Categories
мэдээ нийгэм

Автомашинаа камерын хяналттай авто зогсоолд байрлуулахыг зөвлөж байна

Автомашины дугуй хулгайлж, обудыг нь салгаж худалдан борлуулдаг байсан этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараагийн үйлдлээр автомашины дугуй хулгайлж иргэдийг хохироосон 28 настай М гэгчийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар М гэгч нь 10 гаруй автомашины 21 орчим дугуйг хулгайлсан болох нь тогтоогджээ.

Иймд иргэд автомашинаа камерын хяналттай, зориулалтын авто зогсоолд байрлуулах, автомашиндаа дохиолол суулгуулах зэргээр өөрөөс шалтгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт баар, караокенуудыг ирэх сарын 2 хүртэл хаах шийдвэр гаргалаа

Хөвсгөл аймагт шинэ корона вирусын сэжигтэй тохиолдол илэрч, тухайн иргэнийг Халдвартын эмнэлэгт тусгаарлаад байгаа билээ. Шинжилгээний хариу маргааш буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр гарна. Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 2020 оны дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

1. Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийхэд Эрсдэлийн түвшин “Өндөр” үнэлэгдсэн тул идэвхжлийн горимд шилжин ажиллах

2. Аймаг сумдад Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ыг хүртэлх хугацаанд түр зогсоох

3. Аймгийн төвд коронавирусийн сэжигтэй тохиолдол 1 бүртгэгдэж тусгаарлагдсан тул Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 2020 оны 02 дугаар сарын 13-ыг хүртэлх 2 хоногийн хугацаанд түр зогсоох энэ хугацаанд объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх, хог хаягдлаа цэвэрлэх, ил задгай хаяхгүй байх, хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байх

4. Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй “Шуурхай штаб”-ыг 24 цагаар гаргаж, холбогдох албадын дарга гишүүдэд үүрэг чиглэл өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээлэл өгч ажиллах, эрсдэлийн түвшин нэмэгдэх үед хүний нөөцтэй байх, шинэчилсэн төлөвлөгөө боловсруулж ажиллах, сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлыг илрүүлж, хүн тээвэрлэж байгаа жолооч нар болон Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Цагаан хаданд ажиллаж байгаа болон ажиллаж байгаад ирсэн жолооч нарын нарийвчилсан судалгааг гаргах, холбогдох айлуудын орчимд хяналтын пост ажиллуулах, Аймгийн Онцгой комиссын даргын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг бүх байгууллагуудын дарга нарт тус тус үүрэг болголоо.


Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ сарын 15-ныг хүртэл бүртгэнэ

Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдээд байна.

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн байдлаар 39587 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлээд байна. Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Үндсэн хуулийн цэц, Архивын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Соёл урлагийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Архангай, Дундговь аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна. Улсын хэмжээнд явц байдал 94.5 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтны 179 нь мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн. Тэдгээрийн 39 нь УИХ, Засгийн газрын гишүүн, 10 нь Төрийн нарийн бичгийн дарга, 20 нь агентлагийн дарга, 35 нь Элчин сайд, консул, 75 нь бусад албан тушаалтан байна.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба гаригт ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

АН: Сонгуулийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн талаар огтхон ч дурдаагүй яриа хэлэлцээр хийгээгүй

Image result for ардчилсан нам

АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчлахдаа сонгуульд зориулж хандив авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарах болсон. Тиймээс уг асуудлаар АН-ын удирдлагууд тайлбар өглөө. Мөн уг асуудалтай холбоотой мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “АН болон Хятадын Коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болон тус хорооны олон улсын харилцааны газрын дарга албаны бусад хүмүүстэй уулзаж улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон. Хятадын Коммунист намын зүгээс дэлхийн улс төрийн намуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг бөгөөд дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн.Энэхүү зарчмынхаа хүрээнд Монгол Улсын улс төрийн хүчнүүд, улс төрийн намуудтай адил түвшинд харилцан хамтран ажиллаж УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчдийг солилцох хөтөлбөрийг олон жил хэрэгжүүлж ирсний нэг жишээ нь АН-ын төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал юм.

УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагах, АН-ын гадаад харилцаа бусад улс орны улс төрийн намуудтай хийж буй хамтын ажиллагаанд сэв сууж болзошгүй гүтгэлийн чанартай мэдээг зарим намын удирдлагууд мөн нэр хаяг тодорхой бус хаягуудаас тарааж байгааг АН-ын гишүүд, дэмжигчид эрс буруушаан эсэргүүцэж байна. АН-ын зүгээс бусад улс орон тэр дундаа Хятадын Коммунист намтай сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг намуудын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар аливаа уулзалт яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн талаар огтхон ч дурдаагүй яриа хэлэлцээр хийгээгүй цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огтоос үгүйг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Ятгах тусам нягтал” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Ятгах тусам нягтал” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд Монгол банк, Монголын банкуудын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах ажил, арга хэмжээг зохион байгуулсан юм. Үүнд:

Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө, үүрэг ажлын чиглэлийг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар батлуулж, алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэнд 7 хоног тутам хяналт тавьсан.

Улаанбаатар хотын 4 чиглэлийн төв зам дагуу самбар, “JCDесаих” ХХК-ийн 28 автобусны буудал, “ССТS” ХХК-ийн зам дагуух 20 самбар нийт 52 самбарт мэдээлэл байршуулсан.

Хүн, автомашин олноор зорчдог газарт байрлах LED дэлгэц, Улаанбаатар хотод байрлах нийтийн орон сууцны цахилгаан шатны дэлгэц, цахилгаан бараа худалдаалдаг дэлгүүрүүдийн дэлгэц болон үйлчилгээний газруудын дэлгэцүүдээр видео байрлуулсан.

Залилах гэмт хэргийн үйлдлийн арга, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон 16 видео контент шинээр бүтээж нийтийн цахим сүлжээ болон 24 телевизээр түгээсэн.

Уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2 төрлийн зөвлөмжийг 6,775 ширхэг хэвлүүлж төв орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргүүлсэнийг олшруулан олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэл, түгээлт, такси үйлчилгээ үзүүлдэг автомашинд наах ажил явагдсан.

Иргэдийн өдөр тутамын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хаяг, шошгонд “Ятгах тусам Нягтал” залилагчид боломж бүү олго гэсэн үгийг хэвлэж, худалдаанд гаргасан.

Үүрэн холбооны оператор компанийн нийт 2,568,214 хэрэглэгч нарт “Ятгах тусам Нягтал” залилагчид боломж бүү олго гэсэн агуулгатай зорилтот мессеж хүргэсэн.

“Залилах гэмт хэрэг”, “Санхүүгийн луйвар” гэсэн 2 зорилтод нэвтрүүлгийг хийсэн юм.

Арга хэмжээний хугацаанд буюу энэ оны 01 дүгээр сард залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15,3 хувиар буюу 98 хэргээр буурсан. Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 17,1 хувиар буюу 92 хэргээр, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буюу 6 хэргээр тус тус буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашин зээлээр авах гэж буй хэн бүхэнд

Монголчууд бид сар шинийн баяраараа шинэ ондоо сайн сайхныг бэлгэшээж шинэхэн төмөр хүлэг авч, унахыг хүсдэг. Та ч мөн ирж буй “Хотол төгс” хэмээх хулгана жилдээ азтай, одтой, өнгөтэй байх эхлэлээ тавьж зээлээр шинэхэн машин авахаар шийдсэн бол Танд зориулан доорх зөвлөгөөг хүргэж байна.

Монголчууд автомашиныг шинэ эсвэл хуучин гэж ангилдаг. Шинэ машин гэдэг нь “0” гүйлттэй машиныг хэлдэг бол хуучин машин гэдэгт Монголд явж байгаагүй ихэнх машиныг хамруулдаг.

Нэн түрүүнд Та шийдвэр гаргахаасаа өмнө сонголтоо зөв хийх хэрэгтэй. Өөрийн хэрэгцээ шаардлагад ямар машин тохирохыг сайтар бодож сонголтоо оновчтой хийх нь чухал.

  • Моторын багтаамж,
  • Бензин зарцуулалт,
  • Машины ерөнхий хэмжээ,
  • Суудал болон хаалганы тоо

гэх мэтчилэн олон хүчин зүйлийг тооцон үзэх шаардлагатай. Мөн санхүүгийн боломжоо ч бас тооцох ёстойгоо мартаж болохгүй. Хот дотор гэр бүлийн хэрэгцээнд ашиглах автомашин шаардлагатай байгаа бол бензин бага зарцуулдаг, хөдөлгүүрийн багтаамж багатай, жижгэвтэр машин хамгийн тохиромжтой хэмээн зөвлөж байна. Эсрэгээрээ хөдөө орон нутаг руу ихээр явах шаардлагатай бол туулах чадвар өндөр, моторын багтаамж ихтэй, тэнхлэг өндөртэй машин авсан нь хамгийн оновчтой.

Хэрэв таны сонирхлыг татсан, эсвэл сонгосон машин байгаа бол зарж буй газруудаар явж, хаанаас авахаа шийдэх нь зүйтэй. Монголд автомашин зардаг хувь хүн болон албан байгууллагууд харьцангуй ихэссэн бөгөөд тус бүрнээ өөр өөр үнийн дүн, нөхцөлтэйгөөр худалдаалагдаж байдаг.

Үүний дараа Та банканд хандах нь зүйтэй бөгөөд зээлийн эдийн засагч, эсвэл зээлийн мэргэжилтэнтэй уулзах юм. Гэхдээ банкны зээлийн мэргэжилтэнтэй уулзахаасаа өмнө зээлийн хүү, урьдчилгаа төлбөр, бүрдүүлэх материал, зарласан хөнгөлөлт урамшуулал зэргийг нь урьдчилан мэдчихвэл цаг зав, мөнгө санхүүд тань ашигтай. Одоогийн байдлаар ХХБанк автомашины зээлд хамрагдсан бүх харилцагчийн даатгалын төлбөрийг өмнөөс тань төлөх урамшуулалт аян зарласан байгаа бөгөөд дэлгэрэнгүйг http://bit.ly/2UHRycH энэ хаягаар үзэхийг зөвлөж байна.

Дараа нь банкны зээлийн ажилтнаасаа ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатайг тайлбарлуулж авах эсвэл http://bit.ly/2SwIZ1J холбоосоор танилцсан ч болно. Бичиг баримтаа бүрдүүлээд банканд хандахад л Таны зээлийн хүсэлт түргэн шуурхай шийдвэрлэгдэн шинэхэн төмөр хүлгээ унахад бэлэн болно.

Хамгийн сүүлд нь хэлэхэд тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр хуулийн дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдах ёстой. Энэ нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг таны өмнөөс төлөх цаашлаад хохирогчийн эрхийг хамгаалах зорилготой чухал хэрэгцээтэй үйлчилгээ юм. Харин ХХБанкнаас автомашины зээлд хамрагдсан бүх харилцагчийнхаа даатгалын төлбөрийг 2-р сарын 29-ийг дуустал өмнөөс тань төлөх урамшуулалт аяныг зарлаад байгаа юм билээ.

Categories
мэдээ нийгэм

Бусдыг айлган сүрдүүлж, эд зүйлсийг нь дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлжээ

Нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-г үл таних гурван хүн айлган сүрдүүлж, эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Дээрх хэргийг 17 настай Б, 17 настай М, 16 настай Э нар нь бүлэглэн үйлдсэнийг энэ сарын 05-ны өдөр илрүүлэн, гэмт этгээдүүдийг саатуулан шалгаж байна. Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь энэ төрлийн долоон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ шөнө оройн цагаар ганц нэгээр нь явуулахгүй байх, харанхуй орц гудамжаар явахдаа сонор сэрэмжээ дээшлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

“Diamond Princess” хөлөг дээр корона вирусын халдвартай хүний тоо 65-аар өсч 135 болжээ

Японы Токио хотын ойролцоо хөл хорионд ороод буй “Diamond Princess” аяллын хөлөг онгоц дээрх ахин 65 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь өчигдөр /2020.02.10/ тогтоогджээ. Өмнө нь вирус илэрсэн 70 өвчтөнтэй нийлээд тус хөлөгт 135 хүн халдвартай болох болоод байна. Хятадаас өөр улсад коронавирусээр өвчилсөн хамгийн олон тохиолдол ийнхүү Японд бүртгэгдлээ.

Тус хөлөгт нийт 56 улсын 3711 хүн байгаагаас 2666 нь зорчигч, 1045 нь хөлгийн багийн гишүүд юм. Нийт зорчигчдын хагас нь 70 болон түүнээс дээш настай тул халдвар авах өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа аж. Онгоцыг ямартай ч хоёр долоо хоног буюу хоёрдугаар сарын 19-нийг хүртэл хөл хорионд байлгахаар болоод буй.

Зорчигчдыг өрөөнөөсөө ч гарахгүй байхыг шаардаж байгаа аж. Хөлөг дээр байгаа 60 настай эрэгтэй NHK-д ярихдаа “Мэдээлэл хомс байгаа. Хэзээ эндээс гарахаа мэдэхгүй байна. Маш их санаа зовж байна” гэсэн бол өөр нэгэн зорчигч “Нөхцөл байдал улам хэцүү болж байна. Хөлгийн багийн гишүүд өрөөнүүдийг цэвэрлэх боломжгүй болсон. Компьютер хэрэглэж ч болохгүй байгаа. Зөвлөгөөгөө зөвхөн англи хэл дээр өгдөг” хэмээн ярьжээ.

Анх уг хөлгөөр зорчоод Хонконгт буусан 80 настай иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн юм. Тиймээс уг онгоцыг Японы эрэгт ирэхэд нь хөл хорионд оруулсан билээ. Японы эрх баригчид шаардлагатай бол хөл хорионы дэглэмийн хугацааг сунгаж болзошгүйг анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

2020 оны нэгдүгээр сард аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн амиа алджээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ.

Үүний улмаас 14 хүн амь насаа алдаж, 123 толгой мал, амьтан хорогдож, 1.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна. Онцгой байдлын алба хаагчид 213 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн долоон тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

2020 оны нэгдүгээр сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн нас барсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 /1.7 хувь/-аар өссөн байна. Нийт нас барсан 14 хүний 12 буюу 86 хувь нь эрэгтэй бөгөөд үүний 11 буюу 92 хувь нь объектын гал түймэрт өртсөн байна.

Нас баралтын 93 хувийг объектын гал түймэр, 7 хувийг бичил уурхайн осол эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 63 хувь өсч бичил уурхайн осолд өртөж нас барсан хүн 4 дахин буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Шинэ коронавирусийн халдвараар 1017 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 43027-т хүрсэн бол 3998 хүн эдгэрчээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан.

Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өнөөдрийн байдлаар 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барлаа. Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ долоо хоногт эмнэлгийн халдвараас сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллагуудад танхимын сургалт зохион байгуулж байгаа. Энэ долоо хоногт 3,000 оношлуур нэмж ирнэ.