Categories
мэдээ улс-төр

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагт хаалттай хуралдана

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогджээ. Хуралдааныг хаалттай явуулах юм байна. Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотой ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Цагаан сарыг цуцлах саналтай байгаагаа иргэний хувиар цахим хуудсаараа дамжуулж мэдэгдэж байсан.

Тиймээс Онцгой байдлын хуралдаанд салбарын сайд саналаа оруулж хэлэлцүүлэх магадалттай юм.

Categories
мэдээ нийгэм

Хяналт шалгалтад 109 байгууллага хамрагдаж, 728 зөрчил илрүүлжээ

Хяналт шалгалтад 109 байгууллагыг хамруулж, 728 зөрчлийг илрүүлэв

Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар нийт 109 байгууллагыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 728 зөрчил илрүүлж, 118 зөрчил буюу 16.2 хувийг газар дээр нь арилгуулсан.

Бусад 610 зөрчил буюу 83.8 хувийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 69, мэдэгдэл 29, танилцуулга хоёрыг тус тус бичиж, байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тахианы байранд гал гарчээ

Image result for Гал түймэр унтраах, аврах анги

Өнгөрсөн баасан гаригт “Оргио” ХХК-ийн тахианы байранд гал гарч 12,725 дэгдээхэй шатжээ. “Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Оргио” ХХК-ийн тахианы байр шатаж байна” гэсэн дуудлагыг 7-ны өдрийн 09:08 цагт хүлээн авч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 09:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Жавхлан: Монголоо гэсэн үзэл бодлыг минь хүлээн зөвшөөрсөн нам байтугай чөтгөртэй ч хамтарч чадна

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.


-2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Та нэр дэвших үү?

-Үүнийг ярихад хараахан эрт байна. С.Жавхлан гэдэг хүн улс төрд байх ёстой юу гэдгийг эхлээд түмэн олноосоо асууя.

-Танд улс төрийн намууд нэлээдгүй санал тавьж байгаа гэсэн. Үнэн үү?

-Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байх даа ЖДҮХС-гаас зээл авсангүй, офшор данс нээсэнгүй, хулгай дээрэм хийсэнгүй, буруу зүйл хийж, эв эеийг алдагдуулсангүй. Эсрэгээрээ хагаралдаад байвал монголчууд өөрсдөө хохирох тухай, үндэсний ёс заншлаа дээдлэх, өв уламжлалаа хайрлан хамгаалах талаар ярьсан.

Миний энэ эерэг хандлага нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, сайшаагдсан учраас бүхий л улс төрийн намууд манай намыг сонгооч ээ гэдэг саналыг тавьсан. Нялуунаас шулуухан нь дээр. Миний Монголоо гэсэн үзэл бодлыг хүлээн зөвшөөрсөн нам байтугай чөтгөртэй ч би хамтарч чадна.

Жавхлан намд орохгүй ээ. Харин миний үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрсөн намыг Жавхланд оруулж болох юм.

-Өнгөрсөн дөрвөн жил дуу хоолойгоо хэр хүргэж чадсан бэ?

-УИХ-ын чуулганаар дандаа голыг нь олж, үнэнийг хэлж, төрийн бузар булхай зүйлсийг илчилж, идээ бээрийг нь задалж чадлаа. Миний амласан ганц амлалт бол түмэн олны сэтгэлийг чилээж буй бусармаг зүйлстэй тэмцэх юм.

Түүнчлэн Монголын түмэн олон монгол дээлээ өмсөж, ёс заншлаа дээдэлж, үнэн, зөв, шударга зүйлс Монголын тал нутагт дэлгэрээсэй гэдэг байр сууриндаа ганхалгүй зогссон. Түүнээс таалагдах гэж санаан зоргоор зам тавьж, байшин барьж өгнө гэж амлахгүй гэдгээ шударгаар хэлсэн.

Үүнийг манай тойргийн иргэд ч мэдэж байгаа. Үнэнийг хэлээд суух бол маш том хариуцлага. Үүнийг хэн ч яагаад хэлж чадаагүй байна вэ гэхээр “Намаа өмөөрөх үү, бүлэглэлээ бодох уу, өөрийгөө бодох уу, ирэх дөрвөн жилээ бодох уу, дарга юу гэх бол” гээд олон зүйлд тархи нь эргэлзэж байдаг учраас бусад гишүүдийн хувьд зовлон байдаг юм байна лээ.

Уг нь хэлэхийг хүсдэг л байх. Энэ нь надад мэдрэгддэг. 2016-2020 оны УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг шүүгээд үзвэл миний дайны арангад хүрч ирэх хүн ховор доо. Мэдээж, надаас илүү туршлагатай улстөрчид, надаас илүү бодлоготой, бодлогоо хэрэгжүүлж байгаа олон хүн бий. Бүгд муу гэж хэлэхгүй. Бас бүгд сайн гэж хэлж чадахгүй.

-Нийгмийн зөв залуурдах талаар та бишгүй ярьж ирсэн хүн. Таныхаар нийгмийг хэрхэн зөв залуурдах ёстой вэ?

-Залуурдах. Энэ үгний үндэс нь залуу гэж байгаа юм. Залуучууд идэвхэжмээр байна. Оюун санаагаа цэвэрлэж, соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Энэ улсын цусны бөөм нь чи өөрөө юм. Тиймээс чи өөрийгөө өөрчил. Өөрийгөө өөрчлөхгүйгээр бусдыг өөрчилнө гэж үгүй. Монгол чамаас л эхэлнэ.

Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш гэдэг. Үг чинь үнэн зөв бол үйлдэл чинь зөв болдог. Тэгэхээр хүн бүрийн тархи, сэтгэл зүрх зөв байвал бид нарын үйлдэл ч зөв байна. Монголын эд эс болгон ийнхүү сэрсэн цагт л Монгол Улс мандан бадарч, эвлэлдэн нэгдэнэ. Үүнийг багцлаад Монголчлол гэж нэрлэдэг.

-Хөдөлгөөн үүсгэн байгуулаад явъя гэсэн бодол танд байдаг уу?

-Тийм зүйлийг хүсдэг. Нэгдэх амархан ч нэгдээд цаашаа явах хэцүү. Оюун санааны нэгдэл гэдэг бутардаггүй. Харин ашиг сонирхлын нэгдэл сэвшээ салхины аяыг даалгүй тарчихдаг. Монгол дээрээ нэгдэж чадаагүй мөнгөн дээр нэгдсэн улсууд яаж нэгнийгээ барьж иддэгийг бид нар харж байна.

-Та тойрог дээр хэрхэн ажилласан бэ?

-Би зам барьж өгье гэж амлаагүй. Тэгсэн ч маш их хөдөлгөөнтэй байсан. 2018 онд Баянзүрх дүүргийнхээ сургуульгүй байсан X хороонд нийслэлийн 142 дугаар сургуулийг төсөвт суулгаж 942 хүүхэд гэртээ ойрхон сургуультай болсон. УИХ-ын гишүүний бүтэн жилийн төсөв бүгд орсон.

2019 онд дөрвөн цэцэрлэг, хоёр сургууль төсөвт мөн суулгасан. Энэ ажил 2020 онд мөн үргэлжлээд явж байна. Гачууртын Шар хоолойн 3.9 км замын ажил ирэх гуравдугаар сараас ажиллах эхлэх гэж байна. Энэ ажил хойшилсоор байгаа.

Учир нь зам барих компаниудын хооронд тендерээс болж хоорондоо маргаж шүүхдэлцэж ажил удааширсан. Нийт хороодын иргэдээс ирсэн хүсэлт, санаа бодлыг чадлын хэрээр сайн сонсож ажилдаа тусгаж ажилласан. Иргэдээс ирсэн олон хүсэлт өргөдлүүдэд зохих ёсны хариултуудыг өгсөн.

-Та саяхан төрийн дууллыг шинэчлэн дууллаа. Хүмүүсийн сэтгэл их хөдөлж, таныг буцаад уран бүтээлээ хийгээд яваасай гэж ярих юм билээ?

-Дуу гэдэг аялгуутай яриа. Бүх монгол хүн төрийн дууллаа цээжлээсэй гэж бодож дуулсан. Соён гэгээрүүлэх ажилдаа ч шантралгүй зүтгэнэ. Би ЖДҮ авч, офшор данс нээж төрөөс мөнгө идсэн үйлдэл гаргасангүй. Надаас буруу зөрүү зүйл хайгаад гутааж харлуулах гээд олдохгүй болохоор ганц олсон алдаа нь тэр юм байна.

Миний ганцхан муу алдаа нь сайхан дуулдаг юм байна. Дуу бол ерөөлийн тарни. Хэдий тайзан дээр дуулахгүй байгаа ч төрийн ордонд дуу хоолойгоо хүргээд л явж байна. Буцаад уран бүтээлээ хийгээд явах хүсэл байлгүй яах вэ. Гэхдээ дуугаа дуулаад явж байх хооронд минь бүх газар, шороог маань зарчих гээд байна шүү дээ. Тэгэхээр миний дуу хоолой худлаа болох гээд байна.

-Таныг өнгөрсөн шинэ жилээр ирээд дуу дуулаад өгөөч гэсэн саналыг хүмүүс тавьсан уу?

-Тийм санал ирсэн. Нуугаад яах вэ.

-Та энэ дөрвөн жилийн хугацаанд ямар хууль батлуулав?

-Монгол Улсын сонгуулийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалт бүхий хуулийг санаачилсан. Энэ хууль маань сонгуулийн тухай хуульд өгүүлбэр төдий утга санаа нь гажуудаж орсон.

Гол үзэл санаа нь бол офшор данстай, ЖДҮ-гээс зээл авсан Монголын төрийн хөрөнгийг шамшигдуулсан луйварт орооцолдсон гэх хүмүүсийг их хуралд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт бүхий хууль юм. Харамсалтай нь 100 хувь биеллээ олсонгүй. Монголд 650 гаруй салбар хуулиуд байна. Хуулиараа бол бид баян. Энэ их хууль байгаад амьдрал сайхан болсон нь хаана байна. Ёс заншил дотор хамгийн том бичигдээгүй хуулиуд бий.

-Бие даагч гишүүн учраас УИХ-д ганцаардах үе бишгүй л байх…

-Нэг талдаа маш их хаасан, хашсан зүйл байдаг. Ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн дуу хоолойгоо хүргэж чадсан. Үнэн ганцаддаггүй. Энэ их хэрүүлээ больж, эвлэрэлдэн нэгдэх он цаг ирсэн. Энэ ам цагаан хулгана жилд Монголын төр цэгцрээсэй. Иргэд зөв сонголтоо хийгээсэй. Ийм л зүйлийг амин зүрхнээсээ хүсэж явна даа.

-Та шинэ намтай холбоотой байгаа юу?

-Шударга иргэдийн нэгдсэн эвслийг би дэмжиж гурав, дөрвөн аймгаар явсан. Надад ШИНЭ нам санал тавьж, үзэл баримтлалаа явуулсан. Үзэл баримтлалтай нь танилцаж байгаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Ингээд парламент 74 гишүүнтэй боллоо. Энд таны байр суурь ямар байгаа вэ?

-Н.Номтойбаяр гишүүн эдгээр асуудлуудаа шалгуулсан нь дээр шүү дээ. Өөрөө ч тийм бодолтой байх шиг байсан.

-Энэ удаагийн парламентад янз бүрийн асуудалд холбогдсон олон гишүүн байлаа шүү дээ. Тэдгээр хүмүүсээ эрх баригч нам аваад л үлддэг шүү дээ…

-Буруу зүйл хийсэн бол явах л ёстой. УИХ-ын танхим эрхэлж байдаг газар биш. ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудал алга болчихлоо. Үүнийг ч гэсэн яримаар байна.

-Сонгуулийн тухай хуулийг УИХ баталсан. Сонгуулийг томсгосон тойргоор явуулахыг та дэмжиж байгаа юу?

-Тойрог томроод ирнэ гэдэг маань улс орноо бодсон Монгол гэдэг нэгдсэн том бодлого руугаа зангидахад сайн талтай гэдэг үүднээс арай дээрдсэн болов уу гэж найдаж байна.

-Коронавирусийн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Эзэн Чингис хаан өөрсдийн хийснийг ид, өөрсдийн хийснийг өмс. Эс тэгвээс бусдын идэж болно гэж сургасан байдаг.

Гэтэл титэм гэдэг ганцхан вирусээс болж яаж бужигнаж байгаагаа бид харах хэрэгтэй.

Амны хаалтаа хийж чадахгүй хэмжээнд бид ирчихээд байна. Намайг долоон настай сургуульд ороход хүүхэд болгоноор амны хаалт оёулж байсан. Үүнийг чинь хүн л хийж байгаа шүү дээ.

Гаднаас юм хайгаад гуйланчлаад яваад байх шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. Сая хүмүүс гурил аваад хөдөө гэр рүүгээ явж байна гэж байна. 2012 он ч гэсэн гэр рүүгээ л явж байсан. Болж бүтээд ирэхээр Монголоо үгүйсгэдэг. Болохоо байгаад ирэхээр Монголоо гэдэг. Эцсийн дүнд Монгол л биднийг аварна.

-Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталсан. Үйл явц нь хэр зөв явсан бэ?

-Сонгуульд ялалт байгуулаад Засгийн эрх авсан тэр үеэс л энэ асуудлыг ярьж эхлэх байсан юм. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явцдаа тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг саналыг гаргасан бол ахмадууд бахархаж, баярлаж хүлээж авах байсан.

Гэтэл сонгуулийн жил эхлэв үү, үгүй юү нэг л сэрж боссон хүмүүс хайр зарлаад эхэллээ. Энэ бол тогтолцооны гажиг.

Та нарын зээлийг тэглэлээ одоо биднийг сонгооч ээ гээд ийм л том сонгуулийн сурталчилгааг төрийн дээд албан тушаалыг аваад сонгуулийн хуулийг уландаа гишгэж сонгуулийн сурталчилгаа хийж болдгийг бид харж байна. 2021 оны тавдугаар сард зээлгүй ахмадууд мөнгө олгохоор болсон.

Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас дэвшсэн хүнийг дэмжээрэй гэж байгаа нэг талын авлигал. Таалагдах гэсэн арга. Үнэхээр хайртай бол сонгуульд гарсныхаа дараа ярьж эхлэх байсан. Тийм болохоор ахмадууд маань нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна.

Энэ шийдвэр бол зөвхөн намын шийдвэр биш төрөөс гаргаж байгаа шийдвэр гэдгийг ойлгоорой. Би их хурал дээр хэлсэн. Хүнд тусалж байгаа бол чимээгүй туслаад явах шиг сайхан юм байдаггүй юм.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг эхлүүллээ

2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодод коронавирусын халдвараас сэргийлэх, хяналт, тандалтын арга хэмжээ зохион байгуулах НОБГ, НМХГ, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, НЭМГ-ын хамтарсан хяналтын цэг ажиллаж эхэллээ.

Энэ нь Нийслэлийн Засаг даргын “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслүүдийн халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд халдвараас сэргийлэх мэдээллийг өгөх, тандалт хяналт хийх зорилготой юм.

Монгол Улсад одоогоор халдварын тохиолдол бүртгэгдээгүй боловч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж иргэдээс асуумж авах ба зарим тохиолдолд үзлэг хийнэ. Иймээс нийслэл хот руу нэвтэрч буй зорчигчид энэ үйл ажиллагаанд хүлээцтэй хандаж, асуумжид үнэн зөв хариулах нь халдвар, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой тул дэмжин ажиллахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийд хордож гурван настай хүүхэд нас баржээ

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрөгч баасан гарагийн /2020.02.07/ 21.58 минутад иргэнээс угаарын хийд хордсон гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход гурван настай эмэгтэй хүүхэд нас барсан. Зургаан настай хүүхэд угаартсан байдалтай байсан тул сэхээн амьдруулах тасагт шилжүүлж эцэг эхийг хордлогын төвд хүргүүлсэн. Эдгээр иргэний биеийн байдал тогтворжсон. Шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулахад уг айл шахмал түлшийг их хэмжээгээр зууханд хийсэн, яндангийн сойлтыг хаасан, үнс их хэмжээгээр дүүрсэн байсныг тогтоон ажилласан. Улмаар угаарын хийн хордлогоор хүүхэд нас барсан гэдэг нь тогтоогдсон” гэлээ.

Иймд угаарын хийн мэдрэгч дуугармагц агаар сэлгэлтийг нэн даруй хийх болон мэргэжлийн байгууллагад дуудлага өгөхийг иргэдэд анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ

2020 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын/ЭЕШ/ цахим бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэллээ.

Бүртгэл 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэх холбоос: eyesh.eec.mn

Энэхүү шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх болно.

Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хийнэ.

Шалгалтын бүртгэл 2020-04-15 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.

\

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Брэд Питт туслах дүрийн шилдэг жүжигчнээр Оскарын шагнал хүртлээ

Холливүүдийн алдарт жүжигчин Брэд Питт найруулагч Квентин Тарантиногийн бүтээл болох “Once Upon a Time in Hollywood” киногоороо “Туслах дүрийн шилдэг жүжигчин” шагнал хүртлээ.

Энэ нь түүний жүжигчний хувиар хүртэж буй анхны Оскар бөгөөд өмнө нь “12 Years a Slave” киногоороо шилдэг продюсерийн шагнал хүртэж байжээ.

Энэхүү төрөлд:

  • Том Хэнкс (“A Beautiful Day in the Neighborhood “)
  • Аль Пачино (“The Irishman”)
  • Жо Пеши (“The Irishman”)
  • Энтони Хопкинс (“The Two Popes”) зэрэг алдартнууд нэр дэвшсэн юм.
  • АНУ-ын Лос-Анжелес хотын хотноо зохион байгуулж буй Оскарын наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилж байна.

Уг наадмын “Шилдэг эх зохиол” шагналын төрөлд Өмнөд Солонгосын найруулагч Пон Жуны “Шимэгч” УСК шагнал хүртжээ.

Энэхүү төрөлд:

  • 1917 (Sam Mendes & Krysty Wilson-Cairns)
  • Knives Out (Rian Johnson)
  • Marriage Story (Noah Baumbach)
  • Once Upon a Time in Hollywood (Quentin Tarantino)
  • Parasite (Bong Joon Ho & Jin Won Han) кинонууд тус тус өрсөлдаж, “Parasite” шагналын үзэн болсноор Өмнөд Солонгосоос Оскарын шагналыг анх удаа хүртээд байна.
Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд резинен чихэрт хахаж нас баржээ

Архангай аймгийн Өлзийт суманд хоёрдугаар сарын 7-ны өдрийн 07.30 цагт гэртээ чихэр идэж байсан ой найман сартай хүүхэд хахаж нас барсан хэрэг гарлаа. Хэргийн газарт очиж шалгахад, ой найман сартай Э нь гаднаа харагдах ил гэмтэл шархгүйгээр нас барсан байдалтай байжээ.

Урьдчилсан байдлаар, гэртээ байсан хүүхэд резинен чихэр идэж байгаад хоолойд нь тээглэж, улмаар хахаж нас барсан гэх дүгнэлтэд хүрсэн байна. хэргийг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг бага насны хүүхдийг байнгын хараа хяналтад байлгах, хүүхдэд аюул учруулж болохуйц ахуйн хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүүний таг ба Чингис хааны хуруу

-СҮҮТЭЙ ФЕЛЬЕТОН-

Цагаан сарын босгон дээр монгол наадам нэгээр нэмэгдэв. Энэ бол сүү онгойлгох наадгай. Манай Сүү ХХК “Нээж чадвал, ууж чадна” гэдэг философитой, таглааны оромтой бүтээгдэхүүн шинээр гаргаснаас эхтэй ажгуу.

Шинэ наадгайг ингэж тоглоно. Хөвүүд охид хоёр тал болоод, Сүү ХХК-ийн тетрапакю савлагаатай сүүг уралдан онгойлгоно. Мэс хэрэглэлгүй, бас аль болох цөөхөн хумсаа хугалж, бусдаасаа олонгүй хуруу булгалсан тал нь хождог дүрэмтэй.

Ер нь бол Чингис хаан багадаа, хувинтай хөлдүү сүүг хуруугаараа цоо цохин сордог байснаас үүдэн Сүү ХХК-ийн таглаа ийм болсон домогтой бөлгөө. “Монголын нууц товчоо”-нд “Монгол хүнийг хурууны бядтай байг гэж монгол сүүнийхээ тагийг чанга хийдэг ” гэснээс харахад эртний уламжлал байсан байх гээд байна.

Таглааны мөрөөр, түүх археологийн олдворууд ч нэмэгдсээр. Шинэхэн сурвалжид өгүүлснээр, Алангуа эх таван хүүхдийнхээ өмнө нэг таглаатай сүү тавиад амархан онгойлгуулжээ. Дараа нь таван таглаатай нэг сүү өгч үйлийг нь үзээд “Та нар нэг таглаатай бол ийм амархан нээгдэнэ. Харин таван тагтай сүү мэт явбал хэнд ч уулгахгүй” хэмээн сургасан гэх.

Малчин ардууд шинэ хүргэнээ сээр хуга цохиулан тэнсдэг байсныг бид мэднэ. Харин өнөөгийн Улаанбаатарчууд охинтойгоо болзож байгаа хөвүүнийг “Алив хүүхээ. Охинтой минь суух санаатай юм бол энэ сүүг онгойлгоодох” гэх болж. Энэ бүхнээс үүдэн залуу хөвүүдэд зориулсан төмөр хуруувч хүртэл бүтээгээд, интернэтээр зараад эхэлж.

Маникюр, педикюрийн газарт байнга сүү онгойлгодог эзэгтэй нарт зориулсан “жадан” болон “хөрөөн” заслын моод гаргаад удаагүй байнам. Хэрвээ эрчүүд хүсвэл хумсыг нь пиво онгойлгогчтой болгож ч болно гэнэ.

Дарвисан хөвүүд “Эр хүн юугаараа ч юуг ч цоолно” гэсэн фэйсбүүк групп нээгээд хамраараа, тохойгоороо, хөлөөрөө сүүний таглаа онгойлгон “лайв”-даж байна. Ингэдэг насыг яалтай ч билээ.

Өгүүлэн буй “Нээж чадвал ууж чадна” сүү айл өрх бүрт аз жаргал нэмлээ. Эхлээд, сүүгээ онгойлгож хүчрэхээ байсан эзэгтэй нөхрөө дуудна. Нөхөр нь үзэж байсан зурагтаа орхин “Ишш, иймхэн юмыг чадахгүй. Намайг эзгүйд хэцүүдэх айл шүү” гэж даналзсаар ирэх боловч бас л хүчрэхгүй. Гэвч ичсэндээ болоод хэнийг ч дуудахгүй.

Харин эхнэр энэ завшааныг ашиглан “Эцэг шиг юмандаа туслаач” гэж утсаа ухаж суусан хүүхдүүдээ бахтайгаар урина. Ийнхүү бүтэн гэр бүлээрээ нэг өрөөнд цугларч “Пээх, Аавын үс бууралтаад эхэлчихэж”, “Чи чинь энэ жил хэддүгээр ангид сурч байгаа билээ”, “OMG! Ээж тэтгэвэрт гарчихсан юм байна шдээ” гэлцэн амьд яриа өрнүүлэх болжээ. Улмаар, нэг хэсэгтээ л хуруу эмзэглэх тул зурагтын гар, утасны дэлгэц маажиж чадахаа болиод бие биетэйгээ л ярилцаж, гэр бүлийн амьд харилцаа сэргэн сэргэсээр. Эндээс үүдэн “Чөмөгнөөс хутгаа, тагнаас хуруугаа” гэсэн зүйр үг ч гарсан байна. Хүмүүс сүүний таглаа нээх гэсэн биш гэр бүлээ нээж байна, Сүү ХХК-даа баярлалаа гээрэй.

Спорт урлагийн салбар салбарт ч сүү онгойлгох үзүүлбэр нэвтэрч байна.Биатлоны тамирчид байныхаа оронд монгол сүү тавиад бууддаг болсон гэнэ. Хамгийн гол нь сүүгээ цоо буудаад, гожгодохоос нь өмнө амжиж сорчихоод, цааш уралдах учиртай ажгуу.

Цагдаагийн тусгай албанд шинээр элсэгчдийн шалгалтанд сүүг нэг хуруу ашиглан онгойлгох чадвар оржээ. Тагнуулын албаны дотоод дүрмийн “К” хэсэгт “Албаны нууцыг хадгалахын тулд, Амаа сүүний таглаа мэт үл нээх” хэмээн бичигдсэн байдааг гэж тэндээс халагдсан хүн ярьж байхыг сонсов.

Яруу найрагт “Сүү нээдэг сүмбэн хуруунд чинь, Сүнс хоргодоод танайд үлдлээ.Таглаа нээдэг тачаангуй хуруунд чинь, Тамир барагдаад танайд хонолоо…” гэсэн мөрүүд аль хэдийнэ ороод ирж. Зарим хийдэд “Тагны даллага” авч байхад, йога бясалгагчид түрүүчээсээ “Сүү ХХК-ийн савлагааг харцаараа онгойлгох зэргэмж” гэдэгт хүрээд эхэлчихсэн байх жишээний.

Сайны хажуугаар саар гэгчээр, үнээгээ саахын оронд дэлэнг нь хуруугаараа онгойлгох гэж оролдсон, амаржсан эхнэрийнхээ хөхийг нь онгойлгоно гээд “штоопор” барьчихсан зогсож байсан явдал ч дуулдаж байна.

Сүүний шинэ таглаа бол үндэсний үйлдвэрлэгч нараас бидэндээ барьсан “их сорилго” яах аргагүй мөн бөгөөд ард түмний шинэ шинэ боломжуудыг нээж байнам. Угаасаа ч Чингис хаан маань “Сүүг саах амархан, уух хэцүү” гэж сургасан гэх.

Төгсгөлд нь биднийгээ умдаалж, бас хөгжөөж байгаа Сүү компанидаа амжилт хүсье. Та нар маань “Жаран жил монгол айлын цайг сүлсэн” нь үнэн билээ л. Бас уншигч олноосоо монгол сүүгээ хэрэглэхийг уриалж байна. Учир нь, Дорно дахинд “Сүү байхад хуруу олдоно” хэмээн сургасаар ирсэн хэмээнэ.

2020.02.05