Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд

Шинэ төрлийн коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэгийн компаниуд БНХАУ руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

1. АНУ-ын United Airlines компани 2 сарын 6-наас 3 сарын 28-ныг хүртэл Бээжин, Шанхай, Чэнду, Хонг Конгийн чиглэлийн бүх нислэгээ, American Airlines компани 1 сарын 31-нээс 3 сарын 28-ныг хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ, Delta Airlines компани 2 сарын 6-наас 4 сарын 30 хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ тус тус түр зогсоогоод байна.

Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд БНСУ-ын Сөүл хотын Инчеон, Японы Токио хотын Нарита, ОХУ-ын Москва хотын Шереметьево, ХБНГУ-ын Берлин хотын Тегель, БНТУ-ын Истанбул хотын Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна.

2. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани 3 дугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 2 сарын 6, 13-нд Бээжингийн чиглэлд, 2 сарын 10, 15-нд Хонг Конгийн чиглэлд тус тус нислэг үйлдэх бөгөөд Бээжин, Хонг Конгийн чиглэлийн бусад бүх нислэгээ цуцлаад байна.

3. ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд 1 сарын 31-нээс 3 сарын 31-нийг хүртэл хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолно уу.

4. Коронавирусын тархалтын байдлаас хамааран олон улсын нисэх онгоцны буудлууд нислэгийн хуваарь, нисэх/буух терминал, онгоцонд суух гарцыг тухай бүр өөрчлөн зохицуулалт хийж байгаа тул иргэн Та аялалд гарахаасаа өмнө нислэгийн мэдээллээ сайтар шалгана уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зам тээврийн осол өмнөх долоо хоногоос 28.4 хувиар өсчээ

Энэ сарын 3-6-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 588 дуудлага, мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 28.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүн амь насаараа хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.02.03-ны 05:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонхор сумын Өгөөмөр багийн нутаг “Цагааны гол” гэх газар / Аймгийн төвөөс зүүн тийш 12 км/ асфалтан замд Lexus-470 маркийн автомашин онхолдож, жолооч , зорчигч нарын 2 хүн амь насааараа хохирчээ.
  • 2020.02.04-ний өдрийн 23:00 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сумын 3-р багийн нутаг “Шүүтийн ам” гэх газар шороон замд улсын дугааргүй Daun маркийн мотоцикл онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б нас баржээ.

Ослын улмаас бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 байгаа юм.

Ослын дийлэнх хувь нь явган зорчигч нар явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн тохиолдол байна.

Иймд иргэдийг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг тээврийн Цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Хоёрдугаар сарын 6-нд тусгаарлагдсан есөн тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 34,722, нас баралт 722 боллоо. Нас баралтын түвшин хоёр хувьтай байна. Сүүлийн хоёр хоногт халдвар авсан хүний тоо бага зэрэг буурсан ч цаашид нэмэгдэх магадлалтай. БНХАУ-аас гадна 24 улсад халдвар гарсан байгаа бөгөөд халдвар гарсан орны тоо нэмэгдээгүй байгаа.

24 улсаас гадна нэг усан онгоцон дээр халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд 3,700 зорчигчтой тус онгоцон дээр халдварын 61 тохиолдол бүртгэгдээд байна.

ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийн 7-10 хувийг эмнэлгийн байгууллагад ашиглах шаардлагатай талаар судалгааг хийсэн. Судалгаагаа үндэслээд халдвар бүртгэгдээгүй болон цөөн тохиолдол бүртгэгдсэн улсуудад хувийн хамгаалах хэрэгсэл нөөцлөхгүй байхыг уриалж байгаа” гэдгийг хэллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 6-нд тусгаарлагдсан есөн тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Тодруулбал, 6-ны өдөр ХӨСҮТ-д зургаан хүн, Дархан-Уул аймагт нэг, Ховд аймагт хоёр хүнийг тусгаарлаад байсан бөгөөд нийт есөн хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Хоёрдугаар сарын 7-нд сэжигтэй тохиолдол ирж, ХӨСҮТ-т тусгаарлагдаагүй. Энэ бол сайн мэдээ” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дотоод тэнгэр”

“Яруу найрагч Д.Дамдинжавын шинэ ном миний урд байна. Энэ бол шүлгийн ном. Ойрдоо би энэ номын шүлгүүд шиг шүлгүүдтэй нүд харгаж яваагүй санагдана. Их сонин агаад сайхан шүлгүүд байна. Сайн шүлэг гэдэг сайн сэрэл мэдрэмжийн үр дүн байдаг. Сэрэл мэдрэмжийг ямар шүлэг болгох нь яруу найрагчийн сэрэл ухааны, гүйцэтгэлийн, төгс бодомжийн хэр чинээг харуулдаг.

Энэ номон дахь шүлгүүд эзнээ бүдгэрүүлэхгүйгээр бичигджээ. Санаанд оромгүй төсөөлөл, зүйрлэл, шүлгийн доторх утга санааны содон эргэлт, бусгалтууд энэ номын шүлгүүдийг бүүр шинэ болгож байна.

Шүлгийн доторх шинэ болгон хэтэрвэл тааруухан байдгийг энэ яруу найрагч мэдэрдэг бололтой. Санааг эргүүлж, төгсгөлийг санаандгүй болгохдоо яруу найрагч чадмаг үйлдэх юм. Шүлгэнд ийм зүйл дэндүү ихэдвэл үгийн наадам буюу (каламбур) болдог.

Ямар ч байсан сэтгэл татсан, ухааны гижиг хүргэсэн нэгэн яруу найрагч Монголын уран зохиолд орж ирлээ.

Яруу найргийн өргөө багтаамж ихтэй гэлээ ч муу яруу найрагч багтах зай багатай юм билээ. Их яруу найргийн өргөөнд энэ залуу яруу найрагчийн суух суудал бий. Тэр байтугай баганын дээд хойморт суух байх шүү. Тэр цагийн хожмын уншигчид амсана…” хэмээн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн амьд сэрүүндээ Энэхүү номын өмнөтгөлийг бичжээ. Сэрэл мэдрэмж, бодол ухаан, гүйцэтгэлийн үр дүнг өөрийнхөө бүтээлүүдээр олон түмэнд дархалж, мөнхөлж чадсан эл алдартай зохиолч шинэ залуу үеийн найрагчаа ингэж үнэлсэн нь “Дотоод тэнгэр” номын чанар, үнэлэмжийг илтгэнэ. Д.Дамдинжавын шүлгүүд уншихад үнэхээр содон юм. Түүний “Дотоод тэнгэр” номд багтсан зарим шүлгээс хүргэе.

ЗАЛБИРАЛ

Сүмийн булагт яг одоо

Сүрэг дэрс од сүвлэн ургаад

Саргүй шөнийн тэнгэрээс

Саа унжих мэт гэгээ асгаж байгаа.

Сүмийн булагт яг одоо

Сүмэн өвс сүү хөхсөн мэт торниод

Сүүдэр газрын энгэр дээр

Нар зураад дулаацаж байгаа.

Сүмийн булагт яг одоо

Загал уул минь бөхийн суугаад

Сүвэгчийн чинээ ганц өвс

Сүрлийн чинээ бүлэг дэрсийнхээ төлөө

Залбирч байгаа.

ДУРСАМЖ

Энэ их үүл

Өнгөрсөн намар

Үүгээр цувж одсон шувуудын тоос байх.

Энэ их бороо

Өнгөрсөн намар

Түүгээр уйлж ниссэн шувуудын нулимс байх.

Энэ их манан

Өнгөрсөн намар

Тэртээ холд шувуудаа үдсэн нуурын уйтгар байх.

Энэ их өвс ногоо

Өнгөрсөн намар

Тэнгэрт дурлалцсан хоёр шувууны дурсамж байх.


Categories
мэдээ нийгэм

Журам зөрчин ажиллаж байсан интернэт кафены үйл ажиллагааг зогсоолоо

Улс, Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр цахим тоглоом, интернэт кафены газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.

Шалгалтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Идэр таур төвийн нэгдүгээр давхарт байрлах иргэн Б.Чинзоригийн интернэт кафены газар ажиллаж байсан зөрчлийг илрүүлэн, үйл ажиллагааг зогсоон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулж, бүрэн барагдуулав.


Categories
мэдээ цаг-үе

Б.Түвшинтөгс: Хэрэглэгч гомдол мэдүүлж байгаа нь танай ажилтанд бус менежмэнтэд алдаа байгааг харуулдаг

“Үндэсний маркетингийн агентлаг”-ийн захирал, маркетингийн зөвлөх Б.Түвшинтөгстэй ярилцлаа. Тэрбээр маркетингийн зөвлөхөөр 20 гаруй жил ажиллаж, олон зуун компанийг өсөн дэвжихэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүний зөвлөгөө бизнес эрхлэгчдэд үнэ цэнэтэй байх нь дамжиггүй юм.


-Хэзээнээс маркетинг сонирхож, ажиллаж эхэлсэн бэ?

-Анх 1997 онд реклам хийж эхэлсэн. Тухайн үед реклам хийдэг хүн ховор байлаа. Компанийн захирлууд дээр очиж рекламыг нь аваад байгууллага дээрээ ирээд бичүүлэх гэтэл хүн байхгүй, дандаа яруу найраг бичдэг хүмүүс байдаг байлаа. Би компанийн захиралтай нүүр тулж мөнгийг нь авчихсан. Тийм байж реклам гээд утга уянгын халилтай шүлэг үзүүлэхээр нөгөө удирдлагууд чинь уурлана биз дээ. Уг асуудлыг шийдэхийн тулд өөрөө рекламны зохиол бичиж эхэлсэн. Анх ингэж уг салбар руу орсон доо. Өнгөрсөн хугацаанд 30 орчим салбарт ажиллаад үзчихлээ. Хийсэн төсөл маань 1000 давсан байх. Бидний зөвлөгөөг ажил болгоод борлуулалт нь 10, 50, бүр 100 дахин өссөн компаниуд олон бий. Ер нь байгууллага хэрэглэгчдээ зориулсан мэдээллээ дэс дараатай, системтэй, зөв, мөн байгууллагын санхүүд дарамтгүй өгөх ёстой. Ингээд өгөөд эхлэхээр ажил аяндаа цэгцрээд эхэлчихдэг. Түүнчлэн, бизнесийн байгууллагуудад маркетингийн дэд бүтэц гэж байдаг. Бууз хийхэд заавал мах, гурил, сонгино байх ёстой гэдэгтэй ижил маркетинг хийхэд дэд бүтцийг шийдэх учиртай. Маркетингийн хувьд бүх үйл ажиллагааг хэмжиж байх ёстой платпормуудыг өөрийн байгууллага дээр авах ёстой. Үүнийг бүр хөрөнгө оруулалтын хэмжээнд шийддэг. Гэхдээ өндөр зардалтай биш. Ингэснээр мэдээллийн дата баазыг бий болгож, үүнд суурилж хэрэглэгчдэд хандсан зөв алхамуудыг хэрэгжүүлэх боломжтой. Эдгээр дэд бүтцийг хангаж өгөөгүй байж менежерүүдээс шинэ санаа, үр дүн шаардах төвөгтэй. Нөгөө талаас шинэ санаа системээс төрдөг юм. Түүнээс биш гэнэт зүүдэлж босч ирээд шинэ санаа хэрэгжүүлээд амжилттай явах магадлал бага.

-Том компаниудын хувьд маркетингийн бүхэл бүтэн том баг ажиллаж байгаа. Харин жижиг, дунд бизнесүүдийн хувьд маркетингийн арга ажиллагаа сайн төлөвшөөгүй байх нь түгээмэл. Эдгээр компанийн хувьд юунд хамгийн эхэлж анхаарах ёстой вэ?

-Би хувьдаа жижиг бизнес байдаг гэж боддоггүй. Эхэлж байгаа бизнес л гэж бий. Мах, эсвэл цэвэр усны үйлдвэрлэл эхэллээ гэхэд эсрэг талд нь үйлдвэрлэлийн хүчин чадалтай дүйх хэрэглэгч байх хэрэгтэй. Өдөрт 1000 кг мах бэлддэг үйлдвэрээс нэг хүн дунджаар 5 кг мах авна гэвэл өдөр бүр 200 хэрэглэгч заавал байх хэрэгтэй болно. Тэгвэл энэ хэрэглэгч гудамжаар холхиж байх ёстой юу, эсвэл дуудаж авчирах уу, мөн бүтээгдэхүүнээ хүргэж өгөх үү гэдэг асуудал тавигдана. Бизнес эхэлсэн цагаасаа л шаардлагатай хэрэглэгчийн тоо чухал байдаг. Бизнес эхлэхэд мөнгө байвал бол оо гэж бодох нь эндүүрэл. Мэдээж хөрөнгө оруулалт, технологи, шинэ санаа чухал. Гэхдээ ашгийн түвшин рүү очиход шаардлагатай хэрэглэгчийн тоо хамгаас чухал юм. Дээрээс нь тэр тоог давсан хэрэглэгч тухайн бизнесийн ашгийг бий болгож байдаг. Хэрэглэгч хэрэгцээтэй болсон тэр өдрөөс маркетинг хэрэгтэй болно. Энэ нь компани улсдаа татвар өгдөг шиг компани бүр шаардлагатай хэрэглэгч нартаа мэдээлэл түгээж байх хэмжээний зардлыг төсөвлөж зарцуулж байх хэрэгтэй. Маркетингийн зардалд 200 мянган төгрөг ч гэсэн их мөнгө байх тохиолдол бий.

-Та бизнесийг хичнээн бүлэгт хувааж үздэг вэ. Маркетингийн нийтлэг арга зүй гэж бий юү?

-Салбар, төсөөтэй хэв шинж, бүсчлэл, эсвэл түүхий эд зэргээр нь олон ангилж үздэг. Харин миний хувьд бизнес үндсэн гурван төрөл л байдаг. Энэ нь үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ юм. Бизнес бүрт тохирсон өөр маркетингийн арга зүй байна.Яагаад гэвэл бараа бүтээгдэхүүн болгон өөр өөрийн хэрэглэгчтэй. Тухайлбал, чихэр байлаа гэхэд 50, 50 граммаар нь иштэй чихэр болгочихвол хэрэглэгч нь бага ангийн хүүхдүүд болчихно. Эсвэл хайрцаглаад гоё сав баглаа боодолтой хийвэл өсвөр насныхан гол худалдан авагч болно. Хэрэв олон кг-аар нь савлаад тавьчихвал хэрэглэгч нь бөөний худалдаачид болох жишээтэй. Нэг ижил барааг хэрхэн савласнаас хамаарч хэрэглэгчид өөрчлөгдөж байдаг. Тэр болгонд тохирсон маркетингийн арга зүйг ашиглана. Мөн тухайн компанийн нөөц, байршил, үнээр өрсөлдөх боломж зэрэг олон зүйлээс хамаарч байгууллага бүр дээр маркетингийн өөр өөр төлөвлөлт гардаг. Гэхдээ тухайн байгууллага манайх бусдаас өөр гээд шал ондоо зүйл хийхгүй л дээ. Нэгдсэн, төсөөтэй арга зүйнүүд бий.

Өмнө нь маркетингийн үйлдлүүдийг хэмжихэд хэцүү байсан. Одоо бол технологийн боломж нь бүрэн дүүрэн бүрдсэн. Тухайлбал, утсаар хандаж байгаа хэрэглэгчийн ачааллыг хэмжиж болж байна. Фэйсбүүк, твиттер дээр бүртгээд тоолчихож болно. Үүдээр орж ирэх хэрэглэгчийг тоолж, кассан дээр мөнгө төлөхөд картаар нь тоолж болж байна. Өөрөөр хэлбэл, маркетингийн үе мөч бүрийн ажиллагааг хэмжих боломжтой болсон гэсэн үг. Энэ маш чухал. Ийм болсон учир бизнесийн байгууллагуудад юу зөвлөмөөр байна гэвэл таны маркетингийн ажилтан хэмжигдэхүйц төлөвлөгөө санал болгож байна уу гэдгийг анхаараарай. Би 10 сая төгрөг зараад энэ маркетингийн хүрээнд ийм үр дүнд ингэж хүрнэ гэсэн хэмжүүр нь тодорхой байвал сайн маркетинг юм.

-Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж байх нь хамгийн чухал юм байна. Тэгж байж хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлж бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн сайжруулах, нийцүүлэх, мөн ямар мэдээлэл сурталчилгаа цацах зэргийг тодорхойлно гэж ойлголоо. Түүнчлэн, бодит тоогоор үр дүнг хэмжих боломжтой юм байна?

-Маркетингийн арга зүй нь технологийн боломж, хэрэглэгчийн хандлагаас үүсч байдаг. Технологийн боломжийг тэртэй тэргүй харж байгаа. Энэ чиглэлийн компаниуд бидэнд боломж олгож өгөөд байна. Харин нөгөө талд хэрэглэгчийн хүсэл хандлагыг харж чадахгүй байгаа. Яалангуяа удирдлагууд. Тэгэхээр тогтмол судалгаа авах нь чухал. Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа ч юм уу, эсвэл борлуулалтын эцсийн цэгүүд дээр мөнхөд судалж байх боломжтой процессыг бий болгох хэрэгтэй. Жишээ нь, дэлгүүр байлаа гэхэд өдөрт кассан дээр 300 хүн ороод гарахад ядаж 10 хүнээс нь санал асуулга авчихдаг байх ёстой. Үүнийг тодорхой давтамжтай асуултыг нь солиод явуулдаг, маркетингийн менежерүүд нь эдгээр мэдээлэл дээр анализ хийчихдэг ч юм уу.

Ер нь хэрэглэгчийн гомдол ажилчдыг залхаах зүйл биш. Харин бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх мэдээлэл гэж хараасай гэж хүсч байна. Манай бизнесийнхэн хэрэглэгчийн гомдлыг аваад тухайн гомдолтой холбоотой ажилтны цалинг хасах, бүр ажлаас нь хөөчихдөг. Тэгж болохгүй. Эсрэгээр хэрэглэгч гомдол мэдүүлж байгаа нь танай менежмэнтэд алдаа байгааг харуулж байна. Түүнээс ажилтан алдаатай гэсэн үг биш. Ер нь үнэхээр сайхан орчин байвал хэрэглэгч улам хөгжүүлэх гээд шинэ санаа өгөөд байдаг. Харин муухай орчин бол шүүмжлээд л засах боломжийг хэлж өгөөд байдаг. Хэрэглэгч санаа оноогоо хэлэх, үүнийг нь удирдлагын түвшинд хүргэх харилцаа холбоог бий болгоорой.

-Хэрэглэгчийн санаа бодол, мэдээллийг цуглуулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй маркетингийн сонирхолтой жишээнүүдээс тайлбарлахгүй юу?

-Жишээ нь, call center буюу дуудлагын төв байна. “Мобиком”-ын 2222 гээд дугаар бий. Хэрэглэгч уг утас руу бүх зовлонгоо хэлж болж байна. Бүр хэрэглэгчийн соёл үүсчихсэн. “Мобиком” руу хэрэглэгчид зовлон, жаргалаа ярьдаг учир салбартаа манлайлж байна. Тэгэхээр дуудлагын төв гэдэг маань бизнесийн байгууллагуудын маркетингийн ажлыг бараг 50-60 хувийг хийгээд өгчихдөг. Та 50 сая төгрөгийн реклам цацлаа. Тэгвэл дуудлагын төв рүү хэдэн хүн залгаснаас хамаараад үр дүнг хэмжиж болно. Ингэхдээ технологийг бүрэн дүүрэн шийдэх ёстой. Рекламны яг идэвхжүүлэлтийн үеэр, хүмүүс утсаар залгаж асуух цагаар ажлын цаг дуусаад харилцуур авах хүнгүй болчихож болохгүй. Ажлын бус цагаар ч энэ хүмүүстэй хэрхэн харилцах уу гээд бүх зүйлийг төлөвлөж автоматжуулсан байх ёстой. Дуудлагын төв гэдэг хэрэглэгчдийг олж, барьж өгдөг, утасны дугаарыг нь цуглуулж, асуудлыг нь шийдэж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг, эсвэл санал гомдлыг нь хүлээн авснаар тайвшруулдаг гэх зэргээр маш олон хэрэглэгчтэй холбоотой асуудлыг шийдэж байдаг. Үүнээс гадна дата центр үүсгэдэг. Энэ датаг бид үйл ажиллагаандаа яаж ч ашиглаж болно.

-Тухайн компани үйл ажиллагаагаа сурталчилахаас гадна нийт салбараар нь маркетингийн ажил явуулах шаардлагатай санагддаг. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн нийт массыг хамарсан маркетингийн ажил явснаар уг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт компанид тустай. Энэ мэт маркетингийн арга ажиллагааны тухайд тодруулахгүй юу?

-Маркетингийн онолчид маркетинг 4/0 гээд хандлагыг гаргаж ирсэн байгаа. Сүүлийн үеийн маркетингууд намайг худалдаж аваарай гэхээ больчихсон. Харин олон нийтийн асуудлыг хэрхэн шийдэж байгаагаар илэрдэг болсон. Тухайлбал, цэвэр усны бизнес эрхэлдэг хүн байлаа гэхэд гол горхи, байгал орчноо хайрлах, цэвэр усны ундрагыг хамгаалахад ямар ажил хийж байгаагаа танилцуулах замаар цэвэр усаа борлуулж байна. Хэрэглэгчид усыг хэрхэн хэмнэж гамнаж байгаа, булаг шандыг яаж хайрлаж хамгаалж, мод тарьж буйг хараад тухайн цэвэр усанд илүү хайртай болж, худалдан авч байна. Харин энэ усыг ууснаар ийм сайн гээд борлуулалт төдийлөн өсөхгүй байх жишээтэй. Тэгэхээр нийгмийн хэв шинжтэй үйлдлүүдээрээ бүтээгдэхүүнээ борлуулах арга замыг эрэлхийлж байна. Өөр жишээ татвал, гялгар уутны хэрэглээг хорих гээд төрөөс янз бүрийн арга хэмжээ авдаг. Тэгвэл одоо даавуун торны хэрэглээ нэмэгдэж байна. Өмнө нь даавуун тор барих гэдэг “Замуурай”-н ажил байсан бол одоо байгалиа хайрлаж буй хүний үйлдэл болж харагдаж байна. Эргээд уг торон дээр бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаа байршуулж давхар маркетингийн ажлууд хийж байна. Тэгэхээр нийгмийн хандлагыг иймэрхүү байдлаар эерэг болгож, тухайн салбар, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлдэг.

-Мэдээж аж ахуйн нэгжүүд сошиал, сонин, сэтгүүл, телевиз зэрэг олон сувгаар дамжуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилдаг. Эдгээрээс сонин хамгийн олон жилийн түүхтэй, өөрийн гэсэн хэв шинжээ нэгэнт олсон мэдээллийн том суваг. Үүний давуу талыг маркетингийн салбарт 20 гаруй жил ажиллаж буй хүний хувьд хэрхэн хардаг вэ?

-Бид хэвлэл мэдээллийн байгууллагыг нөлөөллөөр нь хардаг. Жишээ нь фэйсбүүк 0.02 хувийн нөлөөлөлтэй. 10 мянган лайктай фэйж байхад реклам цацахад 20 хүнд л нөлөөлнө гэсэн үг. Харин сонин бол хоёр хувь байна. Энэ нөлөөллөөр нь тухайн хэвлэл мэдээллийг хэмждэг. Хэвлэлийн нэг гоё юм нь өдөр тутмын сонинд тухайн үйл явдлын түүх бичигдэж байдаг. Та хэвлэлд нэг удаа мэдээллээ гаргалаа гэхэд 100 жилийн дараа танай компанийн түүх тэр хэвлэлд үлддэг. Монголд доктор, профессоруудыг заавал олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өөрийнхөө бүтээлийг хэвлүүлсэн байх ёстой гэдэг нь ерөөсөө л түүх бичиж үлдээх зорилготой. Дээрээс нь олон нийт хэрхэн хүлээж авахыг харах гэж байгаа юм. Тийм учраас түүхэнд үлдэж байна гэдэг бизнесийн байгууллагуудын хувьд маш чухал. Үйлдвэрийн нээлт, бүтээгдэхүүний танилцуулгаа ч юм уу “Өдрийн сонин”-д гаргалаа гэхэд 20-30 жилийн дараа танай компанийн хувьд маш үнэ цэнэтэй түүх болж үлдэнэ. Хоёрдугаарт, сонин бол сошиалиас 20 дахин илүү нөлөөлөлтэй. Хэн уншдаг нь тодорхой. Ер нь бүх зүйл нь тодорхой. Гол нь хэвлэлд тавьж байгаа зар сурталчилгааны агуулга, гарчиганд анхаарах хэрэгтэй. Ер нь нийтлэлийн олон нийтийн анхаарлыг татах магадлалын 80 хувь нь гарчигандаа байдаг. Тэгэхээр гарчигийг зөв өгөх нь чухал.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн зорчигчдын эхний азтан энэ сарын 12-нд тодорно

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жилийн ойтойгоо золгож байгаа аж. Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулахаар болсон байна.

Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа юм. Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулна. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай байгаа. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой юм.

Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх аж. Азтангууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гарагт тодорно. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Саарал жагсаалт зэрэг эдийн засгийн цаг үеийн сэдвүүдээр сургалт явууллаа

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчидтэй харилцдаг хамтын ажиллагааныхаа хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь бэхжүүлэх танхимын сургалтыг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн зохион байгуулж нэгдүгэээр сард хаалтаа хийсэн юм. Уг хөтөлбөрийг Канадын ЭСЯ, Канад сантай хамтран хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн зохицуулагч, МБЗ-ийн захирал Б.Жавхлангаас энэ талаар тодрууллаа.


-Канад сангийн Орон нутгийн санаачилгаас хэрэгжүүлдэг хөтөлбөр манай улсад ямар салбаруудыг хамарч хэрэгждэг юм бол. Сэтгүүлчдийг мэргэшүүлэх чиглэлд анхаарсан хөтөлбөр хэрэгжүүлсэн шалтгаан нь юу вэ?

-Канад сангийн Орон нутгийн санаалчилга (КСОНС) нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр л дөө. Энэ хөтөлбөр дэлхийн 100 гаруй улсад хэрэгждэг. Манай улсад 1997 оноос хэрэгжиж байгаа. Одоогийн байдлаар жижиг, дунд хэмжээний 420 төсөл хэрэгжсэн гэх статистик бий. Эдгээр төслийн ихэнх нь Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдэд амьдардаг нийгмийн халамж хэрэгцээтэй бүлгүүдэд чиглэсэн байдаг юм билээ. Монголын бизнесийн зөвлөлийн хувьд эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчдийг мэргэшүүлэх эрэлт хэрэгцээ байна гэж үзээд өнгөрсөн жил Канад санд хандсан юм. Монголын бизнесийн зөвлөлийн хувьд энэ хөтөлбөрийг алсын харааныхаа хүрээнд хэрэгжүүлэхээр шийдсэн. Бүр тодруулж хэлбэл, МБЗ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчийн эрх болон эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж, шударга, тогтвортой, олон улсад өрсөлдөхүйц бизнесийн орчны төлөө гишүүн байгууллагуудын хуулийн хүрээн дэх нийтлэг сонирхлыг хамгаалан дэмжих замаар олон нийт, гишүүд, ажилчдад үнэ цэнийг бий болгох алсын хараатай ажилладаг юм.

Канад сангийн зүгээс түрүү жил найман төсөл санхүүжүүлсний нэгд нь сэтгүүлчдийг чадавхжуулах төсөл маань багтсан. Манайхаас Канад санд хандахын өмнө сэтгүүлчдээс санал сэтгэгдлийг нь онлайнаар авсан юм. Тэр санал асуулгаар эдийн засаг, бизнесийн чиглэлээр сургалтад хамрагдах сонирхол сэтгүүчдэд их байдаг нь анзаарагдсан. Сэтгүүлчдэд хандсан төсөл хөтөлбөрүүдийн дунд эдийн засгаар бичдэг сэтгүүлчид рүү чиглэсэн сургалт сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд жин дарах болсон. Монголбанк, Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, GIZ (Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг) гэх мэт олон газраас эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан цуврал сургалтуудыг зохион байгуулдаг. Сүүлийн жишээ гэхэд Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-аас “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхлээд байгаа юм билээ. Цаашид эдийн засгийн сэдвээр бичдэг сэтгүүлчдийг уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээл гэх мэтээр төрөлжүүлж мэргэшүүлэх эрэлт хэрэгцээ байгааг энэ жишээнээс харж болно.

-Хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчдийг ямар шалгуураар сонгож авсан бэ?

-Монголын бизнесийн зөвлөлөөс өнгөрсөн оны долоо, наймдугаар сард нээлттэйгээр онлайн шалгаруулалт хийж, эдийн засгийн чиглэлээр таваас доошгүй жил дагнаж бичсэн 25 сэтгүүлчийг сонгож авсан. Шалгаруулж авсан сэтгүүлчдийнхээ хүрээнд өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл нийтдээ таван сургалтыг 25 сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

-Сургалтын сэдэв, илтгэгч нараа ямар шалгуураар сонгосон бол. Сэтгүүлчдийн оролцоо, сонирхол, сэтгэгдэл ямар байв?

-Бид сургалтын дараа сэтгүүлчдээс санал асуулга авсан юм. Сургалтын сэдэв, илтгэгчдээ оновчтой сайн сонгосон гэсэн үнэлгээг сэтгүүлчдийн олонх өгсөн. “Саарал жагсаалт”, “Мобайл сэтгүүл зүй”, банк санхүү, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын орчин сэдвээр өрнөсөн сургалтуудыг онцгойлж нэрлэсэн байсан. Канадын элчин сайдын улсынхаа хөрөнгө оруулалтын орчны талаар тавьсан илтгэлийг хэд хэдэн сэтгүүлч онцолсныг энэ дашрамд дурдмаар байна. Цаашид ч гэсэн энэ мэт олон улсын жишиг, туршлагыг гал тогоонд нь байгаа, мотиваци өгөхөөр хүмүүсээс сонсох сонирхолтойгоо хэд хэдэн сэтгүүлч илэрхийлсэн байсан.

-Энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх хүсэл сонирхол сэтгүүлчдэд байгаа гэсэн үг үү?

-Сэтгүүлчдэд ийм сонирхол байгаа нь сүүлд авсан санал асуулгаас тодорхой харагдсан. Сэтгүүлчдийн сургалт авах хүсэлтэй сэдвүүдийг багцлаад харахаар эдийн засгийн гадаад дотоод нөхцөл, Монголд үзүүлэх нөлөөлөл, олон улсын хөрөнгийн зах зээлийн орчин, популизм тойрсон сүүлийн үеийн мэдээлэл, мега төсөл, өрсөлдөх чадвар, бизнесийн орчны чиглэлээрх дата, анализууд гэх мэт арав гаруй сэдэв байна.

Categories
мэдээ цаг-үе

Коби-г эргэн дурсахуй

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн хар мэдээ нь Коби Брайантын осол байлаа. Хэтрүүлж хэлэхэд, хэзээ ч дайсантай байж үзээгүй энэ сайхан хүн гэнэт осолдоод насыг барж хорвоог орхисон нь дэлхийн спортын гэр бүлийг гүн шоконд оруулсан билээ. Эмгэнэлт явдал тохиолдсоноос хойш Месси, Роналду, Том Бреди, Конор Макгрегор, Мария Шарапова, Жокович, Овечкин гээд бүх төрлийн спортын одууд харамсаж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлж байсан нь Кобиг хичнээн агуу хүн байсан юм бэ гэдгийг батлах мэт. Сагсан бөмбөгийнх нь гэр бүл мэдээж ямар их уй гашууд автсаныг давтахгүй, харин бусад спортынхон түүнтэй ямар холбоотой байсан, бидний мэдэхгүй агшин тэдний хооронд яаж өрнөж байсан зэргийг энэ хэдэн өдөр харууллаа.

Италид хөлбөмбөгийн “АС Милан” гэж баг бий. Коби зургаан настайдаа аавыгаа даган Италийн Милан хотод шилжин ирж найман жилийг өнгөрөөсөн. Тиймээс уг хотын “АС Милан” багийг үнэн сэтгэлээсээ дэмждэг олон жил “амьд” тоглолтуудыг нь үзэж одуудтай нь үерхэж явсан юм билээ. Тиймээс миланчууд тэр эмгэнэлт өдрийн дараахь тоглолтоо түүнд зориулж хүндэтгэл үзүүлсэн.

Мария Шарапова “Үл итгэм ямар хэцүү мэдээ вэ. Коби чиний надад үзүүлж байсан тусламжийг би хэзээ ч мартахгүй. Гэмтэл бэртлийнхээ өмнө өвдөг сөхөрч цөхрөнгөө барж байх тэр үед гаргасан чиний буянт үйлс, үнэт цаг хугацаа надад асар их нэмэр болж билээ. Охиныхоо хамт амгалан тайван нойрс доо” гэсэн байхад теннисний бас нэгэн их мастер Новак Жокович түүний өмсгөлийн дугаар болох найм, 24 гэсэн тоонуудыг нэртэй нь хамт шивсэн цамцтай талбайд гарч байна. Энэ өдрүүдэд зохиогдож буй Австралиан опен тэмцээний финальд шалгараад буй Новак “Манай үеийн цорын ганц агуу тамирчин. Надаас эхлүүлээд олон олон тамирчдыг амжилтын өөд тууштай мацах эрмэлзлийг бодитойгоор харуулж явсан гэрэлт бамбар. Би түүнтэй арав гаруй жил үерхсэнээрээ бахархана. Миний найз, үнэнч зөвлөгч чамайг дахиж харахгүй гэж бодохоор…” гээд мэлмэрч байсан.

Сагсан бөмбөгчдөөс тусдаа, өөр спортын тамирчид, спортын зүтгэлтнүүд Коби Брайантын түмэн олноос далд,нийтэд зарлалгүй явуулж байсан хүмүүнлэгийн тусламж, буяны ажлын талаар сэтгэлээ илэрхийлж гэмтэл бэртэл, сэтгэл зүйн хямралд өртсөн тохиолдолд хэрхэн тамирчдад тусалж байсныг өгүүлсээр. Алексей Овечкин хэмээн НХЛ-ын супер од бий. Гэтэл энэ хүн хүртэл Кобигийн тусламжтайгаар спортын зам руугаа зовлон багатай эргэн орсон гэх аж. Тийм ч учраас түүний дугаартай өмсгөл өмсч талбайд гарлаа. Ийм жишээнүүд үй түм. Дахиад онцлоход, сагсан бөмбөгчдийнх нь гаргаж буй хүндэтгэлийг энд өгүүлсэнгүй, тэгвэл сонины талбай хүрэлцэхгүй учраас. Дэлхийн бусад спортын одуудын хэсэгхэн нэгнийх нь сэтгэгдлийг товчхон нийтэллээ.

НБА-гийн одууд зодог тайлахаараа чимээгүйхэн алга болчихно, үгүй бол сагсан бөмбөгөө тойрсон ямар нэг бизнес эрхлээд явчихдаг. Хэсэг нь дасгалжуулагч болно, жижигхэн баг худалдаж аван дээшлүүлээд зарах гэж оролдоно, элдэв телевизэд тайлбарлагч, шинжээч гээд сууна. Коби зодог тайлаад алга болоогүй, бас сагсан бөмбөгөө тойроод л салж чадахгүй яваад байгаагүй. Granity Studios-ээ байгуулж богино хэмжээний зурмал кино хийсэн нь шууд л “Оскар” авч байх шиг. ESPN-тэй хамтраад гаргадаг тэмцээний үе дэх багийн довтолгоо, хамгаалалтын хувилбар, алдаа оноог шүүн тунгаадаг түүний нэвтрүүлэг цоо шинэ санаа агаад маш их үзэгчидтэй байлаа. Хүүхдүүдэд зориулсан ном бичиж, залуу сагсан бөмбөгчдийн алдаа оноог зааланд дуудаж байгаад заан үзүүлэх гээд завгүй амьдарч яваад халилаа даа. Богино насална гэдгээ мэдээд харваж буй од мэт хурц гэрэлтсэн амьдралаар цахилзуулаад өнгөрдөг хүмүүс байх юм.

Д.БАТ-ЭРДЭНЭ


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Ли Ё Хунгийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунгийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд, “Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаад баяртай байна” гэв.

Ноён Элчин сайд Ли Ё Хунг хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй энэ үед Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг төдийгүй БНСУ, Монгол Улсын харилцааг бүхий л талаар өргөжүүлэн, хөгжүүлэх боломж хэмээн харж байна” гэлээ.

Ойн хүрээнд хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулна гэж итгэж байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлэв. БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцааны чухал түнш орон гэдгийг тэрбээр онцоллоо. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д, Солонгосын талаас БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилсан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Зээл, тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгэмд чиглэсэн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хоёр улсын Засгийн газар анхаарч ажиллах нь зүйтэй гэв.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэх талаар Төрийн тэргүүн нарын түвшинд тунхаглахад чиглэсэн бэлтгэл ажлыг хангах талаар Элчин сайдын зүгээс хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Стратегийн түншлэл”-ийн харилцааны түвшинд дүйцүүлэн хүргэх талаар хамтран ажиллах нь нэн чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэсэн.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын харилцааг нэг шат ахиулсан ач холбогдолтой байсныг Элчин сайд Ли Ё Хунг хэлээд энэ айлчлалын хүрээнд яригдсан хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулах болон бусад асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллах болно гэлээ. Тэр дундаа БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирсныг 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.

Үргэлжлүүлэн талууд Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Мөн цаг үеийн шинэ нөхцөлд тулгуурлан талууд эдийн засаг, бизнесийн харилцаагаа өргөжүүлэн, экспорт, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих зорилгоор замын зураглал гаргахаар тохирсон асуудлыг хөндсөн бөгөөд ноён Ли Ё Хунг Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэ чиглэлээр бодит үр дүн гаргахаар чармайх болно гэлээ.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурал бүхий л талаар дэмжиж, нягт хамтран ажиллах болно гэдгийг Г.Занданшатар дарга хэлээд ноён Элчин сайдын ажилд өндөр амжилт хүслээ