Categories
мэдээ нийгэм улс-төр

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр /2020.02.06/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа.

Улсын Их Хурал 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилсон тогтоол гаргасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилоод байгаа юм.

Эдгээр гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, ёслолыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав.

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангарагийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ёслолын ажиллагаанд Сонгууийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар байлцлаа.

Ёслолын дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан Үндсэн хуулийн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны байгууллага юм. Үндсэн хуульд зааснаар төрийн эрхийг ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлдэг учир тэрхүү төлөөллийг хэн нэгнээс хараат бусаар, хуулийн дагуу, шударгаар сонгох ажлыг зохион байгуулах чухал байгууллагын гишүүдийг тангараг өргүүлдэг хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Насны хишиг, Алдарт эхийн тэтгэмж, Жирэмсний тэтгэмж, Цалинтай ээжийн мөнгийг дансандаа авах боломжтой боллоо

Нийгмийн халамжийн дөрвөн үйлчилгээг И-баримт апп ашиглан авах боломжтой боллоо. Насны хишиг, Алдарт эхийн тэтгэмж, Жирэмсний тэтгэмж, Цалинтай ээжийн мөнгийг заавал өөрийн биеэр банкинд очиж оочирлож, цаг хугацаа алдалгүйгээр иргэд өөрийн харилцах дансандаа авах боломжтой боллоо.

Та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн илгээх товчийг 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар таны ebarimt-д бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдоно. Хэрэв илгээх товч гарч ирэхгүй бол ebarimt аппликейшнаа UPDATE хийгээрэй.

Categories
мэдээ нийгэм

Бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ мөнгөн дэвсгэртийн чанар байдлыг сайтар ажиглаж, нягтлахыг анхаарууллаа

Өнгөрсөн сарын 31-ний өдөр банканд гүйлгээ хийж байсан иргэн “А”-аас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Тус хэргийг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байна. Иймд иргэдийг сар шинийн баярын бэлтгэлээ ханган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч, .

Categories
мэдээ нийгэм

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо болно

Монгол Улсын Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад туршлагатай дипломатч Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Жалгас Адылбаев 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдааныг 2020 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Мөн БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин 5 дугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тус улсад айлчлах талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн тэрбээр ирэх 7 дугаар сарын 05-ны өдөр Нур-Султан хотноо болох “Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы Н.А.Назарбаевын манлайлал” сэдэвт олон улсын бага хуралд Монгол Улсаас өндөр, дээд түвшинд оролцоход дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлээд парламентын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана гэв.

Элчин сайд Жалгас Адылбаев Казахстан Улс Абай Кунанбаевын 175 жилийн ой, Алтан Ордын 750 жилийн ойн баярыг тус тус тэмдэглэх гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгаад Монголын ард түмэнд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлэв

Categories
мэдээ нийгэм

1.5 сая ширхэг амны хаалт импортоор оруулж ирсэн байна

Монгол улс 2020 оны 1 дүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолсон бол өмнөх оны 1 сард 509,0 мянган амны хаалт импортолж байжээ.

Монгол улсад Турк, БНСУ зэрэг 7 улсаас 16 аж ахуйн нэгж, 10 гаруй хувь хүмүүсийн импортолсон нийт 1.5 сая ширхэг амны хаалт орж ирсэн байна.

Гаалийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа гэж мэдээллээ.

Гаалийн ерөнхий газраас хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээр зорчигчдоос сар бүр азтан шалгаруулна

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна. Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Easypay” компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт нар мэдээлэл хийлээ.

Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж. Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах болно. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай байгаа. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой” гэв.

Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх аж. Азтангууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гаригт тодорно. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах юм байна.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: СЕХ хэн нэгний нөлөөнд автахгүйгээр сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй

Өнөөдөр СЕХ-ны гишүүд тангараг өргөлөө. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Үндсэн хуулинд болон Сонгуулийн төв байгууллагын хуулинд заасны дагуу өнөөдөр СЕХ-ны гишүүнээр УИХ-аас томилогдсон таван гишүүн тангаргаа өргөж байна. Хуулиараа таван гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж тангараг өргүүлдэг. Төрийн хуулийг ард түмэн төлөөллөөрөө дамжуулж хэрэгжүүлдэг. Төлөөллийг хэн яаж сонгох ажлыг хуулийн дагуу, хараат бусаар зохион байгуулах үүргийг СЕХ хүлээдэг. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн сонгуулийг СЕХ зохион байгуулсаар ирсэн. Хэн нэгний нөлөөнд автахгүйгээр сонгуулийг зохион байгуулахаар төрийн сүлдэнд тангараг өргөж байна хэмээв.

Categories
мэдээ нийгэм

С.Гончигсүрэн: Үйлдвэрийн ажилтан орон сууц авах үед 12 сая төгрөгийг үйлдвэрээс дэмжлэг болгон үзүүлдэг. Энэ бол наад захын жишээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хоёрдугаар сарын 3-ны өдөр ШИНЭ намын зөвлөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо үйл ажиллагаагаа явуулдаггүй, ажиллагсад нь хөдөлмөрийн дарамтад байгаа мэтээр худал тайлбар хийсэнд гүнээ харамсаж байна. Иймд нотолгоогүй ташаа, мэдээлэл зарим нэг улс төрийн хүчин, улстөрчдөөс гаргаж буй тул зөв мэдээллийг ард түмэнд хүргэхийг хүссэн гэдгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр мэдээллийн эхэнд онцоллоо.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-оос ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзанданд мэдэгдэл хүргүүлж байгаа аж.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр “Түүхэн хугацаандаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиргаатай 12 удаагийн хамтын гэрээ хийж, үйлдвэрийн ажилчдынхаа эрх ашгийг төлөөлөн хамгаалсан. Сүүлд хийсэн хамтын гэрээ маань энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байгаа ба нийт 12 бүлэг 108 заалтаас бүрддэг.

Орон нутгийн засаг захиргаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрээг маань байхгүй ажил хийгээгүй мэтээр тайлбарлаж болохгүй. Бид энэ хамтын ажиллагааны гэрээгээрээ дамжуулан олон ажлыг хийж байгаа. Тухайлбал,

  • 2017 онд ажилчдынхаа цалинг 10 хувиар
  • 2018 онд 15 хүртэлх хувиар
  • 2019 оны тав, аравдугаар сард тус тус 10 хувиар гээд сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд нийт 45 хувиар бид ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн.

Бид шинэ хамтын гэрээгээр энэ оны тавдугаар сараас цалингаа дахиад 20 хувиар нэмэгдүүлэх гэж байна. Өмнөх хамтын гэрээ маань 102.6 хувийн биелэлтэй хэрэгжиж, дүгнэгдсэн ба одоо шинэ гэрээ хэрэгжиж байгааг дахин хэлье.

  • Мөн “Эрдэнэт үйлдвэр”-т онц дэглэм тогтоосонтой холбоотой ажилчдыг дарамталж, хавчиж байна гэх яриа бас гарсан. Ийм зүйл огт байхгүй. Нэг удаа цомхтгол хийгээгүй, нэг ч хүнийг ажлаас нь халаагүй, бүгд хэвийн ажиллаж байна. Үүнд ҮЭ-ээс үргэлж хяналт тавьж ажилладаг.
  • Дараагийн нэг зүйл нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Эв санааны нэгдэл гэх үйлдвэрчний эвлэл байгуулагдсан, тэр нь олон гишүүнтэй мэтээр Эрдэнэ гэж хүн мэдээлэл хийж байна. Ийм зүйл огт байхгүй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өнөөдөр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 6,700 ажилтан, гавьяаныхаа амралтанд суусан 2,200 гаруй ахмад, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 400 ажилчны эрх ашгийг хамтын ажиллагааны гэрээгээр дамжуулж хамгаалдаг юм. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн ард иргэдийн дөрөвний нэгд нь энэ гэрээ шууд болон шууд бус хамаарлаар үйлчилж байгаа.
  • Олон улсын хэм хэмжээг зөрчиж байгаа мэтээр Ж.Батзандан гишүүн хэлсэн. Бид Олон улсын 87 дугаар конвенцыг дагаж, мөрдөж ажилладаг. Үүний дагуу Үйлдвэрчний эвлэлийн холбоо ажлаа хийж байхад улс төрийн хүчин, төрийн бус байгууллага, ажил олгогчийн зүгээс гээд ямар нэгэн хөндлөнгийн оролцоо байхгүй.
  • Дараагийн нэг асуудал нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 13 дахь сарын цалингийн талаар их ярьж байна. Энэ долоо хоногт 2019 оныхоо эдийн засгийн болон үйлдвэрийнхээ үзүүлэлтүүдийг гаргаж, балансын хурлаа хийж байгаа. Жил болгон ингэж хуралдаж, Цагаан сараас өмнө ажилчдад 13 дахь сарын цалинг олгодог.
    Ер нь сонгуулийн жил дөхөөд ирэхээр улстөрчид “Эрдэнэт үйлдвэр” рүү хараа, байгаа онилдгийг бүгд мэдэж байгаа байх. Жишээ нь, 2015 оны сүүлээр Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Батчимэг гэх хүн “13 дахь сарын цалинг би өгүүлсэн” гээд ярьж байсан. Оны дараа О.Баасанхүү гишүүн 13 дахь сарын цалин нь огт өгөгддөггүй болохоор би өгүүлэх гэж байна гэх мэтээр ярьсан.
    Тийм зүйл гэж байхгүй. Энэ 13 дахь сарын цалин бидний хамтын гэрээний 3.17 дугаар заалтаар зохицуулагдсан харилцаа. Үүнийг үйлдвэрийн захирал, ҮЭХ-ны дарга, тэр тусмаа аль нэг нам, улстөрч өгчихдөггүй юм. Энэ улс төржсөн ажлуудаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс холдуулаач. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг, мөрөөрөө ажлаа хийж яваа үйлдвэрийн ажилчдыг тайван орхихыг гуйж байна” гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны дэд дарга Б.Наранбаатар “Эрдэнэт үйлдвэрт уурхайчдаас гадна багш, эмч, дуучин, жүжигчин, бүжигчин, оёдолчин гээд олон хүн ажилладаг. Энэ бүх хүнийхээ эрх ашгийг энэхүү хамтын гэрээгээрээ хамгаалдаг” гэдгийг тодотголоо.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ын ҮЭХ-ны дарга С.Гончигсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮ-ийн даргын сонгуульд жилийн өмнө Эрдэнэ гэх хүн ажлын хэсэг дээр бүртгүүлэхээр ирсэн. Энэ хүн тавьсан шаардлагаас наад захын гурван шалгуурыг хангаагүй учраас даргад өрсөлдөх боломжгүй гэж үзээд бид бүртгэж аваагүй. Бид хоёр жилд нэг удаа хамтын гэрээ байгуулдаг бөгөөд бүх гэрээ маш сайн болсон. Энэ жилийн хамтын гэрээгээний дүнг 53 тэрбум төгрөгөөр ахиулсан. Үүнийг юу ч хийгээгүй мэтээр зарлахыг эсэргүүцэж байна. Хамтын гэрээний заалтуудаас жишээ болгоход

  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн эмэгтэй ажилтан хүүхэд төрүүлээд, сар болгон 500 мянган төгрөг аваад, хүүхдээ 3 нас хүртэл нь гэртээ харах боломжтой.
  • Үйлдвэрийн ажилтан орон сууц авах үед 12 сая төгрөгийг үйлдвэрээс дэмжлэг болгон үзүүлдэг. Энэ бол наад захын жишээ“ гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны ахмадын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Ю.Тэрбиш “Эрдэнэт үйлдвэр ахмадуудтай холбоотой арав гаруй асуудлыг хамтын гэрээндээ тусгасан байдаг. Тухайлбал 2017, 2018 онд ахмадуудад олгогддог нэмэгдэл тэтгэврийг 20-50 хувиар нэмсэн. Энэ бол ахмадуудаа эргэн хардаг жишээ гэж бодож байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 38 байршлын 130 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохоор болжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар 2019 онд 126 тогтоолоор 32 байршил баталсан байдаг.

Нийслэл хотын барилгажилт, нягтрал нэмэгдэж байгаа энэ үед гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газруудаас ирүүлсэн саналыг үндэслэн нэмж 38 байршлын 130 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохоор болжээ.

Тодруулбал, Баянгол дүүрэгт 2 байршилд 0.49 га, Баянзүрх дүүрэгт 10 байршилд 26.69 га, Сонгинохайрхан дүүрэгт 6 байршилд 4.83 га, Сүхбаатар дүүрэгт 3 байршилд 3.6 га, Хан-Уул дүүрэгт 9 байршилд 2.65 га, Чингэлтэй дүүрэгт 8 байршилд 92.2 га газрыг хамруулах аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тусгай хэрэгцээнд авч нийтийн эдэлбэр газарт орсон байршлуудын мэдээллийг тухайн дүүрэг хороодын иргэдэд өгч ажиллах үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа. Зөвлөлийн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлж, дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Цогтбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Америкийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, саяхан Вашингтон хотноо болсон Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтын дүн, 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн айлчлал, арга хэмжээ болон хоёр талын худалдааг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Мөн шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан монголын талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.