бүгд орлогын гэсэн тодотголтой. Учир нь манай татварын систем зардал дээр суурилдаггүй. Тийм учраас иргэдийн зардалдаа гаргасан зүйлийг хянах ситем яг нарийндаа байхгүй. Эрх зүйн хувьд ийм систем байхгүй. Тийм учраас одоо яриад байгаа зүйлээ тайван орхичих хэрэгтэй. Харин нэгдүгээр сарын 1-нээс бусад хуулиудад НӨАТ-ын баримт авч байгаагаа сурталчлах зайлшгүй шаардлага татварынханд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Сонгуулийн “ороо” орж дуулиан шуугиан дийлдэхээ байлаа” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай уул уурхай тойрсон сэдвээр ярилцлаа. Ярилцлагыг I-XII,XIII нүүрнээс уншаарай.

БОАЖ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэл Би Орост их сургуулиа төгссөн хүн л дээ” хэмээлээ. I-II нүүрнээс уншаарай

ХӨСҮТ-д тусгаарлагдан хянуулж буй. Оюутнуудын дунд нэг ойтой бяцхан хүүтэй залуу гэр бүл Б.Билгүүнийх байсан юм. Б.Билгүүн Ухань хотын төв Хятадын шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Эдийн засгийн сургуульд Хүнд аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр магистрт суралцдаг бол эхнэр Р.Болорцэцэг нь ч тус сургуульд менежмэнтийн чиглэлээр магистр горилж буй төгсөх курсийн оюутан аж. Гэр бүлийнхээ хамтаар эрүүл саруул эх орондоо ирсэн баярт мөчийг нь хуваалцаж Б.Билгүүнтэй ярилцлаа. “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаарт “Сонгуулийн “ороо” орж дуулиан шуугиан дийлдэхээ байлаа” нийтлэл хэвлэгдлээ.

Энэ удаагын “Танин мэдэхүй” буланд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа. Тэрээр Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхаар болсон. Иймд өв уламжлалаа гажуудуулахгүйгээр Цагаан сарыг хэрхэн цомхон, чирэгдэл багатай тэмдэглэх талаар ярилцлаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа. Ярилцлагыг “Эмч” булангаас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч хүч ихэснэ

Аргын тооллын хоёрдугаар сарын 4, Ангараг гариг. Билгийн тооллын 10, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:17 цагт мандан 17:55 цагт жаргана. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч хүч ихэснэ.

Categories
мэдээ нийгэм

Зарим улс БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаад иргэдийг өөрийн хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ

Коронавирусийн тархалттай холбогдуулан зарим улс БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаад иргэдийг өөрийн хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Үүнд тухайн улсаар дамжин өнгөрөх хамаарна. Одоогоор Солонгос, Япон, АНУ улсууд дээрхи шийдвэрийг гаргасан байна.

Тиймээс зорчигч та бүхэн сүүлийн 14 хоногт Хятад улсад зорчсон бол дээрх улсууд руу зорчихгүй мөн өөр улс руу зорчих бол тухайн улсын хилийн хоригийн талаар мэдээлэлтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ЦССҮТ-ийн ажиллах журам”-ыг батлав

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд ЦССҮТ өөрийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой тодотгол хийж, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/43, А/508 дугаар тушаалуудтай уялдуулан “Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ЦССҮТ-ийн ажиллах журам”-ыг батлав.

Дээрх төлөвлөгөө, журмын дагуу төвийн Хүний халдварт өвчний дэгдэлт, нийтийг хамарсан осол, гэмтлийн үеийн тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн удирдах бүрэлдэхүүн ширээний дадлага сургуулилт хийлээ.

Дадлага сургуулилтын хүрээнд хүний халдварт өвчний дэгдэлт, нийтийн хамарсан осол, гэмтлийн үед тохиолдлын удирдлагын тогтолцооны дагуу хэрхэн ажиллах талаар мэдээлэл солилцож, өгөгдсөн нөхцөл байдлын үед Цус, цусан бүтээгдэхүүний хангамж, нөөц нөхөн бүрдүүлэлтийн талаарх арга хэмжээг хэрхэн шуурхай хэрэгжүүлэх асуудлыг боловсруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулав

Image result for Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр баталсан “Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон байна.

Иймд Үндсэн хуулийн цэц 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хуралдах байсан дунд суудлын хуралдаанаа хойшлуулж, товыг нь жич зарлахаар тогтоов. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байв.

Үндсэн хуулийн цэц