Categories
мэдээ нийгэм

“Мэдрэгч огт дуугарахгүй”, “Дуугараад унтрахгүй байна” гэх дуудлага ирдэг

Сайжруулсан түлш болон цаг үеийн бусад асуудлаар НОБГ НМХГ Агаарын бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд 14 өрхөөс угаарын хийд хордсон гэх тайлбартайгаар 31 иргэн, /8 хүүхэд 23 том хүн/ хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авчээ. Эмнэлэгт нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Угаарын хийн дуудлагын ихэнх хувь нь СХД, БЗД-ийн өрхөөс ирсэн байна. Эдгээр нь гэр хорооллын айл өрх ихтэй дүүргүүд юм. Нэгдүгээр сараас хойш угаарын хийн хордлогын шалтгаан нөхцлийг судалж үзэхэд:

Пийшин зуухны сойлтыг хаагаад унтсан.

Ханан пийшин эвдэрсэн

Зуух, яндангийн холбоос завсартай

Яндан маш их хөө тортогтой

Хэт нам яндантай зэрэг тохиолдол зонхилсон байна. Мөн таван ханатай гэрээс илүүтэй байшинд амьдардаг айл өрхүүд угаарын хийд өртсөн тохиолдол илүүтэй бүртгэгджээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт байрлаж буй штабд угаарын хийн мэдрэгчтэй холбоотой маш олон дуудлага мэдээлэл ирдэг аж. Иргэд “Мэдрэгч огт дуугарахгүй”, “Дуугараад унтрахгүй байна” гэх дуудлага өгдөг байна. Иймд иргэд, олон нийт мэдрэгчийн хамт өгсөн гарын авлагатай сайтар танилцахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн шүүх З.Баянсэлэнгэд холбогдох Эрүүгийн хэргийг 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлосон. Гэвч шүүх хуралдаанд гэрч, хохирогч, 2 шинжээчийг оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тул шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарыг дуустал ариутгал халдваргүйжүүлэлтийг нийслэлийн хэмжээнд хийнэ

Нийслэлийн онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэлт, түүнд тавих хяналт зохион байгуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр “БНХАУ-д шинэ коронавирусийн халдвараар нийт 28,251 хүн өвчилж, 564 хүн нас барсан, дэлхийн 24 улсад өвчний тохиолдол бүртгэгдлээ. Нийслэлийн онцгой комиссын даргаас өчигдөр Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодод урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлт ариутгал хийх үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой журмын төсөл боловсруулж эхэлсэн.

Нийслэлийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг багасгаж хязгаарлахын тулд эрүүл мэндийн байгууллагуудад иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Шинэ коронавирусийн талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээж байна” гэлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг комиссын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр “Засаг даргаас өчигдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зах худалдааны төв, орон сууц, гэр хорооллуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг яаралтай зохион байгуулах үүрэг өглөө. Энэ дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөө гарсан. Гуравдугаар сар дуустал ариутгал халдваргүйжүүлэлтийг нийслэлийн хэмжээнд хийхээр болсон. Тусгай зөвшөөрөл бүхий 41 аж ахуйн нэгж энэ ажлыг хийж гүйцэтгэнэ, Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана” гэсэн юм.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэлийг өглөө. Мөн тэрбээр “Улаанбаатар хот руу орж, гарч байгаа хөдөлгөөн төмөр зам, орон нутгийн агаарын тээвэр, авто тээвэр зэрэгт тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил сулрах ёсгүй. Иргэдэд хандсан уриалга заавар зөвлөмжийг цаг тутам хүргэж ажиллах хэрэгтэй.

Гадуур амны хаалт зүүх, урьдчилан сэргийлэх иргэдийн хариуцлага сул байна. Урд хөршид шинэ төрлийн вирусийн тархалт буурахгүй байгаа учраас хяналт, урьдчилан сэргийлэлтийг тэр хэрээр дээшлүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн онцгой комиссын зарим гишүүн хариуцлагатай байх ёстой. Төрийн алба түшмэлээр дутахгүй. Онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй, ажил хийдүүлж байгаа албан тушаалтнуудад хатуу анхааруулж хариуцлага тооцно” гэдгийг сануулаад вирусийн тархалт буурах хүртэл хариуцлагатай ажиллахыг бүх гишүүнд онцгой анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдана

Улсын онцгой комисс өчигдөр Төрийн ордонд хаалттай хуралджээ. Хуралдаанаар БНХАУ-аас импортоор оруулж ирдэг гахай, тахианы махыг оруулж ирэхийг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан байна.

Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн өвчлөл дэгдэж байгаатай холбогдуулан аль нэг эмнэлгийг суллаж, зөвхөн өвчилсөн хүмүүсийг эмчлэх зориулалтаар ашиглах зэрэг шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд Улсын онцгой комисс дахин хуралдана. Хуралдаанаар дээрх шийдвэрүүдийг дахин хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөжээ. Харин Улсын онцгой комиссын шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж Засгийн газар хуралдах эсэхээ шийдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусын эсрэг эмийг өвчтөнүүдэд хэрэглэж эхэллээ

Image result for коронавирус

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн зөвлөл болон бусад холбогдох газруудаас шинэ коронавирусын эсрэг үйлчилгээ бүхий ремдизвер гэх эмийг баталж, өнөөдрөөс эхлэн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины үрэвсэлт өвчтөнүүдэд өгч эхэлжээ. Уг эмийг АНУ-ын “Gilead” гэдэг биотехнологийн компани болон Хятад-Японы эмнэлэгтэй хамтран Ухань хотод хүн дээр туршиж байжээ. Ремдизвер эм нь лабораторийн нөхцөлд хийсэн туршилтаар шинэ коронавирусийн эсрэг тун сайн үйлчилгээтэй байсан бөгөөд хүн дээр явуулсан туршилтад эсийн түвшинд үйлчилгээ өндөр байжээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дархан, Өвөрхангай чиглэлд зорчигч урсгал ачаалалтай байна

Автотээврийн үндэсний төвөөс шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна.

Мөн зорчигч тээврийн төвүүд болох Драгон, Тэнгэр, Лавай авто вокзалууддаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

Ингэхдээ зорчигч тээврийн төвүүдийн зарлагчаар сэрэмжлүүлэг хүргэж, зарлан мэдээлэх, зөвлөмж хүргэх, гар ариутгах, амны хаалт зүүх шаардлагыг тавьж, биеийн халууныг шалгаж байгаа юм байна. Тус үйлдвэрийн газраас даатгалын компаниудтайгаа хамтран, нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигчдод үнэгүй амны хаалт тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа.

Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дархан, Өвөрхангай чиглэлүүдэд зорчигч урсгал илүү ачаалалтай байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Хот хооронд өдөрт 76 чиглэлд дунджаар 4,000-5,000 орчим зорчигч үйлчлүүлдэг бол зорчигч урсгал, ачаалал ихтэй эдгээр өдрүүдэд зөвхөн Улаанбаатараас орон нутаг чиглэсэн зорчигч урсгалын тоо 6,000 гаруй болж өссөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор зорчигч урсгал нэмэгдсэн хэдий ч өнөөдрийн байдлаар харьцангуй ачаалал багасаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд хүрсэн хэдий ч ирэх сараас орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тул эдгээр өдрүүдэд мөн нэмэлтээр тээврийн хэрэгсэл төлөвлөж, бэлэн байдалд ажиллана гэдгийг албаныхан хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Х.Кобаяши Монголоос Япон руу хийх экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлнэ гэв

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ирээд буй Кобаяши Хироюкиг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Ноён Элчин сайд Кобаяши Хироюки Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрбээр гурав дахь удаагаа Монгол Улсад томилогдон ажиллаж байгаагаа дурдаад “Монгол бол миний хоёр дахь эх орон гэж хэлж болно. Тиймээс Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эрчимжүүлэхийн тулд идэвх, зүтгэл гарган ажиллах болно” гэлээ.

Улсын Их Хурлын дарга, Хэйсэй эринд эхэлсэн манай хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа Рэйва эринд илүү өндөр түвшинд шинэ агуулга, хэлбэрээр өргөжин баяжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улс Япон Улсыг гурав дахь хөршөө хэмээн үзэж, харилцан хамтарч ажиллаж ирсэн түүхэн уламжлалтайг тэрбээр хэлээд, “Намайг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед манай хоёр улс Стратегийн түншлэлийн харилцаа тогтоож байсан. Энэ нь Монгол, Япон хоёр улсын харилцан итгэлцэл, ойлголцол, түншлэлийг илэрхийлж буй. Монгол Улс шинэ нийгэмд шилжих шилжилтийн үед Япон Улс өгөөмөр дэмжлэг, туслалцаа үзүүлж, ардчиллын институциудыг бэхжүүлэх, чөлөөт зах зээлийн системд шилжихэд чухал хувь нэмэр оруулсан” хэмээн тэмдэглэв. “Говь” үйлдвэр, Хөшигийн хөндийн нисэх буудал, Япон-Монголын сургалтын эмнэлэг гэх зэрэг хоёр орны хамтран хэрэгжүүлсэн олон төсөл, арга хэмжээ амжилттай, үр ашигтай байдгийг дурдсан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа дээр дурдсан нисэх буудлын байгууламж, сургалтын эмнэлэг байгуулах зэрэг олон асуудалд ихээхэн дэмжлэг үзүүлж, чухал хувь нэмэр оруулж ажиллаж ирснийг ноён Элчин сайд энэ үеэр онцоллоо. Түүнчлэн 2019 оны 05 дугаар сард Японы эдийн засгийн нөлөө бүхий “Никкэй” сонины газраас зохион байгуулсан 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумын урилгыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч, оролцсон явдал нь хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг хэлсэн. Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ “Цаашид хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэх, өргөжүүлэх боломж бий гэж үзэж байна. Хоёр орон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулаад тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч Монгол Улсаас Япон Улс руу хийж буй экспортын хэмжээ дорвитой нэмэгдээгүй. Тиймээс Элчин сайдын хувиар би үүнд анхаарал хандуулан Монгол Улсын холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчидтэй уулзаж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно” гэлээ.

Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд эдийн засгийн харилцаагаа ижил түвшинд хүргэх нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга санал нэгтэйгээр тэмдэглэв. Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан хоёр улсын эдийн засаг, бизнес, худалдааны харилцаа эрчимжих боломжтой хэмээн үзэж буйгаа Г.Занданшатар дарга хэлээд “Банк, харилцаа холбооны салбарын үр ашигтай бизнес төслүүдийн амжилтыг харахад хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү их боломж бий. Монголчуудын хурд, япончуудын нягт, нямбай зан чанарыг хослуулан олон салбарт харилцан өндөр үр ашигтай хамтран ажиллах нөөц бий гэж харж байна” гэлээ. Түүнчлэн бизнес, худалдааны амжилттай харилцааны суурь болох иргэд хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцааг дэмжин хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг хэлж байв.

Япон Улсын хөгжлийн тулгуур бол сайн боловсон хүчин, харин Монгол Улсын хувьд байгалийн баялаг юм. Өөр онцлог, давуу талууд олон бий учир хөгжлийн нөөц, боломж өндөр байгаа гэж үздэг тухайгаа ноён Элчин сайд хэлсэн.

Монгол Улсаас Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэнд талархаж байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлээд, энэ санхүүжилтийн II хэсгийг олгох асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахыг Элчин сайд Кобаяши Хироюкигоос хүсэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Дархан-Уул аймагт тусгаарласан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусийн цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарч коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсоныг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

Харин Орхон аймагт тусгаарласан иргэний шинжилгээний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн бөгөөд өнөөдөр орой шинжилгээний хариу нь гарах ажээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: “Өглөө 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо өмнөх өдрөөсөө 3,857 тохиолдлоор нэмэгдсэн.

Бельгид анхны тохиолдол бүртгэгдээд байна. Анх Хятадаас гадна Тайландад анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар 24 улсад бүртгэгдсэн ч хилийн хяналтыг сайжруулснаар халдварыг гартаа авч дэлхийн хэмжээний дэгдэлт болохоос сэргийлж чадсан. Нийт тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтай байна.

ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирнэ” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Тодруулбал: Хоёрдугаар сарын 5-нд Сөүлээс Улаанбаатарын нислэгээр ирсэн Австрали улсын иргэн, Токиогоос Улаанбаатарын нислэгээр ирсэн манай улсын иргэн, мөн нэгдүгээр сарын 31-нд Замын-Үүд боомтоор нэвтэрсэн амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй манай улсын иргэнийг тус тус тусгаарлаад байна. ХӨСҮТ-д өчигдөр 17 цагийн байдлаар долоон сэжигтэй тохиолдлыг тусгаарлан тандалт, судалгаа, лабораторийн шинжилгээ хийлээ. Уханиас ирсэн 31 оюутан нэг хүүхдийг оролцуулаад нийт 85 хүнийг шинжилж хянаад байна. Үүний 67 нь ХӨСҮТ-д, 18 нь орон нутагт байна” гэлээ.

ЗТХЯ-наас зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа зохицуулалтуудыг танилцууллаа.

Иргэний нисэхийн салбарт БНХАУ-руу аялах нислэгүүдийг цуцлаад байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 3, хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын 2 нислэгийг цуцалсан.

Галт тэрэг цагийн хуваарийн дагуу явж байна. Монгол Улсын иргэдийг зайлшгүй ажилтай биш бол хилээр гаргахгүй.

Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн авто замын боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаж эхэлсэн. Өнөөдрөөс зөвхөн төмөр зам болон агаарын замаар зорчигч тээвэр явна.

Ч.ОЧИРРЭНЧИН

Categories
мэдээ нийгэм улс-төр

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр барив.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр юм. Өнгөрсөн онд бид хамтдаа Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүй байгуулсан. Улс төрийн нягт харилцааг эдийн засгийн тодорхой төслүүдээр баяжуулах нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Орос, Монгол, Хятад гурван талын яриа, хэлэлцээнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мэндчилгээг уламжилж Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллах болохоо нотлов.

Энэ өдөр Монгол Улсаас гадна БНХАУ, АНУ, Их Британи, Франц зэрэг 22 орны Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөв барьжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямралаас төсвөө танаж байж л гарна гэв

Коронавирусийн халдвар цаашид хэр удаан үргэлжлэх, оргил үе нь хэзээ дуусахыг өнөөхөндөө хэлэхэд эрт байна

Энэ вирусийн халдварын тархалтыг хүн төрөлхтөн Хятадаас гадна ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээс уншиж, харж байгаа. Мөн Америк, Европын халдварт өвчин судлалын төвүүд илүү тодорхой бодитой мэдээллийг өгч буй.

Эдийн засагч Н.Энхбаяр “Хятад улс мэдээллээ бүрэн дүүрэн өгөхгүй, хугацаа удаашруулах тал ажиглагдаж байгаа. Ийм шалтгаанаар ДЭМБ эрсдэлийн түвшин дунд зэрэг гээд зарлачихаад дараа нь шуурхай хуралдаж онцгой байдал зарласан. ДЭМБ-ын удирдлага Бээжинд ирж байж л асуудлыг ойлгож, ийм шийдвэр гаргасан.

ДЭМБ олон улсын байгууллага, вирус судлаачидтай, гэхдээ тэд бол анагаахын л мэргэжилтнүүд. Онцгой байдлын чигт ажиллах, мэдээллээ нягтлах суваг тал дээр учир дутагдалтай. Тэрийг нь АНУ, Европын холбоо нөхөөд ажиллаж байна. Өнгөрсөн даваа гаригт их долоогийн эрүүл мэндийн сайд нар теле конференс хийлээ. Мэдээж олон нийтэд бүх мэдээллээ цацаагүй.

Албан ёсны ил хурал биш учраас тэр л дээ. Гэхдээ Английн гадаад хэргийн сайд гарч ирээд Британи улсын иргэд эрүүл мэндийн эрсдэлээ бодоод аль болох бололцоотой сувгаараа гарч Хятадыг орхи гэлээ. Германы эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийлээ.

Коронавирусээс урьдчилан сэргийлэх судалгааны ажлуудад хамтран ажиллахаар тохирлоо гэж байна. Их долоогийн Эрүүл мэндийн сайд нар хуралдсаны дараа яг авч байгаа арга хэмжээ нь энэ. Цаанаа юу яригдсан нь тодорхойгүй. Илүү болгоомжилсон, тархах эрсдэл өндөр байгааг сануулсан мессежнүүд анзаарагдлаа” хэмээн онцоллоо.

Олон улсын янз бүрийн түвшинд гарч байгаа судлаачдын мэдээллээс анзаарахад халдвар тархах магадлал өндөр байна.

Өнгөрсөн сарын 23-ны өдөр Уханьд хөл хорио тогтоож, агаарын тээвэр, төмөр замаа хаасан ч бүрэн хаагаагүйн улмаас таван сая хүн гараад явсан гэх мэдээлэл дэлхийн анхааралд байгаа юм. 23, 24-н хавьцаа сүүлийн хүмүүс гарсан гэхээр вирусийн халдвар илрэх хугацаа болоогүй гэсэн болгоомжлол дуулдаж байна.

Өөрөөр хэлбэл, вирусийн халдвар авсан хүмүүсийн хувьд нууц үе нь 14 хоног орчим гэж эрдэмтэд тоггоосон. Ухань хотоос гарсан таван сая орчим хүнээс хэд нь вирусийн халдвар авсан нь хэд хоногийн дараагаас илүү тодорхой болно гэсэн үг.

Ухань хотын хувьд хоёр дахь том эрсдэл нь уг хотын байршил. Ухань төмөр замын зангилаа огтлолцол дээр байршдаг хот аж.Бүх төмөр зам Уханиар дайрдаг учраас халдвар тархах магадлал маш өндөр гэсэн болгоомжлолыг олон хүн хэлж байгаа гэнэ.

Тэгэхээр дахиад гурав, дөрөв хоног байдлыг харзнах шаардлагатай байгаа юм байна. Үүнээс хойш нэг бол халдвар буурна, үгүй бол дэгдэлт үргэлжилнэ гэсэн таамгийг дэлхийн улс орны эрүүл мэндийн салбарынхан хэлж байна.

ОХУ зөвхөн урьдчилан сэргийлэхээс гадна олон мянган ор бэлдэх арга хэмжээ авч эхэлжээ. Ер нь хөгжингүй улсууд хэрвээ нөхцөл байдал муудвал гэсэн горимд ажиллаж байгаа аж. Орост одоогоор хоёр тохиолдол илэрсэн нь хоёулаа Хятадын иргэн гэсэн мэдээлэл цацагдаж буй ч Японд аялж явсан Оросын хоёр иргэн халдвар авчихаад байгаа юм. Австралид өчнөөн хоногийн өмнө Уханиас очсон найман настай хүүхдээс одоо л халдвар илэрч байна гэх мэт коронавирусийн халдвар тойрсон мэдээлэл цацагдсаар байна.

Коронавирусийн тархалт ямар байгаа, эдийн засагт үзүүлэх нөлөө нь хэр байх талаар эдийн засагч Н.Энхбаяраас тодрууллаа.


эдийн засагч Н.Энхбаяр-н зурган илэрц

-Вакцин, эм гаргах тал дээр сүүлийн үеийн мэдээлэл өгөөч. Энэ тал дээр ахицтай үйл явдал өрнөж байна уу?

-Арай найдвартай улс гэвэл АНУ, Япон л байна. Вакциныг яг найдвартай хийж чадах олон улсын өндөр түвшний сайн лабораторитой гэдэг утгаараа. 2003 оны SARS дээр ч маш тод харагдсан. Тэрний дараа Америкийн лабораториудын хийсэн судалгаа маш сайн байсан.

Вирус судлалаараа АНУ, Япон хоёр л номер нэг. Вирусийн биологийн чиглэлийн бүх топ эрдэмтэд энэ хоёр улсад байна. Вирусийг генийн бүтцээр нь харуулсан зураг байдаг. Овог аймгийн бүтэц гэж ярьдаг даа. Тэр зурагт коронавирусийн бүх төрөл бий. Тээгчид нь сармагчин, харх гээд янз бүрийн амьтад бий.

-Одоо илрээд байгаа шинэ коронавирусийн тээгч нь сарьсан багваахай гээд байгаа билүү?

-Тэгж үзэж байгаа. Одоо энэ вирусийг хүн тээсэн учраас хүний гаралтай гээд шинэ омог болчихож байгаа юм. Коронавирусийн арваад төрлийн омог бий. Гахай, сарьсан багваахай, могойноос гадна өмхий хүрэн орж байна.

Ухань хотын зах дээр сарьсан багваахай зарсан байж ч магадгүй, эсвэл сарьсан багваахай идсэн өмхий хүрнээр дамжсан байж ч магадгүй гэж үзэж байна. Завсрын тээгч гэдэг утгаараа. Илэрсэн амьтнаас нь хамаараад короновирусийг өөр өөрөөр кодлоод дугаарлачихаж байгаа юм. Вакцины ажил нэлээд удаашралтай яваа.

Яг илэрсэн вирус нь байх ёстой. Түүнийг нь нарийн судалж уургийн хүчлийн дарааллыг тогтоодог юм байна л даа. Тэр дараалал нь байж вакцин үр дүнтэй эсэх нь тодорхой болно.

-Цэвэр вирусийг Япон гаргаад авчихсан байх аа?

-Тэгсэн. Одоогоор Хятад, АНУ, Хонг Конгт гаргаж авсан. Тэгэхээр эдгээр улсад вакцин хийх боломж бий. Хятадад технологи нь хэр сайн хөгжсөнийг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Япон, Америк хоёрт өндөр найдвар байна. Гэхдээ тэд халтуурны улс биш учраас яг процессоор нь хийнэ. 90 хоног туршдаг бол тэр дагуугаа туршина.

Ер нь вакцин хийхэд зургаан сарын хугацаа зарна гэж байгаа. Энэ бол бодитой таамаг. Тэгэхээр вакцин зургаа, долоон сард л гаргах болов уу. Одоо бол эмэн дээр ажиллаж байна.

2003 оны SARS-ын үеэр хэрэглэж байсан эмнүүд бий. Вирусийг дарангуйлдаг эмнүүд. Шинэ вирусийн дараалал, бүтэц нь SARS-тай 97 хувь адилхан. Маш бага зөрүүтэй гэсэн үг. Тэгэхээр SARS-т хэрэглэсэн эмийг одоо өвчилсөн хүнд хэрэглэхэд тодорхой үр дүн үзүүлж байгаа юм. Дархлаа сайн нь эдгэрч байна.

Дархлаа сул, настай хүмүүсийн хувьд нас барж байгаа. Одоогийн байдлаар түүнээс сайн эм бүтээхийн төлөө ажиллаж байна. Нэг, хоёр cap л шаардагдах болов уу.

-Короновирусийн дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллүүдийг сонирхуулаач?

-SARS-ын үеийн болон өнөөгийн вирусийн тархалтын үеийн ялгаа нь юу байна, ямар өөрчлөлт гарав гээд харъя.

Хятад том экспортлогч, 2.5 триллион ам.долларын экспорт хийдэг. Импорт нь 2.3 триллион ам.доллар. Энэ хэмжээ багасахаар Хятадтай худалдааны сүлжээтэй бүх улсад нөлөөлнө.

Хятадын аялал жуулчлалд зардаг мөнгө багасна. Зөвхөн аялал жуулчлалаар гэхэд Америк, Европт өчнөөн тэрбум ам.доллар зарцуулдаг. Тэр мөнгө хумигдана. Хятадын ДНБ-д үзүүлж буй бүтцэд үйлчилгээний салбарын эзлэх хувь 2003 онд 43 орчим хувь байсан. Одоо бол 52 хувь.

Шинэ вирусийн дараалал, бүтэц нь SARS-тай 97 хувь адилхан.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийнх нь тал хувь үйлчилгээний салбарт ногдож байна. Гэтэл өнөөдөр хамгийн их хөл хорионд орж буй нь үйлчилгээний салбар. Аялал жуулчлал, тээвэр гэх мэтээр үргэлжилнэ. Тэгэхээр эдийн засагт үзүүлэх нөлөө нь их байна л даа.

Анагаахын үүднээс өвчлөл хэр удаан үргэлжлэхийг анагаахын салбарынхан эхлээд хэлж таарна. Одоогийн байдлаар судлаачид нэгдүгээр улирлын байдлаар дүгнэлт гаргаж эхэлсэн.

Хятадын эдийн засагт нэгдүгээр улиралд ямар нөлөө үзүүлж болох вэ гэдгийг судалж хараад дүгнэлтээ хэлж байна. Нэгдүгээр улиралд гэхэд л урд хөршийн эдийн засаг зургаан хувь болж буурах нь гэсэн таамаг голлож байгаа. Өмнө нь зургаан хувь байсан юм.

-Хятад шиг аварга эдийн засагт нэг хувийн бууралт маш том нөлөө. Манай улсын хувьд эрдэс түүхий эдийн экспортоороо урд хөршөөс бүрэн хараат. Энэ талын эрсдэл манайд шууд нөлөөлөх нь ээ?

-Хятадын тухайд эрдэс, түүхий эдийн маш том хэрэглэгч. Тэр утгаараа дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш огцом унаж байна. Ойролцоох орнуудын хөрөнгийн зах зээлийн индекс ташраараа уналттай байгаа. Зарим нэгнийх нь индекс дөнгөж өчигдөр (уржигдар)-өөс л тогтворжиж эхлэх гэж байх шиг.

-Та манай сонинд өгсөн өмнөх ярилцлагадаа Азийн биржүүдийн индекс уналттай байгаа тухай онцолж байсан. Тэр байдал хэвээрээ юу?

-Даваа гаригт Хятадын хоёр бирж 7, 8 хувийн уналттай эхэлсэн. Өнөө өглөө (өчигдөр) дөнгөж уналтаасаа сэргэж байна. Гэхдээ ингээд тогтворжчихлоо гэсэн үг биш. Байдал дахиад эвгүйдвэл унах эрсдэл нь өндөр. Тэгэхээр өсөх тухай ярих эрт байна л даа. Уналт нь саарах тухай л ярьж байна. Хонг Конг, Макао, Солонгос, Японы биржүүдийн хувьд байдал иймэрхүү байгаа.

-Европ, Америкийн биржүүдийн хувьд ямархуу байна?

Олон улсын биржүүдээс өсөлттэй яваа нь АНУ-ын NASDAQ. Технологийн бирж шүү дээ. Тэрэн дундаа хэд хэдэн компанийн хувьцааны ханш өсөлттэй яваа. Эмийн компаниудын ханш өсөж байна. Анагаахын салбарын компани, технологийн компанийн хувьцааны ханш өндөр байгаа.

-Коронавирусээс үүдэж манай улсад нөлөөлөх сөрөг нөлөө гэвэл та юуг онцлох вэ?

-Гурван сөрөг үр дагавар ажиглагдаж байгаа. Нэгдүгээрт, хилээр гарах нүүрс, зэсийн баяжмалын экспортын тоо хэмжээ, үнэ ханшид сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Сая хэлсэн сөрөг нөлөө нэгдүгээр улиралд ажиглагдана.

Өнгөрсөн оны жилийн эцсээр манай гадаад худалдааны экспорт 540 орчим сая ам.доллар байгаа. Импорт 400 орчим сая ам.доллар. нэг, хоёр, гуравдугаар сард жаахан сааралттай байдаг. Саарлаа гэхэд 2016 оны нэгдүгээр улиралд экспорт 329 сая ам.доллар байсан. Одоо өсөөд 360 сая орчим байгаа байх. Үүнээс багагүй байж манай гадаад худалдаа ашигтай байна.

Гэтэл өнөөгийн байдлаас харахад алдагдалтай гарахаар байгаа. Хөл хорио удаан үргэлжилбэл Хятадын бизнесийн үйл ажиллагааны эрч саарна. Энэ сааралтын үр дагавар манайд мэдрэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, манайхаас авах түүхий эдийн тоо хэмжээ буурна. Зэсийн баяжмал биш юм аа гэхэд төмрийн хүдэр, нүүрсний экспортод нөлөөлнө. Хятад дотоодын эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлээд эхэлчихлээ. Дотоодын уурхайнуудаа дэмжиж таарна.

Дотоодын уурхайнууд нь ажиллаад эхлэхээр манайхаас авах нүүрс, төмрийн хүдрийн хэмжээгээ бууруулах эрсдэлтэй. Манай дотоодын эдийн засгийн эрсдэл тодорхой. Уул уурхайн компаниудын орлого буурна. Төсөвт төлдөг татвар эрс багасна. Уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлт хийдэг аж ахуйн нэгжүүдийн орлого татарна.

-Энэ эрсдэлүүдээс хохирол багатай гарахын тулд хийх ёстой ямар шийдэл байна?

-УИХ сонгуулиас өмнө тавдугаар сард төсөвтөө тодотгол хийх ёстой. Төсвийн орлогоо дор хаяж хоёр их наяд, зарлагаа мөн хоёр их наядаар танаж чадвал арай эрүүл төсөвтэйгөөр оноо үднэ. Энэ жил төсвийн зарлага талдаа маш олон барилга барихаар төлөвлөсөн.

Тэдгээр барилгын тендер зарлагдаад ажил нь эхэлнэ. Тендерт ялсан компани ажлаа хийхийн тулд банкнаас зээл авна. Барилгынхаа шавыг тавина.

Гэтэл оны сүүлээр төсвийн орлого дутаад өнөө барилгыг санхүүжүүлэхээ зогсооно. Тэгэхээр нэгдүгээрт, тэр ажил явахгүй гацна. Хоёрдугаарт, тэр барилгын төслийг тендер ялж хэрэгжүүлж эхэлсэн компани банкны зээлийн өрөө төлж чадахгүй.

Зээлийн хүүндээ шатаж эхэлнэ. Тэгээд банкны чанаргүй зээлийн хувь өснө. 2015, 2016 онд ийм л юм болсон. Ийм процесс давтагдана. Тийм учраас төсөвтөө яаралтай тодоттол хийж үр ашиггүй, шинээр эхлэх гэж байгаа барилгуудыг зогсоох хэрэгтэй.