Ерээд оны сүүлч, 2000-аад оны эхээр Монгол орны өнцөг булан бүрт, хот хүрээнээс баг сумынх гэлтгүй ард түмний сэтгэлд хэдийнэ хоногшиж, аманд нь аялагддаг болсон нэгэн тансаг яруу сайхан эгшиглэнт уран бүтээл бол “Хонгорзул” хэмээх дуу байлаа. “Хорголжин алаг нүдээрээ инээсэн, Хорвоод ганцхан Хонгорзул минь дээ, Хонгорзул минь дээ” хэмээх бадгийн үгс, аялгуу хичнээн залуусын зүрх сэтгэлийг хөглөж, хайр дурлалд нь хөтөч болсныг энд хэлэхэд илүүц биз ээ.
Эдүгээ Монгол Тулгатны хуучны болон сэтгэлд хоногшсон монгол 100 дууны нэгээр нэрлэгдсэн “Хонгорзул” дуу дуунд дуртай монгол түмний сонорыг мялаасны 20 жилийн ой тохиож буй. Энэ дууны эзэн нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Говь-Алтай аймгийн уугуул, “Алтай” чуулгаар овоглогддог Насанцогтын Энхбат. Дуу, дуучин хоёр нэгнээ олно гэдэг хувь тохиол гэдэг сэн. Ерөөсөө л “Хонгорзул”-ын тэр зөөлөн, урссан аялгуу, аялгуунд нь шингэсэн үгс нь Н.Энхбат дуучны өнгө гэдгийг яруу найрагч, хөгжмийн зохиолчид онцолдог билээ. 1990-ээд оны үеэр хөдөө орон нутгаас Монгол даяар цойлж гарч ирсэн цөөхөн уран бүтээлчийн нэг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Насанцогтын Энхбатынд өнжсөн юм.
Хан-Уул дүүргийн нэгэн хотхонд замчилсан хаягаар нь явж очлоо. Гэрийн эзэн, гэргий, бага охины хамт дуу шуу болон угтав. Зочны өрөөндөө урьж, гэрийн эзэгтэй шар тос амтагдсан цай барин, араас нь чанасан мах уур савсуулан авчирлаа. Н.Энхбат дуучин “Эхнэрийн цайг уусны чинь дараа өөрийнхөө гарын цайг чанаж өгнө өө” хэмээн яриа эхлүүлж, баруун аймгийн цайны амт, сарлагийн мах, сүүний шим тэжээлийн тухай хүүрнэв. Н.Энхбат гуайн ээж Г.Баасанхүү их сайхан цай, хоолтой хүн байж.
Гэрийн хойморьт Говь-Алтай нутгийн шүншлэгт уул Сутай хайрхан, Чандмань хайрхан уул, Ээж уулын зураг заларчээ. Н.Энхбат гуай бурхан номд ихэд сүсэгтэй нэгэн аж. Хойморьтоо “Очирваань” бурхныг залж, дээгүүр нь нэлээд урт, бас нэлээд олон жилийг элээсэн гэмээр сэмэрсэн самбай хадаг унжуулжээ. Аавынх нь талын том лам Гандан хийдээс эрт үед Алтай нутаг руу илгээж байсан түүхтэй хадаг гэнэ. Сэрваантны дэргэд хуур, гитар хоёрыг цонхны дэргэд хана түшүүлсэн харагдана. Төрийн их хан хуур урлаач, мастер Д.Уламбаярын урлаж бэлэглэсэн хуур гэв. Гал тогооны шкаф дээгүүр ховор төрлийн виски, архийг нэлээд олноор өрсөн нь нүдэнд тусах аж. Гэрийн эзнээс сонирхож асуувал хүндтэй зочдын бэлэглэсэн идээ удааны дээж хэмээн бэлгэшээж цуглуулсан нь тэр гэнэ. Цуглуулга нь 2003 оноос эхэлж Японы бүрэн эрхт төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ш.Раднаасэд, Макс Ганбаатар зэрэг улс төр, бизнесийн эрхмүүдийн бэлэглэсэн идээний дээжис гэнэ.
Тун удалгүй гэрийн эзэн амласан ёсоор гарынхаа цайг чанахаар болов. Уураг сүүл, сарлагийн өнжсөн шар тос, Говь-Алтайн Хөх морьт суманд ургадаг сулиар хийсэн сулийн гурил хийж, дээр нь цульхарын гурил нэмэн нутгийнхаа брэнд хөх арвайн гурилыг ч нэмж хуурлаа. Шар будаа нэмж, хонины хавирга хаян, хамгийн сүүлд давсаар амтлав. Энэ бол гэрийн эзний өөрийнх нь бүтээсэн жор гэнэ. Үнэхээр ч амт гэж ванлий хийцтэй цайгаар бидний нөхдийг дайлж, ярилцлагаа эхэллээ.
СТА Н.Энхбат “Алтай” чуулгыг удирдаж байхдаа гурван жил дараалан шашин урлагийн цэнгүүнийг зохион байгуулж, Наро банчэн гэгээнтнийг хоёр удаа нутагтаа залжээ
Эднийх Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул айл юмсанж. Тэрээр эцэг, эхээс арвуулаа. Аав Ш.Насанцогт нь нэг насаар малын эмч хийсэн хүн бол ээж Г.Баасанхүү нь нийтийн үйлчилгээний ажилтан явжээ. “Ижий минь 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, алдарт эхийн хос одонгоор энгэрээ гоёсон сайхан хүн байв. Аав маань 1960 оны сүүлээр Чандмань суманд малын гоц халдварт хамуу өвчнийг устгах үүрэг аваад томилолтоор ирж байсан түүхтэй. Чандмань, Эрдэнэ сумын малын хамуу өвчнийг устгасан гавьяа байгуулж, 1981 онд Төрийн алтан гадас одонгоор энгэрээ мялаасан хүн дээ” хэмээн хуучилсан юм. Тэрээр бага ангидаа зуны амралтаар хөрш айлынхаа хүүхдийг харж, хичээлийн хэрэглэл, форм, ботинкоо өөрөө “олчихдог”. Дунд ангидаа аавтайгаа хөдөөгүүр явж, малын тарилга, туулга хийдэг ажилд дайчлагдан 100 төгрөгийн цалин авдаг. Тэгээд зогссонгүй, долоо, наймдугаар ангидаа ээжтэйгээ 135 төгрөгийн цалинтай барилгын ажил хийж, төгсөх ангидаа ч барилга дээр ажилласаар 250 төгрөг халаасалж явжээ. Тэр цалингаараа “Сээгээ” малгай худалдан авч сургуульдаа л содон явж байсан сонин хачнаас хуваалцав. Ижий, аав нь гэрээр нэг бужигнах ахан дүүсийг нь ходоод цатгалан, мөр бүтэн өсгөхийн төлөөх хичээл зүтгэлийг өөрийн нүдээр харж өссөн бяцхан хүү хөдөлмөрийн үр шим, мөнгөний үнэ цэнийг хар багаас мэдэрч, тэр ч хэрээр зарчимтай ажиллаж, амьдрахыг илүүд үздэг болсон байна. Энэ нь ч түүний ажлын гараан дээр, уран бүтээлийн туурвил дээр нь тодоос тод харагдах ажээ. Харин өөрөө бол энэ онцлогоо “шүүмжилж” “Би хувь ч бай, хувьсгалын ч бай ажилд нэг л сэтгэлээр ханддаг. Энэ бол аавын минь үлдээсэн үнэт зүйл. Гэвч одоогийн нийгэмд хоцрогдсон арга барил болж, дүү минь” хэмээж байх нь сонин.
Залуу хүү Н.Энхбат сургуульдаа сагс сайн тоглодог, үндэсний бөхөд тун хорхойтой нэгэн байж. 1991 онд өсвөрийн үндэсний бөхийн барилдаанд аваргалж явсан түүхэн зургаа үзүүлэн багын дурсамжаа сэргээв. Тэрээр Чандмань сумын дунд сургуульд “Хүрхрээн долгио” чуулгад “Тэгвэл хоёулаа” дууг цангинуулж өгдөг байжээ. Харин ахлах ангидаа Говь-Алтайн Бигэр сум руу шилжиж, тэнд очоод “Буудайн цуурай” хамтлагт гоцлол дуу дуулж эхэлсэн байна. Ингэснээр сумандаа л бяцхан од болж, Монголын радиогийн Залгамжлагч радио станцад 1993 онд дуугаа бичүүлж явсан адтай, азтай, авьяастай нэгэн байв. Уг нь дуучин маань багадаа сэтгүүлч, эсвэл орос хэлний багш болно гэсэн мөрөөдөлтэй байсан гэнэ. Гэтэл төгсөх жил нь шалгалтын комиссын багш дуулахыг нь сонсчихоод “Урлагийн сургуулийн урилга явуулъя. Чи дуучин болох хүүхэд байна” хэмээн хөөргөж орхиод явжээ. Гэтэл урилга нь ч ирсэнгүй, сэтгүүлчийн анги нь ч хүрэлцсэнгүй жилийг үдэж орхиж. Тэгэхээр нь дараа жил нь цэрэгт мордчихсон байна. Улаанбаатар хотод Хилийн ба дотоодын цэргийн 0189 дүгээр ангид татагдан очиж цэргийн ангиудаар тоглолт хийн ёстой л нэг мандаж гарсан байна.
Ахлах ангийн сурагч дуучин Н.Энхбат сонины хуудаснаа
Удалгүй 1986 онд дөрвөн жилд нэг удаа зохиогддог Бүх ард түмний урлагийн их наадам болж, залуухан цэрэг Н.Энхбат “Хазаар даран тэмүүлсэн Халзан борлог морь минь байна аа хө Халуун сүүгээ шимүүлсэн Хайртай буурал ээж минь байна аа хө” хэмээн “Дуулж явна” дуугаа эгшиглүүлэн алтан медаль энгэртээ гялалзуулжээ. Медальтнуудын нэгдсэн тоглолтын үеэр үзэгчид түүнийг таван удаа дахиулж ёстой л залуу хүүгийн урлагийн их замыг өнгөлж өгсөн байна. Үүний дараа нутгаас нь “Эвлэлийн үүрийн дарга хий” гэдэг санал ирж нутгийнхаа зүг хүлгийн жолоо залахад хүрчээ. Нутагтаа явж очиход Илгээлтийн эзэн залуучуудын улсын II зөвлөгөөн болж, дуу хуураа өргөхөд “Алтай” чуулгын уран сайхны удирдаач, УГЗ М.Норсонжав, хөгжмийн багш УГЗ Ш.Аюуш нар ихэд олзуурхан “Н.Энхбат чуулгад дуулах хүүхэд мөн байна” хэмээн санал тавьснаар эдүгээ нэг насаараа овоглож алтан тайзат “Алтай” чуулгынхаа босгыг давсан түүхтэй юмсанж. Тэрээр чуулгадаа тасралтгүй 16 жил ажилласан уран бүтээлч. Тийм ч учраас Алтай нутгийнхан Н.Энхбатдаа ихэд хайртай байдаг нэг том шалтгаан энэ билээ.
“Алтай” чуулга 52 жилийн дараа анх удаа мэргэжлийн дуу бүжгийн чуулгуудын улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн нь
Энэ л үед тэрээр эдүгээ ард түмнийхээ сэтгэлд хоногшсон “Хонгорзул”, “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг” хэмээх уран бүтээлүүдээ туурвиж, өөрийн хүсэл зорилго, тэмүүлэл, хүчин чармайлтаар алсын 1000 гаруй км-ээс дуугаа өвөртлөн хотод ирж Монголын радиод өгч, кассетэнд бичүүлэн захаар тарааж өөрийгөө таниулах, уран бүтээлээ үзэгч сонсогчдод хүргэх их аяныг эхлүүлсэн байдаг аж. Орон нутгийн уран бүтээлчид бусдын авьяас, мөнгөө заран олон нийтэд хүргэсэн дууг дуулж, цалин бодуулаад суудаг байдлыг зогсоож, өөрийн гэсэн урын сантай байх ёстой гэдэг бодол Н.Энхбат дуучинд “Алтай” чуулгад байхад аль эртнээс ундарч эхэлсэн гэнэ. Яг тэр үед Завханаас гавьяат С.Батсүх мандаж, хөдөөний дуучин Монгол даяар алдаршиж болдгийг өөрийн нүдээр харснаар урын сантай болох хүсэл эрмэлзэл нь улам бадарсан гэнэ дээ. Тийм ч учраас баруун Алтайн унтаж байсан ард түмнийг сэрээсэн хоёр дахь хүн бол яахын аргагүй Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Энхбат юм. Тэрээр нутгийн олон сайхан гавьяатуудын зам мөрийг зааж өгсөн эрхэм хүмүүн гэдгийг уран бүтээлчид дуу нэгтэй хэлцгээдэг. Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, С.Ганзориг, Х.Батмэнд, Х.Мөнгөнцэцэг гээд уран бүтээлчид Н.Энхбат ахынхаа гаргасан зам мөрөөр урагшилж эдүгээ монгол түмнийхээ хайртай дуучид болсон билээ.
Тэгвэл зочны маань нэрийн хуудас болсон “Хонгорзул” дуу 1999 оны сүүлч 2000-аад оны эхээр зохиогдсон байна. Говь-Алтай аймгийн уугуул, сэтгүүлч, яруу найрагч Я.Бадамсүрэн үгийг нь бичиж, хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов аялгууг нь хийж 2000 онд Монголын радиогийн Цагаан лавай дууны уралдаанд анх дуулан тусгай байрт шалгарчээ. Удалгүй “Морин хуур” хөгжмийн наадамд сойж шилдэг 25 дууны нэгээр шалгарснаар “Хонгорзул” дуу хоромхон хугацаанд хит болжээ. Энэ дуутай холбоотой олон янзын дурсамж байдаг гэнэ. Монголын радиогийн “Хөх тэнгэр” радио станцаар хамгийн олон удаа эгшиглэсэн зохиолын дуугаар 2001 онд шалгарч байсан бол Хүсэлтийн хариу нэвтрүүлгээр нэг өдөр сонсогчид 25 удаа захиалан сонссон удаатай аж. Мэдээж энэ дуу төрөх үеэс охидоо “Хонгорзул” хэмээн нэрлэсэн тохиолдол маш олон. 2006 онд дуучин маань гурав дахь тайлан тоглолтоо тавих үеэр Хонгорзул дуу мэндлэхэд ийм нэр авсан хүүхдүүдэд Мобикомын алт, мөнгөн дугаар бэлэглэнэ хэмээн зарлаж орхиж. Уг нь бодохдоо олон хүүхэд байхгүй байх гэтэл яг тоглолтын үеэр “Хонгорзул” нэртэй 65 бяцхан охин гарч ирэн дуучныг алмайруулжээ. Түүнээс гадна энэ дуутай холбоотой олон сайхан амьдралын дурсамжаа монгол түмэн дуучинтай холбогдон хуваалцдаг гэнэ. Дуучин маань энэ уран бүтээлийнхээ түүхэн ойг бэлгэшээн “2020 он гэдгийг их бэлгэшээж байгаа. Эвийн хоёр загас адил ихэр хоёр тоо” хэмээж байв.
Зочны маань уран бүтээлийн найз бол хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов гэж байв. Тэрээр “Хонгорзул”-аас гадна “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг”, “Орой намрын бороо” зэрэг дууных нь зохиогч. Эдгээр дууны нэг монгол түмнийхээ сонорыг мялаасан нэгэн уран бүтээл нь яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлэг “Намайгаа дурсаарай” хэмээх сайхан дуу бий. “Асгарсан сарны туяан доор Аяар аяархан дуулаарай Намайгаа уяран дурсахдаа Намрын хусыг түшээрэй” хэмээн шүлэглэсэн яруу найрагч Ц.Бавуудорж “Орчлонг аргаддаг өнгөнүүдийн нандин өнгө нь Энхбат дуучин. Их ховор сайхан хоолойтой хүн дээ” хэмээн онцолсон байдаг.
“Гэрэлтэй насны гүнж тогоруу, Гэгээн залуу хайр минь баяртай, Дэндүү дэндүүхэн дурласан юмсан даа Дээлийнхээ энгэрт нулимстай үлдье дээ” хэмээх дахилттай “Гүнж тогоруу” дуу бас л сонин түүхтэй гэлцдэг. Б.Цэрэндондов анх энэ дуугаа Сэлэнгийн Долгио чуулгынхаа дуучнаар дуулуулахаар Монголын радио дээр ирээд байхад нь Н.Энхбат гуай таарч, өөрт нь ихэд таалагдсан тул санал тавиад авч чадаагүй аж. Харин радиогоос гарч явах зуур үгийг нь бичсэн Я.Бадамсүрэнтэй халз тулж дууг нь дуулах сонирхолтойгоо хэлж. Яруу найрагч ч дуртайяа зөвшөөрч, тэр дор нь нэг бадаг нэмж зохиож өгчээ. Дуучин маань “Гүнж тогоруу”-г дуулчихаад кассетэнд бичүүлээд захынханд тараачихаад нутаг руугаа яваад өгч. Удалгүй хотод ирвэл дуу нь хит болоод амжсан байв. Я.Бадамсүрэн яруу найрагч энэ дуугаа “Диана гүнжид зориулж бүтээсэн” хэмээн хуучилдаг гэнэ. Н.Энхбат гуай түүнийг “Олны дунд битгий хэл, онигоо болно хэмээн” хошигнож явсан удаатай аж.
Дуучны маань хань ижил Э.Нарантуяа хэмээх эгэл даруухан бүсгүй байна. МХЕГ-т ажилладаг, хуульч эрх зүйч мэргэжилтэй. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул. “Ээж нь багад нь бурхан болж багаасаа амьдрал үзсэн учраас эр хүнд түшиг болж явах ухаантай бүсгүй” хэмээн гэрийн эзэн гэргийгээ магтаж байна. Харин гэргий Ж.Нарантуяа нь “Ханийнхаа дуулсан олон дуунд дуртай. Тэр дотроос “Хонгорзул” дуунд хамгийн их дуртай. Хань маань биднийхээ төлөө нэгэн сэтгэлээр зүтгэдэг хүн хэмээн” Н.Энхбат дуучны тухай товч бөгөөд тодорхой дүгнэн хэлэх аж.
“Хонгорзул” дууныхаа нэрийг хайрласан бага охиныхоо хамт
Тэд 1992 онд гэр бүл болсон юмсанж. Тэднийх хоёр охинтой. Том охин Э.Маралмаа нь эмч мэргэжилтэй бөгөөд одоо гадаадад мэргэжил дээшлүүлж яваа гэнэ. Харин бага охин Э.Хонгорзул нь ахлах ангийн сурагч. “Хонгорзул” дууныхаа нэрээр бага охиноо нэрлэснээ энэ зуур хуучлав. Тэднийх 2003 онд Улаанбаатар хотод ирэн суурьшиж, Н.Энхбат гуай ч уран бүтээлдээ шамдан орсон байна. Уран бүтээлийн хэд, хэдэн удаагийн тайлан тоглолтоо хийж, монгол түмнээ баясгажээ.
Тэрээр зөвхөн уран бүтээл туурвиж, өнгө мөнгө хөөхийг хүсээгүй нэгэн болохыг өнгөрсөн гурван жилийнх ажлын жишээнээс харагдана. Тэртээ 1988 оноос эхлэн 16 жил тасралтгүй ажилласан “Алтай” чуулгадаа өөрийн хүсэлтээр 2016 онд очин ажиллажээ. Энэ удаа дуучны хувиар бус чуулгынхаа өнгө төрх, үндэсний хэв загварыг нь бий болгох том зорилго тавин очжээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын санаачилгаар хөдөөгийн гуравхан аймагт чуулга байгуулсны нэг нь Говь-Алтайн “Алтай” чуулга. Ийм түүхт байгууллага нэр төртэй, зүстэй явах ёстойг Н.Энхбат дуучин маань эртнээс харж, сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь доголдож, гундах болсныг анзаарчээ. 2012 онд гэхэд чуулга нь мэргэжлийн дуу бүжгийн чуулгуудын уралдаанд хамгийн сүүлийн байрыг эзэлж, орон нутгийн уран бүтээлчдээс илүү гадны бүтээлчид цугларах болж. Тиймээс нутгаа зорин өнгөрсөн гурван жилийн хугацаанд багагүй ажил амжуулснаа дуулгаж байна. “Алтай” чуулгын 50 жилийн ой 2016 онд тохиож тэр үеэр чуулгыг Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын нэрэмжит болгожээ. Үндэсний боловсон хүчний бодлого алдагдаж ирснийг засахын төлөө мэрийж өөрийн хүч хөдөлмөрөөр хөгжмийн багш, бүжгийн багш, дууны багшийг Улаанбаатар хотод сургаж эхэлжээ. Түүгээр зогсохгүй “Алтай” чуулга 52 жилийн дараа анх удаа чуулгуудын мэргэжлийн дуу бүжгийн чуулгуудын улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн түүхэн амжилтыг үзүүлжээ. Тэнд бас Н.Энхбат даргын санаачилгаар 21 аймагт байхгүй орчин үеийн дуу бүжгийн студи байгуулсан байна. Энэ бол орон нутгийн уран бүтээлчдийн хувьд маш том олз. Уран бүтээлчид бүтээлээ бичүүлэхээс гадна сумдынхаа уран бүтээлчдийн дуу, пнограмм бичиж ашиг орлого олох боломжтой гэж үзсэн байна. Н.Энхбат дуучин ажиллах хугацаандаа чуулгаа цайны газар, автобустай болгож амжжээ. Гадаад харилцаа ч сэргээж 25 жилийн дараа БНХАУ-ын Ганьсу мужид 40 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт хийсэн бол Казахстан улсад 53 жилийн дараа ардын урлагийн хамтлаг очиж тоглосон гэж байна. Өөрийн сумдаар болон баруун аймгуудаараа ч олон жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийжээ.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр орон нутгийн намын талцал урлагийн салбарт халдварлаж, ажил явуулахад хэцүү байсныг зочин маань дуулгаж байв. “Өсөж өндийж өдөлж ниссэн чуулгаа мэргэжлйин урлагийн байгууллага болгохоор ар гэр, уран бүтээл, ашиг орлогоо орхиж сэтгэлийн дуудлагаар очсон. Уран бүтээлч хүн бол соён гэгээрүүлэгч гэж боддог. Ард түмний оюун санааг хөглөж байгаа хүмүүс бид. Гэвч орон нутагт улс төрийн талцал маш их болж, үнэн үүдэнд сууж худал хойморт заларч, сайн нь муугаасаа ялгарахаа байсан цаг болжээ. Хүмүүсийн оюун санаа, тэр дундаа хөдөө орон нутгийн иргэдийн оюун санаа, хандлага ямар их муудсаныг энэ гурван жил харлаа. Дуу дуулдаггүй дуучинтай, цалингаа бодож чаддаггүй нягтлантай чуулга угтсан. Ажилчид нь архи ууна, ажлын цагаар ажлын байран дээр дугуйлан ажиллуулж ашиг олно. Би бол нам бус хүн. Зарим хүмүүс намайг улс төр лүү орсон гэдэг юм. Би хэзээ ч аль нэг намын батлах өвөртлөөд явж байгаагүй. Харин би хүнийг нь харж дэмждэг. Гэвч орон нутагт тийм биш аж. Шантрахгүйгээр ажилласан. Ард түмэн, дарга нарын тэр их улстөржсөн, хагалан бутарсан, нэгнийгээ үзэн ядсан сэтгэлийн их хямралыг арилгах зүйл бол би хувьдаа шашин, урлаг гэж харсан. Тийм ч учраас гурван жил дараалан шашин урлагийн цэнгүүнийг нутагтаа зохион байгууллаа. Наро Банчэн гэгээнтнийг хоёр удаа нутагтаа залж, олон мянган хүнд бурхан багшийн сургаалыг айлтгууллаа. Ямартаа ч энэ ажлууд маань үр дүнгээ өгсөн гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэлийн үгээ уудлав.
Н.Энхбат дуучныг зөвхөн дуучин гэдгээр нь харвал өрөөсгөл ойлголт гэдгийг түүний ярьж буй сэдвээс түвэггүй ойлгоно. Энэ хүн бол шашин, нийгэм, улс төр, соёлын томоохон зүтгэлтэн мөнөөсөө мөн. Анх Улаанбаатарт тоглолт зохион байгуулж таван сая төгрөгөөр “Алтай” чуулгадаа дуу бичлэгийн студи бэлэглэж байсан бол 2006 онд бие даасан тоглолтынхоо орлогоос нь 1.5 сая төгрөгийг Улаанбаатар хотын иргэнийхээ хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах санд хандивлаж байжээ. Урлагийн хүмүүс ийм л өргөн цар хүрээтэй сэтгэдэг, нийгмийнхээ соён гэгээрүүлэгч байх ёстой. Үүний үлгэр жишээг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Энхбат дуучин тодоор үзүүлж явна. Цаашдаа ч нийгэм, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлст хүчин зүтгэнэ хэмээн зочин маань ярьсан юм.
Б.ЭНХЗАЯА