Баян-Өлгий аймагт шинэ коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол энэ сарын 11-ний өдөр бүртгэгдсэн. Тухайн иргэн 21 настай бөгөөд энэ сарын 7-ны өдөр Замын-Үүд боомтоос Улаанбаатарт, 11-ний өдөр хувийн унаагаар Өлгий хотод очсон байна. Түүнийг замдаа Ховд аймгийн төвөөр дамжиж, Жаргалант сум дахь Цамбагарав зочид буудалд хоёр өдөр амарсан болохыг тогтоожээ. Үүнтэй холбогдуулан халдвар авсан байх магадлалтай иргэний шинжилгээний хариу гартал Цамбагарав зочид буудалд түр хугацаанд хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа. Тус зочид буудалд 23 иргэн байгаа аж. Мөн тус өвчтөнтэй хавьталд байсан иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авчээ.
Month: February 2020
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонийг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтад Хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн нар оролцож Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахын тулд хийж буй ажил, Олон улсын хамтын ажиллагааны бүлэг /ICRG/-тэй тохиролцсон эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн биелүүлж байгаа талаар танилцуулав.
Энэ үеэр Элчин сайд Филип Малон, Хороо богино хугацаанд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байгааг онцлон дурдаад Олон улсын хамтын ажиллагааны бүлэгтэй тохиролцсон эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөөг биелүүлэхтэй холбоотойгоор СЗХ-г чадавхжуулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр, “Шинэ төрлийн коронавирусийн аюулаас сэргийлэх зорилгоор Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргасан. Энэ дагуу Засгийн газраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор XVII жарны Хотол төгс хэмээн Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Засгийн газар энэ дагуу хуралдаж, коронавирусийн эрсдэлийг бууруулах зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас буюу маргаашнаас эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын /хагас/ зэрэгт шилжүүлэх, гамшгаас хамгаалсан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн заалттай тогтоолыг гаргалаа” гэв.
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг дэлхийн сагсан бөмбөгийн өнгийг тодорхойлогч Серби, Словен улсад хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцлоо. Өчигдөр Сербийн “Земун”, Канадын шигшээ багтай тоглолт хийснээр манай баг 21 хоногийн бэлтгэлээ дуусгав.
“Токио-2020” олимпийн наадмын эрх олгох тэмцээн ирэх гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэгийн Бангалор хотод болох бөгөөд олимпийн эрх олгох энэхүү тэмцээний гол бэлтгэлээ Европт хангасан юм. Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч С.Тулга, тамирчнаар ОУХМ Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, А.Ананд нар явжээ.
Нийслэлийн Засаг даргаас нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудыг нэгдсэн хяналт зохицуулалттай болгох, үйл ажиллагаа, хуваарь графикийн мөрдлөгийг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тус үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер нийслэлийн есөн дүүрэгт ажиллах хуваарийг баталсны дагуу өнөөдөр Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани дээр ажиллаж байна.
Уг уулзалтад Нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаний удирдлагууд, дүүргийн асуудал хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажилладаг хяналтын төрийн бус байгууллагууд оролцож, харилцан үйл ажиллагааныхаа туршлагыг солилцов.
Хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлтийг хэрхэн илүү сайжруулах, одоо хэрэгжиж буй дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниудийн хог тээврийн хэлбэр, бүтэц зохион байгуулалт ямар байгаа талаар танилцуулгыг энэ үеэр холбогдох албаны хүмүүс хийв. Мөн хамгийн сайн туршлагыг нэвтрүүлж буй хэд хэдэн дүүргийн ТҮК-ийн үйл ажиллагаа, хог ачилтын хуваарь, хогоо ангилан ялгаж буй туршлагыг бусад дүүргүүддээ нэвтрүүлэх боломж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан туршлага судалж, санал солилцлоо.
Дараа нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ийн холбогдох хэлтэс, дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудтай хамт хариуцсан нутаг дэвсгэрт ажиллаж байгаа бөгөөд хог ил задгай үүсдэг цэгүүд, хамгийн их санал, гомдол ирдэг байршлууд дээр ажиллаж, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг шалгах, сар бүрийн хог тээврийн гүйцэтгэлийг хэрхэн дүгнэж байгаа зэрэгт хяналт хийж байна. Дээрх ажлыг дүүрэг бүрт хуваарийн дагуу 14 хоногт нэг удаа зохион байгуулна.
Завхан аймгийн “Ойгон” нуурт 2019 оны арваннэгдүгээр сарын 15,16-ны өдөр 10 айлын 143 үхэр живжээ.
Тодруулбал, Тус аймгийн Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15,16-нд цасан шуурга шуурсны улмаас Нуурын мөс цөмрөн 143 үхэр живж хорогдсон байна.
Үхрийн сэг зэмийг нуураас гаграх ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулсан байсныг тус сумын Засаг даргын 2020 оны нэгдүгээр 31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр үхрийн сэг зэмийг татан гаргах хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт гаргажээ.
Хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч болон холбогдох албаны нийт 66 хүн, хоёрдугаар сарын 11-ний өдөр нууранд 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар мөсний зузаан 40-80 см байгаа бөгөөд сэг зэмийг гаргах ажиллагааг 09:00 цагаас дахин эхлүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргалаа.
ЗАРЛИГТ:
“Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
- Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай:
1.1. Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах.
1.2. Олон улсын хол хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархахгүй байх, таслан зогсоох зорилгоор хөл хорио, хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлан, мөрдүүлэх.
1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, захыг хааж, телевиз, радиогоор нэвтрүүлэх реклам сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах, соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.
2. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон зах худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн нийтийн тээврийн автобуснуудын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажиллагаанд хяналт тавьж байгаа аж.
НМХГ–ын Эрүүл мэнд, Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран хяналт шалгалт хийж байна.
Тухайлбал, гуравдугаар сарын 2-ныг хүртэл өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагууд, хүүхдийн өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч газар, соёл урлаг үзвэр үйлчилгээний газрууд болон интернет тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зогсоосон.
Мөн зочид буудал, спортын ордон, заалуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай мэдэгдлийг нийт 1,680 аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна.
Түүнчлэн бид нийслэлийн эмнэлгүүдэд шинэ коронавирусийн халдвар болон томуу, томуу төст өвчний үед ажиллах яаралтай тусламжийн бэлэн байдлыг үнэлэхээр нийт 50 эмнэлэгт хяналт шалгалт хийсэн.
Нийслэлийн Засаг даргын А/108 тоот захирамжаар 2020 оны нэгдүгээр 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 11-ний өдрийн хугацаанд баар цэнгээний газрыг 00:00 цаг ажиллуулах чиглэл дээр нийт 539 газар хамтарсан хяналт хийсэн.
Шалгалтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах баар болон Сонгинохайрхан дүүргийн хүнсний дэлгүүрт 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалж, үйлчилж байсан зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авсан” гэлээ.
- Хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авахдаа бүтээгдэхүүний гадна шинж байдал, гарал. үүсэл баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч, сонголтоо зөв хийх, хэрэглэх;
- Гудамж талбайд ил задгай болон суудлын автомашин дээрээс гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээнд хамрагдаагүй, чанар аюулгүйн баталгаажилтгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордлогот халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
- Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нь ажилтан, үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, гар угаах, ариутгах бүрэн нөхцөлөөр хангаж өгөх, гар угаах санамжийг байршуулах;
- Ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өдөрт 2-оос доошгүй удаа удаа цэвэрлэж, угааж, халдваргүйжүүлж байх;
- Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу үйлчилгээний ажилтнууд амны хаалтыг тогтмол зөв зүүж хэвших;
- Ажилтнууд гараа бохирдох бүрд угааж, халдваргүйжүүлж байх;
- Худалдаа, үйлчилгээний зааланд үйлчлүүлэгчдэд зориулж амны хаалттай үйлчлүүлэх талаар болон шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг байршуулах;
- Амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүнтэй харьцах үед хамгаалах бээлий, хормогч амны хаалт хэрэглэх, бохирдсон гараа нүд, хамар, аманд хүргэхгүйгээр угааж, халдваргүйтгэх;
- Ажлын дараа хамгаалах хэрэгслийг тайлж, зөвхөн ажлын байранд угаах, ажил олгогч ажлын байранд угаах бүрэн нөхцөлийг нь бүрдүүлэх;
- Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 4.4.3-д заасны дагуу байгууллагын гадна орчны 50 м хүртэлх газрын хог хаягдал, цас мөсийг тогтмол цэвэрлэх;
- Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4-д заасны дагуу хог хаягдлаа төрөлжүүлэн зориулалтын саванд цуглуулж, тухай бүр зайлуулах:
- Халуурч, ханиалгасан болон халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн ажилчдыг ажлын байранд нэвтрүүлэхгүйгээр, хөдөлмөр зохицуулалт хийж чөлөө олгон, эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхийг зөвлөх
- Зөрчлийн мэдээллийг НМХГ–ын 24 цагаар ажилладаг шуурхай дуудлагын утас 70128012 дугаарын утсанд мэдээлэл өгөх
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа, ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар өгөв.
ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл “Титэм вирус хүний бохирдогдсон өтгөн, шээс, шүлс, нулимсаар дамжиж байгааг судалгаагаар тогтоосон байна. Иймд тэврэлдэх, үнсэлцэх зэргээр өөрсдийгөө эрсдэл оруулахыг байхыг зөвлөж байна. Мөн дор бүрнээ цэвэрч байж гудамжинд ил задгай нус цэрээ хаяхгүй байхыг уриалж байна” гэлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Титэм вирусийн халдварын нэршлийг албан ёсоор covid-19 гэж зарлалаа.Хоёрдугаар сарын 12-ны 10:00 цагийн бүртгэгдсэн тохиолдол 45,168, нас баралт 1,165 байна. ДЭМБ-ын баг БНХАУ-д хоёрдугаар сарын 10-ны өдөр очин ажиллаж байгаа. Мөн олон улсын баг очиж ажиллахаар бэлдэж байна. Хубэй мужаас гадны газарт нас баралтын түвшин 0.5 хувь, нийт тохиолдолд хүнд өвчлөлийн түвшин 15 хувь байгаа. Манай орны хувь бүх нөхцөл байдлыг тооцоолж, бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа. Хоёр хоногийн өмнө салбар хоорондын байгууллагуудын хийсэн эрсдлийн түвшин маш өндөр байна” гэлээ.
Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй хэвээр байна.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат: “Цагдаагийн байгууллагаас онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байгаа.
Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Сүхбаатар, Дорноговь зэрэг долоон аймагт шинжилгээний хариу гартал түр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч ажиллаж байна. Түр хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор эмнэлэг,хууль хяналтын байгууллагын ажилтны зүй ёсны шаардлагыг иргэд биелүүлэхгүй байх, хэрүүл маргаан үүсгэх тохиолдол гарч байгаа. Тиймээс иргэд маань хүн амын аюулгүй байдлын асуудал яригдаж байхад ухамсартай, хүлээцтэй байх хэрэгтэй байна.
Харин онцгой байдлын байгууллагаас “Өнгөрсөн долоо хоногийн мэдээлэлд оролцсоноос хойш онцгой комисс хоёр удаа хуралдсан. УОК-ын даргын тушаалаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Буянт-Ухаа гэсэн дөрвөн боомтод шуурхай бүлэг ажиллаж, бэлтгэл бэлэн байдлыг шалган зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлээд тайлангаа тавьсан” гэлээ.