Categories
мэдээ нийгэм

Бүрэн хэмжээний шалгалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/25 дугаар тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Тус хяналт шалгалтаар газар, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээтэй танилцах юм.

Мөн хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж, заавар зөвлөмж өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Энхтайван: Он гарснаар БНХАУ-ын Ухань хотоос импортолсон бараа Монгол Улсад байхгүй

Дэлхий даяар тархаад байгаа шинэ корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ГЕГ-аас мэдээлэл хийлээ.

Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн “2020 оны эхний нэгдүгээр сарын байдлаар экспорт, импортын хэмжээ буурсан. Нийт 459 мянган сая ам.долларын экспорт хийсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар буурсан үзүүлэлт. Экспортын 95 орчим хувийг БНХАУ эзэлдэг бол импортын 26 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ эзэлдэг.

Титэм вирус тархаж буйтай холбоотойгор амны хаалт, ариутгалын бодисын импорт өссөн. Тодруулбал 2019 оны нэгдүгээр сард нийт 500 мянган амны хаалт импортоор орж ирсэн бол энэ оны нэгдүгээр сард 68 мянга 700 ширхэг, хоёрдугаар сарын байдлаар 1 сая 944 мянган амны хаалт орж иржээ. Амны хаалтыг нийт 15 аж ахуй нэгж 10 гаруй хувь хүн БНСУ, БНХАУ, Турк зэрэг улсаас импортоор оруулж ирсэн байна. Мөн ариутгал, цэвэрлэгээний бодис өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн” гэлээ.

ГЕГ-ын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар “Энэ оны нэгдүгээр сард гаалийн байгууллага 79 удаагийн зөрчлийг илрүүлсэн байна. Дээрх зөрчлийн ихэнх нь татвар төлөхөөс зайлсхийх, бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн хууль тогтоомж зөрчсөн бусад зөрчил эзэлсэн. Илэрсэн зөрчлүүдэд нийт 64.7 сая төгрөгийн торгууль ногдуулж 75.8 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна” гэв.

ГЕГ-ын эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Г.Энхтайван “БНХАУ-тай хиллэдэг 13 хилийн боомт байдаг. Засгийн газрын хуралдаанаар Монгол Хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд хязгаарлалт хийх тогтоол гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Он гарснаар БНХАУ-ын Ухань хотоос импортолсон бараа Монгол Улсад байхгүй. 2020 оны нэгдүгээр сард Монгол Улс 1200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолсон байна. Тахианы махыг зөвхөн БНХАУ-аас импортолсон бол хоёрдугаар сар гарснаас тахианы мах импортлоогүй. Өндөгний хувьд зөвхөн ОХУ-аас импортолсон байна.

Гаалийн байгууллагаас эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг ЭМЯ-ны тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай, зөвшөөрөл лицензгүйгээр Засгийн газрын 2009 оны тогтоолын дагуу татвараас чөлөөлж шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цоожтой хаалганы цаана цаг бусаар өнгөрсөн гурван охины амийг хэнээс нэхэх вэ

-ТАЛИЙГААЧ ОХИДЫН ЭЭЖ АЖИЛ РУУГАА ЯВААД ГУРВАН ЦАГИЙН ДАРАА ИРЭХЭД ЗОЛГҮЙ ЯВДАЛ БОЛСОН БАЙЖЭЭ-

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Их сургуулийн гудамж дахь Оюутны хотхоны байранд бага насны гурван хүүхэд цаг бусаар амиа алдсан эмгэнэлтэй явдал уржигдар гарлаа. Бид золгүй явдлыг нэхэн сурвалжиллаа.

Н.АЛТАНЗУЛ ТАВДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ӨНГӨРСӨН НАМРААС АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ

Иргэн Ч-гийнх Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат. Дархан-Уул аймагт түр оршин суудаг. Нөхөр Ч нь 28 настай, авто засварын газарт ажилладаг. Эхнэр н.Алтанзул нь 26 настай.

Тэд өнгөрсөн намраас эхлэн Дархан сумын 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их сургуулийн гудамж дахь Оюутны хотхоны байранд иргэн Г-гийн эзэмшлийн дөрвөн өрөө байрны нэг өрөөг түрээслэн амьдарч эхэлжээ. Их сургуулийн гудамжны байруудыг оюутнууд голдуу түрээсэлдэг учир Ч-гийнх ч энэ маягаар түрээсэлсэн бололтой.

Энэ үеэс эхнэр н.Алтанзул байрны ойролцоо Тавдугаар цэцэрлэгт үйлчлэгч багшаар ажиллаж эхэлжээ. Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь таван настай, дунд охин нь дөрөвтэй, бага охин нь ой зургаан сартай байж.

Уржигдар буюу өнгөрсөн мягмар гаригийн өглөө гэрийн эзэн Ч засварын газар луугаа ажилдаа явжээ. Харин эхнэр н.Алтанзул өдөр 13:00 цагийн үед цэцэрлэг рүүгээ явсан байна. Ингэхдээ гурван охиноо гэртээ цоожлоод явжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар н.Алтанзул ажил дээрээ дөрөв орчим цаг ажиллаад гэртээ харьсан гэж байна.

Тэрбээр гэртээ очиход золгүй явдал хэдийнээ болоод өнгөрсөн, гурван охин нь амьсгал хураасан байдалтай угтсан гэдгийг ойрынх нь эх сурвалж хэлж байв.

Золгүй явдлын талаарх дуудлага цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн төвд 17:20 цагийн орчимд ирсэн байна. Хэргийн газарт хамгийн түрүүнд аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах аврах ангийн албан хаагчид очсон байна. Аврагчдыг очиход өрөөнүүд усанд автсан байдалтай, уртасгагч залгуур холбоостой байснаас шууд орох боломжгүй байсан гэнэ.

Энэ тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэхдээ “Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж шалнаас 2.5 см тогтсон байдалтай.

Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамт орсон. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийгдсэн” гэсэн юм. Мэргэжлийн байгууллагууд хэргийн газарт үзлэг хийж, хүүхдүүдийн цогцсыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлжээ.

ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ҮЕД ЯАГААД ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР АЖИЛ ДЭЭРЭЭ ЦУГЛАВ

Нэг айлын бага насны дэрсхэн охид ийнхүү цаг бусаар хорвоог орхисон явдал хүн бүрийн сэтгэлийг шимшрүүлж байна. Тэр тусмаа хэл, хөлд гүйцэд орж амжаагүй, хорвоог таньж мэдээгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй жаахан охид зуурдаар амиа алдсан нь тэр гэр бүлд нөхөж баршгүй гарз хохирол болсон нь гарцаагүй.

Улс даяар коронавирусийн халдварын эрсдэлтэй байгаагаас Засгийн газраас их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэрийг гаргаад байгаа юм. Тиймээс сургууль, цэцэрлэгийн багачууд хөл хорионы байдалтай гэртээ байгаа.

Харин эцэг эхчүүд нь амьдралаа залгуулахын тулд ажилдаа явахаас аргагүй. Энэ үед харж хандах том хүнгүй бол хүүхдүүдээ гэрт нь орхиод явахаас өөр сонголт эцэг эхчүүдэд байхгүй билээ. Үүний хамгийн эмгэнэлт жишээ энэ гурван бяцхан охин болж таарлаа.

Охидын ээж н.Алтанзул цэцэрлэгийн үйлчлэгч ажилтай нэгэн байсан. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглоод байгаа энэ үед Дархан-Уул аймгийн Тавдугаар цэцэрлэгийнхэн 50 жилийн ойн арга хэмжээгээ бэлдэхээр багш ажилчдаа цуглуулсан, цэцэрлэгийн эрхлэгч ажилчдаа маш их дарамталдаг гэх зэрэг мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээ, цахим сайтуудаар түглээ.

Хамгийн гол нь хөл хорио тогтоон Засгийн газар, Салбарын яамны шийдвэр гараад байхад цэцэрлэгийн үйл ажиллагаа үргэлжилж, бүр баярын арга хэмжээнд ажилчдаа дайчилсан болж таарав. Орон нутгийн удирдлага, салбар хариуцсан газар, цэцэрлэгийн удирдлага яагаад ингэж шийдвэрлэснийг ам асуух учиртай.

ХОХИРОГЧ ХҮҮХДҮҮД ТОГОНД ЦОХИУЛЖ НАС БАРЖЭЭ

Талийгаач хүүхдүүдийн ээж ажилдаа яваад удаагүй байхад золгүй явдал болсон байна. Хүүхдүүд тоглож явахдаа угаалгын өрөөний угаалтуурыг бөглөснөөс ус алдаж эхэлжээ. Бага насны хүүхдүүд учир яаж өөрсдийгөө хамгаалах, бөглөөг хэрхэн гаргах талаар мэдэхгүй.

Удалгүй ус шалаар нэг тархаж, цахилгаанд залгасан уртасгагч залгуурыг норгожээ. Ингэснээр ус цахилгаанжсан байна. Энэ үед хүүхдүүд тогонд цохиулж нас барсан байдалтай байсныг эх сурвалж хэлж байна.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханаас мэдүүлэг авч эхэлсэн байна. Түүнийг хөл хорио тогтоосон үед цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бололтой.

Харин талийгаач охидын ээж, аав шокийн байдлаас гараагүй, эмнэлгийн тусламж авч байгааг орон нутгийн эх сурвалж хэлж байв.

Харж хандах хүнгүй, амьдралаа залгуулахын тулд эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ цоожлоод явцгаадаг. Ард үлдсэн хүүхдүүд эмгэнэлтэй байдлаар амиа алдах тохиолдол манайд нэг бус удаа гарч байсан. Харин энэ удаа магадгүй хүүхдүүдийн ээж ажилдаа яваагүй бол тэд эндэхгүй байсан гэх хандлага хүн бүрт бий болж байгаа юм. Тиймээс орон нутагт ямар нөхцөл байдал өрнөсөн, хөл хорионы шийдвэр хэрхэн хэрэгжиж байсныг тодруулахаар аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбаттай холбогдсон юм. Тэрбээр дараах тайлбарыг хийв.

Ч.ЭНХБАТ: ХОХИРОГЧ ХҮҮХДҮҮД ТОГОНД ЦОХИУЛСАН УУ, ХАЛУУН УСАНД ТҮЛЭГДСЭН ҮҮ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр бүх талын хориг арга хэмжээг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа сургууль, цэцэрлэг амарсан байгаа энэ үед олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. 0-18 насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байхаас гадна тэдэнд үйлчлэхгүй байхыг аж ахуйн нэгжүүдэд сануулж ирсэн.

Ялангуяа сургууль, цэцэрлэгийн багш нарыг онлайнаар сурагчидтайгаа харьцаж сургалтын үйл ажиллагааг явуулах зэргээр аймгийн хэмжээнд Засгийн газар, салбарын яамдаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Бага насны гурван хүүхэд гэртээ эндсэн хэрэгт аймгийн ЗДТГ-аас шуурхай ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Хэний буруутай үйл ажиллагаанаас болж ийм явдал гарав, үнэхээр цэцэрлэгийн эрхлэгч ой тэмдэглэх нэрээр багш ажилчдаа цуглуулсан уу гэдгийг шалгана. Хэрэв зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдвол хариуцлагын арга хэмжээ авна.

Цагдаагийн газар энэ хэрэг дээр мөрдлөг эхлүүлсэн. Цахим сайтуудаар янз бүрийн мэдээлэл гараад байгаа. Айлын паар дэлбэрсэн байна, усанд шалзарсан байсан зэргээр өнгөц харсан хүмүүсийн яриа гараад байх шиг байна. Хохирогч хүүхдүүд тогонд цохиулсан уу, халуун усанд түлэгдэж нас барсан уу гэдэг нь тодорхойгүй байна гэлээ.

Б.ГАНТУЛГА: ХОХИРОГЧ ОХИДЫН ЭЭЖ ЭНЭ САРЫН 20-НД Л ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР ХИЙХ ХУВААРЬТАЙ БАЙСАН ЮМ БИЛЭЭ

Боловсрол, соёл урлагийн газрын дарга

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон энэ үед хяналт тавьж ажиллах үүрэг салбар хариуцсан газруудад байх учиртай. Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газар энэ үүргээ биелүүлсэн эсэх, цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байхад ямар хяналт тавьж байсан нь анхаарал татна.

Тэгвэл тус газрын дарга Б.Гантулга “Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэг ажиллахгүй байх чиглэл өгсөн.

Тавдугаар цэцэрлэгийн хувьд хохирогч хүүхдүүдийн ээж энэ сарын 20-нд хариуцлагатай жижүүр хийх хуваарьтай байсан юм билээ. Гэтэл яагаад тэр өдөр ажлаа хийсэн нь тодорхойгүй байгаа. Энэ асуудлыг нягталж байна. Цэцэрлэгийн эрхлэгч бол тухайн цэцэрлэгийн шууд удирдлага. Тиймээс энэ явдал маш хүнд тусч байгаа” гэсэн юм.

Ц.МӨНХТУЯА: БАГШ АЖИЛЧДЫН АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТААС БОЛЖ ГУРВАН ХҮҮХЭД ЭНДЛЭЭ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос золгүй явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тус холбооны гишүүн, багш Ц.Мөнхтуяа “Бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан багшид ийм хүнд явдал тохиолдсонд гүнээ харамсаж байна.

Улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглоод байгаа энэ үед багш ажилтнуудыг ажлын байран дээр нь дуудах, ажиллуулах зөрчил олон газар гарсан. Үүний нэг нь Дархан-Уул аймгийн Тавдугаар цэцэрлэг. Тус цэцэрлэгийн эрхлэгч ажилчдаа маш их дарамталдаг гэсэн мэдээлэл байгаа.

Үүний уршгаар л гурван хүүхэд эндсэн золгүй явдал боллоо. Өмнө нь ч бид багш ажилтнуудын ажлын байрны дарамт, цалингийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хүргэж, салбарын яаманд хандаж ирсэн.

Өнөөдөр энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад шаардлага хүргүүлэхээр очиход хариуцах, эмгэнэл илэрхийлэх хэн ч байсангүй. Дэд сайд нь “Би мэдэхгүй” гэдэг тайлбар өглөө. Маш харамсалтай байна” хэмээв.

Б.НЯМБАЯР: ЭХНЭР, НӨХӨР ХОЁР СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛААС БОЛЖ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВСАН

Дaрхан сумын 13 дугаар багийн Засаг дарга

Бид орон нутагт ямар нөхцөл байдал өрнөсөн талаар олон эх сурвалжтай холбогдон мэдээлэл цуглуулсан юм. Үүний нэг нь Дархан сумын 13 дугаар багийн Засаг дарга Б.Нямбаяр байв. Тэрбээр мөн багийнхаа хэмжээнд хорио цээрийн дэглэмийн талаар хэсгийн ахлагчдаараа дамжуулан айл өрх бүрт хүргүүлж байсныг онцолсон.

Харин золгүй явдлын талаар өчигдөр хэсгийн ахлагчаасаа дуулжээ. Тэрбээр энэ тухай “Хэрэг гарсны маргааш буюу өчигдөр өглөө энэ мэдээллийг авлаа. Хэсгийн ахлагч маань “17:00 цагаас хойш хэргийн газар дээр байлаа. 22:00 цаг хүртэл тэнд байсан. Тиймээс тань руу мэдээлэл өгч амжсангүй” гэсэн.

Энэ мэдээллийг авсан даруйд цэцэрлэгийн нэгэн ажилтантай холбогдож тодруулсан.

Ч хэмээх энэ айл бол манайд түр оршин суудаг. Гэхдээ багаар орж ирж мэдээлэл үйлчилгээ авдаггүй учраас ямар хүмүүс байдаг, аж амьдрал нь ямар гэдгийг сайн мэдэхгүй юм. Ямартаа ч өнгөрсөн намраас манай багт амьдарч эхэлсэн.

Сэлэнгэ аймгийн уугуул хүмүүс юм байна. Эхнэр, нөхөр хоёр сэтгэл санааны байдлаас болж эмнэлэгт хүргэгдэж эмнэлгийн тусламж авч байгаа гэж сонслоо. Яг тэдэнтэй өөрсдөдтэй нь холбогдож амжаагүй байна” гэлээ.

О.ДЭЛГЭРСАЙХАН: ХҮҮХДҮҮД АМАРЧ БАЙГАА ҮЕД ЦЭЦЭРЛЭГИЙН ОЙН АЖЛЫГ АМЖУУЛЪЯ ГЭЖ БОДСОН ЮМ

Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч

Үүний дараа бид Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхантай холбогдож дараах мэдээллийг тодруулсан юм.

-Танай үйлчлэгч багшид харамсалтай явдал тохиолджээ. Яагаад ийм байдалд хүрэв. Уг нь. сургууль, цэцэрлэг амарчихсан байгаа үе шүү дээ?

-Юуны өмнө багшийн маань гэр бүлд нөхөж баршгүй гарз хохирол учирсанд эмгэнэл илэрхийлье. Манай байгууллагын хувьд Боловсролц соёл, шинжлэх ухаан, спортын яам, аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёл урлагийн газраас өгсөн мэдээ, мэдээллийг цаг тухайд нь багш ажилчид, эцэг эхчүүдэд дамжуулан хүргэж байсан. Хүүхэд авахгүй хориотой байгаа энэ хугацаанд багш, ажилчидтайгаа ярилцаж байгаад цэцэрлэгийнхээ 50 жилийн ойг хийхэд бэлдье гэж санаачлаад хоёр өдөр л цуглаж ажиллахаар болсон юм. Гэхдээ бүтэн өдөржин биш, өдөр 12:00-15:30 цаг хүртэл боломжоороо ирээрэй гэж багш нартаа хэлсэн. Харамсалтай нь энэ хугацаанд ийм золгүй явдал болчихлоо.

-Талийгаач хүүхдүүдийн ээж ямархуу ажилтан бэ. Та тэдэнтэй холбогдсон уу?

-Бид бүгд сэтгэл санааны гүн шокийн байдалтай байна. Мэдээж хохирогч хүүхдүүдийн ээж, аав хоёр маш хүнд байгаа. н.Алтанзул бол манай сайн ажилтан, хөдөлгөөнтэй, сэргэлэн, ажлаа сайн хийдэг бүсгүй.

-Хүүхдүүд нь танай цэцэрлэгт явдаг байсан уу?

-Дунд охин нь явдаг байсан. Бага нь хувийн цэцэрлэгт явдаг гэж байсан. Харин том нь өвөө, эмээ дээрээ байдаг гэж хэлж байсан.

-Таныг ажилтнуудаа дарамталдаг, ёс зүйгүй аашилдаг зэрэг мэдээлэл гарч байна?

-Би цэцэрлэгтээ 2013 оноос хойш долоо дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд хамт олонтойгоо ойлголцдог, багаар сайн ажиллаж ирсэн, тэдний санал гомдлыг сонсож ажил үүргээ явуулж ирсэн. Би ажилтнуудаа “Та нар тэдэн цагт ирж яв” гэж дарамт үзүүлж байгаагүй. Үүнийг манай ажилтнууд мэднэ дээ хэмээсэн юм.

Н.БОЛДБААTAP: Н.АЛТАНЗУЛ “ХҮҮХДҮҮДЭЭ ГЭРТЭЭ ОРХИОД ГАРСАН” ГЭЭД Л ЯАРААД ЯВСАН

Цэцэрлэгийн жижүүр

Тухайн өдөр ээлжинд гарч байсан цэцэрлэгийн жижүүр н.Болдбаатар ийнхүү ярьсан юм.

-Золгүй явдал болсон өдөр та жижүүрт гарч байж. Цэцэрлэгийн багш нар ажиллаж байсан хэрэг үү?

-Манай жижүүрүүдийн хувьд бол 24 цаг ажиллаад 72 цаг амардаг. Ажлын бус цагаар цэцэрлэгээс дуудаж ажиллуулаад байсан юм байхгүй. Гарах ёстой гараан дээрээ л гарч байсан. Тэр өдөр багш нар нэг, хоёроор орж гараад явж л байсан. Би цэцэрлэгийн үүдэн дээрээс холдож болохгүй, хийх ёстой, хянах ёстой ажилтай хүн. Тэр үед багш нар юу хийж байсныг сайн мэдэхгүй.

-Цэцэрлэгийн ой тэмдэглэх бэлтгэл ажил хийж байсан гэж дуулсан. Багш нар дуу хуур, хөгжим болоогүй юу?

-Ёстой тийм байдал ажиглагдаагүй.

-н.Алтанзул хэдэн цагт ажилдаа ирсэн бэ. Ажил дээрээ удсан уу?

-Өдөр 13:00 цагийн үед ирсэн. Над дээр “Ах аа, гудас хуйлмаар байна туслаач” гэсэн. Би ч ёсоор нь болгож тусалсан. Ер нь их хөөрхөн ааштай, ахаа эгчээ гээд л явдаг бүсгүй. Ойр зуурын ажил хийж байгаад 16:00 цаг өнгөрөөд гарч явсан. Гарахдаа “Хүүхдүүдээ гэртээ цоожилчихсон. Эртхэн харихгүй бол болохгүй нь” гээд гарсан. Гэр нь ажлын ойрхон гэж байсан. Удалгүй буцаад ороод ирсэн. ‘‘Юмаа мартчихаж” гээд. Тэгээд л яваад өгсөн.

-Ослын талаар хэзээ дуулав?

-Орой 21:00 цагийн үед хоёр цагдаа ороод ирсэн Учир явдлыг ч хэлсэн. Тэгээд “Алтанзул хэдэд ажилдаа ирсэн, хэзээ явсан” зэргийг асуусан. Би ч түүнийх нь дагуу хариулсан. Үнэхээр сонсоход зүрх шимширмээр үйл явдал болж. Маш харамсалтай байна.

-Танай цэцэрлэгийн эрхлэгч багш, ажилтнууддаа ихээхэн дарамт шахалт үзүүлдэг гэв үү?

-Ёстой мэдэхгүй юм. Бид хийх ёстой ажлаа ажил үүргийнхээ дагуу л хийж ирсэн. Би гэхэд энэ цэцэрлэгтээ олон жил ажиллаж байгаа хүн гэв.

Албаны хүмүүс ажил үүргээ гүйцэтгэж байсан гэсэн хариу тайлбартайгаар ийнхүү сууна. Цэцэрлэгийн эрхлэгч ч боломж гарсан дээр нь гээд ажлаа амжуулахыг хүссэнээ тайлбарлаж байна. Хамгийн харамсалтай нь бяцхан охид бүгд хорвоог орхиж, нэгэн залуухан гэр бүлийн элэг эмтэрлээ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Цаашид Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд цоожтой хаалганы цаана амиа алдсаар байх уу?

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтод ажиллаж буй алба хаагчид хамгаалах хувцас хэрэгслээр хангаж өгөхийг хүслээ

Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллалаа.

Ажиллах үеэрээ шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулахад тулгарч байгаа асуудлын талаар санал хүсэлтийг сонссон байна.

Гашуунсухайт боомтоор орох чиглэлд 1 дүгээр сарын 28-наас 2 дугаар сарын 5-ны хооронд нийт 2,615 Монгол иргэн, 36 БНХАУ-ын иргэн, 1,432 тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн дагуу хяналт, шалгалтад оруулж, улсын хилээр нэвтрүүлжээ.

Мөн Цагаанхаднаас хилийн боомт хүртэл сайжруулсан болон засмал зам дагуу оочир дараалал үүсгэж, бөөгнөрсөн нүүрс тээврийн автомашинуудыг Цагаан хад дахь гаалийн хяналтын талбай болон нүүрс тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зогсоон байрлуулах асуудлыг орон нутгийн болон хилийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

Улсын хилээс 195-210-км-т ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн төв Линхэ хотод 2, Үеэн хотод 2 хүн, нийт 4 хүн коронавирусийн халдвар авсан сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Мөн Баяннуур аймгийн Халиун хотод 2 хүн халдвар авсан байж болзошгүй мэдээлэл ирсэн байна.

Үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай гар ариутгах бодис, нэг удаагийн амны хаалт болон бээлий, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг аймгийн нөөц сангаас бүрдүүлсэн ч 2-3 хоногийн нөөцтэй байгаа аж.

Тиймээс шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, яаралтай тусламжийн эмийн нөөц, тусламж үйлчилгээ үзүүлэх автомашинаар хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол гарчээ

Монголчууд бидний уламжлалт сар шинийн баяр болоход багахан хугацаа үлдээд байна. Энэ үед иргэд зах, худалдааны төвүүдээс бараа материал, бэлэг сэлт худалдан авах явдал нилээдгүй ихэсдэг.

Үүнтэй холбоотой сүүлийн үед бэлэн мөнгөний гүйлгээ хийх явцад хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол гарлаа.

2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр банканд гүйлгээ хийж байсан иргэн “А”-аас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн сар шинийн баярынхаа бэлтгэлийг ханган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ мөнгөн дэвсгэртийн чанар байдлыг сайтар ажиглаж, нягтлах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна!

Categories
мэдээ нийгэм

Коронавирусээр 31427 хүн халдварлажээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 7-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар 564 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 31427-т хүрсэн бол 1542 хүн эдгэрчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай төрийг Аглуу алав

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Жүжигчин Сосорбарамыг гурван зуу шахам хүний нүдэн дээр алж орхилоо. Буудчихсан. Харин хэн алсныг ёстой бүү мэд. Икс түцийн хэдээс гарцаагүй, гэхдээ яг хэн нь гэдэг нь мэдэгддэггүй. Аглуу юу, Нарансолонго уу, Тэмүүжин үү, Төөгий юу, Онон уу, Онон гэхэд эрэгтэй нь үү, эмэгтэй нь үү? Сосорбарамыг үхчихээр энэ хэд цөмөөрөө баярлаж байгаа юм. Мөрдөн байцаагчид өчихдөө бүгд өөрсдийгөө Со-г алах шалтгаантай байсан гэдэг байгаа.

Гэтэл Со ямар сайн хүн гэж санана! Баян, гэхдээ хамаг хөрөнгө мөнгөө ард түмэндээ зориулдаг эрхэм хүн. Хүмүүс түүнд хайртай, бүгд л дараагийн ээлжинд тараах зүйлийг нь сэтгэл догдлон хүлээж байдаг. Эмнэлэг сургуулийг үнэгүй болгосон, гэрэл цахилгааныг төлбөргүй болгосон, авьяас чадвартай хүмүүсийг олж мэргэжилд сурган ард түмний төлөө үйлчлүүлдэг. Тэр байтугай сайхан театр байгуулаад хүмүүст үзүүлэн зардлыг нь өөрөө даадаг. Энэ театрт л гэхэд сардаа 100 мянган доллар гаргаад шидчихэж байгаа юм. Сосорбарам асар том нээлт хийжээ. Ямар юм нээснийг нь ойлгосонгүй, лав л тэр нь хэдэн арван тэрбумаар үнэлэгдэх, хүн төрөлхтний ирээдүйг өөрчлөх хувьсгалт том нээлт юм байна. Миний ойлгосноор таван толгой ч юм уу, оюу толгой хавьцаа л юмуу даа.

Со шинэ нээлтээ ард түмэндээ бэлэглэхээр шийджээ. 100 хувь ард түмэндээ өгнө гэв. Ямар ч үнэ төлбөргүй. Хичнээн их хөрөнгө мөнгө, цаг зав, хөдөлмөр, оюун орсон тэр гайхамшигт бүтээлээ 100 хувь ард түмэндээ сохор зоос авалгүйгээр үнэгүй өгнө гэдэг ямар аугаа сайхан сэтгэл вэ! Ийм буянг бурхан ч үйлдэхгүй. Иймээс Сосорбарам бол дээдийн дээд Бурхан. Ийм сайхан хүний дээдийг икс түцийнхэн алчиж байгаа юм даа! Гэтэл Со тэдэнд бүгдэд нь тусалсан, аварсан, шагнасан, халамжилсан… Төөгийгийн эхнэр нас бараад тахир дутуу өнчин хүүхэдтэй хоцроход нь хүүг нь өргөж авсан байна. Аглууг туслахаараа авч эрдэмтэн болгож. Баттөмөрийг ажилтай болгож хүүхдийнхээ гэрийн багш болгож. Тэмүүжинг бүх зардлыг нь дааж мундаг мэс засалч болгосон байна. Эхнэртээ зориулж эдлэн бүхий том байшин бариулж бүх дизайныг нь өөрөө шийдээд гар нүүрийн саванг нь хүртэл бэлдээд бэлэглэж байгаа юм даа. Эмэгтэй Ононг театрын жүжигчин болгон бүхний танил сүпэр од болгосон гээд бод доо. Гэтэл үхчихээр нь энэ өөдгүй амьтад цөмөөрөө баярлаж байгааг нь ээ! Сосорбарамыг алах шалтгаан бүгдэд нь байсан болж таарлаа. Шүүхэд очоод хэргээ хүлээхэд ч бэлэн гэцгээнэ. Харин яг алсан хүн нь олддоггүй ээ.

Ийм сайн хүнийг үхчихээр тэд яагаад баярлаад байгаа юм бэ? Бархүү мөрдөн байцаагчаар томилогдоод Сосорбарамыг хэн алсныг тодруулахаар байцаалт явууллаа. Төөгийгийн хувьд ядарч явахад нь өнчин өрөөл татуу хүүхдийг нь өргөж авч хүн болгосон Сосорбарамыг үзэн яддаг юм байна. Учир нь хүү нь шинжлэх ухаан арай баталгаа гаргаж чадаагүй байгаа шинэ аргаар эмчлүүлэх гэхэд Со үүнийг аюултай гэж үзээд хориод байгаа аж. Хүү болохоор эсвэл босъё, эсвэл үхье гээд энэ эрсдэлийн төлөө амиа золиход бэлэн. Нарансолонго гоё байшинтай болохыг мөрөөддөг, бүх дизайныг нь өөрөө зохиож өөрийн гэсэн бүтээлтэй тэндээ жаргалтай амьдармаар байтал Со гар нүүрийн саванг нь хүртэл бэлдчихсэн бэлэн байшин бэлэглэжээ. Тэмүүжин хөгжимчин болох үнэн хорхойтой, насны мөрөөдөл нь атал Со хурууг нь хараад сайн мэс засалч болох юм байна хэмээн сургуульд оруулж мундаг эмч болгочихжээ. Эмэгтэй Онон бүр өрөвдмөөр. Тэр жүжигчин болгоны мөрөөдөөд хүрдэггүй од болсон ч гэсэн ард түмэндээ үлгэр жишээ үзүүлэхийн тулд дандаа гэгээлэг сайхан дүр бүтээдэг үйлтэй. Ингэж байхаар бүтэлгүйтээд гудамжны янхан болсон ч яадаг юм гэсэн бодолтой аж.

Нэг л үгэндээ Сосорбарам бүгдэд нь үнэгүй сайхан амьдрал хайрласан боловч хүсэл мөрөөдлийг нь булаагаад авчихсан юм байна. Муу явах, архичин тамхичин болох, бүтэлгүйтэх, өлсөж даарах эрхийг нь хүртэл булааж авчээ. Мөрөөдөлгүй хүн хүн мөн үү? Амьдрал гэдэг өлсөж даарахгүй л байвал болчихдог эд үү? Тийм бол хүний амьдрал тэжээвэр гахайныхаас юугаараа ялгаатай юм бэ? Хүн алдахгүй юм бол онохын жаргалыг мэдрэнэ гэж үү? Жаргал гэж ерөөсөө юу юм бэ? Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий. Тэгэхээр заримдаа зовох нь өөрөө жаргал юм биш үү? Жамын юм жамаараа ч гэж үг бий. Жам ёсны урсгалыг хэн нэг сайхан сэтгэлтэй хүн таслан зогсоож нийтийн эрх ашиг, нийтийн ашиг тус, нийтийн сайн сайхан руу урсгахаар хорвоогийн мөн чанар юу болж хувирах вэ?

Английн нэрт философич Бантам гэж байлаа. Хорвоогийн жаргал зовлон тэнцэл барьж байдаг гэж сургасан юм. Нэг нь хэт их жаргаад эхэлбэл нөгөө талд нь хэн нэг нь хэт их зовоод эхэлдэг аж. Тэгээд түүний онолоор жаргал зовлон заавал хосолдог аж. Яг л манай цагаан сарын ул боовны өрөлт шиг. Бантамаас хоёр мянган жилийн өмнө Сиддахарта ч ингэж сургасан. Одоо түүнийг бид Будда гэх болсон. Харин бүх хүнийг тэгш жаргааж болно гэж Германы философич Маркс сургажээ. Энэ номлолыг амьдралд хэрэгжүүлэх гэж хүн төрөлхтөн зуун жил зүтгээд эцэст нь хэмжээлшгүй зовлонд бүх хүнийг аваачсан даа. Хүн болгон өөр өөрийн хүсэл эрмэлзэл таашаалтай байдаг. Харин марксизмыг хэрэгжүүлэгчид хүний энэхүү хувьлаг шинжийг огоорч хүчээр жаргуулах гэж зүтгэсэн юм. Жаргах дургүй нэгнийг нь буудсаар байтал Орост 40 сая, Хятадад 75 сая, Монголд насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь диваажин руу одсон. Бүх ард түмнээ жаргуулах гэсэн чинь улс орноо тэр чигээр нь шорон болгосон гэсэн үг. Аймшигт дарангуйлагч махчин ороолон чухам энэ нийгэмд л төрсөн. Өнөөгийн философичид марксизмыг хүний сэтгэлгээнд гарсан хамгийн том алдаа гээд үүгээр алдааны дээд хэмжүүр хийх саналтай байдаг. Баримжаа авч байгаа нь тэр.

Ингэхээр Сосорбарам бол тийм сайн хүн биш бололтой. Жаргалын түлхүүрийг атгасан түүнд ард түмэн өртэй. Өртэйн хэрээр түүнээс хамааралтай. Хамааралтайн хэрээр тэжээвэр гахайтай төстэй. Гахайрхуу болохын чинээгээр сэтгэлгээгүй болно. Сэтгэдэггүй бол хүн биш. Ийм хүн бишүүд эцэст нь Сосорбарамд л хэрэгтэй. Ингэхээр Сосорбарам бол хамгийн адгийн дарангуйлагч, хууран мэхлэгч, ороолон, чөтгөр шулам.

Аглуу бол ярианы өнгөнөөсөө өөдгүй нөхөр. Дандаа мөнгө, ашиг хонжоо ярина. Амиа бодно. Ард түмнээ хайрладаггүй. Нөгөө олсон Оюу толгой, Таван толгойнуудыг чинь зарна, тэгээд өөртөө мөнгө олно гэж солиорно. Дотроо зовж шаналж яваа хөөрхий эмэгтэй Ононг даапаална. Хүний зовлонгоор жаргагч. Тэр л Сосорбарамыг алсан байх. Мэдээж бүх сэжиг Аглуу дээр тусаж таарна аа даа. Харин мөрдөгч Бархүү их ухаантай. Логик гаргалгаа л сайтай юм даа. “Бүх хүн мөнгөнд дуртай, Аглуу бол тэрийгээ ил илэрхийлдэг нэгэн. Харин мөнгийг жигшээд ард түмнээ хайрлаад байгаа хүн л хамгийн сэжигтэй” гэсэн үнэн гоё үнэн логик хэлж байгаа юм даа.

Айн Рэндийн “Сайтар тунгаа” нэртэй жүжиг ийм л юм байна. Үүнийг ард түмнээ боддогүй Алтан тариагийн Цэнгүүн санаачлан зохиолын эзэмшигчээс эрхийг нь худалдан авч, жүжгийн хөрөнгө мөнгийг нь даажээ. Философийн багш Батчулуун гээд бас нэг ард түмнээ боддогүй нөхөр жүжгийг орчуулсан байна. Тайзан дээр л ард түмэн гээд үхчих гээд байгаа болохоос амьдрал дээр ард түмнээ боддоггүй Сосорбарам жүжгийг найруулжээ.

Улсын драмынхаа театрт ямар ч ашиг завшаан бодолгүйгээр ард түмэндээ үйлчлээд төрийн албан хаагч – жүжигчин болохын оронд амин хувиа бодон мөнгө хөөдөг ард түмний дайсан гэмээр Х – ТҮЦ хамтлагийнхан уг жүжигт тоглож билетээ 15 мянгаар худалдаж байна. Жүжиг дууссаны дараа болсон яриан дунд эдгээр амиа бодогчид тоглолтоо Улсын Их Хурлынхан болон Засгийн газрынханд үзүүлье гэсэн эх оронч санаачилга гаргаж байна. Жүжгийн уг нэр нь Think twice. Давхар бод гэсэн үг юм уу даа. Тэгж чадах юм болов уу! Ард түмнээ бодоод завгүй байгаа шүү дээ, тэд чинь. Зуун хувь зуун хувь, үнэ төлбөргүй үнэ төлбөргүй… шилооий шилооий…

2011.4.18

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: СӨХ-г татан буулгавал орон сууцнууд эзэнгүйднэ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та санаачилсан гэдэг нь үнэн үү. Уг хуулиар Сууц өмчлөгчдийн холбоог татан буулгах гэж байгаа юм уу?

-Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн учраас энэ хуулийг ямар нэгэн байдлаар Ж.Ганбаатар гишүүнтэй холбоё л гэж бодсон шиг байгаа юм. Учир нь СӨХ-үүдийн асуудал сонгуульд нөлөөлөх магадлалтай гэж хүмүүс бодоод байна л даа. Үүгээр далимдуулж Ж.Ганбаатарын нэр хүндэд халдъя гэж бодож байх шиг. Угтаа энэ хуулийг Барилга хот байгуулалтын яамнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Засгийн газар УИХ-ын гишүүнтэй хамтарч хууль өргөн барина гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Энэхүү хуулийн хэлэлцэх эсэх нь чуулганы хуралдаанаар дэмжигдэж, Эдийн засгийн байнгын хороонд шилжиж л ирсэн юм. Тус байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байгаа ч тодорхой байр суурин дээр нэгдээгүй байна. Нуулгүй хэлэхэд гишүүд уг хуулийг дэмжихгүй байгаа. Учир нь Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд СӨХ-нуудыг татан буулгах асуудал тусгагдчихсан юм. Миний хувьд энэ хуулийг санаачлах нь битгий хэл 100 хувь эсэргүүцэж байгаа. СӨХ-ны үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахдаа аль болох ард иргэдтэй ойр ажилладаг болгох ёстой.

-Тэгэхээр СӨХ-ны үүргийг хэн гүйцэтгэнэ гэсэн үг вэ?

-СӨХ-г татан буулгаж Орон сууцны конторт нэгтгэнэ гэж байгаа юм. Миний хувьд орон сууцны контор СӨХ-ноос илүү сайн ажиллана гэдэгт итгэхгүй байна. Харин ч орон сууцнууд эзэнгүй хаягдана. Орон сууцны контор СӨХ-ны үүргийг гүйцэтгэдэг байхад орон сууцнуудын орц, хонгил үнэхээр аймшигтай байсан. СӨХ бий болсноор ядаж л орц, контороо цэвэрлэж, жижиг гэлтгүй үүссэн асуудлуудыг зохицуулаад явах болсон.

СӨХ-г үнэхээр мундаг ажилладаг гэж хэлэхгүй ч өнөөдрийн энэ шийдэл нь маш буруу. Харин ч энэ хуулиар СӨХ-ны үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ гэдэгт илүүтэй анхаарах ёстой юм. Оршин суугчдаас хураагдсан төлбөрийг үйл ажиллагаандаа хэрхэн зөв зүйтэй зарцуулах, түүнийг нь хэрхэн хянах вэ гэдэгт л энэ хууль чиглэх учиртай.

-СӨХ-г ийнхүү гэнэт татан буулгах гээд байгаа шалтгаан нь юу вэ?

-Үнэхээр хэлж мэдэхгүй юм. Үүнийг Х.Баделхан сайдаас л асуух хэрэгтэй байх.

-СӨХ-д цөөнгүй иргэд ажиллаж амьдралаа залгуулдаг. Тэдгээрийн эрх ашиг ч хөндөгдөх нь ээ дээ?

-Яг үнэн. Тэр хүмүүсийг ажилгүй болгоод л, ажил албыг нь Орон сууцны контор өөртөө нэгтгээд авчихаж байна гэсэн үг.

-Оршин суугчдаас СӨХ төлбөр авдаг. Хэрэв уг хууль батлагдвал Орон сууцны контор тэрхүү төлбөрийг авах уу. Ямар зохицуулалтаар явах вэ?

-Одоогийн зохицуулалтаар тэрхүү шимтгэл, хураамжийг Орон сууцны контор хураан авна. Орон сууцны контор гэдэг хүнд сурталтай, олон хүнтэй байгууллага байдаг. СӨХ тус байгууллагад шилжсэнээр оршин суугчдын төлөх мөнгө, иргэдэд ирэх ачаалал улам нэмэгдэнэ. Үүнийг 100 хувийн баталгаатай хэлж чадах байна. Одоогийн хуулиар Орон сууцны контор нь ус дулаан, цахилгаантай холбоотой асуудлуудыг хариуцдаг. Үүн дээр нэмээд СӨХ-ны засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, ногоон байгууламж, ашиглалт, цэвэрлэгээ зэргийг хариуцах нь байна л даа. Уг байгууллагад тийм хүч, бололцоо туршлага ч байхгүй. Миний хувьд энэ хуулийг Засгийн газар эргэн татаж авах байх гэж бодож байна.

-Эрх баригч нам хотын мандатыг цөөлсөн. Сөрөг хүчний зүгээс МАН хотод ялалт байгуулж чадахгүй гэж үзсэн учир ийн шийдсэн гэж байна. Мандатыг цөөлсөн энэ шийдвэр зөв үү?

-Сонгуулийн тухай хуульд тойрог, мандатыг хуваарилахдаа хүн ам, газар зүйн байрлал, хэмжээг харгалзах ёстой талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос тайлбарлаж байна лээ. Зарим гишүүд үзэл бодлоо хэрүүлийн маягтай илэрхийлж байгаа харагдсан. Яахав миний хувьд Улаанбаатар хотоос сонгогдож байгаа гишүүдийн тоо бага байна гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ энэ асуудлыг нэгэнт бүлгээр шийдчихсэн. Энэ тохиолдолд буруу, зөв гэж шүүхэд хэцүү.

Үүнтэй холбоотойгоор манай Баянгол дүүрэг улсын хэмжээнд хамгийн том тойрог болсон гэдгийг хэлье. Баянгол дүүрэгт гурван мандат оногдсон. Нэг мандатад нь 78 мянган иргэн оногдож байгаа. Нэг мандатад оногдох улсын дундаж хэмжээ нь 46 мянган иргэн юм билээ.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Уг хуулиар сонгогчдод тодорхой ирцийн босго тавиагүй, дээрээс нь сонгуулийн үйл ажиллагааг 20:00 цагт хаахаар зохицуулжээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-УИХ болон Ерөн-хийлөгчийн сонгуульд тийм зохицуулалт ороогүй гэдгийг онцлон дурдах нь зүйтэй байх. УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж ийм хууль баталсан зүйл байхгүй. Орон нутгийн сонгуульд олон улсын жишгийг дагах ёстой гэх байр суурь давамгайлсан юм билээ. Тодорхой ирц тогтоогоогүй шалтгаан нь өмнөх сонгуулиудтай холбоотой. Өмнө нь орон нутгийн сонгуулийн ирц хүрдгүй байсантай холбоотойгоор үргүй зардал их гардаг байсан. Хоёр, гурван удаа сонгууль явуулдаг газрууд ч байдаг. Тиймдээ ч ирцгүй болгох шийдвэрийг зөв гэж үзэн дэмжсэн. Харин 20:00 цагт сонгуулийг хаах болсон нь сонгогчдод мөнгө, архи дарс өгдөгтэй холбоотой гарсан шийдвэр гэж байгаа.

-Эрх баригчид Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хаалттай хуралдааны үеэр ил болон далд санал хураалт явуулсан. Санал хураалтын дүн эрх баригчдыг багагүй эвгүй байдалд оруулсан. Үүнд та юу хэлэх вэ?

-Юу хэлэх вэ дээ. Миний хувьд тэр хүн муу, би мундаг гэж ярих дургүй. Энэ нь миний уг зарчим биш юм. Тиймдээ ч би энэ тухай хариулж чадахгүй нь, уучлаарай.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 30 хувьд IPO хийх асуудал царцсан байдалтай байна. Угтаа ажил хэрэг болгосон бол улс эх оронд болоод эрх баригчдын нэр хүндэд ч хэрэгтэй байсан юм биш үү?

-IPO-той холбоотой асуудал Их хурал руу орж ирээгүй байна. Яахав Уул уурхайн сайдтай энэ асуудлаар нэлээд зөрөлдөж байгаа. Ил гаргахгүй зүйлүүд ч байна. Уул уурхайн сайдаас 100 хувь хамаарахгүй зүйлүүд ч бий. Монгол Улсын өөрийнх нь эдийн засгийн чадамжтай холбоотойгоор Засгийн газар шийдвэр гаргахад хэцүү зүйлүүд ч байгаа. 2011, 2012 он шиг Монгол Улсыг сонирхож байгаа үед энэ зүйлийг хийхэд их амархан гэж харсан. Өнөөдрийн хувьд дэлхий нийтэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж байна. Хөрөнгө оруулалт хийхдээ хүмүүс маш болгоомжтой хандаж байх шиг байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 7-нд болох үйл явдлууд

10.00 цагт Гаалийн ерөнхий газраас өөрийн байрандаа Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусний халдвараас сэргийлэх ажлын талаар мэдээлнэ. Утас: 99145985

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилгын загвар зураг батлуулах, тавигдах шаардлага, түр хашааны стандарт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлнэ. Утас: 99054943

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

11.00 цагт “Ардчиллын өргөө”-нд Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91020880

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэд сонгох, сонгогдох эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар мэдээлнэ.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.

12.00 цагт ГХЯ-нд Төрийн ёслолын албаны дарга асан Ч. Батжаргалын “Эрхэм төрийн ёс-хүнд Эевэрүү хүний жудаг-их” номын нээлт болно.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Баяртогтох: “Өнчин ишиг хулгайлсан ч хорих ял онооно” гэх мэдээг сонссон иргэн хэргээ хүлээн хохирогчоос сөгдөж уучлалт гуйж хохирлыг нь төлсөн

Төв аймаг дахь цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн ахмад Ч.Баяртогтохтой ярилцлаа.


-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр,мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялыг илүү чангалж өглөө. Хуульд орсон нэмэлт өөрчлөлт гэмт хэргийн нөхцөл байдалд яаж нөлөөлж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг болүндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа төрийн бодлого нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар илэрч байгаа юм. Бид хэргийн араас хөөцөлдөж илрүүлэхээс дутуугүй шүүхээр хэрхэн шийдэгдэх бол гэдэгт санаа зовних болсон энэ цаг үед Эрүүгийн хуульд мал хулгайлсан хэрэгт оногдуулах ялд өөрчлөлт орлоо. Мал хулгайлсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад цаг хугацаа их шаардагддаг. Ялангуяа хэд хэдэн сум, аймаг, он дамжсан олон үйлдэлтэй, бүлэг зохион байгуулалттай хэргийг бүрэн нотлох, гэмт этгээдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих гээд хүндрэл их байдаг. Нэг үхэр хулгайлчихаад хоригдох хэрэг үү гэж гайхах хүн байхгүй байх. Малчид энэ шийдвэрийг зөв зүйтэй хэмээн дэмжиж, бид ч бас энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурна гэсэн итгэлтэй байгаа.

-Малын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ галт зэвсэг ашиглах, хил давуулсан зэрэг тохиолдолд хүндрүүлэх зүйл заалт оруулсан байна лээ. Энэ талаар тодруулна уу?

-Хүний буруутай үйлдэл болгон гэмт хэрэг биш байдаг. Манайд гэмт хэрэгт тооцдог үйлдлийг өөр нэг улсад хэрэг биш гэж үзэх жишээтэй. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ, Монгол баян” гэдэг шүү дээ. Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг хэн дуртай нь хулгайлж болохгүй биз дээ. Алдсан малынхаа араас эрэлд хатаж явсаар, хээлийг нь гаргаад хаячихсан байхыг, уяж сойдог хурдан хүлгийнх нь толгой шийр жалганд хэвтэж байхыг олж харах хэнд таатай байх билээ. Хулгайч нар өрөвдөх сэтгэл, чичрэх зүрхгүй мэт, малын толгой, шийрийг тасдаж арьстай нь хувааж авч явах, унаганых нь дэргэд эхийг нь нядлах, бэлчээрт нь хөөж буудах гээд хэлэхэд ч хэцүү үйлдэл гаргасан байдаг. Тэгэхээр ийм үйлдлийг гарцаагүй нийгэмд аюултай, эрүүгийн хуулиар заавал тусгайлан хориглож, хүндрүүлсэн ял шийтгэх шаардлагатай гэж төр үзсэн.

-Төв аймгийн сумууд бол малын хулгайн гэмт хэрэгт өртөх өндөр эрсдэлтэй бүс нутагт ордог. Он гарсаар хэдэн хэрэг бүртгэгдэв. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ямар үзүүлэлт гарч байна?

-Уяж сойх, маллаж өсгөх,махыг нь жижиглэнгээр зарахаар жинлээд зогсож байдаг хулгайч гэж байхгүй. Бүгд л хурдан түргэн борлуулж мөнгө болгох гэж Улаанбаатар хот руу зүтгэсэн байдаг. Төв аймгийн нутаг газар зүйн байрлалын хувьд Улаанбаатар хотыг тойрсон буюу махны зах зээлд ойр байгаа нь энэ гэмт хэргийн гаралтад нөлөөлж байна. Хотоос гарах, орох бүх зам манай аймгийн нутгаар дамжиж байгааг ч гэмт этгээдүүд ашигладаг. Манай аймгийн 27 суманд бүгдэд нь мал хулгайлах гэмт хэрэг гараад байна уу гэхээр тийм биш. Засмал зам дамжсан сумдын, замд ойр айлуудын мал л хулгайд хамгийн их өртөж байна. Үүнд хэдэн үеэрээ тэр нутагт амьдарч ирсэн айл ч байна, хот суурин бараадаж нутагшсан, газар орон, хүн олноо сайн танихгүй нь ч байна. Мөн Төв аймаг тавиул мал, туслах малчин хамгийн ихтэй аймаг. Малаа алдсан гомдол мэдээллийг шалгах явцад Улаанбаатар хотоос ирэх “малчин” ер нь их шүү.

2020 он гарсаар манай аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 6,6 хувиар буурсан, харин мал алдсан гэх гомдол мэдээлэл 20,8 хувь өссөн байна. Бидний зүгээс малчдад “Хулгай их байна, сонор сэрэмжтэй байгаарай” гэдгийг, гэмт сэдэлтэй яваа этгээдүүдэд нь “Хулгай хийвэл баригдаж хариуцлага хүлээнэ шүү, битгий алдаж эндчихээсэй” гэсэн үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд мэдээлэл оруулдаг. Харин малчид маань “малын хулгайч баригдсан гэнэ” гэх сургаар хэдэн жилийн өмнө алдсан малаа сураглаж бөөн бөөнөөрөө өргөдөл гаргаж ирэх болсон. Хэрэв мал алдсан бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандах нь үр дүнтэй. Үгүй ядаж “Малчин лавлах 109”, “Тод сураг 1922” дугааруудад хандаж алдсан малынхаа талаар мэдээлэл өгчихсөн байхад цагдаагийн байгууллагаас малчин тань руу холбогдоно.

-Малчид мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй арга юу вэ. Хэрэгжүүлээд үр дүнд хүрсэн ямар жишээ байна?

-Яг гардан мал харж байгаа малчны хариуцлага, сонор сэрэмж өндөр байх шаардлагатай. Төв аймгийн нутагт мал маллах арга, туршлага гэдэг бол зах, холын аймаг, сумын малчны ухаанаас арай өөр байхыг шаарддаг.Хэд хоногийн өмнө Угтаалцайдам сумын нутагт өдрийн цагаар бэлчээрт мал нядалж байгаад зугтсан хэрэг гарч Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид цаг алдалгүй шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг олж тогтоосон. Тэгэхээр шөнийн цагаар гэлтгүй өдрийн цагаар ч бод малыг хариулга маллагаатай байлгах шаардлагатай. Малчдын бүлэг үүсгэж малаа гэмт халдлагаас хамгаалах, бэлчээр, усаа хамгаалах нь хамгийн зөв арга зам. Ингэж ажиллаад тухайн нутагт усандаа 2013 оноос хойш малын хулгайг таслан зогсоож чадсан аймаг, улсын аварга “Бэрх” малчдын бүлэг Төв аймгийн Лүн сумын нутагт бий. Гэтэл харамсалтай нь бүгд л мянгат малчин болох хүсэлд автаж худаг ус, бэлчээрийн маргаантай байдлаа зохицуулж чадахгүй, бие биенийхээ малыг уул гүвээ давуулан холдуулах тохиолдол байсаар байна. Мөн малчид туслах малчин, туслах уяач авч ажиллуулахдаа ямар хүнд малаа даатгаж байгаагаа бодолцохгүй бол зөвхөн малаа төдийгүй хамаг юмаа алдчихаад нэр усыг нь ч мэдэхгүй, хочноос хэтрэхгүй мэдээлэлтэй үлдэх нь их. Саяхан Аргалант сумын нутагт зарын дагуу туслах малчнаар очсон залуу хоттой хонийг нь ченж дуудаж худалдаад суудлын машин аваад уначихсан тохиолдол гарлаа. Мөн адуундаа GPS суурилуулж, тамга тэмдэгтэй болговол учирч болох эрсдэлээс сэргийлнэ. Сонор сэрэмжтэй, хариуцлагатай, саахалт айлаараа санаа нэг байж чадвал мал сүргээ хамгаалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна.

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар, өнчин ишиг туучихсан байхад л хорих ялаар шийтгэх заалттай болсон байна лээ. Үүнийг хэтэрхий хатуу заалт боллоо гэж шүүмжлэх улс байсан. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж заасан байдаг. Бусдын мал гэдэгт өнчин ишиг ч багтаж байгаа шүү дээ. Харин хулгайчид оногдуулах хариуцлага нь “240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж байсан. Өөрөөр хэлбэл баахан “эсхүл” дундаас сонгож хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсныг саяын нэмэлт өөрчлөлтөөр хааж өглөө. Энэ хүртэл хугацаанд малын олон хулгайч шүүхээр орж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн. Ямар ял оногдуулах нь шүүх, шүүгчийн асуудал учраас би нарийн тоо дурдахыноронд бидэнд учирдаг хүндрэл бэрхшээлийн талаар ярья. Төв аймгийн нутгаас адуу азарга, азаргаараа сураггүй алга болж, хэд хоногоос унаганууд нь гарч ирээд байгаа талаар гомдол ирсэн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад урьд өмнө мал хулгайлах гэмт хэрэгт хэд хэдэн удаа ял шийтгэгдсэн бүлэг этгээдүүд нийлж бусдын хурдан удмын зуу гаруй тооны адууг хулгайлан нядалж, махыг нь худалдаад мөнгөө хувааж авдаг байсан нь тогтоогдсон. Мөн мал хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байх явцдаа хоорондоо танилцан шинэ бүлэг үүсгэж, улам зохион байгуулалттайгаар бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдол ч гарсан. Ер нь бол мал хулгайлсан этгээдэд хорихоос өөр төрлийн ял шийтгэл “зохихгүй”.

Нэмэлт өөрчлөлтийн үр дүнг одоо дүгнэж цэгнэх арай эрт байна. Гэхдээ малын хулгайч нар “Өнчин ишиг хулгайлсан ч хорих ял оногдуулдаг боллоо” гэх мэдээг зурагтаар үзээд үйлдсэн хэргээ хүлээж хохирогчоос нь сөгдөж залбирч байгаад уучлалт гуйж хохирлыг нь төлсөн тохиолдол гарсан. Хулгайч хуулиас эмээж байна шүү дээ. Үүнийг би хатуудсан гээд байгаа хорих ялын урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилгыг хангаж байна, өөрөөр хэлбэл хорих ял үр нөлөөгөө өгч байна аа гэж ойлгож байна.