Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Цаг тооны бичиг болон хуучны кинонуудын зохиогчийн эрхийг төр авах ёстой

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-Та Оюуны өмчийн тухай хуулийг санаачилж, батлууллаа. Манай улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хэрхэн уялдаж ажилладаг вэ?

-Монгол Улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад гишүүнээр элссэн. Бид утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах Венийн конвенц, аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисийн конвенцод нэгдэн орсон учраас олон улсад оюуны өмчийг хамгаалах үүрэг хүлээдэг. Дэлхийн оюуны өмчийн байгууллага Монгол Улсад тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тухайлбал, оюуны өмчийн тусдаа статустай агентлаг, төрийн захиргааны байгууллага байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг байсан. 2016 онд Улсын бүртгэлийн байгууллагыг Оюны өмч, улсын бүртгэлийн газар болгосон. Энэ үйл явдалд Дэлхийн оюуны өмчийн байгууллага маш эмзэг хандсан шүү дээ.

-Яагаад вэ?

-Дэлхийн оюуны өмчийн байгууллага оюуны өмчийг хамгаал гэж тодорхой санхүүжилтийг манайд өгдөг. Гэтэл өнөөх санхүүжилтийг нь оюуны өмчийг хамгаалахад биш, төсөвтөө авчихдаг. Тэгээд өөр зүйлд захиран зарцуулдаг. Эдгээр асуудлуудад Дэлхийн оюуны өмчийн байгууллага эмзэг хандсан. Тэгээд би энэ асуудлаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарритай очиж уулзаж байлаа.

-Фрэнсис Гарри манай нөхцөл байдлын талаар юу гэж байх юм?

-Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захиралтай уулзахад “Танай оюуны өмчийн хамгаалалт муу байна. Бид та бүхэнд санхүүжилт өгдөг. Тэр санхжүүжилтийг та нар оюуны өмчийг хамгаалахад зориулдаггүй. Хоёрдугаарт, та нар оюуны өмчийн байгууллагыг бүртгэгч байгууллага болгосон. Уг нь оюуны өмч гэдэг эдийн засгийг төрөлжүүлэх гол салбар юм шүү дээ. Тэрийг яагаад харахгүй байгаа юм бэ. Монгол Улсын хоёр патентыг Дэлхийн оюуны өмчийн байгууллага бүртгэж авахад АНУ-аас дөрвөн компани 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санал тавьсан шүү дээ. Танай улсад маш их потенциаль байна” гэж Фрэнсис Гарри хэлсэн. Тэгээд Монголд ирээд би Улсын бүртгэл болон оюуны өмчийн байгууллагыг салгах Засгийн газрын хуулийг санаачилж, оюуны өмчийг тусад нь гаргасан даа.

-Оюуны өмч эдийн засгийн эргэлтэд яагаад орохгүй байсан юм бэ. Тогтолцоондоо байсан уу?

-Тийм. Оюуны өмч бүхэлдээ тогтолцооны хувьд хуульчлагдаагүй байсан.

Патентын хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын хууль, зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль гэж оюуны өмчийн гурван хууль байдаг. эдгээр хуулиуд оюуны өмчийн харилцааг зохицуулж байгаа болохоос тогтолцоог нь тусгаагүй байсан. Нэг үгээр оюуны өмчийн байгууллага гэж юу юм, оюуны өмчийн байцаагч гэж хэн юм, оюуны өмчийг яаж үнэлэх юм, оюуны өмчийн зуучлал, худалдаа гэж юу юм, оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ гэж юу юм, төрөөс ямар бодлогоор дэмжих ёстой юм гэх мэт ийм зохицуулалтыг огт хийж өгч чадаагүй байсан байхгүй юу. Ингээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийг санаачлаад батлуулсан. хууль батлагдахдаа Оюуны өмчийн тухай хууль гэдэг нэршилтэй гарлаа.

-Тэгэхээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болох уу?

-эдийн засгийн эргэлтэд оруулах буюу инноваци болгоход эхлээд байгууллагын тогтолцоо нь зөв байх ёстой. энэ хуулиар зохицуулалтуудыг нь хийж өгснөөр нь суурь нь тавигдсан гэж хэлж болно.

-Оюуны өмчийн тогтолцоог энэ хуулиар бүрэн тодорхойлсон уу?

-Тэгсэн. Тодруулбал, үндэсний хэмжээнд ямар тогтолцоог бүрдүүлж, ажиллах, улсын хэмжээнд оюуны өмчийн ямар агентлаг байх юм гэдгийг тодорхойлсон. энэ хуулиар Оюуны өмчийн ерөнхий зөвлөл гэж байгуулагдаж ерөнхий сайд тэргүүлэхээр тусгагдсан.

-Оюуны өмчийн зөвлөлийг Ерөнхий сайд биш, хариуцсан салбарынх нь сайд нь тэргүүлэх ёстой юм биш үү?

-Оюуны өмчийн эрхийг хамгаалахын тулд байгууллагын бүтэц, үйл ажиллагааны чиг үүрэг нь тодорхой байх шаардлага үүссэн. Оюуны өмчийн зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, дэд даргаар оюуны өмчийн асуудал эрхэлсэн сайд ажиллана. Оюуны өмч бол зөвхөн хууль зүйн асуудал биш эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд хөндөгдөхгүй салбар гэж байдаггүй. Тиймээс энэ их үйл ажиллагааг уялдуулах үүднээс Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл ажиллуулахаар тусгасан. хүнс, хөдөө аж ахуйн салбарт гэхэд маш олон барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээнүүд, бүтээгдэхүүний загварууд бий. Байгаль орчны салбарт ашигтай загварууд, эрчим хүчний салбарт гэхэд шинэ бүтээлүүд байна. Нөгөө талаасаа зохиогчийн эрхийн гэрчилгээнүүд гэхээр дуучид, уран бүтээлчдийн хөгжмийн зохиол, дууны шүлэг, кино уран бүтээлчдийн кино зохиолууд, контент үйлдвэрлэж байгаа хүмүүсийн зохиогчийн эрх гээд бий. Оюуны өмчийг аж үйлдвэрийн эрх, зохиогчийн эрх гэж хоёр ялгадаг. зохиогчийн эрхийн гэрчилгээгээр дуучид, уран бүтээлчид, контентчид, киночид хамгаалагдана. Эдгээрийг тогтолцооны хувьд тодорхой болгоод өгчихөж байгаа юм.

-Оюуны өмчийг хэрхэн үнэлэх вэ?

-Нэг эрдэмтэн лабораторид туршилт хийгээд утааг бууруулах өндөр үнэтэй зуухын загварыг хийчихлээ. хэрвээ хөрөнгө оруулалт нь хийгдвэл үнэ нь багасаад олон хувиар үйлдвэрлэгдчихнэ. Тэр бүтээгдэхүүний загварыг үнэлэх хэрэгтэй шүү дээ. үүнийг оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчид хийнэ. Өмнө нь Монголд оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээ гэж байгаагүй. Одоогийн Мэргэшсэн үнэлгээчдийн институт гэдэг байгууллага үнэлгээ хийдэг. Тэнд оюуны өмчийн мэргэшсэн нэг ч үнэлгээчин байхгүй. Энэ хуулиар оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчидтэй болж байгаа. энэ хуулиар мэргэшсэн үнэлгээчид оюуны өмчийг кодлоод, бүртгэдэг системийг хийж өгсөн. Тэгэхээр давхцахгүй. хиймэл оюун ухаан ашиглан код уншуулж бүтээл, бүтээгдэхүүнийг бүртгэснээр оюуны өмчийн давхардал гарахгүй. Жишээ нь, шинэ дуу гаргаж үүнийгээ хиймэл оюун ухаан ашиглан бүртгүүлснээр дараагийн ижил төстэй дууг бүртгэхгүй гэсэн үг. Тухайн программын “Дэмо” хувилбар гарсан. “АйСиТи” группын “Айтүүлс” компани блокчэйн технологи дээр хөрөнгийн бирж байгуулсан. Уг хуулийг санаачлахдаа би тус компанийн залууст программ бүтээх санал тавьсан. энэ программ бэлэн болсны дараа өмнө нь бүртгүүлсэн зохиогчийн эрхийг архивлаж оруулна.

Ингээд оюуны өмч үнэлэгддэг болчихлоо. Утааг бууруулах бүтээгдэхүүний загварыг хоёр тэрбум төгрөгөөр үнэлье гэвэл хөрөнгө оруулахын тулд банкинд тэр загварыг барьцаалж, олноор нь үйлдвэрлэх хөрөнгө оруулалтаа шийдэж, энэ тогтолцоо зөв горимоороо явна гэсэн үг. ингэснээр оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчид үнэлгээг олгож, тэрүүгээрээ банкинд барьцаалж зээл авах эрхийг нь нээж өгнө.

Оюуны өмчийн хулгайчид гаарч байна шүү дээ. Киночид киногоо гаргалаа гэхэд гар утсаараа бичээд олшруулан тараачихаж болохгүй биз дээ.

-Оюуны өмчийн зуучлал гэж юу юм бэ?

-Оюуны өмчийн тухай хуулийг баталснаар зуучлалын үйлчилгээ үзүүлэх, оюуны өмчийн харилцаа бий болгох, худалдаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа. Жишээ нь, би чиний шинэ гаргасан дууг өөр хүнд зарж борлуулж болно. Тэгж зарж байгаа хүнийг зуучлагч буюу оюуны өмчийн бирж гээд байгаа юм. ийм үйлчилгээг үзүүлдэг төрөлжсөн сайт байгуулаад шинэ бүтээлийг тавьчихна.

Таны шинэ бүтээлийг мэргэшсэн үнэлгээчид гурван тэрбум төгрөг гээд үнэлчихвэл тэрийг нь иргэн худалдаж авч болдог. Тэгэхээр зуучлалаас олж байгаа орлогоос хувь бодохгүй гэж байгаа юм. Энэ хуулиар. Тэгэхээр зуучлалын компаниуд сэргээд ирнэ. Дээрээс нь шинэ бүтээл гаргаж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Нөгөө талаас хөрөнгө оруулагчидтай холбож байна. Энэ дээр зөвлөх үйл ажиллагаа явуулах компаниудын эрхийг хуулиар нээж өгч байгаа.

Түүнчлэн оюуны өмчтэй холбоотой маргааныг шүүх дээр очихгүй шийдвэрлэдэг болно. Монголчууд шинэ технологи, бүтээгдэхүүний загвар гаргаж, түүнийгээ хамгаалуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Оюуны өмчийн байцаагчийн эрхүүд тодорхой болж байгаа. Заавал шүүхэд хандахгүйгээр оюуны өмчийн хулгайтай тэмцэх боломжууд гарч ирж байна гэсэн үг. Энэ хууль бол Монголын ирээдүйг гэрэлтүүлэх хууль. Та шинэ санаа гаргавал сайхан амьдарч болно.

Мөн оюуны өмчийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх байгууллагад татварын таван хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Ингэснээр оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх боломжийг нээлттэй болгож байгаа юм.

-Оюуны өмчийн тухай хуулийг хөл гартай болгох асуудал үлдлээ. Хэзээ эдгээр хөл гар болсон хуулиудыг өргөн барих вэ?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Барааны тэмдэг, газарзүйн заалт, патентын хууль, Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулиудын ажлын хэсгийг ахалж ажилласан. Хаврын чуулганаар өргөн барьж батлуулна.

-Цаг тооны бичиг олон мянган жилийн тэртээ зохиогдсон оюуны бүтээл. Үүнийг эзэмшээд, эзэн суудаг хүмүүс байдаг. энэ хуулиар эдгээр асуудлыг зохицуулах уу?

-Цаг тооны бичиг болон хуучны кинонуудыг төр авах ёстой. Энэ хуулиар авах боломж нь бүрэн нээгдэж байгаа. Төр авсныхаа дараа сан байгуулж, оюуны өмчийн эзэмшигч нь тодорхойгүй бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, сангаа босгож ирнэ. Үүгээрээ оюуны бүтээлчдийг дэмжинэ.

-уиХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Та энэ ажлын хэсгийг ахалж байгаа. Ажил хэр урагштай явж байна вэ?

-Бид холбогдох мэдээллүүдийг цуглуулаад түүн дээр анализ хийж байна. 1995 оноос хойш манайх шимтгэлд суурилсан тогтолцоонд шилжсэн. Үүнээс хойш өнөөдөр ямар нөхцөл байдалд хүрснийг бүгд л харж байгаа. Үе үеийн Засгийн газрууд тэтгэврийн шинэчлэлийг ярьж ирсэн. Гэвч авч хэрэгжүүлдэг ганц арга хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас хамгийн их алдагдалтай ажилладаг Тэтгэврийн сан нь алдагдлаа улсын төсвөөс нөхдөг, цаашлаад нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлдэг, эсвэл тэтгэврийн насыг хойшлуулахаас өөр ямар ч дорвитой арга хэмжээ авч ирсэнгүй. 2050 он гэхэд ДНБ-ийхээ таван хувьд хүргэх эрсдэл дагуулж байна. Тиймээс тэтгэврийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн. Тэтгэврийн тогтолцоо нь өөрөө “тэтгэвэрт” гарчихлаа гэдгийг иргэд олон нийт, судлаачид хэлдэг. Тиймээс ажлын хэсэг ирэх хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг батлуулахаар зэхэж байна.

Чуулганы завсарлагааны хугацаанд Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн барина. Энэ хуулиар тэтгэвэрт гарсан иргэн нэгдүгээрт төрийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг хоёрт, хувийн тэтгэврийн сангаас мөн тэтгэвэр авдаг ийм зохицуулалтыг манай улс бий болгох ёстой. Ингэснээр хөрөнгийн зах зээл өргөжиж, төгрөгийн ханшийг тогтвортой барих зэрэг олон давуу тал бий болно. Мөн одоо төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл буюу ажил олгогч, ажилтан, төр гэсэн гурван субьектийн аль аль нь сэтгэл хангалуун бус тогтолцоо бий болчхоод байна. Тиймээс улсад төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хувийг нь хувийн тэтгэврийн сандаа төлдөг байх тэр зохицуулалтыг тусгана.

-Тэгэхээр хоёр сангаас мөнгө авна гэсэн үг үү?

-Тэтгэвэр авагч улсын болон хувийн тэтгэврийн сангаас мөнгө авдаг болно. Нийгмийн даатгалын санд төлдөг шимтгэлээсээ улсаас тэтгэвэр авна. Харин хувийн тэтгэврийн санд иргэд сайн дураараа хамрагдана. 19 хувийн нийгмийн даатгал төлж байгаа бол үүний дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн санд олгоно. Ингэхдээ иргэдээс санал авах ёстой. Цаашдаа хувийн тэтгэврийн сан хуримтлал үүсгэж, хүмүүст бэлэн мөнгөнөөс гадна бонд, хувьцаа эзэмших эрх санал болгож болно. Хувийн тэтгэврийн сан байгуулчихвал таван жилийн дараа хуримтлал үүсчихнэ. Ингээд хуримтлал үүсгэснээр мөнгөө урьдчилж авах боломжтойгоос гадна үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээж болно.

Ингэж тэтгэврийн санг хөрөнгө оруулагч болгох хэрэгтэй. Энэ хууль одоо тэтгэвэрт гарчихсан байгаа хүнд зориулаагүй. Залууст, ирээдүйд хэрэгтэй. Өр биш, өв үлдээдэг тогтолцоотой болно.

УИХ-ын намрын чуулганыг дүгнэвэл?

-Намрын чуулган түүхэнд байгаагүй ачаалалтай, олон цаг хуралдсан, Үндсэн хуулиа баталсан дэвшилтэт чуулган болсон.

Миний хувьд маш дэвшилттэй чуулган боллоо гэж үзэж байна. Та бүхний нөгөө Учрал агаарын юм ярилаа гээд байдаг инновацийн хуулийг олон жил ярьж байгаад батлууллаа. Гарааны компаниуд маш баяртай байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 10-нд болох үйл явдлууд

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэлийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Утас: 99122141, 96664674

Categories
мэдээ цаг-үе

Д.Мандахнаран: Өөрсдийнхөө бохир заваан байдлыг байгаль, цаг уур нь хамгаална гэж ерөөсөө бодож болохгүй

АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийн газрын судлаач мэргэжилтэн, дархлаа судлаач, анагаах ухааны доктор Д.Мандахнарантай ярилцлаа.


-Нян буюу бактер, вирусийн ялгааг та тайлбарлаж өгөхгүй юү. Коронавирусийг титэмт вирус, шинэ коронавирус гэх мэтээр нэрлээд байгаа нь ямар учиртай юм бэ. Вирус гэгч юм хүний биед ороод чухам ямар үйлдэл хийдэг юм бэ?

-Дэлхий дээр түүхэн хөгжлийн явцад, 3.5 тэрбум жилийн өмнө амьдрал үүссэн гэж үздэг. Нүдэнд харагдахгүй нэг эст байснаа олшроод олон эст амьтан болдог ч юм уу, тэгээд хүн үүссэн. Энэ хугацаанд зарим амьд биетүүд хоол тэжээлээ олж, өсөж үржихийн тулд өөр амьтдын биед орж, өөр амьтдын биеэр хооллодог болж, ийм бүлэг амьтад үүссэн. Нүдэнд харагдахгүй энэ амьтныг анагаах ухааны хэллэгээр микроб буюу өвчин үүсгэгч бичил биетнүүд гэж нэрлээд байгаа. Дэлхий дээр байгаа бүх микробуудын тав хүрэхгүй хувь нь л хүнд өвчин үүсгэдэг. Бусад нь ерөөсөө хүний биед ордоггүй, хүнд хамаагүй. Тэр таван хувиа л өвчин үүсгэгч бичил биетэн гээд байгаа юм. Өвчин үүсгэгч бичил биетнүүдийг хэмжээ болон биологийн шинжээр нь дөрөв хувааж болдог. Хамгийн жижиг хэмжээтэй, хоорондоо ижил шинжтэйг нь вирус гэж байгаа юм. Вирус бол эс биш. Өөрөө үржих чадваргүй, байгаль дээр байдаг, удамшлын материалаа тодорхой био бүрхүүлээр бүрхсэн тийм байгалийн оршихуй. Вирус байгаль дээр байхдаа өсөж үржиж чадахгүй, зайлшгүй эзэн амьтны биед орж байж, тэр эзэн амьтны эсүүдэд нэвтэрч, эсүүдийнх нь өөрийгөө олшруулдаг уургийн аппарат буюу эрхтэнцэрүүдийг хар үгээр хэлбэл хакердаж өөрийгөө олшруулдаг. Ингэж хакердаж олшруулах явцдаа эзэн эсийг гэмтээдэг. Маш их олшроод эзэн эсийг задална. Нэг вирус орлоо гэхэд хэдэн зуун мянга болоод эзэн эсээ задлаад гараад ирдэг. Тэр хэдэн зуун мянга болсон вирус дахиад тус бүртээ хэдэн зуун мянга болж олширч, халдварласаар байдаг. Вирус ийм механизмаар өвчин үүсгэдэг.

Вирусийн дараачийнх нь бактер буюу бидний хэлдгээр нян. Нян бол амьтан. Бидний эсээс жаахан ялгаатай. Нянгийн эс бөөмгүй. Бидний хамгийн сайн мэддэг нянгууд гэвэл, хоолны хордлого үүсгэдэг нянгууд байна, сүрьеэгийн нянгууд байна. Нянгуудыг эмчлэх арга бол антибиотек эмчилгээ. Нянгийн дараачийнх, нянгаас харьцангуй том, илүү хорон шинжтэй нь мөөгөнцөр. Үүний дараах нь буюу заримдаа нүдэнд харагддаг шимэгч хорхой, хялгасан хорхой. Ийм байдлаар дөрөв ангилж болдог.

-Коронавирусийг ч бас дотор нь ангилж байна уу?

-Коронавирусийн тухайд байгалийн янз янзын ангилал бий. 1960-аад оны үеэс ханиад, томуу үүсгэгч вирусүүдийг нэлээд сайн судлаад ангилж эхэлсэн чинь хэсэг вирусүүд бөөрөнхий бүтэцтэй, гадуураа нарны цацраг шиг уургуудтай байсан. Үүнийг нь нарны титэм гэх нь бий. Тийм болохоор Титэмт вирус гэж нэрлэчихсэн. Удамзүйн хувьд титэмт вирус нь дотроо олон вирус агуулдаг. Удамзүйн хувьд дөрвөн том бүлэг бий. Альфа, бета, гамма, дельта гэж. Энэ дөрвөн бүлэг вирус нь хөхтөн амьтан, шувуу зэрэгт өвчин үүсгэдэг. 2003 онд САРС өвчин үүсэхээс өмнө хүнд томуу төст өвчин, хамрын ханиад үүсгэдэг нь мэдэгдчихсэн байсан. Альфа, бета төрлийн зургаан вирус нь хүнд өвчин үүсгэдэг бөгөөд коронавирусийн дөрвөн дэд төрлүүд нь мэдэгдээд байсан юм. 2003 онд САРС өвчин гарахад “Энэ өвчин коронавирусээр үүсгэгддэг юм байна” гэдгийг тогтоогоод дээрх дөрвөн бүлгийн бета бүлэгт нь хамаарах тав дахь коронавирусээр тодорхойлогдсон. Түүний дараа МЕРС гэж өвчин гарсан, Саудын Арабт. МЕРС өвчнийг үүсгэгч нь мөн л коронавирус байсан.

Тэгээд МЕРСкорона гэж нэрлэсэн. Сая Хятадын Ухань хотоос гарсан коронавирус нь бета бүлэгт хамаарагдах шинэ вирус юм. САРС, МЕРС-ээс өөр вирус болох нь тодорхойлогдсон. Тэр вирусийг юу гэж нэрлэх вэ гэж янз янзаар ярьж байгаад шинэ коронавирус гээд нэрлэчихсэн байгаа. Энэ бол цоо шинэ гэсэн үг биш. Зүгээр л урьд өмнө нь байгаагүй, шинэ төрлийн коронавирус гараад ирсэн гэсэн үг. Удамзүйн холбоо, генетик судалгааг нь үзвэл САРС, МЕРС, шинэ коронавирусүүдийн ихэнх нь сарьсан багваахайнаас гаралтай байна гэж тогтоосон. Сарьсан багваахайн коронавирусүүдтэй удамзүйн хувьд ойролцоо адилхан байна гэж үзсэн. Тэгэхээр энэ өвчин сарьсан багваахайнаас гаралтай юм биш үү гэж үзээд байгаа юм.

-Коронавирус мутацид орчихсон уу?

-Вирусүүдэд удмын материалаа агуулсан био бүрхүүл байдаг гэж дээр би хэлсэн. Удмын материал нь дотроо ДНХ, РНХ гэсэн хоёр өөр бодисоос тогтдог. Нэг бол ДНХ-тэй вирус, эсвэл РНХ-тэй вирус байна. РНХ-тэй вирус нь хувилахдаа алдаа их гардаг. Өөрчлөгддөг гэсэн үг. Нэг ширхэг коронавирус эс дотор ороод 100 мянга болж олшроод гарч ирэхдээ зарим нь өмнөхөөсөө өөр болчихсон байдаг. Тэгэхээр зөвхөн сарьсан багваахайнд байдаг вирус нь өөрчлөгдөөд хүнд халддаг болчихсон ч байдаг юм уу. Үүнийг мутаци гэж нэрлээд байгаа шүү дээ. Хоёрдугаарт, коронавирусийн генийн хэмжээ буюу бодисын хэмжээ нь бусад томуугийн вирусүүдээс хамаагүй том. Хамаагүй олон үсэгтэй гэсэн үг. Тэр олон үсгийг хуулах болгонд буруу бичиж алдаа гаргах магадлал өндөр байдаг. Тэгэхээр коронавирусийн мутаци болох хурд харьцангуй их учраас энэ вирус нь хувьсаад үе үе эвгүй хэлбэр гарч ирчихээд байдаг.

-Тэгээд энэ вирус хэзээ устах юм бол. Хөл хорио тогтоогоод байх уу. Бүр үргэлжлээд цар тахлын хэмжээнд хүрч улам аюултай байдал руу орох уу. Цаашид яах бол?

-Одоогоор хэн ч мэдэхгүй байна. Судалгаа хийж байгаа. Хятадын шинэ коронавирустэй холбоотой маш олон зөвлөгөө бий. Энэ зөвлөгөөнүүд нь хуучин бидний мэддэг байсан коронавирусийн мэдлэг дээр үндэслэж байна. Гэтэл энэ вирусийн талаар мэдэхгүй юм нэлээд байна. Яаж халдаж байна вэ, халдвар нь хэр байна гээд мэдэхээс мэдэхгүй юм нь их байна. Мэдэхгүй юм их байгаа учраас хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Голомт болсон газарт нь, Уханьд арга хэмжээ авч вирусийг нь дарсан цагт халдвар дарагдана.

-Хөл хорио тавигдангуут л манайхан маскаа зүүхээ болино доо?

-Мэдээж улс орны амьдрал, эдийн засаг явж байгаа учраас карантин тодорхой хугацаагаар л үргэлжлэх байх. Сунжирсан карантин гэдэг бол хэцүү шүү дээ. Тэрийг шийдвэр гаргагчид тодорхой бодлогын түвшинд шийдэх байх. Иргэд тэглээ гээд санаа амарч болохгүй. Коронавирусийн тухай мэдээлэл гарч шуугихад маск булаацалдаж байснаа энэ долоо хоногоос эхлээд маск зүүхээ больж байна. Бараг бүгдээрээ шахуу зүүчихсэн байсан бол одоо 30-аад хувь нь зүүхээ больчихлоо. Нэг хэсэг овоо гайгүй засарч байснаа гадуур нус, цэрээ ил задгай хаях үзэгдэл буцаад сэргэж байна. Зөвхөн коронавирус ч биш Монгол орон бол томуугийн идэвхтэй бүс нутаг. Маш олон өвчин монголчуудын ахуйн ариун цэвэр, ухамсрын доройтлоос болоод үүсч олон хүнийг, нэн ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа. Үүнийг бид ойлгох ёстой. Сошиалаар “Муу сайн хятадуудаас энэ өвчин гарлаа” гэж шуугиад байдаг. Тэр хүмүүсийг хэлэхээсээ өмнө өөрийнхөө байгаа байдлыг засах ёстой. Карантины хугацаа дууслаа ч хувь хүний зүгээс хийж болох арга хэмжээнүүдээ сулруулж болохгүй. Өвчин байсаар л байгаа.

1990 оноос өмнө Монголд ЗХУ, Зүүн Европт боловсрол эзэмшсэн бүхэл бүтэн арми байлаа шүү дээ. Тэр хүмүүс Европын ахуйн ариун цэврийн маш зөв дадлуудыг хэвшүүлж байсан бол зах зээлд шилжсэнээр нийгэм харьцангуй чөлөөтэй болсноор, захиргаадалт үгүй болсны улмаас, шилжилт хөдөлгөөн ихэссэнээс маш бүдүүлэг юмнууд газар авч, энэ нь эргээд хүнд гоё харагдаж биш, бүгдээрээ хамтдаа эрүүл байя гэдэг асуудлыг эрсдэлд оруулаад байгаа. Осол нь тэндээ байгаа юм.

-Монголчуудын дархлаа сайн учир тэр вирус нь орж ирлээ ч тэсэхгүй, тэглээ ч манай орны хүйтэн агаар вирусийг оруулахгүй гэх мэтээр ярьцгааж байна. Та үүнийг мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Бидний эдийн засгийн бүх оролт, гаралт хамааралтай байдаг хоёр хөршид маань коронавирус илэрсэн учир манайхыг “Сэжигтэй” гэх ангилалд оруулсан болов уу. Нөгөө талаасаа монгол хүний өвөрмөц дархлаа гэх юм байхгүй л дээ. Энэ бол боломжгүй. Хүн байтугай хүн, хулгана хоёрын хооронд багахан ялгаа байдаг юм шүү дээ. Энэ бол вирусийн өвчин учраас тоо баримтыг харахад, өвдсөн хүмүүсийн цөөхөн нь хүндэрч байгаа. Тэр хүндэрсэн хүмүүсээс цөөхөн нь нас барж байгаа. Иймэрхүү магадлалын юм байж болно. Түүнээс биш монгол хүний дархлаа энэ тэр гэсэн зүйл бол хоцрогдсон ойлголт. Тэр бол зүгээр л төсөөлөл.

Ерөнхийдөө ямар ч халдварт өвчин дулаан, чийглэг газарт байх магадлал илүү. Хуурай, хүйтэн газарт бага байх шинжтэй ч бохир хүмүүсийн дунд их байдаг. Цэвэр хүмүүсийн дунд бага байдаг. Япон ч гэсэн чийглэг, дулаан уур амьсгалтай. Гэтэл тэнд яагаад халдварт өвчин бага гардаг вэ. Сая бол аялал жуулчлалын улмаас энэ өвчин гарчихлаа л даа. Манайхтай харьцуулахад Японд гэдэсний халдвараар хүүхдүүд яагаад бараг өвддөггүй юм бэ, яагаад томуу өвчнөөр өвдсөн хүмүүсээр эмнэлэг нь дүүрдэггүй юм бэ. Улс орны хөгжлөөс гадна иргэдийн боловсрол, ахуйн ариун цэвэртэй холбоотой. Тиймээс өөрсдийнхөө бохир заваан байдлыг байгаль цаг уур маань хамгаална гэж ерөөсөө тэгж бодож болохгүй.

-Хувийн ариун цэврээ сахих, нус цэрээ ил хаядаггүй болгох, томуугийн дэгдэлттэй үед бүх нийтээрээ амны хаалт хийдэг сарын аян ч юм уу нэг тиймэрхүү эрүүл ахуй руу нь хандсан соёлын довтолгоо маягийн юм хийх цаг болж дээ?

-Хамраа гаргаад маскаа зүүчихээр ямар хэрэг байх вэ дээ. Маскжуулж болно. Хэцүү боловч үнэгүй маск тарааж болох л байх. Гэхдээ тэр маскийг нь буруу зүүгээд байвал ямар ч хэрэггүй. Энэ бол хэцүү асуулт. Б.Цэнддоо гуайн “Соёлын довтолгоо” гэж ном бий. Тэр цаг үед захиргаадаж болдог байсан учраас захиргаадалт, хүчирхийллийн аргаар дундад зууны нүд хальтрам орныг өдий зэрэгтэй болгосон байна. Одоо бол бүх нийтийг яаж соёлжуулах вэ гэдэг нь тодорхой байна. Яаж хийх вэ гэдгийг мэргэжлийн улсууд харилцан зөвшилцөж байж хийх ажил байх.

Хятад бол нэлээд экстрим арга хэрэглэж байна. Дижитал шорон маягаар. Камераар хараад л буруу юм хийвэл онооноос нь хасдаг. Энэ бол байж болох л юм. Гэхдээ Хятадын систем нэг өөр, манай систем бас нэг өөр. Нөгөөтэйгүүр бидний үлгэр жишээ авдаг ардчилсан орнуудад ч гэсэн нийгмийн хариуцлагаа зөрчвөл шийтгэлтэй байдаг. Тэрийг бид нутагшуулах хэрэгтэй. Өмнөд Солонгос, Японд яадаг вэ. Японд шүлсээ хаявал торгоно гээд л эхэлнэ. Америкт бүр хатуу. Тийм газруудаас сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар нэг юм хэлэхээр “Энэ бол ардчилал” гээд байгаа байхгүй юу. Биднээс дээр ардчилсан орнууд энэ асуудлаа яаж шийдэж байна. Хүн л юм чинь янз янзын хүн байгаа учраас тэрийг тодорхой бодлого, журмаар зохицуулахаас өөр аргагүй.

Categories
мэдээ цаг-үе

Дал наяад оны сар шинийн барилдааны түүхийг эргэн сөхөхөд

Цагаан сарын бөхийн барилдаан жаран гурван оноос эхэлсэн түүхтэй. Нэгдэпч малчдын баяр гэх тодотголтой анхны барилдаанд жаран дөрвөн бөх хүч үзсэнээс дархан аварга Мөнхбат зургаа даван түрүүлжээ. Үзүүрт нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэг уран барилдаант Чойжилын Бээжин аварга үлдсэн байна. Их шөвөгт Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам нарын хүчит арслангууд үлджээ. Сонирхолтой нь Цагаан сарын анхны барилдаанд “хоёр Мөнх” анх удаа учраа таарч байжээ. Баянаа аварга гэхэд аймгийн начин цолтой залуу зодоглож дунд шөвөгт шалгарч, Мөөеө аваргыг заан цолгой байхад нь тахимаа өгч байж. Жаран гурван оны улсын наадамд Мөнхбат аварга Сосорбарам, Мижиддорж нарын арслангуудыг найм, есийн даваанд цувуулан орхиж түрүүлсэн юм. Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тэр жилийнхээ наадмыг өнгөлж барилддагийн жишгийг ийнхүү Мөөеө аварга тогтоож байсан.

Залуу бөх Баянмөнх мөн л тэр жилийн наадмаар улсын арслан Гялдангийн Цоодолоор тав давж улсын цолны босго алхаж байв. Жараад оны дунд үеийн Цагаан сарын барилдаан арван хэдэн бөхийн хооронд өрнөдөг байсныг ахмад бөхчүүд болоод бөх судлаачид хэлдэг юм. Арван хэдэн бөх гэдэг нь Дамдин аварга, хоёр Мөнх, Бээжин, Цэрэн аваргууд, Чойжилсүрэн, Мижиддорж, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангууд, Зундуй, Өвгөнхүү, Дашдаваа нарын начингуудыг хэлж байгаа хэрэг. Эдгээр бөхчүүдтэй Өмнөговийн Дэмүүл, Булганы тэмээ өргөдөг Жамьяандорж, Дорнодын Түвшин нарын бөхчүүд хөдөөнөөс ирж хүч сорино. Энэ хэд дундаа мэдээж хоёр Мөнх нь онцгой байж таарна. Мөөеө, Баянаа аваргууд Цагаан сарын барилдаанд тус тусдаа долоо, найман удаа түрүүлсэн түүхтэй. Жаран зургаан онд Б.Түвдэндорж. Ш.Батсуурь, Д.Дамдин. Ж.Мөнхбат, С.Цэрэн нарын таван аварга манлайлж боссон барилдаанд залуу заан Х.Баянмөнх анх удаа түрүүлжээ. Тэрээр их шөвөгт Дамдин аваргыг, үзүүр түрүүнд тухайн он жилүүдэд төрийн наадамд босоо байсан Мөнхбат аваргыг орхиж түрүүлсэн байна. Тэр жилийн Сap шинийн барилдаанд Архангайн Чулуутын Т.Зундуй заан их шөвөгт шалгарсан удаатай. Таван аварга зүүн баруун жигүүрийг манлайлсан баярт Пагмын Аюуш арслан Баянхонгор аймгийн Богд сумаасаа ирж барилдсан нь бөх сонирхогч олныг баярлуулжээ. Аюуш арслан дөчин есөн оны улсын наадамд Батсуурь аваргатай үлдэж түрүүлсэн. Гэвч түүнд арслан цолыг нь өгөлгүй, худлаа барилдаж нам засгаа доромжилсон хэмээн наадмын комиссоос шийтгэл хүлээлгэж байсан удаа бий. Далаад оны Цагаан сарын барилдаанд Мөееө, Баянаа аваргууд болон Жамбалын Хайдав, Пүрэвийн Дагвасүрэн, Мядагийн Мөнгөн нарын арслангууд, Дасрангийн Мягмар, Доноровын Долгорсүрэн нарын заанууд. Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Увсын Дамирангийн Баатаржав, Төмөрийн Артаг, Булганы Чимэдийн Лундаа, Дамдингийн Галдандагва нарын хүчтэй начингууд шуугиулж байжээ. Далан нэгэн онд өндөр ойн одтой бөх гэдгээрээ зартай Сэрээтэрийн Цэрэн аварга Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан.

Спортын ордонд цугласан олон “Ойн одтойгоороо Цэрэн түрүүлнэ биз” гэцгээж байсан гэнэ. Үнэхээр ч монгол бөхийн гучин хоёр шинжийг хадгалж төрсөн гэгддэг Цэрэн аварга түрүүлсэн байна. Далан хоёр оны Сap шинээр Говь-Алтайн Хөх морьтын Ундрахын Пүрэв заан Дашдоржийн Цэрэнтогтох аваргыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангуудыг дөрөв, тавын даваанд дараалуулан өвдөг шороодуулж их шөвөгт Дамдин аваргыг давснаар Баянаатай үзүүр түрүүнд үлдэж байжээ. Тэр жилийн Цагаан сарын шуугианы эзэн нь Пүрвээ заан байсан аж. Далан зургаан онд Мөнхбат аварга тав дахиа түрүүлж Сосорбарам арслан үзүүрлэж байсан. Төв аймгийн хоёр хүчтэнтэй их шөвгийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар начин цолтой үлдэж байлаа. Мягмар заан Ёндонгийн Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэндашаар тав, Жамбалын Хайдаваар зургаа давж шөвгөрөөд Мөөеө аваргад тахимаа өгч байсан.

Төв аймгийн хүчтэнүүд түрүү үзүүр булаалдсан наадамд “Бүрэнгийн бүдүүн гуят” гэгддэг Мөнхийн Загдсүрэн начин Хэнтийн Барамсай заанаар гурав, Сэрээтэрийн Цэрэн аваргаар дөрөв давж байсан удаатай. Далаад оны сүүл үеэс хоёр Мөнхийн халааг “Алдар”-ын тамирчид болох Цэрэнтогтох, Хадаа нар залгаж авсан байна. Тухайлбал, далан найман оны Сap шинээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Дашдоржийн Цэрэнтогтох аварга заан цолтойдоо хоёр Мөнхийг дараалуулж өвдөглүүлээд түрүүлж байсан түүхтэй.

Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд Дамдин, Баянмөнх, Мөнхбат аваргуудыг 7-9 даваанд дараалуулж орхин түрүүлж Улсын арслан цол хүртэж байсан юм. Тэр жилийн гурвын давааны төгсгөлд Ё.Ишгэн Дундговийн “харлаг” хэмээх Жавзмаа начинтай, Д.Цэнд-Аюуш Архангайн Г.Жалаа начинтай, З.Дүвчин Цэвээнжавын Ванчигцэрэн начинтай тус тус хүч үзсэн байна. Ишгэн, Цэнд-Аюуш, Дүвчин нарын заанууд начин цолтой байсан үе юм. Далаад оны төгсгөл, наяад оны эхээр Булганы Дэндэвийн Амгаа, Говь-Алтайн Ринжийбуугийн Давааням, Өвөрхангайн Ёндонгийн Ишгэн, Зэвэгийн Дүвчин, Увсын Өлзийн Тулгаа нарын хүчтэй заануудтай Баян-Өлгийн Одмойн Бахыт, Ховдын Адуучийн Баатархүү, Булганы Жамцын Бор, Дундговийн Цэгмидийн Улаанхүү, Өмнөговийн Дашдуламын Багахүү, Өвөрхангайн Довдонгийн Дашжамц, Сүхбаатарын Жанцангийн Чулуун нарын хүчтэй начингууд (одоогийн харцага) ихэвчлэн тунадаг байсан. Дээр нь Бандийн Ганбаатар арслан, Дамдингийн Баяраа гарьд нар нэмэгдэх нь мэдээж.

Наян онд Дагвасүрэнгийн Хадбаатар аварга cap шинийн барилдаанд түрүүлж бөхөд хайртай олон түмнээ баярлуулсан удаатай. Тэрээр түрүү үзүүрт Доноровын Долгорсүрэн заантай тунаж монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэн хүч бяраар илүүрхэж түрүүлсэн байдаг. Хадаа аваргын тэрхүү барилдааныг “араажив”-аар бөх сонсож суусан олон өөрсдөө түрүүлсэн мэт баярлаж байсныг хүмүүс дурсдаг юм. Наян нэгэн оны Мөнхбат аварга зургаа дахиа түрүүлж, Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн тэр жилийн барилдааны шуугиан нь Говь-Алтайн Нэмэхбаяр гэдэг залуу байжээ. Сүүлд буюу наян зургаан онд улсын цолонд хүрсэн тэрээр Хайдав арслангаар гурав, Долгорсүрэн заанаар дөрөв, Галдандагва начингаар тав давж шуугиулжээ. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начин Булганы Жамцын Борыг, Ёндонгийн Ишгэн Сүхбаатарын Жанцангийн Чулууныг амлаж, Ховдын Баатархүү, Өмнөговийн Багахүү нар тунаж байсан удаатай. Адуучийн Баатархүү начин Багахүүгээр гурав даваад Мядагийн Мөнгөн арсланг заан цолтой ид байхад нь дөрвийн даваанд өвдөглүүлж бас л дуулиан дэгдээсэн. Сонирхуулахад, Дамдин аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг манлайлан барилдаж байсан Мөнхбат аваргыг амласан байна. Энэ нь Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт арааживаа чагнаж суугаа сонсогч түмэнд бас л нэг ярианы сэдэв болох нь мэдээж. Данигаа аваргын уг шийдвэрийг зарим нь Мөөеөгийнхөө түрүүлэх замыг эртнээс зассан гэдэг бол зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барим тавим хэлдэг юм. Цэрэнтогтох аваргыг түрүүлэх (1983 он) жил Дэндэвийн Амгаа заан үзүүрлэсэн. Амгаа заан шөвгийн дөрөвт Баянаа аваргыг өвдөглүүлсэн нь олон түмнийг оргилон баярлахад хүргэсэн байна. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Санжжавын Сүхбаатар заан тэр жил залуу бөх байхдаа хоёрын даваанд Эрдэнэ-Очир арсланг, гуравт Дашжамц начинтай тунаж, дөрөвт Чимэдийн Гочоосүрэн зааныг орхиод дунд шөвөгт үлдэж байжээ. Наян дөрөв, наян таван оны Сap шинийн барилдаанд Хадаа аварга дараалан түрүүлсэн юм. Эхний жил нь өөрийн гол өрсөлдөгч Цэрэнтоггох аваргыг их шөвөгт өвдөглүүлж, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхисон бол дараа жил нь мөн л мөнхийн өрсөлдөгч “онжав” Цэрэнтогтохтойгоо үлдэж түрүүлсэн юм. Наян таван оны Сap шинээр Цэрэн аварга гурвын даваанд Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Сосорбарам арслан мөн л амлаж аваад унасан байна. Барилдааны дундуур Co арслан Цэрэн аваргад “Эрдэнэ-Очирыг хоёулаа элбээд ч барсангүй дээ” гэж хэлэн олныг хөгжөөж байжээ.

Наян долоон оны Сap шинийн барилдaанд Одвогийн Балжинням аварга начин цолтой түрүүлж шуугиан дэгдээсэн удаатай. Өмнө нь буюу жараад оны сүүлээр Сүхбаатарын Чойдорын Өвгөнхүү начин цолтой түрүүлснээс хойш Сap шинийн барилдаанд начин цолтой бөх түрүүлээгүй байсан юм. Балжаа аварга тэр жил С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л тунасан байдаг. Тунах бүрдээ орхисоор түрүү үзүүрт Цэрэнтогтох аваргыг өвдөглүүлсэн юм. Тэр жилийн Цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн байдаг. Дүгэржавын Хишигдорж хэмээх Архангайн өндөр залуу Дүвчин, Мягмар нарын хүчтэй заануудыг гурав, дөрвийн даваанд унагаж олны хараанд өртсөн нь “Батцэнгэлийн динозавр”-уудын нэг Хишигдорж заан билээ. Ингээд наян найман оноос Бат-Эрдэнэ аваргын он жилүүд эхэлсэн түүхтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Төрсөн үрсээ төл малнаас дор үзэх бидний араншин” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт уламжлал ёсоор “Танайд өнжье” булан хэвлэгдлээ. Гэр бүлээрээ эрүүл мэндийн салбарт зүтгэсэн Б.Дагданбазарынд өнжлөө.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: ”Монголоо гэсэн үзэл бодлыг минь хүлээн зөвшөөрсөн нам байтугай чөтгөртэй ч хамтарч чадна ярилцлагыг I-II нүүрнээс уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Төрсөн үрсээ төл малнаас дор үзэх бидний араншин нийтлэл хэвлэгдлээ.

Хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа. Тэрээр “Авлигатай тэмцэх тогтолцоо Үндсэн хуулийн зөрчилд орох эрсдэлтэй байна” хэмээлээ.

“Машины толь хулгайлвал баривчлахад л баривчлах ялаар шийтгүүлнэ” Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяр ”Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт ярилцлага өглөө.

Өнгөрсөн сарын 20-ны өдөр 30 настай эмэгтэй П.Нармандах Сонгинохайрхан дүүрэг Баянхошуу орчимд байрлах гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл сураггүй байна. Сураг алдраад буй бүсгүйн ангийнхан болон ах дүүс нь өнгөрсөн сарын 21-ний өдрөөс хойш хайж байгаа ч үр дүнд хүрээгүй байгаа юм. Охины ээж Х.Одгэрэлтэй ярилцлаа.

Өнөөдрийн “Цаг үе” буланд “Уухай” хөдөлгөөний гишүүн, ХҮН намын Уирдах зөвлөлийн дарга Т.Доржхандтай ярилцлаа. Ярилцлагыг XI нүүрнээс уншаарай

Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, олон улс судлалын профессор Д.Цахилгаантай ярилцлаа. Тэрээр “Ард түмний сэтгэлд хүрэхгүй байгаа

хэдэн хүнээр төлөөлүүлэн төрөө харааж болохгүй” хэмээсэн билээ. Ярилцлагын XIII нүүрнээс сонирхоорой.

Жүжигчин Ш.Мөнхбаяртай “Уран бүтээлч буландаа ярилцлаа.

Монголын Орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, орчуулагч, Хэл бичгийн ухааны доктор О.Чинбаяртай ярилцлаа. Тэрээр 1994 онд ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг уран зохиолын орчуулагч мэргэжлээр төгсөж, улмаар 2019 онд Москва хотын Хэвлэлийн их сургуульд Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан билээ.

Түүнчлэн манай сонины өнөөдрийн дугаар “Дэлхийн мэдээ”, “Дэлхийн спорт” болон олон сонирхолтой нийлтэл ярилцлагууд хэвлэгдсэн билээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг: Шинэ коронавирусийн халдвар биш болох нь тогтоогджээ

Image result for шинэ коронавирус

Өвөрхангай аймагт шинэ коронавирусын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар биш харин томуугийн А хүрээний H3N2 вирус болох нь тогтоогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй 6,85 тонн нүүрс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлжээ

Өлзийт-1 АТШНТ-оор 2020 оны 2 сарын 7-ны өдөр иргэн Д.Жаргалбат нь 02-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Зөвшөөрөлгүй 6,85 тонн Налайхын нүүрс тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлэн саатуулжээ.

Түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүргүүлэн ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцохоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон иргэн, ААН-ийг шалгаруулав

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт олгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шударгаар сахиж, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийг Сангийн сайд өнөөдөр хүлээн авч уулзан, талархал гардууллаа.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт олгосон АЖ АХУЙН НЭГЖ:

  1. Мобиком корпораци ХХК
  2. Номин тав трейд ХХК
  3. Юнител ХХК
  4. НИК ХХК
  5. Петростар ХХК
  6. Монос-Улаанбаатар ХХК
  7. Миний дэлгүүр сүлжээ ХХК
  8. Моннидер ХХК
  9. Алтанжолоо трейд ХХК
  10. Сэнтрал экспресс Си Ви Эс ХХК

Дотоодод бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хамгийн олон цахим төлбөрийн баримт олгосон ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ: Сүү ХК тодорсон бол 2018 онтой харьцуулахад 2019 онд олгосон Төлбөрийн баримтын өсөлтөөр “Сиркл Чейн “ХХК” тодорлоо.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт олгосон ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧ:

1. Ц.Рэгзэдмаа
2. З.Цогтсүрэн
3. Н.Энхтунгалаг
4. А.Ариунбилэг
5. Т.Цэрэндулам
6. М.Эрдэнэчимэг
7. Р.Уранчимэг
8. Ц.Энхбат
9. М.Мандахбаяр

10. Д.Ганболд нар тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт тусгаарлсан коронавирусийн сэжигтэй иргэний шинжилгээний хариу маргааш гарна

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсан талаар өчигдөр Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч, Шилийн гол аймгаас ирсэн аж. Улмаар биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалах шинж тэмдэгтэй байсан тул уг иргэнийг тусгаарлаад байгаа юм.

Сэжигтэй шинж тэмдэг илэрсэн нэг иргэний шинжилгээний хариу маргааш /2020.02.10/ гарах гэнэ. Тэрбээр 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн бөгөөд хамт байсан хавьтлын хүмүүст тандалт судалгаа хийж байгааг албаныхан мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын захирамж гарч, үйл ажиллагаа явуулж байгаа төрөлжсөн зах, томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 9-ны өдөр хүртэл түр зогсоолоо.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 9.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 байна.

Categories
мэдээ нийгэм

​БНХАУ-ын Эрээн хотод хөл хорио тогтоож, нэгдүгээр зэргийн онц байдал зарлажээ

БНХАУ-ын Эрээн хотод хөл хорио тогтоож, нэгдүгээр зэргийн онц байдал зарлажээ. Өнөөдрийн 09.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37 мянга 251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн.

Эрээн хот руу гаднаас ирэх хүмүүсийг оруулахгүй ба иргэдийг буцаах эсвэл тусгаарлах байранд 14 хоног байрлуулах гэнэ. БНХАУ-ын Эрээн хот нь манай улсын Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомттой хиллэдэг. Монгол Улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдээгүй ч халдвар тархах эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй юм.

Иймд эмнэлгийн байгууллагын зөвлөснөөр шинэ коронавирусийн халдвараас дараах гурван аргаар сэргийлэх боломжтойг сануулъя. Гараа тогтмол савандаж угаах, амны хаалт заавал зүүх, өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг анхааруулъя. Мөн шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, олон нийтийн газруудаар явахгүй байхыг анхааруулж байна.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод онц байдал зарлаж, цагаан сарын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүдээ цуцлах шийдвэрийг өнгөрөгч нэгдүгээр сарын 23-нд гаргажээ. Хятадын төмөр зам зорчигчдынхоо тасалбарыг буцаан авах тал дээр бүхий л арга хэмжээг авч байна. Үүнтэй холбоотойгоор Бээжин хот цагаан сарын баяраар уламжлан болгон тэмдэглэдэг олон томоохон баяруудаа хориглож байгаагийн дотор сүмийн хөгжөөнт яармаг буюу улаан дэнлүүний баяр, үзэсгэлэн худалдаа зэрэг багтаж байна. Дэлхийн томоохон ухаалаг утас үйлдвэрлэгч Huawei компани ирэх сарын 11-12-ны хооронд Үхань хотоос 600 миллийн зайд байрлах Шиньжинь хотод зохион байгуулагдах арга хэмжээгээ хойшлуулж байгаагаа зарлалаа. Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг ухаалаг утас хөгжүүлэгчдийн чуулга уулзалт гуравдугаар сар хүртэл хойшилжээ. Мөн Бээжин, Шиньжин, Гуаньжоу зэрэг их газрын Хятадын томоохон хотуудад амьд амьтан худалдан авч, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Үүнээс гадна Хэбэй мужийн Чиби хотыг тусгаарлах шийдвэр гаргажээ. Үхань хотоос 120 км зайтай байдаг тус хот ойролцоогоор 500 мянган хүн амтай ажээ. Ингэснээр Хэбэй мужийн дөрөв дэх хот ийнхүү тусгаарлагдаж байна.