Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Сарангэрэл эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Дэлхийн банкнаас хүслээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шинэ Коронавирусийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний талаар болон хамтран хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн хэрэгжилтийн явцын талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ Коронавирусийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд эмнэлгийн ор дэлгэх түүнтэй холбоотойгоор шаардагдах эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх асуудал чухал байгааг онцолж энэ чиглэлд тодорхой дэмжлэг үзүүлэхийг Дэлхийн банкнаас хүсэв.

Уулзалтын явцад талууд энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд Суурин төлөөлөгч ноён Андрей Михнев Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд санхүүгийн дахин төлөвлөлт хийх замаар тодорхой тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой болохоо илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

“Барс-1” худалдааны төвийн үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээн, шалгалт явуулж байна

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс Импекс” ХХК-ийн “Барс-1” худалдааны төвийн үйл ажиллагаанд МХЕГ-ын даргын баталсан 01/13 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтаар Барс худалдааны төвийн хоолны газрын барилга байгууламж нь стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, хана таазны будаг шохой ховхорсон, таазнаас дусаал гоождог, механик агааржуулалтын тоног төхөөрөмжгүй, хоолны газруудын технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, хоолны газрын зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдаагүй, зориулалтын хөргөгч, хөлдөөгч хүрэлцээгүй, гурван дамжлагт угаалга стандартад нийцээгүй, хоол үйлдвэрлэлд батлагдсан жор технологийн карт мөрддөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Илэрсэн зөрчилд Зөрчлийн хэрэг нээн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд үйлдэгдсэн залилангийн гэмт хэрэг 17.1 хувиар буурчээ

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны хоёрдугаар сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд Монгол банк, Монголын банкуудын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах ажил, арга хэмжээг зохион байгуулсан юм. Үүнд:

  • Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө, үүрэг ажлын чиглэлийг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар батлуулж, алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэнд 7 хоног тутам хяналт тавьсан.
  • Улаанбаатар хотын 4 чиглэлийн төв зам дагуу самбар, “JCDесаuх” ХХК-ийн 28 автобусны буудал, “ССТS” ХХК-ийн зам дагуух 20 самбар нийт 52 самбарт мэдээлэл байршуулсан.
  • Хүн, автомашин олноор зорчдог газарт байрлах LED дэлгэц, Улаанбаатар хотод байрлах нийтийн орон сууцны цахилгаан шатны дэлгэц, цахилгаан бараа худалдаалдаг дэлгүүрүүдийн дэлгэц болон үйлчилгээний газруудын дэлгэцүүдээр видео байрлуулсан.
  • Залилах гэмт хэргийн үйлдлийн арга, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон 16 видео контент шинээр бүтээж нийтийн цахим сүлжээ болон 24 телевизээр түгээсэн.
  • Уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хоёр төрлийн зөвлөмжийг 6,775 ширхэг хэвлүүлж төв орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргүүлсэнийг олшруулан олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэл, түгээлт, такси үйлчилгээ үзүүлдэг автомашинд наах ажил явагдсан.
  • Иргэдийн өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хаяг, шошгонд “Ятгах тусам Нягтал” залилагчид боломж бүү олго гэсэн үгийг хэвлэж, худалдаанд гаргасан.
  • Үүрэн холбооны оператор компанийн нийт 2,568,214 хэрэглэгч нарт “Ятгах тусам Нягтал” залилагчид боломж бүү олго гэсэн агуулгатай зорилтот мессеж хүргэсэн.
  • “Залилах гэмт хэрэг”, “Санхүүгийн луйвар” гэсэн хоёр зорилтод нэвтрүүлгийг хийсэн юм.

Арга хэмжээний хугацаанд буюу энэ оны нэгдүгээр сард залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар буюу 98 хэргээр буурсан. Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 17.1 хувиар буюу 92 хэргээр, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буюу 6 хэргээр тус тус буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүдийг томиллоо

Image result for шүүхийн ерөнхий зөвлөл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаар тогтоолоор М.Баясгалан, С.Болормаа, Л.Өлзийхүү, З.Сүхбаатар, Д.Тунгалаг нарыг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөллөө.

Мөн өдрийн 10 дугаар тогтоолоор Мянгаагийн Баясгалан, Доржнамжингийн Доржсүрэн, Цэнд-Аюушийн Ичинхорлоо, Дагвадоржийн Тунгалаг, Бадарчийн Энх-Эрдэнэ нарыг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр гурван жилийн хугацаагаар тус тус томиллоо.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан автобусыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл туршилтаар үйлчилгээнд гаргана

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна. Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн найман цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж байгаа бөгөөд уг автобус нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж.

Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэгийг байгуулсан байна. Цаашид цахилгаан автобусыг цэнэглэх байршлуудыг нэмэхээр судалгаа гаргаж байгаа бөгөөд үйлдвэрлэгч компанийн зүгээс цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгсөн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатар хэллээ. Тэрбээр “Уг цахилгаан автобусуудыг ирэх сар хүртэл туршина. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникчид эдгээр цахилгаан автобусыг туршилтанд тэнцэж байгаа талаар мэдэгдсэн. 100 хувь цахилгаанаар хангадаг учраас олон давуу талууд ажиглагдаж байна” хэмээлээ.

Туршилтаар явж байгаа энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай, баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 12 м урттай 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай аж. Түүнчлэн автобусны цонхнууд нь хоёр давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа найман халаагууртай, хяналтын таван камертай, зориулалтын гэрэлт самбар зэргийг байршуулж зорчигчийн тав тухыг бүрэн хангажээ.

Уг цахилгаан автобусуудыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Урт цагаан”-ы үйл ажиллагааг нь зогсоох болно гэв

Image result for Урт цагаан

Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус газрын дарга Ш.Үнэнбат, “Урт цагаан” нь 1958 оноос хойш засвар хийлгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Уг обьектын үйл ажиллагааг нь зогсоох нийслэлийн Мэргэжлийн хяналтын удаа дараагийн дүгнэлт гарсан. Түүнчлэн барилга нь галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог. Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй уг барилгын үйл ажиллагааг нь зогсоох болно” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БОН ЖОН ХО: НОВШ ГЭЖ ЮУ БОЛООД БАЙНА АА…

“Parasite”-ийн найруулагч Бон Жон Хогийн нийгмийн давхарга хоорондын тулаанаас олж харсан урлаг


Өчигдөр кино сонирхогчдын өдөр байлаа. Хоэкин Фениксийг шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авна гэж дэлхий нийтээрээ хүлээж байсан, биеллээ. Брэд Питт 56 насандаа жүжигчний хувиар анх удаа Оскар хүртэж, Өмнөд Солонгосчуудын хийсэн “Parasite” уран сайхны кино мөн л анх удаа дэлхийн кино урлагийг цойлон гарч ирлээ. Хэдийгээр бидний гараг өнөөдөр үхлийн аюулт өвчин, гамшиг зовлонгоор амьсгалж байгаа ч хүмүүс урлаг, уран сайхнаас хэзээ ч татгалзаж чадахгүй нь гэдгийг өнөөдрийн Оскарын шагнал гардуулах ёслол баталж харууллаа шүү дээ. Харамсах зүйлгүй Оскар болж өндөрлөсөн гэж би хувьдаа дүгнэж байна. Бас сэтгэл хангалуун байна, Бон Жон Хо найруулагчийн өмнөөс, Брэд Питтийн өмнөөс сэтгэл хангалуун байна.

Дөрвөн “Оскар” хүртсэн “Parasite”уран сайхны кино нь Бон Жон Хо найруулагчийн долоо дахь уран бүтээл бөгөөд хамгийн шилдэг гэдэг нь ч ийнхүү батлагдлаа. 2013 онд “Цас ханзлагч”, 2017 онд “Okja”кинонууд нь кино шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авч байсан билээ. Мөн 2006 онд “The Host”, 2009 онд “Ээж” кинонуудаараа тус тус шуугиан тарьж байв. “Parasite”буюу “Шимэгч”нь баян, ядуу хоёр гэр бүлийн харьцуулшгүй ялгааг өгүүлэх агаад хүнд триллер жанрыг ёгт егөөдөл, бараан наргианаар (dark comedy) хулдан ороосон, сэтгэхүйн бүтээл юм. Найруулагч Бон Жон Хо “Parasite”киноныхоо санааг нэлээд олон жилийн өмнө бодоод олчихсон байж. Санаагаа улам улмаар баяжуулан дотроо найруулж явсаар бүрэн боловсорсон гэж дүгнэснийхээ эцэст кино зохиолдоо оржээ. “Энэ сэдэв хэзээ миний санаанд ороод ирчихсэн юм бүү мэд. Гэхдээ яг л шимэгч хорхой шиг миний дотор байж, томорсоор л байсан шүү” гэж хошигнож байсан удаатай. Мөн коллежид байхдаа англи хэлний гэрийн багш хийдэг байснаа дурсаад энэ үед багшаар ажилладаг байсан тэр баян айлаа өөрөө тагнаад байгаа ч юм шиг сэтгэгдэл төрдөг байсан, их зугаатай бас хачин санагддаг байлаа гэжээ.

2019 оны 10 дугаар сард Лос Анжелосын хэвлэлд өгсөн ярилцлагыг нь орчуулан хүргэж байна. Хэрэв та уг киног үзэж амжаагүй байгаа бол спойлердуулах магадлалтай гэдгийг дуулгая.

“Parasite”кино “Snowpiercerболон “Okja” кинонуудтай сэдвийн хувьд төстэй санагдсан. Гэхдээ та энэ хоёр киногоо англи хэл дээр бүтээсэн шүү дээ. Гэтэл “Parasite”-ийг яагаад солонгос хэл дээр гаргасан юм бэ?

Зүгээр л цаанаасаа, жамаараа л ийм зүйл болчихсон юм. Би Сөүлд амьдарч байхдаа эргэн тойрныхоо хүмүүсээс, хөршүүдээсээ өдөр тутмын амьдралынх нь түүхийг сонсохыг хүсдэг байлаа. Эндээс л энэ санаа анх урган гарсан. Хүрээлэн буй бодит юмсыг илүү гүнзгийрүүлж судлахыг би хүсдэг. Яг л маш жижигхэн хэрнээ бүүр цаана байгаад байгаа зүйлийг микроскофоор харж байгаа аятай. “Ээж” болон “Аллагын түүхүүд”шиг хэмжээтэй кино хийх гэсэн маань нутагтаа эргэж очсоноос ч илүү чухал үйл явдал байлаа. Яагаад гэвэл “Okja”, “Snowpiercer”кинонууд бол үнэхээр том төсөвтэй, нүсэр кинонууд байсан.

Та амьдралынхаа чухам аль үед нийгмийн анги давхаргын тухай ойлголттой болсон гэж өөрийгөө хэлэх вэ. Бас хэзээнээс өөрийн уран бүтээлдээ энэ сэдвийг тусгая гэж шийдсэн бэ?

Бүхий л бүтээгчид, уран бүтээлчид тэр ч бүү хэл бид цөмөөрөө л цаг ямагт энэ сэдвийг сонирхож байдаг гэж би боддог. Хэрвээ бид сонирхохгүй юм бол энэ бүгд ямар ч утга учиргүй зүйл байх байсан. Бид метро, гудамжинд танихгүй хүмүүсийг харахдаа тэдний хичнээн баян байгаад анхаарлаа хандуулахгүй байж чаддаггүй. Эсвэл онгоцны буудал дээр бизнес ангиллаар нисч буй хүмүүсийг харахдаа бас л баян чинээлгийг нь алмайран харж байдаг шүү дээ. Яагаад гэвэл бид капитализмын эрэн үед амьдарч байгаа учраас бүгд ижилхэн ийм суртахуунтай байгаа юм. Яг үнэндээ хүмүүс баян, хоосны ялгаанд дэндүү мэдрэмтгий ханддаг гэж би боддог шүү.

Америкийн кино найруулагч Жордан Пийлийн найруулсан “Бид”, Японы найруулагч Хироказү Кори Идагийн бүтээл “Дэлгүүрийн хулгайч нар” болон Солонгосын найруулагч Ли Чан Доны “Burning” кинонууд бүгд л баян, ядуугийн тухай өгүүлдэг. Сүүлийн хоёр жилд тэсрэлт хийсэн уран бүтээлүүд шүү дээ. Бидний хэдэн найруулагч нийгмийн давхаргын тухай хуралдахаар цугларцгаачихаад байгаа юм биш, байгалийн жамаараа л ийм зүйлс болоод байгаа юм.

parasite rich and poor-н зурган илэрц

Баян гэр бүлүүдэд мөнгөний үнэр авах олон л арга зам байдаг байх. Та энэ гэр бүлийн гоо зүйн асуудлыг кинондоо хэрхэн тусгасан бэ?

Энэ гэр бүлийнхэн өөрсдийгөө “Бид мөнгөтэй, тийм ч болохоор тансаг, дээд зэрэглэлийн хүмүүс” гэж харагдуулахыг хичээдэг. Тиймээс алдартай архитекторын барьсан байшинд амьдардаг. “Бид урлаг мэднэ. Урлагийн мэдрэмжтэй” гэж бусдад ойлгогдохыг хүсдэг. Тэд юм үзээгүй баячууд биш гэдгээ батлахыг цаг мөч тутамд хичээж байдаг хүмүүс. Гэхдээ тэдний туйлын хүсэл бол, ноён Пакийн кинон дээр хэлдэгчлэн, өөрсдийн энэ аятай тохьтой амьдралыг тойруулан хүрээ татчихаад үүндээ хэнийг ч ойртуулахгүй байх явдал юм. Тэд гаднах ертөнцийг, хонгил подвалиар амьдардаг үнэр танартай хүмүүсийн тухай сонсохыг ч хүсдэггүй. Энэ тойрог руугаа ойртсон хэнийг ч цааш түлхэн, өөрсдөө дотор нь аюулгүй байхыг л эрхэмлэгчид юм.

Үнэр бол энэ киноны маш чухал хүчин зүйл. Хамгийн эгзэгтэй хэсэг гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ та яагаад ийм шийдэл оруулсан гэдгээ тайлбарлах өөр шалтгаан байвал бидэнд хэлээч?

Ноён Пакийн гэр бүлийнхэн энэ баян айлд ирээд жолооч, гэрийн багш, гэрийн үйлчлэгч хийдэг. Баян эзэдтэйгээ маш ойрын зайнаас харьцаж, өөрсдийнхөө муухай үнэрийг үнэрлүүлж болох тийм онцлогтой ажлууд л даа. Энэ л өгүүлэмж нь уг түүхийн хамгийн төгс хэрэгсэл болж байгаа гэх үү дээ.

“The Host” кинон дээр улсын цолтой харваачийн дүр гардаг. Харин энэ кинон дээрх ядуу ээжийн дүр нь хуучин зээрэнцэг шидэлтийн аварга байсан. Эдгээр хөнгөн атлетикийн спортын юу нь таны сонирхлыг татдаг юм бэ. Тэр тусмаа энгийн ажилчин хүмүүсийн төлөөлөл болсон тамирчдаар дамжуулж юу хэлэхийг зорив?

“The Host”-ийн дүр болох эмэгтэй хүрэл медаль хүртдэг бол “Parasite” дээрх ээжийн дүр мөнгөн медалиа ханандаа өлгөсөн байдаг. Хэрэв “Parasite”- ийн эхнэр, нөхөр хоёр зодолдвол эхнэр нь төвөггүйхэн цохиод унагачих юм байна гэдгийг харуулахын тулд би ийм зураглал оруулсан юм. Нөхөр хэдийгээр өрхийн тэргүүн боловч нийгэмд эзлэх байр суурь болон эдийн засгийн хувьд чадамжгүй хүн. Тэр сэтгэл санаагаар ч тэр бие махбодиор ч ихээхэн сул дорой нэгэн. Энэ дүрийн арчаагүй байдлыг мэдрүүлэхийг зорьсон нь энэ л дээ.

Энэ баян гэр бүлийг амьдралд ингэж хөнгөн хандахад нь юу нөлөөлсөн гэж та бодож байна?

Юуны түрүүнд баян айлын ээж бол үнэхээр хөөрхөн бас гэнэн дүр юм. Гэхдээ би түүнийг хэзээ ч тэнэг, мулгуу гэж бодож байгаагүй л дээ. Тэр их ухаалаг. Магадгүй их сайн сурагч байсан байх. Тэр зүгээр л хүмүүст дэндүү амархан итгэчихдэг, яагаад гэвэл түүний амьдрал ийм мэтийн зүйл дээр туршлага хуримтлуулахуйц байгаагүй. Та мэдэх үү. Энэ эмэгтэй маш залуудаа баян айлын бэр болж, эцэг эхийнхээ ивээл дор амьдарч, хэзээ ч тэмцэх шаардлага гараагүй.Хүмүүст эргэлзэж эхлэхийн тулд танд ямар нэгэн муу зүйл тохиолдох ёстой гэж би бодож байна. Гэтэл түүний амьдралд хэзээ ч ийм юм болж байгаагүй.

parasite rich mom-н зурган илэрц

Та баян айлын гоо зүйн асуудал дээр онцгойлон анхаарсантайгаа адил ядуурлын бүтцийг ч гэсэн өвөрмөцөөр гаргаж тавьсан байсан. Энэ эсрэгцлийг амилуулахын тулд юун дээр анхаарсан бэ?

Зургийн баг маань энэ тал дээр үнэхээр их хичээж ажилласан. Ганц тэр ядуу айлын ноорхой байшингаар тогтохгүй хөрш айлуудынх нь байшинг ч бүгдийг барьж бүтээсэн. Ингэхдээ усны танкан дээр барьсан. Зургийн багийнхан маань дахин төлөвлөлтөд орсон, нураахаар завдаж буй хорооллуудаар явж, орхигдсон байшингуудаас хаалга, цонх, шал гэх зэрэг зүйлсийг ховхлон авч түүгээрээ эдгээр оромжуудаа босгосон. Энэ нь ядуу өрхүүдийн үнэн бодит төрх байсан юм.

parasite poor street-н зурган илэрц

Тийм ээ. Эгч нь ариун цэврийн өрөөнд суугаад тамхи татаж байхад суултуураас ус алдаж, дэлбэрдэг хэсгийг би мартаж чадахгүй байсан шүү?

Зөвхөн энэ хэсгийн л зургийг авах гэж тусгай эффектийн баг маань маш их ажилласан. Суултуур дэлбэрэхэд ус хэр хүчтэй цацагдахыг хүртэл бид судалж тооцоолж байж хийсэн.

Кинон дээр гардаг гоймонтой хоолны “ram-don” гэх нэршлийг таныг санаанаасаа зохиосон гэж сонсож байсан юм байна. Энэ үнэн хэрэгтээ яг ямар хоол вэ?

Энэ хоол нь хар буурцагтай болон халуун ногоо, далайн амттай гоймонгийн холимог юм л даа. Дундаж болон дунджаас доош давхаргынхны дунд алдартай хоол. Ер нь баячууд үнэтэй, органик хүнс хэрэглэдэг тул ийм зүйл идэхгүй. Гэхдээ хүүхдүүд энэ гоймонд маш дуртай байдаг. Хүүхэд баян байж болох ч хүүхэд хэвээрээ л байна шүү дээ. Амтлах мэдрэмж нь ижилхэн л байж таараа. Ээж нь гоймон дээрээ үхрийн гол мах тавиад өгчихөд л тэд баян хэвээрээ үлдэж байгаа юм. Яг үнэндээ бол ямар ч чинээлэг хүн үүнийг идэхгүй. Энэ зүгээр л миний төсөөллөөрөө хийсэн зүйл байсан юм. Солонгосын “jjapaguri” гэх энэ хоол нь хоёр брэндийн нийлмэл учраас орчуулагдахгүй.

Таны киноноос миний сонирхлыг хамгийн их татаж байсан зүйл бол ажилчин ангийн хүмүүсийн хооронд эв нэгдэл маш их дутагдаж байсан явдал. Та яагаад ийм сэдэв хөндөх болов?

Та маш чухал зүйлийг онцолж хэллээ. “Ээж” кинон дээр юухан хээхнээр дутагдаж гачигдах явдал нь эргээд хэрэгцээ шаардлагатайгаа тэмцэлдэж байдаг. Нөгөөтэйгүүр, “The Host” дээр бол тэд хоорондоо эв нэгдэлтэй байж, бие биенийгээ хамгаалан, хүчээ нэгтгэдэг. Таны хэлсэнчлэн “Parasite” бол “Ээж”-тэй тун төстэй, тэдний сул дорой байдал нь тарчиг амьдралтайгаа зөрчилдөн өөрсдийгөө зовооно. Маш харамсалтай боловч бодит байдал нь л энэ юм. Эндээс гунигтай болон хошин мэдрэмж аль алиныг нь авч болно.

Киноны чухал мөчид“in ginocchio da te,” дуу эгшиглэдэг. Маш эгзэгтэй дохио өгж байгаа юм шиг. Энэ дууны юу нь тийм онцлог гэж?

Аав маань маш олон итали LP пянзтай байсан. Тиймээс надад итали дуу танил санагддаг ч нэг ч дуу бүтнээр нь мэддэггүй байлаа. Танд итали үеэл бий юү?

Миний аав итали хүн л дээ.

Биднийг киногоо Каннд гаргаж эхлэхэд италичууд их баяртай хүлээж авсан. Яг тэр хамгийн чухал үзэгдэл дээр тэд бие биедээ заналхийлж байгаа нь харгис, хор хөнөөлтэй боловч Газар дундын тэнгисийн нарыг санагдуулсан энэхүү тайвшралын аяз нь энэ хэсэгт гайхалтай тохирох болов уу гэж би бодсон юм. Маш хэрцгий сцен үзэж байхад энэ эсрэгцэл нь сайхан санагдах болов уу гээд сонгосон.

Энэ дуу ихэвчлэн хайрын түүхэд хэрэглэгддэг. Би үүнийг YouTube-ээс сонсож байлаа. Дуучин Жиани Моранди залуу байхдаа романтик комеди жүжгийн үеэр дуулдаг юм. Моранди энэ дууг дуулаад амрагтайгаа уулзахаар гүйж байгаа хар цагаан бичлэг л дээ. Дууны нэр нь “Чиний өмнө өвдөг сөхрөхүй”. Киноны гол дүрүүд дуу эгшиглэж байх яг тэр мөчид өвдөг сөхөрдөг нь бүрэн давхцал юм.

“Palme d’Or”-ийг хүртэж байхад танд юу бодогдсон бэ?

Энэ үнэхээр галзуу явдал байсан л даа. Маш гэнэтийн зүйл болсон. Новш гэж, юу болоод байна аа гэж уулгалж байгаа юм шиг л. Гэхдээ дараа нь мэдээж өөрийн төлөвөө буцааж олж авна л даа. Үүнийг давахын тулд эндээс явах ёстой, цомоо бариад зургаа авахуулах ёстой. Зүгээр л болж байгаа зүйлд авт гэж бодно. Дараа нь үдэшлэг зохиож, ууж наргих болно. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд Канн бүхэлдээ нам гүм, Каннын нар өрөөнд минь мандах болно шүү дээ. Жинхэнэ сэтгэл хөдлөл энэ үед л эхэлнэ.

parasite “Palme d'Or”-н зурган илэрц

Эх сурвалж: GQ

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Японы ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн 3-р нарийн бичгийн дарга Мураками Мэй, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.

Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсыг сайн мэддэг, манай улсад чин сэтгэлээсээ элэгсэг дотно ханддаг, Японы шилдэг дипломатч Элчин сайдаар томилогдсонд баяртай буйгаа илэрхийлээд, цаашид Монгол, Японы стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг онцлон хэллээ. Тэрбээр “Хоёр улсын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, соёл зэрэг олон салбарт өргөжиж байна. Цаашид Улаанбаатар хотын засаглалыг хөгжүүлж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах бодолтой байна” гэв.

Элчин сайд Кобаяши Хироюки хотын Захирагчид түүнийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байна хэмээн хэллээ. Тэрбээр “Цаашид хоёр орны худалдаа, эдийн засгийг хөгжүүлж экспортыг дэмжиж ажиллах шаардлагатай байна. Тиймээс бизнес эрхлэгчдийг дэмжих харилцан үр ашигтай ажиллах бодолтой байна” хэмээлээ.

Уулзалтын үеэр хотын Захирагч Улаанбаатар хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй дурдаад цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд ноён Кобаяши Хироюкиг санал ирүүлж харилцан үр ашигтай хамтарч ажиллахаар ярилцлаа.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Тэрбээр, 1987-1989 он Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 3 дугаар нарийн бичгийн дарга, 2005-2008 онд ЭСЯ-ны Дэд тэргүүнээр тус тус томилогдон ажиллаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Экологийн цагдаагийн алба, байгаль орчны ТББ хамтарч ажиллана

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, “Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл” ТББ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хэлэхдээ, “Манай 2 байгууллага иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ингэж иргэдийн хандлагыг өөрчилж, зөв дадлыг төлөвшүүлэхэд байгаль орчны эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийн оролцоо тун чухал.

Бид байгаль орчинг сүйтгэж, ан амьтан хулгайгаар агнаж буй хууль бус үйлдэлтэй тэмцэж, зөрчлийг илрүүлэхээс гадна иргэд байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах үйлсэд нэгдэн ажиллах нь ирээдүйн төлөө хийж буй үйл ажиллагаа юм” гэдгийг онцлов.

МБОИЗ-ийн тэргүүн, БОАЖ-ын сайдын зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэ, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нь иргэн бүрийн журам үүрэг юм. Энэ үүргийг биелүүлэх, хариуцлагыг нийгмийн хүрээнд бүх шатанд бий болгох талаар Байгаль орчны хууль, цагдаагийн байгууллага болон ТББ-ын тухай хуульд заасан. Энэ хэрэгжилтийг хангах үүднээс мэргэжлийн, тэр дундаа төр, иргэний нийгмийн 2 байгууллага түншлэн ажиллахаар боллоо” гэв.

Эрдэмтэн судлаачдын оролцоотой цагдаагийн ажилтнуудыг сургаж дадлагжуулан, байгаль орчны хохирлыг тооцон хянах, нөхөн сэргээх, хамгаалах тал дээр арга зүйгээр ханган ажиллах юм.

Дээрх 2 байгууллага эрдэмтэн судлаачдын оролцоотой цагдаагийн ажилтнуудыг сургаж дадлагжуулан, байгаль орчны хохирлыг тооцон хянах, нөхөн сэргээх, хамгаалах тал дээр арга зүйгээр хангах юм. МБОИЗ-ийн дэргэдэх Шим мандлийн буюу ус, хөрс, агаар хариуцсан эрдэмтдийн зөвлөл, ажлын албаны судлаач, шинжээч, мэргэжилтнүүд ийнхүү цагдаагийн байгууллагатай хамтран байгаль орчны төлөө ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Угаар мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж болохгүйг санууллаа

Угаар мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж болохгүйг санууллаа

Сайжруулсан шахмал түлштэй холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 32 өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.

Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйн улмаас дуугарсан тохиолдолд унтраах, агаар сэлгэх арга хэмжээг авалгүй хордлогын шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж аюулгүй байдлаа бүрэн хангахыг албаныхан сануулсан юм. Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажил хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран автотээврийн товчоодод үзлэг шалгалт тогтмол явуулж байна. Өнгөрсөн өдрүүдэд 100 тонн түүхий нүүрсийг хураан авч Амгалан дулааны станцад хүлээлгэж өгч, зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авчээ.

Угаарын хий мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж, эсхүл хэрэглэх заавар зөвлөмжийг нь дагаж мөрдөөгүйн улмаас угаартах тохиолдол их байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаартаж амь насаа алдсан. Шалтгаан нь угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарсан байсан.Тиймээс иргэд мэдрэгч дуугарсан тохиолдолд заалт дахь тоог нь мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээд, агаар сэлгэлтийг хийж арга хэмжээг авах хэрэгтэй” гэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.