Categories
мэдээ нийгэм

НМХГ: 1680 ААН-д мэдэгдэл хүргүүлээд байна

НМХГ-аас хийсэн шалгалтын дүнгийн талаар танилцууллаа. Өнгөрсөн сарын 20-ноос эхэлсэн уг шалгалт хоёрдугаар сарын 29-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын 360 байцаагч хийж байгаа юм байна. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 789 ААН, иргэнд хүнсний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдэгдэл хүргүүлжээ. Шинэ коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан III сарын 2-ны хүртэл бүх шатны боловсролын газар, үзвэр, үйлчилгээ, интернэт тоглоомын үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрийн дагуу 1680 ААН-д мэдэгдэл хүргүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуулийн байшинг нэг жилд босгож, төрөхийн барилгыг 10 жил царцаах нь ард түмэндээ хандах улстөрчдийн нүүр царай

Барилгын улирал эхлэх болоогүй, өвлийн cap үргэлжилж байгаа энэ үед нийслэлд хэд, хэдэн газарт барилгын ажил үргэлжилж байна. Тэдгээр нь хувийн гэхээс улсын төсөвт барилгын ажлууд байх юм. Улсын төсвийн барилгууд сууриа тавиад л царцаж орхидог явдал энэ өвөл харин эсрэгээрээ байгаа нь сайн хэрэг юм.

Чухам ямар барилгууд ийнхүү эрчтэй урагшилж байгааг тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Тагнуулын ерөнхий газрын өргөтгөл, шинэчлэл байна Үүнтэй зэрэгцэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн барилгын шинэчлэлийн ажил ч их эрчтэй явж харагдана. Олзуурхууштай явдал аж.

Гэтэл 10 жил дуншиж байгаа Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлгийн барилга 13 тэрбум төгрөгтэй л бол ашиглалтад орлоо гэж барилгачид нь дөрөвхөн хоногийн өмнө мэдэгдлээ. Сураг тасарсан Түлэнхийн эмнэлгийн барилга ч ийм хэмжээний хөрөнгө орж байж үүдээ нээнэ гэж байгаа.

Хууль хүчний барилгууд хоромхон хугацаанд босчихдог, эмнэлгийн барилгууд хэдэн жилээр ч царцаж орхидог явдал сүүлийн үед нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Хууль хүчнийхэнд атаархсан хэрэг биш ээ. Нэг салбар нь ч өнгөтэй өөдтэй, ажиллагсад нь тав тухтай орчинд ажиллаж байвал түүнийг бид дэмжих учиртай.

Гэтэл улс орны хамгийн чухал салбар болох эрүүл мэндийн салбар дэндүү өрөвдөлтэй байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүйгээс монголчууд тарчилж байна.

Өвөл болоход ханиад томуу авсан хүүхэд багачуудад эмнэлгийн ор хүрэлцдэггүй. Халуун ус, хоолонд түлэгдсэн хүүхдүүдийг хүлээн авах тасаг улсын хэмжээнд ганц л ажиллаж байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийг үндэсний хэмжээнд нэг л эмнэлэг хариуцаж байх жишээтэй.

Эдгээр эмнэлгүүд үйл ажиллагаагаа өргөжүүлж хүртээмжтэй ажиллая гэвч төсөв хэмээх том хайчинд хэрчүүлсээр зүрхгүй болсон гэхэд хол зөрөхгүй. Эрүүл мэндийн салбарынхан битгий хэл монголчууд үүнийг хүлээн зөвшөөрдөг болчихоод байна.

Харин хууль хүчний барилга, байгууламжууд сүүлийн жилүүдэд маш хурдтай баригддаг боллоо. Жил хүрэхгүйн хугацаанд л нэг том барилга сүндэрлээд, шил толь болсон сүртэй барилга үүдээ нээдэг болж. Тэр барилгыг барьсан төсөв нь олон жил дуншсан эмнэлгийн барилгуудаасаа ч их байх нь бий. Хамгийн гол нь ийм хоёр салбарын бүтээн байгуулалт яагаад тэнгэр газар шиг ялгаатай байгааг олон нийт гайхах болжээ. Хардах үндэслэл ч яригдаж эхэллээ.

Аливаа нэг барилга байгууламж урагшилна гэдэг түүний ард хэн нэгэн дарга, сайдын тушаал шийдвэр, хичээл зүтгэл нөлөөлж байдаг. Манайхаар бол ашиг сонирхлын нэгдэл дээр бүтдэг ажил. Хараар хэлэхэд төсөв батлагч, хариуцагч хэн нэгэн сайд, дарга руу Хууль зүй, дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга утас цохиод “Манай тэр барилгын төсөвт анхаараад өгөөрэй хө” гэх.

Харин Эрүүл мэндийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, аль нэг нэгдсэн эмнэлгийн дарга төсөв хариуцаж байгаа хэн нэгэн рүү ярих хоёрын алинд нь манай дарга, сайд нар хөдлөх бол. Одоо харагдаж байгаа нөхцөл байдал дээр бол хууль хүчнийхэн үнэхээр “хүчтэй” байна.

Улс орны төсөв хүндрэлтэй байна гээд төрөх эмнэлэг, түлэнхийн төвөөсөө мөнгө харамладаг. Тэгвэл ямар төсвөөрөө энэ хууль хүчнийхэн өвөл ч хамаагүй өндөр барилгуудаа барьдаг болчихов.

Саяхны УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Томуугийн өвчин дэгдэлт хэлбэрээр явж байна. Улаанбаатар хотод хүүхдийн 1,032 ор байгаа. Бид том хүний ороо хүүхдийн ор луу шилжүүлээд 1,044 болгочихоод байна. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эмнэлгүүд эмнэлгийн зориулалтын биш байртай гээд асуудал их байна.

Эмнэлгийн барилга 10 жил хүлээгддэг, тагнуулын барилга нэг жилд ашиглалтад ордог гэдэг нь үнэн шүү дээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, боловсон хүчнээ сайжруулах шаардлага байна” гэсэн нь анхаарал татна. Үнэхээр ийм л төрх өнөөдөр Монголд байна.

Улстөрчдийн хуулийн байшинг нэг жилд босгож, төрөхийн барилгыг 10 жил царцааж ард түмэндээ үнэн нүүр царайгаа харуулж байгаа цөөн хэдэн жишээг дор дурдъя.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР БА ТҮЛЭНХИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ

Цагдаагийн ерөнхий газрын төв байр одоогоос зургаан жилийн өмнө ашиглалтад орж, хотын төв хэсэгт ийнхүү сүндэрлэж байна. Хуучин Нийслэлийн цагдаагийн газар байрлаж олон жил ажилласны дараа барилгын чанар муудаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэмээн тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж онцолж байв.

Тиймээс 2011 оноос суурин дээр нь Цагдаагийн ерөнхий газрын төв байрыг Монхаус компани барьж эхэлжээ. Барилгын нийт талбай 6,800 м.квадрат. Нэлээд томоохонд тооцогдох барилга болсон билээ. Нийт өртөг нь долоон тэрбум. Барилгын ажил гуравхан жилийн хугацаанд үргэлжилж, 2014 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байлаа.

Тэгвэл одоогоос яг долоон жилийн өмнө Сүхбаатар дүүргийн долдугаар хороо 11 дүгээр хороололд байрлах Түлэнхийн төв эмнэлгийг өргөтгөх ажил эхэлсэн байдаг.

Анх 1957 онд ашиглалтад орж олон жилийн эдэлгээнд хуучирсан учраас актлагдахад хүрсэн. Тиймээс суурин дээр нь 200 ортой түлэгдэлт, хөлдөлтийг эмчилдэг олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барихаар 2013 оноос эхэлсэн юм.

Бас л дээрх ЦЕГ-ын жишээтэй ижил, суурин дээрх барилгыг нураагаад өөр шинэ барилга барих төсөл байв. Гэвч барилга нураах төсөв батлах, дараа нь гүйцэтгэх компани сонгон шалгаруулах ажил удааширсаар өнөөдөр долоон жил өнгөрөхөд ашиглалтад ороогүй хэвээр байна. Гүйцэтгэгч нь Нутгийн зам, Цаст констракшн гэх хоёр компани ажилладаг гэх.

Өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байгаа шалтгаан өнөө л санхүүжилт. Анх Засгийн газраас 3.8 тэрбум төгрөг гаргаж өгөөд л санхүүжилт зогссон. Гүйцэтгэгч компаниуд санхүүжилтээ нэмэх хүсэлт тавьсаар ирсэн. Уг нь барилгын ажил дуусчихвал 1.2 сая ам.долларын орчин үеийн тоног төхөөрөмж ажиллаж эхлэхэд бэлэн байгаа юм билээ.

Түлэнхийн төв ашиглалтад орохгүй бол ГССҮТ-ийн Түлэнхийн ганц тасаг ачааллаа дийлэхгүйд хүрч мэдэхээр байгаа юм. Тус тасаг “Жилдээ 4,000-4,500 хүнд яаралтай тусламж үзүүлдэг, тэдний 2,500-3,500 нь бага насны хүүхэд байдаг.

21 аймаг, есөн дүүргийн өвчтөнүүд ирдэг учир ор хүрэлцдэггүй, коридортоо өвчтөнүүдээ авдаг” гэж ГССҮТ-ийн Түлэгдэлт нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах ярьж байгаа юм.




Найман сарын дотор босгосон Улсын мөрдөн байцаах газар




Шаваа тавиад 10 жил өнгөрсний дараа дахин 13 тэрбум төгрөг шаардагдаж байгаа Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлгийн барилга



УЛСЫН МӨРДӨН БАЙЦААХ ГАЗАР БА ЯАРМАГ ДАХЬ 300 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛЭГ

2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ЦЕГ-ын төв байрны дэргэд Улсын мөрдөн байцаах газрын барилгын шавыг тавих ёслол болж байв.

Анх 1938 онд ашиглаж эхэлсэн барилгыг сэлбэж зассаар эцэст нь ашиглах боломжгүй болсон гэж тайлбарладаг. Тиймээс тус байрны суурин дээр есөн давхар барилга барьж мэдүүлэг авах зориулалт бүхий 24 өрөө, хурал, сургалтын танхим, фитнесс, албаны бэлтгэлийн танхимуудтай, хурдан муудах эд мөрийн баримтыг хадгалах зориулалт бүхий хөргүүрийн агуулах, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт агуулах өрөө бүхий мөрдөн байцаах албаны ажлын онцлогт тохирсон, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан, албаны бэлэн байдлыг бүрэн хангасан байхаар зураг төслийг нь боловсруулсан гэдэг.

Барилгын гүйцэтгэгч компани нь “Билгүүн Монгол констракшн”. Хамгийн сонирхолтой нь уг барилга тухайн жилийнхээ буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийж, сайд дарга нар баярын үгс хэлэн тууз хайчилсан билээ. Нэг ёсондоо есөн давхар барилгыг наймхан сарын дотор барьчихсан хэрэг.

Найман сарын дотор барьдаг байрны дэргэд бол үеэ өнгөрөөж байгаа барилга бол Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг юм.

Жилийн жилд барилга нь царцаж 10 гаруй жилийг элээж байгаа уг барилга уг нь ашиглалтад орчихвол эрүүл мэндийн салбарт, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, ЭХЭМҮТ-ийн ачааллыг бууруулах том эмнэлэг босох учиртай.

Өнөөг хүртэл ашиглалтад ороогүй шалтгаан нь санхүүжилт. Улстөрчид С.Зоригийг хөнөөсөн хэргээр попордог шиг яг адилхан поп сэдэв нь энэ эмнэлэг. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй хэвээр байна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас багагүй мөнгө тусгагдсан байдаг. Гэвч нь тэр нь барилгыг бүрэн дуусгахад хүрэлцдэггүй, гүйцэтгэгч компани нь ч байн, байн солигдож, төсвөө нэмсээр өнөөдөртөө золгосон.

Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө Хотын дарга С.Амарсайхан барилгын ажлын явцтай танилцахад “Ажлын явц 95 хувьтай байна. 13 тэрбум төгрөг гаргачихвал ирэх онд ашиглалтад орно” гэж гүйцэтгэгч “Том бюлдинг” компанийн удирдлагууд мэдэгдлээ.

30 тэрбумаар боссон гэх Хууль зүй, дотоод хэргийн яамны өргөтгөлийн барилга







Зэргэлдээх Хавдрын эмнэлгийг нэгтгэж чадаагүй байгаа ХСҮТ



ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ӨРГӨТГӨЛ БА ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Хууль, хүчний салбарын бүтээн байгуулалт хэр хурдтай өрнөж ашиглалтад ордгийн бас нэг жишээ бол Хууль зүй, дотоод хэргийн яамны өргөтгөлийн барилга юм. Яамны хуучин байрнаас урагш 200 орчим метрт баригдсан шинэ барилга ашиглалтад ороод удаагүй байна. Долоон давхар бүхий тус барилгын ажил бас л богино хугацаанд үргэлжилсэн.

Нийт санхүүжилтийн талаарх мэдээлэл тун нууцлаг. Олон нийтийн анхаарлын төвд өртөхөөс сэргийлсэн байж мэдэх. Албан бус мэдээллээр 30 тэрбум төгрөгийн төсвөөр баригдсан гэх.

Тэгвэл энэ барилгатай Хавдар судлалын үндэсний төвийг жиших нь зүйн хэрэг. Хавдрын өвчлөл манай улсад ямар хэмжээнд байгааг нуршиж хэлэхэд илүүц. Хавдрын эмнэлэг хар зах болсон гэх яриа зүгээр ч нэг яриа биш. Үндэсний хэмжээнд байгаа ганц дөрвөн давхар энэ эмнэлэг бүх өвчтөнүүдэд хүрч ажиллах боломжгүй болсныг аль эрт зарласан.

Тийм ч учраас өнөөдөр олон монгол хүн хавдрын өвчний сүүлийн шатанд хүрч мэддэг, түүнийгээ эмчлүүлж чадахгүйгээр хорвоог орхиж байгаа нь бодит үнэн. Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимтэй явуулъя, олон хүнд үзлэг шинжилгээ хийе, шаардлагатай мэс заслуудаа цаг алдалгүй шуурхай хийе гэхэд эмнэлгийн орчин нөхцөл, өнөөгийн хүчин чадал хүрэлцдэггүй.

Тиймээс дэргэд нь яг ийм зориулалтаар баригдсан УИХ-ын гишүүн Билэгтийнх гэгдэх Хавдрын эмнэлгийг нэгтгэе гэдгийг сүүлийн хоёр, гурван жил ХСҮТ-ийн удирдлагуудаас эхлээд олон нийт, зарим улстөрчид ярьж байв. Гэвч бас л төсөв мөнгийг нь дийлэхгүй гэх нэрээр өнөө дөрвөн давхар шар барилгадаа хавдартай монголчуудаа бөөнөөр нь чихсээр л байна.



Хэдхэн сарын дотор шинэчлэгдэж буй Тагнуулын ерөнхий газрын барилга




10 жилийн хөөцөлдсөний дараа өргөтгөл хийхээр болсон Чингэлтэйн Нэгдсэн эмнэлэг



ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР БА ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Өвлийн улирал үргэлжилж байгаа энэ үед өргөгч кран хоёр гурваар зэрэг ажиллуулж өнөө маргаашгүй ашиглалтад орж мэдэхээр байгаа барилга бол Тагнуулын ерөнхий газрын өргөтгөл, шинэчлэлийн ажил.

Нэлээд их хэмжээний төсөв яригдаж байгаа тус барилгын ажил эхлээд удаагүй байна. Жил хүрэхгүйн хугацаанд өнгө зүсээ засаж, өргөтгөж байгаа хууль хүчний бас нэгэн барилгын жишээ энэ болж байна.

Харин тус байрнаас холгүйхэн, км гаруйхан зайд Улаанбаатар хотын төвийн дүүргийн нэг Чингэлтэй дүүргийн бүх хүнд үйлчилдэг Нэгдсэн эмнэлэг бий. Аль эрт ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын бус байрны умгар өрөөнд эмч нар өвчтөнүүдийг үзэж сууна. Жилдээ давхардсан тоогоор 140-150 мянган иргэнд үйлчилдэг.

“Миний мэдэхээр манайд ирсэн гурван даргын үед Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинэчлэх санаачилга яригдсан. Бараг 10 жил гэсэн үг. Өнгөрсөн 2019 онд л сая нэг улсын төсөвт барилгын төсвийн 10 тэрбум төгрөг суугдлаа” хэмээн Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн эрхлэгч н.Ариунаа ярьж байна.

Тус эмнэлгийн хувьд зориулалтын бусаас гадна халдвар хамгаалалт бүрэн хийгдэх боломжгүйд хүрсэн. Сүрьеэгийн үзлэгийн тасаг гэхэд бусад тасгуудтай зэрэгцэн оршдог. Өвчтөн, үйлчлүүлэгчид битгий хэл эмч, сувилагч нар өөрсдөө халдвар авах эрсдэлтэй нөхцөлд ажилласаар иржээ.




Байсхийгээд өнгөө засдаг Улсын ерөнхий прокурорын газар






Зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг


УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР БА СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Өргөтгөл шинэчлэл хийж өнгө зүсээ байнга өөрчилдөг хуулийн өөр нэг байгууллага бол Улсын ерөнхий прокурорын газар. Хуучин саарал байшин эдүгээ гял цал толь шил болсон таван давхар болж өргөжжээ.

Харин зориулалтын бус барилгад бүхэл бүтэн нэг дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа бас нэг эмнэлэг бол Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн ярьснаар тус эмнэлэг зориулалтын бус барилгатайгаас гадна бүх хүмүүст хүрч үйлчлэх хүчин чадал хүрэлцээгүй.

Хууль хүчний барилгууд ийнхүү сүндэрлэсээр, эмнэлгийн барилгууд гацаж царцсаар байгаа бодит төрх ийм байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар 1112 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 44886-т хүрсэн бол 4638 хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд зорчиж явсан 105 хүнийг хамгаалалтад авчээ

Замын-Үүд боомтоор 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирсэнийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна. Тэрээр БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар дэмжжээ

Засгийн газар Цагаан сар тэмдэглэхгүй байх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжжээ

Улсын онцгой комисс хуралдаанаар Цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал гаргаад байсан. УОК-оос шинэ коронавирусээс урьдчилсан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүршүүлээд байсан. Үүний дагуу Ерөнхийлөгч Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай зарлиг гаргахаар болж, зарлигийн төсөлдөө Засгийн газраас саналыг нь авахаар илгээсэн. Уг саналыг нь Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хэлэлцэн дэмжжээ. Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд цагаан сарыг тэмдэглэхгүй байх, цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох, үзэсгэлэн худалдааг хязгаарлах зэрэг саналууд багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.02.11-ний өдөр нийт 188 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 118-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Нийт хүн бэртсэн ослын хувьд 3-аа явган зорчигч мөргөх хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.02.11-ний өдрийн 20:30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт 3-р багийн нутаг “Өндөр толгой” гэх газар асфалтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ жолоо барьсан 8 хүнийг хуулийн дагуу шүүхээр баривчилсан байна..

Categories
мэдээ нийгэм

​Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол илэрчээ

Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 12-ны 03:00 цагт шуурхай хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Өвчтөнтэй хавьтал болсон иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авах.

2. “Тирлик”, “Ахдам” захын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах.

3. Баар, ресторан, зоогийн газар, кафе, караоке, сүм хийдүүдийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2н-ыг хүртэл түр хугацаагаар зогсоох.

4. Шинжилгээний дээжийг ХӨСҮТ рүү шуурхай хүргэх.

5. Авто замын хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлж, ирэх зорчигчдын тандалт судалгааг тогтмол хийх, МХГ, ОБГ, ЦГ, МЭГ-аас хүч нэмэгдүүлэн ажиллах.

6. Мэргэжлийн байгууллагуудыг ажиллах хамгаалах хувцас, хэрэгслээр хангах шийдвэр гаргалаа.

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

1. Өвчтөнөөс дээж авч хүргүүлэх ажлын хэсэг шуурхай замд гарсан.

2. Энэ тохиолдол бол батлагдаагүй сэжигтэй тохиолдол тул сандралдалгүй тайван байх.

3. Худал хуурмаг мэдээлэл түгээхгүй байх.

4. Олноороо нэг газарт бөөгнөрөхгүй байх.

5. Хүүхэд, оюутан залуус гэртээ байх.

6. Бүх нийтээрээ маскаа тогтмол зүүж, гар, орчноо цэвэрхэн байлгаж, халдваргүйжүүлж байх.

7. Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос гарч байгаа шийдвэрүүдийг дагаж мөрдөх.

8. Албан үүргээ гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг хүлээн авч ухамсартайгаар хандах.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайд газар хөдөлжээ

Говь-Алтай аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тус аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун зүгт 30 км-т Өлзийт багийн “Ямаан-Ус” гэдэг газар урьд шөнө буюу хоёрдугаар сарын 12-ны 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяагаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” тухай мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Автотээврийн үндэсний төвөөс орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа. Цаг уурын байгууллага өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-нд Архангай, Булган, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 13-нд ихэнх нутгаар, 14-16-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ гэж мэдээлээд байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрсөн үрсээ төл малнаас дор үзэх бидний араншин

Монголчууд бид хэдий болтол социализмын үеийн сэтгэлгээгээр амьдрах ёстой юм бэ. Хуучин нийгмийн үеийн сэтгэлгээ гэж төрсөн үрсээ төл малнаас дор үзэж ирсэн үнэн бодит байдлыг хэлж байна. Засгийн буюу ялтай мал маллаж байсан тэр цагт төрсөн үрээс нь илүү төлийн тоо, малын эндэгдэл чухал байсан нь гарцаагүй. Улс нийгмээрээ малын тоо толгойн тухай, төлийн хорогдлын тухай ярьж малчдын үр хүүхдүүдийг эцэг эхээс нь салган сумын төвд дотуур байр хэмээх боловсон шоронд хорьж цагдах болсон юм. Төл малыг эхээс нь салгаагүй хэрнээ төрсөн үрийг эцэг эхээс нь салган хорьж өлөн зэлмэн, хараа хяналтгүй өсгөх эх суурийг бүрэн утгаар нь тавьсан тийм л бүдүүлэг нийгэм байлаа.

Одоо эргээд бодоход хамгийн хатуу харгис ёс суртахуун тэндээс ноёрхлоо тогтоож, монголчуудын сэтгэлгээнд үр хүүхэд, хойч үеэ хайхардаггүй, тэдний өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг мэддэггүй ийм харалган байдал баттай суусан байдаг.

Энэ талаар өмнө нь “Өдрийн сонин”удаа дараа бичсэн. “Хонины хурга зутарна гээд хоньчны хөвгүүн бэтгэрэх ёсгүй” гээд бичиж байсныг уншигч олон санаж байгаа байх. Дэлхийн улс орнууд хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр сахин хамгаалж хүнээ хайрласан, иргэнээ дээдэлсэн нэг үгээр хэлбэл хүн ёсны эрин зуунд аж төрж байна. Гэтэл бид аль хорьдугаар зууны эхэн хагасын хатуу харгис бодлого болох хүнээс нь илүүтэйгээр малыг нь анхаарч үздэг тогтолцоогоор явж ирлээ.

“Дотуур байрыг эсэргүүцлээ, шорон гэж үзлээ. Болоод ирсэн юмыг буруутгалаа. Бид чинь бүгд л дотуур байрны бүтээгдэхүүнүүд” гэж зэвүүцэх хүмүүс байдаг. Тухайн үедээ болж байсан бол өнөөгийн нийгэмд энэ тогтолцоо болохгүй байна. Учир нь гэр бүлийн халуун уур амьсгалыг тэгтлээ мэдрээгүй гэрээсээ хол, аав ээжээсээ хөндий өсчихсөн хүүхдүүд амьдрал дээр гэр бүл зохиож ижий аав болоод явахаараа үр хүүхдийнхээ өмнө тэгтлээ хариуцлага хүлээхгүй, өө яахав болоод ирсэн, болох л байлгүй гэсэн бодолтой байдаг. Энэ нь бодит амьдрал дээр олон зүйл дээр анзаарагдах боллоо. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд Монгол Улсад нялх балчир үрс амиа алдсан тохиолдол хэрээс хэтэрсэн. Дайн дажинтай улсаас илүү айхавтар юм дуулдах боллоо. Хүүхэд хамгийн аюулгүй орчин болох гэртээ, сургуулийнхаа гадаа, хтоглоомын талбайд харамсалтайгаар амиа алдах болсон. Сэтгэл шимшрүүлсэн тэрхүү хэргүүдээс зарим нэгийг нь эргэн сөхье.

Хоёр жилийн өмнөх судалгаанаас харахад, 2018 оны зургадугаар сард гэхэд бараг л өдөр дараалж хүүхдүүд амиа алдсан харамсалт мэдээ дуулдаж байсан. Зургадуур сарын 15-нд БЗД-ийн Дарь-Эхийн шинэ эцэст хичээлээ тараад тоглохоор гарсан 11 настай хүү тогтоол усанд эндэж амиа алдсан. Зам гүүрний бүтээн байгуулалтын ажил явагдаж шороогоор далан босгосон нь цүнхээл үүсэх нөхцөл болж түүнийг мэдээгүй хүү амиа алдсан нь өөрийнх нь хохь болоод өнгөрсөн. Тэгвэл ердөө гуравхан хоногийн дараа мөн БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглохоор очсон тавдугаар ангийн хүү хөлбөмбөгийн талбайн төмөр хаалганд даруулж амиа алдсан.Тухайн үед шуугиан болж байсан ч сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг ажлаас нь халснаар хөлбөмбөмгийн талбайд амиа алдсан хүүгийн хэрэг замхарсан. Сургуулийн захирал нь амиа алдсан хүүг зорилтот бүлгийнх, ээж аав нь салсан, аав нь архины хамааралтай гэж есөн шидээр хэлж байсан нь аймшигтай. Тоглоомын талбайд тоглохоор очоод эрдэнэт амиа алдсан хүүг захирал нь өнгөрснийх нь дараа ингэж элдвээр хэлэхээр юу болох уу.

Монгол Улс үр хүүхдэдээ хайртай, тэдний өмнө хариуцлага хүлээдэг орон мөн үү. Хөлбөмбөгийн талбайд хүүхэд амиа үрэгдсэнээс ердөө долоохон хоногийн дараа Сүхбаатар дүүргийн 11 хорооллын долдугаар байрныхаа гадаа тоглож байсан хүү “Эко шинэс” эмийн сангийн тогтой төмөр утсанд цохиулж тэр дороо амьсгал хураасан. Уг хэргийн ул мөрийг хөөгөөд үзэхээр эмийн санг нь нүүлгэх шийдвэр гарснаар хүүгийн амь настай холбоотой асуудал замхарсан байдаг. Хүүхэд байрныхаа гадаа тогонд цохиулж өнгөрсөн хэргээс хэдхэн хоногийн дараа буюу 2018 оны долдугаар сарын 05-нд Налайх дүүрэгт долоо настай хүү мөн тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Зайрмаг авахаар аавасаа мөнгө аваад гарсан ах дүү хоёр хоёулаа зам дээр машинд дайруулсан, аав ээж нь голын эрэгт хөзөр тоглож байх хойгуур нялх хүүхэд нь мөлхөж яваад ус руу орж эндсэн гээд хүүхдийн эндэгдлийг хэлээд барахгүй. Өнгөрөгч онд улсын хэмжээнд 1692 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байдаг. Түүнээс 127 хүүхэд амь насаараа, 745 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон судалгаа байна. Мөн сэтгэл санааны хүчирхийлэлд 424, бэлгийн хүчирхийлэлд 187 хүүхэд өртсөн гэх судалгаа байна.

Увс аймгийн Цагаанхайрхан суманд тэр жилийн Цагаан сарын өмнө ямар харуусалт хэрэг гарч байв. Аав ээж нь айлд Цагаан сарын бууз хийхээр явсан хойгуур гэртээ үлдсэн хоёр жаалхан амьтан аав ээжийнхээ араас явахдаа цасан шуурганд төөрч, долоон настай охин таван настай дүүдээ дээл хувцсаа бүгдийг нь тайлж өгөөд өөрөө осгож амиа алдсан байдаг. Долоон настай охин голоо тасартал дүүгийнхээ төлөө зүтгэсэн сэтгэл шимшрүүлсэн мэдээ хүн бүрт нэгийг бодогдуулж байсан. Үр хүүхдээ харгалзагч хүнгүйгээр гэрт нь үлдээгээд явж болохгүй юм байна гэх ойлголт хүмүүст төрж байсан. Гэвч манайхан зүгээр л яриад өнгөрсөн. Дараа нь үр хүүхдээ гэрт нь түгжиж орхиод л гэртээгээ шатсан тохиолдол зөндөө гарлаа. Баянхонгорын Баян-Овоо суманд 3-5 насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж эндсэн. Аав нь сумын төв, ээж нь малдаа явсан байсан. Өвөрхангайн Арвайхээрт бага насны хоёр хүүхэд мөн л гэртэйгээ шатсан. Ховд аймагт 3-9 насны нэг айлын таван хүүхэд гэртэйгээ шатаж харамсалтайгаар амиа алдсан. Улаанбаатар хот болон Багануур дүүрэгт ийм хэргүүд удаа дараа гарсан. Сэтгэл сэрдхийлгэсэн ийм мэдээг хүн бүхэн цочирдон хүлээж авдаг ч эцэг эх, харгалзагч хүмүүст нь үүрэх хариуцлагын тухай хэн ч ярьдаггүй. Монголд ийм байдал үргэлжид давтагдсаар, нялх балчир үрс томчуудын буруугаас болж амиа алдсаар байх болно. Тэгэхээр одоо хуультай болъё. Дөнгөж саяхан Дархан хотод нэг айлын гурван хүүхэд гэртээ цоожлуулж үлдээд паар нь хагарснаас цахилгааны саатал гарч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Бид бүхэн хэд хоногийн туршид цахим орчинд энэ тухай бичлээ.

Эрхэм төрийн түшээд минь Хүүхэд хамгааллын тухай хуулийг эргэн харж, эцэг эх болоод асран хамгаалагч нарт оногдуулах үүрэг хариуцлагыг маш тодорхой болгох хэрэгтэйг сүүлийн сэтгэл шимшрүүлсэн хэрэг харууллаа. Миний бие үүнд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Харин Монголын ирээдүйн сайн сайхны төлөө, цаашдын элэг бүтэн амьдрал, айл өрх бүрийн аз жаргал, баяр баясгалангийн тухай өгүүлж байна. Замын хөдөлгөөний тухай хуулинд эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж зааж өгснөөр бага насны хүүхдийн авто замын осол харьцангуй буурсан. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь заавал хүргэж өгдөг жишиг тогтсон. Яг үүн шигэцэг эх болон асран хамгаалагч нарт зориулсан хуультай болбол гэртээ харгалзах хүнгүйгээр бага насны хүүхдүүдийг орхидог байдал үгүй болж, ямар нэгэн осол эндэгдэл гарах нь багасна.

Нэгэнт л хууль хэрэгжээд эхэлбэл дээр доргүй хуулийн тухай ярьж, нэг нэгэндээ хараа хяналт тавиад бүгдээрээ цахим хэрэглэгч учир цахимаар шуугиад эхлэх нь мэдээж. Мөн үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуулийн дагуу ийм хариуцлага хүлээнэ гэдгийг ой тоонд нь суутал ойлгуулах хэрэгтэй. Ингэж монголчууд бид төрсөн үрсээ төл малнаас дор үздэг социализмын үеийн араншингаасаа салснаар үр хүүхэд улс орны хамгийн эрхэм баялаг гэдгийг жинхэнэ ёсоор ухаарна.Хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласнаар амьдралын шинэ хэв маягт шилжиж, улс орны хөгжил дэвшлийн ирээдүй ч гэрэлтэй болоод ирнэ.