Монгол Улсын гавьяат багш, хүний их эмч, доктор, профессор Бодийн Дагданбазар гуайнд тухлан саатаж өнжлөө. Тэрбээр нар ээсэн өрөөндөө номоор хүрээлүүлж, бяцхан ширээнээ бичиж туурвих ажилтай сууж байхад нь зочилсон юм. Анагаах ухааны сэтгүүл, мөн шинээр хэвлүүлэхээр зэхэж буй номондоо зориулж зав маруухан суугаа нь энэ аж. Бидний яриа нутаг уснаас нь эхэлж, бага залуу нас, ижий, аавынх нь дурсамж хөвөрч, улмаар анагаах ухааны салбарт байгуулсан гавьяа зүтгэл, эрүүл мэндээ сахин хамгаалахад шаардлагатай зөвлөгөө мэдээлэл дээр ихээхэн тогтож ярьсан юм.
Б.Дагданбазар гуай өдөржин хүүрнэлдсэн ч залхахгүй шинжтэй. Бүх зүйлсийг он дараалалтай нь дурсан ярихыг хичээнэ. Сүүлдээ бидний яриа хальсаар зохиосон дуунуудаа сонсгох шинжтэй болоод явчихав. Тэрбээр аливаад тун нямбай ханддаг хүн аж. Ааваас нь өвлүүлж үлдээсэн ном, 1960-аад оны хэвлэмэл материалуудыг шинэ мэт хадгалан авч үлджээ. Тэрбээр Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат. Алагийн ам хэмээх газар төрж, өссөн байна. Түүний аав хүрээнд шавилан сууж байгаад хар хүн болсон. Бичиг үсэгтэй тул сумын агент хийх, мөн эмнэлгийн тогооч, барилгын ажилтан зэрэг олон алба хашиж байжээ. Харин ээж нь найман дүүтэй тул хар багаасаа ажил хөдөлмөрт махран зүтгэж сурсан. Бүр эмнэг хүртэл сургачихдаг байсан гэдэг. Б.Дагданбазар гуайг зургадугаар ангид байхад гэр бүл нь Улаанбаатар хотод шилжин суурьшжээ. Тухайн үед түүний сурч байсан 16 дугаар сургууль долоон жилийн сургалттай байв. Иймээс долдугаар анги төгссөн хүүхдүүдийг гурван арван жилд хуваарилдаг байсан аж. Түүнийг гуравдугаар арван жилд хуваарилж, наймдугаар ангид элсэн орсон байна. Энэ үед ээжийн дүү, их эмч Г.Бадарч аавынх нь хамт ирээд Хүн эмнэлгийн техникумд бүртгүүлж, шалгалт өгч тэнцсэнээр эрүүл мэндийн салбар руу хөл тавьжээ. Ингээд дөрвөн жил суралцаж 19 настайдаа эх баригч бага эмч гэсэн дипломтай төгссөн аж. Тэрбээр Замын-Үүдийн больницын их баригч бага эмчээр томилогдож ажлын гараагаа эхэлсэн байна. Энэ бол 1967 он юм.Нэг жил ажиллаад Завхан аймаг, мөн Яруу суманд ажиллав. Хөдөө суманд ажилласан эмч маш их зүйл сурдаг гэдгийг тэрбээр хэлэв. Улмаар 1970 онд Улаанбаатарт ирж, дахин суралцсан байна. АШУИС-ийг дотрын чиглэлээр мэргэшин 1976 онд төгсөж, төрөлх сургуульдаа үлдэж ажиллах болжээ.
Б.Дагданбазар багш олон арван шинжлэх ухааны бүтээл туурвиж, хэдэн мянган шавь нарыг бэлдэж, Монголын анагаах ухааны салбарт үлэмж гавьяа байгуулсан хүн юм. Иймд эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүдийг нь илүү онцолж асуулаа.
1980-аад онд Ч.Нээчин багш судалгааны ажлын сэдэв өгсөн байна. Тэрбээр Н.Гэндэнжамц багштай уулзаж зөвшөөрөл аваад хүүхдийн зулайны чиглэлээр судалгаа хийж эхэлжээ. Дөнгөж төрөнгүүт нь нярай хүүхдийн толгойг хэмжиж, эмнэлгээс гарахад нь гэрийн хаягаар нь сар бүр нэг удаа очиж гурван нас хүртэл нь дагнан судалж эхэлсэн аж. Үүнд олон арван хүүхэд хамрагдаж, судалгааг зургаан жилийн турш хийжээ. Ингээд 1992 онд хүүхдийн эх зулайн судасжилт, битүүрэл гэсэн бүтээлээр тухайн үеийн хэллэгээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна. Түүний эрдмийн ажлыг Д.Амгаланбаатар багш гардан удирдсан аж. Тэрбээр эрдмийн зэрэг хамгаалсан дипломоо гаргаж ирж сонирхуулсан юм. Бичгийн машинаар орос хэл дээр бичсэн боть ном бүхий судалгааны ажлаа нямбайлан хадгалжээ.
Хүүхэд халуурч бүлээрээд ирвэл зулай нь дүүрэн болж, лугшиж эхэлдэг байна. Мөн бие сул, ядруу, архиттай бол зулай хонхойдог байна. Бага насны хүүхэд юу өвдөж байгааг хэлж чаддаггүй. Иймд монголчууд эрт үеэс хүүхдийнхээ зулайг хурууныхаа өндгөөр тэмтэрч эрүүл мэндийг энэ мэтчилэн мэдэж болдог байжээ. Хүүхэд хэлд сайн ороход зулай битүүрдэг. Тэр болтол тархины хөгжлийг барихгүйн тулд зулай онгорхой байж, багассаар битүүрдэг учиртай аж. Энэ зүй тогтлыг судалжээ. Хүүхдийг дандаа нэг талаар нь хэвтүүлээд байвал нүүрний харьцаа өөр болдог байна. Нярай хүүхдийн сувилгаа чухал аж. Толгойноос нь салхи цохиулахгүй байх хэрэгтэй гэв. Мөн “Манайхан хүүхдийг хүний үг ойлгодог болсон цагаас нь зөв өсгөнө гэж ярьцгаадаг. Тэгвэл тийм биш. Эхийн хэвлийд байхаас нь зөв өсгөх хэрэгтэй байдаг. Мэдээж ээжийн эрүүл хооллолт, агаар салхи чухал байна. Үүнээс гадна ээжийн болоод аавын яриа хөөрөө тун чухал болохыг хэлэв. Намуун зөөлөн, тайван, баяр баясгалантай яриа хөөрөөг сонсож хүүхэд бойждог. Уламжлалт анагаах ухааны ном сударт ч ингэж бичсэн байдаг аж. Наад зах нь эхийн хэвлийдээ хүүхэд хөгжим сонсдог. Сайхан хөгжим сонсгох, дуу аялах нь оюун ухааны хөгжилд сайнаар нөлөөлдөг” гэсэн юм. Ер нь 1-3 нас хүрэх хугацаанд ямар араншинтай, ямар хүүхэд болох уу гэдэг нь төлөвшдөг байна. Хэнийг ч дуурайхыг хүсэхгүй өөрийнхөөрөө амьдрах зан төлөв гурван наснаас сууж эхэлдэг аж. Өөрөөр хэлбэл, гурван нас хүртэл нь буруу үлгэр дуурайл үзүүлж үр хүүхдээ өсгөсөн бол түүнээс цааш хүүхдийг “засаж”, зөв хөгжүүлэхэд хүндрэлтэй гэсэн үг юм. Б.Дагданбазар “Яагаад хүнд дөрвөд, халх зэргээр ястны аялга өвөрмөцөөр тогтоод байна вэ. Ээжийн хэвлийд байхдаа сонсож байсан учир хүүхдэд ингэж ярианы аялга тогтдог. Тэгэхээр хүүхэд хэлд ороод, эсвэл сургуульд сураад монгол хэл сурна гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр хүүхэд эхийн хэвлийд байхаас эхэлж суралцаж байдаг. Иймээс эцэг, эхийн зөв харилцаа, үлгэр дуурайл, хариуцлага хүүхдийг эхийн хэвлийд байхаас нөлөөлдөг болохыг анхаарах ёстой” хэмээсэн. Мөн хүүхдийн өсөлт хөгжилд зөв хоололт тун чухал аж. 1990-ээд онд хүүхдийн эмч бэлтгэхээ байсан. Энэ нь ихээхэн буруу туршлага болсон хэмээн хэлсэн. Харин энэ жилээс хүүхдийн эмчийн ангийг дахин нээж байгаа нь сайн гэв.
Тэрбээр одоо анагаах ухааны “Ач” сургуульд тэхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Мөн хүний биеийн холбогч эдийн судасжилт гэсэн чиглэлээр судалгааны ажил хийж буй юм. Холбогч эдийн эмгэгүүд маш олон шалтгаантай үүсдэг аж. Энэ дундаас хамгийн эхний шалтгаан бол даарах явдал гэдгийг анхааруулав. Манайх жилийн дөрвөн улиралтай. Өдөр, шөнийн хэмийн зөрүү 10 гаруй. Иймээс энэ эрс тэс уур амьсгалд хүний биеийн судас цаг, минут тутам агшиж, тэлж байдаг аж. Удаан хүйтэн байснаар судасны агшилт явагдаж, тэлэлт хоцордог байна. Үүнээс болоод үе мөчний өвчин үүсэх шалтгаан болдог аж. Иймд улиралтайгаа зохицож хувцаслах нь тун чухал гэв. Хоёрдугаарт, зөв хооллож сурах хэрэгтэйг хэлсэн. Нүүдэлчин ард зуны цагт сүү цагаан идээгээ идэж, намар холимог, өвөл мах, шар тос, арвайн гурил, хавар мал төллөөд ирэхэд уураг хэрэглэдэг байсан. Энэ нь учиртай гэв. Зуны халуун цагт хүний арьсан доогуурх судас тэлээд эхэлдэг байна. Ингэснээр хүний биеийн 4-5 литр цусны ихэнх нь гадна арьсан доогуур эргэлддэг аж. Үүний үр дүнд дотор байгаа таван цул, зургаан сав эрхтний цус бага болдог. Иймд дотор эрхтэнүүдийн хоол боловсруулах перментүүдийн ялгарал багасдаг байна. Иймээс дулааны улиралд хөнгөн хоол идэх хэрэгтэй байдаг аж. Харин хүйтэн болоход арьсны доорх судсаар урсаж байгаа цусны эргэлт багасч, дотор эрхтэнүүдэд түлхүү шилждэг байна. Ингэснээр пермент ялгаруулалт сайжирч хүнд хоол идсэнийг боловсруулах ажиллагаа нэмэгддэг аж. Өвлийн цагт махан хоол сонгон хэрэглэдэг нь ийм учиртай. Энэ байгаль цаг уурын онцлогийг ойлгохгүйгээр дулаан орныг дуурайж хоолоо буруу сонгох үзэгдэл байгааг багш хэлсэн юм. Өдөр, шөнийн хэм нь дөрвөн градусаас дээш гардаггүй, дулааны орны иргэдийн арьсан доогуурх цус их урсаад, дотор эрхтний цус бага байдаг учир халуун ногоо идэж судсаа өргөсүүлдэг байна. Мөн хундага архи ууж судсаа жаахан тэлж байж хоол боловсруулалтын перментийн ялгаруулалтыг нэмэгдүүлж хоолоо шингээдэг аж. Иймд бид тэднийг дуурайж болохгүй аж. Монголчуудын биеийн гадаргууны цус бага, харин дотор эрхтний цус их байдаг. Энэ онцлогоос хамаарч манайхан яагаа ч үгүй үрчлээ сууж, нар салхинд бараантдаг. Өөрөөр хэлбэл, арьсны тэжээл бага байгаа нь үүнтэй холбоотой гэв. Иймд арьс арчилгаандаа анхаарах нь зүйтэйг хэлсэн. Мөн биеийн булчин шөрмөсөө хөгжүүлэх, хөдөлгөөн дасгал хийх нь эрүүл мэндэд ихээхэн тустай, байгаль цаг уурдаа зохицож буй чухал алхам болохыг хэлсэн.
Монголд сүүлийн 100 жил өрнийн анагаах ухаан түрэмгий хөгжсөн. Гэтэл уламжлалт дорнын анагаах ухааныг зэрэгцүүлж хөгжүүлэх алхам 300 гаруй жилийн өмнө буй болсон байна. Энэ нь “Дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх 1679 оны үед хамаарах номноос эхтэй аж. Уг ном хүний биеийн бүтцийг өрнийн анагаах ухааны арга зүйгээр судлаад, таван цул, зургаан сав эрхтний бүтцийг бичихдээ дорнын анагаах ухааны онол, арга зүйг баримталсан байна. Тэгэхээр 1600-аад оноос өрнийн болон дорнын анагаах ухааны үр шимтэй бүхнийг бид авч монгол анагаах ухааныг хөгжүүлэх ёстой гэсэн суурь тавигдсан болохыг онцлов. Нөгөө талаар булчирхай судлалаар монголчууд маш эртний мэдлэгтэй ард түмэн хэмээсэн. Дээрх сэдвүүдийн хүрээнд 2002 онд докторын зэрэг хамгаалжээ. Түүнээс гадна тэрбээр зургаан доктор, 20 магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан аж. Д.Амгаланбаатар багшийн хамт холбогч эдийн судас судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлүүдээр ийн удирдаж хамгаалуулсан байна. Тухайлбал, уламжлалт анагаах ухаанд шимт дөрвөн ясны шөлөөр эм даруулж уух нь биед нэн тустай хэмээдэг. Тэгвэл шүдлэн хонины борви, тойг, далны тогоо, ахар сүүл гэсэн дөрвөн ясыг мөлжчихөөд зөвхөн ясаа буцалгаад судлаад үзэхэд ханаагүй тосны хүчлүүдийн хамгийн ховор, хүний биед ороод шууд тосны хүчлүүдийг төлжүүлэхэд нөлөөлдөг хүчлүүд тодорхойлогдсон аж. Тэгэхээр уламжлалт анагаах ухаанд хий давамгайлсан өвчнүүдтэй (даарч бээрдэг) хүмүүст ингэж даруулж өгөх нь зөв гэв. Харин шарын халуунтай хүнд өгч болохгүй. Нөгөө талаас хонины сүүлийг ууцан талаас нь гуравны нэг, дунд гуравны нэг, годон сүүлтэй хэсэг гэж гурав хуваагаад тус тусад нь тосны хүчлийг нь судлаад үзэхэд годон сүүлтэй хэсэг ханаагүй тосны хүчил хамгийн их байсан аж. Монголчууд хүүхдээ бүр багаас нь уураг сүүл хөхүүлж байсны учир ийм болохыг хэлэв. Бие махбодод хамгийн хэрэгтэй тосны хүчлүүд уураг сүүлэнд агуулагддаг байжээ. Энэ мэтээр монголчуудын өв дамжин ирсэн анагаах уламжлал нарийн утга учиртай аж. Гэхдээ зөв ойлгох нь чухал болохыг хэлсэн. Өөх тос хэрэгтэй гээд хамаагүй идээд байж болохгүй. Ялангуяа, царцдаг өөх тос хүний биед шимтэй биш. Харин уураг сүүл зэргээр дотоод ялгаа, утга чанарыг танин мэдэж зөв хэрэглэвэл нэн тустай аж.
Б.Дагданбазар гуайн аав ном судраа даавуугаар хавтасладаг байсан нь яг хэвээр хадгалагдан иржээ
“Ар цармын цэцэг” хэмээх дуу ардын дуу болтол хоногшиж, одоо ч дуулагдсаар байгаа. Тэгвэл 50 гаруй жилийн түүхтэй уг дууны автор нь Б.Дагданбазар гуай. Ер нь тэрбээр шинжлэх ухааны олон арван бүтээлээс гадна яруу найраг, дууны шүлэг, хүмүүсийн үүх түүхийн тухай олон арван бүтээл туурвиж яваа нэгэн билээ. Өнгөрсөн жил Зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн юм. Завхан аймгийн Яруу сумын бага эмч байхад 1969 онд аймаг дээр Яруу сумын соёл урлагийн гурван хоног болсон аж. Тэрбээр тухайн үеийн дурсамжуудаа гарган ирж тавив. Үүнд Яруу алдар нэгдлийн тухай танилцуулга, концертын хөтөлбөр, мэндчилгээ зэрэг хэвлэмэл зүйлс байв. Социализмын үед уран яруу, өнгө үзэмтэй, хамгийн гол нь тун бүтээлч хийж, хэвлэн нийтэлж байжээ. Мөн 50 гаруй жил хадгалсан гэхэд номны засвар хийж хав дарсан захиа мэт шив шинэхэн харагдаж байлаа. Уг соёлын арга хэмжээний үеэр н.Дашзэвэг багш дуудаж уянгын дуу хий хэмээн анх “Чамдаа” хэмээх дууны үгийг бичсэн аж. Тухайн үед Дашзэвэг багшийн аяар нэг хэсэг дуулагдаж байгаад сүүлд нэр нь “Ар цармын цэцэг” болон өөрчлөгдөж, З.Зундарийн аяар эгшиглэх болжээ.
Ар цармын цэцгүүд нь хө
Алаглаж ганхаад байна уу даа
Алс нутгийн чамдаа би
Аргагүй л дасаад байна уу даа хө… хэмээн аялагдана.
50 гаруй жилийн өмнөх Яруу сумын танилцуулга, мэндчилгээ
Тэрбээр ширээ дүүрэн ном дэлгэлээ. Нийтлэлийн номнууд, “Ухааны хур”, “Эгшиглэн хур” зэрэг хур хэмээх үг орсон яруу найргийн цуврал бүтээлүүд, мөн “Монголын анагаахын мэргэд” хэмээх цуврал бүтээлийг 2003 онд анх эхэлж нийт 35 ботиос 11-ийг гардан бичиж, дөрвөн номны редактороор ажилласан байна. Үүнд анагаахын чиглэл бүрийн анхдагчид, эрдэмтэн багш нарынхаа тухай өгүүлжээ. Тэд ихэнх нь бурханы оронд заларсан. 90, 100 жил гэх зэргээр ойнууд нь болж байна хэмээсэн юм. Б.Дагданбазар гуай ч “эртний” хүн. Өдгөө 75 насыг зооглож байгаа ч ном эрдэмд гавшгай, идэр залуу мэт байна. Түүний ярианд Д.Амгаланбаатар хэмээх хүний тухай олонтой дурдагдсан. Энэ талаар лавлахад тэрбээр “Д.Амгаланбаатар багш бид хоёр сургуулиа төгсөөд хамтарч ном хийх зэргээр ажиллах болсон. Тэрбээр 1979 онд ЗХУ-д руу зорьж, гурван жил суралцаж эрдэм судлал, судалгааны арга барил маш сайн эзэмшиж ирсэн. Ирсэнээс хойш бидний ажлыг удирдаж 20 гаруй доктор, 30-аад магистрын ажил удирдаж хамгаалуулсан. Эрдэм судлалын ажилд авьяастай, мэдлэгтэй, чадвартай. Бие судлалын салбарын тэргүүлэх эрдэмтэн юм. Бид сэтгэл нийлж 30 гаруй жил хамтран ажиллаж байна” хэмээв.
Б.Дагданбазарын гуайн гэргий Б.Хорлоо Өмнөговь аймгийн Ханхонгор сумын хүн. Хүн эмнэлгийн техникумд 1970 онд төгсөж эрүүлийг хамгаалах системд 30 жил ажилласан байна. Хүүхдийн больница, Эх нялхасын эрүүл мэндийн төвд насаараа ажиллажээ. Тэд таван сайхан хүүхэдтэй. Гурав нь анагаах ухааны сургууль төгсөж, мэргэжлээрээ ажиллаж буй юм. Том охин Болорцэцэг нь “Хаадын жор” эм ханган нийлүүлэх байгууллагыг удирддаг. Удаах нь Тунгалаг эмч мэргэжилтэй. “Монос” анагаах ухааны их сургуульд багшилж байгаа аж. Дараагийнх нь охин Бурмаа Боловсролын их сургуульд япон хэлний багшаар багшилдаг байна. Хүү Доржпүрэв нь багаасаа техник сэтгэлгээтэй байсан. Тиймээс техникийн хүн болжээ.Харин Отгон хүү Нямдорж анагаах ухааны докторын зэрэг 2014 онд хамгаалсан аж. Ийнхүү гэр бүлээрээ эрүүл мэндийн салбарт зүтгэж буй Б.Дагданбазарынх бахархах зүйл ихтэй, хөдөлмөрч, хүний төлөө сэтгэлтэй гэдэг нь тодхон харагдсан юм.
Г.БАТЗОРИГ