Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагнав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар өнөөдөр /2020.02.05/ хэвлэлийн бага хурал зарлан, 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10 удаа хуралдаж, бие даасан гурван хууль, хамт өргөн мэдүүлсэн гурван хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоолыг батлуулсан хэмээн Байнгын хорооны дарга Д.Оюунхорол мэдээллээ. 2019 намрын чуулганы хугацаанд харьяа хоёр байгууллагын тайланг хэлэлцэж хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 19 удаа хуралдсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Байнгын хорооны дарга УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан хуулиудын талаар танилцуулсан юм.

ИРГЭДИЙГ ХОРТ
ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНД
ХАМРУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ

Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд нь хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдол бүхий Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулсныг Байнгын хорооны дарга онцолсон.

Манай улсад жилд 6000 хүн хорт хавдар гэсэн онош сонсож, 60 хувь нь тэр жилдээ нас бардаг гэсэн судагаа байдаг бөгөөд хорт хавдраар өвчлөгсдийн 36 хувь нь элэгний, 15 хувь нь ходоодны, зургаан хувь нь улаан хоолойн, найман хувь нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд аж. Нийт хавдраар нас барагсдын 65 хувийг энэ дөрвөн төрлийн хорт хавдар эзэлдэг байна.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж, зорилтот бүлгийн иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 30 хувь, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувь, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой гэсэн гэж үзэж байгааг тэрбээр тодотгосон юм.

ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙН
ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ

Энэ хуулиар 1990 онд баталсан БНМАУ-ын тэтгэврийн хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дээрх нөхцөлөөр 21 208 иргэн Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрийн 14 465 нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3786 нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 2957 нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд юм.

Эдгээр 21208 иргэдийн суурь тэтгэврийн хэмжээг 50 000 төгрөгөөр нэмэгдүүлэхэд 12.7 тэрбум төгрөг шаардлагатай байсныг 2020 оны төсөвт тусгасан байна. Ингэснээр эдгээр иргэдийн тэтгэврийн хэмжээ дунджаар 362.0-497.0 төгрөгт хүрлээ. Түүнчлэн 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс тэтгэвэр авагчдын тэтгэвэр 25 000-30 000 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг Байнгын хорооны дарга дурдсан.

ИННОВАЦИД
СУУРИЛСАН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИ БИЙ БОЛЖ, ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ҮНДЭСНИЙ
БРЭНДИЙГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Нийгмийн бодлого, болосврол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулсан билээ. Хууль батлагдсанаар инновацийн үйл ажиллагаа, дэд бүтэц, түүнд оролцогч талын эрх үүргийн хуваарилалт тодорхой болж, талуудын оролцоо тэгш хангагдан, төрөөс олгож буй санхүүжилтийн дэмжлэг оновчтой болох юм. Түүнчлэн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох, төр-хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, түншлэл өргөжин тэлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. Хууль хэрэгжсэнээр эдийн засагт инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хувь хэмжээ нэмэгдэн, шинэ бүтээгдэхүүн, технологи бий болж, олон улсын зах зээлд үндэсний брэндийг нэвтрүүлэх урт хугацааны тогтвортой хөшүүрэг, суурь тавигдах боломж бүрдэж буй юм.

ИРГЭНИЙ
ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ
БАТЛАГДАВ

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар 31-ний байдлаар нийтдээ 421.1 мянган иргэн тэтгэвэр авч буй бөгөөд тэдгээр иргэдийн 54.5 хувь буюу 229.4 мянган тэтгэвэр авагч нь 763.3 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан юм. Үүнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар хуульд заасан гэдгийг Байнгын хорооны дарга Д.Оюунхорол тодруулан хэллээ.

Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийн төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоож, тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас эзэмшүүлэх зохицуулалтыг тусгасан юм. Тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь 1.0 сая төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэхээр тусгасан бөгөөд тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй болон зээлийн үлдэгдэл төлбөргүй, эсхүл зээлийн үлдэгдэл төлбөр нь 1.0 сая төгрөгөөс бага байгаа тэтгэвэр авагчид эзэмшүүлэх үнэт цаасыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр заасан юм.

Тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх зорилгоор тэтгэвэр авагч жилд нэг удаа 6 хүртэл сараас дээш хугацаагаар тэтгэврээ барьцаалан зээл авахыг хориглосон гэдгийг мөн дурдлаа.

ҮНДЭСНИЙ ТҮҮХ,
ХЭЛ, СОЁЛ, ШАШНЫ ӨВ УЛАМЖЛАЛ, ЗАН ЗАНШЛАА ХАДГАЛАН ХАМГААЛЖ, ХӨГЖҮҮЛЭХ,
МОНГОЛЧУУДЫН ЭВ НЭГДЛИЙГ БАТАТГАХ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг тус байнгын хорооноос УИХ-аар хэлэлцэн батлуулсан.

Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан бөгөөд энэхүү Их дүйчин өдөр Бурханы шашны орнуудад мацаг барих, согтууруулах ундаа худалдаалахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, ядууст хоол, өглөг өгөх, бусдад туслах, төрийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, их цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлсийг дэлгэрүүлдэг байна. Энэ үеэр баяраас үүдэж гардаг архидан согтууралтай холбоотой хэрэг болон баярын өдрүүдэд гардаг гэмт хэргийн тоо эрс буурдаг нь бусад тэмдэглэлт баяруудаас эрс ялгардаг байна.

Уг хууль батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэдгийг Байнгын хорооны дарга тодотгосон.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд одоо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ , Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэгдэж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр Байнгын хорооны дарга мэдээлсэн.

2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос холбогдох яам, харьяа газартай хамтран найман удаагийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан байна.

Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны үйл ажиллагааны тайлан мэдээллийг танилцуулсны дараа Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарьт шөнийн шалгалт хийж байна

НМХГ-аас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/107 тоот захирамжийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий баар, караоке, ресторан, кафены цагийн хуваарьт шөнийн шалгалт хийн ажиллаж байна.

Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран Согтууруулах ундаагаар 04:00 цаг хүртэл үйлчилдэг ресторан, баар, караоке, паб, кафег 00:00 цаг хүртэл ажиллаж буй эсэхэд хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар нийт 70 газар хамрагдсанаар баар 29, караоке 10, паб 7, ресторан 24-ийг шалгахад зөрчил дутагдалгүй 00 цагт үйл ажиллагаа бүрэн зогссон байна.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй 10 брэндийн нэгээр HUAWEI тодорлоо

Их Британид төвтэй брэнд үнэлгээ, стратеги зөвлөгөөний тэргүүлэгч БРЭНД ФАЙНАНС олон улсын байгууллагаас Huawei брэндийг анх удаа хамгийн үнэ цэнтэй топ 10 брэндийн нэгээр нэрлэснийг энэ даваа гарагт Huawei компани зарлав. Саяхан нийтлэгдсэн Brand Finance Global 500 2020 тайланд Huawei нь 65.084 тэрбум ам.долларын брэндийн үнэлэмжээр жагсаалтад байгаа Хятадын гурав дахь компани болж байгаа бөгөөд тус брэндийн үнэ цэн жил бүр 4.5 %-иар өсөж байгаа аж.

“Олон нийтийн магтаал маргаан дунд байнгын анхаарлын төвд байдаг Хятадын аварга компани хөгжин урагшилсаар байгаа ба 65.1 тэрбум ам.долларын брэндийн үнэлэмжээр анх удаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй топ 10 брэндийн жагсаалтад багтлаа” гэж Брэнд Файнанс тайландаа цохон тэмдэглэжээ.

Шилдэг 500 брэндийн 45.4 %-ийг бүрдүүлж буй 205 компани нь АНУ-ын компаниуд бөгөөд тэдний нийт брэндийн үнэлгээ 320.4 тэрбум ам.доллар болсноор эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг улсаар тодорсон. Хятад улс удаалж тус жагсаалтын 18.9 %-ийгэзэлж байгаа тус улсын 70 компанийн нийт брэндийн үнэ цэн 133.4 тэрбум ам.доллар болсон байна.

Технологийн салбар нь хамгийн үнэ цэнтэй салбар хэвээрээ байгаа ба хамгийн үнэтэй 500 брэндийн 46 нь буюу 14% нь технологийн салбараас гаралтай. Тэдгээр технологийн салбарын компаниудын нийт үнэ цэн 986.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Huawei нь Хятадын цорын ганц технологийн брэнд болж хамгийн үнэ цэнтэй топ 10 брэндийн жагсаалтад багтсан.

2019 онд Huawei компанийг 240 сая ширхэг ухаалаг гар утас үйлдвэрлэж, дэлхийн хоёр дахь том ухаалаг утас үйлдвэрлэгч гэсэн байр сууриа хадгална гэсэн таамаглалыг бодит болгож чадсан. Тус компани 44 сая гаруй ширхэг HUAWEI Mate цуврал, HUAWEI P цувралын утас борлуулсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 50%-иар өссөн үзүүлэлт байсан. Чухал, дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлсний үр дүнд2019 оны 12 дугаар сарын байдлаар Huawei компанийн 5G ухаалаг гар утасны борлуулалт 6,9 сая ширхэгт хүрсэн.

Мөн онд Huawei компани нь тодорхой хэмжээгээр олонд танигдсан HiLink экосистемийн таблет, хувийн компьютер, IoT төхөөрөмж зэрэг олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлж зах зээлд танилцуулсан.

Website: https://consumer.huawei.com/mn

Facebook: https://www.facebook.com/huaweimobilemn/

Instagram: https://www.instagram.com/huaweimobilemn

Categories
мэдээ спорт

Талбайн теннисчид Шинэ Зеландын Веллингтонд ур чадвараа сорьж байна

Шинэ Зеландын Веллингтон хотноо Монголын теннисчид хоёрдугаар сарын 4-8-нд болох эмэгтэй теннисчдийн багийн хамгийн том тэмцээн болох “FED CUP” дэлхийн цомын тэмцээний Ази болон Далайн орнуудын бүсийн II хэсгийн тоглолтод оролцож байна.

Тэмцээнд оролцох багууд 5 ангилалд /дэлхийн 1, дэлхийн 2, тивийн бүс 1, тивийн бүс 2, тивийн бүс 3/ эрэмбэлэгддэг. Тэмцээний ерөнхий зарчим нь ангилал тус бүртээ сайн тоглосон багууд дээшээ шат ахих эсвэл доош унах байдлаар тоглоно.

Монголын теннисчид энэ нэр хүндтэй тэмцээнд түүхэндээ анх удаагаа орж байгаа юм. Ази болон Далайн орнуудын бүсийн хоёр хэсгийн тэмцээний “А” зоонд Пакистан, Шинэ Зеланд, Сингапурын шигшээ багтай оноолт таарсан байна. Энэхүү тэмцээнд А.Жаргал, Э.Эрдэнэсүрэн, Б.Шинэжаргал, Э.Болор нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг эхний тоглолтоо Пакистаны багтай хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар зэгсний зэрлэг гахай агнасныг илрүүлэн шалгаж байна

“Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймгийн Бөхмөрөн сумын гуравдугаар багийн иргэн “Б”, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын тавдугаар багийн иргэн “Э” нар гурван удаагийн үйлдлээр тус сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрээс гурван тооны зэгсний зэрлэг гахай хууль бусаар агнаж улмаар ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулах гэж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Зэгсний зэрлэг гахайн экологи, эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор эрийг нь 2.9 сая, эмийг нь 3.3 төгрөгөөр тогтоосон ба Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлдэг.

Хууль бусаар зэгсний зэрлэг гахай агнасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн /Хууль бусаар ан агнах/ 1 дэх хэсэгт 2,7 сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэл баасан гарагт дуусна

Цэргийн бүртгэл нийслэлд 2 дугаар сарын 7-ныг хүртэл орон сууц, гудамжны хороодын Засаг даргын ажлын байранд явагдаж байна.

Цэргийн бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт бүртгэлийн явцтай танилцаж, дүүргийн Цэргийн штабын дарга нар мэдээлэл хийсэн юм. Одоогийн байдлаар цэргийн бүртгэл нийслэлд 60 гаруй хувьтай, дүүргүүдэд 68-70 гаруй хувьтай байна.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэл ирэх баасан гарагт дуусах тул иргэдийг үлдсэн хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдахыг уриалж байна. Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

  • Иргэн-18-50 нас
  • Дээд офицер /генерал/-65 нас хүртэл
  • Ахлах офицер-60 нас хүртэл
  • Дунд офицер, ахлагч -55 нас хүртэл
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч – 50 нас хүртэл
Categories
мэдээ нийгэм

Б.Махбалыг суллана

Image result for Б.Махбал"

2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарч, тухайн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан. Уг хэрэгт Б.Махбалыг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд байгаа юм. Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг өнгөрсөн хугацаанд шүүхээр тогтоож, ял шийтгэл оногдуулж чадаагүй. Ингээд түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т заасныг баримтлан энэ сарын 8-ны өдөр суллах болжээ.

Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Hakuho cup-2020” тэмцээн Японд болов

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Hakuho cup-2020” тэмцээн Японд болов.

Энэхүү 10 дахь удаагийн тэмцээнд 14 орны 1133 тамирчин долоон насны ангилалд өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын бөхчүүд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. “Хакүхо цом”-ын ахлах нас буюу 13-15 насны ангилалд 352 бөх барилдсанаас монгол сүмоч хүү А.Сосорхүү, Б.Баярболд нар түрүү булаалдсан байна. Аваргын төлөөх уг барилдаанд Японы Тоттори Жохокү сургуулийн сурагч А.Сосорхүү түрүүлж, Б.Баярболд үзүүрлэлээ. Мөн 10 насны ангилалд (160 бөх барилдсан) Г.Доржцэрэн, 11 насны ангилалд (182 сумоч) А.Адитяа, багийн барилдаанд Монголын бөхчүүд тус тус хүрэл медаль хүртэв. “Hakuho cup-2020” тэмцээний багийн аварга шалгаруулах барилдаанд 168 баг оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Хяналт шалгалтын явцад 51 зөрчлийг илрүүллээ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар хяналт, шалгалтад 9 байгууллагыг хамруулан, 51 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 18 зөрчлийг арилгууллаа.

Бусад зөрчлийг арилгуулахаар байгууллагын эрх бүхий албан тушаалтанд заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Бүх насныхан сонор сэрэмжтэй байхыг ДЭМБ-ын зүгээс​ анхаарууллаа

Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн тархалтын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д 2020.02.03-ны өдөр нэг иргэн тусгаарлагдсан. Энэ иргэний лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарсан буюу титэм вирусийн халдвар илрээгүй. Мөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирээд Дархан-Уул аймагт очсон нэг иргэнийг тусгаарлан хянаж байна. 2020.02.04 ны өдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг эмчийн хяналтад авсан. Үүний хариу маргааш гарна” гэлээ.

Дэлхий дахинаа титэм вирусийн халдвар эрэгтэйчүүдэд давамгайлж байгаа бөгөөд нэг сартай хүүхэд болон 97 настай иргэнд халдвар тархсан тул бүх насныхан сонор сэрэмжтэй байхыг ДЭМБ-ын зүгээс анхаарууллаа.

БНХАУ-аас бусад оронд гарч байгаа халдварын тохиолдол БНХАУ-д аялсан түүхтэй байгаа учраас халдварын голомтод бүс нутгаас ирсэн иргэдэд 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлан ажиглаж халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.