Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголт маргаашнаас олгож эхэлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар сарын 10-аас буюу даваа гаригаас эхэлж иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Татварын ерөнхий газар 2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911 мянга 707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор байна.

Нийт буцаан олголт авах иргэдийн 359 мянга 170 иргэний 14.9 тэрбум төгрөгийн буцаан олголтод эрсдэл тооцсоноос 996 иргэнд 2.1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийхдээ “Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гарч байна. НӨАТ-ын буцаан олголтоор 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Хоёрдугаарт, 912 мянган иргэн буцаан олголт авч байгаа бөгөөд өнгөрсөн жил 796 мянган иргэн авч байсан. Татварын багц хуультай холбоотойгоор улирал бүрт буцаан олголтыг олгож эхэлнэ. Дөрөвдүгээр сар, долдугаар сар, аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ” гэдгийг хэлж байсан юм.

Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ спорт

Д.Сумьяа “Парисын Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэв

Францын нийслэл Парис хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумьяа мөнгөн медаль хүртэв.

Эхний өдөр Монголын жүдочдоос 12 бөх дэвжээнд барилдаж тав нь медалийн төлөө шалгарсан бөгөөд Д.Сумьяагаас бусад нь хүрэл медалийн эзэд болов.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа шигшээд шалгарч, шинэ дэлхийн аварга Канадын Криста Дегучид ялагдан мөнгөн медаль зүүлээ.

Харин 48 кг-д барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөхШирин Буклиг өчих мэхээр цэвэр ялж, хүрэл медаль хүртсэн бөгөөд түүний жинд хоёр дахь хүрэл медалийг Францын бөх Мелани Клеммент зүүв.

Харин мөнгөн медалийг Японы 18 настай залуу жүдоч Вакана Кога хүртэв. Украины шилдэг тамирчин, олимп, дэлхийн аварга Дарья БилодидПарисын Их дуулгад хоёр жил дараалан түрүүлэв.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин Туркийн бөх Михрак Аккусыг хутгах мэхээр цэвэр ялснаар өмнөх жилийн адил хүрэл медальтан боллоо. Казахстаны алдарт бөх Елдос Сметов мөн хүрэл медаль хүртлээ. Харин мөнгөн медалийг Оросын бөх Яго Абуладзе, алтан медалийн эзнээр Японы алдарт аварга Рюүжү Нагаяма тодров.

Эрчүүдийн 66 кг-д Ё.Басхүү медалийн төлөө Израилын Баруч Шмайловтай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээ авч ялснаар Украины алдарт бөх Георгий Зантараягийн хамт хүрэл медалийн тавцанд зогсов. Энэ жинд аваргын төлөө БНСУ-ын Ан Баул болон Ким Лим Ван нар барилдаж, Ан Баул түрүүлснээр Парист хоёр дахь удаагаа алтан медаль хүртлээ.

ОУХМ Ц.Цогтбаатар 73 кг-д хүрэл медалийн төлөө Японы алдарт бөх Машаши Эбинуматай барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялж, хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү Монголын жүдочид эхний өдөр 1 мөнгө, 4 хүрэл медаль багтаа авчирлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Н.Төгсцогт ялагдал хүлээлээ

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт 12 дахь тулаанаа WBC холбооны 57 кг жингийн аварга Гари Расселлтай хийж ялагдал хүлээлээ. WBC холбооны аварга Гари Расселл 2015 оноос хойш аваргын бүсийг эзэмшиж байгаа хүчтэй өрсөлдөгч бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 31 тулалдан 30 удаа ялалт байгуулсан тамирчин юм. Гари Расселл Н.Төгсцогтыг ялснаар 31 дэх ялалтаа байгууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Цаггүй газар

“Утгын чимэг 2019” богино өгүүллэгийн наадмын дэд байрт шалгарсан Зохиолчдын эвлэлийн “Алтан-Өд” наадмын зургаан удаагийн эзэн, Монголын урлагийн Нобель гэгддэг “Гэгээн муза” шагналт, “Хүрээ ахан дүүс” бүлгэмийн гишүүн, зохиолч, доктор, профессор Пүрэвхүүгийн Батхуягийн “Цаггүй газар” өгүүллэгийг хүргэж байна.


Цаг тэр үед одооныхоос арай хурдан урагшилдаг байсан ч байж мэдэх юм. Заримдаа тэдэнд цаг хэмээх хачин зүйл огт байхгүй болчихсон мэт санагддаг байжээ. Гагцхүү өглөө нар мандаж, орой жаргана. Он жилийн уртад хэн ч анзаарахааа байсан хуучин байшингийн дээвэр дээр суугаад дуулалдана. Гэхдээ хэн нь ч дуучин болно гэж бодож байсангүй. Хаанаас ч юм бэ, дуулмаар санагдах мэдрэмж төрж, тэгээд л хэн нэгнийхээ хоолойг давах гэж орилолдож гарна. Хавь орчны хүмүүст заримдаа тээртэй санагддаг байсан уу, хөвгүүд голдуу чулуу нүүлгэж тэднийг дээвэр дээрээс хөөж буулгана. Ийм үед хашааны буланд тойрон суугаад ирээдүйн гэрэлт амьдралынхаа тухай мөрөөдөл ихтэй яриандаа умбацгаана.

Богинодсон цэнхэр даашинзтай өвдөг тохой нь зузаан сайр болсон бор охин “Би хэзээ ч эндээс нөхөр авахгүй. Холоос, бүр өөр газраас нөхөртэй болно” гэхэд түүний үгийг өлгөн авч онгож хуучраад ямар хээтэй байсан нь мэдэгдэхгүй болсон даавуун өмд, цамцтай шар охин “ Би ч гэсэн эндээс л лав нөхөр авахгүй. Том болоод гадаадад амьдарна. Бүр олон давхар байшинд амьдарна” гэж хэлээд өндийн босоод эргэн тойронд нь дэггүй хөвгүүдийн аюул бийг тандах мэт ийш тийшээ сэрэмжлэн харахад өтгөн хар үснийхээ үзүүрийг өм цөм хайчилчихсан, цоохор нүүртэй охин ”Манай гудамж ч уйтгартай шүү дээ?” гэж хэлээд уртаар санаа алдана. Охид яг энэ насан дээрээ юунд ч юм бэ их л догдлон яардаг. Тэд хурдан сайн сайхантай учрахсан гэж эргэн тойронд нь юу болж байгааг ч үл анзааран цаг хугацаанд тэмүүлдэг билээ. Харин үеийнх нь хөвгүүд нохойн гөлөг тамлах, дээврийн хөндийгөөс тагтааны өндөг түүгээд шарж идэх, чулуугаар байлдахаас өөр зүйл бодохгүй. Одоохондоо их л эртнээс яс маханд нь шингээд олон үеийг даван ирсэн ан ав, дайн тулааны тухай л бодож гүйлдэнэ.

Хачирхмаар нь энэ бор, шар, цоохор гурван охин яг нэг өдөр, нэг цагт, нэг амаржих газар, нэг эхээс уван цуван төрцгөөжээ. Итгэхэд хэцүү л дээ. Гэхдээ царай зүс, бие галбир тэс ондоо төрсөн ч яах аргагүй ихрүүд байлаа. Аав нь гэх лужир том цээжтэй, үс сахалдаа баригдсан эр нэлээд халамцуу “гурван ихэр охинтой болсоон” хэмээн орилж явснаас хойш арван дөрвөн жил цаггүй юм шиг харван өнгөрчээ. Тэд гурван өөр газраас энд ирснийг хэн ч мэдэхгүй. Туранхай шар охин ”Би л лав эндээс явахдаа ээжийгээ аваад явна. Аав яахав дээ, шовгортоо л үлдэнэ биз” гэхэд бүдүүн бор нүд амаа эргэлдүүлж ” Би ч гэсэн ээжийгээ л авч явна”. Цоохор нүүрт тэднээс дутах вий гэсэн мэт сандран ”Би ч гэсэн” гэв.

Энэ үед бүдүүн бор бусдыгаа дурамжхан харснаа ”бид чинь дундаа ганц ээжтэй шүү дээ? Тэгэхээр хэн нь ээжийгээ эндээс явч явахаа одоо шийдчихье” хэмээн зоримог хэлэв. Цоохор нүүрт “Яаж? ” гэж асууснаа энгэр задгай цагаан цамцныхаа ханцуйгаар нүүрээ арчлаа. Бүдүүн бор ”алга тэнгэрээ үзэх үү?” хэмээн хэлж дуусаагүй байхад”миний охид хаа байна” гэх ээжийнх нь цангинасан дуу гарчээ. Туранхай шар зальжин байдлаар нүдээ ирмээд” тэгвэл хэн түрүүлж ээж дээр очсон нь…” гэж хэлээд гэр рүүгээ гүйлээ. Үлдсэн хоёр нь ч араас нь ухасхийв. Даанч хэн нь ч ээж дээрээ түрүүлж очсонгүй, аахилж уухилан гурван зэрэг байшингийнхаа хаалгаар чихцэлдэн оров. Тэдний ээж болох онигор нүдтэй, бор хүрэн үстэй намхан эмэгтэй ”яаав та нар чинь, чоно нохойд хөөгдөө юү?” хэмээн инээмсэглэн угтав. Гартаа барьсан боодолтой зүйлээ сарвайж” Май аавын чинь өдрийн хоол. Миний гурван охин хүргэж өгчихөөд буцаад гүйгээд ир” гэжээ. Харин бүдүүн бор даашинзныхаа хормойг сэгсэрснээ ”Өдөр бүхэн л бид нар тийшээ явах юм. Ингэхэд та хүргээд өгч болдоггүй юм уу? Яршигтай юм” гэсэнд бусад нь дэмжиж “Харин тийн” гэж амандаа бувтнав. Ээж нь цонхны наагуур татсан хөшигний хэдэн улаан цэцгийг тоолох мэт тийш удаан ширтээд “Өөрсдөө л мэд дээ. Муу аав чинь өлсөнө л биз” гээд боодолтойгоо үүдний өлгүүрт тохчихоод гэрээсээ гараад явчихав. Бодвол зүүн хойдох баячуулын хороололд амьдардаг багын найзынхаа гэрийг хөлсөөр цэвэрлэхээр явсан биз ээ. Тэд их л урамгүйхэн үлдэж, “алга тэнгэрээ үзээд”, ялагдсан туранхай шар бүр ч дургүйхэн боодолтойгоо санжгануулан барьсаар гурвуул гэрээсээ гарлаа.

Гурван эгнээ гудамны үзүүрт аавынх нь ажлын газар байна. Том сайхан байшин, саруул тохилог өрөө танхимтай, шил толь болсон албан тасалгаа гэж битгий бодоорой. Ердөө ”Гуталчин” гээд томоор биччихсэн жижигхэн модон шовгор. Тэнд олон жил сууж, хүмүүсийн ханзарсан, хагарсан гутал уллаж, өсгий нааж, зан татаж тэднийгээ тэжээнэ. Тамхины утаа битүү суунагласан шовгор дотроо харагдахгүй шахуу униар дунд сууна.

“Эвий дээ, миний гурван өнгийн охин хүрээд ирлээ. Аавынхаа хоолыг авчрав уу?” гэсээр угтав. Хэдийгээр өдөр бүхэн л аавдаа хоолыг нь зөөж энэ шовгорыг зорин хойно урдаа орж гүйдэг ч заримдаа тийм зовмоор газар ажилладаг аавтайг нь мэдэх үеийн охидоос ичиж “Чи яв, би яв. Ичиж байна” гэлцэж хэрэлдэж шуугилддаг байлаа. Туранхай шар хүзүү сунган байж “Май, аав таны өдрийн хоол” гээд боодолтой зүйлээ намхан ширээн дээр нь чангахан тавив. Бүдүүн бор нүүрээ үрчилзүүлж, хамраа чимхээд ”Угаартаж үхлээ” гэсэнд аав нь инээд алдангаа шовгорынхоо үүдийг хөлөөрөө өшиглөн онгойлгов. Гаднаас агаар салхи урсан орж ирээд аавынх нь татсан тамхины утаатай зодолдох мэт дээр доороо орон бужигнав. Толгой нь шовгорынхоо таазанд тулах шахуу өндөр аав нь биеэ нужигнуулан босоод өврөөсөө хэдэн халтар төгрөг гаргаж, тэдэнд нэг нэгийг өгөөд “За миний гурван охин харих замдаа дэлгүүр орж иштэй чихэр авч идээрэй” гэснээ боодолтой зүйлийг задалж элсэн чихэр жигдхэн түрхсэн талхнаас авч томоо гэгч нь үмхлэн идэв.

Цоохор нүүрт иштэй чихэр хүлхэн хацраа төмбийлгөснөө “Би аавыгаа бас аваад явна. Энд шовгорт нь үлдээхгүй, ээ”. Хариуд нь “Би ч гэсэн аваад явна” гээд туранхай шар чихэрлэг хэлээрээ уруулаа долоож, байшингийн сүүдэрт суугаад ундаа усны савны төмөр бөглөө нүдэж байгаа банди нарын зүг зааж” аргаа барсан юмнууд” хэмээн намжирдав. Бүдүүн бор дахиад л “бид гурав бас ганцхан аавтай. Гэтэл гурвуулаа эндээс аваад явна гэдэг. Хэн нь авч явахаа шийдэх хэрэгтэй дээ” гэв. Цоохор нүүрт нүдээ онийлгон наран сөрөг харснаа “Аав, ээж хоёрыгоо хамт аваад явна. Мэдээж салгаж авч явахгүй нь тодорхой” гээд толгой бөнжигнүүлэв. Бүдүүн бор “Тэр мэдээж” гээд иштэй чихрээ амнаасаа гаргаж “Харин яаж шийдэх вэ?” гэв. Туранхай шар нэлээд уурлах янзтай “Ямар ядаргаатай юм. Ерөөсөө энд л шийдчихье. Алга тэнгэрээ үзье” гээд эрээн цамцныхаа ханцуйг хойш нь шумлаад гараа сунгав. Өнөө хоёр нь бас түүний өөдөөс харж зогсоод” алга тэнгэрийн аль нь вэ? Ус мөс цас” хэмээн тэд шодож эхэллээ.

Хачирхалтай нь өдрөөс, үдшийн бүрий унатал “алга тэнгэрээ” үзээд хэн нь ч сондгойрсонгүй. Гурвуулаа залхталаа “Алга тэнгэрийн аль нь вэ? Ус мөс цас” гэж хашгирсаар, гараа савчсаар байсан ч эцэстээ хоолой нь сөөжээ.

-Ямар сонин юм бэ? Гурвуулаа адилхан гаргаад байх юм.

-Харин тиймээ. Сонин юм даа?

-Хүүе, ээ. Харанхуй болчихлоо. Аав ээжийн санаа зовчихно. Харьцгаая гээд хэдий сөөсөн ч хоолой мэдэн дуулалдсаар гэрийнхээ зүг хойно урдаа орон гүйлджээ. Түүнээс хойш цөөнгүй удаа алга тэнгэрээ үзсэн ч урьдын адил хэн ч сондгойрсонгүй.

Цаггүй газарт гэвч цаг цохилсоор алгуурхан урагшилсаар, орой нар жаргаж өглөө мандсаар байлаа. Харин охид аав ээжийгээ өөр сайхан газарт авч явахад ердөө 3655 хоног буюу 87720 цаг үлдсэн байлаа. Тэд дуулалдан өссөөр билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Отгонбаяр: Их хэмжээний ногдол ашиг тараах боломжийг УИД жижиг хувьцаа эзэмшигчдээс хулгайлсан

Улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчид өнөөг хүртэл эрх ашиг нь зөрчигдсөн хэвээр байна. Санхүүгийн зохицуулах хорооноос Улсын их дэлгүүрт хийсэн шалгалтаар их хэмжээний зөрчлийг илрүүлэн, шүүхэд хандаад байгаа юм. Шүүхийн асуудал хэрхэн үргэлжилж байгаа, жижиг хувьцаа эзэмшигчдийн хамгаалах хууль эрх зүй ямар байгаа талаар Улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл О.Отгонбаяртай ярилцлаа.


-Санхүүгийн зохицуулах хороо Улсын их дэлгүүрт шалгалт оруулж ноцтой зөрчлүүдийг илрүүлэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш сураг алдарлаа. Жижиг хувьцаа эзэмшигчийн хувьд энэ асуудлыг судалж үзэв үү?

-Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд УИД-т шалгалт оруулсан байдаг. УИД хувьцаат компани, “Номин реалтор” гэж хоёр компани хоорондоо түрээсийн гэрээ байгуулсан. Тэр гэрээ нь зах зээлийн ханшаас доогуур байгуулагддаг. Харин “Номин реалтор” нь цаашаа түрээслэгчдэдээ зах зээлийн ханшаар түрээслээд явдаг систем бий болчихсон. Уг нь энэ байдлыг зогсоож, УИД-ийн бие даасан байдлыг хангах гэрээг 2017 онд хийсэн байдаг. Гэвч тэр гэрээ нь хэрэгжээгүй. Гэтэл хууль журмаараа ажилласан бол 2016 онд татварын дараахь ашиг нь 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж болох байсан байна гэсэн шалгалтын дүн гарсан байдаг. Нийт дүнгээрээ бол маш их хэмжээний ногдол ашиг тараах боломжийг УИД жижиг хувьцаа эзэмшигчдээс хулгайлсан байна гэсэн дүгнэлт. Миний хамгийн сүүлд авсан мэдээллээр Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гаргаад унасан гэж ойлгосон. Гол шалтгаан нь жижиг хувьцаа эзэмшигчид өөрсдөө нэхэмжлэл гаргах шаардлагатай.

-Жижиг хувьцаа эзэмшигчид нэгдэж шүүхэд хандаагүй байгаа хэрэг үү?

-Одоогоор албан ёсоор нэгдэж шүүхэд хандаагүй байна. Өмнө нь хувьцаа эзэмшигчид шүүхэд хандаад жагсаал цуглаандаа тулсан бөөн асуудал босч байсан. Тэр үед жижиг хувьцаа эзэмшигчид найдлага төрж байсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс одоо бол тэдний итгэл алдарч, цөхөрсөн байдалтай байдаг нь харагддаг. Фэйсбүүк сүлжээнд Улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчид гээд групп байгуулан хувьцаа эзэмшигчидтэй санал солилцож, цаашдаа хэрхэх талаар ярилцдаг. Гэвч хувьцаа эзэмшигчдийн хувьд цөхрөлтэй хэвээр байна.

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин манайд хангалтгүй байна гэдгийг эдийн засаг, банкирууд хэлж эхлээд байгаа. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах хуулиуд ямар байна вэ?

-Компанийн тухай хууль дээр хувьцаат компанийн тухай голчилж заасан байдаг. Харамсалтай нь жижиг хувьцаа эзэмшигчдийн талаар юу ч дурдаагүй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ганц хоёр заалт бий. Тус хуулийн 1.1 буюу хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж байгаа. Энэ заалтыг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна гэдгийг жижиг хувьцаа эзэмшигчийн өнцгөөс харахаар энэ хууль зорилтоо хэрэгжүүлэх чадамжгүй байгаа юм. Тус хуулийн 21.1.1-д Бусдыг хууран мэхлэх, залилах, завших зэрэг үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон, 21.1.2-д хууран мэхлэх, залилах, завших болон бусад хууль бус зорилгоор компанийг үүсгэн байгуулсан, 21.1.3-д компанийн үүсгэн байгуулагч нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид болон бусад эрх бүхий албан тушаалтан тухайн компани түүний хөрөнгө оруулагчдыг хууран мэхлэх залилах завших бусад хууль бус үйл ажиллагаа явуулсан бол Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байдаг. Үүнээс өөрөөр жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалсан зүйл заалт байхгүй. Хуулинд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг үүрэгчилж өгөөгүй, цаашдаа арга хэмжээ авах, шууд шийдвэр гаргах эрхгүй байгаа нь хууль эрх зүйн орчны хамгийн том дутагдал. Ганц УИД-ээр тогтохгүй манай хөрөнгийн бирж дээр байгаа ихэнх компаниуд дээр нэлээд ажиглагддаг. Ер нь жижиг хувьцаа эзэмшигчид үүнд л их гомдолтой байдаг. Монголын хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа шалтгаан тэр гэж үзэж байдаг.

-Улсын их дэлгүүр өнгөрсөн хугацаанд жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ холбоо тогтоох, эрх ашгийг нь хамгаалах талаар ямар нэгэн шийдвэртэй арга хэмжээ авсан уу?

-Өнөөдрийг хүртэл тийм зүйл алга. 2019 оныхоо хурлыг удахгүй зарлах байх. Өнгөрсөн жилийн хурлын зар гэхэд лхагва гаригт өглөөний 10:00 цагт 100 айлын хаана ч билээ, тэр байшинг тойроод тэнд болно гэж илт төөрөгдүүлсэн байдлаар зарлаж хурлаа хийсэн. Жижиг хувьцаа эзэмшигчид бүрэн оролцож чадаагүй. Тухайн үед том хувьцаа эзэмшигчид ямар шийдвэр гаргасан нь одоо харагдаж байгаа. Яг л нөгөө бахь байдгаараа, таг чиг байгаа. Гэхдээ одоо бол маш олон зүйл өөрчлөгдөж байгаа. 2015 онд тэмцэж байхад тэр үед олон нийтийн сүлжээ тийм ч их дэлгэрээгүй байлаа. Одоо бол олон нийтийн сүлжээг ашиглаж дэмжээд явбал илүү боломжтой болчихлоо. Тиймээс цаашдаа эрхээ хамгаалах, хууль эрх зүйн орчныг өөрчлүүлэх тал дээр ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Хөрөнгийн зах зээл дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах гадны практик ямар байдаг юм бол?

-2009 онд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос Азийн хөгжлийн банктай хамтарч “Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нь” гэсэн том хэмжээний судалгаа тайланг гаргасан байдаг. 11 жилийн өмнөх тайланг би анх уншихдаа “За хуучирсан мэдлээлэл байна даа” гэж бодож байтал яг л өнөөдрийн нөхцөл байдал дурдагдсан байсан. Өөрөөр хэлбэл, 2009 онд Монголын хөрөнгийн зах зээлд хийж байсан анализ одоо хүртэл өөрчлөгдөөгүй байна. Яг л 2019 онд хийсэн мэдээллийг уншиж байгаа юм шиг. Энэ бол маш харамсалтай. 10 жилийн өмнө ноцтой байдлаар дүгнэж, сайжруулах шаардлагатай гэж байхад өнөөдөр хүртэл хэрэгжээгүй байна. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй гэдгийг харуулж байгаа бодит жишээ энэ. Тиймээс УИД шиг жижиг хувьцаа эзэмшигчдээ хохироож байгаа компаниудын хууль бус үйлдлийг засахын тулд хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Үнэт цаасны тухай хууль, Компанийн тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Жишээ нь, Санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигчдийн хамгаалах үүргийг тодорхой болгох шаардлагатай.

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг гадны олон жишээ бий. Үүний нэг нь Сингапур улс. Тус улс бол хөрөнгийн зах зээл хамгийн өндөр хөгжиж байгаа улс. Жишээ нь, Сингапурын Засгийн газраас 1990 оны эхээр төрийн өмчит компаниудаа хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтийн компани болгож IPO гаргасан. Түүний нэг нь “Singapore Telecommunica­tions” гэх компани. Энэ бол одоо том корпораци болсон. Тус компани тухайн үедээ IPO босгохдоо 4.2 тэрбум сингапур долларыг татан төвлөрүүлсэн байдаг. Тэр үед Сингапурт хөрөнгийн бирж дээр хувьцаа эзэмшдэг 250.000 хувьцаа эзэмшигч байсан. Үүнийг идэвжхүүлэхийн тулд Засгийн газраас нь “Singapore Telecom­munications” компанийн бирж дээр бүртгүүлэхдээ манайхаар бол нийгмийн даатгалын шимтгэлээсээ хөрөнгө оруулалт хийж болдог байдлаар явсан байдаг. Нэг ажилтан 100 сингапур долларын нийгмийн даатгал төлдөг байсан бол тэндээс тодорхой хувийг нь нийгмийн даатгалын сангаас дамжуулаад тус компани IPO болгож худалдаж авсан. Мэдээж нийгмийн даатгалаар иргэдэдээ хувьцаа эзэмшүүлж байна гэдэг ажил хийж байгаа иргэдийг дэмжиж байгаа нэг том хөшүүрэг. 1993 онд 250.000 хүн арилжаанд ордог байсан Сингапур улс “Singapore Tele­communications” компанийн IPO зарагдаж дууссаны дараа 1.5 сая иргэн нь хувьцаа эзэмшдэг болсон. Монголд ч гэсэн ийм жишгийг бий болгох боломжтой. Гол нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах асуудлаа тодорхой болгож, УИД мэтийн хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг компанийн үйл ажиллагааг цэгцлэх шаардлагатай.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Шинэ цагийн ерөөлч Б.Пүрэвсүх: Би дандаа сайн сайхан, аз жаргалыг ерөөдөг

Ерөөлч, магтаалч Б.Пүрэвсүхтэй ярилцлаа. Түүнийг “Mongolia’s Got Talent”, “3 сая инээд” нэвтрүүлэгт орж байснаар хүмүүс мэдэх билээ.


-СУИС-ийг дуучнаар төгссөн хүмүүс ихэвчлэн нийтийн дуу руу хошуураад байдаг. Гэтэл та тэднээс өөр чиглэлээр уран бүтээл туурвиж явна. Ерөөлч, магтаалч болоход юу танд хүчтэй нөлөөлсөн бэ?

-Яагаад ерөөлч болов оо гэхээр, би СУИС-ийн Соёлын менежерийн ангийг төгссөн. Өөрийнхөө боломж бололцоогоор хурим, найр их хөтөлдөг л дөө. Хурим хөтлөөд зогсож байхад ерөөлч гэх хүмүүс ирж ерөөнө. Тэд ихэвчлэн уртын дуучны ангийг төгссөн хүмүүс байдаг л даа. Тэд ерөөхөөсөө илүүтэй цээжилсэн хэдэн мөртөө хэлчихээд л гараад явчихдаг нь олон жилийн турш ажиглагдсан юм. Би 2010 оноос хойш хурим, найрын хөтлөгчөөр ажилласан. Миний нутаг чинь Өмнөговь аймаг. Өмнөговийнхон маань билэг танхай ерөөлчид байдаг гэдгийг хүүхэд байхаасаа мэдэрч өссөн. Тийм болохоор ерөөл, магтаалын зах зух надад байдаг байсан л даа. Ерөөл гэж цээжилсэн юмаа дуржигнатал уншчихаад явчихдаг юм биш гэдгийг мэдэрч өссөн учраас “Энэ биш ээ, ингэж ерөөлийн нэр хүндийг унагаж болохгүй. Би ерөөх хэрэгтэй юм байна” гэх ажлын шаардлага гэх юм уу, нэг тийм шаардлага гарсан юм.

Манай удмынхан 2000 онд анх ургийн баяр хийсэн юм. Тэгэхэд манай ураг, удмын мундаг ерөөлч хүн байсан юм. Одоо ч бурхан болчихсон л доо. Ургийн баяр дээр тэр хүний ерөөж байгаа бичлэгийг хожим нь сэргээж үзсэн. Ерөөлийн анхны “А” үсэг маань тэр хүний бичлэг болсон. Тэр мундаг хүнийг амьд сэрүүнд нь заалгаж авч чадаагүй ч гэсэн бичлэгээс нь анхны ойлголт авч, эхний сууриа тавьсан. Бичлэгийг нь дахин дахин үзсээр цээжлэхийг нь цээжилж, нэмж хачирлахыг нь хачирлаж, цааш дэлгэрүүлж зохиохыг нь зохиосон. Тэгээд намайг ерөөгөөд явахад хүмүүс нэг л сонирхдоггүй ээ. Зүгээр л нэг улиг болсон юм, цээжилсэн юмаа л уншиж байна гэх маягтай хандаад байхаар нь яг орчин цагийн залуусын юу эдэлж хэрэглэж, юу сонирхож байгааг холбоод шинэ цагийн, funny (хөгжилтэй) болгож, шууд газар дээр нь бэлэн цэцэлдэг болсон. Одооны залуус өнгө мөнгөнд дуртай гэдэг ухагдахуун дээр тоглолт хийгээд “…Тийм, тийм брэндийн тийм тийм хувцасаар тэгж гангараад, ийм ийм IPhone гар утас бариад, ийм тийм машин тэрэг унаад…” гэж ерөөгөөд эхэлтэл залуучуудад ойлгомжтой бөгөөд сонирхолтой санагдсан. Ингээд ерөөлийн үйл явдлыг орчин цаг руу оруулж жишээ нь, хурим дээр,

“…Энэ хоёр залуу чинь анх

“Тэнгис” кинотеатрт танилцаад

Тэврэлдэн хайрлалцаад

Зайсан толгойн оройд гарч салхилаад

Завсар зайгаар нь “Тоёота” машинаа унаад…” гээд бодит амьдрал руу нь буулгаад ирсэн. Уран яруу хэрнээ хошин, хөгжилтэй, funny маягийн, хүн сонсоход ойлгомжтой амар байдлаар ерөөж эхэлсэн.

Өнөөдрийн Улаанбаатарын амьдралыг ерөөлд оруулаад ирсэн чинь хүмүүс “Энэ бол шинэ цагийн ерөөл байна” гэцгээх болсон. Би түүнээс биш өөрөө “Шинэ цагийн ерөөл” гэж нэршил гаргаж ирээгүй юм шүү. Би ерөөсөө тэгж бодоогүй. Хүмүүс миний бичлэгийг фэйсбүүк рүү оруулаад “Шинэ цагийн ерөөлч” гээд намайг нэрлэчихсэн байсан юм. Тэгээд тэр бичлэгийг хүмүүс их үзэж, шэйрлээд дэмжихээр нь л “Энэ миний явах өнцөг юм байна” гэж бодсон. Миний онцлог бол яг тэр агшинд нь зохиох буюу бэлэн цэцэлж ерөөдөг. Үүгээрээ бусад ерөөлчөөс ялгарах гэж хичээдэг юм.

-Ерөөл бол ирээдүй рүү чиглэж, ирээдүйн явдлыг түргэтгэх, сайн сайхан болгохыг зөгнөж, бэлэн цэцлэх аргаар бүтдэг. Бурханы сургаалд “Бодол биелдэг” гэдэг шиг “Ерөөл биелнэ” гэдэг юм билээ. Үүгээр бол ерөөл хэлэх, хүнийг ерөөх нь буян юм?

-Надад бас тэгж бодогддог юм. Би чинь дандаа сайн сайхан, аз жаргалыг л ерөөгөөд явдаг. Хэдийгээр би ерөөлч гэгдээд энэ ажлаараа ажил, амьдралаа залгуулж байгаа ч намайг урьж аваачаад ерөөл тавиулж байгаа хүмүүстээ тустай, надад ч бэлгэ дэмбэрэлтэй. Ерөөлч хүнийг ном сайн унш гэдэг юм билээ. Ном, сонин их уншина. Ном уншихаар ухаан саруул болж, үг хэллэг уран цэцэн болдог гэж хүмүүс зөвлөдөг юм. Тийм болохоор өөрийгөө чадах ядахаараа л хөгжүүлээд явдаг юм.

-Та одоо хуриманд явна гэлээ. Хөтлөгч хийх гэж байна уу, ерөөх гэж байна уу?

-Ерөөх гэж байна. “Зайсан хилл” цогцолбор дахь Хуримын өргөөний ерөөлч ажилтай.

-Хуримын ерөөлийнхөө эхлэлээс сонирхуулж болох уу?

-Өнөөдөр чинь өвлийн адаг сарын шинийн есний өдөр гэж байгаа.

Зээ, өөдлөн дэвжих заяатай

Өлзий дэмбэрлийн ерөөлтэй

Өвлийн адаг сарын

Шинийн есний дүүрэн мэндийг

Өргөн олон түмэндээ айлтгая аа.

Алтай хангай уулынхаа

Архан бэлээр нь нутагтай

Ард олон түмний минь

Ажил, амьдралын өлгий болсон

Алдарт Монголын нийслэл

Улаанбаатар хотынхоо

Хан-Уул дүүргийг эзэгнэн орших

Хан Богд уулын хормой

Хатан Туул ижийн хөвөөндөө

Заяа буян өөдрөг

Зайсан хиллийнхээ

Гэрлэх ёслолын ордонд

Хүрэлцэн ирсэн

Хүндэт зочид Та бүхэндээ

Алд цэнхэр хадгаа дэлгэж

Ашдын бэлгэ дэмбэрэл

Аз жаргалын ерөөлөө айлгая аа.

-Ямар гоё юм бэ?

-Эхлэл нь энэ юм даа. Тухайн хүмүүсийн өөрсдийнх нь ёс уламжлалаар хуримаа ерөөл, уртын дуу, морин хуурын аль нэгээр нь эхлүүлдэг.

-Ерөөлчид голдуу маш гярхай, ажигламтгай, логик сэтгэлгээтэй, самбаатай хүмүүс байдаг?

-Тухайн орчин, тэнд байгаа хүмүүс юу хийх гэж байна, хажууд ямар тавилга, эд юмс харагдана тэр бүгдийг ажиглаж байгаад л бэлэн цэцэлнэ. Ерөнхийдөө ерөөлчийг эргэн тойрноо маш сайн ажигла гэдэг юм билээ л дээ. Ерөөх гэж очсон газраа маш сайн ажиглана. Айлд очлоо гэхэд ороод мэнд мэдэж, сайхан цайлаад суунгаа тэр гэрийн эзэгтэй ямар зүс царайтай, ааш зан нь ямархуу юм, өрхийн тэргүүн нь ямархуу юм, ноён нуруу нь хэр байна, тавилга, өнгө будаг, гэрийнх нь байгаа байдал, ширээн дээр зассан алим жимс, архи сархад гээд бүгдийг харна. Ерөөлчид ерөөлөө гурван цаг дээр ерөөдөг. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагаа заавал зангидаж оруулдаг. Жишээлбэл, хүүхдийн үсний найран дээр байлаа гэхэд, өнгөрсөн цаг дээр аав, ээж хоёр нь яаж анх танилцаж амьдралаа холбосныг нь ерөөчихнө. Одоо цаг дээр, хүүхэд нь ингэж үсээ сайхан авахуулаад, олон түмнээ урьж сайхан бэлгэ дэмбэрэлтэй сэвлэг даахиа үргээж буйг нь ерөөчихөж байгаа юм. Ирээдүй цагт энэ хүүхэд өсч том болоод эрдэм номтой, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой, эрүүл энх байгаарай гэж өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг ерөөдөг. Ингэж ерөөдгийг том мундаг ерөөлчдөөсөө сонсож мэдэж авсан юм л даа.

-Үүгээрээ та өв тээгч болж байна шүү?

-Өөрөө, ганцаараа аваад үлдэхгүй, үргэлжлүүлээд хойч үедээ дамжуулах урлаг юм.

-Тэр дундаа бэлэн цэцэлж ерөөх нь Монгол ардын аман зохиолын нэн чухал хэсэг юм. Ардынхаа ийм сайхан аман зохиолыг тээж яваадаа бахархдаг байлгүй?

-Бахархахгүй байхын аргагүй. Аав, ээж маань энэ талын авьяастай хүмүүс л дээ. Ээж, аав маань сум, нутаг орондоо багшийн ажил хийдэг сэхээтэн хүмүүс. Аав, ээж минь бэлэн цэцэлнэ, шүлэг зохионо. Тэр бүгд нь надад нөлөөлсөн болов уу. Өөрийн гэсэн онцлогтойгоор ерөөж, үүгээрээ ажил амьдралаа залгуулж яваа даа баярладаг. Ардын аман зохиол, язгуур өв соёлоо тээж яваа залуу хүн гэж өөрийгөө боддог юм.

-Орчин үед аман зохиол амнаас ам дамжих гэхээсээ илүүтэй техник технологийн ололтыг ашиглаж CD, DVD хэлбэрээр дараа үед дамжих нь дээ гэж ойлгож болох уу?

-За яг наадхыг чинь хүмүүс надад зөвлөөд л байгаа. Энд тэнд ерөөсөн ерөөлөө баримтжуулж ав, орчин цагийн үсний найрны ерөөл, шинэ байрны ерөөл ямар болсон бэ гэдгийг харуулах зорилгоор CD, DVD гарга гэсэн зөвлөгөөнүүд ирж л байгаа даа.

-Ардын аман зохиолыг олон жил судалсан доктор, профессор Р.Чүлтэмсүрэн багш, ардын багш С.Дулам гээд Монгол ардын аман зохиолыг нэвт шувт мэддэг мундаг багш нар бий. Тэр хүмүүстэй уулзаж үзсэн үү?

-Одоохондоо би тийм мундаг суутай хүмүүстэй уулзаж амжаагүй л явна. Тийм хүмүүсээс зөвлөгөө авах шаардлага тулгардаг юм. Хаана хэндээ очиж зөвлөгөө авах талаар сайн мэдэхгүй болохоор өөрийнхөөрөө ингээд явж байна.

-Залуус орчин үеийн юм бүгд рүү тэмүүлж байхад та ардын аман зохиол руугаа зүтгэж, шинээр гаргаж ирж байгаа нь зоригтой алхам л даа?

-Баярлалаа. Хүмүүс ерөөхийг минь сонсчихоод “Ямар сайхан юм бэ” гэдэг. Намайг ерөөгөөд дуусахад л хүмүүс ойлгодог. Зүгээр л сургаар “Энэ нэг залуу ерөөдөг юм гэнэ билээ” л гэдэг. Ерөөл, магтаалыг хэт нийтлэг маягаар олны дунд унагасан нь харагддаг л даа. Ерөөлч гэхээр л цээжилсэн хэдэн мөртөө дуржигнатал уншчихаад гараад явчихна биз гэсэн хандлагаар хүмүүс хүлээж аваад байдаг. Тийм ч болохоор тэр үү, ерөөлч нэр зүүгээд цээжилсэн хэдэн мөртөө уншчихаад гараад явчихдаг нөхдийн балгаар гэх үү дээ ерөөлчийн ажлыг үнэлэх үнэлгээ тиймхэн байдаг. Харин би ажлаараа энэ бүхнийг үгүйсгэж, хэдэн мөрт цээжилчихээд л тэрийгээ ерөөл гэж хэлдэггүй юм шүү гэдгийг ард түмэнд сурталчилан таниулах гээд чадах ядахаараа явж байна даа.

-Та манай сониноор дамжуулж Монголын ард түмэндээ ерөөл өргөж болно шүү?

-Зээ, өргөн олон Монгол түмэн минь ээ

Өөдлөн дэвжих заяатай

Өвчин эмгэг тусахгүйгээр

Хорио цээр тогтоосон байгаа энэ үеэрээ

Коронавирусээс

Анд найз, ах дүү, садан

Алаг үрсээ хамгаалж

Амны хаалтаа байн байн зүүж

Ариун цэврээ дор бүрнээ сахиж байвал

Айх аюулгүй

Айдас хүйдэсгүй

Дэлхий нийтээрээ

Дэгдэж байгаа энэ вирусээс

Дээдэс заяатай Монгол түмэн минь

Удахгүй угтах Сар шинээрээ

Ужиг болсон өвчнөөс ангижирч гарахын

Ерөөл бэлгийг дэвшүүлье!

Өнөөдөр надтай уулзаж

Ардын аман зохиол

Соёлын өв тээж яваа талаар

Сонирхож асууж лавласан

Өдрийн сонин

Өдрийн сонины сурвалжлагч тандаа

Өөдлөн дэвжих заяа

Урт нас, удаан жаргал

Сайн сайхан бүхнийг

Өргөн дэвшүүлье ээ!

-Та бэлэн цэцэллээ, баярлалаа?

-Шууд зохиож байгаа нь энэ байхгүй юу.

Categories
мэдээ цаг-үе

Н.Бямбадорж: Малын тооноос илүү чанарт анхаарч энэ жилийн улсын аваргуудыг тодруулна

ХХААХҮ-ийн мал аж ахуй хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Бямбадоржоос тодрууллаа.


-Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга фермер, Улсын аварга саальчин шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Журамд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Өнгөрсөн жил Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж байгаатай холбоотойгоор Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга фермер, Улсын аварга саальчин шалгаруулахад Засгийн газрын журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Малын тооны хойноос хөөцөлдөх бус малын чанарыг голчилж үзэх, бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг зөв зохистой явуулах үүднээс нэмэлт, өөрчлөлт орсон. Тухайлбал, өмнөх журамд үржлийн малд ангилалт хийлгэх шаардлагагүй байсан бол Малын генетик нөөцийн хууль батлагдсантай холбоотойгоор Улсын аварга малчин өрхөөр шалгаруулалтад оролцох малчид тухайн сумынхаа хөдөө аж ахуйн тасаг, сумандаа үйл ажиллагаа явуулж байгаа хувийн мал үржлийн нэгжээр өөрийн үржлийн малд зайлшгүй ангилалт хийлгэсэн байх ёстой гэсэн заалт орсон. Мөн тухайн бүс нутагтаа дасан зохицсон батлагдсан үйлдвэр омгийн малыг өсгөн үржүүлэхээр тусгагдсан. Мэргэжлийн мал зүйч малчин өрхийн малд ангилалт хийж, өсгөж үржүүлж байгаа малаас аль нь үржилд тэнцэж байна, аль нь тэнцэхгүй байгаа талаар заавар зөвлөгөө өгсний үндсэн дээр мал үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж малын чанарыг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Улсын аварга малчин өрх, хошой аварга малчин өрх, фермер, саальчдыг шалгаруулах журмыг өөрчлөхдөө малын тоо толгойг хэт өсгөхөөс илүү малын үржил селекцийн ажлыг мэргэжлийн удирдлага дор шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, малын чанараа сайжруулан, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлсэн, малын төрөл, сүргийн зохистой бүтэц бий болгосон, мал аж ахуйн үйлдвэрлэлд ажлын байр нэмэгдүүлсэн, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан байдал зэргийг харгалзан шалгаруулахаар журмыг өөрчилсөн.

-аваргууд хэзээ тодрох вэ?

– Засгийн газрын 338 дугаар тогтоолоор батлагдсан Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журмын дагуу аварга малчдын материал, тодорхойлолт дээр журамд заасан шалгуур үзүүлэлтийг үндэслэж шалгаруулалт явагдана. Бүх аймгийн хөдөө аж ахуйн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 5-ны дотор ХХААХҮ-ийн яаманд тухайн аймгаас шалгарсан малчдын материалыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд Засаг даргын албан бичигтэй ирүүлдэг. Энэ жилийн хувьд бүх аймгууд материалаа ирүүлчихсэн. Мөн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, малын эрүүлжүүлсэн даатгалд хамрагдсан эсэх, тухайн орон нутагтаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх зэрэг тодорхойлолт бүрдүүлж ирүүлэх ёстой. Мөн Улсын аварга малчин өрх гурван жил, улсын хошой аварга таван жилийн малын А данс, дээр нь таван жилийн мал аж ахуйн үр дүнгүүдийг бичиж ирүүлсэн байдаг. Тэр үүднээс шалгаруулалтыг явуулдаг. Энэ жилийн шалгаруулалт ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ороод Засгийн газрын тогтоол гарч байж албажина.

-Тооноос илүү чанарт анхаарахаар журамд түлхүү тусгагдсан гэлээ. Энэ тухайд?

-Малын чанар гэдэг тухайн үйлдвэр омгийн малын ашиг шимийн үзүүлэлтийг бүрэн хангасан, тухайн бүс нутагтаа дасан зохицсон байх ёстой. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо гэж зүйл байх ёстой л доо. Хээлтэгч мал нь тухайн бүс нутагт өсгөн үржүүлэхийг зөвшөөрөгдсөн үйлдвэр омгийн мал байх юм. Мөн хээлтүүлэгч малаа мал үржлийн нэгжээр мал зүйчдээр үзлэгт хамруулж хээлтүүлэгчээр ашиглах боломжтой гэсэн дүгнэлт авсан байх ёстой. Ингэснээр тухайн малчны малын чанар дээшилнэ. Хээлтүүлэгч нь чанартай байж чанартай төл гарна.

-Улсын хэмжээнд энэ жил хэчнээн аваргууд төрөх вэ?

-Журмын дагуу Улсын аварга өрх 60 хүртэлх, Улсын хошой аварга малчин өрх найм хүртэлх, Улсын аварга саальчин зургаа, Улсын аварга фермерчин тав хүртэлх тодрох боломжтой. Фермер нь эрчимжсэн мал аж ахуй, сүүний аж ахуй эрхэлж байгаа хүмүүсээс шалгарна. Саальчин гэдэг нь өөрийн аж ахуй эрхэлж буй малаас хэчнээн хэмжээний сүү, цагаан идээ боловсруулснаар шалгаруулалт явагддаг.

-Малын чанар хэдий хэмжээнд сайжрах боломжтой байдаг юм бэ?

-Тухайн малчин малдаа мэргэжлийн мал зүйчээр үзлэг ангилалт хийлгэснээр малыг ялгана, ангилна. Энэ мал нь үржилд тэнцэж байна, энэ нь тэнцэхгүй байна гэх маягаар гэсэн үг. Бог малын хувьд чанарыг нь сайжруулахад доод тал нь гурван жил зарцуулагдана. Бод мал дээр таван жил зарцуулагддаг. Сүүлийн үед малчид малын тооны араас хөөцөлдөөд шүдлэн, борлонд нь үржилд оруулж байна. Тэгэхээр зусаг болгож байгаад үржилд оруулах зэрэг ажлуудыг шат дараатай хийж чанартай мал болгохын тулд ажиллах ёстой юм. Мөн бэлчээрийн ашиглалт хамгаалалтад маш их ач холбогдол өгч анхаарч ажиллахыг шаардсан байгаа. Жил бүр бэлчээрийн хортон мэргэчидтэй тэмцэж байгаа ажил зохион байгуулагддаг. Тэр ажилд тухайн малчин идэвхтэй оролцож, ажиллах ёстой. Тухайн аймаг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бэлчээрийн ашиглалт гэж бий. Бэлчээр ашиглалтын арга хэмжээнд мөн идэвхтэй оролцож бэлчээрээ хуваарьтай ашигладаг байх ёстой. Цаашлаад бэлчээрийн даацад малынхаа тоо толгойг тохируулах хэмжээнд малын тоогоо бууруулна гэсэн үг. Сүрэгт нь байгаа үржлийн бус мал нь 60,70 хувийг эзэлж байгаа бол хээлтэгчийн тоог нэмж үржлийн бус малынхаа тоог багасгана. Нас гүйцсэн мал байлгах биш, аль болох эдийн засгийн эргэлтэд оруулж, төл мал олноор болгож түүнийгээ гурван жилийн дотор эргэлтэд оруулах ажлуудыг зохион байгуулахаар журамд өөрчлөлт орсон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Энхзаяа: Өрхийн эмч нар гэрийн эргэлтээр ажиллаж байна

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа.


-Нийслэлийн хэмжээнд томуугийн өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Томуу, томуу төст өвчин нь улирлын чанартай өвчин. Монгол Улсын хэмжээнд A, B вирусийн хүрээнд өвчлөл үүсч байна. Сүүлийн долоо хоногийн амбулаторийн үзлэгийн мэдээгээр 102885 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 14615 тохиолдол оношлогдсон. Энэ нь нийт үзлэгийн 14,2 хувийг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 4,8 хувиар, өнгөрсөн оны дундаж түвшнээс 7,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ч карентин тогтоосноос хойш харьцангуй буурч байна. Нийт өвчлөгсдийн 56,4 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Үүний дийлэнх хувь буюу 22,6 хувь нь 0-1 насны хүүхдүүд байгаа юм.

-Хүүхдийн амбулатор, эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Хүүхдийн түргэн тусламжийн утсанд өнгөрсөн долоо хоногийн 1969 дуудлага ирснээс 44,7 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байсан. Хүүхдийн орны ачааллын хувьд нийслэлийн хэмжээнд 0,2 хувь хэтэрсэн үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн жилүүдэд эмнэлгүүд коридортоо хүртэл хүүхэд хэвтүүлж эмчилдэг байсан бол энэ жилийн хувьд тийм асуудал байхгүй болсон. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 56,5 хувь нь амьсгалын замын өвчтэй байна.

-Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд 70 гаруй мянган хүн уушгины хатгалгаагаар өвчилж, 400 гаруй иргэн нас барсан тоон мэдээллийг зарлаад байгаа. Уушги орлуулагч ECMO гэх аппарат олон улсад хэрэглэгддэг. Манай улс энэ аппаратыг оруулж ирэх талаар удаан ярилцаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Хэрэв энэ аппаратыг ашиглаж эхэлбэл нас баралтын түвшин буурах хандлагатай гэж зарим мэргэжилтнүүд ярьдаг. Энэ аппаратыг манай улсад оруулж ирэх боломж байгаа юу?

-Энэ талаар хэлж мэдэхгүй байна. Өнгөрсөн жил уушгины хатгалгаагаар 400 гаруй хүн нас барсны дийлэнх хувь нь насанд хүрсэн хүмүүс байгаа. Уушгины хатгалгаа нь дотроо олон хүчин зүйлээс шалтгаалсан байдаг. Дэлхийн бусад оронд ч уушгины хатгалгаа өндөр бий. Манай улсын хувьд энэ бол харьцангуй бага үзүүлэлт.

-Хүүхэд халуурангуут эцэг эхчүүд эмнэлэг рүү зорихыг боддог. Гэтэл эмнэлэгт ирэхэд бүр илүү халдвар авч хүндрэх эрсдэлтэй гэж зарим эмч нар гэртээ тусламж үзүүлээд байлгахыг зөвлөдөг. Томуугийн энэ үед та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ дархлааг маш сайн дэмжих ёстой. Өөрсдийгөө бас халдваргүйжүүлэх, гэртээ агаарын солилцоо оруулах, гараа тогтмол угаах, олон нийтийн газраар хүүхдээ авч явахгүй байх гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай хэмжээнд авах хэрэгтэй байна. Бидний зүгээс эцэг эхчүүдийн анхаарал бага зэрэг сул байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Энэ бол амралт биш хөл хорио гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд аль болох анхны тусламж үйлчилгээг гэрийн эргэлтийн эмчид хандах, эмнэлэг рүү авч явахгүй байх шаардлагатай.

-Шинэ төрлийн коронавирус гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна вэ?

-Нөхцөл байдалтай уялдуулан зөвлөгөө өгөх утас, хүүхдийн кабинет, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын 60 хүртэлх хувь нь гэрийн эргэлтээр ажиллаж, шаардлагатай тохиолдолд АШУҮИС-ийн төгсөх курсийн оюутнуудыг, зарим хувийн эмнэлгийн эмч нар, тэтгэвэрт гарсан эмч нартай хамтран ажиллаж байна.

А.ГАНТУЯА

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хэргийн газрыг орхин явахгүй байхыг анхаарууллаа

Зам тээврийн ноцтой осол гаргаад, зугтаасан жолоочийг илрүүлжээ.

Тодруулбал, Хоёрдугаар сарын 6-ны өдөр 23:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын уулзварт Тoyota Сorolla маркийн автомашины жолооч Приус маркийн хоёр автомашиныг мөргөж, хэргийн газрыг санаатай орхин зугтаасан ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Зугтсан автомашиныг Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн ч тухайн жолооч мөн тээврийн хэрэгслээ орхин зугтаасан байжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, жолоочийг илрүүлэн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хэргийн газрыг орхин явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Бууз, баншны үйлдвэрлэл, цехийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Нийтийг хамарсан баяр, ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/13 дугаартай удирдамжийн дагуу бууз, баншны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар дотоод хяналт шалгалтыг мөрдөж ажилладаггүй, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлж хэвшээгүй, хөргөгч, хөргүүрийн хэмийн бүртгэлийг үнэн зөв хөтөлдөггүй, цан мөс ихтэй, угаалга цэвэрлэгээ хангалтгүй, ажлын байрны хананы будаг ховхорч бүтээгдэхүүн бохирдох нөхцөл бүрдсэн, агуулахад түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй, шалан дээр хураасан, сав баглаа боодол, технологийн хэрэгцээний усыг шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.