Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ДЭМБ-аас ХӨСҮТ-ийн хэрэгцээнд хувийн хамгаалах хувцас нийлүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсад титэм вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй болохыг мэдэгдлээ.

Харин дэлхийн хэмжээнд БНХАУ-аас гадна 23 орон өвчлөл бүртгэгдсэн байна. Шинээр долоон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь Вьетнам, Герман, Энэтхэг, Тайвань зэрэг хотод гарчээ. Уг халдвараар өвчилсөн тус улсын иргэд Ухань хотод зорчоод ирсэн аж.

Титэм вирусийн халдвар ихэвчлэн дархлал суларсан, өндөр настай, суурь өвчтэй хүмүүст халдварлаж байгааг ДЭМБ-аас мэдээллээ.

Энэ удаагийн хурал Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг оролцож мэдээлэл өгөв.

Манай улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын яам, Консулын газраас БНХАУ-д тархсан титэм вирусийн голомтын бүсд хамаарахгүй нутгаас эх орондоо буцан ирэх хүсэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

Нэгдүгээр сарын 28-наас хойшхи хугацаанд Монгол Улсын 5200 иргэн өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирээд байна. Одоогоор Эрээн хотод байгаа манай улсын 150 иргэн эх орондоо буцах хүсэлтээ Консулын газарт өгсөн. Эдгээр иргэнийг хилээр нэвтрүүлэх, нутаг буцаах ажлыг өнөөдөр явуулж байгаа аж.

Хилийн чанадад байгаа иргэдийг Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газартаа бүртгүүлэхийг уриаллаа. Ингэснээр мэдээ мэдээллийг шуурхай хүргэж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.

Дашрамд мэдээллэхэд Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын хилийг хэсэгчлэн хаах шийдвэр гарсан.

Ингэхдээ Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргасан.

Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлэх бол гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Харин бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй гэдэг шийдвэр гарсан.

Categories
мэдээ нийгэм

Г.Буяндоржийн гомдолтой холбогдуулан УЕПГ-аас мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Г.Буяндорж хууль шүүхийн нэр хүн бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдол ирүүлсэн.

Үүнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газраас мэдэгдэл гаргажээ

Categories
мэдээ нийгэм

Хар тамхитай холбогдсон этгээдүүдэд 5-6 жилийн хорих ял оноожээ

Хар тамхины хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсний дагуу С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарын шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр боллоо.

С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмаад 6 жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнэд 5 жил хорих ял тус тус оноолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

МИАТ ТӨХК БНХАУ-аас буцаж ирэх монгол иргэдийг тээвэрлэх зорилгоор зарим аяллуудаа хуваарийн дагуу үйлдэнэ

Монгол Улсын Засгийн газрын 39 тоот тогтоолын дагуу 2020 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Монгол Улс руу буцаж ирэх манай улсын иргэдийг тээвэрлэх үндсэн зорилгоор хоёрдугаар сарын 02, 06, 13-ны өдрүүдийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ223/ ОМ224 дугаарт аяллууд, мөн Улаанбаатар-ХонгКонг-Улаанбаатар чиглэлийн хоёрдугаар сарын 04, 10, 15-ны өдрүүдийн ОМ297/ ОМ298/ ОМ2971/ ОМ2972 дугаарт аяллуудыг хуваарийн дагуу үйлдэх болно. Дээрх нислэгүүдээс бусад хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд үйлдэгдэх байсан нислэгүүд цуцлагдсан болно. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 -д хандан авна уу.

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр агаарын температур хувьд Увс аймгийн ихэнх, Завхан аймгийн хойд хэсэг, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутаг, Дорноговь, Дундговь аймгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Харин хур тунадасны хувьд энэ сард Баян-Өлгий, Баянхонгор аймгийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Ховд аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсэг, Дорнод аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч эрс суларна.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Кувейт Улсад ажиллаж байна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны 2 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Кувейт Улсад ажиллаж байна.

ТНБД Д.Даваасүрэн өчигдөр Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай уулзаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Тэрбээр Кувейтийн сангаас Монгол Улсад авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосонд монголын ард түмэн нэн талархалтай байдгийг тэмдэглэж, явцдаа байгаа төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Манай улс Кувейтийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийг Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км авто зам, Тайширын УЦС-ыг барихад ашигласан бол буцалтгүй тусламжаар нь Монгол-Кувейтийн судалгааны төвийг барьж, Түлэнхийн төвийг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн Зүүн бүсийн аялал жуулчлалын зангилаа болох Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн талаар мэдээлэл өгч, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг кувейтийн талаас авах асуудлын талаар ярилцлаа. Сангийн зүгээс манай хүсэлтийг 2020 оны 2 дугаар сарын 19-нд болох Захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэх гэж байгааг мэдээлж, нааштайгаар шийдвэрлэхээ мэдэгдэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Очирбат: Дубайн төлөвлөгөөг баталсан хүмүүсийг шоронд хорих биш, харин ч шагнах хэрэгтэй

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай уул уурхай тойрсон сэдвээр ярилцлаа.


-Уул уурхайн салбарын олны анхааралд байгаа асуудлаар ярилцлагаа эхэлье. Оюу толгой төслийн хувь эзэмшигчид хэлэлцээрийн ширээний ард суугаад байна. Тодруулж хэлбэл, Монголын Засгийн газар төслийн гол хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийхээр боллоо. Таны зүгээс тэдэнд өгөх зөвлөгөө байна уу?

-Миний хувьд Монголын талынханд, “34 хувиасаа татгалзаж хувиа зар” гэж зөвлөнө. Ногдол ашиг хойшиллоо, өндөр хүүтэй төлбөр төлж байна гэх мэт шүүмжлэл, асуудлууд эндээс эхтэй.

Бид Оюу толгойгоос 17 төрлийн татвар, төлбөр, хураамж авч байгаа. Эднийгээ аваад явахад л Оюутолгойгоос ирэх ашгийн 53-56 хувь нь Монголын Засгийн газарт ирнэ. 34 хувиасаа татгалзаад зарлаа гэж бодоход нөөц ашигласны төлбөрөө нэмчих хэрэгтэй. Тэгвэл манайд орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Ийм зохицуулалтыг гадныхан зөвшөөрнө.

Учир нь энэ бол зах зээлийн арга. Зах зээл дээр зах зээлийн аргаар л тоглох хэрэгтэй. Гэтэл бид тэгдэггүй. Манай саналыг хүлээж ав гээд тулгачихдаг.

Энэ бол захиргаадалтын аргын нэг хэлбэр. Нөгөө талд хэлэх хоёр зүйл байна.

Нэгдүгээрт, менежментийнхээ зардлыг бууруулах хэрэгтэй. Ашгийн зургаан хувийг менежментийн зардалд авна гэдэг өндөр тоо.

Хоёрдугаарт, санхүүгийнхээ гүйлгээний ядаж зарим хэсгийг Монголын банк санхүүгийн системээр дамжуулж хиймээр байгаа юм.Хоёр талаас энэ нөхцөлүүдийг хангачихвал одоогийн үүсээд буй маргаан, үл итгэлцэл, үүнээс үүдсэн буруу зөрүү ойлголт гарахгүй байх орчин бүрдэнэ.

-Дубайд гарын үсэг зурсан далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шүүмжилсэн, үнэлсэн хоёр талтай сэтгэгдэл, байр сууриуд дуулддаг. Олны ярьж заншсанаар бол Дубайн гэрээг хэлээд байна л даа.Энэ шийдвэр цагаа олсон шийдэл мөн үү. Тухайн үед энэ гэрээг хоёр тал баталгаажуулж, гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжлээгүй бол эдийн засаг хэцүүдэх байсан гэсэн байр суурьтай та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Олон нийтэд Дубайн гэрээ гэж ярьж, мэдээлэх нь буруу.Гэрээ, төлөвлөгөө гэсэн хоёр ойлголт эрх зүйн чадамжийн хувьд огт өөр. УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр гэрээ байгууллаа, эрхээ хэтрүүллээ гээд байгаа. Дахиад хэлэхэд энэ бол гэрээ биш төлөвлөгөө. Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн нэмэлт арга хэмжээ авъя л гэсэн.

Хэрвээ тийм арга хэмжээ аваагүй бол байдал хэцүүдэх байсан.Дубайн төлөвлөгөө бол цаг хожсон, хүндрэлийг газар авхуулж гүнзгийрэхээс сэргийлсэн үйл ажиллагаа. Тийм хүнд үед олон улсын банк санхүүгийнхэн Монголын Засгийн газарт итгэл үзүүлсэн нь өөрөө маш том өгөөж. Тухайн үеийн Засгийн газар зөв юм хийсэн.

Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн хүмүүсийг шоронд хийх биш, харин ч шагнах хэрэгтэй. Энэ шийдвэрийн ачаар Оюу толгой төслийнхөн үйлдвэрлэлийн хоёрдугаар босоо амаа ашиглалтад орууллаа.

Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь гүндээ бий. Гүнээс гарах бүтээгдэхүүний гол амин сүнс, дамжлага нь болсон хоёрдугаар босоо ам нээгдсэн нь маш том таатай мэдээ. Тиймээс Дубайн төлөвлөгөө бол Оюу толгойг аварсан төлөвлөгөө.

Тухайн үед Засгийн газар төлөвлөгөөний төсөл боловсруулж УИХ-аар батлуулах гэж явсан бол лав хагас жилийн ажил болох байсан. Өнөөхийг нь батлаа ч уу, үгүй ч үү. Дахин онцлоход, Засгийн газар цаг хожиж эрсдэлийг өөр дээрээ авч, Засгийн газар шиг ажиллаж чадсан. Би хувьдаа Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд шиг ажилласан гэж хэлнэ.

-УИХ-ын гишүүд, улстөрчид Оюу толгой компанийг ТЭЗҮ-ээ өөрчиллөө гэсэн шүүмжлэлийг давтамжтай хэлдэг. Ер нь ТЭЗҮ гэдэг бичиг баримт хөдөлшгүй зүйл мөн үү. Дэлхийд энэ бичиг баримтыг хөдөлшгүй зүйл гэж хардаг уу, эсвэл өөр жишиг байна уу?

-ТЭЗҮ гэдэг бол өөрчлөгдөшгүй, хууль шиг зүйл биш. Үе үе өөрчлөгдөж байдаг эд. Тэр дундаа уул уурхайд. Уул геологийн нөхцөл өөрчлөгдөх, хүдрийн агуулга буурах гэх мэт янз бүрийн өөрчлөлт гарч ирдэг. Тэр бүрд ТЭЗҮ-д байсан параметрүүдийг өөрчилж, тодотгоод явдаг учиртай.

Хоёр жил тутамд ТЭЗҮ-дээ тодотгол хийж бай гэсэн агуулгатай журам хүртэл бий. ТЭЗҮ-ийн мөн чанарыг мэдэхгүй учраас шүүмжлээд байгаа хэрэг.Байгалийн хуульд захирагддаг зүйл шүү дээ.Байгалийн нөхцөл байдал өөрчлөгдөнө, ТЭЗҮ -ийг тэр дагуу нь өөрчлөхөөс аргагүй.

-Эрдэнэт, Оюу толгой хоёрыг харьцуулж ярьдаг хүн олон. Наад зах нь Эрдэнэтэд хот байгуулсан, гэтэл Оюу толгой хот барихгүй юм гэж ирээд шүүмжилдэг. Харьцуулах боломжтой төслүүд мөн үү?

-Бид нэг зүйлийг дээр дооргүй ойлгомоор байгаа юм.Оюу толгой, Эрдэнэт бол хоёр өөр системийн байгууламжууд. Эрдэнэтийг социализмын үед барьж байгуулсан.Оюу толгой төслийн хэрэгжиж эхэлсэн цаг үе нь социализм биш. Капиталист нийгэм бол социализмаас тэс өөр.

Оюу толгойн ажилчдыг орон сууцанд амьдруулах арга, гарц мэдээж бий. Монголын төр иргэдээ орон сууцжуулах бодлогоор ипотек хэрэгжүүлдэг. Яг энэ хувилбараа Оюу толгойд хэрэгжүүлэх боломжтой.

Энэ ажлыг Монголын төр, Монгол улс өөрсдөө шийдэх ёстой. Төсөл хэрэгжүүлж байгаа талд хот байгуул гэсэн шаардлага тавьж болохгүй л дээ. Хөрөнгө оруулагч талд зэс хайлуулах үйлдвэр барь гэсэн шаардлага хэлж суугаа улстөрчид бий.Ийм ажил Оюу толгой төсөлд тусгагдаагүй.

Үнэхээр ийм үйлдвэртэй болох хүсэлтэй бол Монгол улс өөрөө хөрөнгөө босгоод үйлдвэр барьж, зэсийнхээ концентрацийг Оюу толгойгоос худалдаж авч, тэрийгээ дэлхийн зах зээл дээр гаргах хэрэгтэй.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал дээр таны байр суурийг сонсъё?

-49 хувийн асуудал яригдаж шийдэл болохоос өмнө “Эрдэнэт”-ийн тодорхой хувийг хувьчлах шийдвэр Монголын төрд байсан. Тийм шийдвэр гаргасан байсан ч ямар нэг шалтгаанаар хойшилсоор олон жил өнгөрсөн юм.Ингээд xapaxaap 49 хувийг хувьчилсан нь зарчмын хувьд буруу биш.Хувьчилж болно.

Хувьчилж авсан мөнгө, санхүүгийн эх үүсвэр дээр эргэлзээ, хардлага байх шиг байна. Энэ хардлага хэр үндэслэлтэйг бол мэдэхгүй. Шүүх нь нэг шийдвэр гаргасан, төр нь болохоор өөр шийдвэр гаргасан дүр зураг харагдаж байгаа. Уг нь манай улс шүүхийн шийд эцсийн шийдвэр байна гэсэн хуультай.

-Манай улс уул уурхайгаас ихэнх доллараа олдог эдийн засагтай.Уул уурхайн экспортод нүүрс, зэс жин дардаг.Г эхдээ уран, газрын ховор элемент гээд ашиглавал овоохон валют олохоор эрдсүүд бий. Жишээ нь, дэлхийд эрэлт өндөртэй газрын ховор элемент дээр найдлагатай ямар ордууд байна вэ?

-Газрын ховор элементийн хувьд Лугийн гол, Мушгиа худаг гэх мэт ордууд өндөр найдлагатай гэж ярьдаг л даа.Гэхдээ яг ашиглалтад хүрэхүйц технологийн түвшинд боловсрогдоогүй. Эдгээр ордод польш, орос, япончууд ажилласан.Үр ашигтай технологийг олж сонгож чадаагүй байгаа.

Халзан бүргэдэйг бол ашиглахад бэлэн.Лицензийг нь гурван хуулийн этгээдэд хуваагаад өгчихсөн асуудал бий.Өнөөдүүл нь хөрөнгийн эх үүсвэргүй учраас өөрсдөө олборлолт явуулах боломжгүй.

-Хэн нэг хөрөнгөтэй хүнийг хүлээгээд сууж байгаа гэсэн үг үү?

-Ер нь бол тийм.

-Ойрын хугацаанд энэ ордоо ашиглах ямар гарц байж болох вэ?

-Улсын зүгээс тэр гурван хувьцаа эзэмшигчтэй тохироод, хамтрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гол тоглогч болж гадныхантай харилцмаар байгаа юм.Тэгээд ашгаа хуваах тал дээр лиценз эзэмшигчидтэй тодорхой тохироо хийсэн нь илүү зөв шийдэл болох байх.

-Ураны төслүүд дээр юу хэлэх вэ. Лав л Францын “Арева”-д данстай ордын нөөц дэлхийд гэж яригддаг. Уран дээр гуравдагч хөршид таагүй хандаад байна уу даа гэсэн дүр зуpaг анзаарагддаг..?

-Манай улс энэ чигт хойд хөрштэй хамтын үйлдвэр байгуулсан ч ажилладаггүй гэсэн шалтгаан бий. Хятадтай ураны салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурчихсан. Францтай бас зурсан. Өөрөөр хэлбэл хоёр хөрш, гуравдагч хөрш гээд гурвуулантай нь ураны салбарт хамтарч ажиллах тохиролцоотой.

Тийм учраас нэг нь нөгөөдөө саад болох улс төрийн болоод эдийн засгийн ямар ч хүчин зүйл байхгүй.Хятад, Оросыг бодвол Францын технологи энэ тэр нь ахицтай яваа. Одоо туршилтын үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.Гэвч аймгийн мэргэжлийн хяналтын газрын нэг мэргэжилтэн гарын үсэг зурахгүйгээс болоод хагас жил гацаж байна.

-Ямар шалтгаанаар гарын үсэг зурахгүй байгаа юм бол?

-Шалтгааныг нь асуухаар “Тэгж талхнаасаа салмааргүй байна” гэдэг.“Яахаараа талхнаасаа салдаг билээ” гэж лавлахаар “Энэ уранаас чинь болоод манай энд тугал бяруу үхээд шуугиан дуулиан болсон, ийм үед толгой мэдэж гарын үсэг зурахгүй” гэсэн хариу хэлж байгаа юм.Манайд байдал ийм л байна.

-Манайхны иймэрхүү хандлага францчуудад ойлгомжгүй санагддаг байх даа?

-Наад зах нь л “Танайх нэгдсэн улс байтал яагаад холбооны улс шиг юм бэ” гэж асууна. Гэхдээ нэг зүйл маш тодорхой. Ураны төсөл урагшилна.

-Ураны төсөл амжилттай хэрэгжинэ гэдэг та 100 хувь итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байгаа.

-Асгатын мөнгөний орд эдийн засгийн хувьд хэр ашиг өгөөжтэй бол. Ер нь ашиглах боломж бололцоо нь ямархуу орд вэ?

-Асгатын ордын хүдэрт “хортой” гэгддэг сурьма, мышьяк (хүнцэл) бий. Эдгээрийг бүрэн ялгах технологи дэлхийд элбэг биш. Оросын нэг компани эдгээр хортой элементийг торгуулийн хэмжээнээс бага хэмжээгээр ялгаж чадна, хамтаръя гэсэн санал өгч байсан юм.

Манайхан тэр компанитай тохироод гарын үсэг зураад иртэл эндээ бужигнаад Засгийн газар өнөө тохироог нь хүчингүй болгочихсон түүх бий. Одоо ашиглая гэвэл өвлийн цагт хил гарах гэх мэт жаахан зовлон бий. Түүнээс биш дажгүй орд л доо. Өндөр агуулгатай мөнгөний орд.

-“Алт” хөтөлбөрийн эдийн засагт өгсөн өгөөжтэй ярилтгүй, эерэг нөлөө нь жин дарна.Хөтөлбөрийн хэрэгжилт дээр алдсан тал бол бий.“Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид яг юун дээр алдсан бол?

-“Алт” хөтөлбөр дээр алдсан нэг ноцтой алдаа бий. Тэр нь олны нэрлэдгээр “нинжа” гэгдэх иргэд. “Нинжа” гэгдэх иргэд энд тэндгүй газар сэндийлээд эхэлсэн. Ийм шалтгаанаар байгаль орчинд гарсан сөрөг нөлөөллийг алт олборлогчид, “Алт” хөтөлбөрийн үр дагавар гээд дүгнэчихсэн л дээ. Үнэн хэрэгтээ “нинжа” нар бол уурхайчид биш.

Хоёрдугаарт, алт олборлож байх үед олборлогчдод нэг асуудал бэрхшээл байсан.

Тодруулж хэлбэл, алт олборлогчдод тухайн үед нөхөн сэргээлт хийх хөрөнгө мөнгөний бололцоо байгаагүй.Ийм шалтгаанаар нөхөн сэргээлтийг нэлээд орхигдуулсан тал байгаа.“Алт” хөтөлбөрийн өгөөж бол тодорхой.Зөвлөлтийн тусламж зогсож, улсаараа хэцүү байдалд орчихсон үед аминд орсон хөтөлбөр.

-Алтны салбараас “Сентерра голд”, уранаас “Хан ресурс” гээд гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдыг шахаж, шүүмжилж байгаад гаргасан жишээ ганц хоёроор тогтохгүй. “Сентерра голд”-ыг гэхэд Бороогийн алтыг үнэгүй шахуу олборлоод зарчихсан гэж ирээд шүүмжилдэг. Энэ хандлага дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Гурав дахь хөрш гээд ярихаар хамгийн түрүүнд ярих учиртай давуу тал бол дэлхийн стандартын түвшний үйлдвэрлэл, үйлчилгээ. Тэд ийм стандартаар ажилладаг.”Бороо гоулд”-ыг тойрсон шүүмжлэл бол хувийн атаархал, өрсөлдөөн гэж харагддаг. Унци алт 250-хан ам.доллар байх үед Бороог хэн ч сонирхож байгаагүй.

Энэ ордыг Ардчилсан Германынхан анх хайж, нээж, үйлдвэр барих ТЭЗҮ хийж явсан юм. Тэгээд эдийн засгийн үр ашиг муутай учраас ажиллах сонирхол алга гээд явсан. Дараа нь хоёр Герман нийлсэн хойно баруун Герман талынх нь хүмүүс ирж байлаа. Тухайн үед Зүүн Германы хүмүүс нь 350 ажилтантай үйлдвэр байж болох юм гэсэн ТЭЗҮ-ийн баримжаа тооцоо хийчихсэн байсан юм.

Гэтэл барууныхан нь хүрч ирээд 50 хүнтэй ажиллахад болно гээд өөр технологийн боломж байгаа тухай хэлсэн. Наад тооцоогоороо ажилла гэсэн боловч ашигтай ажиллах нөхцөл бага, өрсөлдөх чадварын хувьд сайн биш гээд тоогоогүй. Тэр үед “Алтай трейд”-ийнхэн Сентерра голдынхонтой ярьж, хөнгөлөлттэй нөхцөл амлаж байж гэрээ хэлэлцээр хийсэн юм билээ.

Ингээд ажиллаж эхэлтэл дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсөж, 200, 300 биш 800, 900 хүрч, бүр мянга шүргээд ирсэн. Яг тэр үед өмнө нь энэ ордыг тоохгүй байсан улсууд сая таны онцолсон шүүмжлэлийг хэлж эхэлсэн байдаг юм. Өчнөөн жил ашиглах алтыг хэдхэн жилийн дотор аваад гарчихлаа гэж ирээд шүүмжилсэн. \

Бизнесийн гол зарчим бол ашиг. Ашгийн төлөө урагшилдаг. Бага багаар олон жил ашиглаж зардал гаргаад суухыг ямар ч бизнес эрхлэгч хүсэхгүй.

Ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх нь ойлгомжтой. Энэ хандлага уран дээр бас тод ажиглагдсан шүү. Энэ салбарт гуравдагч хөршийн компани хөрөнгө оруулаад ажиллаж эхлэнгүүт уран бол зэвсгийн түүхий эд, зөвлөлтөөс өөр газартай энэ салбарт ажиллаж болохгүй шахуу юм ярьцгаасан.

“Бид хөрөнгөтнүүдийг ийм айхавтар цөмийн зэвсгийн түүхий эдээр хангаад байж болох уу, зөвхөн зөвлөлттэй л ажилладаг” гэсэн ойлголтоор хандацгаасан тал бий. Гэтэл ачир дээрээ өнөө улс нь манайд бүү хэл өөртөө хөрөнгө оруулах боломжгүй болж Мардайн ураны үйлдвэрийг хаагаад орхиод явсан.

Оросуудыг гараад явсны дараа гуравдагч хөршийн компаниуд ирж, бизнесийнхээ ном дүрмээр хайгуул хийгээд ажиллангуут зогсоочихож байгаа юм.

-Тэгээд өмнө нь орхиод хаяад явчихсан оросуудад буцаагаад өгчихсөн. Бизнес талаасаа бол яаж ч хараад ойлгохооргүй хандлага шүү?

-Энэ бол бизнесийн дүрэм биш. Тоглоомын дүрмийг тоглож байх явц дундаа сольдоггүй хатуу хууль бизнест бий. Гэтэл манайхан тэгдэггүй. Бид лицензээ цуцаллаа гээд л болчихдог.

-Чөлөөт зах зээлтэй улсуудын бизнес эрхлэгчид манайхны энэ хандлагаас болж арбитрт хандаж, Монгол Улсын Засгийн газар өр төлбөрт унасан жишээ ганц хоёроор тогтдоггүй….?

-Манайхан хууль зөрчөөд байдаг учраас арбитрт ялагддаг. Зуун сая ам.доллар төлөх байсан ч хүчин чармайлт гаргасны эцэст 70 сая ам.доллар болгож буулгалаа гэж ирээд мэдээлдэг л дээ. Төр хариуцлагагүй, буруу шийдвэр гаргасан учраас Монголын Засгийн газар өр төлбөрт унаж, Монголын татвар төлөгчдийн мөнгө гадагшаа дэмий урсдаг. Ийм байхад бид чадалтай сайндаа өр төлбөрийнхөө хэмжээг буурууллаа гэж хэлээд сууж болох уу.

-Таныг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед газрын тосны салбарт орж ирээд тусгай зөвшөөрлөө Хятадын компанид өгөөд Монголыг орхисон “Соко интернэйшнл” бас гуравдагч хөршийн компани. Тэр үед “Соко интернэйшнл” ямар шалтгаанаар тийм алхам хийсэн юм бол?

-Бид аман дээрээ гуравдагч хөршийн бодлоготой гэж ярьчихаад ачир дээрээ дандаа эсрэг зүйл хийдэг. Үүний бас нэг жишээ л дээ. Өрөмдлөг, геофизик гэдэг чинь асар их хөрөнгө хугацаа зардаг ажил. Гэтэл манайхан лиценз авсан талбайдаа үйл ажиллагаа явуулахгүй байна гээд талбайнхаа мөнгийг нэмэх гэх мэт хандлага гаргаж эхэлсэн.

Манайд байгаа нефть хэрдээ адармаатай бүтэцтэй. Маш нарийн тогтоцтой. Нэлээд гүн рүү өрөмдөх шаардлагатай байдаг юм. Тэр хэрээрээ зардал мөнгө их шаардана. Харин Хятадын компаниудын хувьд Засгийн газар нь дэмжээд санхүүжүүлчихдэг учраас хөрөнгө мөнгөний асуудал гардаггүй онцлогтой.

Хувийн хэвшлийн ямар ч компанийн хувьд Хятадын компанитай өрсөлдөхөд хэцүү байдаг нь цаанаа ийм шалтгаантай. Тухайн үед болсон үйл явдлын ард байсан шалтгааны нэг нь энэ.

-Ингэхэд манай нефтийн нөөц тухайн үед дэлхийн улс орнуудын сонирхлыг татахуйц хэмжээнд байсан болов уу?

– Жараад онд Зөвлөлтийн эрдэмтэд манай улсын нефтийн судалгааг хийсэн юм. Тэгээд “Монголд нефть олборлолтын хэмжээнд хүрэх хэтийн төлөв алга” гэсэн дүгнэлт гарсан байдаг л даа. Ийм агуулгатай гурван боть тайлан биччихээд явсан улс. Гэтэл Их Британийн “Бритиш петролиум” наяад оны дундуур ирж судлаад “Танай улс нефтийн нөөц ихтэй юм” гэсэн дүгнэлт гаргасан.

-Хуучин нийгмийн үед тэд яаж яваад манай улсад судалгаа хийчихэв?

-1986 он шиг санагдана, би Лондонд явж байхдаа тэдэнтэй уулзаж ярьсан юм. Тэр үед өнөөдүүл надад нэг том газрын зураг үзүүлээд “Танай Монгол нефттэй юм байна. Танай нутгаар нефтийн зурвас дайрч өнгөрсөн байна, үүнийгээ хайж мэдсэн зүйл бий юу” гэж асуусан.

“Нөөцтэйгөө мэднэ, гэхдээ нефтийн гарц муу гэх мэт шалтгаанууд байгаа учраас өндөр үр бүтээлтэйгээр ашиглах боломжгүй” гэлээ. Нөгөө талаас судлаад үзье гэсэн санал хэлэхээр нь би тэр үедээ бүдүүн зүрх гаргаж за зүй боллоо. Тэр үе чинь социализм.

Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадны гуравдагч оронтой хамтарч стратегийн айхавтар бүтээгдэхүүнээ судлах, ярих боломж байгаагүй. Ирээд дарга нартаа илтгэлээ. СНЗ-ийн дарга нь Содном гуай. Төв хорооны үйлдвэрлэл эрхэлсэн дарга нь Моломжамц гуай. Судлуулъя гэж байна. Тэгээд Британийн “Бритиш петролиум”-ынхан ирж бүтэн хагас жил манайд судалгаа хийлээ.

Судалгаагаа хийсний дараа “Танайд нефть их байна” гэдэг юм. “Их бага гэдэг чинь тодорхой үг биш л дээ. Кувейтийн хэрийн юм байна уу” гэж асуулаа. Гэтэл “Тэр нь ч юу юм, судалбал яагаад болохгүй билээ” гэдэг байгаа. Бас л донжтой үг шүү.

-Тэгээд нарийн судалгаа хийлгэсэн үү?

-Тэр үед “Бритиш петролиум” 40 жил ажиллаад үзье, энэ хугацаанд нефтэн дээрээ чөлөөтэй ажиллах эрх өг гэсэн л дээ. Хүлээн зөвшөөрөх арга байгаагүй. Тэгээд тэд “Гурван жилийн дотор энэ тайланг манайхыг хийсэн гэж дэлхийд битгий зарлаарай” гээд тайлангаа үнэгүй өгөөд буцсан.

-Зөвлөлтийн зүгээс ирээдүйгүй, хэтийн төлөвгүй гэчихээд байхад “Бритиш петролиум” их нөөцтэй улс гэж дүгнэчихжээ..?

-Харин тийм, эрс тэс дүгнэлт байгаа биз.

-Нөөц байна гэчихвэл нефтиэрээ уях боломжгүй болчихно гэж болгоомжилсон байж мэдэх юм…?

-Үгүйсгэх аргагүй. Би чамд ахиад нэг зүйл ярья.

Манайхан нефть дамжуулах хоолой, хий дамжуулах хоолой гэж яриад байна аа даа. Үүнийг чинь наяад оны дундуур Англи, Орос, Хятад, Монгол гэсэн дөрвөн улс ярьж байсан юм. ОХУ, Хятад улсыг холбосон нефть, хий, цахилгаан дамжуулах хоолойг манай улсын нутгаар дамжуулан тавих том төслийн 60 хувийн санхүүжилтийг Англи гаргах тухай ярьж байлаа.

Үлдсэн 40 хувийг хоёр хөрш гаргах тохироотойгоор. Манай улсын хувьд нутгаараа дамжин өнгөрүүлж байгаа учраас хөрөнгө мөнгө гаргахгүй гэж байсан юм. ОХУ зөвшөөрсөн ч, Хятад зөвшөөрөөгүй. Английн сонирхол бол өндөр байсан.

Өртгөө хурдан нөхөх боломжтой гэж тооцож байсан хэрэг.

-Сонсоогүй түүх байна шүү. Ингэхэд та яг Үндсэн хуульд туссан 6.2 дээр ямар бодолтой яваа вэ?

-6.2-ыг хэрэгжүүлэх хууль гаргана гэж байгаа. Тэр хууль яаж гарахаас шалтгаална. Хэрэв тэр хууль зөв зохицуулалттай батлагдвал Үндсэн хуулийн 6.2-т хийсэн өөрчлөлт болохгүй юм биш. Төр хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгодог байсан, олгодгоороо л олгоно. Төрийн гэдгийг ард нэмсэн нийтийн гэдэг үг энэ тохиолдолд айхавтар нөлөө үзүүлэхгүй.

Харин орлогын дийлэнхийг ард түмэнд өгнө гэсэн утга хуульд буруугаар тусвал ярвигтай. Монголын болон гадны аль нэг компанийн хамтын үйлдвэр байлаа гэж бодъё. Т эр тохиолдолд орлого нь дундынх байж таарна. Тэр орлогын дийлэнхийг ард түмэнд өгнө гэсэн ойлголтоор хууль боловсруулж баталбал аймшигтай юм болно.

Эдийн засгийг нураана. Харин Монгол Улс Засгийн газартаа ногдох орлогын дийлэнхийг ард түмэндээ өгнө гэвэл өөр хэрэг. Энэ бол Монголын дотоод хэрэг.

-Уул уурхайн салбар бол доллар олох гол суваг. Энэ салбартаа дулдуйдаж цаашдын хөгжлийнхөө суурийг тавихаас өөр гарц байхгүй гэсэн байр суурь бий. Таны хувьд уул уурхайн салбартаа зөв бодлого хэрэгжүүлж, энэ салбартаа дулдуйдаж л хөгжинө гэдэгтэй санал нийлж байна уу?

-Бид ерээд оноос өмнө ч гэсэн уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж амьдарч ирсэн. Ерэн оноос хойш гадаадад хамаг баялгаа гаргаж эхэлсэн гэдэг бол туйлширсан ойлголт. Монгол Улс аль ч үед байгалийн баялаг, эрдсийн түүхий эдээ олборлож, гадаад зах зээл дээр гаргаж гадаад худалдааны тэнцлээ хангаж ирсэн.

Лав л энэ зууны тавиад он хүртэл Монголын эдийн засагт уул уурхай зонхилсон хэвээр байна. Гагцхүү уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг эдийн засгаа солонгоруулахад зөв зарцуулах хэрэгтэй . Тэгж чадвал эдийн засгийн маань бүтэц аяндаа зөв болж, ганц салбараас хамаарахаа болино.

Categories
мэдээ нийгэм

Эрээн хотоос иргэдээ авчрахаар дөрвөн автобус явжээ

Image result for эрээн хот

Шинэ коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор БНХАУ-ын Эрээн хотоос 300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар өнөөдөр дөрвөн автобус явсан байна. Иргэдийг эх орондоо ирмэгц ХӨСҮТ-д тусгаарлан үзлэг шинжилгээ хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдлыг УПЕГ болон АТГ-т шилжүүлжээ

Иргэн Г.Буяндорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг өгч, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Г.Буяндорж хууль шүүхийн нэр хүн бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдол ирүүлсэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох хэлтэс танилцжээ.

Улмаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдлыг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байна

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан алба хаагчид сайжруулсан шахмал түлшийг түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Өдөр бүр “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар 6 дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд түгээлтийг хийж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилготой тус ажил 03 дугаар сарын 02-ныг хүртэл үргэлжилнэ.